Та бид стресс, цаг наргүй амьдралын тухай ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ч боломжийн мэдээлэл авч байдаг. Тэгвэл бидний яриад байдаг эдгээр хэвийн бус амьдралын хэв маяг нь дотор эрхтэнд маань хэрхэн нөлөөлж байдаг бол?

 - Хамгийн ихээр нөлөөлж байдаг гэнэ. Учир нь бид амьдралын хэв маягтаа хөтлөгдөн буруу хооллосноор дотор эрхтнүүдээ гэмтээж, эдгэшгүй өвчин тусаж байдгаас гадна өөрөө өөртөө “санаатайгаар” өнөөх хэцүү нэртэй элэгний А,В,С вирусыг халдааж байдаг аж. Энэ талаар уншигч танд мэдээлэл өгөх зорилгоор Улсын клиникийн төв эмнэлгийн эмч, АУ-ны магистр, ЭМШУИС-ийн докторант О.Баярмаатай уулзуулъя.

  - Стресс хүний дотор эрхтэнд нөлөөлж өвчлүүлж байдаг гэж сонслоо. Энэ тухай та тодруулаач?

  - Ер нь хүний стресс, сэтгэл тавгүй байх, мөн амьдралын буруу хэвшил нь хүний дотор эрхтэнд яах аргагүй нөлөөлж элдэв эмгэгийг үүсгэж байдаг. Жишээ нь: Сүүлийн арваад жилд манай оронд “шоудах” гэдэг зүйл их дэлгэрээд хүмүүс архи шар айргийг их хэмжээгээр хэрэглэдэг болж. Үүнээс улбаалаад залуусын дунд цусны зогсоншил гэж өвчин ихээр гарч байна. Энэ нь сөргөөр буюу хар үгээр тайлбарлавал дээшээ огиж бөөлждөг болгодог. Ингэсээр яваандаа улаан хоолойн эмгэг үүсч, шархлуулж хавдар үүсэх шалтгаан болдог байна. Түүнчлэн хүмүүс маш их стресстэй байна. Үүнээсээ болоод тамхи татаж, нойргүйдэлд орж байна. Мөн ядарлаа гээд л кофе их уудаг болж. Гэтэл ингэж их кофе уух чинь манайхны хувьд хэвшил болсон хэрэглээ байгаагүй шүү дээ.

  - Буруу хооллолт бол яах аргагүй дотор эрхтэнд хал­гаатай. Гэтэл манайхан мах иддэг нь буруу хооллолт гэж боддог. Харин юуг хэзээ идэх вэ гэдэг талаар огт мэдлэггүй байдаг?

  - Бидний өвөг дээдэс амьдарч байгаа орон нутгийнхаа цаг агаарт тохируулаад маш зөв хооллож ирсэн түүхтэй. Зундаа цагаан идээ хэрэглэж харин өвлийн сэрүүн улиралд мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг байсан. Гэтэл орчин үеийн хүмүүс өвөл зуны аль ч улиралд тэр ч бүү хэл өглөө үдэшгүй мах иддэг болсон. Мах бол өвчин эмгэг үүсгэдэг муу хүнс биш. Хамгийн гол нь тохируулж хэрэглэх, шарсан, хайрч түлсэн хоол хүнснээс татгалзах нь чухал. Түүнээс гадна манайд хүнсний эрүүл ахуйн баталгаа огт алга. Хятадаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж хэрэглэж байна. Энэ нь эргээд хүний дотор эрхтэнд элдэв эмгэг үүсгэж байна. Тухайлбал тахианы мах их авчирч иддэг болж. Гэтэл тахианы маханд хелико бактерийн агууламж хамгийн их байдаг. Энэ нян нь хүний ходоодны хананд шигдэн амьдарч шархлаа үүсгэдэг. Ахуйн замаар халдварладаг.

  - Манай оронд элэгний эмгэг толгой цохидог өвчин. Энэ өвчнөөс урьдчилан сэр­гийлэхийн тулд бид юу анхаарах ёстой вэ?

  - Одоогоос гурван жилийн өмнөх статистик дүнгээр хоол боловсруулах эрхтний өвчлөлөөр гуравдугаар байрт байсан бол одоо нэг­дүгээрт явж байна. Ерөнхий хоол боловсруулах эрхт­ний эмгэг дотроо нас баралтаараа элэгний өвчин тэргүүлж байна.

  Хөгжиж байгаа орнуудад энэ асуудал ихээр тулгардаг. Нөгөө л хүнсний эрүүл ахуй зөв хооллолтын талаарх яриа энд гарч ирнэ. Үүнээс гадна элэгний В,С вирусын халдвар гэж байдаг. Энэ вирусын халдварыг авснаас хойш 10-15 жилийн дараа л элэгний архаг үрэвсэл үүссэн нь сая мэдрэгддэг, өвчлөл удаантай вирус.

  - В,С вирус хүнд хэрхэн халдварладаг вэ?

 - Арьс цоолох ямар ч про­­цессын үед халдварлах боломжтой. Хөм­сөг шивүүлэх, чих цоолох, шивээс хийлгэх, тарилга гэх мэт. Тарилгын тухайд ганцхан эмнэлгийн тарилга биш шүү дээ. Манайхан энд тэнд очоод зүү тавиуллаа гэдэг, энэ бүхнээс халдварлах боломжтой. Мөн эхээс урагт дамжина. Өвчин мэдэгдэх хүртлээ удаан үе шаттай байдаг болохоор хүмүүс хэзээ халдвар авснаа мэддэггүй.

  - Хоол боловсруулах, дотор эрхтнээ эрүүл байлгах энгийн зөвлөгөө өгөөч?

  - Хамгийн түрүүнд тогтмол цагт хооллож сурах

  - Архи согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байх

  - Хоолоо усанд юмуу ууранд чанаж болгож байхыг хичээх

  - Өөх тос ихтэй хоолноос аль болох татгалзах

  - Халуун ногоотой хүнсийг аль болох хориглох

  - Даршилсан лаазалсан бүтээгдхүүн хэрэглэхгүй байх

  - Кофе, газтай ундаа уухгүй байж чадвал та ходоод дотор эрхтнээ эрүүл байлгаж чадна аа гэдгийг хэлье.