Зоргоор амьдрахын жаргал

   Зүлгэн дээр гэрээ бариад

 Зүгээр л нэг амьдрах юмсан... гэж санааширсан Ц.Хулан найрагчийн шүлэг монгол­чууд бидэнд тун их таалагддаг. Нар туссан нов ногоон зүлэг, хаяаг нь шуусан таван ханатай цагаан гэр, дэргэдүүр хоржигнох голын чимээ... Зүгээр л нэг амьдрал. Зүгээр ингээд л төсөөлөхөд цээжинд аз жаргал бялхаад ирнэ. Энэ хотын цаг нартай уралдсан амьдрал, зөрж өнгөрөх олон хүн, утаа, хог, машин тэрэгний бөглөрөө, дуу чимээ...

  Ёстой, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л налайгаад амьдармаар. Харамсалтай нь бид тэгж амьдарч болохгүй. Алийн болгон ч тэгж амьдрах билээ. Тэглээ гээд юу бүтээж, юу хожив. Бүгд тэгээд амьдрахаар энэ улс орныг хэн, хэзээ хөгжүүлэх болж байна. Үр хүүхдийг маань хэн, хаана боловсруулах болж байна. Хүссэн ч, хүсээгүй ч их хотын алхаанд хөл нийлүүлэхээс аргагүй.

  Зоргоор амьдарч, аз жаргалыг мэдрэхийг хүсдэг хүмүүс өөрийн хүсэлд саад болох бүхийг замаасаа зайлуулж, нэг бол дайрахгүй, тойроод л гарахыг хичээдэг байна. Тийм хүмүүс зоргоор байгаа тэр орчноосоо л аз жаргалыг мэдэрч, илүү сайхан, илүү амттайд тэмүүлэх чадвараа гээдэг. Насныхаа ихэнхийг хөдөө сумын төвд өнгөрүүлсэн хүн гэнэт Улаанбаатарт орж ирээд хотын шуугиант амьдралд дасахгүй, хөл хөдөлгөөн, чимээ шуугиан, хөдөлвөл л урсаж байдаг мөнгө... зэргээс залхаж буцахын мөрөөсөл болдгоор жишиж болох юм. Юу хийхээ олж ядан, хөдөлмөрийн бүтээмж тун муутайгаар хорвоогийн нэг өдрийг өнгөрөөдөг хөдөөгийн олонх иргэн хотын амьдралыг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй.

  Мөн сүүлийн үед зоргоор амьдрах хүсэлтэй бүсгүйчүүд олширч байгаа нь сайны ёр уу, муугийн ёр уу, мэдэхгүй. Хэн нэгэнтэй хамт амьдарч, эрх чөлөөгөө хааж боож байснаас ганцаараа, өөрийн хүссэнээ хийж, дураар амьдрах шиг жаргал алга гэж тэд ярина. Хамтарч амьдарсан тохиолдолд дайраад, даваад гарах ёстой ялих шалихгүй бүхнээс шантарч, хамгийн амархан, хамгийн зөв шийдэл бол аль болох хурдхан салж, замаа хөөх гэж үзнэ. Хүсэл зоргоор амьдрахыг хүсэгчид энэ мэтээр гай болох аливаа саад бэрхшээлийг аль болох үгүй болгох, үгүй бол зүгээр л тойроод гарахыг хичээдэг байна.

Хүүхэд нас аз жаргалын эхлэл

     Энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн хэн вэ? Ингээд асуухад олон хүн “Хүүхэд” гэж хариулна. Үнээн, хүүхэд аз жаргалтай. Ээжийн дулаан энгэрт шургаж, зөөлөн мөөмийг хөхөж, хүссэн үедээ идэж, инээж, уйлж... жаргалтай байхаас яахав. Эхийн хайр, халамж л байхад хүүхэд жаргалтай. Харин мөөмнөөс өөр бодох юмгүй байсан үе ард үлдэх тэр цагаас эхлээд аз жаргал алсалж эхэлдэг байж магадгүй. Учир нь хүн гэгч амьтныг бурхан хэтэрхий гэмээр сэтгэлийн мэдрэмжтэй болгож заяасан. Хорвоогийн өнгийг таньж, сэтгэлдээ сайхан муухайг ялгаж эхлэх тэр цагаас л зовлон жаргалыг мэдэрч эхэлдэг. Балчир хүүхэд ээжийгээ хаа нэг тийшээ удаахан гараад ирэх зуур сэтгэлдээ зөндөө “зовж” амждаг. “Ээж минь хаачаа юм бол, намайг орхиод бүр явчихсан юм болов уу, эсвэл мангаст идүүлчихсэн юм болов уу” гэх зэргээр балчир оюуныхаа хэрээр өчнөөн зүйлийг ургуулан бодож, шаналж байдаг гэнэ лээ. Ингээд бодохоор хүүхэд гэдэг зовж мэддэггүй, жаргалд бялуурчихсан “амьтад” ч бас биш байх нь. Гэтэл өнөөдөр энэ амьдралд балчир тэднийг зовоох зүйл хэтэрхий их байна шүү дээ. Хүүхдүүд өлсч, даарч байна, эцэг эх нь салж байна, бүр тэднийг төрүүлээд гудамжинд орхиж байна...

  Бурханы хайрласан аз жаргалыг мэдрэх мэдрэмжийг энэ мэтээр хар нялхаас нь нухчин дарж, хайр халамжаас ангид байлгаснаар бяцхан зүрхэнд улалзаж эхэлсэн хайрын дөл мөхөж, бусдыг хайрлах, сайн сайханд тэмүүлэх, аз жаргалыг мэдрэх чадваргүй, нэг ёсондоо “хөлдүү” хүн болон өсөх замыг нээж байгаа хэрэг.

  Хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд амьдралын аз жаргалыг зүрх сэтгэлийн гүнээс мэдэрч чаддаг “жинхэнэ хүн” болон өсдөг. Тэр ч утгаар хүнээ гэдэг иргэншилд хүүхдийг хэрхэн хайрлаж өсгөх тухай тусгайлан хуульчилж, тэднийг зодох нь бүү хэл зандарсан нэгнийх нь эцэг, эх байх эрхийг хасахаас эхлээд “жинхэнэ хүн” төлөвшүүлэхэд анхаарсаар.

Жип болон давхиж яваа аз жаргал

       Зарим хүний аз жаргал бүдүүн бүдүүн жип болон хувираад нийслэлийн гудамжаар бөглөө таглаа үүсгээд давхиж явна уу гэж бодогдох юм. Жип унасан хүмүүсийн харц дээгүүр, царай бардам. Цаанаа л нэг сэтгэл хангалуун. Бөглөөтэй замд хашлага даван түрэмгийлж “Жип шүү дээ” гэж сайрхана.

  Хүүхнүүд бас өмссөн зүүснээрээ өөрийн жаргалыг тодорхойлох болж. Хэн нэгнээс дутууг өмсч, дундуурыг зүүсэн бол өөрийгөө хувьгүй, золгүйд тооцно. Хаа нэгтэйгээс баян /хөгшин ч бай, гадаадын бай хамаагүй / эр гэнэт гарч ирээд, торгонд ороож, тосонд хөлбөрүүлэх тэр цагийг тэсэн ядан хүлээнэ.

  Залуус хаа ч хамаагүй, харийн оронд оччих л юм бол аз жаргалтайгаа учирна гэж сэтгэж, хамаг байдаг байр саваа зараад “сүүлээ хавчин” эх орноосоо зугатаана.

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу...

Р.Чойном

  Эцэг, эхчүүд бас үр хүүхдээ мөнгө олдоггүй, салж сарнидаг, золгүй, бүтэлгүйг нь дуудаж, хуруу хумсаа хуйхалж байгаад гадагш нь гаргачихвал тэр аз жаргал гэгчийг хормой хормойгоор нь ачаад ирэх мэт бодно.

  Багачууд бараг л “Мөнгө” хэмээн хэлд орж, түүнийг аз жаргалын түлхүүр гэж ойлгож байна. Монгол орны маань өнөөдрийн дүр зураг. Аз жаргалыг мөнгө хэмээн ойлгож, түүний төлөө юу ч хийхээс буцахаа байсан олон олон хүнээс энэ нийгэм бүтэж байна.

  Ард түмэн хичнээн ядуу байна тэр чин­­ээ­гээр аз жаргалыг материаллаг хэрэг­лээ болгон ойлгодог гэсэн дэлхий нийтийн судалгаа байх юм. Хоногийн хоолоо олох гэж ядаж яваа хүмүүст гэдсээ нэг сайн цатгах нь аз жаргал. Гэтэл мөнгөөр тоглож, зугаагаа гаргаж байдаг хүмүүст “худалдаж авсан аз жаргал нь” чамлагдаж, дахиад цааш шунан тачаадна.

  Хүн бүрийн хүсч мөрөөдөж, энэ амьдралаас эрж хайгаад яваа АЗ ЖАРГАЛ гэгч чухам юу юм, түүнийг энэ улаан гараараа барьж авчихаад, тавьж явуулахгүй байвал яасан юм?

Аз жаргал гэж...

Д.Цолмон
 - Аз жаргалыг хүн бүр өөр өөрөөр ойлгодог байх. Аз жаргал алс хол биш, яг л хажууд байдаг. Бид л мэдрэхгүй хаа холоос хайгаад явдаг болохоос амьдрал өөрөө аз жаргал гэж бодож явдаг. Хүнд муу санахгүй, муу үйл хийхгүй, сэтгэл төвшин амьдарч чадвал аз жаргал аяндаа ирдэг гэж итгэж явдаг даа.

 

М.Оюунцэцэг
- Эгч нь Увсаас ирсэн. Миний хувьд үр хүүхдүүд минь энх тунх, ажил үйлс нь өөдрөг байвал л аз жаргал.

 - Та одоо аз жаргалтай байж чадаж байна уу?

 - Тэгэлгүй яахав, аз жаргалтай байна.

Х.Должинсүрэн.
  - Сэтгэлийн амар амгаланг л аз жаргал гэнэ дээ. Үр хүүхэд минь эрүүл саруул, элэг бүтэн л байвал эх хүний жаргал тэр.

 

 

Д.Пүрэвдорж
 - Аз жаргал гэдэг их л өргөн ойлголт гэж бодож байна.

 - Та аз жаргалтай амьдарч чадаж байна уу?

 - Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Зарим үед ч бас хэцүү санагдах юм байна шүү дээ.

 - Чухам юу хэцүү байна?

 - Энэ үнийн өсөлт, төр засгийн байж байгаа царай жирийн иргэд биднийг туйлдуулж байна.

Д.Амгалан
 - Би аз жаргал гэж мэдэхгүй.

 - Яагаад?

 - Бодвол сэтгэл дүүрэн сайхан амьд­рахыг аз жаргал гэж хэлэх байлгүй дээ.

Б.Даш-Ёндон Философич
 - Аз жаргалыг хувь хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч байдаг. Өвчтэй хүн бол эрүүл байхыг хамгийн дээд жар­гал гэж бод­но, ямар нэгэн эд зүйлээр дутагдаж байгаа хүн бол түүнийг олоод авчихвал аз жаргал тэр гэнэ.

  Нийгмийн хувьд төрийн явуулж байгаа бодлого ард түмний аз жаргал хоёр давхцаж байх учиртай. Гэтэл манайд тэгж давхцаж чадахгүй байгаа болохоор ард түмэн өөр өөрийхөөрөө, аз жаргалыг оюун санаанаасаа хайхаас илүүгээр материаллаг зүйлээр төсөөлж түүний зүг тэмүүлж байна.

О.Чимгээ, В.Энхбат:
 - Гэр бүл маань төлөв төвшин байх нь л бидний аз жаргал. Бид одоо аз жаргалтай, сайхан амьдарч чадаж байна.

 

Г.Алтантуяа
   - Би одоогоос зургаан жил орчмын өмнө гадаад явахын бөөн “дон” шүгэлсэнсэн. Тэр үед хүүхэд гаргаад гэртээ байлаа. Найз охид маань бараг бүгдээрээ янз бүрийн улс орон руу яаж ийгээд явчихсан тэр үед би өөрийгөө золгүй, хувьгүй амьтан мэтээр сэтгэж, гадагшаа л явахгүй бол үхсэнтэй адил гэж бараг өдөр шөнөгүй уйлж дуулах болсон. Хөөрхий аав, ээж хоёр минь намайг тэгээд байхаар сүүлдээ гадаадад гаргахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд би Англи явах боллоо. Аз болоход бусад хүний хэдэн сар хөөцөлддөг виз тун амархан, өгсөн өдөртөө гарчихлаа. Би гэдэг хүн хөл газар хүрэхгүй хөөрч, юун Монголд амьдрах, нэг өдрийн өмнө ч болов өөрийн аз жаргалдаа очъё гээд онгоцны билет олдохгүй байсныг ч тоолгүй, ээж аавыгаа зовоосоор маш үнэтэй билет худалдаж авлаа. Ингээд виз авсныхаа нөгөөдөр нь л сэтгэлдээ төсөөлж бий болгосон аз жаргалын Англи улсыг зорьсон доо. Онгоцонд суугаад нисч байхдаа ямар их аз жаргалыг мэдэрч байсан гээч. Сэтгэл минь хөөрч, нисч байгаа тэр онгоцноос ч өндөр байлаа. Аз жаргалын оргил гэж байдаг бол түүнд би өөрийнхөө хэмжээнд хүрчихсэн мэт тэгж их догдолж байлаа. Харин миний эрж хайж явсан аз жаргал тэнд байхгүй гэдгийг би бараг онгоцноос буугаад л мэдэрч эхэлсэн дээ. Төсөөлж байсан шиг минь улс орон угтаагүйд, бүх юм мөрөөдөж байснаас минь огт өөрийг алхам тутамдаа мэдэрч байлаа. Миний эрж хайж байсан аз жаргал эх оронд минь, яг дэргэд минь байж гэдгийг харийн тэр нутагт ёстой мах цусандаа шингэтэл ойлгосон. Ямар сайндаа шөнийн дөрвөн цагт ээжийгээ унтаж байхад нь утасдаад “Миний аз жаргал таныхаа хажууд байх л юм байна” гээд уйлж байхав. Нэгэнт очсон болохоор тэндээ таван жил “гүрийсэн”. Харин одоо эх орондоо, ээж, аавдаа, үрдээ, ханьдаа ирээд би жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна. Аз жаргалыг холоос биш хажуугаасаа эрж, үнэлж байх ёстой гэдгийг би ингэж ойлгосон хүн дээ.

Ё.Батжаргал
    - Солонгост ажиллаж, амьдарч байгаа, 28 настай энэ залуу и-мэйлээр аз жаргалын тухай бодлоо хуваалцсан юм. Би энд эхнэр Сарангэрэлтэйгээ хамт ажиллаж, амьдарч байгаа. Нутагт аав, ээж маань хүү, охин хоёрыг минь хараад үлдсэн. Бид хоёр хэдийгээр энд хамт байгаа ч хүүхдүүдээ их санаж байна. Яаж ийгээд Солонгос гарч чадвал л бүх зүйл сайхан болох юм шиг санаж зүтгэсэн ч бидний эрж хайсан аз жаргал энд байхгүйг ойлгож байна. Хоосон ч бай, хоолтой ч бай хамаагүй, эх орондоо, бие биеэ санаж үгүйлэхийн зовлонгүй, халуун элгээрээ байна гэдэг амьдралын аз жаргал юм байна. Гэсэн ч бид хоёр нэгэнт зорьсон зорилгоо биелүүлж байж л эх орондоо, үр хүүхэддээ очно доо. Нэмж хэлэхэд хүн өвдөх өвчингүй, өнчрөл хагацалгүй байвал л жаргал шүү дээ.

Сон Хён Сүг / Манай улсад амьдарч байгаа Солонгосын иргэн /
    - Аз жаргал гэдэг их мөнгө биш. Хүн юу хиймээр байна түүнийгээ хийж чадаж байвал аз жаргал. Үзэх гэснээ үзэж, явах гэсэн газар руугаа явж, хүслээрээ амьдарч чадах нь аз жаргал. Солонгос хүмүүс аз жаргалтай амьдарч чаддаг. Харин зарим ядуу, өндөр настай хүмүүсийн хувьд жаргалгүй байх нь бий. Манай гэр бүл өнгөрсөн есдүгээр сард танай улсад ирсэн. Миний бодлоор монгол хүмүүс аз жаргалтай юм шиг байна. Барагтай бол уурладаггүй тэдний зан аз жаргалтай л холбоотой байх.

Баярын өмнө ба хойно

     Хүүхдүүд гэлтгүй томчууд ч ямар нэгэн баяр болохыг тэсэн ядан хүлээдэг. Тэр баяр ямар нэгэн аз жаргалыг аваад ирэх юм шиг... Наадмын өмнөх шөнө унтаж чадахгүй хөрвөөж, цагаан сарын баярт зориулан сар жилийн бэлтгэл хийж, 12 дугаар сар гармагц шинэ жилийн баярыг хүлээн дэгэлзэж... сонин шүү. Жилдээ нэг болдог энэ баярууд хүний амьдралын онцгой өдрүүд гэдэг нь тодорхой. Хүүхнүүд л гэхэд шинэ жилийн баярт зориулж, зөвхөн тэр үдэш л сайхан харагдахын тулд ямар үнээр ч хамаагүй даашинз авахыг хүсдэг. “Зориглоод” даашинз худалдаж авлаа. Өмслөө. Шинэ жилийн үдэш хамгийн сайхан нь эс гэхэд тун чиг сэтгэл хангалуун байж чадлаа. Харин маргааш өглөө нь... Маргааш өглөө нь бие сэтгэл зөндөө их ядарчихсан, өнөө өндөр үнэтэй гоёлын даашинз дахин хэзээ өмсөхийг нь хүлээн гуниглаж хэвтээ дүр зураг.

   Наадмын маргааш өглөө сум, хот эзгүйрч, нам жим оргиод, олны хөлөөр хөглөрсөн хог новш энд тэндгүй. Сэтгэл нэг л эзгүй.  Он солигдох торгон мөчид учиргүй хөөрч догдолж байсан сэтгэл шинэ оны нэгдүгээр сарын 1 –ний өглөө яагаад ч юм эзгүйрч, бүх юм нэг л ханхай хоосон оргиод ирдэг тухай хүмүүс яагаад ярина вэ. Дээрх баяруудтай адилаар их, дээд сургуулиа төгсөөд хонхны баяраа хийж байгаа оюутнууд тун ч их хөөрцөглөдөг. “Ингээд л сургуулиа төгсөөд, эх орондоо ихийг хийж бүтээх мэр­гэжилтэн болчих­лоо. Үзүүлээд өгнө өө” гэсэн дэврүүн сэтгэлээр хонхны баяраар ёстой тэнгэрт нисэн жин­гүйднэ дээ. Харин хонхны баярын маргааш... Оюутан цагийн, хонхын баярын нөгөө их аз жаргал нэгэнт өндөрлөж, амьдрал хэмээх хөлгүй их далай урдаас цэлийгээд л угтана. Сургуулиа төгссөн, ажил байхгүй, одоо яах вэ, хаачих вэ...

  Баярын өмнөх догдлол, баярын хонхтой хамт догдлох хязгааргүй аз жаргал, харин дараа нь өндөр дээрээс унасан мэт сэтгэлийн эзгүйрэл. Бодох л хэрэгтэй. Сэтгэл гэгч энэ нарийн эмзэг эдийг ингэж хэт хөөргөж тэнгэрт нисгэснээ гэнэт доош нь шидээд байх уу?

Бусдын жаргалаар жаргах

     Ээжүүд ингэж жаргадаг. “Үр хүүхэд минь л эрүүл энх, сайн сайхан явбал миний жаргал тэр” гэж чин сэтгэлээсээ сүслэн залбирна. Хамаг залуу насаа үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн төлөө зольж, нэг удаа ч өөрийнхөө тааваар дуртай зүг рүүгээ явж, дуртай зүйлээ хийж үзээгүй, өнгөтэй өөдтэйг өмсөж, зүүж үзээгүй монгол ээж олон. “Бид яах вэ, хэдэн хүүхэд минь л...” гэж бүхнийг тэдэндээ зориулна. Аягандахаа өгч, алс явахад нь сүүний дээж өргөнө. Монгол ээжүүд шиг ингэж “Үхтэл үр харам” байж, үр хүүхдийнхээ жаргалаар жаргаж суудаг ээж энэ дэлхийд ч олон биз.

  Эх хүн шиг бусдын жаргалаар жаргаж чаддаг хүн аз жаргалыг илүү их амталж чаддаг шиг. Ханиа, гэр бүлээ хайрлаж, тэднийхээ жаргалаар жаргаж чадна гэдэг мөн их урлаг.

  Нэг найзынхаа амжилт, аз жаргалыг сонсоод өөрөө л түүнийг олсон мэт чин сэтгэлээсээ баярлаж, сэтгэлээрээ жаргаж чаддаг хүн ингэхэд олон болов уу. Сонсоод, баяр хүргэж байгаа ч харцанд нь атаархалын оч гялалзаж амжихыг олонхи нь мэдэрдэг гэнэ. Бусдын жаргалд атаархаж, болж өгвөл муучилж, хойш нь, доош нь чангаахыг санаархаж байдаг хүмүүст өөрөөс нь өөр хүний жаргал “ тамлал ” болж санагддаг гэнэ.

Эрүүл энхийн жаргалан

     Эрүүл л бол жаргал. Ингэж хэлэх хүн олон байна.

Жаргалан жаргалан жаргалан
 Энэ ертөнцийн түмэн жаргалан
 Түүний дотроос чухам жаргалан
 Эрүүл энхийн нэгэн жаргалан...

    Их зохиолч ингэж бичсэнийг бид аз жаргалын нэгэн түлхүүр гэж ойлгодог. Энэ бие өвчтэй л бол хэрхэн жаргах билээ. Харин өвдөж зовоогүй үед бол аз жаргалыг өөр зүйлээс эрж хайдаг.

Бурханчилсан аз жаргал

    Зарим хүн амьдралдаа утга учир өгч, өмнөө зорилго тавиад өөрийн мэдлэг чадвар, зүрх сэтгэл бүх зүйлээ тэрхүү үнэт зүйлд зориулан, тэндээс аз жаргалыг мэдэрч амьдардаг. Нэг ёсондоо энэ амьдралаас өөрийгөө олж чадсан хүмүүс ийм жаргалыг эдэлж чаддаг. Ихэнх хүн ийм аз жаргалыг бага залуудаа тэр бүр эдлээд байдаггүй. Алдаж, онож, өөрийгөө эрж явсаар аз жаргалыг зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэрч чадах тэр урлагт суралцдаг байна. Хэрхэн амьдрах тухай өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болж, түүнийхээ төлөө амьсгалж, амьдарч, түүнээсээ жинхэнэ аз жаргалыг мэдэрч чаддаг болно гэсэн үг. Ингэж олж авсан аз жаргал бол насан туршийнх. Үнэтэй машин аваад шороо тоосыг нь арчин арчин, дахин дахин илж үзэн, гудмаар давхих тэр аз жаргалаас огт өөрөөр үнэлэгдэх жинхэнэ, бас урт удаан эдэлж болох аз жаргал. Ийм аз жаргалыг хамгийн дээд, бурханчилсан аз жаргал гэж хэлж болмоор. Хорвоод хүн болж төрсний эрхэм чанарыг жинхэнэ утгаар, хамгийн дээдээр, бүх л зүрх сэтгэлээрээ эдэлж чадах аз жаргал.

  Харин өрөөсгөл хандаж болохгүй. Ажил мэргэжлээсээ хачин их таашаал авч чаддаг хэрнээ ар гэрийн амьдрал, хань, үрээ хайрлах хайрыг ор тас мартаж орхидог бол бас л дундуур жаргал болж таарна.

Мартагдсан аз жаргал

      Ард түмэн аз жаргалтай байвал улс орны хөгжил ч түргэсдэг байна. Аз жаргалтай хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг нь үүнд нөлөөлдөг гэнэ. Өөрийн зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээсэн хүмүүс амьдралын аливаа асуудалд ч азтай байж, ашиг орлого олж, бусад хүмүүстэй ч сайхан харилцаж, идэвхитэй, хөгжил хөөртэй амьдарч чаддаг байна. Тийм хүмүүсийн бие бялдар ч эрүүл чийрэг, царай зүс ч өнгөлөг гэрэлтэй, оюун санаа эрүүл, хүчтэй байдаг.

  Хүн хэрэглээ шүтэж, тухайлбал сайхан орон гэр, сайн машин, ганган хувцас тэргүүтнээс түр зуурын аз жаргалыг олж авах уу, эсвэл оюун санаа шүтэж, амьдралын утга учрыг олж, сайн сайхан бүхнээс үүрдийн аз жаргалыг мэдрэх үү гэдэг өөрийнх нь л сонголт.

  Аз жаргалтай байхад нөлөөлдөг зайлшгүй хүчин зүйлүүд гэж бий. Хотын бид өнөөдөр цаг хугацаанаас эхлээд нийгмийн элдэв асуудалд тал талаасаа шахуулж, нухчуулж байна. Энэ нүргээнт амьдрал дундаас аз жаргалыг олж зүрхэндээ хадгална гэдэг бас их хөдөлмөр. Цаг хугацаа, орон зайн давчдал, санаа сэтгэл чангаасан гадны энэ олон хүчин зүйлүүд. Зах зээлийн нийгэм гэгч хаалганы цаана нэг л өглөө сэрээд гэнэт түлхэгдэн гарсан монголчууд бид амьдралын эрээн бараан, хоногийн хоолны төлөө зүтгэсээр бурханаас хайрласан “Аз жаргалыг мэдрэх мэдрэмж”-ийг бараг мартаж орхиж. Харин одоо хүний амьдралын хамгийн чухал, хүнийг хүн байлгадаг амин мэдрэмж аз жаргалаа эргүүлэн олж авах цаг яах аргагүй ирлээ.

  Аз жаргалыг мэдэрч чаддаг хүмүүс амьдралаа ч амархан тэгшилж чаддаг, тэгширсэн амьдралтай хүмүүс аливаа бэрхшээлийг богино хугацаанд эвийг нь олоод даван туулдаг.

Аз жаргалын түлхүүр

     Хүн бүхэн аз жаргалтай амьдралыг хүсч, түүний эрэлд гардаг. Хажуудаа байгаа жаргалыг олж харахгүй мөртлөө хаа холоос, тэнгэрээс аз жаргал нисч ирэхийг хүлээгээд суух нь бий. Өөрт байгаа жаргалыг өнгөлж зүлгэж, улам бялхуулдаг нь ч байна.

  “Нэг худалдаачин хүүгээ аз жаргалыг нууцыг олоод ир гээд ертөнцийн хамгийн мэргэн хүн рүү явуулжээ. Хүү дөч хоног уул ус, элсэн цөлийг туулан зовж зүдэрч байж эцэст нь нэгэн уулын орой дээрх сайхан харшийг олж харав гэнэ. Харшийн эргэн тойрон маш олон хүн цуглажээ. Цөм л мэргэн хүнээс амьдралын элдэв учрыг асуухаар ирсэн нь тэр байж. Хүү олон хоног хүлээсээр арай гэж мэргэн хүнтэй уулзав гэнэ. Мэргэн түүний яриаг сонсоод нэг халбаган дээр шингэн тос хийж “Үүнийг асгалгүй бариад ордны доторхийг үзэж сонирхоод ир” гээд явуулжээ. Хүү асар том тэр ордны дотуур явахдаа тосоо асгачихгүйн тулд бүх анхаарлаа түүнд хандуулсаар бүтэн тойроод ирэхдээ ордон дотор юу байгааг ер тогтож харж чадалгүй ирж гэнэ. Тэгсэнд мэргэн хүн “Одоо чи ордон доторх бүхнийг сайн хараад ирээрэй” гээд халбагатай тосыг мөн бариулжээ. Хүү ордон доторхийг харж алмайрсаар яваад ирвэл халбаган доторх тос юу ч үгүй асгарсан байна гэнэ. Түүнийг харсан мэргэн хүн “Аз жаргалын түлхүүр бол халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ.

  Өнөө цагт аз жаргалыг итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигдэж байна. Энэ бүхнийг гүйцэлдүүлж явахдаа хамгийн чухал “халбагатай тос” буюу хүний мөн чанараа мартаж болохгүй гэж” сургамжит өгүүллэгүүдэд өгүүлжээ.

Аз жаргал хүсье

    Хүн төрөлхтөний хамгийн дээд хүсэл аз жаргал. Хүмүүн бид “Аз жаргал хүсье” гэж хамгийн хайртай, дотно, зүрхэнд ойр хүндээ чин сэтгэлээсээ хүсдэг. Аз жаргал гэхээр алгандаа атгаад, бариад авчихаж болохгүй хийсвэр зүйл ч юм шиг. Олон хүн ингэж боддог. Гэхдээ тэр “хий хоосон, барьцгүй” гэж бодоод байдаг аз жаргал үнэхээр бодитоор байдаг юм. Хүн бүрийн зүрх сэтгэлийн гүнд, энэ амьдрал дотор байдаг юм. Түүнийг л нээж гаргаж, олж мэдэж, бүхий л эд эс бүхнээрээ мэдэрч сурах нь хамгийн чухал. Уух, идэх, унтаж амрах, хүмүүстэй харилцах, ажлаа хийх, ханиа хайрлах, үрээ үнсэх... бүгд аз жаргал. Аз жаргалыг жинхэнэ утгаар мэдэрнэ гэдэг өөрөө асар их аз жаргал. Шинэ он ирж байна. Инээмсэглэл, хайр, амжилт бүтээл, халуун дулаан харилцаа, итгэл, ойлголцол, энхрийлэл, амраглал...Энэ хорвоод ямар олон сэтгэл догдлуулах сайхан зүйл байдаг билээ.

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ

Бүхнийг өгч байж, бүхнийг авна. Хэрэв бид өөрсдөө нэг бүхэл юмны хэсэг болж, амьдралын хатуу ширүүнийг хүлээн зөвшөөрөх юм бол жинхэнэ аз жаргалыг хүртэх болно.

 “Психологи Хойте” сэтгүүлийн газраас Германы Мэдээлэл зүйн эрдэм шинжилгээний ажилтан, ёс суртахууны ухааны мэргэжилтэн профессор Клаус Ойрихтай аз жаргалын тухай ярилцжээ.

 - Амьдралын утга учрыг ойлгосон хүн л аз жаргалтай байж чадах уу? Эсвэл амьдралын утга учрыг ойлгоогүй хүн ч аз жаргалтай байж болох уу?

 - “Учир утга” гэж чухам юуг ойлгож байгаагаас л болно доо. Утга учир гэдгийг хэрхэн тодорхойлсноос аз жаргалын хэм хэмжээ гарч ирнэ. Бид материалжсан иргэншилд, өөрөөр хэлбэл олж авахад чиглэсэн иргэншилд амьдарч байна. Энэ иргэншилд “бяцхан-би” гэдэг их үүрэгтэй болжээ.

  Тэр “бяцхан-би” нь ямар нэг эрх дарханд хүрч байж сэтгэл ханадаг. Хүн эд юмс болон хэн нэгнийг эзэмдэхийг хүснэ. Тэгээд жаргалд хүрэх гэдгийг хүссэн зүйлээ олж авах гэж ойлгодог. Үүнээс үзэхэд эцэс хязгаартай сэтгэл ханамжийн хуримтлал, мөрөөдлийн биелэлийг аз жаргал гэнэ. Мөрөөдөл гэдэг бол хүний хувьд чухал зүйл бөгөөд энэ нь хүний амьдралд хамгийн чухал эрч хүч болдог. Мөрөөдөл бүхний ард, хамгийн бага зүйлийн ч гэсэн, ямар нэг эд бараа, ямар нэг унаа машин, эсвэл шинэ загвар, өөр хэн нэгний төлөөх хүсэл бүрийн ард нэг үндсэн хүсэл нуугдаж байдаг. Энэ бол хамгийн дээдийг , хамгийн шинийг, хамгийн гэгээлгийг хүсэх хүсэл. Үүнээс үзэхэд аз жаргалын хамгийн бага хэлбэрийн хүсэл ч түр зуурын аз жаргал. Тийм учраас би энэ тохиолдолд аз жаргалын талаар гүнзгий яримааргүй байна. Аз жаргал бол миний хувьд зарчмын асуудал. Энэ бол „бяцхан-би”–гийн хэрэгцээтэй холбогдолгүй бөгөөд харин том гэгчийн „өөрийнтэй” холбоотой асуудал. Энэ бол огтын саланги зүйл биш бөгөөд харин бусдаас тусгаарлаж ялгаж салгах ёстой зүйл.

  - Тэгэхлээр, бүгд нэг юм гэж үзэж болох уу?

  - Бүгд нэг юм гэж арай хэлмээргүй байна. Бүгд өөр өөр шижмээр холбогдож байгаа юм. Хүн санасандаа хүрээд, хүссэн хүнтэйгээ хамтран ажиллаж чадвал аз жаргалтай байх жишээтэй. Гоо зүйн шаардлагад тохирсон хүнтэйгээ учирч, бэлгийн харьцаанд орвол сэтгэл хангалуун байх жишээтэй. Гэхдээ ийм үед нөгөө хүндээ ч хүндэтгэлтэй хандаж, нэгэн цул болж чадсан үед л жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл бусдыг мэдэрч сурах, өөр хүнийг аз жаргалтай байхыг хараад гүн сэтгэл ханамж авч сурах явдал юм. Аливааг зөвхөн өөр дээрээ тусган авч болохгүй. Аз жаргалыг илүү түгээмэл утгаар авч үзэх хэрэгтэй. Хүрээлэн буй орчноос, орчлонгоос аз жаргалыг авч сурах.

  - Тэгээд аз жаргалыг мэдэрч байхын тулд?

  - Ухамсарт амьдралын бүхий л хэлбэрийн удиртгал нь мэдлэг. Хүний амьдралын үндсэн хэрэгцээ болох биологийн, нийгмийн, соёлын, материалын хэлбэр бол аз жаргалын анхны шат гэж үзэж болох юм. Аристотелийн сургаальд гардаг Грекийн udaimonia (аз жаргалтай мөч) гэдэг ойлголт яг үүнийг хэлж байгаа юм. Аз жаргалын утга учир миний бяцхан хувийн хэрэгцээг хангахад биш, аз жаргалтай мөчийг өөртөө байгаа тайван оршихуй дээр, өөрөөр хэлбэл нэгэн бүхэл бүтний нэг хэсгээр мэдрэхүй билээ. Нэг бүхэл бүтэн миний эрхшээлд байна. Би бол өөрөө бүхэл бүтэн зүйл. Бидний оршин тогтохуй гэдэг маань үргэлжийн өгөх авахын баланс билээ. Гэхдээ энэ бол зөвхөн өгөхийн тулд өгөх биш, бас зөвхөн авахын тулд авах биш өгөх авахын нэгэн нэгдмэл урсгал. Би бүгдийг өгч байж л бүгдийг авах билээ.

  - Дээр үед залуусыг насанд хүрэгчдийн амьдралд бэлтгэх, өөрөөр хэлбэл тэдний зөн билгийг нээж, амьдралын утга учрыг таниулах явдал чухал байлаа. Одоо ийм биш болжээ. Энэ бол манай нийгэмд дутагдаж буй зүйл үү?

  - Жинхэнэ аз жаргалыг мэдрэх гишгүүр нь ухамсар, мэдлэг хоёр гэж үзвэл нэг хүний намтар болон ухамсрын үйл явдал нь соёлын түүх, түүнд орох гүүр нь ажээ. Манай нийгэмд охин хүүхэн болох, хөвгүүн эр хүн болохыг энгийн л нэг нь нөгөөдөө шилжиж байгаа зүйл хэмээн хялбархан үзэж байгаа явдал миний сэтгэлийг эмзэглүүлдэг. Амьдралын шинэ үе шат эхэлж байгааг ёслон тэмдэглэдэггүй. Шилжилтийн үеүд хүний амьдралд ч, нийгмийн хөгжилд ч тохиолдох зүйл. Энэ бүхнийг бид тэр чигээр нь гээжээ. Их сургуульд орох, төгсөх нь ч бидэнд байх л зүйл. Мэдлэгийн талбарын нөгөө талд байх ёстой оюун санааны бэлтгэл дутаж байна. Өнөөдөр хүмүүсийг цэвэр үүргийн үүднээс нь бэлтгэж, харин хүний хувьд нь огтхон ч тоохгүй байна. Шилжилтийн үеийг нийгмийн хувьд ямар нэг мэдрэмж авах хэмжээнд хийхгүй байна. Хүний түүхэн шилжилтийн үеийг нийгмээрээ тэмдэглэхгүй бол бие хүн өөрөө мэдрэхэд хэцүү.

 - Мөргөлийн аян орчин үед ихээхэн эрч хүчээ авч байгаа. Энэ ямар учиртай юм бэ? Хүмүүс түүнээс юу хайж байна?

 - Мөргөлийн аян гэдэг нэгэн төрлийн бясалгалын хэлбэр. Нэг төрлийн завсар­лага юм. Мөр­гөлийн аяны үед хүн ердийн ажлаасаа завсарлага авдаг.

  Хэрэв би ганцаараа юм уу сайндаа л хоёулаа явбал өөрөө өөр­тэйгээ ярих бясалган бодох сайхан боломж гарна гэсэн үг. Би өөртөө болон үл мэдэх ертөнцөд алхам алхмаар дөхөж байна гэсэн үг. Би бас өөрийн ертөнц рүүгээ гүн гүнзгий өнгийж харах, өөрийн гэсэн их ертөнцийнхөө нэгээхэн хэсгээр нь ч гэсэн орж үзэх боломж гарч байгаа юм.

 - Ахиад л няцах, зовох. Эдгээр нь тааруухан, болж өгвөл сольж орхимоор нөхцөл байдал билээ. Бид аз жаргалд хүрэхийн тулд зовлонг бас тооцоолж сурах хэрэгтэй.

  - Зовлонг хайх хэрэггүй гэж би хэлмээр байна. Бүхий л амьдралаа цогцлуулж байсан харилцаа холбоо гэнэт нурвал амьдралын энэ эгзэгтэй үеийг шууд л нэг шинэ амьдрал зохиох маягаар даван гарч болохгүй нь мэдээж хэрэг. Өөрийн амьдралын үйл явцад өөрт ногдох хувийг туулан гарахын тулд амьдрах, олон зүйлийг тэсч тэвчиж гарахын тулд олон зүйлийг давж гарах ёстой болно. Эс тэгвэл би нэг л юмыг ахин давтан, насан туршид нэг л зүйлд ахин дахин бүдрэн явах болно. Ийм учраас хамгийн чухал нэгэн зүйл бол амьдралд шантарсан хүнийг ахин амьдрах чадвартай болгон зоригжуулах нь юу юунаас чухал болохыг хэлэх нь зүйтэй.

  Хүн өөртөө бие махбодийн хийгээд сэтгэл санааны ямар нэгэн хор хохирол учруулах бүхнээс зайлсхийхийн тулд бүхнийг хийж явдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө тойруулан үл нэвтрэх бүрхүүл бий болгон гаднаас ирэх аливаа халдлагыг тэр дотроосоо няцааж байдаг. Тэглээ ч гэсэн бат хамгаалалтад орж бас л чаддаггүй. Цаг үргэлж их хар энерги довтлон ирж баяр баясгаланг маань цаг ямагт дарах, урьдчилан тааж үл мэдэх хязгаар луу түлхэх нь бий. Амьдрал улам эгэл жирийн болж, бүр бүүдийн, тэр ч байтугай алив хүний дотор орших бурханы ивээл мэт асар их илч гэгээ – итгэл найдвар хүний ухамсрын хаяанд замхрах нь бий. Ингэснээр хүн өөрт заяасан, өөрөөс нь их хүчтэй, өөр бусдад хүртээж болох асар их бэлгийг алдаж байгаа хэрэг. Ингэснээрээ хүн ямар ч суурьгүй болж, ямар нэгэн ид шидийн гайхамшиг ч аврах аргагүй болж байгаа юм.

  - Ингэхэд та ид шидийн хүчинд итгэдэг үү?

  - Мэдээж хэрэг.

... Тэгэхдээ ид шидийн хүчийг эхлээд өөрөө өдөөх хэрэгтэй болдог юм.

Орчуулсан А.Цэрэнчулуун