Цэвэр агаар амьсгалах эрх

Цэнгэг ус уух эрх

Эрүүл газар гишгэх эрх

 

Энх тунх амьдрах эрх

Энэ бүгд хүний эрх

      Монголчууд түүхэндээ их нүүдэл олныг хийжээ. Амьдралынхаа үндэс болсон малын бэлчээр хайж, өөрөөр хэлбэл, малын “эрх чөлөөг хүндэтгэн” нүүдэллэж ирсэн. Харин сүүлийн Ази, Европ, Америк руу чиглэсэн “их нүүдэл” амьдрах орчны сонголт, хүн өөрийн эрх чөлөөний төлөө их дүрвэлт болж байна. Яагаад?

Цэвэр агаар амьсгалах эрх

 Агаарын бохирдлоос, тухайлбал, утаа болон тоосжилтоос болж Улаанбаатарчууд долоо хоног тутамд нэг өдрийн амьдралаа алдаж байгаа. Үүнийг эрдэмтэд хөдөлшгүй тогтоожээ. Үүнээс болж мянга мянган хүүхэд, нялхас амьсгалын замын өвчтэй болж, зарим нь хүн болох хувь заяагаа алдаж байна. Үүнийг бид амь настай холбоотой амин чухал асуудал гэж сайн мэддэг ч хүн долоо хоногийг нэг өдөр нь үхэж өнгөрөөдөггүй болохоор олонхи маань одоо хүртэл талхны мөнгөний асуудлаас ч доогуур үнэлж, сэтгэлээ зовоохгүй байсаар.

  Нөгөө талаар, сүүлийн жилүүдэд хэчнээн олон хүн, олон нийтийн байгууллага, иргэний хөдөлгөөнүүд энэ талаар санаа зовж, асуудал шийдэх эрх бүхий дарга нарт хандав даа. Тэд дуугүй байсаар. Төрийн нэрийн өмнөөс энэ бүхнийг цэгцэлж, иргэдээ цэвэр орчинд эрүүл жаргаах үүрэгтэй тэд чихгүй толгой, дүлий годил мэт суусаар. Тэгснээ гэнэт сэрсэн юм шиг, өөрсдөө санаачлан ажил хийж байгаа дүр үзүүлж, мэдээллийн хэрэгслүүдээр рекламдах болцгоов. Бидний үг тэдний мөнгөний санаа, эх үүсвэр болон хувирлаа. Хотын утааг багасгахад хэчнээн тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ вэ, тоолох ч юм биш. Үгүй бол ? дийлэхгүй шүү, хохь нь шүү гэв. Зөвхөн энэ жил хоёр тэрбумыг төсөвлөжээ. Тэр их мөнгө, хэдэн туурга, дээвэр, зуух, түлшхэнд зарцуулагдсан нэртэйгээр дундарсаар байх боловч, гучин хувь шингэрэх ёстой хотын утаа хорогдсон шинжгүй дүнхийн харлаж, байдгаараа л харагдсаар байна.

Цэнгэг ус уух эрх

  Зөвхөн гол горхины бохирдол, хордсон газрын хүнсний ногооны тухай асуудал биш юм. Энэ бол хүний эрүүл хүнс хэрэглэх эрх. Хэдийгээр, харьцангуй хүнсний хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлын тухай ярьж эхэлсэн боловч, хүнснийхээ ихэнх хэсгийг гадаадаас импортолдог манай орны хувьд өөрийн чадавхид үндэслэсэн хүнсний хамгамжийн тухай асуудал тавих хэмжээнд хүрсэнгүй. Өдий болтол цөөхөн монголчууд бид өөрсдөө өөрсдийнхөө хүнсийг бэлтгэхэд хэн саад болоод байна. Эрүүл хүнсний тухай яриа гарахад, хүнсний хангамж муудаж, “юун аюул, маюул” “олдож байвал их юм” болгоод байна. Ингэхээр, “олдсон нь их юм” гэдэг нь бидний үг биш, дарга нарын санаачилга, шаардлага бололтой. Их л сайндаа та нар өөрсдөө сайн шалгаж авч бай гэнэ. Аягүй бол өрх гэр бүр лабораторитой болох хэрэгтэй гэж онолдоод, “зөөврийн лаборатори” бидэндээ “шахах” байх даа. Хэдийгээр төрийн нэрийн өмнөөс хянан шалгах үүрэгтэй байгууллагууд байдаг ч, тэдний зорилго нь дарга нарын болон өөрсдийн “тэжээвэр бяруунуудыг” тордох, бусад бизнес хүмүүсийг шулах, дээрэмдэх явдал болоод байна. Эрүүл газар гишгэх эрх Хөрс, шороо хордуулснаас эхлээд, хот сууринд хүн өөрийн тавтай орчин бүрдүүлэх боломжгүй боллоо. Хотыг нягтруулах “гайхамшигтай” бодлогын үр дүнд машин нь хотдоо багтахгүй, хүн нь явах, гишгэх газаргүй болж хувирав. Ядахдаа сөөм газар зөвшөөрлөөсөө хэтрүүлж барихгүй бол хүний сэтгэл ханахаа байж, машин ч орохооргүйгээр шахцалдуулан барина. Харин дараа нь гал гарах, эмнэлэг дуудах үед л гэнэт машин оруулах зай гаргах байсныг ойлгодог. Харин зохицуулах ёстой этгээдүүдэд газар зарж, ашгаа олсон бол иргэд яаж үхэлдэж байгаа нь хамаагүй. Гэр хорооллыг цэмцгэр байшингуудаар сольж нягтшуулна гэдгийг дарга нар нурах шахсан байшингийн бөөрөнд амбаар нэмж барина гэж ойлгосон бололтой. Хот төлөвлөлт гэдэг “мастер, застер нэртэй том, том төлөвлөгөө биш шүү. Амьдрах нөхцөлөө бий болгох, сайжруулах зам мөн” гэдгийг л ойлгуулчих. Ойлговол та нартай, та наргүй хүмүүс өөрсдөө, нарлах талбай, хүүхдийн цэцэрлэг юу хэрэгтэй байна түүнийгээ бүтээж чадна. Уг нь та нарт энэ бүхнийг зохицуул гэж илүү эрх өгсөн юм. Харин том, том ярьж, мөнгө хөрөнгө хумсалж, олон түмнээ дээрэмд гэж сонгоогүй юм. Чадахгүй бол зайгаа тавиад өгчих.

Энх тунх амьдрах эрх

  Дээр дурдсанаас гадна бидний өдөр тутам зөрчигддөг эрх бол аюулгүй байдалд амьдрах эрх юм. Хавар, намрын салхи, шуурга, гал түймэр зэргийг тооцохоо болъё. Тэр бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд дарга нарын хариуцлагаас хасчихъя. Галт тэрэг мөргөлдөх, хүн осгох, живэх, тэр байтугай нисдэг тэрэг осолдохыг ч гэсэн байгалийн гамшиг гэж тооцъё. Гэтэл, түүнээс илүү аюул биднийг хүрээлж байдаг. Монголд өвөл болдог гэдгийг мэддэггүй дарга нарын ачаар цас орох бүрт “аюулын талбай” болдог зам, талбайг гараад хар. Цаснаар хальтиргаа ихэсч, явганаас унасан хүний тоо нэмэгдэж, хөл, гараа бэртээхээс эхлээд, амь насаа алдаж байна. Харин ийм зам талбай тохижуулсан дарга нар инээлдэж, өөрсдөө өөрсдийгөө шагнаад явж байна. Мөн барилга, байшингийн ухсан нүх, усны хоолой, холбооны худагны онгорхой нүх гэх мэт ойчиж, унаж бэртэж болох хүмүүст зориулсан бүх төрлийн хавх, занга. Бас дээр нь дэлбэрэх, тэсрэх бодис, химийн элдэв хор. Өөр хүнд хорлонтой юу л байна түүнийг зөвшөөрч байна. Энэ бол, шулуухан хэлэхэд, хүнийг аюултай нөхцөлд амьдрахыг тулгаж байгаа иргэдийн эсрэг гэмт хэрэг юм.

  Миний найз надад нэг орос онигоо ярьж өгсөн юм. Чоно туулайг өдөр бүр хүчинддэг байжээ. Зовсон туулай баавгайд очиж гомдлоо хэлж гэнэ. Баавгай туулайг өрөвдөж, чоныг дуудаж ирүүлээд хэлэв: За, чи зөвхөн Даваа гаригт л туулайг хүчиндэж болно. Нэлээд хугацааны дараа, баавгай туулайтай тааралдаад асуужээ. За, туулай, амьдрал хөнгөрөв үү. Туулай: юун хөнгөрөх вэ, зовлон хэвээрээ, харин ч бүртгэл хөтлөх гэж нэг ажил нэмэгдээд байна гэж. Зальтай чоно дараа, дараагийнхаа Даваа гаригийн “төлөвлөгөөт үйлийг” урьдчилан авч, туулай түүнийг нь бүртгэх гэж зовсон дээрээ зовдог болжээ.

  Үүнтэй адил, амьдрах орчиндоо санаа зовж, шийдэх гэж тэмүүлж байхад ядахдаа хүний эрхийнх нь хувьд хүндэлж үзээч. Түүнийг нь төрийн нэрээр хэн нэгний буюу хэсэг бүлэг хүний бизнес болгож зовлон битгий нэмээч.

  Эцэст нь хэлэхэд, Монголыг тамын хар нүх болгож, хүмүүсийг дүрвээн зайлуулж байгаа эрхтэн, дархтануулыг хянах, өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг шийдэх эрхээ бид олж авъя. Энэ бол дээрх бүхнийг өөрчилж чадах, цаасан дээр тунхаглагдсан ч амьдралд хэрэгжихгүй байгаа бидний үндсэн эрх юм шүү. Явсан хүн эргэж ирэхийг хүсэхгүй болсон Монголоо, нутгаа санан, эргэн ирдэг болтол өөрчилье. Газрын диваажин болгоё. Монголдоо сайхан амьдаръя.

Ц.Ганбат Иргэний Холбооны гишүүн