Нилээд хэдэн жилийн өмнө гараа эсгэчихээд анхаарахгүй явсаар байгаад бохир оруулчихаж билээ. Идээлж бугшсан гар ямар зовиуртай байх нь мэдээж. Тэгэхэд Израйльд амьдарч байгаад ирсэн найз маань арчаагүйг минь дуудан байж сайхан үнэртэй, гоё баглаа боодолтой хар зүйл гаргаж ирээд өвчтэй гар дээр минь түрхэж өгсөн.
Тэр зүйл юу болохыг асуухад, Сөнөсөн тэнгисийн шавар, маргааш гэхэд л гарны чинь идээг суга татаад гаргаад ирнэ гэв. Үнэхээр ч маргааш нь түүний хэлснээр болсонд тэр гайхамшигт “сөнөсөн тэнгис” гэж хаана байдаг, өөр ямар ид шидтэйг мэдмээр санагдаж, түүний тухай судалж эхэлсэн. Танд ч хэрэг болж юуны магад гэсэндээ энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
Сөнөсөн тэнгис дэлхийн хамгийн нам дор газар буюу далайн төвшнөөс 420 метрийн гүнд оршдог байгаль эхийн бүтээсэн олон гайхамшгийн нэг. 67 км урт, 18 км өргөн энэ тэнгисийг Израйль, Иордан улс тун эв найрамдалтайгаар хамтран эзэмшдэг. Энэ хоёр улсын нэрийг дэлхийд гаргадаг манайхны хэлдгээр брэнд нь. Тэнд ямар ч амьд амьтан, амьдрал байдаггүйгээс Сөнөсөн буюу үхсэн тэнгис гэж нэрлэгдэх болсон аж. Далайн гүний эрдэс баялгийн гол эх үүсвэр болох сөнөсөн тэнгис, Газар дундын тэнгисээс ес дахин давсархаг. Зуун зууны өмнө Сөнөсөн тэнгисийн усанд орохоор хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн зүглэдэг байжээ. Гоо үзэсгэлэнгийн хатан хаан үзэсгэлэнт Клеопатра албат иргэдийн хамт эрэг орчим нь жил тойрон өнжих үе ч байдаг байж. Одоо ч жилийн аль ч улирал ялгалгүй дэлхийн өнцөг бүрээс ирэх жуулчдын хөл тасрахгүй. Сөнөсөн тэнгисийн эзэд болох Израйль, Иордан улсад, ийш зорих жуулчдад зориулсан хэдэн зуун зочид буудал, эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг лабораториуд байдаг аж.
“Сөнөсөн тэнгис” эрүүл мэнд
“Сөнөсөн тэнгисийн эрдэс бодисоор баяжмал ус, хар шавар нь бүх төрлийн арьсны өвчин, харшлын гаралтай эмгэг, үс унах, хагтах, биеийн эсэргүүцэл, дархлаа нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтойгоороо алдартай юм билээ. Тиймдээ ч эмчилгээгүй гэж оношлогдсон дээрх өвчтөнүүд ийшээ л ирж, эдгээд буцдаг гэж нутгийн ард бахархдаг.Манайхан рашаанд орж, шавар эмчилгээ хийлгэдэг шиг Сөнөсөн тэнгисийн усанд орж, бүтэн биеийн шавар эмчилгээ хийлгэхээр эрүүл хүмүүс ч энэ газрыг зорьдог. Шавар нь арьсыг эрүүлжүүлж шарх сорви, идээ батгыг анагаадаг. Ямар ч харшил, арьсны өвчнийг эдгээх увидастай гэдэг юм билээ. Сөнөсөн тэнгисийн минералаар баяжуулагдсан, харшил, арьс арчилгаа эмчилгээний бүтээгдэхүүнүүд дэлхийд алдартай. Дэлхийн поссирёз эмчилгээний топ 12 эмнэлгийн шилдгийн шилдэг нь “Dead sea буюу сөнөсөн тэнгис” төв.
Сөнөсөн тэнгис гоо сайхан
Та анзаараарай, дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн сав, баглаа боодол дээр Сөнөсөн тэнгисийн эрдэс бодисоор баяжуулагдсан гэж бичсэн байгааг.Үзэсгэлэнт хатан хаан Клеопатра Сөнөсөн тэнгисийн ус, шавраас ордондоо авчруулж гоо сайхандаа хэрэглэдэг байсан гэж тэмдэглэсэн байдаг.
Сөнөсөн тэнгис үс унах, хагтах, арьс үрчлээтэх, хуурайших, целлелют үүсэхээс хамгаалдаг гоо сайхны давхар давхар үйлчилгээг танд үзүүлнэ.
Аль ч орны зах зээл дээр Сөнөсөн тэнгис гэсэн нэр шошготой гоо сайхны бүтээгдэхүүнүүд харьцангуй үнэ өндөртэй байдаг юм билээ.
Манай орны зах зээл дээр ч Сөнөсөн тэнгисийн гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч байсан гэж сонсоод түүний захирал асан Ц.Эрдэнэтэй холбоо барилаа.
- Таныг Монголд Сөнөсөн тэнгисийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулах эрхтэй байсан гэж сонсслоо.
- 2002 онд Израиль, Иордан руу ажлаар явж байхдаа Сөнөсөн тэнгис дээр очиж байлаа. Үнэхээр гайхамшигтай санагдаж байсан. Дэлхийн өнцөг булан бүрээс өвчин зовлонгоосоо ангижрах гэсэн мөн амралт аяллаар ч хүмүүс их очдог ёстой олон хөлийн газар байсан. Тэр үед бид Монголд Иорданы “La cure” брэндийн бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй байсан. Ер нь Сөнөсөн тэнгисээр овоглосон маш олон компани байдаг юм билээ.
- Яагаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээгүй юм бэ?
- Тэр үед манай зах зээлд харьцангуй үнэтэйдсэн л дээ. Бид зах зээлээ мэдэрч чадаагүй муу ажилласан. Өөр ажил хийдэг болохоор энэ тал дээр анхаарч ажиллаж чадаагүй юм . Уг нь бидний зорилго бол монголчууддаа жинхэнэ дэлхийн брэндийг нийлүүлэх байсан. Гэхдээ манай гэрийнхэн одоо ч Сөнөсөн тэнгисийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хэрвээ та Сөнөсөн тэнгисийг зорихыг хүсч байгаа бол Израйль, Иордан улсын аль алинд нь монголчууд визгүй зорчдог юм билээ.