Энэтхэгийн засгийн газар 7 жилийн турш эмнэлгийн мэдээллийн менежментийн систем үүсгэх гэж 160 сая рүпий (400,000$) зарцуулсныхаа эцэст яг тэдний шаардлагыг хангах бэлэн программ хангамж үнэгүй байдгийг олж мэджээ.

Энэтхэгүүд HMIS (Hospital Management Information System) нэртэй уг программынхаа судалгаа, хөгжүүлэлт зэрэг үе шатуудыг сая л дуусч, эмнэлгүүд дээр суурилуулалт, сургалт явуулахад нэмж 130 сая рүпий хэрэг болно хэмээн тооцож байтал гэнэт хэн нэг нь өнөөх үнэгүй программ хангамжийг олоодхож. HMS (Hospital Management System) хэмээх тэрхүү үнэгүй программыг www.care2x.org сайтаас хэдхэн минутад татаж аваад өөрсдийн хэрэгцээнд тохируулан ажиллуулж болох ажээ. 7 хэл дээр ажиллуулах боломжтой уг программыг Итали, Малайз, Бразиль, Герман, Франц зэрэг улсуудад өргөнөөр ашигладаг байна. HMS программ нь өвчтөн бүрт өвчтөний түүх нээн, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн бүртгэл явуулж, сул ор байгаа эсэхийг мэдээлэхээс гадна санхүү, хүний нөөц, түргэний машины бүртгэл зэргийг явуулах боломж бүхий нэмэлт модулиудтай гэнэ. Одоогоор, Энэтхэгүүд 130 сая рүпий нэмж төлөөд цаашид уг программаа хөгжүүлэх, эсвэл HMS-ийг үнэгүй татаж аваад тохиргоо хийн ажиллуулахын алийг нь ч шийдээгүй байгаа аж. Ямартаа ч уг төслийн багийн ахлагч улсын мөнгө үргүй зарсан шалтгаанаар багагүй гөвүүлж байгаа бололтой хэд хэдэн сонинд гараад авч. Хаа газрын төрийн байгууллага л болсон хойно хүнд механизм, судалгаа муутайгаар аливаа төслийг эхлүүлж байгаа биз. Дээрээс нь Энэтхэг, Монголын төрийн байгууллагууд хүнд суртал, хээл хахуулиараа даанч төстэй. Хаа очиж, харин энд улсын мөнгө үргүй зарсан гээд төслийн ахлагчтай хариуцлага тооцож байгаа нь яамай даа. Хэдхэн жилийн өмнө ШКТЭ (III эмнэлэг), Халдвартын эмнэлэг зэрэг газрууд бас эмнэлгийн мэдээллийн систем хийлгэж байгаа гэж сонсож байсан юм байна. Ямар бүтээгдэхүүнд хэдий хэр их мөнгө зарцуулсан бол?

М.Отгонпүрэв