Дөрөв хоногийн өмнө гурван залуутай нэг оффисын үүдэнд нэлээн ширүүхэн мөргөлдчихлөө. Таахалзсан том залуустай хэрэндээ хичээж гараад 20м яваад үзтэл утас алга болчихсон байдаг байна шүү. Нарийн мэргэшсэн нөхдүүд байсан бололтой, сайн л бол гурван секунд болсон байх. Юм хөгжинө өө гэж...
Тэр нөхдүүд хулгайлсан утсаа хараад ямар царайлсан бол оо! Тэр бол миний хаясан гурав дахь утас. Тэгэхээр ойлгомжтой, шинээр авах бүрд утасны чанар үзэмж муудсаар би худалч хүнд Чингис хааны үеийн “станц”-тай байсан юм. Үнэхээр тэр том утсыг бариад “Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй” гээд л сууж байвал яг таарна. Ямар сайндаа утсаа алдчихсан гэхэд нэг найз маань “Чи үнэнээсээ алдсан юм уу, ичээд өөрөө хаячихсан юм уу?” гэж байхав дээ. Тийм утас хулгайлчихаад тэр залуус бараг буцаагаад өгмөөр санагдсан байх. Аягүй бол гэртээ очоод “Хороо хороо... хороо, сонсож байна уу” гээд л тоглож байгаа даа.
Утасгүй, чих амар хэд хоног явлаа. Гэрээс дуудахгүй, найзууд энд тэнд уулзъя гэж цаг барахгүй. Гэхдээ хааяа хий юм сонсогдоод, цүнхэнд утас чичрээд ч байгаа юм шиг санагдаад, галзуу хүн шиг л байна. Хамгийн сонин нь хүмүүс намайг утасгүй болохоор цаг барьдаг болж байгаа шүү. “Анужин руу залгах аргагүй, Ану бол бүр байхгүй, хөөрхий мөнгөгүй оюутан юм чинь” гээд яг л цагтаа гозойдог болсон.
Ер нь дээр үеийн хүмүүс яагаад цаг барьдаг нь тодорхой. Уулзана гэсэн газраа цагтаа очихгүй бол дуусаа. Хаанаас ч олох арга байхгүй. Харин одоо бол “За, байхгүй бол гар луу нь ярьчихна” гээд 20, 30, бүр цагийн дараа ч хамаагүй яриад мэндийг зөрүүгүй “Хаана байна?” гээд эхэлдэг нь бүр зуршил болчихжээ. Цаг барина гэснээс Монголд цаг барина гэдэг нэг бодлын боломжгүй асуудал. Жишээ нь нэг хүнтэй уулзахаар тохирлоо гэж бодъё, та цагаа барина, харин цаадах чинь үгүй. Тэгэхээр уулзалт сунжирч та дараагийн уулзалтаас тэр хэмжээгээр хоцорно. Тэгээд л та дүүрсэн ажил хэрэгч биш хүн болж хувирна.
12 сар гарлаа. Багадаа 11 сарын 30 болохоор андуурч догдлоод байдаг байж билээ. Ангиар дүүрэн шинэ жилийн тухай яриа. “Юу өмсөх вэ, хаана нийлэх вэ, яах вэ...” Хөөрхий оюутнууд л юм хойно, одоохондоо амандаа багтсанаа бурцгааж л байна. Цагаа тулахаар тэгээд олдож л байвал юу ч хамаагүй өмсөнө дөө. Ноднин бол манайхан туршлагагүйтээд газар шүргэсэн урт даашинзтай хип хоп хэмнэлд ёстой л навсаганаж харагдсан. Нэгдүгээр курсын шинэ цэргүүд, юм юман дээр л хөгөө чирээд явдаг нь жам юм хойно.
Би ч энэ жилийнхээ гоёлыг аль эртнээс бэлдчихсэн санаатай. Нөгөө есөн жорын барааны цуглуулга гээд байсан хороолол руугаа л гарлаа даа. Харин энэ өвлийн тухайд барааны сонголт дажгүй байгаа шиг юм санагдсан. Дээр нь ноднингийн бараанууд хямдраад ёстой тал үнээрээ л зарагдаж байна лээ. Дажгүй өвлийн малгай 3500 төгрөгөөр авсан. Бас ороолт, бээлий үнэн хямдхан байсан. Загвар хэзээ ч хуучирдаггүй, зохицуулах л хэрэгтэй. Тиймээс бараа сонголттой, хугацаа хангалттай байгаа дээр гоёлоо эртхэн зэхээрэй.
Ц.Дөлгөөн