Хэдэн өдөр хуучин багш яасан нь мэдэгдэхгүй, бид ч яасныг нь асуухгүй англи хэлний хичээл гэдэг “хонины найр” болоод байлаа. Ангийн ширээ дугуйг ч хэлэх үү, хэдэн охид дундаа халуун савтай цай тавихаас наагуур цаг гучин минутыг үр дүнтэй нь аргагүй чалчиж өнгөрөөдөг болов. Гэтэл сая нэг өдөр “цэлмэг тэнгэрээс аянга ниргэж” манайх англи хэлний багштай болох сураг дуулдав. Багш багшдаа аймаар “чухал” эрэгтэй багш.

  Манайд ихэвчлэн эмэгтэй багш ордог болохоор эрэгтэй багш гэхээр яагаад ч юм нэг л сүрдээд байдаг юм. “Чухал” багшийн талаар янз бүрийн л сураг сонслоо. “Аймаар хатуу багш гэсэн, одоо яана аа. Дүн дээрээ гэдийгээд л дайрчихдаг гэнэ лээ”, “Ёжтой, оюутнууд өөдөөс нь ярихаар өөдөөс нь хараад инээгээд л суугаад байдаг гэсэн” гээд л хаанаас сонссон, үнэн худал нь мэдэгдэхгүй баахан яриа гарлаа. Ганц дуртай хичээл болохоор сүүлдээ бүр ямар хүн байгаа бол гэхээс байж ядан тэнхмийнх нь үүдэнд очив. Шагайгаад байхгүй байгаа багшийн нэр асууж, тэгэх хоорондоо бүх багш нараа бүртгэж эхэллээ. Гэтэл явж явж ноднингоос хойш нэрийг нь мэдэж амжаагүй, инээд муутай “чухал” нөхөр мөн болж таарлаа.

  Гэтэл нөгөө чухал багш маань биднээр анхныхаа хичээлээс л шууд “оршуулга” хийлгэчихдэг юм байна. Биднээс та нар орчуулга хийж байна уу гэж асуухаар нь хийж байгаа гэв. Гэтэл “Орчуулга гэж англи, монгол хэлний оршуулга л хийж байгаа биз дээ?” гэв. Бид ч тийм ээ л гэлээ.

  За ингээд хэлний алуурчид болчихлоо. Бидний хийж байгаа орчуулгын үг найруулга, утгын алдаа, чадваргүй байдлыг хараад үнэхээр өөр үг олоогүй бололтой. Угаасаа олдохгүй л дээ. Сайн орчуулагч текстийг амилуулдаг бол бид амьтайг нь алж, амьгүйг нь оршуулдаг болж таарч байна.

  Ямар сайндаа англи текст бичиж суухдаа ”чухал” багшийнхаар бол би яг одоо булшны нүх ухаж байгаа юм байна даа гэж бодож суухав. Тэгэхээр орчуулгаа бичиж текстээ хороогоод, самбарын өмнө багшид хойдохыг нь уншиж өгдөг болж таарч байгаа биз? Аймаар санагдчихлаа.

  За тэр аймшиг ч яахав. Харин шинэ жил болохоос өмнө турахгүй бол жинхэнэ аймшиг болох гээд байх шиг байна. Ээж, хамаатны эгч нар, найзуудын амнаас хайр гамгүй урсч байгаа ганц үг “турах”. Яриад турчихдаг бол ч өдийд шалны завсраар унах дөхөж байгаа байх. Би ч бас юугаараа дутахав гээд хэдэн грамм хасах гэж хоолоо сойж байгаад хялайж унангаа алдаад больсон. Бүтэн өдөр ганц алимнаас өөр юу идээгүй гүрийнэ гэдэг үнэхээр барахгүй ажил байна билээ. Нүдний өмнүүр чанасан мах нисээд гэж худлаа ярихгүй л дээ. Гэхдээ л гар утаснаас пирожки үнэртэх нь холгүй болдог юм билээ. Тэгсний оронд энэ хэвээрээ явж байсан нь дээр. Ямар унжиж санжсан харвинтай биш, ёстой илүү зан байгаа даа. Харин тэр гадуур дэлгэрээд байгаа япон дэглэм үнэхээр тураадаг юм билээ. Америкаас “шарсан төмсний таргатай” ирсэн найз минь тэр дэглэмийг бариад хорчийтлоо биш ч гэсэн 27 размерт ортлоо турчихсан. Цагийн юм цагтаа гэдэг зарчимтай охин болохоор үр дүнд хүрсэн нь тэр байх. Харин над шиг хэзээ босох, хэзээ унтах нь тодорхойгүй хүнд тохирохгүй эд байж магадгүй.