Ажил амьдралдаа гаргууд сайн яваа зарим хүнийг бид “Азын тэнгэр нь шовойсон”, “Азтай гайхал” гэхчлэн ярьцгаадаг. Мөн “Аз хүү байвал ёоз хүүгээр гэр барина” гэж ярихыг ч та нэг биш удаа сонссон биз ээ. Тэгвэл аз гэж юу вэ? Энэ нь санамсаргүй тохиолдол уу, эсвэл биднээс шалтгаалдаг юм болов уу?

Кайрос – азыг ивээгч бурхан

  “Би өнө мөнхөөс баригдсан ховор агшин, намайг бүү алдаарай” хэмээн МЭӨ IV зууны үед бүтээгдсэн Грекийн нэгэн бурхны дүрслэл дээрх бичээс өгүүлдэг. Грекчүүд түүнийг Зевс бурхны бага хүү, аз ивээгч бурхан Кайрос хэмээн нэрлэдэг. Энэ бурхныг бөмбөрцөг дээр хөлийнхөө хурууны үзүүр дээрээ тэнцвэрээ олж зогссон, ид гялалзаж яваа залуу хөвгүүнээр дүрслэн харуулсан байдаг. Түүний хөлийн өсгий нь далавчтай бөгөөд зүүн гартаа жинлүүр, харин баруун гартаа хурц хутга барьсан байдаг.

  Тэр хүмүүсийн дундуур нүдэнд үзэгдэхгүй, чимээгүй, маш хурдан шалмаг гүйж явдаг. Түүнтэй нүүр учирч таарна гэдэг хэн нэгний хувьд маш ховор агшин бөгөөд, хамгийн гол нь тэр үед маш хурдан, сүүхэйтэй байж гэмээнэ түүнийг шүүрч барьж авч чадна. Ингэж чадсан тохиолдолд та амьдралдаа тохиох ховорхон аз боломжийг барьж авч чадлаа гэсэн үг. Харин цаг алдаж удааширваас, эргэлзэн тээнэгэлзэж шийдвэр гаргаж чадахгүй алгуурлавал түргэн шалмаг Кайрос хажуугаар чинь гүйгээд л өнгөрчихнө. Тэр үед та азтай боломжоо алдлаа л гэсэн үг.

  Аз гэдэг бол хүний онцгой их хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийг үнэлж шагнаж байгаа хувь заяаны бэлэг юм. Энэ азтай хормыг хүртэл тэр хүн урт удаан замыг туулж ирсэн байж таараа. Магадгүй амжилт азгүйтэл, зэмлэл сайшаал аль алинтай нь тулгарсан л байж таараа. Хамгийн гол нь энэ бүх замын туршид бууж өгөлгүй, итгэл найдвараа алдалгүй явсных нь үр дүнд хувь заяа түүнд баяр хүргэж, “За боллоо, туршилтын хугацаа дууслаа” гэж хэлэх тэрхүү нандин агшин хүртэл тэсэж хүрэхэд л байгаа юм.

  Хүний амьдрал гэдэг боломж шансуудын хэлхээс л гэсэн үг. Харин түүнийг яаж мэдэх вэ?

Азтай боломжоо яаж барьж авах вэ?

  Түүнийг яаж олох вэ гэж бодохоосоо өмнө түүнд яаж зүтгэх вэ гэж бодох хэрэгтэй. Хувь заяаныхаа азтай боломжийг барьж авахын тулд, зүрх сэтгэлийнхээ дуудлагатай учрахын тулд зүгээр суугаад хүлээх биш, олон алхам хийх хэрэгтэй. Яахав зарим үед энэ зүйлүүд нь хий дэмий өнгөрч л байг, хамаагүй. Зорилгодоо хүрэхийн тулд, биднийг сонсоосой гэж хүсч байвал аз завшааны хаалгыг удаан, тэвчээртэй, гэхдээ чанга тогших хэрэгтэй. Хэрэв бид тогшиж чадаад, бидний тогшилтыг Кайрос сонсоод хүрээд ирвэл түүнийг яаж мэдэх вэ? Боломжоо яаж ашиглах вэ? Түүнийг яаж алдахгүй байх вэ? Юуны өмнө энэ мэт асуултуудаар санаагаа бүү чилээ. Энэ тухай ер нь мартчихсан нь дээр.

  Өнгөрсөн ба ирээдүй хоёрын хооронд одоо цаг хэмээх богинохон агшин байдаг. Хэрэв түүнийг Кайростой хамт өнгөрөөж чадвал энэ нь үүрд мөнхөөс нэгээхэн агшныг барьж авсан нь тэр болно.

Алдаа гаргахаас бүү ай

  Хэн ч алдаанаас хаацайлагд­даггүй. Кайрос зүүн гартаа жинлүүр барьсан байдаг нь тохиолдлын хэрэг биш юм. Энэ нь бүх юмсын тохиромжтой, зүй зохистой хэмжээ, утга учрыг бэлгэддэг. Бидний амьдралдаа гол чухал гэж үзэж байсан зүйл маань зарим үед бодит байдал дээрээ зөрчилдөх тохиолдол гардаг шүү дээ. Энэ нь хаашаа ч, юунд ч үл хүргэх замаар явж байгаатай адил, энэ нь Кайросыг араас барьж авах гэж оролдохтой ижил. Буруу алхам хийнэ, алдаатай шийдвэр гаргана гэдэг маань ердөө л бид харах ёстой зүг рүүгээ харж чадахгүй байна л гэсэн үг. Харин харааныхаа өнцгийг өөрчилж, хүч тэнхээгээ сэлбэж өөр шалгууруудыг хэрэглэж чадваас бид түүнийг түргэхэн засч залруулж чадна.

  Пифагорчууд гэм­­шил ухаарал хоёрын дунд, гэмшил цагаатгал хоёрын хооронд нууц­лаг нэгэн холбоо оршин байдаг. Боломжоо ашиглаж чадаа­гүйдээ харамс­сан харамсал гашуудал нь хүний сэтгэл зүрхэнд мэргэн ухаанд дурлах, гүн ухаанд татаг­дах сэтгэлийг бий болгодог. Амьдра­лынхаа алтан боломжийг алдсан хүн түүнийгээ цагаатгах, засч залруулах замдаа нэгэнт орсон байдаг гэж үздэг байжээ.

  Хэрэв би Колумб юм бол, Энэтхэгт очихыг хүсч байсан мөртлөө яагаад Америкийг хүлээн зөвшөөрөх гэж? Би өөрийнхөө зүтгэж тэмцэж ирсэн тэр зүйлээ л авмаар байна.

  Иймэрхүү асуултыг зөөлчилж хэлбэл алсын хараагүй, амин хувиа хичээсэн, дээгүүр санаатай хүмүүс хэлдэг. Хэн нэгэн хүний ийм дээгүүр санаа, явцуу сонир­хол нь мэргэн хувь заяанаас илүү байж чадна гэж үү? Энэ мунхаглалаасаа болж одоо байгаа зүйлүүдээ ч алдаж болохыг сана. Хэзээ нэгэн цагт чамд боломж олгосон хувь заяа аминч үзэл, зөрүүд мунхаглал, дээгүүр санаа тань хэр хэмжээнээсээ хэтэрвэл энэ боломжоо эргүүлээд авч бас чадна шүү. Кайрос баруун гартаа яагаад хурц хутга барьсан байдаг гэж бодож байна? Тэр юуг тас огтлохоор зэхээ юм бол?

  Азын тухай, азтай боломж, азтай тохиолдлын талаар орчин үеийн сэтгэл зүйчид, эрдэмтэд анхаарал хандуулж судалж ирсэн. Хэсэг эрдэмтдийн баг саяхан аз гэдэг хувь заяаны тохиолдол уу, эсвэл хувь хүний өөрийнх нь итгэл зүтгэлийн үр дүн үү гэдгийг тодруулах зорилгоор судалгаа хийсэн байна. Үүнд янз бүрийн ажил мэргэжилтэй, боловс­ролын түвшнээрээ өөр 18-85 насны хэдэн зуун эрэгтэй, эмэгтэй хүн судалгаанд хамрагджээ. Судал­гааны үр дүнд дараах дүгнэлтүүдэд хүрсэн байна.

Үүнд:

 1. Хүн бүрийн амьдралд азтай ба азгүй тохиолдлууд бараг ижил тоо хэмжээгээр учирдаг.

 2. Иймд зарим хүнд дандаа аз тохиодог, харин зарим хүн азгүй төрдөг. Аз гэдэг тохиолдлын чанартай зүйл биш юм.

 3. Зарим хүмүүс амьдралын азтай, таатай боломжийг бүхий л чадлаараа өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг бөгөөд эдгээр нь азтай хүмүүс. Харин зарим нь боломжийг алдаж өөрийгөө азгүй, одгүйг гайхаж итгэж суудаг.

  Судалгааны багийн эрдэмтэд азтай болоод азгүй хүмүүс ямар зан чанартай байдгийг судлаад дээрх хүмүүсийн хооронд сэтгэл зүйн дөрвөн онцлог ялгаа байдгийг тогтоосон. Эдгээрийгээ тэд амжилтын дөрвөн багана гэж нэрлэсэн. Хэрэв эдгээр чанарыг хүн өөртөө бий болгож чадваас нэгэн цагт Кайросын туг үснээс атган авч чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй юм.

 1. Азтай амжилттай хүмүүс азтай тохиолдол нөхцөл байдлыг хүлээж суух биш, өөрсдөө бий болгодог.

  Жишээлбэл, тэд янз бүрийн сонирхолтой хүмүүстэй зориуд төлөвлөж танилцдаг бөгөөд хэзээ нэгэн цагт өөрийнх нь эрхэм нандин хүсэл биелэхэд хэрэг болно гэж тэд үздэг. Тэд гайхмаар олон танил талтай бөгөөд хүмүүсийг өөртөө соронзон мэт татаж чаддаг. Мөн тэд хувийн амьдрал болон ажил хэрэгтэй холбоотой янз бүрийн саналуудыг, хэдийгээр чухал биш санагдсан ч хэзээ ч татгалзалгүйгээр хүлээж авдаг. Азтангууд ихэвчлэн эргэн тойрныхонтойгоо, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа маш сайхан харьцаатай нийтэч хүмүүс байдаг.

 2. Азтай амжилттай хүмүүс асуудлыг зөн билгээрээ шийддэг.

  Жишээлбэл ажил албан дээрээ тэд тухайн нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй боллоо гэсэн зөн мэдрэмжийг мэдэрсэн цагт л ямар нэг шийдвэр гаргадаг. Ихэнх азтангууд санхүүгийн асуудал гэх мэт нухацтай зүйлийг шийдэхдээ хүртэл тэд зөн билэг, далд мэдрэмжиндээ захирагддаг гэж хэлсэн байна. Азтай амжилттай хүмүүс өөрсдийнхөө зөн билэг дотоод дуу хоолойгоо сонсоод зогсохгүй түүнийгээ хөгжүүлдэг. Үүний тулд тэд бясалгалаар хичээллэдэг, бүрэн дүүрэн амарч, алжаалаа тайлж чаддаг. Өөрөөр хэлбэл далд ухамсар нь юу хэлээд байгааг төвлөрч мэдрэх боломжийг тархи оюундаа өгдөг байна.

 3. Азтангууд өөрийнхөө алдааг ашигтай туршлага болгон хувиргадаг.

  Азтай амжилттай хүмүүс алдаа гаргаж ялагдал хүлээсэн тохиолдолд өөрийнхөө алдаанд анализ хийж түүнээсээ сурал­цаж, дахин давтдаггүй. Харин азгүйчүүдэд ийм чадвар байдаг­гүй. Тэд алдаа гаргасан үедээ, ялагдал хүлээсэн үедээ хүнд цохил­тонд орж шантарч сэтгэлээр унадаг. Тэд хувь заяа нь өөрсдийнх нь сэтгэл, ухаанаас биш, харин ямар нэг гадны тохиолдлын зүйлээс хамаатай гэж үздэг. Тэд өөрсдийгөө азгүй гэдэгт итгэдэг. Тиймээс ч тэд Кайросын үснээс зуурч авах нь битгий хэл түүнийг олж ч хардаггүй.

 4. Азтангууд хүсэл мөрөөдөл нь биелнэ гэдэгт бат итгэдэг.

  Харин азгүйчүүд тэдний сэтгэлийн гүнд байгаа хүсэл мөрөөдөл нь бүтэшгүй, хий хоосон зүйл гэж боддог. Азтай хүмүүс амьдралынхаа зорилгыг биелүүлэх боломж тэдэнд 100% бий гэдэгт итгэдэг, харин азгүй хүмүүс энэ боломжийг тавь тавин хувь гэж үздэг. Азгүйчүүд өөрсдийнх нь амьдрал ирээдүйд ямар нэг муу зүйл тохиолдох байх гэж ямагт бодож явдаг бол азтай хүмүүс энэ талаар бодож сэтгэлээ зовоодоггүй.

А.Чулуунаа МУБИС-ийн багш, Доктор