Монгол Улсын гаалиар 2007 оны байдлаар 57 хувь хүн, аж ахуйн нэгж ойролцоогоор 70 орчим нэр төрлийн угаалгын нунтаг оруулж ирсэн баримт байна.

Импортлогчид:

 - БНХАУ (27)

 - БНСУ (8)

 - ХБНГУ (7)

 - Япон (5)

 - ОХУ (3)

 - Вьетнам (2)

 - Сингапур (1)

 - Турк (1)

 - Малайз (1)

 - Индонез (1) зэрэг улсаас тус тус бүтээгдэхүүнээ авдаг байна. Импортын хэмжээгээр TIDE, ARIEL, МИФ зэрэг угаалгын нунтаг борлуулдаг “АНУНГОО” компани тэргүүлдэг бөгөөд жилдээ ойролцоогоор 1,237,329 килограмм нунтгийг зах зээлд нийлүүлдэг аж. Окей-ийг оруулж ирдэг ”Батмонд трейд”, ОМО, VISO-г хэрэглэгчдэд хүргэдэг “Адилакс” зэрэг компани дараа нь жагсдаг ажээ. “Арома трейд” дөрвөн төрлийн угаалгын нунтгийг ОХУ, ХБХГУ-аас импортолдог бол “АНУНГОО”, “Таван богд” “Бишрэлт трейд” компаниуд хоёроос гурван төрлийг оруулж, худалдаалдаг байна. Манай улсын угаалгын нунтгийн зах зээл дэх цор ганц үндэсний үйлдвэрлэгч болох “Мон хими” компани “Тана” нэртэй угаалгын нунтаг үйлдвэрлэдгийг хэрэглэгч та бид мэднэ. Харин БНХАУ-аас оруулж ирж байгаа гэх ихэнх нунтгуудыг Монголд савлаж, монгол нэр, шошготойгоор зах зээлд нийлүүлдэг юм байна.  

 Угаалгын нунтгуудыг супер маркет, дэлгүүрүүдэд 10-16 нэр төрлийн, савлагааны хувьд 150 граммаас есөн килограмм хүртэл жинтэй худалдаалж байна. Эцэст нь сонирхуулахад дээрх 57 аж ахуйн нэгж энэ оны байдлаар 3,184,324 килограмм угаалгын нунтаг хэрэглэгч та бидний хэрэгцээнд зориулан импортлоод байгаа аж.

“Цаг төр” сэтгүүлээс угаалгын нунтгийн хэрэглээний талаар 100 хэрэглэгчийн дунд бяцхан судалгаа хийсэн юм. Хэрэглэгчдийн дийлэнх буюу 80 хувь нь бүтээгдэхүүний чанараас хамааран сонголтоо хийдэг гэж хариулсан бол 50 гаруй хувь нь тодорхой нэрийн угаалгын нунтгийг тогтмол хэрэглэдэг гэжээ. Мөн судалгаагаар, манай орны зах зээлд борлуулж байгаа угаалгын нунтгууд нь үнэ, чанарын хувьд боломжийн гэж үздэг бол оролцогчдын 51 хувь нь зааврын дагуу ашиглаж чаддаг гэж хариулсан байлаа.

 Сонирхолтой нь, угаалгын нунтгийг “Вок” хэмээн монголчууд анх л хэрэглэж дадсан ЗХУ-ын ахуйн хэрэглээний нунтгийн, эдүгээ манайд огт байхгүй нунтгийн нэрээр энэхүү бүтээгдэхүүнийг нийтэд нь нэрлэж заншсан хэрэглэгч дийлэнх байсан юм.

Угаалгын нунтаг гэж юу болохыг та мэдэх үү?

   Угаалын нутаг нь дотроо олон төрлийн химийн элемент, бодис агуулсан, байгальд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй бүтээгдэхүүн аж. Нунтгийн найрлагад үндсэн бодисуудаас гадна цайруулагч, энзим, толбо арилгагч, үс зөөллөгч, өнгө сэргээгч, бактер устгагч зэрэг олон нэмэгдэл бэлдмэл ордог байна. Ийнхүү хэдэн төрлийн бэлдмэл орцод нь орсноос шалтгаалж үнийн хувьд зөрүүтэй байдаг ажээ. Энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид сүүлийн үед фосфатыг угаалгын нунтгийн найрлагаас хасч байгаа юм байна. Учир нь ус зөөлрүүлэгч, угаалгын нунтгийн молекул идэвхийг нэмэгдүүлэх зорилготой фосфат нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Угаалгын нунтаг байгальд хор нөлөө үзүүлсэн олон жишээ байх аж. Үйлдвэрлэлийн эхэн үед түүний хөөсрөх чадварыг нэмэгдүүлэх тийм ч амар шийдэх асуудал биш байв. 1960-аад оны үед үйлдвэрлэгчид хэнийх нь бүтээгдэхүүн усанд сайн уусч, хөөсөрч байна вэ гэдгээр жинхэнэ “дайтаж” байж. Үүний үр дүнд 1940 - 1970 оны хооронд барууны зарим хотын бохир усан дахь фосфатын хэмжээ жилд 20,0 -150,0 тн болтлоо өсч байжээ. Гол, нуурууд, тэр ч бүү хэл үзэсгэлэнт Ниагара хүрхрээ ч угаалгын нунтганд хөөсөрч байсан байна. Өнөө цагт хүн төрөлхтөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай бүтээгдэхүүнээс татгалзах болсноор нунтаг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ чанартай, боловсронгуй болгохоор ажиллаж байна. Үүний тод жишээ нь, угаалгын нунтагны найрлагыг аль болох сөрөг нөлөөгүй байлгах арга хэмжээ авч байгаагаас гадна хэлбэрийн хувьд нунтаг, шахмал, шингэн үйлдвэрлэх, тэр ч бүү хэл зориулалтын хувьд ч цагаан, хар, жинсэн, ноосон эдлэлийнх гэх мэт олон төрөл болгожээ. Манай орны зах зээлд ч дээрх хэрэгцээ шаардлага хангасан угаалгын нунтгуудыг худалдаалж байгаа нь тун таатай хэрэг биш гэж үү?

Угаалгын нунтгийг яаж хэрэглэх вэ?

 Угаалгын нунтаг дотроо хоёр янз. Гар болон автомат угаалгынх гэж. Зориулалтын хувьд цайруулагчтай, ангижруулагчтай, жинсэн болон будагтай хувцасных, ноос, ноосон эдлэлийнх, хар өнгийн хувцасных гэж ангилдаг. Орцон дахь нэмэлт найрлагаас шалтгаалан нунтгийн үнэ болон чанар харилцан адилгүй байдаг байна. Эзэгтэй таны сонгосон угаалгын нунтаг угаасан зүйлийн тань хир толбыг хүссэн хэмжээнд арилгахгүйгээс гадна хувцас тань хөвсгөр зөөлөн болж чадахгүй бол таны сонгосон угаалгын нунтгийн орц, найрлагад ямар нэгэн зүйл дутуу байна аа гэсэн үг. Ихэнхи нэр хүнд бүхий брэндийн угаалгын нунтгийн савлагаан дээр орцыг маш тодорхой бичсэн байдаг.

 Гар зориулалтын нунтгийг машин хэрэглэдэггүй. “Автомат” гэсэн тодотголтой нунтгийн найрлагад угаалгын машины эд ангийг хамгаалах тусгай бодис орсон байдаг юм байна. Тиймээс гар угаалгын нунтаг танай угаалгын машины эд ангийг хамгаалж чадахгүйгээс гадна угаалга ч санасан хэмжээнд хүрэхгүй. Харин “Автомат” гэсэн бичиг бүхий угаалгын нунтгийг гараар угаахдаа хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. Манайхны нэг буруу зуршил нь усаа хэт өндөр температурт байлгахыг хүсдэг. Сайн чанарын угаалгын нунтаг нь хүйтэн усанд ч хирийг сайн арилгаж чаддаг бөгөөд хэт халуун усанд хувцас угаах нь өнгийг гандуулж, материалыг өгөршүүлдэг байна.

 Нэг удаагийн угаалгад нунтгийн орох тунг маш нарийн хэмжих ёстой. Савлагаан дээр байгаа тунгийн тайлбар, хэмжээг зөв харж, зааврын дагуу хэрэглээрэй. Хэрэв тунг тааруулахгүй бол химийн элементүүдээс бүрддэг энэ бүтээгдэхүүн цэвэр усаар зайлсны дараа ч хувцаснаас бүрэн арилдаггүй. Тунг хэтрүүлэн угаасан хувцсыг өмссөн үед хүний хөлсөөр дамжин дотор эрхтэн болон арьсанд элдэв харшил, эмгэг үүсдэг.