Монголчууд бид ердөө 20 жилийн өмнөхтэй харьцуулахад нэг талаар хэцүү, нөгөө талаар нэлээд сонирхолтой цаг үед амьдарч байгаа санагдана. Бидний эргэн тойронд сайн, муу, гэрэл гэгээтэй, эсвэл яана даа гэмээр харанхуй, бүдүүлэг бүх л төрлийн юмс, үзэгдэл байна. Тэр бүгдээс хүмүүсийн дунд бухимдал үүсгэн, ахан дүүс, найз нөхдийг үүрдийн “дайсан” болгодог айхтар нэгэн бэрхшээл байх юм. Байгууллага, хувь хүн болон хүмүүс хоорондын харилцаанд үл үзэгдэх бул хар чулуу мэт тээглэсээр буй тэр бэрхшээл бол өр.

   Хэн нэгнээс мөнгө зээлдэх, хэн нэгэнд зээлдүүлэх, авсан нь эргүүлж төлөх, өгсөн нь буцааж авах тухайд бий болж буй гацаа, зүдэргээ, хохирол. Биднийг энэ сэдвээр бичээч, хүмүүст амьдарч сураач гэж мессеж өгөөч хэмээн хэд хэдэн хүн санал болгосон юм л даа. “Тэгье, үнэхээр хөндөх сэдэв шүү” гэж бүгд талархан хүлээж авсан ч хэн маань нь ч ”Би” гээд дайраад орсонгүй. Эцэст нь бусдаасаа арай “туршлагатай”-гаараа би бичихээр зориглолоо.

  Зориглолоо гэдэг нь учиртай аа. Миний тухайд далиманд нь сэтгэлээ илүү хөнгөлье гэж бодсон хэрэг. Уншигч та санаж байгаа бол бидний 3-р дугаараараа хүргэсэн “Стресс” нийтлэлийн мөрөөр хүндээр өвдсөн хүүтэйгээ хамт ирж ярилцлага өгсөн эмэгтэй “Хүн стресст орсон байхад гарч болдог, гагцхүү өөр өөрийн арга замтай байх ёстой. Би бол тохиолдсон бэрхшээлийнхээ талаар найз нөхөдтэйгөө илэн далангүй яриад зөвлөчихдөг. Тэгэхээр тайвширч ямар ч зовлон бэрхшээл тохиолдоогүй юм шиг эрч хүчтэй болчихдог юм” гэж ярьсан шүү дээ. Тэгж хэлээд амьдралынхаа тухай, бэрхшээлийг гэр бүлийн хамт хэрхэн даван туулж гараад аз жаргалтай сайхан амьдарч байгаа талаараа ярьсан юм. Яриаг нь сонсож суухдаа би “Ингэж ярихад хэр их зориг шаардаж байгаа бол, өөрийгөө их л хүчилж ярьж байгаа даа” гэж бодож байсан ч дараахан нь би түүнээс ихийг сурснаа мэдэрсэн юм. Магадгүй тэр эмэгтэй надад нөлөөлөөгүй бол энэ эмзэг сэдвээр би бичихгүй л байсан болов уу.

  Хэн нэгнээс, эсвэл банк, санхүүгийн байгууллага, хоршоо, ломбард ер хаанаас ч тэр мөнгө зээлдэх нэг хэрэг, харин буцааж цаг хугацаанд нь төлөх, зээлснийхээ хэрээр хэргийг нь гаргаж өөртөө ашигтай ажиллачихаад, хэрэгтэй цагт мөнгө зээлдүүлснийх нь төлөө нөгөө мөнгө өгсөн хүмүүс, байгууллагад талархлаа илэрхийлээд эв найрамдалтайгаар “үлгэр”-ийг жаргаах нэг хэрэг. Гэтэл тэгдэггүйгээс зээлдэгч, зээлдүүлэгч хоёр тал сайн харилцаатай түншүүд байхаа больж, эсвэл үүрдийн дайсан биш юм аа гэхэд хэн хэн нь сэтгэлийн шархтай үлдсэн хүмүүс Монголоор дүүрэн. Мөнгө зээлдэж хэрэглэснийхээ төлөө өөрөө ч дарамтаж орж, зээлдүүлсэн өрөөлийг ч зовоох нь өнөөдөр эрүүл бус “хэвийн” үзэгдэл болжээ.

  Мөн өр олон янзын үүдэл, “сэдэлтэй” байх бөгөөд хоёр янз. Нэг төрөл нь хувь хүмүүс хоорондын өр бөгөөд авсан нь хожиж буй мэт авч сэтгэл санааны маш хүнд дарамтад орж хохирдог. Тэд хүний мөнгийг өгөөгүйгээрээ хождоггүй. Мөн зээл өгсөн нь хөрөнгө мөнгө, оюун сэтгэлийн аль алины хувьд хохирдог.

  Нөгөө нь хувь хүн эсвэл байгууллагын, банк, санхүүгийн байгууллагуудад тавьсан өр бөгөөд Монголын хууль санхүүгийн байгууллагуудын талд үйлчилдэг болсноор хүмүүс зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө цөмийг нь хураалгаж, гуйлгачин болж хоцордог төрөл. Энэ төрлийн тухайд зээл авагсад зуун хувь хохирч, харин зээл олгодог газрууд хождог. Яагаад гэвэл тэд хангалттай барьцаа авдаг тул зээлдэгч төлбөрөө хийж чадахгүйд хүрмэгц барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад дансыг нь хаачихдаг. Өрийн аль аль төрлийн дарангуйлал дор туйлдаж ядарсан хүмүүс эдүгээ Монголын насанд хүрсэн хүмүүсийн хэдэн хувийг эзэлж буйг мэдэхгүй ч үзүүлэлт маш өндөр хувьтай гарна гэдэгт итгэлтэй байна.

  Хувь хүмүүс хоорондын өрийн талаар ярихаа байя. Харин банк, санхүүгийн орчинд иргэд өр, зээлээс болж ямар байдалд орж, ядуурал, бухимдлын үр өдрөөс өдөрт газар авсаар байгаа тухай ярих, хөндөх ёстой болжээ. Энэ тухайд төр нүдээ гайгүй том нээж харах цаг болсон санагдана.   Монголд өнөөдөр зээл авах чөлөөтэй. Хүсвэл барьцаанд юугаа ч тавиад хэдэн ч төгрөг авч болно. Арай л авгай, хүүхдээ тавьж болохгүй байх. Банк, хоршоо, ломбард “Зээл аваад байгаарай, хурдан хүрээд ирээрэй” гэнэ. Иргэд зээл авч шатаж ханахгүй. Бололцоо байгаа дээр нь гэсэн шиг банкууд их хэмжээний зээл уралдан гаргаж үйлчлүүлэгчдийг хэн нь сайн “шулахаа” үзнэ. Ийм хоёр туйлын хооронд ядуурал, бухимдал зовлон цэцэглэсээр.

  Банк, санхүүгийн орчин дахь эрх ямба дээд цэгтээ хүрсэн шиг. Үүгээр зээл авчихаад эргүүлж төлдөггүй хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Нийгэмд нийтлэг, үзэгдэл мэт болтлоо товойн гарч ирж буй өрийн дарамтыг яавал нимгэлэх вэ гэдэг талаар хамтдаа хэлэлцэхийг хүслээ.

  Би өөрийгөө “туршлагатай” хүн гэж ёгтолсон. Үнэндээ бол тийм ч таатай бус, үндсэндээ хэрхэн өөрөө баларсны зэрэгцээ бусдыг хэрхэн хохироож, бухимдуулж байсан тухай гунигт түүх өгүүлэх гэж байна.

  Бид “Цаг төр” сэтгүүл гаргаж буйгаараа, нийгмийн болоод хувь хүний сэтгэл зүйн асуудлуудыг нэг нэгээр нь хөндөж, хүн хэмээх бодгалийн дотоод руу өнгийж буйгаараа маш их зүйлд суралцаж, олж мэдсэнээ бусдад дамжуулж, тэгснээрээ дор бүрнээ баяртай байдаг.

Хүсэл тэмүүлэл ба дампуурал

     2002 онд би өдөр тутмын нэгэн сонинд парламентын сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Тэр үед хийж байгаа ажил минь ч, авч байсан цалин минь ч хангалтгүй санагдаж, ирээдүй, үр хүүхдээ бодсон ч ямар нэгэн өөрийн гэсэн мөнгө олдог эх үүсвэртэй болох, түүнийхээ төлөө бүхнээ зориулж ажиллах тухай бодсоор өдрийн бодол, шөнийн зүүд болсон байлаа. “Би юу хийж чадах вэ” гэж өөрөөсөө асуух бүрт хүмүүсийн муу үзэж, нервийг нь барж байдаг шар сонинуудтай өрсөлдөхүйц хэрнээ гэгээлэг, нэлдээ хүмүүсийн хөгжиж боловсроход чиглэсэн долоо хоног тутмын сонин гаргая, орон зай байна, хүмүүс сайн сайхан зүйл хүсдэг болсон гэж үзээд түүндээ бат итгэчихсэн байлаа. Шийдвэрээ гаргачихсан хүн чинь мөнгө хайж эхэллээ. Хөрөнгө оруулах магадлалтай хэд хэдэн хүнтэй уулзтал бүгд л “Тэр бүтэхгүй ээ, хүмүүс чинь муу юманд л дуртай байдаг юм шүү дээ. Чи хараарай. Мөнгө төгрөг нь арвижиж, амьдрал нь болж бүтэж байх тусам хүмүүс шар сонин л уншдаг юм” гээд байх нь тэр. Үүнтэй би огт санал нийлээгүйгээр барахгүй өөрийнхөө зөв гэдэгт бат итгэсээр шууд л мөнгө зээлдэхээр шийдлээ. Хадам аав, ээжийнхээ өвлүүлж өгсөн 40 мянгатын хоёр өрөө байрыг барьцаанд тавиад мөнгө авахаа ч гэрийнхнээрээ зөвшөөрүүлэв. Манай хадам хоёр хөгшин, нөхөр мааньч надад итгэдэг болохоор огтхон ч татгалзаагүй юм.

  Төсөл, төлөвлөгөө, тооцоо гээд шаардагдах бүхнийг бариад хамгийн түрүүн байр барьцаалж зээл олгоно гэх “Анод” банкинд очлоо. Зээлийн эдийн засагч залуухан бүсгүй” Уучлаарай, танд зээл өгч чадахгүй нь, таны энэ төслөөс ашигтай ажиллах тань харагдахгүй байна” гээд халгаадаггүй. Гуйх шахам учирласан ч барсангүй. Уур хүрч байна аа. “Үгүй ер, энэ охин намайг яаж ажиллахыг яаж мэдэж байгаа юм” гэж бодох тусам уур хүрсээр тэднийхээс гарсан юм. Тэр үед байр барьцаалж зээл олгоно гэсэн банк хоёр, гурав л байсан. Тэгтэл нэг орой зурагтаар “Орон сууц барьцаалж зээл олгоно, ажлын хоёр өдөрт багтаан түргэн шуурхай үйлчилнэ” гээд л баахан рекламдаж байна шүү. Тэр нь “Төв Азийн сан” хадгаламж зээлийн хоршоо. Тэр зарлалыг сонсоод хэчнээн баярласан гэж санана. Маргааш нь яваад очлоо. Соёлын төв өргөөний дор байрлах тэр газарт хүн шаваастай. Бүгд л зээл авах гэнэ. Араас нь оочерлож зогслоо. Зээлийг үнэхээр хоёр өдөрт багтааж авсан, санаснаараа ажлаа эхлүүлсэн, сонин ч аятайхан гарч, уншсан хүн бүр л магтаж байлаа. Гэтэл борлуулалт муу, захиалга бүр муу. Тэгсэн ч эцсийн мөчийг, зээлийн мөнгөний сүүлчийг шавхатлаа сурталчилгаа явуулсаар, зүтгэсээр байтал нэг мэдэхэд гурван сар өнгөрсөн, банкнаас авсан 10 сая төгрөгөө бүгдийг зараад дууссан байлаа. Зээл сарын 6 хувийн хүүтэй, сар бүр 600 мянган төгрөг төлдөг. Өвөл арванхоёрдугаар сарын эхээр гэхэд би хүү төлөх мөнгөгүй болчихсон байв. Сонины борлуулалт үндсэндээ 0.5 хувь.

  Одоо яах вэ. Банкнаас мөнгө авсан нь үнэн, хүү төлөх нь гарцаагүй, намайг амжилттай ажиллаад ашиг хийнэ, амьдралаа сайжруулна гэж гэрийнхэн маань, ах дүү, хөдөө байгаа аав, ээж минь, бүр 90-ээд настай эмээ минь ч хүртэл харж суугаа. Би ийм байдалд сууж байж таарахгүй, нэр төрд ч халтай. Би багадаа онц сурдаг, Эрхүүгийн Полийн бэлтгэлийн тэргүүний оюутан байсан энэ тэр гэсэн алдрын “ач”-аар ч гэх үү, гайгаар ч гэх үү нэр төрийг ихэд эрхэмлэдэг байсан байгаа юм. Тэгээд ч эцэг эхийн олгосон хүмүүжил байх, авсан л бол авсан, өгөх ёстой л бол ёстой гэсэн зарчимшуу юмтай. Зээлийн хүүг хугацаанаас нь нэг хоног ч хожимдолгүй төлөх ёстой, тэгээд ч байр барьцаанд байгаа юм чинь асуудал үүсэх тул хэнд ч мэдэгдэж болохгүй. Иймэрхүүгээр бодож “зоригоо чангалаад” гарч өглөө. Таньдаг, мэддэг хүмүүс рүүгээ ярьж эхэллээ. “Туслаарай, яаралтай мөнгө хэрэг боллоо” гэхэд нэг их зоволгүй 500 мянган төгрөг олдоно. Нэгнээс авч нэг сар тайвширна. Мөдхөн л дараагийн сар болно, дахиад хүү төлөх болно, бас нөгөө хүний мөнгийг өгөх ёстой. Хоёр тийшээ мөнгө хайна даа. Бас л олдоно.

  Тиймэрхүү байдалтай явсаар байтал байдал улам хүндэрч эхэллээ. Гуйсны зоргоор мөнгө өгөх хүн ч ховордлоо. Таван сар өнгөрөхөд гэрийнхэндээ хэлээгүй хэвээр. Эхэн үедээ нөхөртөө ч хэлээгүй байснаа яах аргагүй баригдсан л даа. Манай хүн “Нэгэнт ийм болсноос хойш байраа заръя” гэж байна. Би “Болохгүй” гээд л зүтгээд байлаа. Нэгнээс авч нөгөөд өгсөөр, нийт өр улам ихсээд л. Би ч ядарч гүйцлээ. Нэлээд бодож бодож, намайг сэтгүүлчийн хувьд үнэлдэг гэж хэлж болох, янз бүрийн сэдвээр санал солилцдог, сэдэв санаа хуваалцдаг нэгэн эмэгтэй бий л дээ. Тэр санхүүгийн мэргэжилтэй, олонд ч нэлээд танил. Намайг зээл аваад ажиллаж байгаа гэдийг мэдэж байсан, харин дампуурч сүйрч байгаа гэж бодоогүй байсан юм. “Зүгээр үү, дажгүй юу” гэхэд нь амыг нь дагуулаад л яваад байсан юм. Тэгсээр нэг өдөр түүнд бараалхлаа даа. Болохоо байснаа хэллээ. Тэгтэл манай хүн “Манайх удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ. Тэгэхээр чи тэр өрөө нааш нь шилжүүлээд ядаж хүүг нь багасга” гэдэг байна. Тэгснээр 4 хувийн хүү төлөх болж сард 600 биш, 400 мянгын эрэлд гардаг болсон юм. Тэгсэн ч түрүүн авснаа олж өгнө, дахин хүүгийн мөнгө гэсээр яг л хоёр гараасаа дүүжлүүлчихсэн хүн шиг болчихов. Гэрийнхнээсээ нуусан хэвээр, түүндээ хамгийн их зовно. Сүүлдээ юу хийгээд байгаагаа ч мэдэхээ байсан. Тэгэхэд нөхөр маань “ Нэгэнт ийм болсноос хойш би гайгүй цалинтай ажил хийхгүй бол болохгүй нь” гээд урд хөршид нэг жил ажиллахаар явлаа. Нөхрийнхөө тэндээс явуулж байсан мөнгөнөөс хүү, үндсэн зээлээс жаахан жаахан төлнө, үлдсэнээр нь амьдарна. Надад мөнгө зээлдүүлсэн хүмүүс байн байна утасдана. Дөрөв, таван хүн зэрэг зэрэг “Мөнгөө авъя аа, хө” гэж айлгана. Тэгснээ өнөөх хүмүүсийн маань зарим нь орой зурагтаар гарч байхыг яана (Сайд дарга ч байсан юм л даа. Гэхдээ тэд намайг өгсөн мөнгөөр нь банкны хүү төлж байгаа юм гэж огтхон ч боддоггүй байсан байх. Яагаад гэвэл би үнэнийг нь хэлдэггүй, өөр юм зохиож хэлдэг байлаа. Заримынхыг нь ч яах вэ, хугацаанд нь өгнө, ихэнхдээ хугацаа хоцроож нэхүүлж байж өгөх нь хэн хэндээ хэцүү), хараад л зүрх хагарчих шахна. Тэгэх бүрт болдогсон бол газар доогуур орчихмоор санагдана. Иймэрхүү байдалтай нэг жил хагас болоход эцэст нь байраа зарж, өрнийхөө ихэнхийг төлөөд, үлдсэнээр нь байр хөлсөлж гарсан даа. Хадам аав маань бие муутай настай хүн байсан юм. Намайг байраараа тоглож байхад бие нь муудаад л байснаа хотын баруун хязгаарт хөлсний байранд амьдраад хоёр сар болж байтал өөд болчихсон. Тэр үед би гэдэг хүн ямар байдалд байх вэ. Айлын отгон хүүтэй гэрлэж, байгаа өмчид нь эзэн суучихаад өрөнд тавиад туучихдаг. Аавыг амьсгаа хурааж байх тэр мөчид би эгээ л цуг явчихаагүй гэхэд болох байх.

  Зоргоороо ингэж тонгочсоны шанд 10 сая төгрөг зээлснээс болоод нийт бараг 20 саяын өрөнд орчихсон гэж байгаа. Түүний талаас жаахан илүүг нь байраа зарж, бусдыг нь аав, ээж, ах дүүс, таньдаг хүмүүсийн тусламжтайгаар төлсөн. Намайг яаж сүйрснийг мэдсэн зарим нэг нь зээлдсэн мөнгөө сүүлдээ нэхэхээ байчихаж билээ. Тэр нь миний хувьд бүхнээс илүү шийтгэл, сэтгэлийн зовлон. Хүнээс албатай мэт мөнгө авчихаад буцааж өгөхгүй, өгч чадахгүй, дээр нь ингээд чадахгүй байна гэдгээ хэлж чадахгүйн зовлон их. Монголчууд “Өргүй бол баян” гэж тун онож хэлсэн байх юм. Онож хэлэх ч юу байх вэ, ардын ухаан юм билээ.

 ХОХИРОЛ. Зээл авч “шатан” өрөнд орсноор би байргүй, ажилгүй, мөнгөгүй болсон. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд нэр хүндгүй болсон. Харин ажил, мэргэжлийн орчинд дотнын цөөн хүнээс бусад нь мэдэлгүй өнгөрсөн юм. Энэ нь миний харилцаж байсан санхүүгийн хоёр байгууллагын эзэн бүсгүйчүүд нөнжигтэй зан гаргасны ач. Хэрвээ тэд “Сэтгүүлч та хугацаа хоцроосон өрөө яаралтай төлнө үү” гээд зурагтай минь сонинд гаргачихсан байсан бол юун өдийд Монголын анхны долоо хоног тутмын сэтгүүл гаргалцаад сууж байх. Хамгийн гол нь цаг хугацаа их алдсан. Гурван жил эргүү хурга шиг явна гэдэг байж болшгүй гамшиг. Эрүүл мэндээр бас хохирсон гэж боддог. Стрессийн нөлөөгөөр нүүр, гар цайж гоо сайхнаа алдсан. Мөн байнгын айдастай байсан болохоор ходоод тайван байх гэж үгүй. Хэрвээ санхүүгийн дээр дурдсан хоёр байгууллагынхан ойр зуурын мөнгөтэй болтол тайван байлгаж ажиллуулаагүй бол, аав, ээж, ах дүүс байдлыг минь мэдсэн цагаасаа яаралтай арга хэмжээ авч туслаагүй бол мэдэхгүй. Тээр хотын зүүн захад нэг хэцүү нэртэй газар байдаг аа даа. Магадгүй тэндхийн байнгын үйлчлүүлэгч болчихсон байх ч юм билүү.

 ОЛОЛТ. Алдаагаа олсон, бусдыг сонсдог болсон, бизнес гэдэг нь романтик мөрөөдөл биш юм байна гэдгийг ухаарсан. Онгирчихсон оюун санааг цэгцлэхэд бясалгал тусалдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Хадам ээж маань бараг хүчээр аваачиж Ж.Хатанбаатар багшийн випашяна бясалгалд суулгаснаар эвгүй байдлаас гарах замаа олж харсан юм.

  Гэрээс гарахгүй хэдэн сар болохдоо хэд хэдэн ном уншиж, нөхрийнхөө албадлагаар дэлхийн урлагийн түүх, хөгжмийн уран зохиол уншиж, хөгжим гээч бас нэгэн эм байдгийг мэдэж авсан. Улмаар хөгжмийн гоё сайхныг нь хүмүүст ч бас мэдрүүлэх хэрэгтэй юм байна гэж үзсэнээр хөгжмийн танин мэдэхүйн цуврал номнуудыг эмхэтгэсэн. Мөн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номтой нөхөрлөж, хүн мөнгөтэй байна гэдэг өөрөө мөнгө байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгсээр өр ч аажим багасч, сэтгэл тавигдаж эхэлсэн дээ. Бас миний алдаанаас ойр хавийнхан маань суралцсан байх, ялангуяа миний хүүхэд.

 ИТГЭЛ. Алдаж, онож явахдаа итгэл гэж ямар их үнэ цэн, хүч вэ гэдгийг мэдсэн. Түрүүнээс хойш дурдаад буй санхүүгийн хоёр байгууллагын эзэд гэж яриад байгаагийн нэг нь “Өрөө над руу шилжүүлчих“ гээд 10 сая төгрөг зүгээр өгөөд явуулчихаж билээ. 10 сая төгрөг тушаахаар зогсож байхдаа би “Яана аа, энийг хулгайд алдчих вий дээ” гэж бодож, айж хичээсээр бүр хөшчих шахаж билээ. Тэр хүний итгэл надад маш их хүч өгсөн юм. Тэдний нэрийг бичиж баярлаж явдгаа илэрхийлмээр байвч өөрсдөд нь дуулгаагүй болохоор болохгүй байна аа.

Монгол Улс зээл дээр тогтож байна.

      Энэ сэдвийг хөндөж бичихээр зориглон гараа өргөсөн минь хүмүүс санаа авч, өөрсдийгөө хөндлөнгөөс харж, нэгийг бодон тунгаах, амьдралдаа хариуцлагатай хандаж байгаасай, сэтгэлийн хөөрөл, хоосон мөрөөдөлд автан над шиг битгий алдаасай гэж бодсоных юм шүү. Энэ сэдвээр амжиж бичиж байгаагаа цаг үеэ олсон хэрэг гэж бодож байна. Яагаад ингэж бодох болов гэхээр бид иргэдээс санал асуулгад хариу автал оролцсон 57 хүн бүгдээрээ бусдаас зээл авдаг, авч байсан, зээлэх бодолтой байна гэсэн хариу өгсөнд байгаа юм.

  Санал асуулгатай танилцаж дуусмагц “Өнөөгийн Монгол улс зээл дээр тогтож байна даа” гэсэн бодол зурсхийн орж ирэв. Эрхлэгчдээ энэ тухай яаран хэлбэл “Чи ганцаараа зээл аваад шатсан гэж бодож байтал хань олон байж уу”гэж тоглоом хийнгүүтээ араас нь “Гамшиг. Нийгмийн бухимдлын том эх үүсвэр, тийм үү” гэв. Би ч санал нэг байгаагаа хэлсэн.

Нэг их сайхан бодол, тэгээд байрны ордер

      Нийтлэлээ бодит үйл явдал, баримт, нотолгоонд тулгуурлаж, олон талаас нь бичиж хүргэдэг сэтгүүлийнхээ дэг сургуулийн дагуу жишээнүүд хайх ёстой. Энэ хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хариуцлагатай алба хааж байсан хүнтэй санал солилцоход тэрбээр:

  - Манай монголчууд зээл их авамтгай байх юм. Ер айдаггүй. Энэ нь нэг талаар манайхан амьдарч сураагүйтэй холбоотой байх шиг байна. Ажил, амьдралаа урьдаас, алсаас төлөвлөдөггүй, хэмнэдэггүйтэй холбоотой гэж боддог. Ямар хүүтэй мөнгө авч байгаагаа тоодоггүй, зарим нь гэрээгээ ч уншдаггүй. Нэг өглөө босоход нь нэг их гоё бодол орж ирдэг шиг байгаа юм. Тэгснээ санаагаа хэрэгжүүлэх гэж зээл авахаар шийдэн байрныхаа ордерийг хайж сандчидаг байх. Ордероо олж авмагцаа Үл хөдлөх рүү ирнэ. Нэг бол аахилж уухилсаар зээлээ аваад алга болно. Үгүй бол болино. Яагаад больдог вэ гэхээр ихэвчлэн бичиг баримт дутуу шалтгаанаар буцна. Тэгсэн ч үйлчилгээний шаардагдах зарим мөнгийг хэдийнэ тушаачихсан байх. Гэтэл хоёр хоногийн дараа зээл авахаа болилоо, хэн нэгнээс бүтээсэн гээд явж байх. Үл хөдлөхөд тушаасан өнөөх мөнгөнүүд тэр чигтээ зарлага. Гэх мэтчилэн зүв зүгээр суж байтлаа гүйж ирээд баахан мөнгө тушаагаад яваад өгдөг. Бодоод байх нээ тэр хүмүүст “Өчигдрийн бодол нь өнөөдөр буруу юм шиг санагддаг юм уу. Амьдрал нь ерөөсөө тодорхой биш, хэцүү гэж ярьсан юм.

Хүн надаас мөнгө гуйсны төлөө хүүхдэдээ уурлаж байх ч гэж дээ

    Манай нэг сэтгүүлч бас жишээ хэлж өгснийг нь сийрүүлбэл:

  - Өчигдөр нэлээд орой найз хүүхэн маань гэнэт утасдаад “Найздаа яг одоо 150 мянган төгрөг олоод өг. Чамаас өөр туслах хүн алга, хурдлаарай, өрөөнөөсөө хөөгдөх нь, нөхрөөсөө аваад өг” гэх нь тэр. Айлын хажуу өрөө хөлсөлж амьдардаг юм л даа. Гэтэл төлбөрөө цагтаа өгсөнгүй гээд айл нь хөөжээ. Хүүхдээ хөтлөөд гудамжинд гарах гээд байгааг нь ойлгож байсан болохоор нөхөртөө хэллээ. Гэтэл манай хүн угийн мөнгө төгрөгт тооцоотой ханддаг хүн болохоор шууд л “Хэзээ ч буцааж өгөө билээ, үгүй” гэж байна аа. Найз бүсгүй маань тулдгамдсан үед дандаа тус болдгийг нь хэлээд ч ойлгуулж чадсангүй. Яахаа ч мэдэхгүй хэсэг сууж байтал гэнэт “Нээрэн нөхрийн зөв ч юм билүү. Амьдралаа зохицуулж чадахгүй байгаа хүний өмнөөс манай нөхөр санаа тавих нь утгагүй ч юм шиг. Яах вэ, миний санааг амраах гэж өгвөл өгөх юм даа” гэж бодлоо. Жаахан тайвшраад дахин нэг хэлж үзсэн ч нэмэр болсонгүй. Найз маань утасдаж байна аа. Тэгэхэд нь “Одоохондоо бүтээгээгүй л байна” гэж хэлчихээд таг суучихлаа. Хүүхдүүдтэйгээ шуугилдаад аятайхан байсан уур амьсгал сарниж, бид бүгд чив чимээгүй болчихлоо. Хүү минь ирээд эрхлэх гэхэд нь “Цаашаа, цаашаа” гэж ууртай нь аргагүй түлхчихлээ. Тэгснээ гэнэт “Тэнд айлын амьдрал болохгүй байгаагийн төлөө би энд хүүхдээ хажиглаж суух ч гэж дээ” гэсэн бодол зурсхийн орж ирэх агшинд хүүгээ дуудаж тайтгаруулсан шүү. Мөнгө, зээл, монголчуудын зээл түшсэн амьдралын ирээдүй үнэхээр бүрхэг байна аа гэж бодсон хэмээн ярьж бичлэгт минь санаа нэмэв.

Нагац ахынх маань сүйрсээн  

        Монголын эмэгтэйчүүдийн нэгэн байгууллагын менежер Эрка:

  - Манай нагац ахынх гэр бүлээрээ бараг сүйрсэн. Ахынх маань Баянхошуунд дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Хэдэн жилийн өмнө нэг их зээл авч эргэлдүүлж байна гэж өрөнд ороод. Байсхийгээд л шүүх, цагдаа болно. Нэг сонсохноо хамаг хөрөнгөө хураалгаж байна л гэсэн. Дараа нь ах дүү нар нийлж гэр авч өгөх гэж байна л гэсэн. Манай аав газрыг нь хариуцаж хөөцөлдөж өгсөн. Тэгэхэд нэг том охин нь оюутан байснаа сургуулиа орхиод, арван жилд сурч байсан бага нь дээд сургуульд ороо ч үгүй. Хашаа байшиндаа тэгсхийгээд гайгүй амьдрах байх гэж хэн хүнгүй бодож байтал нэг л өдөр өнөөхийгөө зарчихлаа гэж дуулдсан. Сүүлд сонсохноо хөдөө байдаг ах дүү нар руугаа явсан гэнэ лээ. Тэнд очоод бас хүмүүсээр даалгаж амьдарч байгаад өнгөрсөн жил жаахан гайгүй болсон гэсэн. Одоо хот руу сүү зөөж зардаг болсон. Надад бол зүгээр л хажуунаас нь сонсож байхад хэцүү байхад манай аав, ээж хоёр, за тэгээд тэр хүмүүс өөрсдөө ямар их шаналсан бол гэж боддог юм.

Багахныг өгөөд буцааж авахгүй гэдэг

    Монголын томоохон нэгэн компанийн захирал залуугаас бас л зээлийн асуудалд яаж ханддаг талаар нь сонирхож асуухад:

  - Хэцүү, хэцүү. Яах аргагүй найзалж нөхөрлөж явсан нөхдүүд хэдэн төгрөг зээлдээч гээд ирэхэд нь яаж ч чаддаггүй юм. Байхгүй гэвэл үнэмшихгүй, их олон юм ярина. Тэгж муудалцаж байснаас гээд нэг арга зохиосон л доо. Ихэвчлэн хүмүүс 100 мянгыг зээлдээч гэдэг болохоор нь байдлыг харж байгаад 20 юм уу, эсвэл 10 мянгыг өгөөд “Ингэж тусалъя, буцааж авахгүй” гэдэг юм гэж аргаа зааж өглөө.

I давхрын байрууд бүгд банкны салбар боллоо шүү дээ

       Иргэн Батаа (52 настай)

  - Хүмүүсийн өөдлөн дэвжих, юмтай болох хүсэл тэмүүлэлтэй байгааг ашиглаж, янз бүрийн нөхцөл, болзол, гоё сайхан үгээр урин дуудаж, зээл авахуулж байгаа нь иргэдийн зүгээс харахад харуусахаар юм болж байна. Мэдээж зээл авч буй хүмүүсийг хэн ч албадаггүй, өөрсдийнх нь л сонголт хэдий ч хүсэлдээ хөтлөгдсөн улс ердөө хэсэгхэн хугацааны дараа байр сууц, хашаа байшингаа улайм цайм өрөнд хураалгаж байснаас гээд яаран хямдаар худалдаж их л хохирч байх шиг байна.

  Одоо хар л даа. Хотын төвийн байрнуудын нэгдүгээр давхруудад хэчнээн олон банкны салбар байрших болов. Нэг өглөө босоод харахад л нэг нэмэгдчихсэн байдаг. Жирийн хүмүүст ийм байр олдохоо байсан. Нэг бол тэнгэрт хадсан үнэ хэлэх, нэг бол олдохгүй. Тэгтэл ийм олон банк байрлана гэдэг чинь дандаа л өрөнд хураасан байрнууд гэдэг нь ойлгомжтой. Уг нь соёлтой газар зээлдэгчдийг хамгаалж, зөвлөж байх хууль байдаг юм гэнэ билээ. Манай төр засаг юу хийж байдаг юм бол доо.

Төрийн зөвшөөрөлтэй дээрэм

         Ц.Оюумаа (багш)

    - Хадгаламж зээлийн хоршоонуудын бусдын мөнгийг хадгалж, хүү ихээр төлөн арвижуулж өгье гэдэг нь мөн л цаагуураа шуналын сэдэлтэй. Хүмүүсийн ядуу зүдүү байдлаа халах, өнгөтэй өөдтэй байх гэсэн хүсэл, эрэлтэд тулгуурлан өдөөж мөнгийг нь цүл пал хийтэл татаж байснаас баахан хүн хохироод байна шүү дээ. Үүнийг төрийн зөвшөөрөлтэй дээрэм ч гэж үзэж болно.   Үүнтэй санаа, сэдэл ойролцоо зүйл бол зээл авах хүсэл бадраах. Банкуудад алдах юм байхгүй барьцаа хөрөнгийг нь зараад л төлбөр хийлгэчих юм чинь. Уг нь иргэдэд мөнгө зээлдэхийн өмнө сургалт явуулж, эрсдэлд орж болзошгүйг нь сайтар сануулж, ойлгуулж байж зээл санал болгох учиртай.

Баяныг баяжуулж, ядууг үгүйрүүлнэ

  Бид нийтлэлээ бичихдээ уламжлал ёсоор иргэдээс судалгаа авсан юм. Тэгэхэд судалгаанд оролцогсдын олонхи нь банкуудыг “өмөөрч” байлаа. “Монголын банк санхүүгийн орчин эрүүл байж чадаж байна уу” гэсэн асуултад ихэнх нь “Тийм” гэж хариулсан байлаа. Харин бүгд хүү өндөр, зээлийн хугацаа богино болохоор мөнгөө эргэлдүүлж ашиг олох боломж хомс гэсэн байв. Мөн харахад андашгүй мөнгө төгрөгөөр дутдаггүй байрын хоёр найз ямар хүн банкнаас мөнгө зээлдэж ашиг хийдэг, харин ямар нь шатаад дуусдаг тухай тайлбарлаж байна аа. Тэд:

  - Баруун солгойгүй мөнгө цацаж явдаг хүмүүс хаанаас мөнгө олдог гэж бодож байна. Тэд банкнаас маш их хэмжээний мөнгө зээлж, хоромхон зуур ашиг хийчихээд барж ядаж явдаг байхгүй юу. Гол арга зам нь тендерт оролцож ялах. Энэ олон яам жилдээ хэдэн тендер зарладаг билээ. Бүгдийнх нь ялагч урьдчилаад тодорчихдог, мөнгө нь зохих төлбөр болон хахуулийнхтайгаа бэлэн байж байх ёстой. Тэр цагт пижигнэж очоод хэдэн саяар нь ч хамаагүй, шаардлагатай бол тэрбумаар нь зээлдэг. Нэгэнт ашигтай тендерийн ажлыг өөрийн болгочихож байгаа болохоор банкны хүү төлөх бол асуудал биш. Тэр хүмүүс л баяждаг. Үндсэндээ Монголын банк санхүүгийн бодлого бол баяныг улам баяжуулж, харин ядууг үгүйрүүлэхэд чиглэгдсэж байна шүү дээ гэв.

Ломбард чааваас гэмгүй ш дээ

  Мөнгө зээлдүүлдэг бас нэгэн эх үүсвэр болох ломбардуудаар орж санал бодлыг нь сонссон юм. Тэд бараг бүгд тохиролцчихсон юм шиг адилхан зүйл ярьж байлаа. Тэдний хэлснээр “Начин, заан”, “Хакуба” гэх лобардын хоёр том сүлжээнээс бусад нь үндсэндээ хорхойд гэмгүй гэнэ. Үйлчлүүлэгчидтэй харилцан тохирсны үндсэн дээр эд зүйлсийг нь боломжийн үнэлж зээл өгдөг. Аминд тулсан үедээ юухан хээхнээ барьж ирээд зээл авчихаж болдог ийм газартай байгаа нь монголчуудын амьдралд тус болж байгаа юу гэхээс ус болоогүй гэцгээж байна. Тэдэнд “Яарч сандарсан хүмүүс үнэтэй цайтай зүйлсээ тун багаар үнэлүүлдэг ч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй хураалгаж хохирох нь элбэг байдаг, тэр тохиолдолд ломбардынхан хождог” гэж тулгавал бүгд эсэргүүцэж байлаа.

  Харин ч өөрсдөө хулхидуулдаг гэнэ. Манай байрны ломбардын залуу хоёр ширхэг хуучивтар гар утас, бас “80 мянган төгрөг өгөөд туучихсан” гээд нэг “алтан бөгж” гарган харуулж хүмүүст хэрхэн чадуулдгаа тайлбарлаж байлаа. Тэр бөгжийг жинхэнэ алт гэж бодож байтал тавьсан хүн нь ирж авдаггүй гэнэ.

  Олон хоног өнгөрөхөд нь гэнэт сэтгэж, шалгаж сорилын шингэн дусааж үзтэл тэр дороо ногоорчихсон гээд харуулж байв. Тэр залуу сүүлд нь “Ломбард чааваас гэмгүй ш дээ, өөрөө өөрсдөдөө ажлын байр гаргаж, ойр зуурын орлоготой байх л гэж ингэж суудаг болохоос овойж оцойтол мөнгө хураах тухай ойлголт байхгүй хэмээсэн юм.

   10, 20 саяын тухайд энэ. Харин 100, 200 сая, бүр тэрбум хүрэхээр ямар байдаг бол.

Р.Оюунжаргал

Зээл чөлөөлөгч буюу гал унтраагчид бол мөлжигчид

      Хэрэв та анзаарсан бол зарын сонинуудад “Зээл чөлөөлнө” гэсэн зар олон байдаг.

  Би дүрд тоглож, хоёр айлын, хоёр давхар амины орон сууц мөн хашаагаа барьцаанд тавьж банкнаас нэг жилийн хугацаатай 10 сая төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа 11-р сарын 30-нд дуусна, дахин сунгахгүй гэсэн болохоор тэр зээлийг чөлөөлүүлж, өөр газраас мөнгө авах тухайгаа хэллээ. 99085... дугаартай зээл чөлөөлөгч: - Хашаа, байшингийн зээл чөлөөлөхгүй ээ, харин орон сууц бол боломжтой гэсэн хариу өглөө. Харин 96650..., 99155... дугаартай “гал унтраагчид” үйлчлүүлэгч олонтой завгүй байна гэв. Тэгээд ч гэр хорооллын орон сууц юм байна. Боломжгүй гэж амыг минь хаав. Дараачийн “Зээл чөлөөлөгч” 99296... руу ярьтал нааштай хүлээж авч эхний ээлжинд банкны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрээ, миний иргэний үнэмлэхийг шаардсан юм. Тэрбээр зээл чөлөөлсний хөлсөнд хашаа, байшингаас 10%, орон сууцнаас 4-5%-ийн шимтгэл авдаг гэнэ. Тэгэхээр дор хаяж, 1000000 төгрөг надаас авна гэсэн үг. Зээлийг ажлын 4-5 өдөрт чөлөөлнө. Гэхдээ тэр хүн миний зээлийг банкнаас чөлөөлчихөөд, цаашаа өөр банкнаас зээл авхад тусалж чадахгүй учраас зээлийг банкнаас банк руу шилжүүлэхэд зуучилдаг “Гал унтраагч”-ийн утсыг өгсөн юм. Холбогдтол, тухайн хашаа байшингийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэр бүлд байгаа насанд хүрсэн хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажил хийдэг, бизнес эрхэлдэг бол түүнийхээ тодорхойлолт гээд өчнөөн юм шаардлаа. Гал унтраагаад ахиад ноцоосныхоо хөлсөнд миний зээлийн дүнгийн 10-аас илүү хувьтай тэнцэх хөлс авна гэнэ. Бас зээлийг дараачийн банк руу шилжүүлж тэр банкнаас зээл өгөх хүртэл миний хөрөнгийн бичиг баримт “Зээл чөлөөлөгч”-ийн гарт, харин хуулбар нь надад байх ёстой гэсэн үг. Энэ хооронд бичиг баримтыг найдвартай хадгалах албан ёсны баталгаа байхгүй учир хувь хүмүүсийн итгэлцлээр шийдэх асуудал гэнэ.

  Тэгэхээр ийм барьцгүй, хамаг мөнгөө ч тавиад туучих магадлалтай “үйлчилгээ“-нд итгэж эд хөрөнгөөрөө тоглоход хүрэх хэрэг байна уу.

Ү.Мөнхзул

Мэргэжилтний үг

     Иргэд олноор зээлийн золиос болж хашрахгүй байгаа нь тэдний амьдарч сураагүйнх, иргэншээгүйнх, өөрөөр хэлбэл хувийн амьдралаа бусдынхтай зохицуулж төлөвлөдөггүй, санхүү, зээлийн тухай мэдлэггүйнх гэж дүгнэх хүмүүс дийлэнх байна. Энэ тухайд дараахь зөвлөмжийг орчуулагч А.Цэрэнчулууны бэлтгэснээр хүргэж байна.

Өр яагаад муу вэ?

      Өр тавих гэдэг ихэнхдээ өөрийгөө санхүүгийн эрхшээлд оруулж байгаа хэрэг. Таны өр өсөх тусам та санхүүгийн сүйрэлд орно. Өрийн хар ангал гэж зүгээр ч нэг бий болсон үг биш. Ихэнхдээ илүү их юм бүтээх гэж, тухайн үед өөрийнхөө мөнгөн хуримтлалаар бүтээж чадахгүй юмыг бүтээх гэж, богино хугацаанд санхүүгийн хэрэгцээт эх үүсвэрийг бий болгох гэж зээл авдаг. Ингэхдээ ихэнх хүмүүс ирээдүйд гарах үр дагаврыг олж хардаггүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн санхүүгийн байдлаасаа цааш хардаггүй байна. Өр тавих нь, ирээдүйд санхүүгийн нэмэлт ачаалал үүрч байгаа хэрэг. Өрийг буцаан төлөх ёстой.

    Зээл авна гэдэг, маргааш олох мөнгөө өнөөдөр урьдчилан хэрэглэж байгаа хэрэг. Гэтэл хүсэн хүлээж байсан үр дүн гарахгүй хүндэрвэл яах вэ? Зээл гэдэг таны хөрөнгийг тонож, өсөж өндийх боломжийг хязгаарлана.

  Та амьдралдаа санхүүгийн эрх чөлөө эдэлж, хангалуун амьдаръя гэвэл өр танд зөвхөн гай л болно. Та санхүүгийн байдлаа үнэлж цэгнэж үзээд, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаад өр тавихгүй байх, нэгэнт тавьсан өрөө төлөхийн тулд чадах бүхнээ хийгтүн.

Өр хэрхэн бий болдог вэ?

 Эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өр бүхэн өр биш, өөрөөр хэлбэл өр бүхэн ашиггүй байдаггүй. Орон сууц худалдаж авах, эсвэл хувийн байшинтай болохоор авсан зээл бол өөр хэрэг. Та өмчтэй болж байна. Ийм зээл таны цэвэр орлогод огтхон ч муугаар нөлөөлөхгүй. Тэгэхлээр таны санхүүгийн байдалд ямар ч сөрөг нөлөөгүй. Автомашин зээлээр авсан ч тэр. Нэг талаас та өртэй болж байгаа ч нөгөө талд өмч хөрөнгө бий болж байна.

  Харин хэрэглээнд зориулан авч байгаа зээл бол аюултай. Тавилга, хувцас, Hi-Fi төхөөрөмж, том дэлгэцийн ТВ, Дижитал аппарат, гэр ахуйн хэрэгсэл худалдан авах эсвэл зээл авч амралтад явах зэрэг нь аюултай. Энэ төрлийн хэрэглээний зээл авахаас зайлсхийгтун.

  Өр тавихын нэг гол шалтгаан бол буруу төсөөлөл. Өр зээлнээс болж ихэнх хүмүүс санхүүгийн сүйрэлд ордгийн нэг гол шалтгаан нь дэврүүн сэтгэлээсээ болдог. Мөнгөтэй харилцах урлагийг эзэмшсэн хүн харамсалтай нь тун цөөхөн.

  Өрийн талаархи ойлголтоо өөрчил, тэгээд санхүүгийн байдлаа бас өөрчил. Хэрэв та санхүүгийн эрх чөлөө эдэлж, чинээлэг хангалуун амьдаръя гэвэл байгаа мөнгөө хямгадаж сур. Та орлого, зарлагадаа хяналт тавьж, санхүүгийн тэнцвэр алдахаас болгоомжил.

       Өр тавихгүй, олж байгаа мөнгөндөө тохируулан амьдарч сурагтун. Ихэнх хүмүүсийн гол алдаа бол дуртай юмнаасаа татгалзаж чаддаггүйд байгаа юм. Хэрэв та ямар нэг шинэ юмтай болох гэж байгаа бол эхлээд энэ зүйлийг би өр тавихгүйгээр авч чадах уу хэмээн бодож байгаарай. Хэрэв өр тавихгүйгээр авч болохооргүй бол ядаад тухайн мөчид авахаас татгалз. Өнөөдөр худалдаж авчихаад, ирэх 12 юм уу 24 сард нь хуруу хумсаа тайрах шахах хэрэггүй. Санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралгүй, хангалуун сайхан амьдралд яавч ингэж хүрэхгүй!

Өрийг яаж үгүй хийх вэ?

 Эхлээд та өрийнхөө одоогийн байдлыг үнэлээд өрөө дарах довтолгооны хөтөлбөр боловсруулах хэрэгтэй.

• Зээлийнхээ үлдэгдлийг төлж барагдуулах хүртэл төлөх хүүгийн хамтаар бодож гарга

• Сарын орлогоо нэмэгдүүлэх нөөц боломжийг хайж үз

• Та зарлагаа нарийн хянаад хасч болох зүйлийг хас, тэгээд яг түүгээрээ ажилла

• Сул байгаа мөнгөө зөвхөн өрөө барагдуулахад зарцуул

• Томхон юм авахаас татгалз

• Эхлээд үнэтэй зээлээ дар, өрөө урьдчилан төлөхөд их зардал гарахгүйг бас бодолцоорой.

        Богино хугацаанд өрөө төлж чадахгүй бол бага хүүтэй зээлээр бүгдийг хаахыг бод. Энэ нь таны зээлийн хэмжээг бууруулж чадахгүй боловч төлөх хүүгийн чинь хэмжээг бууруулж өгнө. Хүү төлөхөөс хэмнэсэн мөнгөө та зээлээ төлөхөд зарцуулж болох шүү дээ.