Суу билэгт загвар зохион бүтээгч Кристиан Диорын мэндэлсний 100 жилийн ой өнгөрсөн онд болсон билээ. Тэрбээр загварын ертөнцөд өмнө нь хэн ч хийж байгаагүй зоримог алхмуудыг хийж дэлхий дахинд салбартай агуу том загварын эзэнт гүрнийг үндэслэсэн юм. Ив Сен Лоранаас эхлээд Жон Галлиано хүртэлх түүний залгамжлагчид түүний бий болгосон имижэд үнэнч байж, өөрсдийн авьяас билгээ дайчлан Диорын ордны нэр төрийг одоо ч өндөрт өргөж яваа билээ.

  1946 онд Кристиан Диорын худалдаж авсан Авеню Монтений 30 дугаар байшин өнөөгийн агуу том загварын гүрний тулгын чулуу болсон юм. “Dior couture”-ийн ерөнхий захирал Сидни Толеданогийн уужим ажлын өрөөг хүртэл эдүгээ Диорын ордны сонгодог имиж болсон Кристиан Диорын дуртай XVI Людовик хааны үеийн мебель тавилга, саарал өнгийн хана, дрож, Помпадур зөөлөн сандал зэргээр тохижуулсан байдаг.

  Жон Галлиано 1997 онд анхныхаа загварын коллекцийг толилуулахдаа 50 настай “Зүүрмэглэгч бүсгүйн” имиж бүхий орчин цагийн өнгө аясыг илтгэсэн даашинзууд сонирхуулж байв. Виктуар де Кастелланы гоёлын зүүлтний цуглуулга, Эди Слиманы рок хувилбарт оруулан янзалсан зөөлөн сандал, хар модон эдлэл, энэ бүгд ноён Диорын бүтээлүүдээс санаа авч хийгдсэн билээ.

  Кристиан Диорын залгамжлаг­чид нь Ив Сен Лоран, Жанфранко Ферре, Марк Бохан зэрэг авьяаслаг загвар зохион бүтээгчид байсан боловч тэдгээрээс Жон Галлиано түүний имижэд илүү үнэнч. XVIII зуун, цэцэрлэг, урлаг уран сайхныг сонирхох сонирхол нь тэднийг нэгтгэдэг төдийгүй хэн хэн нь тухайн цаг үеийнхээ загварын ертөнцөд шинэчлэлт хийж чадсан билээ. Кристиан Диор урт даашинз, өнөөг хүртэл модноос гараагүй ирвэсийн арьсан хээтэй хувцас хийж байсан бол Жон Галлиано төрөл бүрийн стилийг хольж зоримог шийдэлтэй загвар бүтээдэг билээ. Өдгөө ч тэрээр Кристиан Диорын имидж, алдар нэрийг улам өндөрт өнрөгж яваа авьяаслаг загвар зохион бүтээгч Жон Галлиано хуучны хэв загварыг орчин үеийн өнгө аястай хослуулж, чамин тансаг, өвөрмөц гайхамшигтай загваруудыг гарган ирж чадсанаараа дэлхийд ноёрхож байгаа билээ. Гэхдээ юуны өмнө тэд хоёулаа өөрсдийн цаг үеийнхээ хурц төлөөлөгчид байж чадсан юм. 1947 онд Кристиан Диор зөвхөн бүсгүй хүний имиж төдийгүй гоо сайхан бие галбир, биеэ авч явах байдал, эмэгтэйлэг чанарыг дэвшүүлэн гаргаж ирсэн юм. 1997 онд Жон Галлиано өөрийн цаг үеийн шалгуураар энэ эмэгтэйлэг, гоолиг бие цогцсыг дахин моодонд оруулж чадсан. Ноён Диор “Өнөөдөр болхи бүдүүлэг санагдаж байгаа бүхэн маргааш моодонд орно” гэж хэлэх дуртай байв.

  Өдгөө “Кристиан Диор”-ынхан эрхэмсэг ноёд, хатагтай нарт зориулан гаргаж буй бүтээгдэхүүнүүдээрээ тоо хэмжээ, борлуулалтыг бус, “Luxury” буюу чамин, хээнцэр дээд зэрэглэлийн тансаг мэдрэмж өгөхийг л эрхэм зорилгоо болгодог. Диорын сүрчгүүд Кристиан Диорын үнэртнүүдийн хувьд урлагийн эрх чөлөө, утга учир, мөн чанарыг агуулдаг. Тиймээс шинэ бүтээгдэхүүн бүр нь амжилт авчирдаг. Харин имиджийн хувьд мөрөөдөл хүслийн бодит биелэл, өнгө будгийн хослол, ялгуурлалт болсон тэрхүү урлагт үндэслэдэг. Диор өөрөө мөрөөдлийн нэр мөн. Өнөөдөр Диор гоо сайхны, урлагийн, мэдрэмж мэдрэхүйн чигийг тодорхойлж байна.

  Диорын үнэртэй ус “Poison” 1985 онд үйлдвэрлэгдэж гараад ганцхан жилд 40.0 сая долларын ашиг олж байв. Энэ үнэртний савны одоо байгаа загварыг гаргахын тулд гурван жилийн турш 50 янзын хэв загварыг гаргаж байж сонгожээ.

  - “Fahrenheit” бол 1988 онд гарсан, өнгөрсөн үеийг агуулсан орчин үеийн хийц, өнгө үзэмж бүхий эрэгтэй хүний сүрчиг юм.

  - Байгалийн үнэртэй “Dune” гэхэд л эмэгтэй хүний гоо сайхан, сэрэл мэдрэмж, тэнгис далайн үнэрийг агуулсан үнэртэн бөгөөд 1991 онд үйлдвэрлэсэн. Харин эрэгтэй “Dune” бол цэвэр эрх чөлөөний мөн чанарыг илэрхийлдэг сэрүү татсан, хөнгөн үнэртэй ус бөгөөд 1997 онд үйлдвэрлэжээ.

  - “J’adore” нь 1999 онд гарсан даруйдаа л алдаршиж шинэ эрин зууны эмэгтэй хүний мөн чанар, билэг тэмдэг, тансаг үнэрийн илэрхийлэл болж чадсан. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Орлеан хотын дэргэдэх Кристиан Диорын хяналтанд байдаг “Saint Jean de Braye”-ийн лабораторид уг цогцолбор төвийн зүрхэнд нь орших 150 гаруй салбаруудад тусгайлан үйлдвэрлэгддэг байна.

  Бүтээгдэхүүн бүрийг үйлдвэр­лэхээс өмнө олон удаа судалгаа шинжилгээ хийж онцгой нарийн туршилтуудын үндсэн дээр гаргаж авдаг байна. Одоогоос 20 жилийн өмнө ч Кристиан Диорын үнэртэн сүрчигнүүд нь косметикийн зах зээлд аль хэдийнэ люкс бүтээгдэхүүн болж чадсан байна.

  Дэлхийн II дайны дараах хүнд жилүүдэд, хүмүүсийн сэтгэл санаа хүнд, хоол, ундаар хомс байсан тэр л үед Кристиан Диор нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэл санааг өөрчлөх, тайтгаруулан засах, тэдний сэтгэхүйг өөрчлөх үүднээс “Hot couture” буюу “Шилмэл загвар” хэмээх даашинзыг үйлдвэрлэн гаргаснаар анх алдаршиж эхэлжээ. Энэ амжилтаа бататгах үүднээс “MISS DIOR” сүрчгийг 1947 онд гарган авсан нь асар их нэр хүнд, амжилтыг авчирч алдрын оргилд хүрэх замыг нээжээ. Түүнээс хойш эдүгээг хүртэл 16 эмэгтэй, зургаан эрэгтэй сүрчиг гаргасан байна. 2000 оноос эхлэн хоёрдугаар сарын 14-ний Гэгээн Валентины өдөрт зориулан жил бүр Диороос шинэ үнэртэн гаргадаг. зэрэг эдгээр үнэртэй ус нь яг нэг зэрэг хоёрдугаар сарын 14-нд Lounge хэлбэрээр Парис, Токио, Милан, Нью-Йорк, Москва, Бруссель гэх мэт бүх агентуудад худалдаалагдаж эхэлдэг.

  1973 оноос Кристиан Диорын дэргэд гоо сайхны судалгааны төв нээгдсэн бөгөөд, одоо энэ төвд 1000 гаруй ажилчин, үүнээс 200 гаруй нь нарийн мэргэжлийн эмч, биологич, химич, физикч, эм зүйч бөгөөд бүсгүйчүүл, эрчүүдийн гоо сайхан, эрүүл ахуйг бүрэн хангах арьс арчилгааны болон гоо сайхны бүтээгдэхүүнийг олон жилийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр лабораторид үйлдвэрлэн гаргаж байна. Анх 1986 онд долоон жилийн турш судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд Кристиан Диор үрчлээний эсрэг өндөр үйлчлэл бүхий хөгшрөлтийн эсрэг арьсны уян хатан залуу шинжийн хадгалах үйлчилгээтэй “Liposome” комплекс гарган авсан нь агуу том нээлт байсан төдийгүй шинэ бүтээлийн патент авчээ.

  Энэ агуу амжилтаа бататган үрчлээний эсрэг “Capture Lift” хэмээх шингэн, “Capture” зовхины тос үйлдвэрлэн гаргав. Үүнээс үндэслэн эдүгээ маш олон төрлийн тос шинээр үйлдвэрлээд байна.

  Кристиан Диор гоо сайхны туйл, дээд зэрэглэлийн чанар, тансаг сайхны билэг тэмдэг бөгөөд урлагийн уламжлалт хэв шинжид үндэслэж хийдэг бүтээгдэхүүнүүд нь өөрийн гэсэн нууцлаг чанараар олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг.

  Тухайлбал 1960-иад онд Кристиан Диорын бүтээгдэхүүний худалдааны борлуулалт нь дэлхийн таван тивд 700.0 сая ам.долларт хүрч, энэ нь тухайн үеийнхээ худалдааны зах зээлийн 30%-ийг эзэлж байжээ.