Бариа засал буюу массаж нь массо (илж дарах) гэсэн грек үгнээс гаралтай дэлхийн үндэстэн бүхэнд өөр өөрийн онцлогоор үүсч дэлгэрсэн өвчин эмгэгээс сэргийлэх, түүнийг засч эмчлэх үйл ажиллагааны маш эртний уламжлалтай шалгарсан арга хэрэгсэл ажээ. Эмийн бус эмчилгээг эрхэмлэх болсон орчин үед бариа заслын ач холбогдлыг дэлхий нийтэд өндөр үнэлж, өвчнөөс сэргийлэх болон асаргаа сувилгаа, эмчилгээ үйлчилгээнд өргөн хэрэглэх болжээ.

Бариа засал юугаараа давуу вэ?

 - Зөвхөн өвчтөнд биш эрүүл хүнд ч тустай.

 - Алжаал ядаргаа тайлж, хүч тэнхээ сэлбэдэг.

 - Биеийн чилээ гаргаж, ажиллах чадварыг дээшлүүлдэг.

 - Өнгө зүс оруулж, биеийн хэлбэр галбир засдаг.

 - Бие махбодийн дархлалын тогтолцоог идвэхжүүлж, өвчнөөс сэргийлдэг

 - Зовиур шаналгааг арилгаж, сэтгэл санааг тайвшруулдаг

    -Ямар нэгэн багаж хэрэгсэлгүй үед гараараа хийх боломжтой.

Бариа заслын хүний биед үзүүлэх нөлөө.  

     1. Бие махбодид хуримтлагдсан хорт бодис, шаар шавхруу зайлж гадагшилдаг.

 2. Байгаль, уаг уурын өөрчлөлт, нийгмийн хүчин зүйлээс үүдэлтэй гадаад болон дотоод дахь хор хөнөөлөөс сэргийлэн манаж, биеийг дотроос нь хамгаалагч дархлалын эсүүд идэвхжин сэргэж, дотоод шүүрлийн булчирхайн үйлчлэлээр бодисын солилцоо эд эсүүдэд ашигтайгаар явагддаг.

 3. Нэг талаас бариачийн сэтгэлийн хүч, нөгөө талаас бариулж байгаа хүний итгэлээр дамжиж, сэтгэлийн хүчний нөлөөгөөр эрүүлжих процесс явагддаг.

 Бариа заслын төрлүүд: Бариа заслыг зорилгоос нь хамааран эмчилгээний ба эмчилгээний бус гэж хоёр хуваана.

 I. Аливаа өвчнийг анагаах зорилгоор хийж байгаа бүх төрлийн бариа заслыг эмчилгээний бариа засал гэнэ.

 II. Эмчилгээний бус бариа засалд бие чийрэгжүүлэх, өвчнөөс сэргийлэх, чилээ гаргах болон өөрөө өөртөө хийх бариа, түүнчлэн гоо сайхны, спортын зэрэг бариа засал хамаарагдана. Толгой өвдөх, нойр муудах, амархан ядрах, уур уцаар ихдэх, үс унах, гарын алга хөлрөх, ханиалгах, хамраас ус гоожих, хоолой өвдөх, шилэн хүзүү хөших, толгой эргэх, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх ба багасах, үе мөч болон арьсны өвчин, бэлгийн сулрал бодисын солилцооны эмгэгт бариа засал тустай.

Ямар өвчний үед болохгүй вэ?

Цочмог эхэлж өндөр халуурах, гэдэсний халдвар, шар зэрэг бүх төрлийн халдварт өвчнүүд, хортой ба хоргүй хавдрууд, сэтгэцийн гүнзгий хямрал солиорол, судас хатуурах ба өргөсөх өвчний хүндрэлтэй үе, ялангуяа цусны бүлэгнэлт ихсэх хандлагатай бол бариа засал хийхгүй

Улс үндэстэн бүрт өөр өөрийн онцлогтой олон төрлийн бариа байдаг.

Энэ удаа заримаас нь танилцуулахаар бэлтгэлээ.

Хятад бариа засал: Хятад бариа олон янз байх боловч хамгийн их дэлгэрсэн нь цэгийн бариа засал юм. Одоогоос мянга гаруй жилийн өмнө хятад эмч Кан-Фу цэгийн барианы тухай ном бичиж байжээ. Цэгийн бариа заслын онцлог бол хүний биеийн хий гүйдэлтэй холбоотой байдаг. Хий гүйдэл дамжих зам нь нүдэнд үл үзэгдэх нарийн суваг бөгөөд тэдгээр нь гадаад орчинтой тусгай цэгүүдээр харьцдаг. Энэхүү биологийн идэвхтэй тусгай цэгүүдийг олж бариа хийснээр биеийн хий гүйдлийг тэнцвэржүүлэн өвчин эмгэгийг засах боломжтой болохыг эртний мэргэд олж тогтоож олон зуун мянган жил хэрэглэсээр ирсэн бөгөөд энэ одоогийн шинжлэх ухаанаар ч бас үгүйсгэж болохгүй байгаа зүйл аж.

Солонгос бариа засал: Солонгос бариа олон төрөл байх боловч Су-джок хэмээх бариа нэлээд дэлгэрсэн. Су гэдэг нь гар сарвуу, джок гэдэг нь хөл тавхай гэсэн үг аж. Монголчилбол 4 талийн бариа гэсэн утгатай. Солонгосчууд гарын алга сарвуу, хөлийн ул тавхай нь хүний бүтэн биеийн жижгэрүүлсэн хэлбэр гэж үздэг. Солонгос бариа хийхдээ цэгийн барианы аргыг хэрэглэх боловч эхлээд заавал сонгомол барианы аргаар алга сарвууг нийтэд нь бариад дараа нь аль эрхтэн, цул, савтай холбоотой зовиур шаналгаатай байна, түүнтэй холбоотой цэгүүдийг олж цэгийн бариа хийдэг аж.

Энэтхэг бариа засал: Энэтхэгчүүд толгойн болон тавхайн бариагаар алдартай. Хөлийн ул тавхайд хүний биеийн бүх эрхтэн, цул сав орнууд байдаг гэж үздэг. Эрхтэн гэдэг нь нүд, чих, хамар, хэл, арьс. Цул гэдэг нь зүрх уушиг элэг дэлүү бөөр. Сав гэдэг нь ходоод, гэдэс, олгой, цөс, давсаг, самс. Самс гэдэг нь эмэгтэйд умай, эрэгтэйд төмсөг. Орон гэдэг нь толгой хүзүү, нуруу ууц зэрэг тодорхой хэсэг газруудыг хэлнэ. Монголчууд ч хөлийн уланд хүний биеийн бүх цэгүүд байдаг гэж үзэж хөл нүцгэн явахыг бариа гэж үздэг байжээ.

Япон бариа засал: Японд төдийгүй дэлхийн үлс орнуудад нэлээд өргөнөөр түгэн дэлгэрсэн нь Шиатсу. Монголчилвол даран барих гэсэн утгатай. Шиатсуг хийхдээ сонгомол барианы арга болон цэгийн барианы аргыг хослуулж хийдэг байна.

Г.Алтантуяа