Зуны өглөө хөдөө голын эрэг дээр хоночихоод цайгаа ууж суутал морьтой хоёр хүн бидэн дээр давхиад ирлээ. Цай аялгалж өгөөд сууж байтал дахиад бас нэг нөхөр нэмэгдэж ирэв. Тэд юм идэж ууж ч шальсангүй харин энэ тэрийг ярьж нэлээд суув. Тэгж байтал зочидын хоёр нь мордлоо. Нөгөө нь босоод ийш тийш жаал харж эвшээлгэн хэсэг зогсов.

 – За, залуу өнөөдөр юу хийх гэж байна даа гэж би үг өдөв. Нөгөөх маань суниахчаан аядсанаа “За д даа” гэж голын өөд, уруу харж байснаа “жоол урууддаг юм билүү” гэж хариулж билээ. Энэ зургийг харахаар тэр нөхөр дандаа санаанд орж ирдэг юм. Мэндэлж байгаагаа мэдэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, энэ хоёр нөхөр бас л ийш тийш харан ярвайж “энэ өдрийг яаж өнгөрөөдөг юм билээ дээ” гэсэн байдалтай зогсоцгоож байгаа биз. Өглөөнөөс орой болтол түм түжигнэж бум бужигнасан их хотын амьдралыг хөдөөгийнхтэй харьцуулахад мөн ч их ялгаа байхийм.

Тэд хаачив

“Ганц ч болов гайгүй ажилтан олоод авчих юмсан”. Компанийн захирлууд, хүний нөөцийн мэргэжилтэн, удирдах ажилтан гээд жаахан ч болов юм хийдэг, урагш хардаг хүмүүсийн хүсэл мөрөөдөл, ярианы гол сэдэв энэ. Хүний эрэлд гарсан тэд бие биетэйгээ уулзаж, утасдаж эрэлд хатна. Тэгэхдээ сайн мэргэжилтний эрэлд. Үгүй юм аа гэхэд зөв сэтгэлтэй, шударга нэгний эрэлд гарна. Тэр нь ер олдохгүй. Монголоор дүүрэн их, дээд сургууль. Жилийн жилд төгсгөөд л байдаг. Торго дурдан, костьюм зангиа болж, мөнгө цацаж, хонхны баярыг лонхны баяр болгосон хүмүүс оюутны ширээг орхицгооно. Харин дараа нь Монголоор дүүрэн ажилгүй “дээд мэргэжилтэн”. Өнөөдөр Монгол Улсад 170 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэнд 142411 оюутан сурч байна. Хаврын хаварт тэдний гуравны нэг орчим нь дээд мэргэжлийн диплом өвөртөлдөг. Гэтэл ажил олгогчид яагаад ажилтан хайгаад байна вэ. Яагаад энд тэндхийн компани, байгууллагад боловсон хүчин дутагдаж, ажиллах хүчин мөхөсдөөд байна вэ. Хамтдаа хариу эрье.

Боловсроогүй боловсон хүчин

Д.Отгонбаяр,“Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга

    - Сүүлийн жилүүдэд чанаргүй их, дээд сургууль олон болчихсон. Бүх хүн яаж ийж байгаад л нэг дээд сургууль төгсчих юм бол болоо гэсэн бодолтой. Гэтэл тэд зах зээлд хөрвөх чадвартай мэргэжилтэн байх нь их эргэлзээтэй. Сэтгүүлзүйн сургууль олон, сэтгүүлч мэргэжлээр төгсч байгаа хүн маш олон байна. Гэтэл өнөөдөр бусад хэвлэл мэдээллийн байгууллагынхантай ярилцаж байхад “Нэг гайгүй хүүхэд олоод авчих юмсан” л гэж хүний эрэлд хатчихсан байх. Энэ нь хэвлэл мэдээллийн ажилтан бэлтгэж байгаа сургуулийн чанарыг харуулж буй хэрэг. Дөрвөн жил сэтгүүлчийн ангид сурчихаад зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй хүмүүс ирж байна. Мэдээ, сурвалжлага гэх мэт мэргэжлийн шаардлагын тухайд бүр ярихаа болъё гэхэд зөв бичиж чаддаггүй хүмүүс л төгсөж ирж байна шүү дээ. Компьютер хөгжсөн энэ үед дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүн маань мэдээ бичих гээд цаас ураад суугаад байх юм. Уг нь компьютер дээр гялалзтал ажиллаад, бараг сонины эх бэлтгэх чадвартай ирмээр. Ингэж дөрвөн жил сурсан нэр зүүж цаг хугацаа, мөнгө үрж байснаас бичээчийн курсэд суусан нь дээр баймаар. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг сүүлийн үед хүн авч, сургалт явуулдаг газар шиг л болоод байна. Хүмүүсийг баахан сургадаг, нөгөөх маань жаахан юм сурчихаад гараад явчихдаг. Бид сүүлийн үед сургууль төгсөөгүй оюутнуудыг дадлагажуулан сургаж авах бодлого барих нь хамаагүй оновчтой гэж үзэх болсон. Төгссөн гэх нэртэй ирж байгаа хүн бол юм зааж өгөх гэхээр “ Би мундаг сэтгүүлч, надад юм заах гэлээ” гэсэн сэтгэлзүйтэй байх нь наад захын жишээ.

Ч.Мягмарсүрэн (“Зуун найман суварга” компанийн захирал):

    - Манайх Монголд үйлдвэрлэх боломжгүй, чанар сайтай барилгын материал Европоос импортолдог компани. Одоогоор 30 гаруй ажилтантай. Монгол Улсад маш олон их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах юм. Гэтэл тэндээс зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гарахгүй байна. Зах зээл маш хурдтай хөгжиж байна шүү дээ. Гэтэл манай их, дээд сургуулиудын багш нар цаг үетэйгээ зэрэгцэн хөгжиж чадахгүй, программ нь шинэчлэгдэхгүй болохоор оюутнууд нь зах зээлийн шаардлага хангахгүй байна. Сургууль төгссөн хүүхдүүдийг шууд аваад ажиллуулах ямар ч боломжгүй. Дээд сургууль төгссөн нэртэй боловч Техник мэргэжлийн сургууль /ТМС/ гэж байсан, түүний л хэмжээний боловсролтой ирдэг. Тэр хүмүүсийг ажилд аваад, сургана, заана. Гурван жил болж байж жаахан зүгшрэх тал руугаа ханддаг. Тэгээд яахав гэхээр, нөгөө жаахан юм сурсан хүн чинь бяр амтагддаг юм уу яадаг юм, цээжээ дэлдээд гараад явчих жишээтэй. Ийнхүү ажил олгогчид их, дээд сургуулиудыг боловсроогүй боловсон хүчин бэлтгэн төгсгөсөн нэр зүүж, халаасаа түнтийлгэж байгааг хүний нөөц хямрахын нэг гол нөхцөл гэж халаглаж байна.

Ажил хийж чадахгүй ч хүн шиг хүн байгаасай

Уншигч та анзаарсан бол сүүлийн үед чадварлаг ажилтан гэхээсээ илүү нуруу, царай сайтай хүнийг ажилд авна гэх зар дуулдах болсон. Үүний цаана далд санаа байдаг гэж сэжиглэх хүмүүс байдаг ч нөгөө талаас сайн ажилтан хайсаар аргаа барсан ажил олгогчид сүүлдээ цөхөрч “Ажлаа сайн хийдэггүй юм аа гэхэд ядахдаа гадаад зүс царай гайгүй байг гэсэндээ ийм зар өгөх болсон” гэж тайлбарлаж байна. Ажил олгогчид сайн мэргэжилтэн хайж цөхөөд зүгээр л хүн шиг хүний эрэлд мордоцгоох болж. Хүн шиг хүн гэдэг нь ажил хийх сонирхолтой, зөв сэтгэлтэй, итгэл даах чадвартай тийм л хүн. Гэтэл түүнийг олно гэдэг өдрийн од хайхтай адил. Ажил хайж ирэх үедээ овоо боломжийн юм уу гэх бодол төрүүлэхээр байснаа ажилд орлоо л бол том толгой гаргаж, ажлын байраа яаж хувьдаа ашиглах вэ гээд л санаархаад явчихна. Ажил хийнэ гэдгийг бусдын төлөө өөрийгөө зольж байгаа хэрэг гэж үзэн, ажлын цагийг ял эдэлж байгаа мэтээр ойлгогчид их байгаагаас Монголоор дүүрэн ярвагар дүртэй, толгой нь өвдсөн хүмүүс. Энэ дүр зургийг бий болгож байгаа бас нэг шалтгаан бол хүн бүр хүссэн, сонирхолтой, дуртай, чадна гэж итгэсэн ажил мэргэжлээ сонгож, хийж чадахгүй байгаатай холбоотой. Нэгэнт өөрийн сонирхдог, хийж чаддаг ажлаа өөрөөр сольсон хүн өөрийнхөө амьдралын төлөө биш өрөөлийг баяжуулахаар ажиллаж байна гэж бодон баялгийг бүтээх нь байтугай харин ч сүйтгэгчид болчих талтай. Тэгэхдээ мэдээж далдуураар. Тиймээс ч хөлөө олох гэж тэнцэж ядан байсан олон олон компани хүнийрхүү сэтгэлтэй ажиллагсдынхаа буруугаас дахин өндийх тэнхэлгүйгээр сөхөрч унасан, унасаар ч байгаа. Ажилд орсон нэртэй ч олигтой үр дүнгүй цаг нөхцөөн цалин авч, компанийн утас, унаа, техник төхөөрөмжийг хувийн хэрэгцээнд ашиглаж, ил далд хулгай хийж, эцэс сүүлд нь хувийн сонирхолд нь арай илүү хэрэг болохуйц өөр нэг компани руу “урвадаг” хүн хэтэрхий олон болсон нь юутай холбоотой вэ?

Хангалттай цалинтай бол ч...

Миний нэг найз Монголын томоохон телевизийн сурвалжлагч. Тэр Солонгост гурван сар тутам очиж ажиллаж болох “нүхээ малтчихсан” сэргэлэн эр ээ. Тэнд гурван сар ажиллаад энд ирж үндсэн ажлаа гурван сар хийнэ. Костьюм, зангиа болсон сайхан залуу телевизийн эфирээр үзэгддэг ч Солонгост очоод тэрэг түрдэг ажил хийдэг гэсэн. Тэгж явахдаа хааяахан хувь заяандаа гутрах нь бий ч сарын эцэст авдаг цалин, Монголдоо очиход хүлээж байдаг ажил хоёр нь түүнд урам өгдөг гэнэ лээ. Түүнийг Монголын телевизийн сурвалжлагч гэдгийг олж мэдсэн хангүг нөхөд гайхсандаа бараг ухаан алдаад уначихдаг бололтой. Учир нь тэдний хувьд телевизийн сурвалжлагч гэдэг бол тэдэнтэй хамт тэрэг түрээд гүйж явах нь бүү хэл бараг л тэнгэрт тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс бололтой. Харин манай хүн нэрэлхсэндээ “Монгол сэтгүүлчид ингэж өөр улс оронд очиж ажил хийж, амьдрал судалдаг юм” гэж тайлбарладаг гэнэ. Манайд ахиухан цалин авах боломж байдаг бол ажилдаа дуртай, чадварлаг тэр боловсон хүчин хүний нутагт очиж тэрэг түрэхийг хүснэ гэж үү. Түүн шиг мянга мянган чадварлаг залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ өгөх биш, биеийн хүчээ ийнхүү харьд худалдаж явна.

Ц.Бүрэнбаатар (“Бүрэн дуулга” ХХК-ийн захирал):

    - Манай компани харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай ажилладаг. Иймээс боловсон хүчин сонгон авахын тулд нэлээд өндөр шалгуур тавьдаг. Ажилд орж байгаа залууст Улаанбаатар хотын харьяат байх, цэргийн алба хаасан, тогтвор суурьшилтай ажиллах, 170 см-ээс өндөр байх зэрэг шаардлага тавьдаг. Гэтэл манай залуус ихэндээ хөдөөнөөс орж ирээд шилжүүлэг, хаягийн бүртгэл хийлгээгүй байдаг. Мөн бие хаа сайтай залуус ихэнхдээ Солонгост ажиллахаар гараад, давжаа, жижиг, ажил хийх чадваргүй залуус л үлдсэн юм шиг санагддаг. За бас манайхан нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгаа нь биеийн амрыг харж, амьдралын зорилгогүй, хөнгөн хийсвэр амьдарч сурсантай холбоотой гэж би боддог юм.

Ч.Мягмарсүрэн (“Зуун найман суварга” компанийн захирал):

  - Манай компани байгуулагдаад 16 жил болж байна. Энэ хугацаанд маш олон хүн ажилд орж, гарсан. Яахав, цалин мөнгө, нийгмийн асуудал байдаг л байх. Тэгэхдээ манайх бусад компаниас дутахгүйгээр энэ бүхнийг зохицуулдаг гэж бодож байна. Жишээлэхэд, сургууль төгсөөд дөрвөөс таван жил ажилласан хүнд байр өгч байна. Гэтэл байртай болсон хүн ажлын байраа хаяад явж байгааг юу гэж ойлгох вэ. Үүнийг би тухайн хувь хүний гэхээсээ нийгмийн ялзрал гэж бодож байна. Үнэнч шударга байж, хүний итгэл дааж, тогтвор суурьшилтай ажил хийж болдог тухай ёс суртахуунд нь зоож өгөөгүйгээс залуус ийнхүү ажил мэргэжлээ, бусдыг, өөрийгөө ч хүндэтгэх чадваргүй болжээ. Энэ нь нөгөө дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үгийн нэг илэрхийлэл юм. Монгол Улс хувийн хэвшлийнхний хүчээр жаахан ч болов урагшилж байна. Гэтэл манай төр компани, хүнийг хүчгүй, ядуу байлгах бодлого явуулж байна. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид ажиллагсдадаа цалин өгч чадахгүйд хүрч байна. 100-200 мянган төгрөгийн цалинтай хүн 29-30 хувийг нь улсад татвар болгон өгдөг. Улс хувь хүнээс 10 хувь, албан байгууллагаас 19 хувийг гэж нэг юмыг хоёр болгон авч байна. Тиймээс албан байгууллагаас авдаг хувиа болиод хувь хүн бүрээс авах нь шударга. Манай нийгмийг замбараагүй болгож байгаа бас нэг зүйл бол нэмүү өртөгийн албан татвар. НӨАТ-ыг 10 саяас дээш, доош гэж босго хийж өгсөн нь хэтэрхий өрөөсгөл. Энэ татварыг хүн бүр, аж ахуйн нэгж бүр төлснөөр улс орны санхүү хэвийн хэмжээнд очих ёстой.

Бэлэнчлэх сэтгэлгээ

Солонгост ажилладаг найз маань ярьж байна аа. “Шөнийн ажилтай надад өдрийн цагаар Солонгосоор явах газар олдохгүй юм. Тэндхийн машин зам өглөө оройд л жаахан ачаалалтай байдаг. Өдөр бол бараг хоосон шахуу. Гудамж талбай эл хуль. Яагаад гэхээр хүн бүр ажлаа хийгээд завгүй. Тиймээс өдөр ажилладаг олигтой дэлгүүр ч олддоггүй. Харин шөнө болохоор дэлгүүр, захууд нь бүгд үүдээ нээнэ. Тийм болохоор шөнө ажилтай би өдөр амрахаараа хаашаа явж, юу хийхээ мэдэхээ больдог”. Түүний яриаг сонсоод найзууд маань нүдээ бүлтийлгэн гайхацгаав. “Үгүй энэ манайхан чинь тэгээд бүгд ажилгүй хүмүүс үү, эсвэл бүгдээрээ гадуур хөлхдөг ажилтай юм уу?” гэж.   Нээрээ, ингээд харахаар манайд машин зам өдөржингөө битүү түгжрэлтэй, тэр бөглөрөө үүсгээд байгаа автомашин дотор яваа хүмүүсийн царайд ажил хэрэгч, яарсан төрх ерөөсөө харагдахгүй. Дэлгүүр хоршоо, гудамж талбайгаар юу хийхээ олж ядсан, тааваараа алхацгаасан хүмүүс. За бараг ажил хэрэгч хувцасласан, хавтас, цүнх барьсан хүн тэдний дундаас ялгарч харагдана даа. Нэг бодоход манайхан хэт жаргалтай ч юм шиг, нөгөө бодоход сэтгэл өвдмөөр. Монгол хүмүүст орос ах нарын “буянаар” бэлэнчлэх сэтгэлгээ суусан гэцгээдэг. Тэд нар ямар бидэнд тэр сэтгэлгээг авч ирээд наачихсан биш дээ. Хэдэн малаа дагаж налайсаар байгаад ийм болчихсон ч юм уу. Юм л бол бэлэн зэлэн, амар хялбар аргаар мөнгө олчих хүсэлтэй. Юмыг багаас нь, эхнээс нь эхэлж, хөдөлмөрлөж, хөлсөө гаргаж, бодож, сэтгэж, баялгийг бүтээх тун дургүй. Болж өгвөл хуурч мэхэлж, хулгай хийж, гуйж, зээлдэж,зүгээр сууж байгаад мөнгө олохыг бодно. Байраа түрээслээд мөнгө авдаг нэгнийхээ азтай, жаргалтайг гайхна. “25 настай, өндөр, царайлаг залуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх эгчмэд эмэгтэйтэй танилцана...” гэх мэтийн зарыг ичгүүр сонжуургүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацна. Охид, хүүхнүүд хоорондоо “Яаж ийж байгаад гадаадын ч хамаагүй, хөгшин ч хамаагүй баян хүнтэй танилцаад суучихвал насны хэрэг бүтлээ” гэж ярилцаж, танилцах албанд зургаа илгээгээд хариу ирэхийг хүлээн гиюүрнэ. Дээд боловсролтой, хориодхон настай, залуу сайхан бүсгүй “бурханы ивээлээр” хэн нэгэн баян хүнд таалагдаж өврийг нь дулаацуулангаа байртай, машин¬тай болох “аугаа” мөрөөдөлд умбана. Чин үнэнийг хэлэхэд шар сонинуудаар бичигдээд байдаг хөгшин баян эртэй сууж хүүхдийг нь төрүүлээд баяжиж чадсан зарим бүсгүйн азтай, тэнгэртэйг нь ам уралдуулан ярьж, өөрсдийнхөө хувьгүйд халаглана. Ийм л хүсэл мөрөөдөлтэй залуус эх орноор минь дүүрчихээд байхад чадварлаг боловсон хүчин хайж өөрсдийгөө зовоох хэрэг байна уу, ажил олгогчид минь?

С.Сумъяа (“Чингис хаан” кино группын сэтгүүлч):

  - Би сургуулиа төгсөөд нэг жил гаруй болж байна. Бид 28-уулаа сэтгүүлийн анги төгссөнөөс одоо найм нь л мэргэжлийнхээ ажлыг хийж байна. Манай залуус хүссэнээрээ мэргэжлээ сонгож чадахгүй байгаагаас ямар ч хамаагүй дээд сургууль төгсчихөөд дараа нь тэр мэргэжлээрээ ажилладаггүй. Бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг нэг аймаар зүйл монгол залуусын хөдөлмөрлөж, сайхан амьдрах боломжийг боочихоод байна. Миний үеийн олон охин ажил хийж, цалингаас цалингийн хооронд явж байснаас биеэ үнэлэх нь хамаагүй дээр гэж үзэх болсонд үнэхээр харамсдаг. Тэд бүр биеэ үнэлэхийн тулд эх орноосоо гарч, Эрээн, Бээжин, Япон гээд гадаадын улс оронд хүртэл очиж байна. Мэдээж, манайд цалин хөлс бага нь үүнд нөлөөлдөг л байх. Гэхдээ тэд хожим үр хүүхэдтэй эх хүн болсон хойноо өөрсдийн хийж байсан ажлаа юу гэж хэлэх бол, нэгэнт тийм замаар явчихсан амьдрал гэрэл гэгээтэй байх болов уу. Залууст ажил хийж амьдрах ёстой гэдгийг ойлгуулахын тулд хөдөлмөрлөж, зорьсондоо хүрч, сайн сайхан яваа хүмүүсийн тухай телевизээр байнга үзүүлж, бичиж байх ёстой юм болов уу гэж бодох юм.

Хэн нь хэнийгээ ашиглаж байна вэ

“Ажлаасаа гарсан хүн дандаа ар тийшээ “унгаж” явдаг”. Энэ бол нэгэн компаний захирлын үг. Нээрээ ч ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар гарч байгаа монгол хүн заавал хамт олондоо сайн сайхныг хүсээд гарах нь тун ховор шиг. Алба, хэлтсийнхээ даргын тухай ч юм уу, захирлынхаа тухай, авч байсан цалин хөлснийхөө тухай, хамт олны уур амьсгалын тухай ярианы тал хувь нь үнэний ортой байлаа ч ийм зүйл ярих нь ёс зүйтэй хүний хувьд байж боломгүй. Тэгээд ч манайхан ёс зүйн тухай ойлголтоор дулимаг юм даа. Ажлаас халагдсан хүн юу ярьдаг вэ. “Манай албаны даргад миний алга болсон хумсны лак явж байсан” гэх мэтийн шалихгүй, бүр хөгийн гэмээр дэл сул яриа тухайн хүний тарыг таниулаад зогсохгүй, үлдэж байгаа хамт олны дундах уур амьсгалыг эвддэг. Мөн компанийн захирлын “Би энэ хүнийг ажилд авч, цалин өгснөөр аж амьдралыг нь ивээж байгаа” гэх үзэл, ажилтны “Би энэ хүнд ажил хийж өгч, баяжихад нь тусалж байгаа” гэх бодол цаг ямагт ажлын бүтээмжид нөлөөлж, цаашдаа таагүй уур амьсгал бий болгодгийг олон жишээнээс харж болно.   Мөн ажиллагсдаа хүн биш, ажлын машин мэтээр бодож, мэндлэх нь бүү хэл, тоож ч хардаггүй компанийн захирал олон. Ийм захиралтай газрын ажил үйлс тийм ч урагштай байж чаддаггүй. Яагаад гэхээр захирлын тэр харилцаа яван явсаар захирал, ажиллагсдын хооронд хана босгоод ирдэг. Жирийн ажилтан ямар нэгэн шинэ санаа сэдэж, эсвэл компанид нь болохгүй байгаа зүйлийн тухай хэн нэгэнд хэлмээр байдаг. Гэтэл түүнийг удирдаж байгаа хүн тийм ч итгэл төрүүлэхээр биш. Түүний шинэ санааг өөрийнх гэж захиралдаа танилцуулж мэднэ, харин болохгүй байгаа зүйлийн тухай хэзээ ч хэлэхгүй байж магад. Харин захирал өөрөө компанийнхаа ажлыг хэтэрхий “өндрөөс” харж, бүх зүйлийг доод хүмүүсийн амаар ойлгодог бол өөрийнх нь хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөөр бий болсон компани сүйрлийн ирмэгт ирчихээд байгааг ч олж мэдэхгүй “болж байна аа” гэж бодоод л явна. Яагаад гэхээр доод тушаалын удирдлагууд түүнд бүх зүйл болж байгаа мэтээр ойлгуулсаар байдаг. Ийм захирал хэн нэгэн жирийн ажилтан гэнэт өөрт нь “халдаж” ямар нэгэн зүйлийн тухай хэлбэл цочирдож, үнэнийг мэдье гэхээсээ илүү “Энэ нэг нөхөр давраад, шууд над руу халдаж байна” гэх маягаар ханддаг нь түүний компанийн ирээдүй тийм гэрэлтэй бишийн дохио байж ч магадгүй.   Харин компанийнхаа бүхий л ажлыг алган дээрээ байгаа мэт харж, ажиллагсадтайгаа ойр байж, зүг чигийг зааж байдаг компаний захирлын хувьд мэдээж амжилтын үүд нээлттэй.   Ажиллагсдын дунд “Би энэ компанид олон жил ажиллалаа, захирлаасаа өөр хэнийг ч баяжихыг харсангүй” гэх гомдол тэнүүчилж, хамт олны ажиллах хүсэл эрмэлзлэлийг унтрааж байдгийг захирлууд анхаарч байхад гэмгүй болов уу. Ажиллагсадтайгаа ойр дотно байж, хөдөлмөрлөх урам зориг өгч байх нь тухайн компанийн хөгжил дэвшилд шууд хамаатай.

Н.Лхагважав (Хэвлэлийн компанийн ажилчин):

  - Би уг нь хүнсний технологич мэргэжилтэй. Одоо нэгэн компанид хэвлэлийн нугалааны машин дээр ажилладаг. Цаас нугалах ажил, мэргэжлийн ажил хоёрын маань хооронд зөрүү байгаа хэдий ч би энд ажиллахдаа дуртай.

  - Таныг энд ажиллаж байх хугацаандаа алдаа гаргаж ажлаасаа халагдсан гэж сонссон. Гэтэл та буцаад ирсэн гэнэ. Хэдэн сар ажилгүй байв?

  - Гурван сар.

  - Ажлаасаа халагдаад гурван сар болох хугацаандаа юу хийв?

  - Хүний машинаар халтуур хийж байсан.

  - Өөр ажил хайсан уу?

  - Үгүй.

  - Яагаад?

  - Энэ компанидаа л буцаж ирье гэж бодсон.

  - Чи алдаа гаргаад халагдсан болохоор буцаж ирэх “халуун” байсан уу?

  - Хэцүү байсан. Гэхдээ би дассан сурсан ажил дээрээ, танилцаж дотноссон хамт олондоо буцаж ирье гэж бодсон. Энд ажиллах нөхцөл сайн, цалин ч илүү. Тиймээс би дахин алдаа гаргахгүй гэж амлаад буцаж ирсэн, алдахгүй ч гэж хичээж байгаа.

Том компанид хүний нөөцийн бэрхшээл байдаггүй юу

Монголд топ гэгдэх цөөн хэдэн компани байдаг. Зах зээлийн өрсөлдөөний гол хүчин зүйл бол чадварлаг, мэргэшсэн ажиллагсад гэдгийг мэддэг болсон тэдний хувьд хүний нөөцийн асуудалдаа маш их анхаарах болсон. Тиймээс хүний нөөцийн чадварлаг менежертэй байж, сайн ажиллагсдаар баг бүрдүүлэхийг тун их хичээж байгаа гэнэ.

 Хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатарын ярьж байгаагаар сүүлийн үед компаниас компани дамжаад яваад байдаг костьюм зангиа болсон менежер нэртэй залуус олширсон гэнэ. Монголын топ гэгдэх компаниудын хувьд Монголд төгссөн боловсон хүчнээс илүү бизнесийн удирдлагаар биш юм аа гэхэд улс төр, бүр соёл урлагийн чиглэлээр төгссөн байсан ч хамаагүй гадаадад төгссөн хүн авахыг чухалчилдаг болж. Гадаадад сурсан хүн үгүйдээ цаг ашиглалт сайтай, цаашдаа бизнес аваад явчих чадвартай гэж үздэг. Барилгын салбар хятадуудыг, үйлчилгээний салбар гадаадын аль нэг улс оронд хараар ажиллаж байсан хүн авах сонирхол ихтэй. Тэд ядахдаа хөдөлмөрийн харилцаанд орж, цаг барьж сурсан, амласнаа биелүүлдэг, хөдөлмөрлөснийхөө үр дүнд цалин хөлсөө авдаг гэдгийг ойлгож чадсан хүмүүс байдаг. Манай компаниудыг гадныхныг ажилд авч, элэг нэгтнээ доош нь хийлээ энэ тэр гэцгээдэг. Гэтэл яг үнэндээ монгол хүн өнөөдөр хөдөлмөрийн харилцаанд орох захын соёл байхгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадваргүй гэж ажил олгогчид хэлж байна. Монголын зах зээлд чадварлаг хүн цөөхөн байгаа болохоор компаниуд өнөөдөр хагас гэх юм уу, 50 хувь их, дээд сургуулиудын төвшинд ажиллаж, сургууль төгссөн гэх нэртэй ч, юу ч мэдэхгүй, чадахгүй залуусыг сургаж авахыг хичээж байна.

П.Түмэнжаргал (“АПУ” компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга):

  - Танай компани хүний нөөцийн хувьд харьцангуй тогтворжсон гэж сонссон. Олон хүнтэй компанийн хувьд боловсон хүчин авахад бэрхшээл гардаг уу?

  - Бэрхшээл байлгүй яахав. Ажилд орохоор ирж байгаа залуус ажлын байрны шаардлага хангахгүй байна. Дээд сургууль төгссөн гэдэг нэртэй ирж байгаа ч бичиг үсгийн боловсрол муутай, ядахдаа зөв бичдэг хүн ховор байх юм. Техник мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс 40-өөс дээш насныхан болчихлоо. Сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн гэдэг утгаар хэлж байна л даа. Тиймээс нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдах боллоо. Одоогийн залуус ихэвчлэн ажлаас шантрамтгай, бэрхшээлийг туулах чадваргүй, сургууль төгсөөд дөнгөж ирмэгцээ болж өгвөл дарга болох сонирхолтой, ажлыг доороос нь эхлээд сурах хүсэлгүй байх юм. Манай компани 480 гаруй ажиллагсадтай. Тэдний дунд итгэл даадаггүй, ажлын хариуцлагагүй, ажлын байраа хувийн эрх ашигт зориулах сонирхолтой залуус мэр сэр байдаг. Хамгийн гол бэрхшээл гэвэл сургууль төгссөн нэртэй ч шууд ажилд орох бэлтгэлгүй залуус олон байна. Бид залуусыг ажилд авч компанийнхаа ахмад мэргэжилтнүүдийг дагалдуулах юм уу, тусгай сургалтад хамруулан ажлын дөртэй болгодог. Ажилд тогтвор суурьшилтай ажиллах тухайд бол хүнээсээ л шалтгаалдаг. Цалин хөлс, ажиллах нөхцөлөөс болж ажил хаяж явахаасаа илүү шантрамтгай, ажлын чадваргүйгээсээ болж гарах нь элбэг.  

     Ийнхүү ажил олгогчид ямар үйл ажиллагаа эрхэлдгээсээ үл шалтгаалан хүний нөөцийн хямрал нүүрлээд байгаа тухай ам өрсөн ярьж байна. Үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын хувьд байдал ийм байгаа бол өөр салбар, тухайлбал соёл урлагийнханд хүний нөөцийн бэрхшээл байна уу?

Д.Золбаяр (Кино найруулагч):

  - Байлгүй яахав. Киноныхны хамгийн том проблемм бол хүний нөөц. Техник, тоног төхөөрөмж, мөнгө төгрөгийн хувьд бол яахав, яаж ийгээд болно. Гэтэл ажил хийх чадвартай хүн олдохгүй нь хамгийн хүнд асуудал. Монгол хүмүүст байдаг нэг зан бол хийж байгаа ажлаа насан туршдаа хийнэ гэж хэзээ ч боддоггүй. Нэг хүүхэд аваад туслах найруулагч, туслах зураглаачаар ажиллуулахад тэрнь дотроо “Би хэзээ нэгэн цагт студийн захирал болно, кино хийнэ” гэж бодоод байдаг. Тэгээд ганц хоёр жил болмогц хаяад явчихна. Гэтэл яг үнэндээ кинонд туслах найруулагч, зураглаач, гэрэлтүүлэгч гээд туслах ажилтны үүрэг маш их. Киног зөвхөн найруулагч, зураглаач хийчихгүй шүү дээ, зөндөө олон туслах ажилтан шаардлагатай. Тэр хүмүүсийг бэлтгэх асуудал манайд тун хэцүү. Гонгконг болон бусад оронд бүх насаараа гэрэлтүүлэгч хийчихсэн хүмүүс байж л байдаг. Зөвхөн гэрэлтүүлгийн ажлаа маш сайн хийгээд, цалингаа аваад, илүү юм боддоггүй. Тийм ч учраас түүний ажил маш сайн байж чаддаг. Гэтэл манайхан бол би насаараа гэрэлтүүлэгч хийхгүй, зураглаач болно доо гэж бодоод явдаг. Нэг бодлын өсч дэвжих гэсэн зөв бодол шиг боловч нөгөө талаар өмнөх ажлаа олигтой хийж чадахгүй байж өөр зүйлд санаархах нь их хортой. Хүн бүр хийж чаддаг зүйлээ хийх ёстой. Манай залуус шууд баян болохыг хүсдэг. Дөнгөж сургууль төгссөн залуус яаж ийж байгаад ах эгч, аав ээжээсээ мөнгө авч студи байгуулаад, удалгүй дампуурдаг. Уг нь тийм байх ёсгүй, хүний юман дээр ажиллаж, эхнээс нь тэр туслах ажлуудыг маш сайн хийж сурчихаад, туршлагажиж байж тэр оргил руу явах ёстой атал шууд л оргил өөд мацаад эхэлдэг.   Кино урлагийн ажилтан бэлтгэдэг сургуулиуд найруулагч, зураглаач, жүжигчин бэлтгээд байдаг. Гэтэл тэнд монтажчин, дууны найруулагч, нүүр хувиргагч гээд өчнөөн олон нарийн мэргэжил орхигдчихдог. Зөвхөн найруулагч гэхэд дотроо өчнөөн олон янз байх ёстой шүү дээ. Жүжигчин Бооёогийн аав Намсрайжав гуай гэхэд насаараа туслах найруулагч хийсэн. Хэзээ ч ерөнхий найруулагч хийж байгаагүй ч, мундаг сайн туслах найруулагч. Мэргэжлийг заавал дээд боловсрол эзэмшсэн эсэхээр хэмждэг нь хамгийн утгагүй асуудал. Нарийн мэргэжлийн техникум, ТМС гэж сургуулиуд байгаад шаварчин, өрлөгчин гэх мэт мэргэжил эзэмшүүлж байсан. Гэтэл манайхан хүүхдээ тийм хүн болгохгүй гээд заавал дээд боловсролтой, хуульч ч юм уу болгоно гэж зүтгэдэг. Жаахан хэтрүүлж хэлбэл Монголын хоёр сая хүний бараг нэг сая нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

  Нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй, тэр хүмүүсийн цалин амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой. Гэтэл өнөөдөр хуульч мэргэжилтэй гэх атлаа худалдагч хийгээд явж байгаа хүн зөндөө байна шүү дээ. Гэтэл тэр хүнийг худалдагч гэдэг мэргэжлээр нь сургасан бол ядахдаа хүнтэй соёлтой, бараа таваар, мөнгө төгрөгтэйгээ зөв харьцаж чаддаг, сайн худалдагч байх ёстой.

Даргын хэнээтэй Монгол

     Дээрх яриануудаас Монгол Улсад хаа сайгүй хүний нөөцийн хямрал нүүрлээд байгаа нь тодорхой боллоо. Боловсролын тогтолцоо гажуудаж, чанаргүй их, дээд сургуулийн тоо хэтэрснээс ажил хийх чадваргүй, дарга болохын хэнээ туссан залуус Монголоор дүүрчээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үгийн биелэл улс орныг авч явах гол хүчин, хүний нөөцийн гүн хямралаар ийнхүү илэрч байна. Хүн болгон дарга болохыг, зүгээр сууж байгаад баяжихын дон шүглэсэн нь өнөөдрийн дүр зураг. Ажил хийж чаддаггүй юм аа гэхэд зөв сэтгэлтэй, эвдэрч, хүнээ байчихаагүй, итгэж болох хүнийг эрээд ч олохгүй болсон нь Монголын эмгэнэл. Бид хүний нөөцийн хямралын дүр зургийг гаргахын тулд олон ч хүнтэй уулзаж, олон ч газраар орсон. Ингэж явахад Монголын топ гэгдэх том компаниуд хүний нөөцийн асуудлаа бүрэн шийдэж чадсандаа, бүх зүйл нь “ОК“ болсондоо ингэж томорчихсон юм биш, авилгын хүчээр аливаа тендрийг авч, төрийн машинийг өөрийн компанийн эрх ашгийн төлөө ажиллуулж чаддаг тулдаа “томорчихсон“ мэт харагдаж байгаа юм гэх хүн олон таарч байлаа.

  Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн албанд гэхэд гурван жилийн хугацаанд 62 мянган хүн хандаж, ажилд орох болон авах тухай мэдээлэл лавлагаа авсан байна. Тэдний есөн мянга нь ажилд орохыг хүсч байгаагаа анкетаар мэдэгдсэн гэнэ. Зөвхөн энэ албанд долоо хоногтоо 70-80 хүн ажил хайж ханддаг ч мөн л дээрх ажлын чадвар, туршлагагүй байдлаасаа болж ажил олгогч нарт гологдох нь их юм байна.

  Манай сэтгүүл аливаа сэдвийн тухай бичихийн тулд олон нийтийн дунд судалгаа явуулж чиг хандлага ямар байгааг олж мэддэг уламжлалтайг уншигч та анзаарсан байх. Энэ удаа ч бид 100 гаруй хүнтэй уулзаж судалгаа авсан. “Ажил урагшлахад тулгарч байгаа бэрхшээл юу вэ”, “Нэг байгууллагад тогтвор суурьшилтай ажиллахад юу саад болж байна вэ” гэсэн үндсэн хоёр асуултад хариу эрсэн билээ. Судалгаанд оролцсон ажил олгогчдын дийлэнх нь “Ажил урагш явуулахад хамгийн бэрхшээлтэй зүйл бол яах аргагүй боловсон хүчний чадваргүй болон тогтворгүй байдал” гэж хариулсан юм. Харин ажил хайгчид нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгаагийнхаа гол шалтгааныг цалин хангалттай биш, хамт олны уур амьсгал таагүй, хамтран ажиллаж байгаа хүмүүс чадвар муутай, удирдлага чадваргүй, хамт ажиллагсад ямар нэгэн байдлаар дарамт үзүүлдэг гэж тайлбарласан байв.

  “Цаг төр” сэтгүүл Монгол Улсад нүүрлээд байгаа хүний нөөцийн хямралын сэдвийг энэхүү нийтлэлээрээ дэлгэж байна. Бид энэ удаа асуудлын голыг бүгдийг гаргаж тавьж чадаагүй байж болно, бас ийнхүү бичсэнээрээ хямралыг шийдэж чадахгүй. Харин уншигч тантай хамт бол магадгүй урагш нэг алхах байх. Та энэ сэдвээрх санал бодлоо манай редакцид илгээгээрэй.

Ё.Мөнхтуяа

Өглөө ажил руугаа, орой гэр рүүгаа яардаг бол тэр хамгийн аз жаргалтай хүн

Д.Бартанбаатар, Монголын Хүний нөөцийн институтын захирал

    - Институтынхээ зорилгын тухай товч танилцуулахгүй юу?

  - Монголын Хүний Нөөцийн Институт нь 2006 онд байгуулагдсан. Хүний нөөцийн менежментийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх, хүний нөөцийн зөв бодлогыг дэмжиж хөгжүүлэх, нөөцийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээл дээрх анализ судалгааг мэргэжлийн төвшинд хийх, сургалт зохион байгуулах, олон улсын хүний нөөцийн менежментийн мэдлэг туршлагыг бизнест нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах зорилго бүхий мэргэжлийн байгууллага.

  - Хүний нөөц гэж юу вэ?

  - Байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нөөцүүд дотроос хамгийн үнэ цэнэтэй, удирдахад басхүү хамгийн ярвигтай тэр нөөцийг хүний нөөц гэдэг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүн хүч, дадал туршлага, мэдлэг чадвар, баг хамт олон, төгс зохион байгуулалт, зөв удирд­лагын багийг хүний нөөц гэдэг. Онолын хувьд бол тоймгүй олон тодорхойлолт бий л дээ.

  - Хүний нөөцийн менежер гэж юу хийх ёстой мэргэжилтэн бэ?

  - Үндсэн зорилго нь тухайн компанийн соёл, философи, ажлын байранд хамгийн сайн тохирсон чадварлаг ажилтныг компанидаа элсүүлж авах. Дараагаар нь тухайн ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр ажиллах, компанидаа “нутагшуулах” гол ажлыг хийдэг хүн байх ёстой.   Хүн мэдэхгүй, чадахгүй юмнаасаа хамгийн их айдаг. Ажлын туршлага, хэлний мэдлэг, юу дутагдаж байна, тэр бүхнийг хүний нөөцийн мэргэжилтэн хайж олоод сургалтын хэлбэрээр түүнд өгснөөр нөгөө ажилтан юунд ч санаа зовохгүй, бүх ажлаа чөлөөтэй хийж, тогтвор сурьшилтай , илүү үр бүтээлтэй ажиллаж болдог. Өөрөөр хэлбэл, тэр ажилтан хэд арван төгрөг илүү өгье гэсэн компани руу үсрээд байх биш, өглөө сэрэнгүүтээ компани руугаа ямар ч стрессгүйгээр яардаг байвал тухайн хүний ч тэр, компанийн ч тэр ажил өөдрөг байна. Өглөө ажил руугаа, орой гэр рүүгаа яардаг хүн л хамгийн аз жаргалтай гэдэг үг сүүлийн үед их хэрэглэгдэх болсон доо.

  - Манай улс хүний нөөцийн хөгжлийн ямар үе шатанд явна вэ?

  - Монголд өнөөдөр “боловсон хүчний газар” гэсэн хаягаа “хүний нөөцийн газар” гэж сольсноос өөр зүйл хийгээгүй, хийхийг хүсэхгүй байгаа байгууллага олон байгаа нь нууц биш. Хаягийн өөрчлөлт төдий зүйл хийчихээд хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлж, хэрэгжүүлж байна гэж ойлгож байгаа удирдлага олон. Бид олон улсын хөгжлийн үе шатнаас хоёр үеэр хоцорч явна гэхэд нэг их буруудахгүй байх.

  - Монгол Улсад өнөөдөр хүний нөөцийн хямрал нүүрлээд байна гэж ярилцах болж. Та үүнтэй санал нийлэх үү. Нийлж байгаа бол энэ хямрал чухам юунаас болж бий болов?

  - Учиргүй “нүүрлээд” байгаа, тийм болохоо байчихсан, засч залруулах боломжгүй болчихсон хар юм бас байхгүй л дээ. Тэгэхдээ хямрал бол бодитой байгаа. “Гэрээ засаад, биеэ зас” гэдэгчилэн гэрээ засаад л, төрөө засах гээд л гүйлдээд байгаа болохоос капиталистаараа дуудуулсан хэдэн компани, олон улсын хэдэн байгууллагаас өөр “биеэ” засаж байгаа, тэрний төлөө санаа зовниж байгаа хүн алга.

  - Хямралаас гарахын тулд яах ёстой вэ?

  - Хүний нөөцийн удирдлагын тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Монголд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэж байдаг бол Солонгост Боловсрол хүний нөөцийн яам гэж байдаг. Тэндээс манай хөдөлмөрийн насны 15 мянга гаруй залуусыг шилж сонгож байгаад авч яваад байгаа. Солонгост ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд орно, дээд болон мэргэжлийн сургуулиа төгсөөд тэр компанид орно гэж ярьдаг бол бид хичээл тараад тэнд шоудна, ажлаа тараад тэр уушийн газар сууна гэж ярьж байна. Тэгэхээр бидэнд бодлого алга. Дөчин жилийнхээ ойг тэмдэглэж байгаа нэр бүхий томоохон компанид 40 жилийн өмнө илгээлт өвөртлөн “олуулаа” очиж байсан залуус өдгөө мөн л “олуулаа” тэтгэвэрт гарч компаниа сандаргаад авсан сурагтай.

  - Тухайн компанид ажилтан тогтохгүй байгаа нь юутай холбоотой вэ?

  - Мөн л хүний нөөцийн зөв бодлого байхгүйгээс шалтгаалж байна. Ажилтанг зөвхөн өндөр цалин хөлсөөр тогтоодоггүй юм гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Тогтвортой ажиллахад цалин хөлснөөс гадна ажиллах орчин, хамт олон, компанийн нэр хүнд, байгууллагын соёл, хувь хүний өсч хөгжих боломж гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Мөн ажилтны зүгээс мэдлэг, мэргэшил, хөдөлмөр ур чадвар, дадлага туршлага чухал. Чадваргүй ажилтан нэг газар тогтвортой ажилладаггүй тал бас бий.