- Нүд даардаг гэнэ үү? Тэгээд нүдээ дааруулахгүйн тулд яаж дулаалах болж байна аа?

  - Харин тийм гэнэ. Хүйтэнд даарч цочирсон нүд бүр өвддөг гэж дууллаа.

  - Нүдний өвчин гэж л мэддэг болохоос яг юунаас болж өвчилдөг талаар ёстой төсөөлж ч байгаагүй юм байнa?

  - Хүйтэн өдөр гадуур удаан явахаар нүднээс нулимс гоожиж, улайж загатнадаг шүү дээ. Бид л анзаардаггүй болохоос нүд “ханиад” хүрч байгаа нь тэр гэнэ. Өвчлөхөөс нь сэргийлж нүдээ арчилж, хамгаалж байхгүй бол цааш даамжиран нүдний олон янзын эмгэг үүсгэх суурь болдог гэсэн…   

       Хүйтний улиралд хүний нүд яг л нүүрний арьс шиг даарч, цочирдон хуурайшдаг аж. Хуурайшиж, бохирдсон нүдний солонгон болон эвэрлэг бүрхэвч гэмтэж, үүнээс улбаалан нүдний болон харааны бусад эмгэг үүсэх суурь болдог ажээ. Үүгээр ч тогтохгүй гадаад үзэмжинд нөлөөлж овортой, ууртай, солир мэт харагдуулдаг байна. Даарахаас гадна халууцах, ядрах, стресст орох, тэр ч бүү хэл эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхэд хямарч өөрчлөгдөж байдаг аж. Хүн сэрүүн байх үед нүд үргэлж хараагаар, яг л нүүрний арьстай адил гадаад орчинтой тулж ажиллаж байдаг эрхтэн. Улирал бүр хүний нүдэнд өөр өөр нөлөө үзүүлнэ. Зуны хурц наранд наршсан нүд шаравтар туяатай болж хорсож, улайдаг бол өвөлд хуурайшиж загатнадаг аж. Энэ зовиурыг та бид мэддэг хэрнээ өвчин юм биш гээд хайхардаггүй. Гэтэл нүд хуурайших нь, нүдний бусад эмгэг үүсэх шалтгаан болж байдаг аж.

Эмч зөвлөж байна.

Хүүхдэдээ зурагт бага үзүүл

  Дөнгөж төрсөн хүүхдийн харааны бүтэц гүйцэд боловсроогүй байдаг. Хүүхэд есөн нас хүрэхэд сая гүйцэд бойждог. Хүний нүдний олдмол гажгийн дийлэнх нь бага наснаас эхэлдэг. Тиймээс та хүүхдээ олон цагаар телевиз үзүүлэхгүй, компьютер тоглоом тоглуулахгүй байх нь зүйтэй. Учир нь бойжиж амжаагүй нүд, дэлгэц удаан ширтсэнээр нүдний булчингууд чилж ядардаг. Ингэж их ядарсан хүүхдийн нүд солир болох, хараа нь муудах , бүр цаашилбал сохорч болох аюултай. Манай орны хувьд ийм гашуун туршлага цөөнгүй. Манай эцэг эхчүүдийн өөр нэг дутагдалтай зүйл бол хүүхдийнхээ нүдний хараанд анхаардаггүй. Хүүхдийг сургуульд ороход заавал харааг нь шалгуулж, жилд нэг удаа эмчид үзүүлж байх шаардлагатай.

Нүдний дусаагуурыг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ

  Манайхан нүдний дусаагуурыг ямар зориулалттай болохыг нь ч сайн мэдэхгүйгээр хэрэглэдэг. Гэтэл нүдний дусаагуур дотроо олон янз. Чийгшүүлэгч, линзтэй нүднийх, цайруулагч гэх мэт. Дусаагуурыг эмчийн заавраар өөрийн нүдэнд тохирсныг хэрэглэж болох боловч цайруулах үйлчигээтэй дусаагуураас аль болох татгалзаарай. Учир нь нүд үйлчилгээнд нь дассанаар хүлээж авахаа больж үргэлж улайж загатнадаг болдог.

    Хүний эрхтэн бүхэн хоорондоо холбоотой

    Зүрх, элэг, бөөр зэрэг дотор эрхтнүүдийн хямрал нүдний торлог бүрхэвчинд нөлөөлж нүдэнд цус харвах нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Нүд загатнаж хуурайшихад нөлөөлөх хүчин зүйлс:

 - Хог, тоос, шороо орох

 - Вирус, бактери

 - Тамхины болон бусад утаа

 - Агаарын бохирдол

 - Нүдний линз

 - Эмэгтэйчүүдийн цэвэршилт

 - Нойргүйдэл

 - Олон цагаар дэлгэц ширтэх

 - Ажлын орчин гэх мэт Уйлах ашигтай

 Хүний нүд өөрийн чийгшүүлэгч, цэвэрлэгчтэй байдаг. Тэр нь нулимс. Нулимс нүдэнд орсон гадны бичил биетүүдийг хөөж гаргахаас гадна эвэрлэг бүрхэвчинд шаардлагатай чийг, амин дэмийг өгдөг аж. Гэвч нас ахих тусам ялангуяа 45-аас дээш насныханд нүдний хуурайшилт эрчимтэй явагдаж эхэлдэг. Нүдний хуурайшилтын эсрэг дусаалга, бэлдмэлүүд байдаг хэдий ч эмчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж огт болохгүй гэнэ.

Нүдний хуурайшилтаас хамгаалах зөвлөгөө

 - Өдөрт дунджаар 12 аяга ус ууж байгаарай.

 - А,С,Е витамин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

 - Нүдний хамгаалалтын шил зүүж занших

 - Олон цагаар компьютер дээр ажилладаг бол дундуур нь завсарлага авч нүдээ амрааж байх

  - Сайн унтаж амарч байх

 - Нүдний дусаалга, нүүрний будгаа бусадтай хувааж хэрэглэхгүй байх

 - Таны нүдэнд ямар нэг өвчин зовиур мэдрэгддэггүй хэдий ч хоёр жил тутамд мэргэжлийн эмчид үзүүлж заншаарай.

Гэрийн нөхцөлд нүдээ хэрхэн арчлах вэ?

 - Толгой багтах хэмжээтэй сав бэлтгэнэ. Савандаа буцалсан бүлээн ус савны дундаас дээгүүр байхаар хийнэ. Нүүрээ усандаа дүрж, нүдээ нээлттэйгээр баруун, зүүн, дээш доош эргэх хөдөлгөөн хийнэ. Хөдөлгөөнийг 15-20 удаа хийхэд л хангалттай бөгөөд долоо хоногт нэгээс хоёр удаа нүдээ угааж заншаарай.

Хиймэл нүд угаах

 Өдөр бүр буцалсан бүлээн усаар бүхэлд нь угааж цэвэрлэнэ. Нүдний ойр орчныг цэвэр байлгах хэрэгтэй.