ШУТИС-ийн Хүнс, Биотехнологийн сургуулийн үр тариа боловсруулалтын технологич инженер Я.Алтанцэцэг бидний асуултанд хариуллаа.

I, II, дээд гурил гэж ангилахаа больсон

  Манайх зах зээлд орсноос хойш гурилыг I, II, дээд гэх мэтчилэн ангилахаа больсон. Энэ нь дэлхийн жишигт нийцүүлэх гэсэн оролдлого. Гэсэн ч хэрэглэгчид маань дадаж сурснаараа I, II, дээд гэж ярьсаар л байгаа. Гурилын савлагаан дээр БГ- 075, БГ-115 гэх мэт код бий. БГ нь буудайн гурил гэсэн үг. Арынх нь тоо гурилын өнгө, хэддүгээр гурил болохыг нь илэрхийлдэг. Тоо багасах тусам гурилын өнгө цагаардаг. Тухайлбал: БГ-055 (Дээд), БГ-085 (I гурил), БГ-115 (II гурил) гэсэн үг юм. Хүмүүс энэ кодыг төдийлөн анзаардаггүй, бас ойлгодоггүй.

Дээд гурил хамгийн сайн нь гэсэн үг биш

  Хүмүүс дээд гурилыг чанар сайтай гэж ойлгодог. Ер нь буудай маш олон дамжлагаар орж, шигшигдсээр гурил болдог л доо. Гурил үйлдвэрлэхэд ашигладаг олон янзын шигшүүрийн 29 гэсэн дугаартай шигшүүрийг нэвтэрч гарч ирсэн бүтээгдэхүүн бол гурил, өөрөөр хэлбэл II гурил юм. Үүнээс өмнө буудай хэвээр л байдаг гэж ойлгож болно. 35 дугаартай буюу өмнөхөөс арай жижиг нүхтэй шигшүүрээр нэвтэрсэн бүтээгдэхүүн нь I гурил, харин дараагийн нарийн шигшүүрт ороод гарахаараа дээд гурил болж байгаа юм. Энгийнээр хэлбэл олон шигшүүр дамжих тусам гурилын өнгө цайрч, шимт чанар нь буурдаг. Тэгэхээр I, II, дээд гурил маш их ялгаатай. Мөн гурилын өнгө хэдий чинээ цагаан байна, төдий чинээ их цардуултай байна гэсэн үг. Гурил урсаж, агших нь юунаас хамаардаг вэ? гэж хүмүүс асуудаг. Энэ нь гурилын түүхий эдийн орц, хэмжээ, үйлдвэрлэлийн технологи зэргээс хамаардаг. Цавуулаг ихтэй гурил ус даах чадвар сайтай байдаг учраас урсдаггүй.

Хятад гурил бүхэн муу биш ч…

  Ер нь бол гурил үйлдвэрлэх технологи хаана ч адил. Хамгийн чухал нь бүтээгдэхүүний дотоод найрлага юм. Аливаа улс оронд улсын стандарт, байгууллагын стандарт гэсэн хоёр зүйл мөрдөгддөг. Хятадын зарим үйлдвэрүүд байгууллагын стандартыг сайн баримталдаг. Ийм үйлдвэрүүдийнх нь боловсруулсан гурилын чанар шаардагдах хэмжээнд байдаг. Харин гурил урдаас оруулж ирж байгаа хүмүүс нарийн учрыг нь мэддэггүй болохоор хуурамч, чанар муутайг нь сонгодгоос хүмүүсийн сэтгэлд тийм ойлголт тогтсон байх.

Гурилд зориулалт гэж бий.

  Жишээлбэл нэгдүгээр гурил цавуулаг ихтэй, ус даах чадвартай, уургийн агууламж хамгийн өндөр байдаг учраас бүх төрлийн талх, талхан бүтээгдэхүүн, шөлтэй хоол хийхэд тохирно. Гурилан бүтээгдэхүүн таргалуулдаг гэдэг чинь үүнтэй холбоотой. Цардуул таргалуулдаг. Харин бууз хийхэд ширхэгтэй дээд гурил илүү тохиромжтой.

  - Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй гурилын үйлдвэрүүд олон байдаг уу?

  - Одоогоор Монголд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй үйлдвэр бий. Ихэнх нь хөдөө орон нутагт байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд хүчин чадлын хэмжээгээр “Алтан тариа”, “Улаанбаатар” хоёр тэргүүлж байна. Аль аль нь стандартын дагуу гурил үйлдвэрлэж байна гэж үздэг. Эдгээрийн хэрэглэгчдэд нийлүүлж буй гурилын савлагаан дээрх орц, тэжээллэг чанар зэргийн үзүүлэлт үнэн зөв байж чаддаг. Түүнийг зүгээр л биччихдэггүй. Нарийн шалгаж, тогтоодог. Импортийн гурилын 70 гаруй хувийг ОХУ эзэлдэг Манай улсад том жижиг нийлсэн 20 гаруй гурилын үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Гэвч жилд ердөө 58,3 мян тн /дунджаар/ гурил дотооддоо үйлдвэрлэж, 103,9 тонныг Казакстан, Хятад, ОХУ- аас импортлодог. “Алтан тариа”, “Улаанбаатар” гурил хоёр дотоодын үйлдвэрлэлийн 90 орчим хувийг хангадаг гэх. Хачирхалтай нь жил ирэх тусам импортын гурилын хэмжээ нэмэгдсээр л... Статистикийн мэдээгээр бол манай улс 2004 онд 79,3 мянган тн, 2005 онд 103,9 мянган тн, 2006 онд 105914,08 тн, 2007 оны 10 сарын байдлаар 58738,9 тн улаан буудайн гурил гаднаас оруулж иржээ. Нийт импортын гурилын 76,4 хувийг ОХУ, 2,2 хувийг Хятад, харин 21,4 хувийг Казакстанаас импортлодог. Казакстан, Хятад улсаас зөвхөн нэгдүгээр гурил, ОХУ-аас дээд, нэг, хоёрдугаар гурил авдаг бөгөөд нийт импортын гурилын 60-70 % -ийг нэгдүгээр гурил эзэлдэг гэнэ.

“Алтан тариа” ХХК-ийн ерөнхий технологич Г.Энхцэцэг

  - Ихэнх гурилын чийглэгийн хэмжээ 15 хувиас ихгүй байдаг юм байна. Энэ тогтсон стандарт уу?

  - Тийм. Гурилын чийглэгийн хэмжээ 15 хувь орчимд хэлбэлздэг, нэг их өөрчлөгдөхгүй. Хэрвээ чийглэг энэ хэмжээнээс ихэдчихвэл гурил бөөгнөрнө, дагтаршина, хадгалалтын явцад хөгзрөх нь амархан болдог. Огт чийглэггүй байж бас болохгүй. Түүхий эдээсээ хамааран чийглэгийн хэмжээ тогтоогдох нь бас бий. Тухайн жил бороо хур ихтэй байвал чийглэг ихтэй буудай ургадаг. Буудай чийглэг ихтэй байна гэдэг нь гурил чийглэг ихтэй болно гэсэн үг.

  - Гурилыг үнслэг үзүүлэлтээр нь ангилдаг гэсэн.

  - Үнслэг гэж юу юм бэ?

  - Улаан буудайн гадуураа хальстай байдаг. Боловсруулалтын явцад буудайн хальс сайн ялгарч өгөлгүй гурилын бүтцэд оролцдог. Ийм хальс ихтэй бол үнслэг ихтэй, бага бол үнслэг багатай гурил гэдэг. Гурил олон дамжлага дамжих тусам үнслэг багатай болно. Мөн үнслэг ихтэй гурил бараавтар өнгөтэй байдаг. Тэгэхээр хоёрдугаар гурил бол үнслэг ихтэй гэсэн үг.

  - Нийт таван төрлийн гурилаас яагаад заавал дээд, нэгдүгээр гурилыг баяжуулдаг юм бэ?. Бусдаасаа тэжээллэг чанар багатай байдаг болохоор тэр үү?

  - Хоёрдугаар гурилыг баяжуулах шаардлагагүй байдаг. Баяжуулалтын гол зорилго нь гурилаар дамжуулан хүмүүст хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг өгөх явдал юм. Дээдийн дээд, ширхэгтэй дээд гурилыг хүмүүс нэг их өргөн хэрэглэдэггүй. Бусдаасаа арай өндөр үнэтэй байдаг болохоор тэр байх. Харин дээд, нэгдүгээр гурилыг хүмүүс илүү их хэрэглэж заншссан. Энэ утгаар нь дээд, нэгдүгээр гурилыг “Кар compleh №1” бэлдмэлээр баяжуулдаг.

 - Хүний эрүүл мэндэд их хэрэгтэй бэлдмэл байх нь ээ?

 - Тийм ээ. Тиамин, Рибофлавин, Никотиний хүчил, Фолийн хүчил, Дан төмөр, Цайр зэрэг амин дэмийг агуулсан байдаг. Цус багадалтыг багасгадаг учир жирэмсэн эхчүүдэд их хэрэгтэй.