Монгол түмэн өнө эртний үеэсээ үрийн үрд уламж­лан, ёсолж ирсэн үндэсний зан үйлийн томоохон баярын нэг бол яах аргагүй сар шинэ буюу цагаан сар билээ. Өвөг дээдэс маань цагаан сарыг хавар биш намар тэмдэглэдэг байсан гэдгийг та мэдэх үү?

  XIII зууны эхээр Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөх ёслол улаан барс жилийн хаврын тэргүүнд сард тохиожээ. Дорно дахины ихэнх ард түмэн шинэ оноо хавар тэмдэглэдэг уламжлалыг баримтлан Их Монгол Улсын нэгдсэн төрийг нээсэн баяртай хамтатган, идээ цагаа дэлгэрэх намар цагаар тэмдэглэдэг байсан цагаан сарыг хавар тэмлэглэж эхэлсэн түүхтэй юм байна. Билгийн тооллын шинэ жил, хахир өвлийг давж урин хавартай золгосны, нэг нас нэмсний баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг нь Монгол зоны томоохон энэ баярын утга учир юм.

Цагаан сар хэмээн нэрлэсний учир

  Хувхай хоосон хар өдөр гэгддэг өдрийг аргадан элбэг дэлбэг цагаан өдөр байгаасай хэмээн ийн нэрлэж ирсэн учиртай аж. Монголчууд цагаан өнгийг ариун цэвэр өнгө хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн. Тиймээс ч баяртаа зориулан бэлтгэсэн идээ будаагаа цагаалга хэмээн нэрийддэг заншилтай. Золгохоор ирсэн зочин гийчид юуны түрүүнд цагаалганаас амсах ёс байдаг. Эцэг дээдэс маань улиран одож буй жилийн муу муухай бүхнээс хагацаж шинэ оноо цоо шинэ ариун цагаанаар угтахыг билэгдэн цагаан сар гэж нэрлэсэн ажээ.

Шинийн нэгэнд цээрлэх зүйл

 - Үйл үртэс хийх, хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ

 - Усанд явбал нагац нарт цөв болно

 - Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ

 - Шинэ нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй ёр

 - Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлвэл тэр жилдээ хэл ам зовлон тасрахгүй байна

 - Өдөр хэвтэх унтахыг цээрлэнэ

 - Шинийн нэгэнд үнс хог гаргахгүй байх, золгохоор ирж буй зочдын өөдөөс бие засахаар гарахыг цээрлэх

 - Шинийн долоонд айлд очих, гадагш зочлохыг цээрлэх

 - Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээн тахил, тавгийн идээ шүүсээ хураадаг заншилтай ажээ.