Гадаа хүйтэрч гудамжаар алхах хүний тоо эрс цөөрч, зун бол борооноос бусад үед тоож хардаггүй том автобуснууд үнэд орох цаг иржээ. Хамар нь улайчихсан, халаасан дахь виза картаа хөлөртөл нь базаад автобус хүлээх оюутнууд нэг бодлын өрөвдөлтэй. Цаг жаахан оройтохоороо “Визагаар явуулах болов уу, мөнгө нэхвэл яана аа” гэсэн айдаст өөрийн эрхгүй автана. Гэхдээ автобусандаа багтаж сууж чадвал шүү дээ.
Би саяхныг хүртэл визатай хэрнээ байнга таксидаад, тансаг оюутан явлаа. Гэтэл хэдэн өдрийн өмнөөс түрийвчний тоолуур аваарын дохио хангинуулаад эхэлсэн болохоор яах ч аргагүй автобусдахаар болсон юм.
Буудал дүүрэн хүн ёстой яаж ийж, гүрийж чихсээр байгаад ганцхан автобусанд багтчихав. Дунд нь зогсож байсан надад хөдлөх ч хэрэг байсангүй, автобусны шат өөд урсаад л орчихлоо. Сонин юм шүү, ямар нэг юм уруугаа урсдаг байтал автобус руу бол дээшээ урсдаг юм билээ. Ингээд сургууль хүртэл “Зайгаараа урагшаа яваад өгөөрэй, цаана чинь зай байна ш дээ. Яваад өгөөч” гэсэн ганцхан хөтлөгчтэй FM сонсоод л явлаа даа. Буудал өнгөрөх тусам хүн нэмэгдэж хөдлөх ч аргагүй болж байв. Нэмээд л, чигжээд л... Сүүлдээ халаасанд хүний гар орохыг байтугай өөрийн минь гар хөл ч хаана байгаа нь мэдэхээ болилоо.
За тэр гуталны тухайд ярих ч хэрэггүй. Хүмүүс хөл дээр гишгээд байхаар нь эхэндээ уур хүрч байснаа ер нь ингэж гишгүүлж байснаас гишгээд явъя гэж бодоод дээшилсээр байгаад нэг мэдэхэд миний толгой лав ердийнхөөс 10 см өндөрт явж байсан. Дээр нь энэ охид гэж өвлийн хүйтэнд хэндээ гоё харагдах гэж үсээ задалдаг юм бүү мэд. Нэг их урт үс нь ойр хавийн хүн болгоны нүүрээр намирч өгөх юм аа. Мэдээж тэр нь энд тэнд татагдана. Тэгээд л автобусаар дүүрэн “яа яа, ёо ёо, үс” гэж орилоод, өөрөө арзайсан үсээ боочихгүй байж таталдсан зүг рүү нь муухай муухай хараад, ёстой ядаргаатай.
Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гараа ч хөдөлгөх арга байхгүй. Ямар нэг бариулнаас барих ч шаардлагагүй, угаасаа унах зайгүй юм чинь. Босоогоор нь савласан дөрвөлжин лаазтай шпротон доторх загаснууд л нэг иймэрхүү байна байх даа!
Арай гэж буугаад ёстой “Юу болоод өнгөрөв өө?!” гэж л бодогдсон. Дахиад суухгүй гэж худлаа яриад яахав. Суух л байх. Гэхдээ энэ сардаа л лав биш...
Нэг зүйл ажиглагдлаа. Сүүлийн үед ялангуяа охид хар хүйтэнд моод хөөж өнгө загвар нь гоё, хямдхан байвал ямар ч хамаагүй хувцас авчихдаг болсон. Наймаачид ч хүний эрүүл мэндийг бодох нь бүү хэл зарагдаж л байвал болоо гэсэн шиг Хятадын хальсан куртик, цаасан гутлыг вагон вагоноор оруулан хямдхан зарж байна. Тийм хувцастай байхад юу байхав, -20 байтугай 0 градуст л доороосоо даарч охид бөөр нуруугүй болж байна. Үзүүлье гэхээр эмнэлэг, эмчилгээ үнэтэй, тэрнээс илүүтэй өөрсдөө тоомжиргүйгээс үзүүлэхгүй явсаар хүүхэд төрүүлэх цагт хор уршиг нь гарч ирдэг.
Хаана хаанаа бодолтой байх хэрэгтэй. “Автобус хаант улсынхан” ажил хаяна л гэнэ, билет 300 болгоно л гэнэ. Тэр олон мөнгөгүй оюутнуудыг өвлийн хүйтэнд яа гэх гээд байгаа юм бэ? Хүйтэн гээд хичээлдээ явахгүй байх уу, явъя гэж алхсаар ханиад хүрээд гэртээ хэвтээд өгөх үү? Бас оюутнууд хэзээ “дулаан авах мянган лан” гэдэг үгний учрыг ухах юм бол доо...Өсгийтэй гутал, өдөн куртик өмсөхгүй л бол хүн биш болчих гэж байгаа юм шиг л аашлах юм даа.
Ц.Дөлгөөн