Ядуу оюутны унаа автобус аа гэж... Хамгийн хямдхан юм чинь яадаг юм, угаасаа үүнээс дээр байх арга байхгүй юм чинь яадаг юм гэсэн аятай хамаг юм нь хүн аймаар. Гэхдээ хар хүйтэнд такси олдохгүй, заримдаа такси барих мөнгө нь олдохгүй болохоор “дөрвөлжин хөргөгч”-автобусанд суухаас өөр аргагүй юм даа. Монголд хүн хүргэдэг хөргөгч байдаг, тэрийг нь автобус гэдэг гэвэл гадныхан лав итгэнэ дээ. Кондуктор  Энэ хүн бол дугаар номерын автобусны эзэн, бас эрлэг. Юу дуртайгаа ярьж, орилж, хашгирч, бас хэн дуртай хүнтэйгээ хэрэлдэж, загнаж, доромжилж болдог дархан эрхтэй нэгэн. Хажууд нь маш олон “гэм зэмгүй” хүн байгааг огтхон ч бодолцолгүй, хүмүүжилгүй хүүх­­дүүдээ зэрлэгээр загнаж зодож байгаа ухамсар муутай ээж шиг л аашилна. Аль байдаг муу муухай үг, хараал ерөөлийг баруун солгойгүй урсгаж орчныг тэр чигээр нь хар энергиэр бөмбөгдөж өгнө. Ямар ч сэтгэл хангалуун, баяр жаргалтай байсан ч тийм орчинд орсон хүн өөрийн эрхгүй хөмсгөө зангидаад л буудаг юм билээ. Зорчигчид, тэдний яриа  Ямар ч мэдээлэл өгөхгүй, энд тэндхийн хүмүүсийн цуурсан яриаг дамжуулж байгаа чихэнд чийртэй, яриа ч гэж хэлэхэд хэцүү дүнгэнээн. Тэрнээс долоон дор зүйл нь зорчигч залуусын амнаас урсах хараалын үгс. Хоёр үг хэлээд нэг хараал, гурван үг хэлээд хоёр хараал. Тэгээд араас нь жалир жалир гэж бохио зажлаад, тас тас хийлгэн үлээнэ, дуугаргана. Бас ч тэр гайгүй. Болиосой гээд харахаар өөдөөс нүдээ ирмээд байвал яах вэ?!! Ёстой ой гутмаар.

 Дээр нь тэр биеэ авч явж байгаа нь... Арай ч дээ л гэмээр. Хүнийг гадаад үзэмжээр нь дүгнэх муухай л даа. Гэхдээ харваас андашгүй хөдөөнөөс саяхан шилжиж ирсэн хүмүүс байгаа юм чинь. Хүн ч байсан, бариул ч байсан налж нурж унаад л, хашаа налж байгаа аятай зогсчихно. Бодвол саяхан авсан юм байлгүй, гар утсаа байн байн гаргаж ирээд л илж таалж байснаа аймшигтай чангаар Жавхаа ахынхаа дууг эгшиглүүлчихнэ. Их хүнтэй байгаа үед бол бүр хэцүү. Буух гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй урд тэгнээд зогсчихно. Хэрвээ өөрөө буух гэж байгаа бол хэл үг ч байхгүй чихэлдсэн олон дундуур чигээрээ зүтгэчихнэ. За тэгээд их мэддэг, ууртай ахимаг насны эмэгтэйчүүд буюу авгай нарын үглэх гэдэг хамгийн төвөгтэй. Ганц хоёр зуун төгрөг дээрээс болоод л үглэж гарна. Суудал тавих, огцом тормос, замын бөглөрлийн тухай гээд тэдний үгийн баялаг барагдахгүй.

Жолооч

 Зарим жолооч арай дэндүү явна. Автобусанд суусан биш сэгсрүүлж өгнө. Эв хавгүй, болхи, бодвол хөдөлгөөний эвсэл, баримжаа муутай хүмүүс байдаг юм болов уу? Тэрнээсээ илүү жолооч ах нарын уур уцаар бүр хэцүү. Орон сууцан дундуур явж байж л сигналдаад л давхиад байна. Саяхан миний сууж явсан автобусны жолооч бүр минут шахам тасралтгүй сигналдсан гээд бод доо! Тэгээд хараал урсгаад л... Хулгайгаар авч гарч ирсэн автобуснууд бол буудал дээрээ зогсохгүй бүр хол зогсчихдог юм билээ. Нэг удаа буух буудлаас минь өнгөрөөд дараагийн буудал хүрэх нь холгүй зогссон. Бууя гэхэд “Байж л байгаач. Хэн буулгахгүй гэсэн юм бэ? Сүртэй юм” гэдэг байгаа! Би ч ийм хүнтэй олон юм ярьж өөрийгөө уурлуулаад яах вэ гээд л дуугүй өнгөрсөн. Юу ч ярих юм билээ.

Орчин

 Бохир, хиртэй, эвдэрхий. Уржигдар үнэхээр ядар­чихсан, харих гээд “Толгойт” гэсэн автобусанд суулаа. Ядарсан байсан ч сул суудал дээр сууж чадсангүй. Тийм бохир суудал дээр яаж суух юм бэ! Тэгснээс цаг гаран “зогсоогоороо бөглөрсөн нь” дээр. За тэр бариул ч яахав, угаасаа авах юмгүй хиртэй байгаа. Гэтэл суусан автобус минь яана аа, салаад уначихвий л гэмээр санжиганах нь түгшүүртэй. Бас цонхноосоо эхлээд хана, хаалга нь цантаж гацчихсан, арай л суудлын бүрээс нь мөстчихөөгүй автобус олон байх юм.

 Мэдээж бүх автобус ийм биш л байх. Гэхдээ л 90% байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ байдлыг хэр өөрчлөх ёстой вэ? Өнөөдөр би, бид ийм муухай орчинд зорчиж байна. Маргааш дүү нар минь үүнийг мэдрэх болно...