Одоогоор 22 компани цэвэр ус худалдаалж байна Монгол Улсад өнөөгийн байдлаар 22 аж ахуйн нэгж савласан цэвэр ус зах зээлд борлуулж байна. Мон-Фреш, Вояж, APU… гээд цэвэр ус үйлдвэрлэдэг ихэнх байгууллагууд бүтээгдэхүүнээ газрын гүнээс татаж аваад өөрсдийн үйлдвэртээ шүүх, тунгаах, цэвэршүүлэх ажлыг хийдэг гэж тайлбарлаж байна. “Говь”, “Супер”, “Хатантуул”, “Тэрэлж”, “Шүүдэр”, “Хүч чадлын ус”, “Ариг” “Just”, “Лife”, “H2O” гээд дурдаад байвал цэвэр усны нэр төрөл олон. 0.3, 0.5, 1,0, 1.5 литрээр савласан уснууд дэлгүүрийн лангуунаа уух эзнээ хүлээн байдгийг та бид мэднэ, харин эдгээр нь хэргэглэх шаардлагыг хэр хангасанбайдаг талаар тэр бүр боддог билүү.
Хяналт ер тавьдаггүй, юу ууж байгаа маань тодорхой биш. Одоогоос жилийн өмнө Мэргэжлийн хяналтын газар цэвэр уснуудыг шинжилж дүнгий нь танилцуулахад уух нь бүү хэл харахад хэцүү ус худалдаалж байсныг зурагтаар үзүүлснийг уншигчид санаж байгаа байх. Тэгэхэд хүмүүс нэгийг бодож хэсэгтээ л хүн бүр цэвэр усанд болгоомжтой хандаж байсан. Гэсэн ч эргээд л шалгалтад унасан уснууд дүр төрх, нүүр царайгаа өөрчлөн хар араасаа гарч ирэхэд хүмүүс ч худалдаж аваад л эхэлсэн.
Цэвэр усны талаар мэдээлэл бэлтгэхдээ Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг орлоо. ХЭАХН-ийн ажилтнууд хуралтай тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тэгэхээр нь Мэргэжлийн хяналтынхныг зорилоо. Ус хариуцдаг нэг хүн байдаг аж. Тэдэнтэй уулзахад “Мэдээлэл өгч болно, гэхдээ зөвшөөрөл авсан юм уу” гэхчлэн цааргалж байв. Хурдхан гүйгээд мэдээлэл хариуцсан хүнтэй нь уулзаж, зөвшөөрөл аваад иргэж иртэл өнөө хүн байхгүй, асуухад хаашаа явсныг нь мэдэх хүн байсангүй. Хэрэглэгчид өөрсдийхөө буцалгасан усанд л найддаг Хэрэглэгчид үнэхээр цэвэр ус ууж чадаж буй эсэхийг тодруулах гэж хоёр өдөр явсан ч мэргэжилтнүүдийг хөөгөөд дорвитой мэдээлэл олж авч чадсангүй. Компаниуд руу утасдвал “Та юун хүн бэ, компанийн нууц” гэх аятай юм хэлээд мөн хариу өгсөнгүй. Тэгэхээр нь гудамжинд зогсч хэрэглэгчидтэй яриа өрнүүллээ. Та цэвэр ус хэрэглэдэг үү, тийм бол ямрыг сонгодог вэ, үнэхээр цэвэр гэдэгт нь яаж итгэдэг вэ гэсэн асуултыг хүмүүсийн дунд тавьсан юм.
1. С.Бадамгарав, эмч: - Цэвэр ус хэрэглэдэг. “Хатантуул” бусдаас илүү санагддаг. Буцалсан усыг бол өглөө болгон тогтмол хэрэглэдэг. Харин цэвэр усыг байнга хэрэглээд байдаггүй.
2. А.Ариунболд, оюутан: - “Хатантуул” цэвэр усыг сонгож хэрэглэдэг. Өглөө буцалсан ус уудаг. Би Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд сурдаг л даа. Бид хичээлийн явцад ус шинжлэх үедээ “Хатантуул”-ыг сонгох нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргацгаасан юм.
3. Т.Төрмөнх, инженер: - APU-гийн ус илүү хэрэглэдэг. Буцалсан ус дэлгүүрээс авах аргагүй. Сонгохдоо компанийнх нь нэр хүндийг хардаг.
4. Г.Мөрөн, оюутан: - Цэвэр усыг зайлшгүй хэрэгцээтэй үедээ худалдаж авдаг. Түүнээс биш буцалсан ус голдуу хэрэглэдэг. Нөхцөл байдалдаа тохируулж хэрэглэдэг дээ.
Гудамжинд хүмүүстэй уулзаж байхад зургаа авахуулахгүй, нэрээхэлэхгүй гэсэн хижээлдүү насны хүн “Монгол Улс цэвэр ус худалдаж авах дээрээ тулаагүй. Энэ бол зүгээр мөнгө олох арга. Ер нь бол крантны ус нь дээр шүү дээ, үнэн хэрэгтээ адилхан л ус байгаа” гэсэн хариулт өгсөн юм. Багш, эрдэмтдээс асууж, интернэтээс мэдээлэл цуглууахад буцалсан усыг байнга хэрэглэж заншихыг зөвлөж байсан юм. Усыг буцалгаад хөргөж уухад чанар нь алдагддаггүй, эрүүл мэндэд тустай байдаг гэж зөвлөж байна. Харин цэвэр гэх усыг сайшаах хүн тун ховор байлаа.
Цэвэр усыг: 1. Маш цэвэр 2. Цэвэр 3. Бага бохирдолтой 4. Бохирдолтой 5. Их бохирдолтой гэж зэрэглэдэг байна. Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүн хоногт дунджаар ууж, угаах зэрэгт 500-600 литр ус хэрэглэж байхад буурай хөгжилтэй орнуудын хүн ам ундны усаар гачигдаж, уух усаа гадаадаас худалдан авч байгааг хэн бүхэн мэднэ. Улаанбаатар хотынхны тухайд хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудын усны хэрэгцээг хангах зориулалтаар дөрвөн эх үүсвэрийн 160 гүний насосны станцаар дамжуулан хоногт дунджаар 170 гаруй мянган м3 цэвэр усыг олборлон түгээдэг ажээ.
Г.Энхбат