Хөдөөний хүнийг ад үзэхээ байя

   Сүүлийн үед такси барихаар гар өргөж зогсохдоо “Хөдөөний жолооч байгаасай” гэж бодох болоод байгаа. Саяхан болтол “Элдэв шинхиг, нүүрс үнэртүүлчиxээд хүн зөөх тухай яаж бодож чаддаг байна аа” гэж ярьдаг байсан хүн гэнэтхэн ийм бодолтой болсон минь өөрийгөө хүмүүжүүлэхийн зэрэгцээ хотын стрессийг багасгах, томоор яривал улс орныхоо хөгжилд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах гэснийх юм болов уу даа.

Энгийнээр хэлэхэд газар мэдэхгүй, учир ойлгохгүй хөдөөний хүнд цэцэрхэж байхын оронд ганц ч гэсэн байшин барилга таниулж өгч байя л гэсэн юм. Нэг удаа охинтойгоо хамт 120 руу явахаар Мэргэжилтний 20-ын урдаас таксинд суутал өөдөөс нян хийсэн нялуун үнэр угтах нь тэр. Охин хамраа дараад ярвайв. Тэгснээ “Бууя аа” гэж байна. Үнэндээ хурдхан буумаар байсан ч хөдөөнөөс орж ирээд удаагүй байрын залууг эвгүй байдалд оруулаад яах вэ гэж бодон суугаад явлаа. Гэтэл дөнгөж Төв шуудангийн урд явж байтал охин “Ээж ээ, огиулах гээд байна ш дээ” гэх нь тэр. Хартал үнэхээр юу юугүй бөөлжих гээд байгаа янзтай байхаар нь урагшаа дөнгөж эргэмэгц нь бууцгаалаа. Мөнгө олох гэлгүй л яах вэ, гэхдээ машинаа цэвэрлэхэд яадаг байна аа гэж бодох тусам уур хүрч байсан ч тэвчин жолоочоос “Миний дүү, чиний машинаас чинь ямар үнэр үнэртээд байгаа юм бэ” гэж асуувал “Эгч ээ, уучлаарай хонь ачиж яваад дөнгөж сая буулгасан юм аа” гэдэг байгаа. Арай ч дээ, хонь, хүн хоёрт жаахан ч гэсэн ялгаа баймаар даа, хэтэрч байна гэж бодсон ч хэн ч бид хоёрыг заавал энэ таксинд суу гэж албадаагүйгээс хойш “бидний л буруу” байлаа.

Хүрээ соёл

   “Цаг төр”-ийнхөн бид нийслэлийн Засаг даргын тамгын газраас өрнүүлж буй ”Хүрээ соёл” аяныг дэмжиж байгаа юм. Сүүлийн арав хүрэхгүй жилд хөдөөнөөс хотод орж ирж, нийслэлийн хүн амыг нэг сая хүрэхэд “үнэтэй хувь нэмэр оруулсан” 500 мянган шилжин ирэгсдэд хот гэдэг их айлд хотын хүн байж л зохих ёсоор амьдарна, тэгвэл өөрсдөд нь, хотын уугуул оршин суугчдад ч амар, нийтдээ хотын уур амьсгал эерэг байхад тустай гэдгийг эвтэйхэн хэлж өгөх, тэдний хурдхан хотын хүн болох гэсэн мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах гэсэн сайн арга хэмжээ болж байна гэж үзэж буй юм. Тиймээс ч хүч нэмэх гэлээ. Гэхдээ хамтарч ажиллах нэрээр хотын захиргааны, энэхүү ажлыг санаачилсан түшмэдүүдийг нэр зааж магтах ч юм уу, явуулж буй арга хэмжээг нь протоколдож дамжуулах зэрэг арга барилаар ажиллахыг чухалчилсангүй.

 

“Naturemen”-үүд

    Олон асуулттай тулгарлаа. Хөдөөнийхөн л соёлгүй байгаа юм уу, хотынхон соёлтой байж чадаж байна уу, ер нь соёл гэж юу юм, хүмүүс бүгд соёлтой байвал нийгэм мөрөөдлийн юм шиг болох уу. Соёл гээч төрмөл юм уу, таримал юм уу гэхчлэн. Бодох тусам, хоорондоо ярилцах тусам, уулзаж яриа өрнүүлсэн хүмүүсийн тоо нэмэгдэх тусам өнөөх таксины жолоочийн дүр төрх, хонины шивтэр, гэр хорооллын айлуудад нийтлэг, хувцсанд нэвт шингэчихдэг нүүрсний үнэртэй холилдсон тэр нэгэн үнэр санаанд байсаар байв. Үүнээс үүдээд юуны өмнө хот газрын соёл буюу хотын захирааныхны нэрлэснээр “Хүрээ соёл”-ын тухай ярихад юуны өмнө хотын хөдөөнийхнийг түргэхэн хотын хүн болгох тухай асуудал эн тэргүүнд тавигдах бололтой. Түүнээс биш хотын хүн амын тал хувийг эзэлж буй тэднийг хот муухай болгож байна гээд тэднийг хааш нь ялгаж явуулах билээ. Тэд амьдрал, ах дүүгээ бараадаж ирсэн. Хотын уугуул оршин суугчид орон нутгаас шилжин ирэгсдэд таагүй хандах болсон. Хэдийгээр тэд бүгд хөдөө ах дүүтэй, тэдэндээ хайртай ч тэдэн шигээ улстай яг нэг орчинд хамт амьдраад ирэхээрээ ад үзэх янзтай. Буруутгах ч аргагүй. Яагаад гэвэл хөдөөнийхөн маань Баабарын бичсэнчлэн зам хөндлөн гарахаас өгсүүлээд хотын хэвшмэл дүрэм журмыг алхам тутамдаа зөрчинө. Хааяа хэлж сануулахад дургүйцнэ, “Та нараар заалгахгүй” гэнэ.

Мөн түүний бичсэнчлэн “Таксины жолооч нарын дийлэнх нь Энхтайваны гүүр, төв талбай, Нисэх гурваас өөр газар мэдэхгүй. Сумын уран сайханч багш, эмч хоёр урлагийн үзлэгээр дуулдаг дуу хотын аль том тайзан дээрээс цуурайтан танхим үзэгчдээр хахаж цацна. Үзэгчид үстэй дээл, лоовууз эрүүвчилсэн, тасралтгүй самар цөмнө. Үүр цайтал үймэн шуугих найрын дуу хорооллоор нэг хадах ба дараагийн зочид шөнийн гурван цагт цуван айл эндүүрч орцны бүх айлын хаалгыг ээлж дараалан нүднэ… Хотын жорлон төв талбай руугаа ойртсоор…Энэ бичсэн бүхэн үнэн билээ.   Байдал нэгэнт ийм байгаа тул, мөн XXI зууны Монголын нийслэл сая иргэнтэй Улаанбаатар дэлхийн төвшний хот байхын төлөө тэмүүлэх шаардлагад нийцэхгүй байгаа болохоор оршин суугчдаа хотжуулах, соёлжуулах, иргэншүүлэх шаардлага тулгарчээ. Харин хэрхэн гэдэг тухайд ухаанаа уралдуулах л үлдлээ. Социализмын үеийн “Соёлын довтолгоон” үр дүнгээ өгсөн юм билээ. Харин өнөө үед ямар арга хэмжээ авбал дээр вэ. Олон хүнтэй санал солилцлоо. Хамгийн оновчтой арга хэлбэр бол асуудлыг гаргаж тавих аж. Болж бүтэхгүй байгаа асуудлууд шилэн хоргонд буй мэт харагдаж чадаж байвал шийдэх арга замыг хайхад дөхөм.

Соёл, соёлтой хүн

   Соёл гэдэг нь ердөө л нийгэм аж. Бүр нийгмээс өмнө хүн бий болохтой хамт үүсч бий болсон зүйл гэнэ. Тодруулбал хүмүүн соёлтойгоороо буюу өөрийгөө, бусдыг хүндэлж, хам­тарч ажиллаж, амьдардгаараа, бие биенийхээ болон нийтийн эрх ашигт нийцэн, тухайн орчны тодорхой хэм хэмжээнд захирагдаж байд¬гаараа амьтнаас ялгаатай. Хотынхон хөдөөнөөс шилжин ирэгсдээс хотын соёл шаардаж, санасандаа хүрэхгүй болохоороо бухимдаж тэднийг элдвээр хэлэх. Гэтэл эсрэгээр нь бодоод үзье. Хотын ганган хархүү костюм өмсөж, үнэртэй ус сэнгэнүүлэн малд гарах нь соёл уу. Гэх мэтчилэн үргэлжлүүлээд байвал жишээ олон. Соёл гэдэг тодорхой орчинд мөрдөгдөх хэм хэмжээ гэдэг нь ч улам тод харагдах биз ээ. Тэгэхээр хотын соёлын үүднээс авч үзвэл хөдөөнөөс орж ирэгсэд маань хүссэн, хүсээгүй нийслэлчүүдийн, хотын уугуул оршин суугчдын амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч, улмаар аль болох түргэн хотын соёлд суралцаж, хотших шаардлага тулгарч байна.

Соёл донслоод нэг л тавгүй

   Улаанбаатар хатуухан хэлэхэд хүн-хогондоо дарагдаж гүйцлээ. Хаашаа л харна, хүн бие засаад зогсож байх. Хараалын үгсийг уушгиныхаа багтаамжаар урсгацгаана. Худлаа хэлж, хулгай хийхээр уралдана. Утга учиргүй архидалт, янхандалтад мансуурч гүйцлээ. Олны газар зохисгүй хувцаслаж, нүд дальдрам төрхтэй явах хүн яасан олон юм бэ. Машин зам хөндлөн гарч байгааг нь ээ, эгээ л адуу мал шиг. Тэгж явж осолд орчихоод өөрийгөө ч, жолоочийг ч хохирооно. Уг нь соёлтой, өөрөөр хэлбэл малаас долоон дор аашилдаггүй бол тийм байдалд орохгүй. Өөрт нь таалагдаагүй хүнийг цохиод унагачихдаа сэтгэл нь баахан ханадаг зэрлэг хүн яасан олон болоо вэ. Хот хөгжиж байгаа гэх. Байшин барилгыг газар л тааралдвал барьчихна. Хааш нь ч хамаагүй харуулаад, юугаар ч хамаагүй босгочихно. Дизайн, урлагийн тухай ярихын ч хэрэггүй, овойж л байвал болоо. Хотын оршин суугчид бүгд урлагийн мэдрэмжгүй хүмүүс биш болохоор энэ бүхэн таалагдахгүй байгаад бухимдсан улс чадлынхаа хэрээр хэлж, шүүмжлэх ч шийдвэр гаргагчид, зөвшөөрөл олгогчид, авлига авагчид яг л дүлий дүмбэ. Эндээс эрх мэдлийн болон улс төрийн соёл алга гээд л эхэлбэл явж өгнө. Ингээд тоочоод байвал, хэрэглээний, үйлчилгээний, хэлний, бичгийн гээд нэмээд байх юм бол соёлтой юм, соёл одоогийн байдлаар Монгол Улсад тун ховор шиг. Монголчууд уг нь эртний төрт ёсны, уламжлалт, зан үйлийн, мөн үе үеийн хотын соёлтой. Эдгээр үеийн нэг нь ХХ зууны эхэн үед хамаарах “Хүрээ соёл”. Мөн онцлог үе бол 60,70-аад оны соёл. Гэх мэтчилэн монголчууд бид хотын үе үеийн соёлтой ард түмэн билээ. Энэ үүднээс авч үзвэл одоогийн хотын соёл юугаар онцлог вэ? Хамтдаа хариулцгаая. Хэдийгээр Монгол Улсад хотжилт үүсээд удаагүй, ердөө 100 хүрэхгүй жил болж буй ч хөгжлийн явцад соёл хүрэыыэгээ тэлж, соёлжилт дээшилсээр өнөө үетэй золгосон ч эдүгээ Монголд соёл “Отгонтэнгэр” их сургуулийн багш Б.Галиндэвийн хэлсэнчлэн донслоод эхэлжээ. Харин донслуулаад байгаа зам нь манай нийгэм бөгөөд монголчууд нийтээрээ “Соёлын донсолгоон”-ы үед амьдарч буй болж таарч буй юм. Тэгэхлээр замаа засахын төлөө хамтын хүчээр, хүн бүрийн оролцоотойгоор зүтгэе.

 

Ардын уран зохиолч, төрийн шагналт

яруу найрагч Ш.Сүрэнжав:

Хотын нүүр царай гэдэг бол өмссөн хувцас, үг яриа, үйл ажил

   Богдын хүрээний үеэс, ер нь нийслэл хүрээ байгуулагдсан тэр үеэс л хүрээ соёл гэж бий болсон шүү дээ. Богдын үеийн хүрээнийхэн бол дуулдаг дуу, өмсдөг хувцас, алхаа гишгээ, мэнд уснаасаа эхлээд л ялгардаг даа. Тэр дундаа Наймаа хотын соёл, Амгаланбаатарын соёл олон түмэнд илүү хүрч байсан гэж болно. Ардын хувьсгалын анхны жилүүдэд урлагийн цэнгэлдэх хүрээлэнгийн гол гол жүжиг Амгаланд тавигдаж тэндээс олон олон алдартан төрж гарсан шүү дээ. Одоо 60-70-аад оны соёл хүртэл гээгдээд эхэллээ. Тэр үед чинь хот хүрээнээс хөдөө ирсэн хүн хүртэл их ялгагддаг байсан юм. Салхин доогуур нь явахад тэр хүнээс тансаг үнэртэн ханхалдаг, өмссөн зүүсэн нь хүртэл холоос ялгарч харагддаг байв. Театрт очихдоо бүр ч гоё хувцасладаг. Харин 90-ээд оноос хойш хүн хаана амьдрах нь чөлөөтэй гэсэн нэрийн дор хутгалдуулж орхисон. Хоолоор зүйрлэх юм бол хярамцаг л гэсэн үг. Хотын хүн хотоороо бахархдаг байх учиртай.Тухайлбал Москва хотын хүн Москвагаараа, Санкт-Петербургийн хүн Санкт-Петербургээрээ бахархдаг шүү дээ. Улаанбаатар хотын хүн Улаанбаатараараа бахархдаг. Гэтэл Азийн цагаан дагина маань өнөөдөр халтар дагина болчихоод байна шүү дээ. Ингээд бодохоор соёл гэдэг юм маш чухал юм. Бид соёл гээгдэж буй асуудлыг хожимдож ярьж эхэллээ. Бүр Богдын хүрээнээс эхлэе гэвэл найр наадам нь хүртэл соёлтой байсан. Архи дарсыг хүртэж уухдаа хүртэл хуруувч шиг жүнзэнд хийж уруул хүргэх төдийгөөр ууж хуа гаргаж, харилцан дуулж, оройжингоо шанз хуучир сонсон баясаж үдшийг өнгөрөөдөг байсан. Цаашилбал алхаа гишгээ нь хүртэл цэмцгэр сайхан байсан. Гэхдээ өнөөдөр соёл бүр алга болчихов уу гэвэл бас үгүй. 90-ээд оноо бодвол хүмүүс сайхан хувцаслаж байна. Номын сан, уншлагын танхимд хүмүүс орох нь олширч, бас ч үгүй уртасгасан цагаар ажилладаг боллоо. Автобусаар зорчиход настай хүндээ суудал тавьж өгөх нь 90-ээд оны үеэр нэг хэсэг алга болсон бол одоо сэргэж байна. Харин ахмадууд маань суудал тавьж өгсөн хүнд хариу талархал илэрхийлж, “миний насыг аваарай” гэж ерөөхийн оронд бараг загнах нь холгүй байна шүү дээ. Цаг цагийн соёл дуугаар илэрхийлэгдэж байсан. Би жишээ хэлье. Богд хаант Монгол улсын үед “Зуун лангийн жороо луус” гээд төрийн хүндэтгэлийн дуу байж. Найр наадамд дуулдаг наргиа дуу нь тусдаа байсан. Гоо сайхан гээч юм яруу найрагчдын сэтгэлийг хөдөлгөдөг. Тэдний дуу шүлэг бичих онгодыг хөдөлгөдөг, увдисыг нь өгдөг байсан. Богд хааны бага хатанд зориулсан дууг хүрээний ноёдууд дуулдаг байсан.  

   Арван наймтай Хандаамаа  

   Аръяан дүрийн Хандаамаа  

   Хандаамаагийн алдар нь  

   Дайчин Доржийн Хандаамаа гэж дуулдаг байсан.

  Одоогийн залуучууд болохоор настай биднийг бараг эротик мэддэггүй мэтээр ойлгох болсон. Тэгвэл Богдын хүрээний үед Богдын сүүлчийн хатанд зориулсан дуунд: 

 Хүрэн торгон Мадёчийн

 Хүйснээс доогуур асаасан

 Хүсэл ихтэй тачаалыг

 Хүрэл тээрэмд оруулсан гэж дуулдаг байсан.

 Энэ дуу уламжлагдаад 60, 70-аад оны үед Д.Намдаг зохиолч 20-30-аад оны явдлаар Лхам гэдэг анхны хайртай бүсгүйгээ санагалзан байж “Шөнийн орсон шиврээ бороо” гэдэг дууны үгийг бичсэн байдаг. Эротикийг хамгийн яруу сайхнаар илэрхийлэн бичсэн байдаг шүү дээ.

 Шөнийн орсон шиврээ бороо

 Сэрчигнэн шивнэв цэцгийн чихнээ

 Сэрүүн тунгалаг дусаалыг шимсэн

 Цэцгүүд баясан цоморлогоо дэлгэнэ гэдэг чинь өөр бороо, өөр цэцгүүд шүү гэдгийг одоогийн багачууд бараг ойлгохгүй л болов уу.

 Эротикийг Монголчууд “Үүл борооны явдал” гэж цээрлэн нэрлэдэг байсан. Аливаа юмыг ийнхүү боловсноор илэрхийлдэг байсны нэг тод жишээ нь энэ болов уу. Энэ бол цаг цагийн соёл юм. 20-иод оны үед маршал Чойбалсангийн дууг дуулдаг байсан л даа.

 Засгийн газраас зарагдаад ирсэн

 Жанжин миний ирсэн биеэ хө

 Залуу зантай Бортолгой минь

 Завхай битгий яваарай хө хэмээн дуулж байсан шүү дээ.

 Тэгээд 40 оны үед цэргийн дарга нарын алдар хүндийг өргөсөн:

 Цэнхэр дурдан алчуураа

 Цэцэг навчаар гоёлоо доо

 Цээжний янагаа санахаараа

 Цэргийн хороо илхэн байна

гэж дуулдаг байсан бол 50, 60-аад оны үед хот хөдөөгөө холбоод

 Саальчин хонгор бүсгүй минь

 Саагаарай сүүгээ саагаарай

 Сав шимийн идээгээр

 Саруул амьдралаа хангая гэж дуулдаг байсан шүү дээ.

 Тэгээд наашлаад 80-аад он болохоор “Дөрвөн улирал, хоёр амраг” гээд дууг Галхүү, Оюунчимэг нар дуулдаг байсан. Зөвхөн дуугаар ярихад ийм байна. Мөн цагаа дагаад хувцасны маяг моод нь өөрчлөгдөж байсан. Үүнээ дагаад эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж өөр өөр байсан. Жишээ нь Б.Явуухулан 60-аад онд

 Туулайн гүйдэл шиг салхинд

 Туулын шугуй найгана

 Уулын согоо шиг бүсгүйд

 Хайрын сэтгэл дасна гэж шүлэглэсэн байдаг.

 Тэр үеийн хүүхнүүд үнэлэх үнэлэмж нь дугуйдуу царайтай, махлаг тэгш биетэй, мөр цээжний галбир сайтай, эмэгтэй хүнийг нүүрнээс нь, нүднээс нь, царайнаас нь, араас нь харъя гэвэл гэзэгнээс нь харж бичиж байсан. Бид чинь Монгол Улс юм бол монгол гэсэн өөрийн өвөрмөц онцлогтой, соёлтой байх учиртай. 50-иад оны үед Д.Намдаг гуайн “Туулаа, Тунгалагаа” гэдэг дуу бол Туул голдоо өссөн, хүрээний амьдралдаа дассан хүний сэтгэлийн илэрхийлэл болж үлдсэн байдаг.  

   Түргэлэн урссан

   Туулын хөвөөнд

 Түмэн баярт байгалын дунд

 Дотны янаг авхай минь

 Юутай сайхан харагдана вэ?

 Туулаа, Тунгалагаа

 Дурлалыг холбосон Туул аа

гэж хүний амьдралын нэгэн бүтэн үе дүр зурагтайгаа харагдахаар бичсэн байдаг. 50-иад оны заримдаг сэхээтнүүдийг Р.Чойном дүрслэн бичихдээ:

 Ший кинонд илүү билеттэй

 Шипр ханхлуулж зүйр үг хэлж

 Хожимдож ирсэн хүүхэнтэй үзээд

 Хоёр хоноод мартаж явсан юм хэмээн шальдар бульдар харьцууллыг ийнхүү шүүмжлэн бичдэг байсан юм. Хотынхоо яг захад нь орж ирж байгааг дүрслэхдээ:

   Урсгал Туулын сэрүүн дэнж

 Ууши яндангийн эрээн багана

 Униар татсан олон барилга

 Улаанбаатар минь сайн байна уу? гэжээ. Зүүн урд талаас хотод орж ирэхэд ингэж харагддаг. Баруун хойноос болохоор Шар хавийн дөрөлж дээрээс харснаар:

 Улаабаатар минь тэнгэрийн заадас шиг ярайна

 Дөрвөн уул дундах хот минь хэмээн бичиж байсан. Ингэж хотоороо, хотын хүн гэдгээрээ бахархдаг байлаа. Хотын нүүр царай гэдэг бол тэр хүний өмссөн хувцас, үг яриа, үйлс ажил юм. “Ааш зан гэдэг бол үнэрээр зүйрлэвэл цэцэг л гэсэн үг” хэмээн Жебри Чосер хэлсэн байдаг. Хотын соёл гэдэг өглөө бүрийн мэндчилгээнээс эхэлдэг. Бие биедээ хайр хүндэтгэлтэй хандахаас эхэлдэг. Дээр үед чинь нохой хогон дээр хэрэлддэг байсан бол одоо хогон дээр хүн хэрэлддэг болоод байна шүү дээ. Харилцааны урлаг эндээс л эхэлж байна шүү дээ. Гараад явахаар хот нь өөрөө сэтгэл баясгамаар байх, өглөө нь ямар байх вэ, үдэш нь ямар байх вэ гэх мэтээр хүнийг соёлтой болгох сэтгэлийг төрүүлж өгөх орчин бий болгох нь юу юунаас чухал юм болов уу даа.

 Бид одоо гол төлөв урагшаа Хятад руу зорчдог болж. Бээжин хотоор зүйрлэе л дээ. Өдөр өнгөрөх бүр, цаг өнгөрөх бүр өнгө төрх нь өөрчлөгдөж байгааг бид бэлхнээ харж байна шүү дээ. Тэгвэл манай нийслэл хот маань ямар байна. Хэн дуртай хүн, хаа дуртай газраа байшин барилга шавааралдуулан барьж байна. Энэ нь хүний сэтгэлд замбараагүй байдлыг төрүүлнэ. Нүдний цөцгий мэт төв талбайгаа хайрлаж байх учиртай.

 Аян холын шувууд нуурын усанд чуулах шиг

 Айлчин гийчин олноор уужим хот минь цалгина

 Дагинасын сайхан зүсийг нь эхэлж харсан гийчин

 Даяар Монголын царайг эндээс эхэлж бодно гэж хэлмээр байна.

 Эцэст нь энэ бүгдийг яруу найргаар илэрхийлэх юм бол:

 Сэтгэлээсээ ямагт жавар сэнгэнүүлдэг хүн

 Бусдын гал дээр ус цацахыг боддог

 Зовлонгийн булаг бусдын нүднээс урсахыг үзээд

 Зориуд түүнээс гараа угааж баясан сэтгэл төрдөг гэж би ямар сайндаа бичих вэ дээ.

Өөрийгөө ч үзүүлнэ, бусдыг ч харна...

  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор, хөгжмийн зохиолч, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын зөвлөх, Их мэргэд овогтой Пүрэвжавын Хаянхярваатай уулзаж ярилцлаа.

  - Таны нүдээр харахад дөч тавиад оны хүмүүс, одоогийн хүмүүсийн бие биетэйгээ харьцах харьцаанаас эхлээд соёлын хувьд ялгаатай зүйл олон байгаа байх.

  - Тухайн үеийн хүмүүсийн соёл өвөрмөц,өвөрмөц.Тухайлбал 1945 онд “Цогт тайж” киног гарахад албан байгууллагууд туг лоозон бариад манай хамт олон “Цогт тайж” киног үзэх гэж байна гээд бөөн баяр болж очих жишээтэй. Улс тунхагласны өдрийг том баяр шиг тэмдэглэдэг байлаа. Тэр үеийнхэн юм болгонд, хүнтэй харьцсан ч, албан ажилд ч ёсорхуу, хүндэтгэлтэй, өвөрмөц сайхан ханддаг байсан юм аа. Одоо бол юмыг нэг их тоохоо больж. Юм олшроод сайхан, муухай юм олноороо зэрэгцээд ирэхээр хүмүүсийн анхаарал сулардаг юм уу, яадаг юм. Хөдөөгийнхөн их ороод ирэхээр хотын соёл нь уусчихдаг юм шиг байна. Би хөгжмийн хүн болохоор энэ чиглэлээрээ яръя. Одоо хуучин дуу хөгжмийг их сонирхоод байгаа явдал чинь хөдөөгийхөн олноороо орж ирсэнтэй холбоотой юм. Нэг талаар сайн, нөгөө талаар урагшлах хөгжилд зохих хэмжээгээр саад болж л байгаа юм. Ухаан нь намайг бага байхад хүрээ авгай нар, Амгалангийн дэгжчүүд гэж ярьдаг. Тэднийг харах гэж хаа явааг нь бие биедээ хэлдэг, аман мэдээлэл маш сайтай, тэднийг дуурайж хувцасладаг, биеэ авч явдаг байлаа шүү дээ.

  - Хүрээ гангачууд тэгээд юугаараа бусдаас онцгой байсан юм бэ?

  - Их сайхан хувьцасладаг, цаанаа нэг буурьтай, нүнжигтэй тийм л улс байсан юм. Богд хааны үед үдийн цайны үеэр их буу бууддаг байсан байна л даа. Тэр их бууг буудуулдаг хүн нь Хэлхээ Намжил гэж нэг их том биетэй сайхан эр хүн байсан юм гэнэ билээ. Тавиад оны эхэн үед тэр хүн амьд байсан. Хүмүүс Хэлхээ Намжилийг тэнд явахыг харлаа, хаана явна, нэг харах юмсан гэж хоорондоо хэлэлцдэг байлаа шүү дээ. Манай өнөө алдартай Юндэн Дагванамдал гуай чинь Хэлхээ Намжил гуайг зориуд эрж олж, харж, түүнээс Юндэнгийн дүрийг олсон гэж ярьж байсныг би сонссон.

  - Хүүхнүүд яаж хувцасладаг байв?

  - Дөчөөд оны бүсгүйчүүд монгол дээл, өдөн малгайгаар л гоёдог байлаа. Орос хром гэж эмэгтэй хүний сайхан хром байсан даа. Тэр үеийн залуус нийтийн бүжигт их соёлтой, замбараатай оролцдог байлаа. Бүжгийн үеэр нэг хос буруу хөлөөсөө эхэлчих юм уу, буруу эргэлт хийчих юм бол хөгжим зогсчихдог. Өнөө хос ч буруугаа мэддэг, дахиад эхлэхэд цөмөөрөө зөв эхэлж, ингээд урсаад л явчихдаг байлаа. Би чинь арав гаруй жил нийтийн бүжгийн хөгжмийг Элдэв-Очирт үлээсэн хүн шүү дээ, орой болгон.  

  - Залуус бүжгэнд орохын тулд хувцас хунараа их боддог байсан байх?

  - Өө, яриа байхгүй. Хамаг л өөдтэй өнгөтэй хувцасаа өмсөж, ёстой нэг өөрийгөө ч үзүүлнэ, бусдыг ч харна гэсэн зорилготой л ирнэ шүү дээ. Бүжгээ маш зөв хийнэ. Их олон төрлөөр бүжиглэж чадна. Вальс, покастрол, танго гурав үндсэн бүжиг нь. Түүн дээр удаан вальс, падикатор, полька, бас американ гэж хөлөөрөө зэрэг товшилт хийдэг бүжиг байсан. Даам-дам-дам-да да да гэхээр данда данда данда дан гэж товшилт хийдэг. Ёстой гялалзтал хийнэ ээ. Бүжгээр нэг соёл илэрч байгаа юм. Нөгөө нэг соёл гэвэл хүмүүс бильяард их гоё тоглодог байсан. Амикан гэдэг бильяардийг маш сайн тоглоно. Хар малгай Жамбал, Цэвэгжав багш гээд алдартай бильяардчингууд дамжаад дамжаад тоглодог байлаа. Бүжигчид ч мөн клубээс клубын хооронд явж оройжингоо бүжиглэнэ ээ. Цэргийн төв клуб, СНЭ-гийн клуб, Ленин клуб, Элдэв-Очирын клуб, Залуучуудын ордон чинь бас бүжиг явдаг том танхимтай байсан юм. Ингээд л дамжаад бүжиглэдэг байлаа. Энэ бол яах аргагүй бүх нийтийн, хүрээний том соёлын илэрхийлэл байсан. Хамгийн гол нь хүмүүс их зөв бүжиглэдэг, зөв боловсон хувцаслаж ирдэг. Тэр арга хэмжээгээ хүндэтгэдэг байхгүй юу. Одоогийнх шиг өмссөнтэйгээ очоод тоос шороо бужигнуулаад байхгүй шүү дээ.  

  - Театрт хэр юм үздэг байв?

  - Театрт юм үзэхийн тулд хоёр гурван хоногийн өмнөөс дугаарлах хэрэг гардаг байлаа шүү дээ. Аргагүй, тэр үед чинь байгаа юм нь кино, театр хоёр байсан юм чинь. Юм үзнэ гэдэг бол хүмүүсийн хувьд эрэлт хэрэгцээ байсан. Хөдөөнөөс хотод ирсэн хүнийг юуны өмнө театрт юм үзүүлдэг байлаа. Тэгэхдээ театрт бохир муухай хувцастай очиж болдоггүй юм шүү, цэвэрхэн, сайхан хувцаслаж очдог юм гэж бие биедээ хэрэг болгож хэлдэг. Хэрвээ хэн нэг нь жаахан анзаарга муутай хувцаслаад ирвэл тэр хүн хачин хувцастай явж байх юм, ямар сонин хүн бэ гээд бүр шүүмжилж ярьдаг цаг байлаа.   

  - Одоо ч замын хөдөлгөөнөөс эхлээд хотын соёл эвдэрч харагдах болж?

  - Юм элбэгшээд ирэхээр эмх замбараа, зохион байгуулалт муутай болдог юм байна. Кино, үзвэр элбэгшлээ. Урьд бол үзвэрээс заавал юм олж авдаг байсан шиг байгаа юм. Ямар сайхан дуулдаг юм, ямар сайхан хувцасладаг юм, ямар сайхан бүжиглэдэг юм гэж. Харин одоо бол тэгэхгүй, жирийн л нэг хэрэглээний шоу. Өнөө орой хаана очиж, дураараа бүжиглэх вэ гээд л...  

  Уул нь урлагийн нэгдүгээр зорилго бол нийгмийн сэтгэхүйд сайн нөлөө үзүүлж байх ёстой юм ш дээ. Нийгмийн сэтгэхүйг үймүүлж байх биш. Одоо бол юм л бол инээж, хэрэгтэй хэрэггүй бужигнаж байх болж. Насандаа тохируулж, юм юмыг ангайж хараад инээгээд байх биш, амьдралаа цэгнэх, үр хүүхдээ зөв өсгөх, улс нийгэмдээ юм хийх зорилго байх учиртай л гэж боддог юм. Цагийг үнэлэх үнэлэмж алга болчихоо юу даа.   

  Одоогийн хүмүүсийг соёлгүй учиргүй байна гэж зэмлэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл одоо хотод зохиомлоор хүний тоо өсөж байна. Хөдөөнөөс хүмүүс олноороо орж ирж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Хүрээ соёл” аяныг одоо зохион байгуулж, танай сэтгүүл дэмжин ажиллаж байгаа нь яг цагаа олсон их зөв ажил. Улаанбаатарт шинээр орж ирж байгаа оршин суугчдад хотын соёл, хотын соёлын уламжлалыг таниулах нь их зөв юм. Ганцхан үүнийгээ зөв зохион байгуулаасай, зүгээр нэг яриад өнгөрөх биш үүнээс бодитой үр дүн гараасай гэж би хувьдаа бодож байна.

Инээж мэндлэн, элэгсэг харилцахаас соёл эхэлдэг

  60, 70-аад оны хотын соёл ямар байсан талаар сонирхож, ахмад балетчин Т.Баянжаргалтай уулзсан юм.

  - Их Орос улсаас соёлыг үр тээж ирсэн залуусын нэг нь та гэж дууллаа. Хэдэн онд сургууль төгсч ирсэн юм бэ?

  - 1962 онд.  

    - Та нарыг харах гэж Дуурийн театрын урд талын цэцэрлэгт залуус цугладаг байсан гэнэ. Балетчин залуус хүүхнүүдийн харааг булаадаг байж дээ?

  - Бид 24-үүлээ төгсч ирсэн юм л даа. Ердөө 13 настай, учир мэдэхгүй жаахан хүүхдүүд хойшоо яваад дэлхийн соёлын үнэт өвийг хойч үедээ дамжуулах эрхэм үүрэг бүхий балетийн жүжигчид болоод ирсэн маань олны анхаарлыг татсан сонин үйл явдал болж байсан юм билээ. Таны хэлсэнчлэн ажил тарахад залуус зогсож байдаг байсан шүү. Гэхдээ зөвхөн хүүхнүүд биш, эрэгтэйчүүд ч байдаг байлаа. Тэд жүжигчин, дуучин бүсгүйчүүдийг харах, танилцах, хувцаслалтыг нь сонжих, болж өгвөл эрчүүд хүүхнүүдийг гэрт нь хүргээд өгчих санаатай тэгж хүлээдэг байсан байгаа юм.

  - Гэрт нь хүргэж өгөх өө. Тэгээд тэдэнд хүрд эргүүлэх боломж олддог байсан болов уу?

  - Олдоно оо. Болзооноос хосууд төрнө. Тэр үеийн залуус охидын дэргэд ёс бус зан гаргахгүй. Гэрт нь хүргэж өгөхдөө дэргэд нь бага зэрэг хоцорсхийн дагалдаж алхана уу гэхээс одоогийнх шиг юу юугүй эрээ цээргүй аашлахгүй шүү дээ. Бас жинхэнэ соёл гэдгийг тэр үеийн хүмүүс хэрхэн бүжиглэдэг байснаас мэдэж болно. Хэн ч байсан вальс бол вальсаар нь, танго бол тангогоор нь бүжиглэнэ. Нийтийн бүжигт орохыг их хүсдэг байж билээ.

  - Ордоггүй байсан юм уу?

  -Тайзнаа гардаг уран бүтээлчдийг хориглодог байсан юм. Боловсролтой, чадвартай хүмүүсээ шүтдэг үе байлаа шүү дээ.

  - Тэр үеийн бүсгүйчүүд балетмейстр Хабаева гуайн өмсөж зүүснийг ихэд анзаардаг байсан гэнэ лээ.

  - Майдар гуай тэр хоёр мөн сайхан бүжиглэдэг байсан шүү.

  -Төв хорооны Майдар гуай юу. Тэр хоёр найз байсан юм уу?

  - Үгүй ээ. Дарга нарын хүлээн авалт, үдэшлэгт Зөвлөлтийн мэргэжилтнийг заавал урьдаг байсан юм. Ер нь бол соёл гэдэг хүнтэй инээмсэглэн мэндэлж, элэгсэг харилцахаас эхэлнэ. Бусдыг хүндэлдэг хүн муухай үг хэлж, муу үйл хийгээд явах уу. Соёл эндээс л эхэлнэ. Тэр үед залуус ахмадуудаа ихэд хүндэтгэнэ, үгийг нь сонсоно. Театрт л гэхэд Хайдав, Пүрэвсүрэн, Мядагбадам, Аюуш, “Ардын элч” киноны Дарьбазарт тоглодог Занабазар гээд олон сайхан үлгэр дуурайл болсон, жинхэнэ залуусын идеал, бахархан дуурайх хүмүүс нь байсан. Хайш яйш хувцасласан хүн театрт нэг ч байдаггүй байлаа. Хайдав гуай, Гончигсумлаа гуай нар бол байгаа байдал төрхөөрөө л соёл түгээгчид байсан.

    - Хувцаслалт их чухал байжээ?

  - Чухал байсан. Би 1947 онд хөдөөнөөс орж ирсэн юм. Тэр үед миний ижийн дүү хойноос таван ширхэг өдөн цагаан малгай явуулахад нь манайхан нэг гэр, ишигтэй ямаа арваар арилжиж байсан юм шүү.

  - Өндөр үнэ хүргэж байжээ?

  - Үнэтэй хувцас өмссөн хүмүүсийн тархи хоосон байвал бас хэцүү. Тийм болохоор эрдэм номтой, соёлтой нэгнээсээ суралцах их хөдөлгөөн аяндаа нийгэмд өрнөж байлаа л даа. Орос хэл сурах моод байлаа. Алхаа гишгээ, намба төрх гээд аль сайнаас нь хичээнгүйлэн суралцахын төлөө залуус цаг хугацааг зориулдаг байсан. Манай Мөнхжаргал, Балжинням хоёрыг талбай дээгүүр алхаж ажилдаа ирэхэд нь амдаад зогсчихсон харж байдаг. Энэ бол суралцах их хүсэл тэмүүлэл байсан гэж боддог юм.

  - Нийгэм өөрчлөгджээ. Одоо их өөр болсон байх. Гэхдээ сайн сайхны тухай ойлголт, үзэл нэг л хэврэг болчихсон шиг санагдах болсон шүү. Ямар ч байсан тэр үед хүмүүс дуурь, балет гэдэг урлаг талдаа дээдийн дээд оргил нь, мэргэжлийн уран бүтээлчид хүний дээд гэсэн эрхэм үзэлтэй байсан санагддаг.

НЬЮ-ЙОРК ХОТЫН СОЁЛООС

   Сэтгүүлийнхээ хавтасны сэдвийн сэдвийн хүрээнд дэлхийн томоохон хотуудын нэг болох Нью-Йоркын соёлын талаар товч танилцуулахаар бэлтгэсэн юм. Мөн соёлтой байхын үндэс нь зөв хүмүүжил гэдэг. Яагаад энэ хотыг сонгосон бэ гэдэг сонин байж болох. Энэ хот 20 дугаар зууны эхээр өнөөгийн манай Улаанбаатар шиг соёлын донсолгоотой болчихсон байж л дээ. Тэгэхэд тухай үеийн удирдлага нь оршин суугчдадаа “Би Нью Йорк-доо хайртай” гэсэн бүх нийтийг хамарсан аян өрнүүлснээр иргэдийнхээ төрөлх хотоо хөгжүүлэхсэн гэсэн сэтгэлийн очийг бадрааж чадсан юм билээ. Ингсэнээр тэд хотоо гуравхан жилийн дотор Америкийн хамгийн гоё хот болгож чадсан түүх сонирхол татсан юм. Нью-Йорк хотын соёл олон зуун жил үргэлжилсэн цагаачлалын үр дүнд бүрэлдэн тогтсон онцлогтойгоос гадна АНУ-ын соёлын төв хот болон хөгжжээ. Соёлын олон өөрчлөлт энэ хотод анх хийгдэж хөгжим, кино, театр, бүжиг зэрэг урлагийн мэндэлсэн нутаг болсон түүхтэй. Тэнд 2000 гаруй урлаг, соёлын байгууллага, 500 гаруй уран зургийн галлерей бий. “Карнеги Хоол”, “Америкийн уран зургийн Витнийн музей” зэрэг заримыг нь 19-р зуунд амьдарч байсан үйлдвэрийн чинээлэг эзэд барьж өгчээ. Үүнээс гадна, Нью-Йоркийг дэлхийн уран зургийн хамгийн том зах зээл гэж нэрлэдэг. Энэ хот олон зүйлийн анхдагч гэж өмнө дурдсан. Жишээлбэл, 20-р зууны эхээр Америкийн модерн бүжиг анх Нью Йоркт үүссэн. 1940 онд жааз хөгжим, 1970 онд панк рок болон хип хоп хөгжим гэх мэт.

 

Театр. Өнөөдрийн байдлаар Нью Йорк хотод тус бүр нь 500-гаас дээш хүний суудалтай 39 томоохон театр Бродвейн гэж нэрлэгдэх театрын гудамжинд хөрш зэргэлдээ оршин үйл ажиллагаагаа явуулж байна. Тэнд дэлхийн алдартай мюзикл, дуурь зэрэг үзүүлбэрүүд тавигддаг аж. Эдгээр театр англи хэлийг мэргэжлийн түвшинд хэрэглэж чадсан тийм чанартай уран бүтээл туурвихаа цухалчилж америкчуудынхаа эх хэлний соёлд анхаарал хандуулж ажилладаг байна.

Хөгжим. Энэ хотод хөгжмийн олон төрөл жанр хөгжиж ирсэн. 19-р зууны эхээр Нью-Йорк хот сонгодог хөгжмөөрөө Европд гайхагдаж байсан ба 1842 онд энэ хотын Филармони үүдээ нээснээр хөгжмийн салбар дахь нэр хүнд нь улам өсчээ. Өдөрт ойролцоогоор 8 сая хүн зорчдог Нью Йоркийн метро нь нэг талааа зуу зуун хөгжимчдийн алтан тайз болдог гэнэ. Гаж, этгээд хүмүүс эсвэл мөнгө хялбар олох арга зальтай гэж бидний боддог эдгээр хүмүүс бүр эсрэгээрээ уран бүтээлээ л олон түмэнд хүргэх чин хүсэл эрмэлзлэлтэй ба энэ нь урлаг талаасаа хөгжсөн байдаг ажээ. Уран зураг амьдралд. Нью-Йорк хот ийм журамтай. Баригдах гэж буй барилгын төслийн мөнгөний эхний 20 сая долларын 1-ээс багагүй хувь, дараачийн 20 сая долларын 0.5-аас багагүй хувь нь тухайн барилга дээр зурагдах уран зургийн ажилд хуваарилагдах ёстой гэж заасан байдаг. Барилгын уран зурагт дээд тал нь, 400 мянган ам.доллар зориулна гэсэн үг. Тэгэхээр уран зургийг зөвхөн галлерейд бус уг хотын гудамжнаас үзэж иргэд нь гоо сайхны таашаал авч болох нээ.

Кино. Нью-Йоркийн кино үйлдвэрлэлийн Холливуудаас жижигхэн ч хотынхоо төсөвт хэдэн тэрбум долларын орлого оруулдаг ач тустай. Одоо энэ хотод “Miramax Films” мэтийн 276 бие даасан кино компаниуд ажиллаж байна. Кино гэгч гайхамшигт бүтээлийн нөлөөлөл асар их тухай жишээ энэ хотод бий. 1970 онд Нью Йорк хотноо эмх замбараагүй байдал даамжирч, хүчирхийлэл ихсэн, нийгэм нь бүхэлдээ хямралд орсон тэр үед тухайн байдлыг тод томруун харуулсан “Шөнө дундын Каубой”, “Франц танил” зэрэг кино гарч эхэлснээр хотын оршин суугчдын ухамсарт гүн гүнзгий нөлөөлж иргэдийн сэтгэхүйд хотоо гэх өөриймсөг үзэл төлөвшсөн гэдэг. Энэ том хотын соёлын талаар товчхон дурьдахад ийм байна.