"Ядуу оюутнаас юуг нь авах вэ? Ядуу оюутанд юу байх вэ?" гээд л байдаг. Ямар ч орлогогүй, баахан зарлага хэрнээ оюутнуудаас баян хүмүүс алга. Урлагийн үзлэгт бэлдэнэ, 45:000 төгрөг. Хүн хөлслөх юм гэнэ. СУИС-ийн нэгдүгээр курсийн банди ирлээ. Юу ч мэдэхгүй хөдөөний хүүхдүүдэд соёл таниулах гэж байгаа аятай баахан цэцэрхэв. Би ч хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг хойно дуугүй л сууж байлаа. Номыг хавтсаар нь дүгнэж болдоггүй шүү дээ. Үнэхээр авъяастай ч хүүхэд байх юм билүү. За тэгээд хувцас прокат цагийн 3000-5000 төгрөг, цай хоол, таксины мөнгө гээд "дуртай болохоороо" мөнгө бол урсаад л байна. Хэдэн хоног турж эцэж, туйлдаа хүртэл бэлдээд бэлдээд бас түрүүлэх магадлал ховор. Сайн лобби, шүүгчдээс найрах танил тал бас хэрэгтэй. Үүний төлөө мөнгө төлдөггүй юм аа гэхэд дараа нь магадгүй ямар нэг хэрэггүй тоглолт, лекцийн билет шахалтад "сайн дураар" оролцох шаардлагатай болно. Хээл хахуулийн бас нэг хэлбэр. Сагсны тэмцээн гэж бас нэг шаталт. Би жилдээ нэг удаа сагсны тэмцээнээр л сагс тоглодог. Тэгэхээр яаж ч хожих вэ дээ. Бахардаж унаад "онигоотой нойлын цаас болчихвол яана" гэж бодсоор олигтой ч тоглосонгүй. Дүрмээ мэдэхгүй, улайран зүтгэсэн охидууд ганц бөмбөгнийхөө хойноос арвуулаа арзайтлаа шамбааралдаад л, муухай харагдаж байгаа юм чинь. Би тэр дунд нь хумсаа хугалж, гараа уруулан барин гуравхан оноо л авсан. Тэмцээн тэр чигээрээ манай сургуулийн нуруулаг банди нар, үнэтэй пүүз, гар утасны загварын шоу боллоо. Багууд ерөөсөө медалийн төлөө, рекламны баг гэсэн хоёр янз. Рекламны багийхан талбай дээр бөмбөг биш, дажгүй охины төлөө тоглоно. Харин медалийн багууд бол ёстой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байна билээ. Ингээд эзэлсэн байр ч үгүй, бүтэн өдрөө алдаад "хүзүү хоосон" харилаа. Дэмжихээр ирсэн Туяатай сонин хачин ярьснаас өөр үр бүтээл гарсангүй. Дондог өвөөгийн лекц нөхөх тухай долоо хоног бодож, долоо хоног ярьсан. Тэгсээр байтал лекц тал дэвтэр болчихож. Яажшуухан "дэвтэр дүүрэн" цэлийсэн зайгаа бөглөнө дөө гээд явж байтал Ээгий надад надад гайхалтай сайхан зүйл мэдэж ирлээ. Мөнгө өгөөд хүнээр бичүүлчихэж болдог гэнэ. 5000 төгрөгөөр таваас арван лекц. Ингээд ангийхаа охин Ээгийтэй лекц бичих хүн хайлаа. Нэг охин олоод хэлэх гэсэн амнаас үг унадаггүй ээ. Арай гэж хөлсийг нь гомдоохгүй, лекц бичих үү гэтэл харин завгүй, "захиалгад дарагдсан" гэдэг байгаа. Ээгий надад тусалж бид хоёр одоо хүн хайж байгаа. Гайгүй таньдаг хүүхэд байгаад сайн найрчихвал ч... Юу бичсэн, хэн бичсэн нь ерөөсөө чухал биш болохоор үг хоорондын зайг томхон аваад, төгсгөлийг нь уртхан авчихвал өөрөө ч бичсэн болно л доо. Гэвч амжихгүй. Ямар ч шаардлагагүй нэг иим хичээл ордог. Би үр дүнгүй тэмцээн, ач холбогдолгүй хичээлийн телөө төлбөр төлөөд явж байдаг, илүүдээ гарсан мөнгөтэй баян оюутан байгаа биз? "Муугүй явдаг нь монголчууд юм хойно" юу юу ч үгй юм байж хүнээс дор орохгүй санаатай хамаг мөнгөө туучихдаг тал бас бий. Баяндаа ч биш, Баагий орж байхад би л дутахгүй юмсан, Баагий өмсч байхад надад л байхгүй байх вий гэж зүтгэдэг нэг "эсэргүү" зантай нөхдүүд олон. Дээр нь шоу, төрсөн өдрийн зардал, энд тэнд тавьсан өр гээд явбал хадгаламж зээлийн хоршооны өрнөөс ч урт жагсаалт гарч магадгүй. Оюутны зөвлөлийн "хиншүү ах", алтаар цутгасан "бөмбөгөр"Алтан эгч нарын шатдаг бол юу ч биш юм шиг л санагдаж байгаа юм чинь. Удахгүй нэг найзын төрсөн өдөр болно. Шоучин нөхөр болохоор төрсөн өдрийн бэлэг, шоуны мөнгө хоёроор давхар шатна даа. Тэгээд аятайхан юм авч өгье гэвэл дор хаяж 5000-10 000 төгрөг хэрэгтэй. Ядаж байхад "Metropolis" юм уу "Flux 365"орно гэнэ. Такстайгаа нийлээд 10 000-15 000 төгрөг хэрэг болно. Ямар таксаа төлж орчихоод дотор нь ороод уухгүй идэхгүй гээд хоолой ч үгүй ходоод ч үгүй хүн шиг суултай нь биш, юм авч л таараа. Манайхан дотор машинтай хүн байхгүй, тэгэхээр таксины мөнгө хэрэг болно. Ганцхан өдөр 20 000 төгрөг дор хаяж үрэгдэх нь. Гэтэл одоо үрэх байтугай хоолны ч мөнгөгүй сууж байдаг Оюутнууд аа гэж.
Ц.Дөлгөөн