Хэрэгцээ юм чинь яая гэхэв. Зартай сонин худалдаж аваад “Хажуу өрөө хөлслүүлнэ” гэсэн болгон руу утасдаж үзлээ. Зарим нь хөлслүүлчихсээн гэх юм, зарим нь төлбөрөө заавал бүтэн жилээр нь авна гэж байна.

Эгч бид хоёр хоёулаа оюутан, бас дээр нь дүү ирчихээд байдаг. Бөөн өгөх мөнгө яаж байхав, нэмэр дээр нэрмээс гэж хажуу өрөөндөө гурвын гурван хүнийг амьдруулах аятайхан айл олно гэдэг ёстой л өвсөн дотроос зүү эрэхтэй адил. Уг нь ч сонины хэдэн нүүр дүүрэн “Хажуу өрөө хөлслүүлнэ” гэсэн зар байх юм аа. Өдөржингөө, гар утсандаа авч хийсэн хамаг нэгжээ дуустал ярьж байж арай гэж нэг айл оллоо. Хоёр өрөө байртай өвөө, эмээ хоёр. Хожуу гарсан ганц охин нь саажилттай юм. Эгч бид хоёр эрэгтэй дүүгээ нууж, хэд хоног найзындаа байж байгаад ир гэж явууллаа. Хоёр гудас, хувцас хийдэг хулдаасан шүүгээ, гурван аяга, нэжгээд халбага, хоёр цүнх, нүдүүлж байж гарахчаа аяддаг хятад зурагт. Эгч бид хоёрын үндсэн хөрөнгө энэ. Тэднийгээ аваад очлоо доо. Өвгөн, эмгэн хоёр том өрөөндөө охинтойгоо, жижиг өрөөнд нь жаахан охинтой хүүхэн, харин эгч бид хоёр галын өрөөнд нь амьдрахаар боллоо. Хэд хоногийн дараа дүүгээ дуудаж, мэдэн будилсхийн “Дүү маань хөдөөнөөс гэнэт хүрээд ирлээ. Бид гурав чимээ шуугиан гаргалгүй, цэвэрхэн сууна” гэж мөргөх нь холгүй гуйж байж арай гэж зөвшөөрүүлэв. За ингээд айдаггүйгээ авдрандаа хийлээ гээд хичээлдээ анхааръя гэтэл бас болдоггүй ээ. Тэр айл хачин чимээгүй, хоорондоо ч бараг ярьдаггүйгээс бид гурав хаалгаа нээж өрөөндөө орохоос эхлээд байнга гэтэж, мяраасан байдалтай амьдрах боллоо. Хажуу өрөөний ээж охин хоёр ч чимээ анир гаргахаас зүрхшээдэг бололтой, хоорондоо шивнэлдэх нь хаа нэг анзаарагдана. Гурван айл нэг галын өрөөнд ээлжлэн хоол хийхээс эхлээд, яхир эмээгийн муухай харахаас эмээсэн амьдрал сар гаруй үргэлжилсний эцэст бид гурав хөөгдлөө. Шалтгаан нь ердөө дуу чимээ ихтэйгээс. Гурван сараар төлсөн төлбөрийн маань үлдэгдлийг өгсөнгүй. Дуу чимээ гаргаж, амьдрах ая тух алдуулсны төлөөс болгож суутгасан гэнэ. Дахиад л хажуу өрөө хайх боллоо. Дараагийн очсон айлын минь цагдаа нөхөр эхнэрээ байнга зодно. Эхнэр нь уйлж орилж, бид гурвын өрөөнд орж ирж хононо. Маргааш нь хүүхдээ дагуулаад хаашаа ч юм алга болж гурав дөрөв хоносны дараа өнөө боевик нөхөр очоод дагуулаад ирнэ. Бид гурав түрээсийн мөнгөн дээрээ сар бүр тогны мөнгө, лифтний мөнгө, за бас цэвэрлэгээ хийх угаалгын нунтагны мөнгө гэх зэргээр нэмж төлнө. Зургаадугаар бичил хорооллын тэр байр халаалт муутай, даарч хөрөхөөс эхлээд байнгын уйлаан орилооны дуунд залхаж, бас хэзээ юу гээд мөнгө нэхэх бол гэж хавталзсаар дахиад байр хайх болсон. 15 дугаар хорооллын айлд очлоо. Гурван өрөө байрны өрөө бүрийг хөлсөлжээ. Бидэнд түрээсэлсэн эхнэр нөхрийн цаана жинхэнэ түрээслэгч байгаа бололтой. Мухрын жижиг өрөөнд дөрвөн ч оюутан охин амьдрах юм. Энд харин чөлөөтэй инээж, ярьж болж байсаан. Бас бид өрөө өрөөндөө хоолоо хийх зөвшөөрөлтэй байсан нь хэчнээн өлсөж байсан ч айлын хоол болохыг хүлээн гэдсээ базалж суусан үеэс дээр байв. Эгч маань нэг өдөр надад хэллээ. “Энэ айлын нөхөр аймаар хүүхэмсэг, эхнэрээ эзгүй хойгуур хажуу өрөөнийхөө охидыг зүгээр байлгадаггүй гэнэ. Энэ охидтой бараг бүгдтэй нь унтсан гэсэн. Миний дүү болгоомжтой байгаарай”. Би ч түүний хүүхэмсгийг гадарлаж хэрэндээ л болгоомжилдог болчихоод байсан юм. Гэтэл нэг өдөр, гэрийнхэн эзгүй хойгуур эгчийн хэлсэн юм болсон доо. Дуу аялан шал угааж байсан намайг тэр залуу үг дуугүй бариад авсан...

  Халаасны өрөөний тухай бичих гэж байгааг минь сонсоод ойр дэргэд минь байсан нэг бүсгүй өөрт тохиолдсон дээрхи түүхийг ярьсан юм. Хажуу өрөө хөлслөн амьдрахын зовлон бэрхшээлийн тухай сонсохоор хайгаад гүйх ч хэрэг гарсангүй. Ер нь тэгээд халаасны өрөө дамжиж амьдралаа эхлээгүй “хотын” хүн алга бололтой.

  Оюутны байранд болон таньдаг айлдаа амьдрахаас татгалзсан, эсвэл эгч дүү олуулаа зэрэг суралцаж байгаа оюутан, нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд, шинэхэн хос, эцэг эхийн хараанаас хол, эрх чөлөөг мэдрэх хүсэлтэй залуус, гэр хорооллын элдэв бэрхшээлтэй амьдралаас холдож нийгэмд эзлэх байр сууриа нэг ч болов алхам дээшлүүлэх хүсэлтэй залуу иргэн, хөдөөнөөс хотод суурьшихаар зоригсод... гээд халаасны өрөөний эрэлчид дуусахгүй.

  Цалин багатай төрийн албан хаагчид, ганц бие хөгшид, үр хүүхэд нь гадаадад гарч хүний мөрөөсөл болсон эцэг эхчүүд, хэдэн төгрөг олж амжиргаандаа нэмэрлэх гэж хүссэн хэн ч халаасны өрөөгөө түрээсэлж мэднэ.

“Халааслуулсан” амьдрал “

Ганц бие залуу эмэгтэйг хажуу өрөөндөө суулгана” гэх зар цөөн биш сонсогддог. Зарын дагуу утасдаад сонирховол ганц бие, хижээл насны эрэгтэй байх нь бий. Тийм эрчүүд хажуу өрөөндөө үнэ хөлс гэхгүйгээр суулгана гэж хэлдэг юм билээ. Ойлгомжтой. Хажуу өрөөндөө суулгасны төлбөрийг “биет байдлаар” авах гэж байгаа нь нууц биш. Ийм байдлаар нэгэн өвөөгийн гэрт амьдарч, эр эмийн харьцаанд орсон залуу бүсгүйг эцэст нь өнөө өвгөн хардсанаасаа болж боож алсан хэрэг гарч байсан.

  Найз бүсгүй маань халаасны өрөө дамжин амьдардаг. Бага насны охинтойгоо олон ч айлын бөөрөнд наалдан амьдарч байгаа түүний гэрийг би тэр болгон мэддэггүй. Учир нь тэднийх байсгээд л нүүж байдаг. Саяхны нэг амралтын өглөө найз маань утасдаж байна аа.

  - Энэ айлын аав хоёр жаахан хүүхдээ зодоод байна. Дандаа тэгдэг юм. Бүр сураар ороолгодог гээч. Сурных нь дуу дуулдаад л. Би бүр айгаад унтаж чаддаггүй. Хүүхдүүд нь уйлаад л байна.   - Ээж нь байхгүй юм уу?

  - Ээжгүй л юм шиг байна лээ.

  - Яагаад зодоод байгаа юм бол?

  - Мэдэхгүй ээ, өдөр болгон зоддог юм.

  - Чи тэгээд болиулж болохгүй байна уу?

  - Юу гэж дээ. Айгаад өрөөнөөсөө ч гарч чаддаггүй юм чинь...

  Ийм яриа болсны дараа хэдий амралтын өглөө байсан ч би дахин унтаж чадсангүй. Бүлтгэр хоёр охины сураар ороолгуулж байгаа нүдэнд харагдаад, яаж тэдэнд туслах вэ гэж баахан бодлоо. Найз бүсгүй рүүгээ залгаж, би танайд очоод тэр аавтай ярилцаад үзье гэж хэллээ. Тэр халгаасангүй. “Чамайг тэр дуугаргах ч үгүй. Хүний нүүр рүү эгцэлж ч хардаггүй хүн. Харин чамайг ингэж дөвчигнөсний төлөө охин бид хоёр орох оронгүй хөөгдөх болно. Болъё оо, өвөл болж байхад өөрсдийгөө тэгж золиослоод яах вэ”. Хариулт нь ердөө л энэ. Яаж ч хичээгээд гэрийг нь заалгаж чадсангүй. Тэр гэрт хүчирхийлэл болж, өвчтэй солиотой нь мэдэгдэхгүй эцэг харж хамгаалах хүнгүй хоёр балчир охиноор өдөр бүр гарын чилээгээ гаргасаар. Харин халаасны амьдралд хүлүүлсэн найз маань нүдээ аньж, чихээ бөглөөд, өрөөнийхөө хаалгатай хамт сэтгэлийнхээ хаалгыг тас хаачихаад амьдарч байна.

  Энэ мэтээр хар элгийн хүнийг царайчлан амьдарч байгаа олон хүн хажуу дэргэд нь юу ч болж байсан нүдэн балай чихэн дүлий царайлж, хүн ёсноос гадуур бүхнийг тэвчин өнгөрөөх хэрэг гардаг бололтой.

  Угаасаа Улаанбаатар барилга, орон сууц багатай, байрны үнэ гэж тэнгэрт хадсан байдгаас л хүмүүс халаасны өрөө дамжин амьдардаг. Социализмын үед бол нэг ажилд ороод шилдэг тэргүүний ажилтан нь болох гэж хичээсээр арай гэж хэдэн жилийн дараа итгэл олж байрны дугаарт бичүүлнэ. Нэг байгууллагад хоёр жил болж байж нэг байрны хуваарь ирэх. Түүнийг хүлээсээр аягүй л бол тэтгэвэрт гарсан хойноо байртай болж магад, эсвэл хэзээ ч үгүй байж ч мэдэх. Арай гэж байртай боллоо гэхэд үр хүүхэд өсөж том болоод, хослон амьдрах нэг хүн дагуулаад ирнэ. Тусад нь гаргах хэцүү, үгүй хэцүү. Удалгүй шинэ хүн төрнө. Амьдрал үргэлжилж, арай гэж олсон ганц байр бөгс эргэх зайгүй болж, хэн нэгэн зоригтой нь шинэ амьдралын эрэлд хажуу өрөө, түрээсийн байр хөлслөн гарахаас аргагүй. Ийм л нэг дүр зураг хотын, тэгэхдээ орон сууцтай айл бүрд шахам социализмийн гэх тэр үеэс эхлэн уламжлагдсаар ирсэн.

  Өнөөдөр Монгол Улсын нийт айл өрхийн дөнгөж 21 хувь нь орчин үеийн орон сууцанд, үлдсэн 80 хувь нь гэр, модон амбаарт амьдарч байна гэсэн албан ёсны мэдээ байна. Харин Улаанбаатарын айл өрхийн 51 хувь нь иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий орчин үеийн орон сууцанд амьдарч байна гэсэн тоо 2002 онд гарч байсан бол энэ тоо 2006 онд 41 хувь болж буурсан байна. Энэ нь хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн их нүүдэлтэй шууд холбоотой. Сүүлийн арван сарын дотор Улаанбаатарын хүн амын тоо 30 мянгаар нэмэгдсэн байна. Гэтэл тэдэнд бэлэн ороод амьдрах орон сууц алга. Байлаа гэхэд хэдэн малаа зараад гарсан тэдэнд доод тал нь 15 саяар байр авчих бэл бэнчин тэр бүр байхгүй. Хөдөөнөөс хотод шилжин ирсэн 30 мянган хүний дөнгөж 500 нь орон сууцанд амьдарч, үлдсэн нь нийслэлийн гэр хорооллыг өргөжүүлсэн гэх мэдээлэл байна. Тэдний чухам хэд нь өөрийн гэсэн орон сууцтай болж, хэд нь айлын хаяа бараадсаныг бүү мэд. Улаанбаатарт өнөөдөр хэдэн хүн халаасны өрөөнд амьдарч байгааг хэн ч, хэзээ ч үнэн бодитойгоор гаргаж чадахгүй, тийм боломж ч байхгүй юм. М онгол Улсын Засгийн газар “40 мянган орон сууц” гэсэн сайхан нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээ сүр дуулиантай мэдэгдэж эхэлснээс хойш бүтэн гурван жил ард өнгөрчихөөд байхад энэ хөтөлбөрийн буянаар цалингаараа, ийм сайхан байранд орчихоод ая тухтай сайхан амьдарч байна гэх нэг ч иргэн гарч ирсэнгүй. Уг нь нийслэл хотоо харахнаа хаа сайгүй газар сэндийчиж, хэтрүүлж хэлэхэд нэг өглөө босоход л нэг шинэ барилга босчихсон байх юм. Харин өнөө “Байртай л болох юмсан, ганц өрөө байр ч болов цалингийн зээлээр аваад насаараа төлөх юмсан” гэж мөрөөдсөн иргэдийн чин хүсэл биелэх найдвар тун бүрхэг хэвээр. “Монгол хүн байртай болох гэж насаараа мөрөөдсөөр өтөлсөн хойноо арай гэж байртай болоод маргааш ньөөд болдог” гэх явган шог ч гарчээ. Энэ ч байртай болохыг мөрөөдөж чадсан хүний тухайд байх л даа. Харин байртай болно гэж мөрөөдөхөөс ч айдаг олон мянган хүн бий шүү дээ. Сэтгүүлч би энэхүү нийтлэлийг бичихийн тулд байрны үнэ сонирхох хэрэг гарсан юм. Зартай сонин авч утасдлаа. Ганц хоёр хүнтэй яриад золтой л ухаан алдаад уначихсангүй. Барилга баригдах тутам байрны үнэ хямдарч, зүгээр л цалингаа жаахан хямгадаад шинэ байранд орчихно гэж хөөргөөд байсан Засгийн газрын амлалт хаачив аа. Гэр хорооллын харанхуй гудманд амьдарч, худгийн усанд дугаарлангаа хэзээ нэгэн цагт паартай байшинд сууж, хананаасаа халуун ус авчихаад хөл жийн жаргах хүсэл тээж яваа монгол иргэдийн олонхийн хүсэл мөрөөдөл ингээд үгүй болов уу. Халаглахын учир нь өдөр ирэх тутам буурах ёстой /Засгийн газрын амласнаар бол/ байрны үнэ тэнгэрт хадаж, Нисэхэд л гэхэд нэг өрөө байр 16 сая, харин хотын төвд бол 45 саяд хүрчээ. Төмөр зам, нэгдүгээр хороололд хоёр өрөө байр 40-45 саяд, 13 дугаар хороололд 43 саятай байна. Гурван өрөө байрны хувьд бүр ярилтгүй, 55-65 сая гэж дуугарч байна. Айгаад цааш нь асууж чадсангүй. Хуучин байрны хувьд ийм үнэтэй байна шүү дээ. Харин шинэ баригдаж байгаа байрын тухайд эгэл жирийн, үнэнч шударга хөдөлмөрчин иргэн бодоод ч хэрэггүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 мянган төгрөг болсон. Саяхан 40 мянга байсныг бодоход арай л дээр дуулдаж байна. Гэхдээ өнөөдөр бодит амьдралд 200 мянган төгрөг гар дээрээ авдаг сэхээтэн ховор шүү дээ. Багш нарын дундаж цалин нэмэгдээд нэмэгдээд дунджаар 170 мянгад дөхөж очдог бол сэтгүүлчид ихдээ л 200 мянган төгрөгийн цалин бичүүлж, түүнээсээ татвар төлдөг. Сүүлийн үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бараг л бүх банк “Ая тухтай амьдралын үндэс-орон сууцны зээл. Та хүсвэл бид 100 сая хүртэлх зээлийг 1-15 жилийн хугацаатайгаар олгоод, танай гэр бүлийг сайн сайхан, аз жаргалтай амьдруулаад өгье” гэж сурталчлах болсон. Байртай болох сайхан боломж. Судлаад үзэхээр урьдчилгаа төлбөр 20-50 хувь төлөх, өрхийн сарын орлого татвараа төлөөд 500 мянгаас доошгүй зэрэг шаардлага байх. За яахав, хурааж хуримтлуулсан хэдэн бор юм байвал урьдчилгаа төлбөр өгчихөд болох л юм. Харин монгол дундаж сэхээтний сарын цалин 200 мянгад хүрэхтэй үгүйтэй байхад өрхийн сарын орлого 500 мянгад хүрнэ гэдэг. Тэгээд ч монгол хүний сэтгэхүйд олон саяын өр тавьчихаад амьдралынхаа бусад хэрэгцээнд хүргэж ядаж байгаа цалингийнхаа ихэнхийг банкинд төлөөд явах зориг тэр бүр төрөхгүй байгаа бололтой. Ийнхүү иргэд бодит амьдралд орон сууцны зээлд хамрагдах боломжгүй байгаа учраас л банкууд өнөөдөр ингэтлээ сурталчлахад хүрээд байгаа хэрэг. Манай улсын иргэдийн орон сууцны хэрэгцээг хангахын тулд наад тал нь 350 мянган орон сууц барих хэрэгтэй юм гэсэн. Үүнээс ойрын үед 160 мянган орон сууц барих шаардлагатай гэх мэргэжлийн дүгнэлт гарсан юм билээ. За тэр нь байг гэхэд “40 мянган орон сууц” хөтөлбөрөө бодитоор хэрэгжүүлээд эхэлчихээсэй. Тэгвэл орон сууцны үнийн даварсан энэ хөөрөгдөл арай намжиж магад. Эс тэгвээс эгэл жирийн монгол иргэд бид насан туршдаа байртай болохын мөрөөсөлд автаж, “Миний үе ч өнгөрлөө, хүү минь чи л нэг орон сууцанд амьдарч үзээрэй” гэж захиад өнгөрөх болох нь ээ. Өөрийн гэсэн орон гэргүй, хүний юманд толгой хоргодсон монгол хүн хэзээ ч өөриймсөг байж чаддаггүй. “Хүний юм” гэсэн ойлголт үүрэг, хариуцлагаас чөлөөлж байдаг бололтой. Өөрийн гэсэн баялаггүй, цалингаас цалингийн хооронд урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж амьдарсаар ирсэн монголчууд бид бүх юманд халаасны өрөөний амьдралын сэтгэхүйгээр, гэтсэн, мяраасан, бас хаширласан, царайчилсан, зөвхөн өөрийгөө бодсон, дээр нь хүнийрхсэн сэтгэхүйгээр хандаад сурчихсан юм биш байгаа. Тав тухтай амьдралын орчин иргэдийг наад тал нь соёлтой, ёс суртахуунтай болгож, эх орны хөгжилд хувь нэмрээ өгөх нь дамжиггүй.

Эх оронд минь өрөвдөх юм бас бий

Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат 1986 онд “Халаасны өрөө” шүлгээ бичиж, 1989 оны “Болор цом”-яруу найргийн тэмцээнд уншиж гуравдугаар байранд шалгарч байсан юм. Халаасны өрөөний амьдралыг нүдэнд харагдтал бичсэн түүнтэй уулзаж хөөрөлдлөө.

  - Таны “ Халаасны өрөө” шүлгийг уншихад яг л өөрөө халаасны өрөөнд амьдарч байсан үедээ бичсэн байх гэж бодогдлоо?

  - Манай Монголын ард түмэн, ялангуяа залуу гэр бүл, тэр тусмаа миний насныхны амьдрал голдуу халаасны өрөөгөөр дамжин цэцэглэж дэлгэрч байдаг шиг байна. Миний хувьд гэрт амьдарч байгаад хотын төв рүү шилжин ирж, халаасны өрөөнд, айлын хажуу бөөрөнд 1981-1989 онд хүртэл найман жил амьдарсан. Тэгэхэд миний гэргий Шүрэнцэцэг бид хоёр залуухан, хоёр хүүхэдтэй байлаа. Шүлгэн дээр хүү гэж гарч байгаа дүр бол Зөнбилэг гэж миний дунд хүү. Тэр үед хүү маань цэцэрлэгт байсан, айлын хүүхдүүдтэй байлдаж тоглож өссөн дөө. Гэхдээ бид хоёрыг хажуу бөөрөндөө амьдруулж байсан тэр айл муу айл байгаагүй юм шүү.

  - Ганцхан айлдаа найман жил амьдарсан юм уу?

  - Нэг айлд найман жил болсон. Одоо энэ Туул рестораны хажуу талд Үйлдвэр хоршооллын 96 гэж байрны наран талын хоёр цонхтой өрөөнд 8 жил айлын хажуу талд амьдарсан даа. Тэр айлын эзэн Цэрэндорж гэж настай хүн байлаа. Нэг хүү нь гэр бүлтэйгээ нөгөө өрөөнд, үндсэндээ нэг байранд гурван айл найман жил болсон юм. Тэр айл манай гэр бүлд өлзийгөө өгсөөн. Шүлгийн сэдлийг өгсөн Зөнбилэг хүү минь одоо том эр болж, найрагч болоод “Сүмийн шувуу” анхны номоо гаргаад, “Эрхин тарни” хоёр дахь номоо хэвлэлд шилжүүлээд байна. “Халаасны өрөө” шүлгээ бичих үедээ өөр шигээ халаасны өрөөнд амьдарсан олон хүн, найз нөхдийгөө харж, тэр бүгдийн дундаас шүүрдэн байж энэ шүлгийг бичсэн хэрэг.

  - Шүлгийн тань төгсгөл хэсэг нэлээд өргөлттэй шүү?

  - “Халаасны өрөө” шүлгийг уншаад эх оронд минь бахархахаас гадна бас өрөвдөх юм байдаг гэдгийг миний ард түмэн, хойч үе минь санаж сэдэж яваасай гэж боддог юм. Нөгөө талаар улс эх орноо ухаж идэх амархан, оюун ухаанаа ухаж идэх их баялаг бас миний ард түмэнд бий шүү гэдгийг хэлж, нөгөөтэйгүүр бид халаасны өрөө шиг биш, үнэхээрийн тусгаар тогтносон улсын иргэд шиг амьдарч аж төрж, ажиллаж болох байх аа гэж боддог юм. Хүн болгон ухаантай, сэхээтэй, санаатай байгаасай гэж бодож явна даа.   Халаасны өрөөний амьдрал үргэлжилсээр. Бид энэхүү нийтлэлийг бичсэнээрээ халаасны өрөөний амьдралыг халж, айл бүрийг тохитой орон сууцанд оруулж чадахгүй.

  Гэхдээ халаасны өрөөний хаалганы цаана байдаг зовлон жаргалыг бага ч гэсэн нээж, “халааслуулсан” амьдрал эх орны минь хөгжил дэвшилтэй шууд хамаатай гэдгийг хэлэхийг зорьлоо. Халаасны өрөөнөөс амьдралын өнгийг таньж, эрх чөлөөг мэдэрч,бие дааж сурсан, ирээдүйн амьдралаа цогцлоосон олон хүн бий. Тиймээс халаасны өрөө.. гэж муучлах гэсэнгүй.   Гэлээ гэхдээ монгол хүн бүр, айл болгон халаасны өрөөнд бүү амьдраасай. Орон сууц олноор нь барьж, иргэд цалингаараа, сэтгэл хангалуун, тохитой сайхан амьдраасай гэсэн санал дэвшүүлэх гэсэн юмаа.

Ё.Мөнхтуяа

Халаасны өрөө

Айлын бөөрөнд амь зууна гэдэг

Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм

Амьтан царайчилж амьдарна гэдэг

Аймаар заяа, хүүхдээ л бодох юм

Гэрийн эзний хүүхдийг аргадаж

Гэмгүй мөртлөө гэмшилд автаж

Цэцэрлэгийн чихрээ идэхгүй өгнө

Цэцэг шиг нас гундаж өснө

Турьхан нуруундаа гутамшиг үүрч

Туних эрхлэхийг бүр мартаж

Тоглохдоо хүртэл хүн харна

Толгой гудгархан бараадаж гүйнэ

Банди нар л болсон хойно доо

Байлдаж тоглох дуртай байх юм

Хүүхэд л болсон газар даа

Хүү минь хүртэл дагаж гүйх юм

Дайтаж тоглох жаалууд дунд

Дайсан болох нь алга атал

Чимээгүй хүү минь л оногдох юм

Чихээ бөглөвч гуниг нь сонстох юм

Халаасны өрөөнд амь зууна гэдэг

Хатуу даваа, хүүгээ л өрөвдөх юм

Хар элгийн хүнийг царайчилна гэдэг

Хэцүү заяа, хүүхдээ л бодох юм

Ялах дон жаалуудыг олзолж

Ялагдах дайсан олдохгүй болоход

Дуугүйхэн миний хүү л сөгдөх юм

Дусал нулимсаа аниргүй залгих юм

Удаан дайны золио болгон

Урван тоглох хүн олдохоо болиход

Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж

Тоодойтол туугдаад явах юм

Үймж дарвих хүүхдүүдийн хэн нь ч

Үхэж тоглох дургүй байхад

Аниргүйхэн миний хүү л сөгдөх юм

Аавынхаа нүдэн дээр толгойгоо авахуулах юм

Болохгүй гэх газар байх биш дээ

Болзошгүй дайн нүүрлэдэг юм гэхэд

Ялагдаж тоглоод сурсан хүү минь

Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв

Хаяа нийлсэн их гүрнүүдийн бөөрөнд

Халаасны өрөө шиг эх орон минь ээ

Цадиг түүхтэй дээдсийн үрсийг

Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ.