Суугаа зоог гэж та бид бүгд мэдэх, гэхдээ нарийндаа мэдэхгүй буюу эндээс зориуд анхааруул­маар тийм нэг ёслол ч гэх үү, хэдүүлээ нийлж суугаад хийдэг үйлдэл байх юм аа. Зоогноосоо хүмүүн төрөлхтөн таашаал авсаар ирснийг бодохул энэ лав жирийн нэг хооллолт, гэдэс дүүргэлт биш аж. Хоол ба зоог гэж шал хоёр өмнөө зүйл ярих болж байна л даа. Энэ тухай дор өгүүлье.

  Зоогийн үед ширээний ард таныг суумагц зуушийг цэсний дагуу дэс дараагаар авч ирж, үйлчлэгч өөрөө таваг дээр нь тавьж өгөх юм уу эсвэл өөрөөр нь ава­хуулна. Хэрэв үйлчлэгч авч таваг дээр нь тавьж өгвөл гол зуушийг эхлээд тавьж, дараа нь хачир болон туслах хөнгөн зуушийг тавьж өгдөг. Гэхдээ үндсэн гол зуушийг зочны биен талд, хачирыг цаад талд нь тавина. Ингэхдээ тавгийг хоёроос доошгүй удаа солихоор бодож бэлт­гэсэн байх хэрэгтэй. Ер нь дипломат ёслолд нэг төрлийн хоолыг (зуушийг) нэг л хутга, сэрээгээр иддэг тул дор дор нь солих шаардлагатай.

  Зуушийг ихэвчлэн баруун гар талаас нь өгч, зүүн гар талаас нь зүүн гараараа таваг, сэрээ, хутгыг хураан авна. Ширээн дээр ийнхүү тавьж үйлчлэхдээ бүх төрлийн зуушийг ширээн дээр өрж тавьсан, зууш бүрийн халбага, сэрээ тус тусад нь тавих хэлбэрээр зохион байгуулж болно. Зочид өөрс­дөө хүссэн хэмжээгээрээ идэ­хээр. Гэхдээ анхаарууштай нь эрэгтэй­чүүд дэргэдээ суугаа бүсгүйчүүлд үйлчлэхийг мартаж болохгүй. Халуун хоолыг тус тусад нь порцоор өгнө. Тэгэхдээ шөлтэй хоолыг баруун гар талаас өгч, зүүн гар талаас тавгийг хураана. Харин загас, тахианы махан хоолыг зүүн гараас өгч, баруун гараас, бор махан хоолыг баруун гараас өгч, зүүн гараар тавгийг хураан авна.

  Архины зочилгооны хувьд хүйтэн зууш, шөлтэй хоолны үед виски, эсвэл цагаан архи хундагалдаг. Тахиа, загасны маханд цагаан дарс, малын /бор/ маханд улаан дарс хундагална. Бууз, хуушуур өгөх бол цагаан виски, архи хундагалж бас болно. Учир нь ийм төрлийн хоолонд мах, гурилан бүтээгдэхүүн орсон байгаа.

  Вискийг тусгай стаканд хийж, мөс ус, сода дагуулан авчрах, харин архи, виног хундагалахдаа шилний этикет (хаяг нь) нь хүмүүст харагдаж байхаар барин тон­гойл­гож, хундагыг их дүүргэл­гүй, хийгээд татаж авахдаа хуурай тийш нь эргүүлэн авбал архи асгардаггүй бөгөөд дараа нь зүүн гарт байгаа цэвэр алчуураар амсрыг дарж арчин, дараагийн хүнд хундагална. Тэгэхдээ зочны зөвхөн баруун гар талаас нь хундагалахаа мартуузай. Ямар ч дарсыг бөглөө авах үедээ буюу ер нь сэгсрэн булингартуулж болохгүй. Цагаан дарсыг хөргөж, улаан дарсыг тасалгааны температуртай хэрэглэдэг. Зоо­гонд хэрэг­лэх дарс нь хуурай дарснууд байх ёстой. Зоог барьж байгаа эзэн хүн эхэлж амсаад хундагалахыг зөвшөөрвөл бусад зочдод хундагалдаг.

  Хэрэв ширээний зай бага хүн олон, шахцалдмаар бол гараас үйлчлэхэд илүү тохиромжтой. Гараас үйлч­лэх бол ширээн дээр суурь таваг тавьж дээр нь алчуур эвхэж тавьсан байна. Зоогонд цаасан алчуур хэрэглэдэггүй. Даа­вуун алчуур хэрэглэнэ. Уг алчуур ихэвчлэн 46х46 см буюу 35х35 см хэмжээтэй байна. Ямар ч өнгийн зориулалтын даавуун алчуурыг угааж, цардаад сайтар индүүдэж, цэвэр эвхсэн байх шаардлагатай. Алчуурны эвхэлт маш олон янз байх бөгөөд зарим эвхээс нь тодорхой утга илэрхийлдэг. Энэ алчуу­раар хүмүүс тос, сүмсээ арчдаг учир маш сайн угаасан байх шаард­лагатай. Зоогийн ширээн дээр таваг тавиа­гүй бол таваг тавих газар нь алчуураа тавьдаг. Дөрвөлжин, тусгай цаги­раганд шургуулаад хэвтүүлж тавих нь бий. Халуун хоол идэж дуусаагүй байхад жимс, амттан авч иддэггүй.

  Цай, кофе өгөхдөө тусад нь зоогийн өрөөнөөс өөр газар зохион байгуулах ч байдаг. Мөн хоолоо идсэн байрандаа шууд цайныхаа хэсгийг барих нь ч бий. Зоогийн ширээнд ямар ч үед цайны хэсэгт хэрэглэгдэх зүйл, тамхи, шүдэн­зийг урьдчилан тавь­даг­гүй. Харин цайны хэсэг болон­гуут тамхи, шүдэнз, үнсний сав, жимс, цагаан идээ, бусад амт­таныг барина. Цайны хэсэгт коньяк, оргилуун дарс барина. Кофе буюу цай оруулснаар зоог дуусч, тарах болсныг мэдэгдэж байгаа хэрэг юм. Зоог дууссан тул явах санаачилгыг гол зочин гаргах учиртай.

  Мэдэхэд чинь илүүдэхгүй биш, бүр заавал мэдэж мөрдөж байх зарим анхааруулга бас байна аа.

  Германд нэг зоог дээр уригдан сууж байтал «Эрхэм ноёд оо! Хэрэв та бүхэн хоолны тавганд тамхиныхаа үнсийг хийгээд бай­вал бид үнсний саванд захиал­сан хоолыг чинь аягалж өгнө шүү» гэж чанга яригчаар зарлажээ. Учрыг лавлавал хэдэн хүн халчихаад тамхины үнсээ тавганд хийж байснаас тэгсэн аж. Та бидний өдөр тутам, цаг тутамд амандаа зуулттай байдаг энэ эд үү? Ингэж хөөдөх эд дээ. Тамхи дэлхийд моодноос гарсан гэдгийг дахин дурдах ёстой.

  Загасанд зориулсан хутгаар зуушаа идэх ч юм уу зориулалтын бус байдлаар хэрэглэх явдал түгээмэл тул ширээнд тавьсан зүйлийг юунд зориулсныг нь мэдэх­гүй бол хажуугийнхаа мэддэг хүнийг сэмхэн дагаж дууриавал алдахгүй байх магадлал нь арай илүү.

  Зоогийн ширээнд хүн бүрт бичиж тавьсан цэсний дарааллаар хоолоо иддэг. Хоолны цэс энэ зоогийн хоолны талаар мэдээлэл бас өгдөг учир өөрөө аль хоолыг идэхээ дотроо сонгож болно. Гэхдээ зөөгчийн авчирсан хоолыг авахгүй гэж гараараа тавгаа дарах, зангах зэргээр улайм цайм татгалзаж болохгүй. Тавганд порцлоод авчирч байгаа хоолыг идэх­гүй ч гэсэн суурь таваг дээрээ тавиулна. Тэгээд хутга, сэрээгээ буюу халбагаа хооллож дууссан байдлаар таваг дээрээ тавина.

  Энэ нь таваг дээр хутганыхаа ирийг өөр рүүгээ, сэрээнийхээ шүдийг дээш нь харуулан зэрэг­цүүлж ишийг нь баруун гар руугаа харуулан тавина гэсэн үг. Халбагыг шөлний таваг дотор дүрж орхидогүй. Харин суурь таваг дээр дээш нь харуулан тавьж үлдээнэ гэсэн үг. Хоолоо идэж дуу­саад хутга, сэрээ хоёроо зэрэгцүүлэн ишийг нь тавагны баруун тал руу харуулан амсар дээр тэгэхдээ хутганы ирийг өөр рүүгээ, сэрээний үзүүрийг дээш нь харуулан тавган дотроо тавьдаг. Ингэвэл хоолоо идэж дуусчээ гээд үйлчлэгч тавгийг хураана.

  Ер нь ширээн дээр зассан хутга, халбага, сэрээг хамгийн гадна талынхаас эхэлж хэрэглэхэд сүүлчийн хоолыг хамгийн дотор талд тавьсан хутга, сэрээгээр идэж байхаар тааруулах хэрэгтэй. Суурь тавагны өмнө жимс, амтлаг идэхэд зориулан тавьсан жижиг хутга, сэрээ бий.

  Халбага сэрээг амандаа хүргэж хоол иднэ. Гэхдээ тэднийг далдартал үмхэх буюу дээр нь хутгаа орол­цуулан овоолж үмхдэггүй. Халбага сэрээг хурц, шөвгөр үзүүрээр нь бус бага зэрэг хажуулдуулан хоолоо үмхдэг. Хутга нь порцол­сон хоолыг аманд багтахуй­цаар жижиглэн огтлоход зориулагдсан болохоос биш ам руу хоол дөхүүлэх үүрэг­гүй. Иймээс хутгыг ам руугаа хандуулдаггүй. Хутгаар мах болон бусад хоолыг огтлохдоо баруун гарын эрхий, долоовор, дунд гурван хуруу­гаар ишнээс нь барьж сэрээний гүдгэр мөрийг дагуулан зөөлөн дарж огтолдог.

  Сэрээ, халбагыг ам руугаа дөхүүлэх болохоос биш толгой бөхийж тэдгээрт хүрэх учиргүй. Халбагаар хоолоо хутгахдаа өөр рүүгээ биш, гадагш нь харуулж хутгадаг. Тэгвэл өөр рүүгээ шөл асгадаггүй. Ширээнд тавьсан халбага, сэрээ, таваг, хундага зэрэг нь сайтар цэвэрлэгдсэн бай­даг тул цаас, алчуураар Та өөрөө арчих гэх хэрэггүй. Хэрэв дутагдал олбол үйлчлэгчид хэлж солиулах нь зүйтэй.

  Шөлтэй хоолыг чанга сорж иддэггүй. Халуун хоолыг хөргөх гэж үлээдэггүй. Бага зэрэг тавьж зөөтгөж байгаад иддэг. Хоолоо тамшаалан амталдаггүй. Шалир шалир гэж чанга зажил­даггүй. Хоолоо амсаагүй байж ширээнд байгаа амтлагчийг хэрэглэдэггүй. Өгч байгаа хоолыг өөрөө иддэггүй бол яагаад иддэггүй тухайгаа ширээний ард ярьдаг­гүй, тайлбарладаггүй. Өвчин зовлонгоо тоочдоггүй. Ер нь хажуугийн хүмүүсийнхээ хоол идэх дурыг бууруулах сэдвээр яриа дэлгэдэггүй. Ярьж байхдаа гараа их хөдөлгөж заадаггүй. Ан ав, загасанд явсан тухайгаа ярихаар ам нь халаад барьсан загасныхаа хэмжээг үзүүлэх гэж алдлах зэргээр илүү үйлдэл бүү хий. Зоогийн ширээний ард суугаа хүмүүст нийтлэг сонирхогдох буюу ач холбогдолтой сэдвээр ярихыг хичээх нь зүйтэй. Хувийнхаа амьдрал, өөрт тохиолдсон золгүй явдлаа тоочин дэлгэдэггүй. Бус­дын анхаар­лыг өөр дээрээ хэтэрхий татахаас зайлсхий.

  Суудлын хувьд зоогийн ширээний ард сандлаа ирмэгдэж цомцойн суудаггүй, лаглайж түшлэгийг налдаггүй, цэмцгэрхэн суу. Сандлын ирмэгт цомцойн сууснаас болж амь эрсэдсэн тохиолдол тэмдэглэгдэн үлджээ. Ширээний доогуур хөлөө жийдэг­гүй, сандлын чинь хөлний дор л Таны хөл байх учиртай. Үүнтэй холбогдуулан нэрт зураач Херлуф Бидструпын зурсан нэг зургийг санууштай. Санаандгүй жийсэн хөлнөөсөө болоод эсрэг харж суусан хатагтайн алганы амтыг үзэж байгаа нэг ноёнтон байдаг даа.

  Ширээнд суухад нэг хүнд 75-80 см-ийн зайг тооцоолсон байдаг тул хоёр гараа мөрнийхөө хэмжээнд авч, гарын шуугаар ширээний ирмэгийг түшин суудаг. Энэ нь ширээнд зассан хутга, халбага, сэрээг авч хоолоо идэхэд хамгийн тохиромжтой байрлал гэж үздэг.

Дипломатч Д.Баярхүү