1735 онд төрсөн Ашиг занги хэмээгч нь Түшээт хан аймгийн нэгэн хошууны (одоогийн Өмнөговь, Дундговь аймгийн нутаг) занги байсан хүн бөгөөд эгэл ард олондоо ээлтэй, эзэд ноёдод халтай ширүүн, цэцэн мэргэн, алиа хошин хүн байснаараа олны талархлыг хүлээжээ.

Домогт өгүүлэх нь:

…Говь нутагт эмгэн, өвгөн хоёр хүүтэйгээ аж төрөн амьдардаг байжээ. Нэгэн өдөр Засаг хошуунаас эрийн цээнд хүрч байгаа ганц хүүгий нь Алтайн харуулын албанаа дайчлан мордуулжээ. Чингэхэд эцэг нь: За хүү минь харуулын албанд амар мэнд яваарай, Эм хүнтэй битгий хавьтаарай гэж захижээ. Хүү, цэргийн албанд хэдэн жил ч болсон юм бэ, бүү мэд, нэгэн өдөр халагдан буцаж яваад хөндийн эхэнд хадан хясааны завсар жижигхэн бор гэр харагдахад хүү тэднийд буужээ.

“Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү хаачиж явна? Хэт нутаг хаана вэ? хэрэг зориг хэнд вэ?” гэж лавлан угтаж тухлан амраад явахыг урьжээ. Тэднийх нэг охинтой агаад “Охин минь нэг сайн хүү төрүүлээсэй” хэмээн мөрөөдөн суудаг эмгэн “Охин минь сайн ханьтай ч болж магад” гэж бодож суув. Аавынхаа үгнээс гажиж үзээгүй хүү явахаар завдсан боловч эмгэний гуйлт ятгалгад автаж хонохоор болжээ. Чингээд гөрөөс агнаж өгч.

Хүү алсын замд гарч яван явсаар нутагтаа ирсэн байна. Гэтэл нэг өдөр эцэг нь яагаад ч мэдсэн юм. “Чиний хүүхэд чинь хүү юм уу, охин юм уу? Чи тэгээд эхийг нь төрөхөд юугаар шөл хийж өгсөн юм бэ?” гэж гэнэт асуужээ. Нуусан хэр нь шалгаагаад байхаар нь хүү үнэн учраа тоочжээ. Эцэг нь хүүгээ загнаж элдэвлэсэнгүй. Тэгээд өвгөн алс хязгаараас ач хүүгээ авчрахаар Алтайг зорьжээ.

Өвгөн зорьсон айлдаа хүрч эмгэн хүүхэн хоёрт учирласаар хүүг авахаар тохирчээ. Өвгөнд хүүгээ өгөхдөө эмгэн: “Миний ашиг юм байх гэсэн чинь чиний ашиг юм байж л дээ” гэж хэлжээ. Чингээд тэр хүүг АШИГ хэмээн нэрлэжээ… (“Монгол ардын домог” номоос)

Хожим нь Ашиг занги хэмээн олонд алдаршсан хүүгийн төрсөн түүх тийм.

Энэчлэн, миний ашиг юм байх гэж бодсон чинь хүний ашиг болохыг аль тэр гэх вэ? Аргагүйн эрхэнд гартаад алдсан нь ч байдаг, хувийн ашиг тооцож банжаад хохирсон нь ч бий. Түүхэнд эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд өчүүхэн зүйлээс, тэр дундаа шал дэмий зүйлээс болох нь байдаг. Гэхдээ ихэвчлэн урагшгүй ноёдын гаргасан ухвар мөчид шийдвэрүүдээс болсон байдаг. Өнөөдрийн өдөр харахад буруу зөвийг нь тунгаагаад ялгаад шүүмжлэхэд амар мэт боловч тухайн үедээ мөн л хүнд хэцүү шийдвэрүүд ч байдаг. Цагийн аясаар баатар хэмээн цоллуулж байсан нь буруутаж, адлуулж, дайсан урвагч хэмээн баалуулж байсан нь цагаадаж, алдар суу нь түгэх нь юуны учир вэ? Цаг хэмээх мөрний усанд эрхгүй баас нь урсан одож, алт нь тунгаагдан үлдэхийн учир буюу.

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ хэмээн ёслолын арга хэмжээ зохиож, илэрхий комунист сценаритай социалист агуулгатай арга хэмжээг эгээ л бүх ард түмний баяр цэнгэл хэмээн зарлах нь дутав, концерт тоглов, эрийн гурван наадам л хийсэнгүй. 1921 онд Сю Шүжан Монголын автономийг устгаж, Богдын ордны өмнүүр хятад цэргүүдийг гудамжлан жагсааж, таван өнгөт далбаагаа мандуулж, хөгжим хангинуулж, Хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө Монголын хааныг гурвантаа мөргүүлсэн гэдэг. Монгол цэргийн зэвсгийг хурааж тараан хөөжээ. Ямар ялгаа байгаа юм бэ?

XXI зуунд илэрхий зэвсэглэн халдаж, хүчлэн буулгах нь боломжгүй. Глобальчлал, олон улсын харилцаа, хууль эрх зүй, бизнесийн алтан дүрэм, дипломат ёс энэ тэр гэсэн уран үгээр чимж, гэрээ мэрээ гэсэн эрээн цаасаар өлгийдсөн эзлэн түрэмгийлэх бодлого явагдана. Хаанаа богд, хутагт гэхчлэн нэрлэхээ байж, сайд ерөнхийлөгч намын дарга гэж нэрлэх болж. Зурагт аваачиж мөргүүлсэнгүй, гэрээнд гарын үсэг зуруулж, үг хэлүүлэн, гэрээнд хандуулан ёслуулан бөхийлгөв. Бүр хоёр гараа унжуулж номхон зогсож байгаад бөхийж ёслоод байгаа юм. Үг хэлж, гэрээгээ мөрдөнө гэж байгаа нь үнэнч байна гэж тангараглаад ч байх шиг. Стратегийн орд газраа, дэлхийн хэмжээний орд газар баялгаа гадаадынханд хураалгав. XXI зууны зэвсэг нь ланжуу, бирдаан, нагаан биш, мөнгө санхүүгийн хараат бус бие даасан байдал, эдийн засгийн өсөлт, мэдлэг оюун, технологийн дэвшил. Цэргийн дарангуйлал хийгээд эдийн засгийн дарангуйлал нь илтэд арга хэлбэр нь ангид боловч хүч түрж нөгөө нь хүчинд автахын агаар нэгэн буй. Дэлхийн хэмжээний ордыг ашиглах санаачлагаа алдсан нь зэвсэгээ хураалгаснаас ялгаа юун. “Зэвсгээ” хураалгасан нь хараат болохын эхлэл буюу. Энэ ордыг ашиглах нэр төдий 34 хувийг бид хүнээс гуйж зээлж авч байгаа, бодохоос гомдмоор юм.

Оюутолгойн гэрээг ашиглах нь зүйтэй эсэх тал дээр маргаад хэрэггүй. Тэртээ тэргүй олон нийтийн 80-аас дээш хувь нь ашиглахыг дэмжиж байгаа. Гэхдээ хэнд ашигтайгаар гэдэг нь л асуудлын цөм нь юм. Энэ гэрээ эрх зүйн чадамжтай эсэх, ашигт малтмалын хууль нь хүчин төгөлдөр эсэх, эсхүл лиценз нь хүчинтэй юм уу, лицензийг хуулийн дагуу шилжүүлэн авсан эсэх нь ч маргаантай. Энэ талаар үл нуршин өгүүлэхэд хамгийн гол нь Монголчуудад хэр зэрэг ашигтай, Монголчууд баялгаа хэр зэрэг мэдэлцэж байгаа нь л цөм асуудал. Монголчууд 50-аас дээш хувийг эзэмших, мэдэлцэх, ашиг хүртэх ёстой гэж олон нийтийн мөн л дийлэнх олонх нь үздэг. Гэтэл өнөөдрийн батлагдаж байгаа гэрээ ёсоор, “МИНИЙ АШИГ ЮМ БАЙХ ГЭСЭН ЧИНЬ ХҮНИЙ АШИГ ЮМ БАЙЖ” гэдэг л боллоо. Гэрээ батлагдангуут болон батлагдах сургаар хувьцааных нь үнэ хамгийн бага үнэтэй нь харьцуулбал 8 гаруй дахин нэмэгдчихлээ. Ашиг нь хэнийх юм бэ? Надад нэг ч хувьцаа байхгүй, тэгэхээр миний ашиг биш болж таарлаа. Танд ч бас байхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Голомт банк болон, монголын зарим нэг олигархууд хувьцаанаас авсан эзэмшдэг байж болно. Гэхдээ л тэр нь хувь “хөрөнгөтний” ашиг болно. Тэгээд ч тэр нь Оюутолгойн ордоос олох нийт ашгийн үл мэдэгдэм өчүүхэн жаахан хувь нь.

Харин бид сонгуулиар өөр зүйлийг сонссон. Стратегийн орд газруудын хувьцааг ард түмэндээ тараанаа, үүнийг “ЭРДЭНИЙН ХУВЬ” хэмээн нэрлэе гээд л. Бидэнд эрдэнийн байтугай ердийн хувь ашиг алга даа. Стратегийн орд газруудыг ашигласан орлогоосоо “ЭХ ОРНЫ ХИШИГ” болгож 1 сая 500 мянган төгрөгийг жил бүр ард түмэндээ тараанаа, энэ бол “БҮРЭН БОЛОЛЦООТОЙ” зүйл хэмээн өндөр дуугаар мэдэгдсэн. Гэтэл одоо шингэхээн угаадас шиг 50000 төгрөгөөр Монголчуудаа хуурч амыг нь хаах гэж байна. Энэ 50000 төгрөгийн ханш нь 2004 оны хүүхдийн мөнгөний 10000 –д ч хүрэхээргүй юм шүү дээ.

Хоёр намын дарга бөөрөө нийлүүлж байгаад л стратегийн орд газруудын 51 хувийг төр эзэмшихээр боллоо, Монголчууд эзэмшихээр боллоо, энэ тал дээр хоёр нам хатуу тохиролцоонд хүрлээ гээд л сонгуулийн өмнө “АМЛААД” байсан. Ердөө жил хагасын өмнө шүү дээ. Маас хэдийгээр мартамхай ч арай ч бүгдээрээ мартчихаагүй байгаа, амлалт тохиролцоог сануулж, ял асуух хүмүүс эрх биш бий. Тэгж мэдэгдсэн хоёрын нэг нь ерөнхийлөгч, нөгөө нь ерөнхий сайд хийгээд ҮАБЗ-д олонх болоод сууж байгаа.

Гэрээ батлагдсантай холбоотойгоор 250 сая ам долларыг Монголын Засгийн Газарт “хөнгөлөлттэй” нөхцөлөөр зээлүүлнэ гэнэ. Энэ нь урьдчилгаа төлбөр, ашгийн хувь, роялтын төлбөр, татвар аль нь ч биш. Хаанаас нь ч харсан манай засгийн газрыг хахуульдсан авлигын шинжтэй юм. Авлигатай тэмцэнэ, шударга ёсыг тогтооно гэсэн манай эрхмүүд үүнийг нүдээ аньж, чихээ бөглөж байгаад өнгөрөөлөө. Урьдчилгаа төлбөр юм бол энэ мөнгө яагаад 250 сая байх ёстой гэж. Юунаас үндэслэж ийм тоог гаргасан юм. Зүгээр л зах дээр наймаалцаж байгаа юм шиг үнэ хаялцаж байгаад л нэг тоон дээр тохиролцож. Тэгэхээр үүнийг гэрээ баталсны төлөө өгч байгаа хахууль гэхээс өөрөөр юу гэж нэрлэх юм бэ? Хэрэв Оюутолгойн орд газар үнэхээр дэлхийн хэмжээний орд газар юм бол түүний дэргэд өдрөөс өдөрт ханш нь унаж байгаа тэр муу 250 сая ногоон цаас юу юм бэ? Оюутолгойгоос олох ашигтай харьцуулбал ердөө л чихрийн цаасны ч үнэгүй зүйл шүү дээ. Эхний ээлжинд 100 сая ногоон шилжин ирэх сургаар Оросууд зөрүүлээд 180 саяыг нэхлээ. Зөрүүнд нь 80 саяын өрөнд нэг л өдөр уначихаж байна, тэгэхдээ гэрээгээ баталж байгаад шүү. Мянганы сорилын сангаас Монголын төмөр замд хөрөнгө оруулалт нэртэйгээр олгох гэж байсан буцалтгүй тусламжийн мөнгөнөөс Монголчууд Оросуудын шахалтаар татгалзсан. Гэтэл түүнээс нэг их шалихгүй жаахан илүү мөнгийг Оюутолгойн гэрээг баталсны хахуульд авах гэж байна. Зүгээр өгье гээд байхад аваагүй мөнгөө яагаад заавал хахуулиар авах ёстой юм бэ? Эсвэл хахуулиар авах нь илүү амттай, нэр хүндтэй байдаг юм болов уу?

Эльдорадогийн домог үе дамжин яригдсаар ирсэн. Үүнээс болж америкт алтны халуурал хэд хэдэн удаа давтагдсан ч байдаг. Монгол ч алтны халууралд автаж байна. Харин тэр Эльдорадо чинь Монголын говийн хөрсөн дор байсан юм биш үү? Оюутолгойн ордыг Эльдорадо биш гээч. Тийм баялаг агуулгатай алт зэс, бусад үнэт металын орд дэлхийд өөр байхгүй гэнэ. Геологич, доктор Авирмэд гуайн тооцоогоор Оюутолгойн орд нь дэлхийг тэжээх хэмжээний баялагтай гэнэ. Тэгээд л дэлхийн хэмжээний орд, дэлхийн хэмжээний төсөл гээд шуугиад байгаа бус уу? Нүүрсний үнэ үнсний үнэ хоёр тэнцсэнгүй, алтны үнэ гуульны үнэтэй зэрэгцсэнгүй, харин ч алт зэсийн үнэ тогтвортой байтугай, өсөлттэй байгаад байдаг. Технологийн хөгжил дэвшлийг тооцох юм бол ирээдүйд алт зэсийн эрэлт хэрэгцээ буурах нь битгий хэл улам галзуурна. Хэрвээ Монгол улс өөрөө зэсээ мэдээд, Чили зэрэг хэдэн оронтой тохиролцож чадвал зэсийн хувьд “ОПЕК” байгуулчихаж чадна гээд байгаа. Өөрөөр хэлбэл зэсийн олборлолт борлуулалтын зах зээлийг хянах бололцоотой болох учраас тэр. Тэгвэл бид зэсийн үнийг өөрийнхөө хүссэнээр тогтоож чадах гээд байдаг. Гэтэл энэ боломжоо гаднынханд тавиад туучихлаа. Тэгэхээр энэ чинь “миний ашиг юм байх гэсэн чинь хүний ашиг юм байж” гэсэн үг биш гэж үү?

Монгол улс ураны арвин баялаг нөөцтэй. Урантай орнуудтай нэгдэж тохиролцож эвсэл байгуулж чадвал мөн л ураны “ОПЕК” байгуулах боломжтой биш үү? Энэ боломж, хүч эрх мэдлээ яагаад заавал гаднынханд шилжүүлж, сарниулж алдаад байгаа юм бол. Санаатай юу, санамсаргүй юу? Нүүрсний орд л гэхэд олж тогтоох тухай асуудал биш, зах нь хаана байгааг нь олж тогтоож чадахааргүй арвин баялаг нөөц байгаа гээд байгаа, шатдаг занар энэ тэрийг огт тооцохгүйгээр тэр гэж байгаа шүү. Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ бол бусад ордуудын хувьд үлгэрлэн дуурайх жишиг гэрээ хэмээн эртнээс мэдэгдээд байгаа.Монголын бусад ашигт малтмал, байгалийн баялаг энэчлэн хуугаараа миний ашиг биш хүний ашиг болох замд орлоо.

Гэрээг 30 жилээр хийж, 20, 20 жилээр сунгана гэнэ. Техник технологи хурдацтай хөгжиж байгаа үед 30 жил гэдэг маш урт хугацаа. 30 жилд өнөөгийн технологиос хэд дахин илүү бүтээмжтэй технологи нэвтрүүлж энэ хугацаанд ордыг ашиглаад дуусахгүй гэх баталгаа байхгүй. Бороогийн ордын бэлээхэн жишээ ч бий. Тэр тусмаа орд газрыг ашиглах төрийн бодлого байхгүй манай орны хувьд үүнээс урьдчилсан сэргийлэх чадавхи байхгүй. 30 жилд дэлхий дээр их юм болж өнгөрнө. Өнөөдөр, “Би хариуцлагаа үүрээд ороод ирлээ, би бүх хариуцлагыг хүлээнэ” хэмээн ам бардам хэлж байгаа байтугай, гэрээг баталж, ёсчилсон, ёсчлох эрх өгсөн, хэлэлцсэн шүүмжилсэн, эсэргүүцсэн этгээдүүдээс олонх нь амьд сэрүүн байхгүй. Тэгэхээр тэр үед хариуцлага энэ тэрийн тухай ямар ч яриа байхгүй юм. 

Монгол орон өнөөдөр үхтлээ шартчихсан адгийн архичин шиг л авир гаргаж байна. Архинд толгойгоо мэдүүлсэн, архинаас хамааралтай болчихсон архинаас салж чаддаггүй дуртай донтой хүн л дахин дахин ууж амсаж, огиж шартаж бөөлжөөд дахиад л нөгөөхдөө толгойгоо мэдүүлдэг. Шартсан үедээ шараа тайлахын тулд юугаа ч өгөхөд бэлэн болдог гэнэ. Тэгээд л гэрээсээ үнэ цэнэтэй юухан хээхнээ зарж ууж бардаг. Архичин хүнд архинаас илүү хүндтэй үнэлэх эрхэмлэх зүйл үгүй болдог. (Дусал нулимс юу өгүүлэв гэж нэг зохиол байдаг даа) Ийм шартаж үхэх гэж байгаа адгийн архичин л шар тайлах төдий өчүүхэн жаахан архины төлөө үнэт баялгаа хэд дахин бага үнээр бушуухан худалдахаас буцдаггүй. Голланд өвчний шинж аль эрт илэрсэн Монгол улс сонгуулиар амандаа багтахгүй том том тоог хэлж, согтуу хүний бардам зангаар баруун солгойгүй ам гарсан. Сонгуульд амалсан амлалт нь шарталт шиг сонгуулийн маргаашнаас зовоож эхэллээ. Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын сургаар манай амлалтаар булагдсан, хавтгайруулсан халамжит эдийн засгийн шарталтын анхны шинж тэмдэг илэрлээ. Одоо шараа тайлах ёстой. Шалтгаан нь санхүү эдийн засгийн хямрал. Хямралын хүнд нөхцөлд ард түмнээ (өөрийгөө хэлж байгаа юм) өлсгөхгүйн тулд боломжит бүх арга хэмжээг авах хэрэгтэй, тэр дундаа дархан цаазтай газарт байгаа зарим ордыг ч ашиглах тухай ярьж эхэллээ. Бурхнаа зарж шар тайлах гэж байгаа архичингийн авир мөн биз. Оюутолгойн гэрээг байгуулж байгааг ч мөн л хямралтай холбож, хямралаас гарч эдийн засгаа сэргээхийн тулд нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй хэмээлээ. Хаа газрын архичингууд ялгаагүй уран цэцэн үгтэй байдаг шиг. Манай амлалтандаа шартсан улстөрчид уран цэцэн донгодсоор стратегийн орд газраа стратегийн байтугай бус болгож орхив. Согтуу архичин авирлах улстөрчдөөс Монгол орноо хэрхэн салгах вэ? Ганц ч болсон эх орон чалга уу?

Домогт өгүүлэх нь:

…Түшээт хан аймаг, Цэцэн хан аймагтай хил тогтооход Ашиг зангийг явуулах болжээ. Хошууны ардаас цуглуулсан бодын ширээр Ашиг занги ширэн тулам олныг хийлгээд цагаан чулуугаар дүүргүүлж тавин тэмээнд ачаад тавин лангийн ембүү хоёрыг аваад морджээ. Түшээт хааныхны хэр зэрэг мөнгөтэй явааг мэдэх гэж Цэцэн ханыхаас явуулсан туршуул, эрэлчний байдлаар очиход Ашиг зангийнхан тавин лангийн ембүүгээр майхны гадас шааж, чөмөг хагалаад шороон дээр шидчихэж байна гэнэ. Маргааш өглөө ширэн туламтай чулуугаа ачиж хөдлөөд нэлээд явж байтал нэгэн хөтөч нь Ашиг зангид ирж,

“Таны чөмөг хагалж байсан ембүүг буудал дээр мартаж орхиж” хэмээсэнд

“Эргэж авчрах гэж тэмээний агрз биз” гэж Ашиг жишим ч үгүй хэлжээ.

“Би яваад ирье!” гэж хөтөч зүтгэсээр авчирч ачаан дээр дээсээр холбон тохчихжээ. Энэ бүхий л байдлыг туршуул хэлж очсонд Цэцэн хааныхан:

“Тийм их мөнгөтэй айлд заавал дийлдэнэ” гээд хил тогтоож хэрэг нийлэхгүй гэж шийджээ. Бас хил тогтоолцох амбан тогтсон цагтаа эс ирсэнд:

“Ёс ёсоороо байдаг. Бид тавин тэмээ лантай ирж хүлээж хүлээж хил тогтоогоод буцлаа” гээд цагаан чулуугаа асган гортиг татаж нутгийнхаа хилийг тэлжээ. Түүнээс хойш тэднийг “Ашиг хоргын чулуу” хэмээн нэрийдэж

Ашиг хоргын чулуунд

Униар будан татна

Ахан дүү олуул ч

Ангийн албанд ганцаар” гэж ардын дуунд хүртэл гардаг болжээ… (“Монгол ардын домог” номоос)