Би эх хүн. Хүү, охин хоёрын ээж. Өглөө хоёр хүүхдээ яаруулан байж хувцаслаад цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд нэг их санаа амарч, ажил руугаа ирдэг. Хүүхдээ төрүүлээд бор хоолонд дөнгөж ормогц нь хүүхэд асрах хүний эрэлд гарч, яаран сандран ажилдаа ордог. Гэрт удаан байхгүй гэсэндээ, хамт олон дунд орох гэсэндээ, бас ажилдаа дуртайдаа л хөхнөөсөө гараагүй жаахан амьтнаа хэн нэгэнд захиж орхиод ажил ажил гэж гүйдэг хэрэг.

Нэг харахад тэрсхэн төрсөн хүү, охин хоёр минь хэрэндээ хөөрхөн өсч, зургаа, дөрвөн настай болчихож. Аав, ээж хоёр нь өглөө гарч, үдэш орой л нэг харагддаг амьдрал. Хүүхдүүдээ заримдаа цоожлоод үлдээх үе ч бий. Томилолт өвөртлөөд хаа хол хэд хоногоор ч хамаагүй явчих нь бий. Манай хүүхдүүд дассан даа. Үдэш уулзах цөөн цагаа болж өгвөл тэдэнтэйгээ хамт өнгөрөөх гэж хичээх ч ар гэрийн ажил, иймээ тиймээд түүртээд хангалттай цаг гаргаж чадахгүйд хүрэх нь олон. Нэг үдэш хүүгээсээ асуулаа. “Миний хүү юу хүсч байна вэ?” гэж. Зургаан настай хүү минь том хүн шиг хэвлүүхнээр “Аз жаргалтай амьдрал” гэлээ.

 - Аз жаргалтай гэж ямар амьдралыг хэлдэг юм бэ гэхэд  - Сайхан..., дуртай..., гоё гэж өөрийнхөө мэдэх хамаг л сайхан үгийг хамж хэлчихээд инээд алдав. Бяцхан үр минь хорвоогийн амьдралыг энэ л гоё үгнүүдээр төсөөлж байгаагаа жаргалтай гялалзах хар нүдээрээ илэрхийлж байна.   Ингэхэд эцэг эхчүүд бид өөрсдийнхөө амь, биеийн хэлтэрхий энэ жаахан амьтдыг юу хүсч мөрөөдөж, бяцхан зүрхэндээ ямар бодол тээж явааг мэдэх бил үү. Хэрэг болгож хүүхдийнхээ хүсэл мөрөөдлөөс хуваалцаж, тэдний найз байж чадаж байна уу. Эсвэл над шиг ажил, энэ тэр гэсээр тэдэнтэй хамт байж, хүсэл мөрөөдлөөс нь хуваалцаж, хүмүүжилд нь нөлөөлөх цаг заваар хомс нэгэн үү?

  Уншигч эцэг эх та манай сэтгүүлтэй хамтраад хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн ертөнцөөр аялж, дараа нь өөрийнхөө хүүхдийн дотоод сэтгэл рүү, бас өөрийнх рүүгээ ч өнгийгөөд нэг үзээрэй. Бид бяцхан тэр ертөнцийг огтхон ч таньж мэдэлгүй явсаар томчуудын ертөнцөд аваачдаг юм биш байгаа.

Би ингэж хүсдэг...

З.Марал, 4 настай.   

      - Би зөндөө олон “ориг” барбитай болохыг хүсдэг. “Ориг” барби үнэтэй болохоор манай ээж баян болохоороо авч өгнө гэсэн. Уг нь надад зөндөөг авч өгсөн л дөө. Даан ч би үсийг нь хайчилмаар санагдаад хайчилчихсан чинь тоглох гэхээр аймаар санагдаад байдаг. Надад Нандин нэртэй том хүүхэлдэй бий. Аав маань миний төрсөн өдрөөр авч өгсөн. Би уг нь Нандингаа миний дүү гээд өвөртлөөд унтдаг байсан. Гэхдээ манай ах Нандинг сүнстэй гээд хэлчихсэн болохоор би бас айдаг болчихсон. Би эмэгтэй мөртлөө үсээ хусуулчихсан. Аав, ээж хоёр ингэвэл бүр гоё үс ургадаг гэж хэлсэн. Зөндөө удаж байгаа ч урт ургахгүй л байна. Би үсээ урт ургаасай гэж хүсдэг. Бас ээж балетийн сургуульд оруулна гэчихээд одоо болтол оруулахгүй л байна. Би хүлээгээд л байгаа. Гэхдээ би ахтайгаа дандаа зодоон хийж тоглодог болохоор ээж, аав хоёр намайг балетийн биш зодооны сургуульд оруулдаг юм бил үү гэсэн.

З.Хангай, 6 настай.

  - Би хүн аалз юм уу бэтмэн шиг нисч чаддаг, тэгээд зовсон хүмүүст тусалж, дээрэмчдийг барьдаг болохсон гэж хүсдэг. Хүн аалз болохын тулд аалзанд хазуулах хэрэгтэй болохоор би жаахан айгаад чаддаггүй. Гэхдээ би нисч байна гэж зүүдэлдэг. Би эмэгтэй дүүтэй. Хааяа дүүгээ зоддог байсан чинь аав надад “Дүүгээ зодоод байвал хүчтэй мундаг хүн болж чадахгүй” гэж хэлсэн. Одоо би дүүгээ зодохгүй байгаа. Би жаахан байхдаа онгоцны загвар зохион бүтээгч болно гээд олон янзын онгоц хийдэг байсан. Харин дараа нь миний хийсэн онгоцоор хүн явж байгаад сөнөчихвөл яана гэж бодоод больсон. Тэгээд аавтайгаа адилхан киноны хүн болно, харин яг юу хийдэг хүн болох вэ гэж бодож байгаад энэ зун “Чингис хаан” киноны зураг авалтан дээр очсон юм. Тэнд Боорчид тоглож байсан Золбоот ахыг хараад ерөөсөө жүжигчин болъё гэж шийдсэн. Золбоот ах намайг жүжигчин болно гэхийг сонсоод баяр хүргэсэн шүү. Би бас усан бассейнд явж загас шиг хурдан сэлж сурахыг хүсч байна.

Б.Тэмүүлэн, 6-р сургуулийн 3-р ангийн сурагч.

  - Би харсан бүх юмаа худалдаж авахсан гэж мөрөөддөг. Том болоод ээж шигээ ажилтай болохыг хүсдэг. Бас хөл бөмбөг тоглодог хүн болох юмсан. Хүүхэд болгон над шиг мөрөөддөг байх даа. Нээрээ, би төгөлдөр хуур тоглож сурахыг маш их хүсч байгаа. Даан ч олон хүнд тоглож өгөх гэхээр ичээд, зүрх түг түг гэж цохилоод чаддаггүй юм.

Т.Хүслэн 23-р сургуулийн 2 б ангийн сурагч.

  - Би аав, ээж, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гадаа гарахад анир чимээгүй, архичин хүнгүй, цэвэрхэн, хоггүй байх л жаргал юм. Хайраар дүүрэн, баяр баясгалантай, уйтгар гунигггүй, үргэлж инээж явбал надад аз жаргалтай. Би хүн бүхэн жаргалтай инээмсэглэж яваасай гэж хүсдэг. Хамгаас том хүсэл гэвэл би орчуулагч болохыг мөрөөддөг. Яагаад гэвэл өөр улс орон үзэж, хүмүүстэй танилцахыг хүснэ. Би хүсэлдээ хүрчихвэл эх орноо хөгжүүлнэ. Би ийм л мөрөөдөлд автдаг.

Б.Золбоот, 8 настай.

  - Миний нэр Батжаргалын Золбоот. Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын есөн жилийн дунд сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Би нэг дүүтэй. Аав, ээж хоёр минь Солонгост байгаа. Би аав, ээжийгээ маш их санадаг. Аав, ээж хоёр минь зөндөө их мөнгөтэй болж хурдан ирээсэй гэж дандаа хүсдэг.

 

Э.Золжаргал, 12 настай. “Их засаг” лицей сургуулийн 6-р ангийн сурагч.

  - Би айлын ганц хүүхэд. Тийм учраас дүүтэй болохыг хүсдэг. Охин дүүтэй болохыг хүсдэг. Мөн би том болоод маш аз жаргалтай, сайхан амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай, сайхан амьдрахын тулд ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй, бас эрдэм номтой сайн хүн болохыг хүсэх хэрэгтэй. Том болоод спорт загварын хар машинтай болохыг хүсдэг. Үлгэрт гардаг шиг маш том байшинтай болж, аав, ээжтэйгээ үүрд хамт амьдрахыг хүсдэг.

Э.Энххүслэн, 8 настай. “Уй цай” сургуулийн 3-р ангийн сурагч.

  - Би дүүтэй болохыг хүсдэг. Сайн сураад, Наруто шиг сайн зодолддог болмоор байна. Маш сайн компьютерчин болохыг хүсч байна. Би том болоод аав шигээ өндөр, том залуу болохыг хүсдэг.

 

Э.Алтан-Эрдэнэ, 9-р ангийн сурагч.

  - Би гэртээ ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Би бүр бага байхын л загвар зохион бүтээгч болохыг мөрөөдөж, хүүхэлдэй болон хувцасны загвар зурдаг байсан. Сайн сайн загвар зохион бүтээж, Европын Fashiоn TV Dolce Gabbanna, Versace, Chanel брэндүүд шиг өөрийн гэсэн брэнд нэрийн дэлгүүртэй болж, монгол бүсгүйчүүдэд ердийн үнээр зарахыг хичээх болно. Бас мөнгөтэй болсныхоо дараа биеэрээ болон сэтгэл санаагаараа хохирч буй эмэгтэйчүүдэд олсон мөнгөөрөө туслах юмсан. За, энгийн нэг охины хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг энэ...

Ё.Бат-Ирээдүй. 40-р сургуулийн 11-р ангийн сурагч.

  - Би одоо төгсөх ангийн сурагч. Одоо хэдхэн сар сураад л 11 жилээ төгсөөд оюутан болно. Би ер нь сургуулиа төгсөөд ШУТИС-ийн барилга, уул уурхай, геологийн инженерийн ангиудын аль нэгэнд ордог юм уу гэж судалж байгаа. Аль эсвэл СУИС-ийн кино драмын ангид. Гэхдээ ирээдүйгээ, ажлын байр энэ тэрийг бодох юм бол ШУТИС нь дээр байх л даа. Одоо ер нь ажиглаад байхад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн ихэнхи нь ажлын байргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Тэгээд бодоод байхад ер нь бол одоо Монголд хэчнээн их, дээд сургууль төгссөн ч тэр нь ач тусаа өгөхгүй юм шиг санагдаад байна... Миний хүсэл эрмэлзэл их олон. Одоохондоо хамгийн нэгдүгээрт тавьж байгаа зорилго маань 11 дүгээр ангиа төгсөөд өөрийн хүсч байгаа их, дээд сургуульд амжилттай элсэн орох. Энд нэг зүйлийг дурдах хэрэгтэй байх. Одоо ер нь их, дээд сургуулиудын төлбөр ихээр нэмэгдэж байна. Энэ асуудлыг хаа хаанаа харж үзэх шаардлагатай байх. Төлбөрийн энэ өсөлт 2008 оны 9 дүгээр сар гэхэд хэд болохыг хэн ч мэдэхгүй. За тэгээд, одооны миний үеийн хүүхэд, залуусийн хүсэл мөрөөдөл бүгд өөр өөр байх л даа. Би нэгдүгээрт тавьсан хүсэл мөрөөдөлдөө хүрчихвэл дараагийн хүсэл мөрөөдөл минь биелэхэд ойртох байх гэж бодож байна.

Ж. Батбаяр, 20-р сургуулийн 7-р ангийн сурагч

  - “Би хэрэв сугалаагаар 100 сая төгрөг хожчих юм бол хөдөө байгаа аав, ээждээ малаа өсгөөрэй гэж 10 саяыг нь шууд өгнө” гэж жилийн өмнө мөрөөдөж байсан юм6 Тэгтэл энэ жил тэгж бодохгүй л байна. Харин хүмүүсийг эрдэм номд сургаж, хүссэн мэргэжлийг нь олгож, сайхан амьдрахыг хүсч байна. Бүх өвчнийг хурдан эдгээдэг эм гарган авч, хүмүүсийг урт удаан аз жаргалтай амьдруулахыг хүсч байна.

Б.Энэрэлт, 2 настай /Түүнийг ингэж ярих болов уу гэж ээж Мөнхзул нь төсөөлсөн юм./

  - Би гэрийнхэндээ маш их хайртай. Дино нохойндоо.Даан ч тэр алга болчихсон. Би нэрийг нь хэлж чадахгүй Ляля гэж дууддаг эгчдээ хайртай. Бас ээжийнхээ дулаахан, зөөлөн гар, түүний хийсэн бантан, амттай сүүтэй моожго /тэр мөөмөө ингэж өхөөрддөг/ гээд л гоё доо. Би аав, ээждээ тэврүүлээд хамт унтах дуртай. Би ээжтэйгээ байнга хамт байхыг мөрөөддөг. Даан ч ээж болохгүй гэдэг. Ажил хийнэ, мөнгө олно, мөнгөгүй бол өлсөнө гэж хэлдэг. Ээж, аав хоёр ажилтай гээд дандаа оройтдог болохоор намайг дандаа Ляля эгч л авдаг. Би нээрээ, том болоод чихэр, жимс зардаг хүн болно гэж боддог. Хүссэн үедээ идээд л гоё,тээ...

Тунгалаг мөрөөдлийн өмнө...

       За та харав уу, хүүхдийн хүсэл мөрөөдөл тув тунгалаг гэдэг энэ. Бид хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг бяцхан гараар нь бичүүлж авсан юм. Тэдний тунгалаг ертөнцийн дүр төрхийг нэмж, хасч өөрчлөлгүйгээр орууллаа. Хүүхдүүд ийнхүү аз жаргал, гэрэл гэгээг хүсч, бүх л амьдралаа зол жаргалтайгаар төсөөлж байна. Тэгвэл томчууд бид тэдний ирээдүйн өмнө хүлээсэн, эх эцгийн үүрэг, хариуцлагаа бүрэн дүүрэн биелүүлж чадаж байгаа бил үү. Хамтдаа хариулах гээд хичээе.

Та хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг мэдэх үү

       Хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг сонсоод эцэг эхчүүдээс ингэж асуусан юм. Нэгээс дөрвөн хүүхэдтэй 70 эцэг эхээс хүүхэдтэйгээ хамт байх цаг зав гаргаж чадаж байгаа эсэхийг асуухад өдөрт нэгээс хоёр цаг гэж хариулсан нь 32, гучин минут гэж хариулсан хүн 15, дөрвөн цаг гэж хариулсан нь ес , зургаан цаг гэж хариулсан ээж, аав 10 байлаа. Амралтын өдрөө л хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гаргаж чаддаг гэж нэг ээж, гурван аав хариулсан.

  “Хүүхэдтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярилцсан бэ” гэхэд өнгөрсөн амралтын өдөр, хоёр хоногийн өмнө гэж судалгаанд оролцсон эцэг эхийн тал хувь нь хариулсан. Долоо хоногийн өмнө ярилцсан гэх ээж тав, аав найм байсан бол хэзээ ярилцсанаа сайн санахгүй байна гэж хоёр ээж, таван аав хариуллаа. Харин өдөр бүр ярилцаж чаддаг гэж 11 эцэг эх сэтгэл хангалуун хэлсэн.   Та хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг мэдэх үү гэж асуухад нийт эцэг эхийн 32 хувь нь мэднэ, 45 хувь нь хагас дутуу гэсэн бол үлдсэн 23 хувь нь мэдэхгүй гэж хариулав.

  Ээж, аавууд хүүхдүүдээ “ Элит амьдралыг хүсч мөрөөддөг байх, бэтмэн, хүн аалз болохыг, байранд амьдрахыг, урлагийн хүн болохыг, уралдааны машины жолооч болохыг, өндөр боловсролтой сайн хүн болохыг, ээж, аавтайгаа үргэлж хамт жаргалтай амьдрахыг мөрөөддөг байх” гэж “таамаглалаа”.

  “Гадаа гарахад анир чимээгүй, архичин хүнгүй, хоггүй орчин л жаргал юм. Хамгийн том хүсэл минь орчуулагч болох. Хүсэлдээ хүрчихвэл эх орноо хөгжүүлнэ” гэж бичсэн 23 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагч Т.Хүслэн охины хүслийг сонссон ээж Э.Туяа “Би охиноо боловсролтой хүн болно гэж хүсч, хичээлээ сайн давтдагийг мэднэ. Гэхдээ энэ жаахан охины минь сэтгэлд эх орноо хөгжүүлэх тухай бодол байдаг гэж бодсонгүй” гэж гайхлаа.

Томчуудын сэтгэлийг юу зовоож байна вэ.

       Өнөө цагийн эцэг эхийн сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа гол зүйл бол хүүхдүүдийн оюун ухаан руу хүч түрэмгийлэн дайрч байгаа зурагт, компьютер. Томчуудыг ажлаа хийж байх хооронд багачууд цэцэрлэг, сургуулиасаа гэртээ ирмэгц хийх юмаа олж ядаж, бүх цагаа зурагтын суваг нэгжиж, компьютер дээр байлдаж тоглон өнгөрөөж байна. Ээж, аавууд хэчнээн санаа зовнивч өөрсдөө ажил ихтэй, ар гэртээ байгаа тэдний юу хийж байгааг хянах боломж бага, тэгээд ч гэртээ ихэнхи цагаа өнгөрөөдөг багачуудаар өөр юу хийлгэхээ мэддэггүй. Чихээр сонсч, нүдээр харах “гайхамшиг” дунд байгаа хүүхдүүд ном шагайж ертөнцийг танихаас татгалздаг болж. Тиймээс зураг зурах, хичээлээ давтах гэх мэтэд багахан цаг зарцуулаад л “Би уйдаад байна, юу хийх вэ?” гэж томчуудаас асуудаг. Гэтэл томчуудад тэдэнтэй хамт байж, ярьж хөөрч, ном уншиж өгөх, хамтдаа зугаалаад байх цаг зав үгүй. Тэгээд ч манайд үр хүүхдээ дагуулаад очих аятай тухтай газар гэж юу билээ, гэртээ л байхаас өөр аргагүй. Үүнээс болж олон эцэг, эх хортой, мууг нь мэдсээр байж нүдээ анин байж хүүхдээ зурагт, компьютертэй найзлуулаад орхичихдог. Сүүлийн үед компьютер тоглоомд донтож, шар хадны эмнэлэгт хүргэгдсэн багачуудын тоо нэмэгдэж байгаа тухай эмч нар халаглаж байна.

Тиймээс эцэг эхчүүдэд хандаж гаргасан доорхи зөвлөмжийг хүргэе.

Зурагт:

 - Хоёроос доош насны хүүхдэд зурагт бүү үзүүл

 - Таны хүүхэд том бол зурагт үзэх цагийн хуваарь гаргаж өг

 - Боломж байвал хүүхэдтэйгээ хамт зурагт үз

 - Хүүхдийн өрөөнд зурагт тавих хэрэггүй

 - Зурагтаар гарч байгаа зар сурталчилгааны тухай хүүхэдтэйгээ ярилцаж, элдэв сурталчилгаа их явбал зурагтаа унтраа.

Компьютер:

 - Дайн байлдаантай тоглоом аль болох бага тоглуул

 - Интернетээр аялах цагийг нь хязгаарла

 - Хэрэггүй мэдээлэл хортой гэдгийг ойлгуул.

Халаасны мөнгө

       Манай хүүхдүүдийн цэцэрлэгээ явдаг замд нэг ТҮЦ байдаг. Бусад цагт ажилладаггүй тэр ТҮЦ хүүхдийн цэцэрлэг нээгдэх, хаагдах яг тэр цагт л цонхоо нээдэг. Ажиглаад байхад багачууд тэр цонхноос л юм авахгүй бол цэцэрлэгтээ орно гэж гонж. Яаж ч аргалж, хэлээд нэмэргүй. Бүгд гартаа нэг нэг амттан барьсан хойноо л сая нэг сэтгэл амарч “ажилдаа” явдаг. Бяцхан багачуудаар дамжуулж орлого олдог тэр ТҮЦ-нд дан Хятадын есөн шидийн өнгө будаг, хийжүүлж, саармагжуулсан амттан байх. Ингэж эцэг эхийн мөнгө бага багаар үрэгдэж, багачуудын шүд нүдэн дээр харлаж, цаашлаад бие эрхтэнд нь ч сөрөг нөлөөлөл очих цонх “газраа олоод” ажилласаар. Орчин үеийн хүүхдүүд дөнгөж хэл, хөлд ормогцоо мөнгө гэдгийг хамгийн чухал, хамгийн хэрэгтэй эд гэж ойлгож байна. Хүнээс жижигхэн бэлэг авч байснаас мөнгийг нь авчихвал хамаагүй дээр гэнэ. Хүүхдүүдийн бүхнийг сонирхож авч идэж, тоглох хүсэл дээр дөрөөлөн бизнес хийж, халаасаа түнтийлгэдэг хүн энэ дэлхийд олон. Германд л гэхэд зургаагаас арван гурван насны хүүхдүүдийн хэрэгцээнд зөвхөн нэг жилд зургаан миллиард евро зарцуулсан гэх тоо гарчээ. Нэг герман хүүхэд жилд өөрийн хэрэгцээндээ 1000 евро зарцуулж байгаа гэнэ.

  Сүүлийн үед монгол хүүхдүүд эцэг эхээсээ мөнгө нэхэх нь ихэссэн байна. Ээж, аавууд ч үр хүүхэддээ үзүүлж чадахгүй байгаа хайр халамж, цаг заваа мөнгөөр “нөхөж” халаасны мөнгө өгөөд дураар тавих нь олширчээ. Хүүхэд сургуульд орсон л бол автобус унааны мөнгөнөөс эхлээд ойр зуурын мөнгөтэй явах хэрэгтэй болдог. Зарим гэр бүл хүүхдүүддээ долоо хоног бүрийн халаасны мөнгийг нь долоо хоногийн эхэнд тооцож өгдөг гэнэ. Тооцоотой өгсөн энэ мөнгө хүүхдийг мөнгөтэй харьцаж, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж өгдөг сайн талтай. Гэтэл зарим чинээлэг айлын хүүхэд халаасандаа 100 доллартай явдаг тухай ангийнх нь хүүхэд ярьж байна. Хүүхдийн халаасанд ийм мөнгө өгөх нь тухайн хүүхдийг бардам, дээрэнгүй болгохоос гадна бусдын халдлагад өртөх өгөөш болгох аюултай гэнэ.

Тиймээс ээж, аавуудад хандаж:

 

  - Хүүхдэд тогтмол хэмжээний халаасны мөнгө өгч бай

  - Халаасны мөнгөө хүргэж байхыг зөвлө

  - Зөвхөн аргагүй тохиолдолд л мөнгө нэмж өг

  - Мөнгөө хэмнэхийг зөвлө

  - Зээл авна гэдэг зөв шийдэл биш, хүү төлдөг гэдгийг ойлгуул гэж сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөхүүд зөвлөдөг юм байна. Хүүхдэд өр тавьж болдог гэдгийг бүү ойлгуул гэж тэд дуу нэгтэй хэлж байгаа юм.

Хүүхэд ба зар сурталчилгаа

       Хүүхдүүд зар сурталчилгаанд үнэн сэтгэлээсээ итгэдэг гэнэ. Тиймээс ч хүүхдээр дамжуулж томчуудын түрийвчнээс мөнгө гаргуулахын тулд багачуудын сэтгэлзүйд нөлөөлөх зар сурталчилгаа явуулахыг энэ төрлийн бизнес эрхлэгчид сонирхдог. Вакус витамин уумагцаа ээж, ааваасаа том болчихдог хүүг хараад хүүхдүүд ч мөн түүн шиг суга өсөхийг хүсдэг. Витамины тухайд бол яахав, ингэж сурталчлах нь сайн уу гэхээс муу биш. Гэтэл янз бүрийн хийжүүлсэн ундаа, амттан, тоглоомыг зурагтаар харсан багачуудын арааны шүлс асгарч, заавал авна гэж аав, ээжийгээ шаналгах нь бий. Байнга зурагт үзэж, зар сурталчилгаануудыг бараг цээжилсэн хүүхдүүд “Ээж ээ, “Ангаахай” дэлгүүрт гоё хүн аалзны хувцас ирсэн байна” гэх мэтчилэн ээжийнхээ мэддэггүй дэлгүүрийн хаягийг зааж, худалдаалж байгаа зүйлсийг нь нэрлэж байна.

  Хүүхдэд дэлгүүрт байгаа бүх л юм амттай, гоё, сайхан санагддаг. Тиймээс эцэг,эхээ дагаж дэлгүүрт орсон л бол заавал хүссэн юмаа авах гэж оролдон, авч өгөхгүй бол юу ч хамаагүй авч санаагаа амраах өхөөрдөм оролдлого хийх нь бий. Ээж, аавууд хүүхдүүдийн энэхүү бяцхан “шунал”-аас яаж бултах аргаа олохгүй байх нь олон гэнэ. Зарим нь “Баян болохоороо авч өгье” гэж аргалах нь бий. Гэтэл ингэж хэлснээр хүүхдэд “Манайх баян биш, ядуу айл. Баян айл гэж тусдаа байдаг” гэх нэгэн бодол төрж, өөртөө итгэлгүй, сул дорой хүн болох тал бий гэнэ. Тиймээс ээж, аавууд бяцхан “зулзага”-нуудтайгаа яаж харилцахаа нарийн бодох ёстой болох нь.

Хүн есөн амьтай байдаг...

       Хүүхэд гэдэг хэтэрхий гэмээр гэнэн итгэмтгий, цагаан цайлган “амьтад”. Хоёрхон бодит жишээ бичье.

  Зургаан настай Хангай өөрийгөө дандаа хүн аалз, бэтмэн, супермэн болж байна гэж төсөөлдөг. Хөдөө өвөөгийндөө очсон түүнийг нэг удаа байшингийн дээвэр дээр гарсан байхыг эмээ нь олж хараад учиргүй айж, сандран арай гэж буулгаж авчээ. Тэгээд “Яаж байгаа юм бэ, унаад үхнэ шүү дээ” гэтэл нь тэр “Би юу гэж унах юм бэ, конопоо /товчлуураа/ дараад л далавчаа дэлгээд нисчихнэ шүү дээ” гэж хээв нэг хариулав гэнэ. Эмээ нь хүн конопоо дарж, далавчаа дэлгээд нисдэггүй гэдгийг ойлгуулах гэж ядахад нь хүү харин өөдөөс нь “Хүн үхдэггүй юм аа, үхсэн ч есөн амьтай байдаг юм” гэсэн байна. Компьютер тоглоомонд байдаг есөн амьтай хүнээр хүний амийг төсөөлдөг юм байж.

  - Цэнгэл хүү тахианы өндгийг өөрөө дарж, ангаахай болохыг нь өдөржингөө хүлээсэн гэнэ. Аав нь түүнд “Номертой /дугаартай/ өндөг шувуу болохгүй ээ гэж хэлтэл хэдэн өдрийн дараа аав руугаа утасдаад “Та надад номергүй өндөг авч ирээрэй” гэжээ.

  Хүүхэд гэдэг ийм өхөөрдөм, гэгээн “амьтан” байхгүйсэн бол томчууд бид хаанаас аз жаргалыг эрэх билээ. Тэдний хүсэл мөрөөдлийг ойлгож, мэдэрч, тэднийхээ аз жаргалтай, гуниггүй харцыг харж, хорвоогийн амьдралыг утга учиртай болгож яваа билээ, томчууд бид чинь. Хүүгээ, охиноо ойлгоё. Тэдэнтэйгээ ярилцъя, халуун энгэртээ нааж, хайраа мэдрүүлье. Хайрлуулж өсөн хүүхэд муу хүн болдоггүй гэдэг.

Ургаж буй сарнай дээр шавхай бүү цац

       Хүүхдийн хүсэл мөрөөдлийн тухай бичиж байгаа сэтгүүлч би хоёр хүүхдийн ээж гэдгээ дээр хэлсэн. Ажил, энэ тэр гэж сатаарсаар хүү, охин хоёроо ёстой “зөнгөөр” нь өсгөж байгаа нөхөр. Биднийг багад аав, ээж маань бас цоожлоод л ажилдаа явдаг байсан. Эгч, бид хоёр дүү нараа үүрч, дүүрээд л заримдаа хүзүүгээр нь оосорлож чирээд л, концерт, киноны дүрд тоглож, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулсаар хүн болсон. Аав, ээж минь хайр халамжаар дутаагаагүй ч бидний үеийнхэн нийлэхээрээ “бид ч зөнгөөрөө л өссөн улс” гэж эцэг эхээ жаахан “буруутгах нь” бий. Ер нь тэр үеийн эцэг эхчүүд үр хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан, эрүүл энх л явж байвал хүсэл мөрөөдөл, хүмүүжилд нь тусгайлан анхаараад байх нь ховор байсан шиг. Айл бүр дөрвөөс дээш хүүхэдтэй, олуулаа бужигнаж, том нь багыгаа чирсээр хүн болгодог байж. Тиймээс ч монголчууд хүүхдийг хүмүүжүүлдэггүй, зөвхөн өсгөдөг гэж гадныхан хэлдэг байж болох. Харин одоо цаг өөр болсон. Гэр бүлүүд ихэнхдээ ганц хоёрхон хүүхэдтэй, түүнийхээ төлөө бүхнээ зориулж, аль сайн цэцэрлэг, сургуульд явуулж, боловсролд нь уралдан анхаардаг болж. Гэхдээ хүмүүжилд нь анхаарч чадаж байна уу?

  Хүүхэд сургууль, цэцэрлэгээс юм сурна аа. Гэхдээ хамгийн гол нь гэр бүлийн орчин ямар хүн болохыг нь тодорхойлж өгдөг гэдгийг энэ нийтлэлийг бичих гэж олон хүнтэй уулзаж явахдаа ёстой голдоо ортол ойлголоо. Хүүхэд гэдэг бяцхан хүний хүсэл сэтгэлийг ойлгож, хамгийн дотно анд найз байх нь орчин цагийн эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх гол арга байх ёстой юм байна. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг унтраах, итгэлийг нь хөсөрдүүлэх ганц ч алхам хийж болохгүй гэдгийг доорхи жишээнүүд ойлгуулах байх аа.

 Ц.Сарантуяа, 30 настай.

  - Би жаахан, дөрвөн настай байх үедээ ээж, аавыгаа эзгүй байх үед гэрийнхээ хамгийн гоё болор аягыг хагалчихав аа. Өдөржингөө айж, яах вэ гэж бодсон. Тэгээд нэг кинон дээр үнэнээ хэлсэн хүүхдийг ээж нь загналгүй өнгөрдгийг санаад ерөөсөө л ээжийгээ ирэхээр үнэнээ хэлье гэж шийдсэн. Тэгээд ээжийгээ ирэхийг хараад учир зүггүй өөдөөс нь гүйлээ. Очоод “ Ээжээ, би гэрийхээ болор аягыг хагалчихсан” гэж цовоо нь аргагүй хэлтэл ээжийн минь царай хувьсхийж, намайг загнаж, тэр бүү хэл алгадаад авсан. Түүнээс хойш би ээждээ үнэнээ хэлэхээ больсон. Олон жил өнгөрч дээ, ээж минь тэр явдлыг бараг мартсан байх. Харин би одоо болтол мартаж чаддаггүй юм.

 М.Туяа, 31 настай.

  - Би тэр үед Говь-Алтай аймгийн Алтай суманд амьдарч байсан. Нэгдүгээр ангийн жаахан охин би ангийнхаа багш Энхтуяа гэдэг монхор хамартай эмэгтэйг хорвоогийн хамгийн сайхан хүүхэн, бас сайн багш гэж боддог байлаа. Нэг өдөр багш маань зурагт зурж ирэх даалгавар өглөө. Би орой гэртээ хариад зургийн дэвтрээ гаргаж, гэрийнхээ /тэр үед манайх гэрт амьдарч байсан/ баруун талын бүх зүйлийг чин сэтгэлээсээ зурлаа. Тэр талд зурагт байсан юм. Зурагтаа, хажууд нь өрж тавьсан чемоданууд, ширээ гээд л бүхнийг ёстой гараа гаргаж зураад, зурсан хойноо хөл газар хүрэхгүй баярлаж, хурдхан өглөө болоосой, багшдаа даалгавраа үзүүлэхсэн гэж дэгэлзсээр хоносонсон. За ингээд хичээл ч эхэллээ. Багш даалгавар шалгаж байна аа. Би дэвтрээ гаргаад, багшийн ирэхийг тэсэн ядан хүлээсэн. Гэтэл яасан гээч, багш ирээд намайг нүүр нүдгүй загнаж гарав. “Зурагт зур гэж байхад юун баахан юм хамаад зурчихсан юм, наад хажууд нь юу байгаа юм бэ” гэж ирээд л... тэгээд хажууд минь суудаг Баска гэдэг бандийн зурагтанд /харваас том хүн зурсан нь илт, дэвтрийн голд томоос том зурсан гоё зурагт байсан нь одоо ч нүдэнд харагддаг/ “Онц” дүн тавиад надад “Дунд” тавьж билээ. Би тэр цагаас хойш тэр багшийг хорвоогийн хамгийн муу хүн гэж боддог болсон. Том болсон хойноо тэр багшийг буруу зүйл хийснийг ойлгож, багш хүн хэзээ ч хүүхдийн сэтгэл рүү ус цацах алхам хийж болохгүй гэдгийг ухаарсан. Тэр багш мэдээж үүнийг ойлгохгүй хүн байсандаа л жаахан охины сэтгэлд тийм зүйл хийсэн байх гэж одоо боддог юм. Тийм хүмүүс дөнгөж ургаж буй сарнай дээр тоох ч үгүй шалбааг цацдаг юм билээ.

Мөрөөдөлдөө хүрэх зам

 Америк сургуулийн наймдугаар ангийн сурагч, 13 настай Э.Цэнгэлсайхан хүсэл мөрөөдлөө бичиж өгөөч гэх хүсэлтийн минь хариуд үүнийг бичиж өгсөн юм. Тэгээд “Энэ бол мөрөөдөл биш, харин түүнд хүрэх миний арга” гэлээ. Хүүхдүүдэд, магадгүй томчууд бидэнд ч энэ арга тус болж магадгүй хэмээн бүрэн эхээр нь нийтэлж байна.

  “Хүн болгонд мөрөөдөл байдаг. Харин тэд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө мөрөөдөх хэрэгтэй. Зарим хүн мөрөөдөлдөө эргэлздэг. Үнэндээ бол ямар ч хүн хичээвэл мөрөөдлөө, ямар ч эргэлзээгүй биелүүлчихдэг л юм даа. Харин та өөртөө зорилго тавь. Зорилго бол таны мөрөөдөл рүүгээ алхах түлхүүр болж чадна. Эцэст нь та өдөр болгоныг мөрөөдөл рүүгээ нэг нэг алхахад зориул. Амьдрал - хоног хоногоор үргэлжилдэггүй. Амьдрал гэдэг секунд секундаар үргэлжилдэг. “Халаасанд хадаас байвал хэзээ нэгэн цагт тэр хадаас даавууг цоолон гарч ирдэг”. Миний бодлоор энэ үг “Хэрвээ чамд авьяас байвал хэзээ нэгэн цагт хэрэг болдог” гэсэн утгатай байх.

  Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж битгий хойш тавь.   Өөрөө хийж чадах зүйлээ хүнээр битгий хийлгэ. Хоол, хувцас, хичээл бүхнээс чамд хамгийн хэрэгтэй нь өөртөө итгэх итгэл юм.” Энэ үгнүүд надад мөрөөдлөө биелүүлэхэд минь тусалдаг.

  Ийнхүү сэтгүүлч би хүүхдийн ертөнцөөр аялсан бяцхан аялалаа өндөрлөж, нийтлэлээ өндөрлөх цаг боллоо. Би үүнийг бичиж байх хугацаандаа хүүхэд гэдэг ямар гэгээн ариун амьтан болохыг, томчууд бид тэднийг бүрэн дүүрэн ойлгож, хайрлаж чаддаггүй болохоо сэтгэлийнхээ гүнд ойлгосон. Үнэнийг хэлэхэд урьд өмнө байгаагүйгээрээ хоёр хүүхэддээ анхаарал хандуулж эхэлсэн шүү. Уншигч танд ч тийм хүсэл төрөөсэй. Хүүхдүүд минь түгшүүр зовлонгүй, чин сэтгэлээсээ аз жаргалыг мэдэрч өсөөсэй. Хүүхэд нас богинохон шүү дээ.

  Харин одоо танд бусад эх сурвалжаас авсан мэдээлэл, зөвлөмж хүргье.

Ё.Мөнхтуяа

Бяцхан “томчууд” Томчууд хүүхдийн сэтгэл зүйг харьцангуй орой, одоогоос 100-гаад жилийн өмнөөс шинжилж эхэлжээ. Амьдрал хэцүү, хүүхдийн эндэгдэл их байсан цаг үед юун хүүхэд, хүүхэд насыг тэгсхийгээд л өнгөрөөдөг байж. Бүр хүүхдэд зориулсан тусгай хувцас гэж байхгүй байсан гээд бод доо. Бяцхан охид ээж нартайгаа адилхан урт дэрвэгэр даашинз өмсөж, хөвгүүд аав нар шиг костюмтай л гүйлддэг байж. Бяцхан том хүмүүс шиг инээдтэй харагддаг байсан цаг саяхан. Хүүхэдтэй холбоотой түүх, дурсгалын зүйл нэг их байдаггүй нь томчууд ийнхүү хүүхдийг хайхарч үздэггүй байсантай холбоотой. Хүүхэд хэрхэн хүмүүжихийг хүсдэг вэ Хүүхэд гэдэг бяцхан ертөнц хэрхэн хүмүүжихийг хүсч, эцэг эхдээ юу гэж хэлмээр байдгийг сэтгэл зүйчид болон гэр бүлийн зөвлөхүүд “Миний хүүхэд бид хоёр” хамтран бичсэнийг манай орчуулагч А.Цэрэнчулууны герман хэлнээс хөрвүүлснээр танд хүргэж байна. Эрхэм эцэг эх та залхууралгүй уншаад үзээрэй. Магадгүй, та хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг тухайгаа эргэцүүлэхэд ч хүрч болох юм. Манай редакцийн хамт олон энэхүү зөвлөмжийг машид олзуурхаж, ээж, аав, цэцэрлэгийн багш бүр заавал унших ёстой үнэт зөвлөмж гэж үзэж байгаа юм.

      - Намайг муу занд сургах хэрэггүй. Хүссэн болгоноо авч болохгүйг би сайн мэднэ. Гэхдээ би үзээд алдахыг л боддог юм.

      - Намайг өөрөөр байлгах гэж бүү хичээ. Тэгнэ, ингэнэ гэж битгий айлга.Надад ингэх нь таатай байдаг тул ингэх дуртай.

      - Муу зуршилтай болохоос минь сэргийлж, болохгүй зүйлийг эхнээсээ надад анхааруулж байгаарай, үүнд би итгэдэг шүү.

      - Хэн нэгний дэргэд битгий өөнтөглөж, бас сургаж байгаарай. Хоёулхнаа байх үедээ аядуу хэлсэн үгийг тань би илүү их анхаарч авах болно.

      - “Та ёстой муухай” гэж намайг хэлбэл та битгий гомдоорой. Та минь хаанаас муухай байхав дээ, хүчээр тулгаж байгаа тань, хүслийг минь няцааж байгаа тань л муухай байхгүй юу.

      - Хийх гэж байгаа зүйлийг минь буруу байна, боль гэхэд тань болихгүй байвал бүү уурлаарай. Би хааяа алдаанаасаа сургамж авч байя л даа.

      - Эвгүй хөдөлгөөн бүрийг минь залруулах гэж бүү хичээ, санаснаараа бас хөдөлмөөр байх юм. -Хааяа дүлий царайлаад байх юм бол харааж битгий үглээрэй, олон таван үгнээс чинь халшраад огт дуулаагүй мэт царайлдаг шүү.

      - Бодлогогүй зүйл битгий амлаарай. Хэрэгжүүлэхгүй бол би тандаа хачин их гомддог шүү.

      - Баримжаагүй битгий аашлаарай, найдлага горьдлого минь унтрах болно, тэгээд итгэл алдрах болно.

      - Асуусан бүхэнд минь хариулж байгаарай. Хэрэв таныг тоохгүй бол хэзээ ч таниас дахиж асуухгүй, хаа нэгтэйгээс хариу эрж олохоор хичээж явааг та яваандаа мэдрэх болно.

      - Яасан аймхай юм гэж намайг бүү зэмлээрэй. Үнэхээр заримдаа аймаар байдаг юм. Өөрийгөө та миний оронд тавиад ойлгох гэж хичээвэл би харин тайвширна шүү.

      - Бүхнийг чаддаг, алдаа гаргадаггүй хүн шиг өөрийгөө битгий ойлгуулаарай. Хаа нэгтээ таныг гэнэдвэл харин би чинь бүр их цочирдох болно.

      - Хүүхдээсээ уучлал гуйх нь том хүнд ичгэвтэр зүйл гэж огтхон ч бодох хэрэггүй. Үнэн сэтгэлээсээ хааяа уучлал гуйх юм бол би танд улам илүү итгэх болно.

      - Алагхан үр би чинь алхам тутамдаа хорвоотой танилцаж байгаа гэдгийг битгий мартаарай. Үүнгүйгээр том болохгүйг та мэдэж байгаа шүү дээ. Тэвчээрэй аав, ээж минь.

      - Хэчнээн хурдан өсч торниж байгааг минь бодолцоорой.Тэр болгонтой минь алхаа нийлүүлэх гэдэг танд хэцүү байгаа нь мэдээж, тэгэхдээ зүтгээд байгаарай.

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ

Энхрийхэн үр би чинь ээж, аав та хоёрынхоо хайр ивээлгүйгээр өсч торниж, бас сайн хүн болж чадахгүйг минь бодолцоорой. Нийслэлийн тэргүүний 147-р цэцэрлэгийн ерөнхий менежер, Боловсрол судлалын доктор, зөвлөх багш, академич Ц.Оюунгэрэл хүүхдийн хүмүүжлийн эргэн тойронд, өнөө цагт цэцэрлэгийн багш нарын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар санал бодлоо хуваалцлаа.

Тоглох л гэж ирдэг нас

  Монголын ирээдүй болсон хүүхдүүд маш гоё орчинд сурч хүмүүжих ёстой. Хүүхдүүд маш гоё цэвэрхэн, дулаахан, тоглоом наадгай нь хангамж хүрэлцээ элбэг, дуртайгаараа тоглож болдог “Хөх хулганы орон” шиг ангид өдөржин тоглож, өөрийгөө баярлуулж байх ёстой гэж би боддог. Бага насны хүүхдийн нас бол тоглоомын нас. Гэтэл манай өнөөгийн нөхцөлд улсын цэцэрлэгүүд ийм орчин бүрдүүлэхэд эдийн засгийн боломж муу байна.

Сэтгэл гундуу багш

  Сүүлийн үед цэцэрлэгүүдийг тэр сайдын авгай, энэ ч УИХ-ын гишүүний авгай гэх мэт хүүхдийн сэтгэлзүй мэдэхгүй, мэргэжлийн биш хүн удирдах болсонд би гайхаж, эмзэглэж байна. Багш нарын цалин хөлс муугаас болж цэцэрлэгийн багш нар ажилдаа сэтгэл хангалуун байж, чин сэтгэлээсээ ажиллаж чадахгүй байна. Улсын цэцэрлэгийн багш нар тасралтгүй арван цагаар ажиллаж, өглөө харанхуйд ирээд орой харанхуйд харьж байна. Хүний 30-40 хүүхдийг бүтэн өдөржин нүд салгахгүй хараад 100 гаруйхан мянган төгрөгийн цалин авч, тэр нь үнэндээ амьдралд нь хүрэлцэхгүй, өрнөөс өрийн хооронд амьдарч байгаа болохоор сэтгэл санаа нь гундуухан, нүдэнд нь цог заль харагдахгүй, мөнгө бодсон байдалтай л ажиллаж байна. Хүүхэдтэй ажиллаж байгаа болохоор сэтгэлийн баяр жаргал гэж мэдээж байгаа л даа. Гэхдээ л хүүхэд нь утасдаад “Ээжээ би гутал авмаар байна, ээжээ сургалтын төлбөр, ээжээ би тийм дамжаанд явмаар байна, мөнгө...” гэнэ. Бүгд л цаанаа гэр оронтой, үр хүүхэдтэй. Цэцэрлэгийн салбарт ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд ажиллаж, ганцхан хүний цалингаар ар гэрээ тэжээж байгаа нь элбэг.

Эрэлт

  Эцэг эхчүүд хүн гэдэг үнэт металл, хамгийн чухал, маш үнэтэй баялаг гэдгийг мэдэж ганц хүү, ганц охиноо оюунлаг болгоход багаас нь анхаардаг болжээ. Тиймээс эцэг эхчүүд цэцэрлэгт хандахдаа асууж байна. Танайд төгөлдөр хуурын анги байна уу, англи хэлний анги байна уу, бүжгийн анги байна уу, орос хэлний анги байна уу, би хүүхдээ уран гимнастикчин болгох гэсэн юм, танайд тийм анги байна уу гэж. Гэтэл улсын цэцэрлэгт тийм анги байдаггүй. Эцэг эхчүүдийн энэ хүслийг л цэцэрлэгүүд хангадаг байх ёстой гэж би боддог. Гэтэл эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хэдийгээр би бодоод манайд боловсон хүчний нөөц байлаа ч гэсэн цэцэрлэг дээрээ шууд ийм анги нээж болохгүй. Орос хэлний анги нээгээд нэг хүүхдээс сард таван мянган төгрөг аваад эхлэх юм бол яам хяналтын алба зөвшөөрөхгүй. Ирээд торгууль тавьж байна. Гэтэл нийгмийн хэрэгцээ байна, хэрэглэгчдийн хүсэлт байна. Нэгэнт боловсролын салбар юм чинь, эцэг эхчүүд, хүүхдүүдийн хүсээд байгаа шиг тийм л сургууль цэцэрлэгийг бэлдээд өгвөл хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх үүд юм.

  Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжлийг их багаас нь сонгодог болчихож. Би хүүхдээ инженер болгох гэсэн юм, би хүүхдээ Хөгжим бүжгийн коллежид оруулах гэсэн юм, гурван настайгаас нь төгөлдөр хуурын ангид явуулмаар байна гээд ирэхэд нь тэдний хүслийг биелүүлж чадахгүй байгаадаа үргэлж сэтгэл зовниж явна.

Буруу нөлөө

      Эцэг эхчүүд хүүхдээ ганц юм, жоохон юм гэж эрхлүүлээд, хүмүүжлийн буруу нөлөө үзүүлж байна. Хүүхдүүд гэртээ байнга зурагт үзэж, компьютер тоглож, дөнгөж тогтож ядаж байгаа мэдрэхүйн эрхтэнүүдийг чилээж, нөгөө айхавтар хөдөлгөөний хомсдол өвчний шинж тэмдэг, хондрозын эх үүсвэр тавигдаж байна.

  Хүүхдүүд буруу хооллож байна. Хийжүүлсэн ундаа, шүдний паалан ховхолдог шоколад, кофены төрлийн зүйл идэхээс биш, цэвэр, гоё хоол идэхээ больж. Дандаа шарсан өндөг, шарсан хиам гэх мэт шарсан, хуурсан хоол. Энэ нь монгол хүний биологийн хэрэгцээг хангах уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хүүхэд гэдэг цэвэрхэн, ариухан, гоё...

  Эцэг эхийн хоорондын буруу харилцаа хүүхдийн хүмүүжилд маш их сөрөг нөлөөтэй. Ээж, аавууд хүүхдийн хажууд архи уух уу, байх уу, уусан хойноо ямар авир ааш гаргах бэ, гэр бүлийн өдөр тутмын бяцхан хэрүүл ч гэсэн хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ, хүүхдэд юу үзүүлж, юу үзүүлэхгүй вэ гэдэг тухайд сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэд гэдэг цэвэрхэн, ариухан, их гоё, шинэ сарнай шиг ариухан ертөнц байдаг. Тэр гоё ертөнцийг муухай бохир усаар усалж болохгүй. Эцэг эхчүүд нэгэнт хүүхдийг төрүүлээд өсгөчихсөн, сайн хүн болгоно л гэж бодож байгаа бол өөрсдөөсөө шалтгаалах зүйл дээр алдаа гаргаж болохгүй.

  Хүүхэд эцэг эхийнхээ хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг сармагчин шиг дуурайдаг. Хүүхдийн суурь хүмүүжил бол гэр бүлийн хүмүүжил. Хүүхэд гэдэг ертөнц намайг том хүн тоогоосой, эрхлүүлээсэй, надтай хамт тоглоосой гэж дандаа хүсч, хайр эрэлхийлж байдаг. Түүнийг нь эцэг эхчүүд ойлгодоггүй. “Юун ном уншуулах, юун чамтай тоглох зав алга, цаашаа цаашаа...” гээд л. Хүүхэд нэг гуйдаг, хоёр гуйдаг, гурав гуйдаг, сүүлдээ залхана. Дахиад гуйхаа больдог. Эцэг эхээ гэж гүйхээ болино. Ингээд хүүхэд өөртөө итгэлгүй, хувиа бодсон, ганцаараа тоглосон, нийтэч биш, харамч, том болоод нөгөө айхавтар хахир, хүнлэг биш хүн болох суурь тэндээс тавигдаж эхэлдэг.

Мөөмөө хөхөх, бие засах хоёроор хэн болох суурь тавигддаг

  Австрийн сэтгэл судлаач, их эмч З.Фрейд “Том хүний ааш араншин багадаа ээжийгээ хөхөх хэрэгцээ, бие засах хэрэгцээ хоёр нь хэр хангагдаж байснаар тодорхйологддог” гэж психоанализийн судалгаа гаргасан байдаг.

  Хүүхэд хөхөө хүссэн үедээ хөхөж өсөх ёстой. Мөөмөө хөхөж өсөөгүй хүүхэд том болоод ярдаг, догшин, хахир хатуу сэтгэлтэй болдог. Харин хөхөө цадатлаа хөхөж өссөн хүүхэд том болоод энэрэнгүй, дөлгөөхөн, хүнийг хайрладаг, сайхан сэтгэлтэй хүн болдог гэдгийг судалгаа нь өгүүлжээ.

  Хүүхдийг гурван нас хүртэл нь их тархины гадарт бие засах чадвараа барих мэдрэлийн төв хөгжиж дуусаагүй байдаг юм байна. Тийм болохоор хүүхэд гурван нас хүртлээ “ Би орондоо шээхгүй, баахгүй гэж бодоод унтсан ч бааж, шээдэг. Түүнийг ээж, аавууд ойлгохгүй “Яагаад өмдөндөө, орондоо бааж байгаа юм, бай чи, бай” гээд бөгсөн дээр нь зоддог. Хүүхэд “Би баачих вий дээ, шээчих вий дээ, өглөө ээждээ зодуулна” гэж санаа зовоод, бяцхан зүрх нь чичрээд хонож байна шүү дээ. Ийм хүүхэд хожим том болсон хойноо аймхай, хулчгар, стресстэй, дэв дав хийсэн хүн болж өсдөг. Дуртай үедээ айж эмээлгүйгээр биеэ засч байсан хүүхэд тайван, дөлгөөн, айх айдасгүй, түгшүүр багатай, амгалан хүн болдог гэсэн дүгнэлт хийсэн байдаг юм.

  Монголчууд дээр үеэс хүүхдийнхээ өмдийг яагаад хагархай хийдэг байв. Дуртай үед нь бие засуулж байх гэж тэр аж. Гадаадынхан яагаад пампарс хийж байна. Мөн хүссэн үедээ бааж шээж байг гэж л. Биологийн хэрэгцээгээр гурав хүртэлх насны хүүхэд хүссэн үедээ өтгөн шингэнээ гадагшлуулж байх ёстой. Би З.Фрейдын энэ дүгнэлтийг Монголын уламжлалт сургалттай харьцуулж судалж үзсэн. Манай ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал аугаа. Гадаадын том эрдэмтдийн энэ сургаалиуд монгол зан заншилд бүр эртнээс суусан, монголчууд аль эртнээс олоод илрүүлчихсэн, үр хүүхэддээ уламжлуулаад үлдээчихсэн байдаг юм байна л даа. Манайхан чинь хүүхдээ задгай өмдтэй байлгаж, хүүгээ бөх болгоно гэж тав зургаан ойтой болтол нь хөхүүлсээр ирсэн улс.

Эх үрийн хайр

  Монгол хүмүүс шиг үхтэлээ хүүхдийнхээ төлөө явдаг, тавь хүрч, сахал үс нь ургасан хүүгээ “Ивий, миний хүү” гээд энгэртээ тэврээд эрхлүүлдэг тийм үндэстэн угсаатан өөр байна уу. Энэ юутай холбоотой вэ гэхээр эхийн сүүгээ хөхөж хүн болсонтой л холбоотой. Эхийн хөхөөр дамжиж хайр урсаж байдаг. Нандин, давтагдашгүй хайр. Тийм болохоор хүүхэд нь үхэн үхтлээ эцэг эхээ гэдэг, эцэг эх нь үхэн үхтэлээ үр хүүхдээ гэдэг. Гадаадынхан бол өөр. Хүүхэд нь 18 нас хүрмэгц “За, чи амьдралд гарлаа” гээд гаргаад хаалгаа түгжчихдэг. Тэгээд эцэг, эх нь өөрсдөө муур, нохой тэврээд үлддэг. Хүүхдүүд нь гарч яваад эргээд эцэг эхээ гэдэггүй. Ийм их хахир хатуу гэмээр байдлыг би дотроо өнөө л эхийн сүүтэй холбож боддог юм. Гадныхан хүүхдээ төрмөгц хөхнөөс нь гаргаж, хүүхдийн сүүгээр угжаад, тусдаа өрөөнд унтуулдаг. Хүүхэд шөнө айж чичирсэн ч эхийн дулаан энгэр, эхийн хөх байхгүй. Яахав, нэг талаар жаахан бие даасан хүн болж хувирч байгаа юм. Тэгээд нэг хэсэг нь нийгэмд их сайн бие хүн, нөгөө хэсэг нь амиа хичээсэн, зөвхөн өөрийгөө л гэсэн хүн болдог. Монголчууд бол өөр. Жаахан том болж, хөлд орсон ах нь хөлд ороогүй нэгнээ чирээд л, ижийнхээ энгэрт наалдаж хүн болдог болохоор бид хүн чанар сайтай, элгэмсэг, дөлгөөн хүн болдог байх гэж боддог юм.