Ю.Цэдэнбалын засаглалын сүүлчийн жилүүдийг эргээд нэг санацгаая. Ж.Самбууг нүд аньмагц АИХ-ын Тэргүүлэгчдийн даргыг бараг булаах шахам авч, тэгснээ Батлан хамгаалах зөвлөлийг хэт томруулж өөртөө цэргийн маршал цол олгуулж, Улс төрийн Товчооны гишүүдэд хүртэл цэргийн дээд цол олгохоор хувилбар боловсруулж, 1984 онд Москвад цөлөгдсөнөө хууль бус гэж итгэсээр хорвоог орхисон ба орондоо бэлтгэж асан Ж.Батмөнх нь толгойг нь өвтгөсөөр 1990 оны хаврын улс төрийн анхны өлсгөлөнгөөр мулт үсэрсэн гашуун түүх бүх дарангуйлагч нарт хамаатай, том сургамж мөнөөсөө мөн. Яагаад гэдэгт дор тайлбар хайя.
Ю.Цэдэнбал 44 жил Монголын нам (40 жил) , төр (10 жил), засгийн (22 жил) толгойд халаагүй засагласан үзүүлэлтээрээ Гиннесийн номд орохоор юм. Түүний энэ рекордыг Кремльд хэн ч эвдэж чадаагүй бөгөөд Хятадад ч мөн тийм, энэ утгаараа хөрш хоёр их гүрнээсээ энэ үзүүлэлтээр хол давсан.
Эдүгээ ийм төрлийн рекордыг бурхан болоочдоос Солонгосын Ким Ир Сен (1948-1994) 46 жилээр, амьдаас Кубын удирдагч Фидель Кастро тогтоогоод буй бөгөөд Кастро нь 1-р орлогч төрсөн дүүгийнхээ хамт 1959 оноос тэр жижиг орныг 49 дэх жилдээ толгойлж байна. Ким, Кастро нарын араас яалт ч үгүй Цэдэнбал орж байна. Удаан засаглагч 4; 5 ба 6 дахь удирдагчаар бүртгэгдсэн хүн бол Парагвайн Альфредо Стресснер 35 жил (1954-1989 онд буюу найман удаа дараалан улиран сонгогдсон, 17 жил хилийн чанадад дүрвэн суугаад 2006 онд 93 насан дээрээ Бразилд үхсэн), Заирын дарангуйлагч Мобуту Сесе Секо 32 жил (1965-1997), СССР-ийн И.В.Сталин 31 жил (1922-1953) гэж жагсаж байна. Ю.Цэдэнбалыг Москвагаас зориуд зайлуулсан, арын хоёр нь хоёул төрийн эргэлтээр унасан, Сталин мөртөө үхсэн, ялгаа нь тэр. Кастрогийн араас нэхэж яваа амьд сэрүүн дарангуйлагч нар гэвэл 1969 оны цэргийн эргэлтээр Эзэн хаанаа зайлуулсан Ливийн Муамар Каддафи, 1979 оноос халаагүй засаглаж буй, ямагт 97 хувийн саналаар гарч ирдэг Эквадорын Гвинейн Теодоро Обианг Нгуема нар байна. 1980-1981 оноос буюу эдний араас элдэж яваа хоёр удирдагч бол Зимбабвейн Роберт Мугабе, Египетийн Хосни Мубарак нар, даан ч гаднын халдалгаар уначихсан болохоос биш Иракийн Саддам Хусейн (1979-2003) Мугабе, Мубаракийн өмнө орчих байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй.
Эдүгээ 49 дэх жил рүүгээ орж халаагүй засаглан буй Ф.Кастро Ибероамерикийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дотор түүхнээ байгаагүй дээд рекордыг тогтоож, бүс нутгийн испани хэлтэй 19 улсаас гадна португал хэлтэй Бразил, Португалд алдар нэрээ дуурсгажээ. Кубад ардчилал тогтоох асуудал бүрхэг, энэ өнгөн дээр хэзээ ч бүтэхгүй нөхцөлд Кастрог хуулбарлагч Венесуэлээс тодорчээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Х.Чавесийг Кастрогийн “дагуул” гэж баруунд хочилж, тус орныг золигт гаргахад хэзээ хэзээгүй бэлэн байна.
1982 онд хаан ширээнд өргөмжлөгдсөн Саудын Арабын Хаан Фахд Бин Абдул Азиз Аль-Сауд 23 жил засаглаад 84 насандаа 2005 онд нас нөгчиж, харин түүний орыг Засаглалын Үндсэн журмын 5 дугаар зүйлийн дагуу Үе залгамжлагч Абдалла Бин Абдулазиз Аль-Сауд гэгч 81 настай өвгөн авсан нь дэлхийг гайхшруулсан этгээд үзэгдэл болжээ. Энэ улсыг үндэслэн байгуулагч Абдулазизийн хөвүүдийн хамгийн ахмадаар үлдсэн энэ өвгөн эрэгтэй талаасаа ах дүү 24-үүлээ бөгөөд 18 гишүүнтэй гэр бүлийн зөвлөлийг өөрөө удирдаж байжээ. Энд би засаглах талаас нь бус насны наран хэт хэвийсэн гэдгээр бичиж байгаа хэрэг.
1985 онд Горбачевын перестройкаар өмнөх “зогсонги” дарга нараа халж гарч ирсэн лидерүүдийн сүүлчийн цуваа эдүгээ ТУХН гээч энэ их орон зайд үлджээ. Казахстан, Туркменистан, Узбекистаны шинэ маягийн коммунист эмирүүдийг энд нэрлэж болно. Эдэнтэй хамт зууралдан үлдэхийг санаархсан Гүржийн Шевардназе, мөртөө үхсэн Азербайжаны Алиев нар эдэнтэй нэг бригадынх юм.
Эднээс хамгийн ихээр дарангуйлж өмнөх 40 жилийн дарангуйлагчдаа нэхэж явсан Туркменбаши (“Бүх туркменүүдийн эцэг”), Акбар Сердар (“Аугаа их жолоодогч”) гэгчийг энд хэт дангаар засаглахын сонгодог жишээ болгож болохоор юм. Туркмен даяар алтадсан хөшөөг нь босгож, Ашхабад хотын төвд гэхэд л томоос том гэгчийн нар даган эргэдэг алтан хөшөө сүндэрлээстэй. 2009 онд энэ оронд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байхаар парламент нь шийдэж байснаас үзэхүл энэ нөхөр 1985 онд Туркмен ССР-ийн коммунист намын даргаар очсонтой нийлээд 1992 онд Ерөнхийлөгчөөр бүх ард түмнээрээ 99.5 хувиар ялсантайгаа нийлээд хэрэв үхчихгүй бол бараг 30 жил засаглах байлаа. Түүний коммунист намын суурин дээр байгуулагдсан Ардчилсан нам гэдэг нь 1994 онд бүрэн эрхийг нь сонгууль хийхгүйгээр таван жилээр сунгах санал гаргаад бүх ард түмний санал асуулга гэдгээр дэмжүүлжээ. 1999 онд Ардын зөвлөл (парламент) нь сонгуульгүйгээр түүний бүрэн эрхийг дахиад сунгажээ. Өөрөөр хэлбэл тэр өөрөө сонгууль явуулъя гэсээр байтал ард түмэн, парламент нь хүчлэн сунгаад байсаншүү мэдээллийг Туркмений суртал ухаалгын машин тэр үед залхтал цацаж байлаа.
Тэрээр хуулийн дагуу энэ улсын хамгийн их ардчилагч, Ардчилсан намын дарга, нийгмийн бүх хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн “Галкыныш” хөдөлгөөний тэргүүн, Ерөнхий сайд, хууль тогтоох дээд зөвлөлийн (парламент) тэргүүн, армийн генерал, шинжлэх ухааны доктор, бүтэн кг хүндийн жинтэй цул алтан “Ватан” (“Эх орон”) хэмээх одон тэмдгийн цорын ганц эзэн гэхчлэн хөвөрч өгч байлаа. Хөвөнд хучаастай, бараг бүх эрхтэнийг нь сольчихоод мөнхрүүлсэн ч болохоор гэж үзэгдэж байсан энэ эрхэм 2006 онд гэнэт үхэв. 100 байтугай, түүнээс цааш наслах энэ буянтныг өвчин даан ч ялгасангүй. Харин залгаж үлдсэн, тэгэхдээ бүх тушаалыг нь нэг дор өвлөж авсан хууль бус хүү Гурбангул Бердымухаммедов нь хэд насалдаг бол?
Удаан жил дарангуйлсан дарга нарын цаад улсын эдийн засаг нь унасан сэхсэн, янз янз. Стресснерийн үед Парагвайн эдийн засаг хөрш орнуудтайгаа харьцуулахад сайжирсан. Саддамын үед Иракийн ард түмний амьдрал өнөөгийнхөөсөө дээр байсан. Энэчлэн Ю.Цэдэнбалын Монгол өнөөгийн Монголоос хавтгайдаа (тэгшхэн) дээр байсан. Харин африкийн орнууд эднээс огт өмнөө. Тэнд нефть, хөдөө аж ахуй хоёр байвч улс орон нь гуйлгачин. Монголын ба Кубын коммунист лидерүүд нутагтаа боловсрол, эрүүл мэндийн муугүй систем бүтээсэн боловч эдийн засаг нь бүхэлдээ нойл зааж буй. Энэчлэн Туркменистанд ч байгалийн хий, нефтиэр экспорт (төсвийн гуравны хоёр нь) хийн эдийн засгаа авч яваа ба хүн ам муугүй амьжиргаатай гэж албан ёсны статистикт нь буй. Энэ орны эдийн засаг 2003 онд 23 хувийн өсөлттэй байсан нь дэлхийд байхгүй хосгүй үзүүлэлт байв. Гэтэл сөрөг хүчнийхэн нь энэ тоог үгүйсгэж, эдийн засаг сайнгүй, дундаж цалин жилдээ 12 ам.доллараас хэтрэхгүй байгаа гэж няцаав. Санхүү нь Туркменбаши болон түүний хүрээллийнхэнд төвлөрөөд, цаашаа хэдхэн өрхийн баяжих эх үүсвэр болж байсан, байгаа цагт төсвийн алдагдал арилж өгнө гэнэ.
Дээр нэр заасан удирдагчид ба тэдний удирдан буй улс орнууд бүхэлдээ Туркмений ижил төстэй хувилбарууд юм. Ардчиллын зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчин, улс төрийн хувьд дур зоргоороо авирладаг нь нийтлэг үзэгдэл юм. Сөрөг хүчнийг нийтээрээ үзэж чадахгүй, шууд алж устгахаас эхлээд бүх талын дарамт үзүүлдэг. Жинхэнэ ардчилал ба ордны эргэлтийг хооронд үл ялган зэрэг яллах нь түгээмэл. Гэвч дээрхи бүх дарангуйлагч нарт нэг л толгойны өвчин бий. Тэд 20 ба түүнээс олон жил цаашаа дарангуйлах тусам ертөнцийн жамаар үхлээ гэхэд залгамжлагч гэж нэгэн толгойн өвчин үлдээдэг. Энэ нь эрх барих системээ хэвээр авч үлдэх арга чарга гэсэн үг л дээ. Хүрээлэл дэх гайгүй, ухаалаг нэг нь аль эрт устгагдсан буюу дайсны жагсаалтад орсон, эсвэл хилийн чанадад дүрвэсэн, эргэж ирвэл хонзон авахаас бүх зүйлийг эхэлнэ. Хүрээлж үлдсэн нэгэн нь зусарч долгинуур, ажлын чадваргүй, хожим доог болно. Хэрэг дээрээ дарангуйлагчийг үхэх хүртэл эрх мэдэлгүй явсны гайгаар ажил хэргийг залж чиглүүлж чадахгүй.
Ийм толгойн өвчнөөс болоод Мугабе, Каддафи, Обианг нар насны бөгсөнд яс амар сууж чадахгүй, түрүүчээсээ 80 хол гарчихсан хэрнээ улс төрөөс хөндийрөхгүй зууралдаж байна. Мугабе 83 настай, 2008 онд болох сонгуулиар зургаа дахь удаагаа нэр дэвшихээр намаасаа шийдвэр гаргуулжээ. Эд хөгшрөх тусмаа эрх мэдлийг гартаа бат атгаж, түүнээ хэнд ч шилжүүлж үл зүрхлэнэ. Эдний хувьд тэтгэвэр хэзээ ч заяахгүй бололтой.
Яг ийм дэвсгэр дээр 1990 онд амархан өнхрөөд ойчсон Ж.Батмөнхийн улс төрийн хөрөг дүрслэгдэж байна даа. Тэгэхээр 20-иос дээш жил улс төрд ганцаараа эзэн суух огтын хэрэггүй ажгуу.