Бид ардчилалтай нас чацуутангууд
Монгол Улс ардчиллын хаалгыг татаад 18 жил боллоо. Хөвгүүд эрийн цээнд хүрч, охид хадамд очих хугацаа, өөрөөр хэлбэл хүний амьдралын нэгэн үе өнгөрчээ. Энэ хооронд улс орон маань хэр их хөгжив, алдаа оноо юу байв, ирээдүй нь ямар харагдаж байна зэрэг олон асуултад хариу хайсан юм. Редакциас энэ том даалгаврыг дадлагын сурвалжлагч надад тохоочихдог юм байна. “Чи Монголын ардчилалтай нас чацуу, юу мэдэж, мэдэрч, төсөөлж, хүсэж мөрөөдөж байна тэр бүгдийгээ бич, үеийнхэнтэйгээ ярилц. Тэдний ярианаас өнөөгийн нийгмийн дүр төрх, хэтийн тухай харагдана” гэв. Би ажиллахаар гарлаа.
Юуны өмнө тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу үеийнхнийгээ зорилоо. Хамгийн түрүүн манай сэтгүүлд “Оюутан” реалити нийтлэл бичдэг Анужинтай ярилцлаа.
- Анужин, чи 18-тай. Хорвоо дээр хүн болж төрөөд хамгийн анх юу мэдэрсэн бэ, санадаг уу?
- Хөдөө өвөө, эмээтэйгээ байсан. Аав, ээж хоёр Оросоос тоглоом авчирч өгөөд л, санаж л байгаа биз дээ?
- Ямар тоглоом?
- Пийврэн ээмэг бөгж, чирдэг нугас, Дондогмаагийн зурагтай хүүхдийн цүнх, уйлдаг хүүхэлдэй гээд л янз янз.
- Дондогмаа гэдэг чинь орос матрёшка биз дээ?
- Тийм юм байна.
- Одоогийн бяцхан хүүхдүүд матрёшкагаар тоглодог болов уу?
- Үгүй л байх аа даа.
- Яагаад?
- Илүү гоё, хөөрхөн тоглоом зөндөө байна ш дээ. Барби ёоз ёозоороо. Эмэгтэй, эрэгтэйгүй.
- Чиний багын үеийн, одоогийн тоглоом хоёрын аль нь гоё вэ?
- Үзэмж, сонголт ер нь юм юмаараа барби нь хөөрхөн л дөө. Тэгэхдээ матрёшка нь бага насыг минь санагдуулаад гоё байдаг юм. Тэгэхээр миний хувьд матрёшка нь гоё юм байна.
- Тоглоомын тухайд нэг иймэрхүү. Айлуудын амьдрал ямар байсан бэ. Чи ингэхэд яагаад хөдөө байсан юм?
- Аав, ээж хоёр намайг гаргаж тавьчихаад өвөө, эмээ хоёрт даатгаад сургуульдаа явчихсан байхгүй юу. Одоо бодоход манай өвөөгийнх тэрүүхэн хавьдаа гайгүй амьдралтай нь байсан юм шиг байгаа юм. Хөрш айлын хүмүүс ээлжлээд гурил зээлдээч гээд байдаг байсан.
- Буцааж өгдөг байсан юм болов уу?
- Мэдэхгүй.
- Нийгмийн амьдралын талаар сайн, аль эсвэл таагүй ч юм уу дурсамж, юу байна?
- За байз...Идэх юм, ялангуяа гурил их ховор, чухал байсан юм шиг санагддаг. Гурил авах гээд л бөөн юм болоод байдаг байсан. Би гуравтай байхдаа нэг удаа өвөөдөө загнуулаад уйлахдаа “Би том болоод та нарт гурил авчирч өгөхгүй дээ” гэж хэлсэн гэсэн. Манайхан одоо ч гэсэн ярьж бөөн инээд болдог юм. Дотроо аягүй мундаг том охин болоод гурил авчирч өгнө гэж боддог байсан юм шиг байгаа юм.
- Харин одоогийн бацаанууд уйлахаараа юу гэж томордог бол?
- Хүн аалз болж байгаад болгоод өгнө дөө гэхээс л наагуур юм ярьж байгаа байх. Ойрхон дүүгүй болохоор сайн мэдэхгүй байна.
Анужинтай ярилцаж байхдаа дотроо бодож л суулаа. Надад бас нэг чирдэг нугас, надаас том биетэй уйлдаг хүүхэлдэй байдаг байсан. Одоо бодоход үнэн царай муутай. Үс, хувцас, дүр төрх нь одоогийн зарж байгаа барбинуудын дэргэд хог түүдэг авгай шиг л харагдах байх. Ядаж байхад
Социалист уралдааны төлөө бригадынхан. Зурагтаар хөдөлмөрийн
сайчуудаасаа нийтээрээ зөвлөгөө авч буй байдалтай гарах ёстой.
Хэдийгээр ажилчин бүр үүнд дуртай биш байвч намын үүрийн
даалгавар тул заавал биелүүлэх ёстой
муухай дээр улцан гэгчээр “Яг минийх шиг дахиад ургачих юм чинь” гээд тал үсийг нь хусчихсан гэж байгаа. Удалгүй ургахгүйг нь мэдээд их харамсаж билээ. Гэтэл одооны гадуур зарагдаж байгаа барбинууд ямар гоё гэж санана, намайг бага байхад тийм барби орж ирэхгүй яасан юм бол оо. Ингээд бодоход социализм, ардчилал хоёр байтугай миний бага байсан үе, одоогийн багачуулын үетэй харьцуулахад хол зөрөөтэй болчихож. Тэгэхээр тэр нийгэм миний үеийнхнээс дэндүү хол, юм юмаараа жинхэнээсээ “тасарчихсан” ертөнц. Тэгсэн хэрнээ нэг талаар бид түүнтэй өдөр бүр тулгардаг. Аав ээж, багш нар, ахмад хүмүүс тэр чигээрээ биднээс социализм шаардана. Тэд өөрсдөө хичнээн ардчилсан нийгэмд зохицохыг хүссэн ч тогтсон зуршил, бараг цусанд нь шингэсэн соц зарчим нь яах аргагүй байраа тавьж өгдөггүй байх л даа. Тэгэхээр бид бол хуучин хүмүүсийн гараар орсон шинэ үеийн бүтээгдэхүүнүүд болж таарч байна.
Тэгэхдээ ямар нэг шилжилт болгон өөртөө хуучин ба шинийг агуулж байдаг гэдэг. 1988, 1989 оныхон яг тийм онцгой үед төрж, шинэ нийгмийн орчин, дэвшилтэт үзэл бодол дунд өссөн. Тэгэхээр бид сайнаар бодвол азтай, саараар бодвол нэг төрлийн золиос ч юм шиг.
Золиос
Арай ч хатуудчихав уу даа. Гэхдээ л үнэн. Бидэнд өнөөдөр амьдарч байгаа нийгмийн маань тухай бодит, үнэн зөв, хангалттай мэдээлэл хэн ч өгдөггүй. Сургууль, гэр бүл, мэдээллийн хэрэгслүүд ч тэр. Арван жилийн сурах бичгүүдийн мэдээлэл хангалтгүй, түүнээсээ илүүтэйгээр багш нарын мэдлэг мэдээлэл, сэтгэлгээний цар хүрээ тарчигхан. Ихэвчлэн яасан нь мэдэгдэхгүй, учир холбогдол багатай түүхэн хүмүүсийн намтар цээжлээд л дуусна.
Өөрийн гэсэн итгэл үнэмшил тогтоох нөхцөл дэндүү ховор. Нэг өдөр тэнгэр мэт шүтэгдэж явсан зүйлийг маргааш нь газар дор ортол нь муулна, яагаад гэдгийг хэн ч тайлбарлахгүй. Магадгүй томчууд өөрсдөө ч мэдэхгүй. Үүнээс болоод хүүхдүүдийн ихэнх нь эрсдэлээс айдаг, ашиг багатай ч найдвартайг нь сонгодог. Гэтэл бизнесийн, амжилтын үндэс нь эрсдэлээс айхгүй байх, харин түүнийг тооцож сурахад байдаг шиг санагдана.
Бүх зүйл нь хоёрдмол байдалтай. Энэ нь хүүхдэд сонголт хийх, нэг зүйлийн төлөө тууштай тэмцэх ямар ч итгэлтгүй болгочихдог. Тиймээс өнөөдөр өөрсдийн гэсэн тодорхой хүсэл, зорилгогүй хүмүүс олшроход нөлөөлж байна. Дээр нь ойлгомжтой тодорхой зүйл их бага. Хуучин сурах бичгээс хуучны хичээл үзэж, өнгөрсөн үеийн мэдлэг олж аваад түүнийгээ шинэ нийгэмд хэрэгжүүлнэ гэдэг үнэндээ боломжгүй. Бид хэрэгтэй хэрэггүй баахан хүний намтар цээжилж байснаас орчин үеийн сэтгэгчдийн амжилтын үндэс, ардчилсан сэтгэлгээний онцлог, бизнесийн энгийн зарчмуудыг судалж байх хэрэгтэй санагдана.
Бид бас харилцаж сураагүй. Өөрийгөө илэрхийлж, чөлөөтэй ярилцаж сураагүй юм байна. Энэ материалыг бэлдэх гэж бишгүй л олон хүүхэдтэй уулзлаа. Тэгэхээр их сонин, өөрсдийнхөө үзэл бодлыг давгүй илэрхийлсэн мөртлөө зургаа сэтгүүлд тавиулахгүй гэх юм. Энэ бол өөрийнхөө үзэл бодлоос ичиж, санаа зовж байгаагийн, хамгийн гол нь өөртөө итгэлгүй байгаагийн илрэл. Орчин үеийн чөлөөт нийгэм гэж хичнээн тунхаглаад ч шинэ үеийнхнийхээ сэтгэлгээнд өөрчлөлт хийж чадахгүй бол ямар ч шинэчлэл явагдахгүй шүү дээ.
Аз
Энгийн ганцхан жишээ хэлэхэд өнгөрсөн зун манайх Голландаас ирсэн солилцооны оюутан залууг гэртээ сар гаран байлгасан юм. Хэрвээ 20, 30 жилийн өмнө байсан бол “Юун монхор шар орос хаанаас ирсэн юм бэ? Эдний охин түүнтэй суух гэж байгаа юм байх аа? Охин хүүхэд байж цадиггүй, шал танихгүй гадны хүн авчирч гэртээ байлгаж байдаг ямар замбараагүй юм бэ? Энэ хэний хүүхдүүд ер нь...” гээд л өвөөтэй минь хүртэл холбоод байр, хороо, дүүргээрээ цуурч, суботникийн ярианы гол сэдэв болох байсан даа. Талхаа авах гэж дэлгүүр орох бүрд таних танихгүй эмээ, өвөө нар сургаал айлдаад зүгээр байлгахгүй байсан биз. Гэтэл тэр хүүхэд ирснээр би, манайх хожсон. Миний англиар ярих чадвар мэдэгдэхүйц дээшилсэн. Бусад хүмүүсийн гадаад явж өчнөөн зардал гаргаж хийдэг хэлний дадлагыг би Монголдоо, гэртээ, бүр ямар ч төлбөргүй хийсэн гэж хэлж болно. Голланд, бас Монгол оронтойгоо давхар танилцаад авсан. Эх орныхоо хэчнээн сайхан зүйлсийг анзаардаггүйгээ, хамгийн энгийн зүйлс нь ямар нандин болохыг мэдэрсэн. Бас ичсэн. Энэ ямар барилга вэ гэхээр би “Тийм газар байх аа, сайн мэдэхгүй байна” гэх үе олон гарч байсан. Улаанбаатар хэр том хот билээ? Ийм жижигхэн хотынхоо хэдхэн барилгыг нэрлэж чадахгүй, хаана юу байдгийг нь мэдэхгүй хотын гэх охин л байлаа. Дээр нь барилга байшин, дурсгалт газрууд, улсынхаа түүх, шашны зан үйлийн талаар тэр бүр мэдэхгүй байсан. Энэ бол миний үеийнхний нийтлэг дутагдал. Гадаад гоё, гадаадынх нь илүү, тэнд хөгжил байна гэсээр байгаад эх орноо голно. Хагас гадаад, хагас монгол хүн шиг.
Аав, ээж минь ч намайг дэмжиж байсан. Хөдөө өвөөгийнд очиход өвөө, эмээ хүртэл нээлттэй хүлээж аван Уиллиамтай дотно ярилцаж, түүний гэр бүлийн ферм, трактор комбайныг нь сонирхон асууж, түүнд зориулж голын эрэг дээр хорхогтой party зохиож өгсөнд нь би үнэхээр их баярласан. Ингээд бодохоор өвөө, эмээ маань ч хэдийнэ ардчилсан нийгмийн иргэд болж, шинэ уур амьсгал, орчинд бага багаар дасч, сайн сайхныг нь хүлээн зөвшөөрсөн байлаа. Энэ бол 2007 оны Монгол Улсын нийгмийн шилжилтийн тайланд дурдсанчлан монголчуудын ардчиллыг дэмжих хандлага эрс давамгайлж байгаагийн тод жишээ. Бие биенийхээ үзэл бодлыг дэмждэг, хөгжих, танин мэдэх боломж илүү өндөр нийгэмд амьдарч байгаагаараа би социализмын үеийн хүүхдүүдээс азтай. Монгол Улсын маань туулсан нийгмийн шилжилтийн үе миний шилжилтийн настай хамт энэ жил дуусч байна.
Залуус бид нийгмийн харилцаанд бие даан орж, хариуцлага хүлээх насандаа ирж буй энэ үед Монгол Улс ардчиллын замд орсон байгаа нь ямар их аз вэ. Энэ бол надад, миний үеийнхэнд асар их боломж, орон зай байгаа гэсэн үг. Би өнөөдөр маш олон зүйлийг “Намайг жоохон байхад ямар байлаа, гэтэл одоо хэдхэн жилийн дотор ямар их өөрчлөгдөж байна вэ” гэсэн өнцгөөс хардаг. Жишээ нь гар утас. Намайг таван настай байхад миний авга ах Монголын хамгийн анхны гар утасны нэгийг барьдаг баян бизнэсмэн байлаа. Одоогийн томхон станцыг хоёр нийлүүлсэн юм шиг том, тас хар өнгөтэй, эрхий хуруу шиг бүдүүн антеннтай, миний хувьд ёстой “харь гаригийн эд” байж билээ. Тэр үед гар утас овоо овсгоотой эр хүний бэл бэнчинг илтгэх нэг ёсны чимэг байсан бол өнөөдөр жинхэнэ хэрэглээ, өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Бас авга ах минь ухаантай, боловсролтой хүн хэдий ч миний нүдэн дээр уруудсаар шилжилтийн их давалгааг тэсч чадалгүй дампуурчихсан. Одоо бодоход эдийн засгийн тогтворгүй байдал, бизнесийн орчин хараахан бүрэлдэж амжаагүй байснаас болсон юм болов уу даа. Нэг ёсондоо шилжилтийн үеийн золиос ч юм шиг. Харин тэр үед аав, ээжийгээ зах гарч наймаа хийхэд нь гэртээ цоожлуулаад үлддэг байсан найз нар минь өнөөдөр хамгийн багадаа өөрийн гэсэн тогтмол бизнестэй, цаашилбал том, жижиг компанитай айлын ганган охид болчихсон явж байх юм. Тэдний ээж, аав нарыг ажвал ихэнх нь тэвчээртэй, гүргэр хүмүүс байдаг. Бусад нь хар багаасаа социализмын үед гадаадад гарчихсан байсан, юм үзэж нүд тайлсан хүмүүс байх нь элбэг. Тэд ардчилал, зах зээлийн мөн чанарыг мэдэрсэн, шинэ нийгэмд хэрхэн зохицох төсөөллийг хэдийнэ авчихсан хүмүүс байсан байх.
Аав, ээж, хүүхэд, тэдний харилцаа
Биднийг бага байхад эцэг эхчүүдийн ихэнх нь гахай үүрч наймаа хийдэг, хувийн цех ажиллуулдаг, үлдсэн нь төсвийн ажилтнууд байсан. Ихэнх нь юм ховор байсан болохоор хүүхдүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явж л байвал болоо гэсэн хандлагатай. Гэтэл үнэндээ хөргөгч хүнстэй, шүүгээ хувцастай байсан ч түүнээс хамаагүй чухал зүйлсээр байнга дутаж байсан нь өдөр тутмын чөлөөт харилцаа, аав ээж, ахмад настнуудын туршлагаас суралцах, тэдэнтэй сэтгэлээ нээж ярилцах, үзэл бодлоо илэрхийлэх асуудал юм. Миний үеийнхний ихэнх нь бусдад сэтгэлээ илчлэх, гомдлоо тайлах, ярилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай байдаг. Эдгээр энгийн юм шиг хэрнээ маш чухал чадварыг бид хичээл ном, сургууль, өөр хаанаас ч биш, зөвхөн гэр бүлээсээ, эцэг эхээсээ олж авах ёстой. Бас одоогийн 18 настангууд дунд юу хүсээд байгаагаа мэдэхгүй, өөрийгөө олоогүй хүмүүс их байгаа нь оюун бодол, ертөнцийг үзэх үзэл төлөвших бага насандаа эцэг эхтэйгээ юунд дуртай, юунд дургүй, яамаар байгаа талаар чөлөөтэй ярилцдаггүй байсантай холбоотой гэж бодож байна. Миний нэг найз ярьж байна аа. Тэр 10 орчим настай байхдаа “Би ерөөсөө энэ зурагтаар гарч байгаа улстөрч ах шиг болно оо” гээд хэлтэл аав нь “Хуучин нийгмийн үлдэгдэл хог шааруудтай тэмцэх ёстой байтал. Эд чинь л биднийг баллана. Юун дэмий юм бодож байдаг юм. Урдах хичээлээ л хийж бай” гэжээ. Гэтэл эмээ нь “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж.
Чамайг өдий зэрэгтэй мөр бүтэн өсгөхөд социалист нийгмийн ач бас байсан юм шүү. Одоо тэр сөөвийсөн банди нар гарч ирээд хийж байгаа юм нь хаа байгаа юм? Юу дээрдэв? Талхныхаа мөнгийг арай гэж залгуулж байж” гээд эхлэв гэнэ. Аав, эмээ хоёр нь маргалдаж байтал ээж нь дундуур нь орж “Настай хүний даралт ихэсгэлээ” гээд хэлэхтэй зэрэгцээд гэнэт даралттайгаа санасан эмээ нь ёолж бөөн сүр болжээ. Маргаан сүүлдээ өнгөрснөө мартдаггүй “хэт ойтой” ээжээс нь болоод өнгөрсөн баларсан түүх сөхөгдөж “баялаг сэдэвтэй” хэрүүл болоод бүгд хэдэн өдөр гомдолтой явсан гэнэ. Ялихгүй юмнаас ямааны гарз болох шахсан байгаа биз? Гэтэл хүү нь зөвхөн тэр улстөрч шиг өөртөө итгэлтэй, сайхан илтгэж сурахыг л хүссэн юм байж. Үүнээс эцэг эхчүүд хүүхдээ сонсч сураагүй, нэг өгүүлбэр хэлэхэд нь түүгээрээ юуг эрэлхийлээд, юу гэж хэлэхийг хүсээд байна вэ гэдгийг цааш нь ухдаггүй, магадгүй тэгж мэддэг ч үгүйтэй холбоотой. Хүүхэдтэйгээ адилхан болчихвол дорд орчих гээд байгаа юм шиг л аашилдаг.
Бас нэг хамгийн том алдаануудын нэг нь өнгөрснөөсөө ичих явдал. Өөрсдийн хийж байсан болчимгүй үйлдэл, нэгэнт хийсэн алдаа, бүтэлгүй хайр, анхны хайр, үерхэл, анхны мэдрэмжүүдээ эцэг эхчүүд тэр бүр хүүхэдтэйгээ хуваалцаад байдаггүй. Ярьдаг нэг нь байдаг л байх даа. Тэгэхдээ ярихгүй нь олон. Тэр хүмүүсийг би өөрсдийн бүтэлгүй хайр, гэнэн алдаанаасаа ичдэг л гэж боддог. Үнэн хэрэгтээ тэр бүгдээ илэн далангуй хуучилж, ярилцдаг бол тэр нь бидэнд хэчнээн их зөвлөгөө, сургамж болно гээч. Яаж болзож байснаа, анх яаж үнсүүлж байснаа бидэнд хэлж байгаасай. Ямар ч олон ангит кино, ямар ч ном зохиолоос илүү сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Нэгэнт л хүүхэд чинь тэр насыг туулахаас хойш нууж хаагаад, зугтааж гүйгээд байх ямар ч шаардлагагүй.
Ойлгуулах гэвэл ойлгоно шүү дээ
“Сүүлийн үеийн залуус хэт эрт гэрлэж, хар багаасаа архи тамхи хэрэглэж, барууны моод дагасан элдэв хувцас өмсч, монгол хэлээ гадаадын халтар хултар хэлтэй хольж, бүр сүүлдээ хар тамхи гэж хэцүү нэрттэй орооцолдоод, одоогийн энэ хүүхдүүд үү!” гэж үглэх хүмүүс олон бий. Нийт залууст биш юм аа гэхэд өөрийн хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавьж байгаа юм чинь, зөв л байж таарна. Гэхдээ энэ асуудлыг заавал ингэж хурцаар тавьж, өдөржин шөнөжин гашилгаад байх нь утгагүй. Ингэснээрээ зөвтгөж байгаа юм биш л дээ. Тэгэхдээ угаас хөрөнгөтний соёл нэвтэрч, бүх зүйл нээлттэй болоод ирэхээр мэдээж сайнтайгаа хамт саар нь орж ирж л таарна.
Үерхэл, гэрлэлт. Социализмын үеийнхэн яагаад орой гэрлэдэг байсан бэ? Олон түмний хараа хяналт, эцэг эхийн шууд захиргаанаас болоод сэтгэлээ илчилж чадахгүй явсаар байгаад нэг мэдэхэд хөгширчихдөг байсан байх. Эрт гэрлэсэн цөөхөн хос нь тухайн үедээ харьцангуй нээлттэй хүмүүс байсан нь одоо ч мэдрэгддэг. Харин одоо залуус бие биенээ олоход юу ч саад болохгүй байгаа болохоор харьцангуй эрт гэрлэж байна. Бас салалт ч их байгаа нь нөгөө л эцэг эхтэйгээ ярилцаж туршлага судлаагүйн гайгаар хүн таних чадваргүй байдагтай холбоотой. Сэтгэл гэгэлзээд санаад байвал хайр юм байх, хайртай юм чинь сууя гээд суучихдаг болохоос тухайн хүн амьдралын хань байж чадах уу, үгүй юу гэдгийг хэрхэн үнэлж цэгнэхээ мэддэггүй.
Архи тамхины тухайд хэтэрч байна л даа. Нэг талаар хэтэрхий чөлөөтэй зарж байгаа нь нөлөөлдөг байх. Тэгэхдээ багаас нь хор холбогдлыг нь таниулж, болохгүй, муухай гэхээс илүү учирлаж, сэтгэхүйд нь тохируулах, согтууруулах ундаа хэрэглэнэ гэдэг чинь соёл юм гэдгийг ойлгуулж ой ухаанд нь суулгаж өгөх хэрэгтэй. Гэтэл манай аав нар бол эсрэгээрээ. Хар багаас нь нүдэн дээр нь архины сурталчилгаа хийж, архи уухаар сэтгэл тайвширдаг гэсэн буруу ойлголт өгдөг. Хувцас хунар, үг яриа бол бүр ч байх асуудал. Угаасаа хөгжлөө дагаад гарч ирэх хэвийн үзэгдэл биш үү. Харин түүнийг дэврээхгүй байх, үндэс угсаагаа мартахгүй, монгол гэдэг бие даасан үндэстний нэгэн эс гэдгийг нь мэдрүүлж байх талаар томчууд өөрсдөө юу ч хийдэггүй. Голын ус эрэг байхгүй бол газрын урууг дагаад хаашаа ч хамаагүй урсах нь тодорхой. Тиймээс шүүмжлээд, загнаад байх биш, бодитоор нь хүлээж аваад зөв тийш хөтөлж яваасай.
Чамлахаар чанга атга
Бид эх орноо, улсаа, амьдарч байгаа энэ нийгмээ ад үзэх, муулах, бусад хөгжилтэй орнуудтай харьцуулж голж чамлах хэрэг байхгүй. Гагцхүү өвөг дээдсийн маань энэ зэрэгтэй болгоод бидний гарт хүлээлгэж өгсөн Монгол Улсыг ямар байлгах вэ гэдгийг миний бодлоор өнөөдрийн 18-30 хүртэлх насны, өөрөөр хэлбэл ардчилал хөгжиж байх үд хүүхэд байсан, аль эсвэл түүнээс илүү настай байсан ч сэтгэлгээ, мэдлэг чадвар нь fresh хүмүүсийн гарт байгаа гэж боддог. Хэрвээ энэ хүмүүс эвтэй, ухаантай байж, онол, үндэслэлийнх нь дагуу зөв ажиллах юм бол улс орноо хөгжүүлж чадна.
Ямартай ч сайн, муу хосолсон, хүн хүний “зэсийг цухуйлгаж”, юм юмны мөн чанарыг таниулж өгсөн шилжилтийн үе дуусч байна гэж боддог. “Хюндай” корпорацийн түүхэн замналыг сонирхож байхад БНСУ манайхаас хэд дахин ядуу орон байснаа өнөөдөр Азийн тэргүүлэгч орнуудын нэг болох дэвшлийг 16-хан жилийн дотор хийсэн гэж уншиж байсан юм байна. Гэсэн ч “чамлахаар чанга атга” гэдэг дээ. Шилжилтийн үеийн хүүхдүүд бид хийж бүтээх, баялгийг бүтээхийн төлөө урагшаа тэмүүлж байна.
Хотынхоо, улсынхаа хөгжил муутайг шүүмжилж, түүнээс ичих биш, ямар нэг зүйл байхгүй байна гэдэг түүнийг олж харсан хүндээ асар том боломж гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ.
Ц.Дөлгөөн
Муу ёр
Ө.Энхчимэг 18 настай (Багануур дүүрэг)
Бид өнөөдөр ядаж л хүссэн хувцсаа сонгоод авчихаж чадаж байна. Гэтэл дээр үед дэлгүүрийн лангуу хоосон, хүн болгон нэг хэвийн хувцастай гэсэн. Хувцас гэдэг чинь тухайн хүний нийгмийн байр суурь, үзэл бодол, сэтгэлгээг илтгэх маш чухал үзүүлэлт шүү дээ. Хэрвээ тэр үед “Би чөлөөт уран бүтээлч хүн” гээд зураач Саранцацралт шиг цэнхэр үстэй явж байвал хүүхдүүд нь харь гаригийн хүн явж байна гэж дагаж гүйлдээд, хөгшид нь муу ёр гээд давсаар булах байсан биз.
Ардчилалд ч гэсэн дэг, замбараа хэрэгтэй
Э.Тамир 18 настай Эрдэнэт
Социализм тийм муу нийгэм байсан гэж хэлэхгүй. Хүмүүс их найрсаг, хамтач, бие биедээ тусархуу байсан. Яагаад болохгүй гэж. Бүгд адилхан хөдөлмөрлөөд, бүгд эрх тэгш байж болно шүү дээ. Хүмүүс нь хүний мөс сайтай байсан. Харин өнөө үед тийм чанар их ховор болсон. Хүмүүс хэтэрхий чөлөөтэй байгаагаас болоод юу дуртайгаа хийхийг хүсч, замбараагүй болж, архидалт газар авч байна. Ардчиллыг тодорхой дэгтэй, замбараатай хөгжүүлэхгүй бол хэзээ ч сайхан, тайван амьдарч чадахгүй байх.
Архичингүй нийгэм
Д.Золзаяа 18 настай
Социализм гэхээр надад талбай дээр болсон өлсгөлөн санаанд орж ирдэг. Жоохон назгай, бүгд ижилхэн байдал төсөөлөгддөг. Юм их ховор байсан. Би гурван настай байхдаа талхан дээр элсэн чихэр түрхэж байхдаа асгачихсан юм байна л даа. Тэгсэн чинь манай эгч адилхан жоохон юм байж “Юм ховор байхад чинь яагаад асгаад байгаа юм бэ” гээд сүрхий зандарч байсан гэсэн. Баст тэр үед архидалт одооных шиг газар аваагүй байсан гэж бодож байна. Энэ нь социализмын нэг давуу тал байх.
Илүү тайван байсан байх
Б.Цогт-Очир 18 настай (Улаанбаатар хот)
Маш хаалттай нийгэм. Өнөөдөр бид дэлхийн хаана ч байгаа үеийнхээ хүүхдүүдтэй яг адилхан юм хэрэглэж, яг адилхан зүйл хийж чадаж байна ш дээ. Энэ бол маш том ололт. Тэгэхдээ мэдээж социализмд сайн тал байсан л байх. Хүний мөс чанар сайн, хамтач байсан гэдэг ч юм уу. Бас одоог бодвол арай илүү тайван нийгэм байсан байх. Одоо чинь шөнө харанхуй гудамжаар явалтгүй байгаа биз дээ? Бас одоогийнх шиг ингэж их архиддаггүй байсан гэнэ лээ, олзуурхууштай нь.
Хүнсний ногоо нь хүртэл өөр
Г.Шинэбаяр
Өөрчлөлтийн хамгийн энгийн жишээ нь хүнсний хэрэглээ. Дээр үед шинэ төрөл зүйлийн хүнсний ногоо байдаггүй байснаас өвөө эмээ хоёр бантан, гурилтай шөлнөөс өөр хоол иддэггүй байсан. Одоо хүртэл тийм хүмүүс хөдөө зөндөө байдаг. Харин аав ээжийн үеийнхэн хүнсний ногоо хэрэглэж байсан ч нэр төрөл нь цөөхөн байсан. Иддэг хоол нь хүртэл хэдхэн хоол байдаг. Харин бидний үеийнхэн импортоор орж ирж байгаа Монголд ургадаггүй ногоог хүртэл идэж, өдөр тутам хэрэглэж чадаж байна.
Социализмын тухай сайн мэдэхгүй
Номин 18 настай
Би социализмын үеийн тухай бараг юу ч мэддэггүй. Энэ талаар мэдээлэл авах, тодорхой эх сурвалж их ховор байдаг. Яахав кино, хүмүүсийн ярианаас төсөөлөл авч болно л доо. Гэхдээ хүн бүр өөр өөрсдийнхөөрөө тайлбарлана. Бас ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэрнээ ардчиллын тухай ч гэсэн яг тодорхой тийм байдаг гэсэн ойлголтгүй явдаг. Дунд сургуулийн сурах бичигнээс бол хангалттай мэдлэг авч чадаагүй. Угаасаа заадаггүй учраас миний үеийнхэн ч ялгаагүй мэдэхгүй байх.
Хувийн бизнес эрсдэлтэй
Рожков Константин Викторович
Би таван нас хүрээд Монголд ирж амьдарсан. Тэр үед байсан хүмүүсийн байдал, одоо үеийнхээс арай өөр шүү. Хөгжиж байж магадгүй ч бас муу тал их байдаг. Монгол Улс хоёрхон сая хүнтэй, 60 хувь нь Улаанбаатарт амьдардаг. Тиймээс бусад хот нь ерөөсөө хөгждөггүй. Нэг хот нь ингэж хөгжиж болоод байхад зэрэг хөгжүүлсэн бол бүгд адилхан болох байсан байх. Бас энэ банкнууд. Ийм жижиг хот, ийм их банктай болж байгаа нь их сонин. Тэгээд хувийн бизнес хийхэд их эрсдэлтэй.
Ойлгомжгүй юм их байсан
Б.Цэвэлсүрэн 19 настай
Эрдэнэт Намайг жоохон байхад дээд талын айл манайхаас байнга индүү гуйдаг байсан. Харин одоо бол үгүй. Бас тэр үед бүх зүйл адилхан байсан, бүр тавилга нь хүртэл. Хийж байгаа ажил, амьдрал нь яг адилхан байсан болохоор нууж хаах юм бага байсан байх. Одоо бол хувийн нууц гэж хүчтэй ойлголт гарч ирсэн. Бас хоолны сонголт хүртэл өөр болчихсон. Өвөө эмээ бантанд, аав ээж шөлтэй хоолонд, харин би хуурганд дуртай байх жишээтэй. Улсын байгууллагад ажилд орвол илүү баталгаатай гэж боддог.
Интернэтийн цагийг номонд зардаг
Б.Энхчимэг 18 настай
Улаанбаатар Социализм гэхээр нэг л хүнд санагддаг. Юм юм нь хаалттай, картаар хүнсээ авдаг, нэгэн хэвийн тарчигхан амьдрал санагддаг. Тэгээд ч нэг намын тогтолцоотой байснаас нэг үзэл сурталд баригдсан, юу хүссэнээ төрдөө байтугай хөршдөө ч илэрхийлж чаддаггүй байсан байх. Хотын гудамжаар машин бараг байхгүй, явж байгаа нь хэдхэн орос машин. Тэр үеийн хүүхдүүд одоо бидний багагүй цаг зарцуулдаг интернэт, кино үзэх хэрэгцээг уран зохиолын ном уншиж нөхдөг байсан байх.
Өдөр бүр өөр өөр, шинэлэг
Болорцэцэг 18 настай (Сэлэнгэ аймаг)
Нэгэн хэвийн уйтгарт амьдрал. Өдөр тутмын амьдрал нь тогтсон дараалалтай, хааяа баяр ёслолын үеэс бусдад нь яг хэвэнд цутгачихсан юм шиг байсан гэж төсөөлөгддөг. Гэр, сургууль, эвлэлийн үүрийн хурлаас өөр очих газар байхгүй, хийх ч юм байхгүй. Харин бид өнөөдөр хамаагүй өөр. Телевизийн олон суваг, FM радио, интернэт гээд сонирхолтой хэлбэрээр мэдээлэл, мэдлэг олж авах боломжтой, өдөр болгон өөр өөр шинэлэг зүйл хийж болохоор, чөлөөтэй байгаадаа баяртай байдаг.
Цай дусаасан зүсэм талх
Э.Болорчимэг 18 настай
Ардчилсан нийгэмд шилжсэнээр техник тенологийн дэвшлээс гадна өдөр тутмын энгийн хэрэглээний бараанд хүртэл мэдэгдэхүйц өөрчлөлт орсон. Жоохон байхад том эгч өдөржин очерлож байж нэг талх авчирдаг байсан санагддаг. Тэгээд масло их ховор байсан болохоор талхан дээр сахар тавьж байгаад дээрээс нь цай дусааж байгаад л иддэг байсан. Мөнгө нь байгаад ч бараа нь байдаггүй байсан. Одоо бол чадаж л байвал юу ч хамаагүй эдэлж хэрэглэж болж байгаа шүү дээ.
Эх орондоо сэтгэл дундуур байдаг
Б.Энхцэцэг 18 настай
Дээр байгаа хүмүүс одоогийн залуус Монголын ирээдүй л гээд байдаг, гэтэл залуус аль болох хурдхан, хаашаа хамаагүй гадаад гараад тэндээ шингэхийг боддог. Би ч бас тэдний нэг байсан. Ихэнх залуус Монгол орноо голж бусад хөгжингүй орнуудтай харьцуулж, сэтгэл дундуур явдаг. Харин ийм юм юм дутагдалтай байгаа нь бидэнд илүү зүйлийг хийж бүтээх боломж байгаа гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй санагддаг юм.
Мэдээлэл хомс байсан
С.Амгаланбаатар 18 настай
Яг үнэндээ тийм ч сайн мэдэхгүй. Дэлгүүрт давснаас өөр юм байхгүй байсныг бодвол тухайн үеийн бизнес эрхэлж байгаа хүмүүс шатдаг байсан байх. Би хөдөө өссөн болохоор тэр тухай ямар ч мэдээлэлгүй байсан. Сүүлд ч гэсэн энд тэндхийн эх сурвалжаас хайж үзээгүй. Угаасаа мэдээлэл их хомс байдаг. Гэхдээ дээр үеийн монгол кинонуудаас боломжийн мэдээлэл олж авдаг. Уг нь нийгмийн ном, сурах бичиг л тэр бүгдийг өгөх ёстой байх л даа.
Мэдээлэл хомс байдаг
Г.Эрдэнэсүрэн
Би хөдөө өссөн болохоор яагаад ч юм нилээн том болтлоо нийгмийн өөрчлөлт, хөгжилтийг мэдрээгүй. Нэгдүгээр курст ороод л ардчилал, нийгмийн дэвшил гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлж байна. Тэгээд харьцуулаад үзэхэд дээр үед хүмүүс ямар нэгэн сэдвээр ярихдаа урьчилаад бэлдчихсэн юм яриад байгаа юм шиг, хиймэл сонсогддог байсан. Харин одоо бол илүү өөрийнхөөрөө, арай нээлттэй байж сурч байгаа. Тэхдээ зөвхөн сурч байгаа болохоос бүрэн нээлттэй болж чадаагүй.
Ядаж төмсөө өөрсдөө тарих хэрэгтэй
Ш.Ичинхорлоо
Үргэлжийн ямар нэг хяналт дор байдаг. Гэхдээ авах юм нь дотоодын үйлдвэрлэл арай илүү хөгжингүй байсан. Бид өнөөдөр ядаж л төмсөө Хятадаас оруулж ирэхээ болих хэрэгтэй. Одоо манайд ажиллаж байгаа үйлдвэр хэд байгаа билээ дээ. Байгаа хэд нь алдагдалтай, үгүй бол ашиггүй. Дээр үед хүмүүс хийгээд болоод байсан юмыг одоогийн өндөр техник технологиор улам сайн хийх боломж байгаа. Гэтэл яг эсрэгээрээ, импортын барааны хэмжээ ихсээд л байдаг. Яг үүн дээр арга хэмжээ авах хэрэгтэй байх.
Орос дэлгүүр-шилдэг супермаркет
О.Мандахзул 18 настай
Би яг социализмын тухай бол тодорхой санадаггүй. Намайг бага байхад “Орос дэлгүүр” гэж их сонсогддог байсан. Одоо бодоход байхгүй юм гэж байдаггүй тухайн үеийн шилдэг супермаркет л байсан юм шиг байгаа юм. Бас их ховор, энд тэнд төдийлэн зарагддаггүй бараатай байсан байх. Сонголт хийх боломж юм юман дээрээ их ховор байдаг байсан. Ер нь миний хувьд юу хийх нь чухал биш, яаж амьдрах л чухал санагддаг.
Идэвхгүй хүмүүс их байсан
Б.Оюунмаа 18 настай
Олон нийтийн үйл ажиллагаа их бага зохион байгуулагддаг байсан учраас хүмүүс нийтээрээ идэвхгүй, санаачилгагүй байсан. Ээж одоо надад олон нийтийн ажилд их оролц гэж захидаг. Ээжийг бага байхад суманд ший гаргадаг улаан булан гэж байсан гэсэн. Тэгээд ангийхан нь ший үзэхээр явчихдаг, харин ээж яагаад ч юм, ямар ч шалтаггүй хэрнээ дандаа гэртээ үлддсэг байсан гэнэ. Тэгснээрээ маш их юм алдсан учраас намайг тэр алдааг битгийд автаасай гэж байнаг захидаг.
Зүгээр л өнгөрсөн түүх
М.Алтанбаяр
Социализм надад зүгээр л өнгөрсөн түүх санагддаг. Харин ухаан орсноос хойш юм юм хурдан хөгжиж байна л даа. Жишээ нь интернэт. Би долдугаар ангид байхдаа анх интернэт ашиглаж байсан. Тэр үед монгол сайт ч ховор, нэт ашигладаг хүн ч ховор байсан. Сургууль дээрээ байнга уулздаг найзуудтайгаа и-мейл бичдэг байлаа. Бас сүүлийн үед хүний чөлөөт сэтгэлгээг их дэмждэг болж байна. Ажил мэргэжлийн хувьд надад аль ашигтайг нь л сонгоно. Улсын, хувийнх байх нь ялгаагүй.
Сонголт хийх боломж илүү
О.Нарангоо 18 настай
Дээр үеийн, миний аав ээжийн үе орчин үеийг бодвол мэдээж хаалттай байсан. Хийх ажил, бараг яаж амьдрахыг нь цаанаас нь заагаад өгчихсөн юм шиг. Бүх юм нэгэн жигд, нэг бодлын уйтгартай. Өвөө эмээгийн үед бол бүр хэцүү байсан байх. Харин бид өнөөдөр харьцангуй чөлөөтэй, сонголт хийх боломжоор илүү нийгэмд амьдарч байна. Намайг яг насанд хүрч байгаа энэ үед Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэн байгаад баяртай байдаг.
Үнсүүлтэл хүүхэдтэй болчихвол яана аа
Ж.Сэргэлэн 18 настай
Би бараг мэдэхгүй. Ядаж байхад түүхийн хичээлдээ сайн байгаагүй юм. Яахав төсөөлөл бол бий л дээ. Бие биедээ сэтгэлээ илчлэх, үерхье гэж хэлэх гэж бөөн юм болдог байсан гэсэн. Бас хайр дурлал, үерхэл, бэлгийн амьдралын талаар ямар ч ойлголтгүй, ингэ дэг л юм байх даа гэсэн байдалтай байсан. Бараг л үнсүүлтэл хүүхэдтэй болчихвол яана аа гэж боддог байсан гэсэн. Харин бид өнөөдөр энэ талын мэдлэгийг илүү эрт авч чадаж байгаагаараа азтай, энэ нь бидний хувьд тэр чинээгээр эрсдэл бага гаргана гэсэн үг.