Олон жилийн өмнө Японы нэгэн худалдаачин манай оронд жил бүр ирдэг байлаа. Тэр ноёнтонг үдэж гаргах оройн зоогны үеэр хажууд суусан нэгэн инженер эмэгтэй:

 - Энэ хүн баян хүн үү? Ядуу хүн үү? Хэмээн гэнэт надаас асуулаа. Энэ талаар би огтхон ч юм бодоогүй байсан тул:

  - Мэдэхгүй, яаж байна? гэлээ.

  - Энэ хүн ирэх болгондоо нэг л костюм пиджактай ирэх юм гэлээ. Нээрээ ч тийм санагдлаа. Хожим нь гадаадад нэг яармаг дээр дайралдсан, мөн л нөгөө костюм пиджактайгаа явж харагдав.

  Костюм пиджак гэдэг цэвэр­лүүлж, индүүдүүлээд өмсөөд байдаг, өмсөхөд зохимжтой, удаан эдэлгээтэй, бас эдийн засгийн хувьд хэмнэлттэй хувцас ажээ.Тийм ч учраас англиас гаралтай костюм, пиджак бүх дэлхийн эрчүүдийн өдөр тутмын хувцас болжээ.

  Гэхдээ загвар, өнгө, хийсэн материалаасаа болоод хаана, хэзээ, ямар улирал, цаг уурын нөхцөлд өмсөх нь тодорхой болно.

  Дээр бичсэн дараалал ч бас учиртай. Юун түрүүнд загвар хийц чухал үүрэгтэй байдаг. Муу даавуугаар аятайхан загвартай сайхан оёсон костюм пиджак, сайн даавуугаар муу оёсноос хавьгүй дээр байдаг. Тийм ч учраас монголчууд эд материалыг эвдээд эв хавгүй юм хийдэг маруухан оёдолчдыг „торго уйлуулдаг”, ямар ч юмаар аятайхан юм хийчихдэг сайн оёдолчдыг “даалимба инээлгэдэг” хүн гэцгээдэг билээ. Сайхан эсгэсэн, таарсан хувцас хүний биеийн гоолиг тэгш байдлыг улам тод томруун болгодог, бас хэрэгтэй үед хүний биеийн гажиг согогийг далдалж, халхалж өгдөг билээ. Ингэхээр тааруулж эсгэж, сайхан оёх гэдэг чухлаас чухал зүйл билээ.

  Туранхайдуу эр нарийхан костюм пиджак бага зэрэг юм уу огт мөрний хатуулгагүй, хөлдөө тохирсон нарийвтар өмд сонгон авах нь зүйтэй. Зах, энгэрийн эргүүлэг нь нарийн байвал тун ч зохимжтой байдаг.

  Хамгийн тохиромжтой өнгө бол хар, хар хөх, бараан саарлаас цайвар саарал, өнгө ажээ. Хэрэв та санхүү, хууль, худалдаа, улс төрийн ямар нэг арга хэмжээнд оролцох бол таны өмсөх костюм пиджак дээрхийн аль нэг өнгөтэй байвал зүйтэй. Харин бямба, ням гариг болон амралтын өдөр бол та дээр дурдсанаас өөр өнгийн тухайлбал ногоон, хүрэн өнгийн костюмаар гангарч болно.

  Хаана ямар цаг ууртай газар, ямар улиралд өмсөх вэ гэдгээс болж костюм, пиджакны материалыг өөр өөрөөр сонгож авна. Хэмжээ авч биедээ тааруулан хийсэн хувцас яльгүй жаахан үрчийсэн байхад бүр ч дэгжин харагддаг юм.

  Одоо Англи, Итали хийцийн костюм, пиджак дэлхийн зах зээл дээр толгой цохиж байна.

  Бидний ажигладаггүй зарим нарийн зүйлийн тухай өгүүлье. Пиджакны ханцуйны гурван товчийг доод талын товчыг хадахаа мартчихсан юм шиг харагдах нь бий. Гэвч сайн ажиглавал товчлоогүй задгай байгаа ажээ. Үнэтэй, тансаг хэрэглээний костюмыг зориуд ингэж хийдэг бөгөөд энэ төрлийн хийцтэй костюм пиджак дээд зэрэглэлийн болохыг илчилдэг билээ.

Пиджакныхаа аль товчийг товчлох вэ?

 Нэг эгнээ гурван товчтой бол дунд талынхыг, нэг эгнээ хоёр товчтой бол голдуу дээд талынхыг эсвэл хоёуланг, хоёр эгнээ гурван товчтой бол голынхыг товчлоно.