Би ангидаа хоёр орос охинтой нийлдэг юм. Манай хоёрын монгол хэл, миний орос хэл гэдэг ёстой нэг таарсан. Аав ээж хоёрыг дагаж орос кино үзсэний ачаар халтар хултар ойлгодгоос цаашгүй. Харин ярина гэж холиож өгдөг юм шиг байгаа юм. Намайг оросоор ярихаар л хүмүүс инээлдээд эхэлнэ. Тэгээд сүүлдээ ганцхан би ярьж, аав ээж хоёр ойлгож чаддаг өвөрмөц хэлээ ямар ч дүрэмгүй “Анужинский язык” гэж нэрлэсэн. Арван жилд байхдаа гэртээ л шулганаж аав ээжийгээ инээлгэдэг байсан чинь их сургуульд хоёр орос найзтай болсноор гэр гадаагүй “Анужинскийддаг” боллоо.

  Монгол, орос, англи гурван хэл хольж ярьдаг энэ хэлийг би өөрөө зохиогоод л өөрөө яриад байсан бол одоо хэрэглэгчдийн тоо олшроод гурав болсон. “Охид оо, let’s go to the столовый” гээд гурвуулаа ойлгоод байгаа юм чинь. За тэгээд хэл хэлнээс хамгийн өвөрмөц, нэг төрлийн хошин хэл юм даа. Юм сонсохгүй бол “Уха не работает?”, хувцсанд хуушуурны үнэр шингэчихвэл “столовый пахнет” гээд л ойлгоод яваад байна. Надад хичнээн их засч хэлээд ч би хичээхгүй болохоор юу ч сураагүй. Сүүлдээ өдөр болгон “Анужинский язык”-аар ярьсаар байгаад манай хоёр унаган орос хэлээ мартах шахаж байх шиг байна. “Куда ты два будите?” гэсэн чинь өөдөөс жинхэнээсээ “Мы будим пашли магазин” гэдэг байгаа.   Хамгийн гол нь ямар нэг хэлээр ярихдаа “гацахгүй”, төв царай гаргаад л хурдан дуржигнуулчих хэрэгтэй. Тэгвэл мэддэггүй хүн таныг ёстой урсгаж байна аа л гэж бодно. Ямар сайндаа л гадаад оюутны байрны жижүүр намайг буриад охин байна гэж бодоод өөдөөс оросоор яриад байхав дээ. Би ойлгохгүй өөдөөс нь хараад байсан чинь жижүүр ах өөрийгөө буруу ярьж байна гэж бодоод “Ээ энэ толгой зөнөж байгаа юм байна даа” гээд байж билээ.

  За тэгээд намайг оросоор яриад байхаар буриад охин байна гэж бодоод банди нар ёстой янз янз болж байгаа юм чинь. Хэд хоногийн өмнө бид гурав сургуулийн коридороор явж байсан чинь хоёр монгол банди “зраствуйте, девочки” гэснээ л хойноос нь “красавица, ты красавица. Давай пазнакомим. Часы ест?” гэдэг юм байна. Тэгсэн нөгөөдөх нь “Чи наадахаа юу гэж байгааг нь мэдэж байгаа юм уу? Юу гэсэн үг юм бэ” гэсэн чинь бидэнтэй ярилцаж байсан нь “За за ямар ч байсан утгыг нь бол гадарлаж байна” гэхээр нь бүр инээд хүрээд өөдөөс нь инээчихэв. Тэгсэн дуртай байгаа юм байна гээд ойлгочихсон бололтой, үргэлжлүүлээд л манай хоёр байтугай би ч ойлгохооргүй баахан юм яриад эхлэв. Бүр “анужинский язык”-аас ч долоон дор юм ярьж байна аа. Тэгэхээр нь “Үгүй, та хоёр чинь зүгээр үү? Юу гэнэ ээ” гээд хэлчихлээ. Хөөрхий нөгөө хоёр банди чинь ичээд нүүрээ хийх газаргүй болж байна аа. Нүүр нь улайгаад арай л хиншүү үнэртсэнгүй. Өндөг хагалаад асгачихсан бол болохоор барахгүй түлэгдмээр болсон байх. Бүр хачин царайлаад байхаар нь хүний үрийг ингэж зовоогоод яах вэ гээд тэндээс явж буян болсон.

  Уржигдар тэр хоёрын нэг нь тааралдсанаа бодвол ичиж дууссан юм байлгүй, хүрч ирснээ “Ингэхэд чи орос юм уу, монгол юм уу?” гэж асуухаар нь монголоор бага зэрэг акценттай яриад байсан чинь “Яг монгол хүн шиг...Чи хаана ингэж... Пөөх, хүн хэлийг яаж ингэж сайн сурдаг байна аа.” гээд нүд нь бүлтэрч чих нь дэлдийх шахсан. Одоо хүртэл намайг орос охин л гэж бодож байгаа. Яахав, тэгж бодож л байг. Нэг ч гэсэн хүн намайг тэгж бодож байх нь сонирхолтой ш дээ. Надтай ярих гэж хичээж, амархан хэллэгээр, үг болгоноо зөөж ярих нь инээдтэй санагдаад байдаг юм.