Амин чухал эрхтэнүүд тань ямархуу “зан ааш”-тайг та ер нь мэдэх үү? Өөдрөг тэнүүн амьдахад эрүүл саруул явах нь хамгийн чухал гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Хүний эд эрхтэнүүд улирал даган өнгөө хувиргадаг байгаль шиг тус бүрдээ өөр өөр араншинтай гэнэ. Хүн, байгаль хоёр харилцан шүтэлцээтэй оршдогийн цаад учир ч үүнтэй холбоотой биз ээ. Байгаль, цаг агаар их бага хэмжээгээр хүний өвчин хуучийг сэдрээж байдаг нь нотлогджээ. Хүмүүний есөн нүх сүв, таван цул эрхтэн, арван хоёр үе мөч бүгд л байгалийн үзэгдэлтэй харилцан уялдаатай байдаг. Баяр баясал, уйтгар гуниг, айдас хүйдэс зэрэг хүний сэтгэлийн хөдөлгөөнүүд ч таван цул эрхтнээс үүсэлтэй гэнэ.

  Жилийн дөрвөн улирал хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг талаар танд одоо сонирхуулъя. Хаврын хавсарган цагаар элэг, цөсөө гамнах ёстойг мэргэжлийн эмч нар сануулдаг нь тохиолдлын зүйл биш юм. Хавирга нэвт үлээх хаврын салхи элэг, цөсний дайсан гэнэ. Харин аагим зуны улиралд зүрх, нарийн гэдэс өвчлөх магадлал их бол намар цагт уушиг, бүдүүн гэдсээ аль болох нандигнаж, өвчин хуучтай бол сэдрээхгүй талаас нь эмчилгээ хийвэл үр дүнтэй.

  Хахир хүйтэн өвөл хаалга тогшоод буй энэ үед бөөр давсгаа гамнах ёстойг та мэдэхэд илүүдэхгүй болов уу. Тиймээс хүйтний улиралд дулаан явж бай гэж эртнээс хөгшчүүд захиж ирсэн нь цаад утгаараа хамгийн чухал эрхтэнээ хайрлаарай гэсний дохио юм. Улирал бүхэн эд эрхтэнийг тань ийн “уруу татаж” өвчин үүсгэх шалтгаан болдог бол билгийн тооллын зарим сар өдрүүд ч бас эрүүл мэнддээ анхаарахыг сануулдаг байна. Тухайлбал, билгийн тооллын 3, 6, 9, 12-р сарууд нь улирлын цаг агаартай хүч хавсарч дэлүү болон ходоодны үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Таван цулаа хэрхэн гамнах вэ?

   Хүний таван цул эрхтэн биеийн бүх эд эстэй салшгүй холбоо хамааралтай байдаг. Тийм учраас таван цул өвчнөөс салж чадахгүй бол ойр орчмын эрхтнүүдэд нь нөлөөлдөг. Жишээ нь ходоод гэдэсний өвчин зүрх дэлүүнд илүүтэй нөлөөлдөг. Сайхан үнэртэй хоол нь энергийг тэтгэх гол эх үүсвэр болдог. Исгэлэн, шорвог, чихэрлэг гашуун, дарвигнасан амт нь тус бүртээ аль нэг дотор эрхтэнд цочрол өгч байдаг.

 - Хэт исгэлэн амт элэгний хийг хүчжүүлж дэлүүний хийг доройтуулна.

 - Хэт шорвог хоол идвэл яс янгинан өвдөж зүрхний хий муудна гэж үздэг.

 -Хэт чихэрлэг хүнс хэрэглэвэл зүрхний хий байнгын ачаалалд өртөж бөөрний хийн тэнцвэрийг алдагдуулдаг.

 - Хэт халуун ногоотой хоол идвэл булчин шөрмөс суларч, сэтгэл санаа доройтно.

 - Гашуун хоол хүнс хэрэглэвэл дэлүүний хий тэжээгдэхээ больж хоолны шингэц муудан, ходоодны суналт үүсдэг.

   Таван цул, зургаан саванд хуримтлагдсан амин хий, дээш нүд рүү чиглэн эргэлддэг бөгөөд тэдгээр эрхтэний хий цугларах гол төв аж. Тухайлбал, бөөрний хий нүдний цөцгийг цэвэрлэдэг бол элэгний хий эвэрлэг бүрхэвчийг дүүргэнэ. Зүрхний хий нь нүдний судсыг, дэлүүний хий нь дээд, доод зовхийг тэжээдэг. Харин уушигны хий нүдний цагаанд сайн нөлөө үзүүлдэг юм байна. Уушиг хүйтэнд хамгийн эмзэг Уушиг нь хүний бие махбодод орших хийг удирддаг бөгөөд арьс үс тэтгэх, бие дэх шингэнийг тараах, багасгах үүрэгтэй амьсгалын гол эрхтэн юм. Хамар уушигны сүв бол нус нь уушигны шингэн нь аж. Уушигны өвчнийг өвлийн улиралд намжааж, эдгээхгүй бол зун цагт сэдэрдэг. Хэрвээ таны уушиг их бага хэмжээгээр өвчилсөн бол хүйтэн хоол идэх, нимгэн хувцас өмсөхөөс зайлсхийх шаардлагатай. Хүйтний улиралд хамгийн эмзэг эрхтэн бол уушиг. Хүйтэнд уушигны хий дутагдалд ордог юм байна. Зүрх халуунаас айдаг Зүрх нь цусны эргэлт, хангамжийг зохицуулдаг гол эрхтэн. Цусны эргэлтийг мөн хянадаг. Хөлс их гарах нь цус ихэдсэнээс шалтгаалдаг бөгөөд энэ нь зүрхний шингэн ажээ. Зүрхний өвчин зун намждаг тул дулааны улиралд багтаан анагаахгүй бол хүйтний улиралд даамжрах аюултай. Хэрвээ таны зүрх өвчтэй бол хэт халуун хоол идэх, зузаан хувцаслахгүй байх хэрэгтэй. Өвчин үүсгэгч халуун нь зүрхэнд муугаар нөлөөлж, цусан хангамжийг ихээр зарцуулдаг учраас зүрх халууныг тэсвэрлэдэггүй. Салхинд цохиулахаас сэргийл Элэг биеийн цусыг хадгалдаг. Нүд элэгний сүв, харин нулимс шингэн нь юм. Элэгний өвчин зун намждаг. Хэрэв дулаан цагт эдгээж чадахгүй болвоос өвөл даамжирдаг байна. Салхинд цохиулахгүй байж халуун чанарын эм хэрэглэх нь зохилтой. Элэгний хий салхинд цохиулснаар зогсоход хүрдэг тул хүйтэнд тэсвэргүй эрхтэн. Дэлүүгээ гамная гэвэл цадтал бүү ид Дэлүү нь цус сэлбэх, булчин, дөрвөн мөчний үйл ажиллагааг хянах үүрэгтэй идээ ундааг зөөвөрлөж шингээдэг эрхтэн. Ам дэлүүний сүв, шүлс шингэн нь. Дэлүүний өвчин намрын улиралд намждаг бөгөөд сайн эдгээгүй бол хавар үгдэрч дорддог. Хэрвээ дэлүүгээ гамная гэвэл цадтал идэхгүй байх хэрэгтэй. Чийг нь дэлүүний зөөвөрлөх хувиргах үйл ажиллагааг муудуулж улмаар тамир барагдаж, бие хавагнахад хүргэдэг.

Бөөрний өвчин хавар намждаг

   Бөөр хүний бие дэх шингэнийг зохицуулдаг, элэг, зүрх, уушиг, цөс зэрэг бусад эрхтэнээс зайлшгүй чухал эрдэс бодисыг хүлээн авч, буцаан өгдөг эрхтэн. Хэлний доор үүсэх шүлс нь бөөрний шингэн юм. Бөөрөнд биеийн бүтэц, эрхтэний чадавхийг хэвээр хадгалах “амин хий” гэж байдаг.  Амин хий нь эрдэс бодис, амин дэм биед удаан хадгалагдан аливаа өвчнөөс сэргийлэх дархлаа болдог байна. Мөн бөөр нь ясны чөмгийг хариуцаж, биеийн шимийг хадгалдаг. Хаврын улиралд бөөрний өвчин намддаг ха бөгөөд тухайн цагт нь эмчлэхгүй бол зуны дулаан цагт бүр дорддог. Хэрэв бөөр тань өвчлөмтгий бол халуун хоол идэх галд ээж дулаацуулсан хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.