БНХАУ-ын дарга Ху Жиньтао АНУ-ын Йелийн их сургуульд Хятадын иргэншлийн түүхэн өөрчлөлт хувьсал, өнөөгийн эрин үеийн Хятадын хөгжлийн стратеги, түүний чиглэлийн талаар сонирхолтой лекц уншсан юм. Хятадын хөгжилд өвөрмөц иргэншлийнх нь уламжлал түүхэн хүчин зүйл байж ирсэн ба тэр өвөрмөц гэдэгт нь ганц хятадын ч бус, Хятад дахь олон үндэстнүүдийн соёл мөн өөр өөрийн орон зайтай гэсэн санаа уг лекцийн үндсэн санаа юм.

Хятадын иргэншлийн угшил нь:

хүний төлөө байх,  

цаг үетэйгээ зэрэг урагшлах,  

нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг хангах,  

энх тайван хөгжлийг чухалчлах гэсэн үндсэн элементүүдтэй

гэж Ху тодорхойлжээ. Өвөрмөц иргэншлээ олон улсын хэмжээнд анх удаа төрийн тэргүүний төвшинд тодорхойлсон нь энэ болов уу. Хөгжил дэвшил, гадаад орчин, гадаад харилцаагаа Хятадын коммунист намын үзэл суртлын бодлогоор тайлбарлахаа больжээ гэх нь юу юм, гэхдээ л цоо шинэ үнэлэлт дүгнэлт мөнөөсөө мөн. XXI зуун иргэншил хоорондын мөргөлдөөний зуун байх болно хэмээн Харвардын их сургуулийн профессор С.Хантингтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн” (Samuel P.Huntington. The Clash of Civilizations and the Remaking of World Order, Touchstone Books, London, 1997) номд тайлбарласан. Хүн төрөлхтний түүх өөрөө иргэншлийн түүх. Хүн төрөлхтний хөгжлийг өөр утгаар ойлгох боломжгүй. Түүхэн энэ урт хугацаанд иргэншлүүд нь олон үе дамжин, эртний Сүмэр, Египет, Ромын үеэс сонгодог болон индианы маягийн хэлбэрт шилжиж, сүүлдээ өрнийн загалмайтны, лалын гэхчлэн салбарласан иргэншил болж төлөвшин, аажимдаа хятадын, хиндү гэхчлэн бусад иргэншлээр баяжигдаж ирсэн түүхтэй гэж тэр номд буй. Баруунд нэршсэнээр “Синик” буюу Хятадын иргэншил нь МЭӨ 1500 жил ба магадгүй бүр түүнээс өмнөх 1000 жилийн тэртээгээс тоологдох түүхтэй бөгөөд тухайн үедээ Хятадын хоёр иргэншил тусдаа байснаа Христосын эрин үеийн эхээр нэгдэн нийлжээ. Энэ иргэншлийг “Күнзийн” хэмээн нэрлэх нь элбэг. “Sinologie, sinica, sinisierung” гэдэгтээ адилаар “синик” нь Хятад, Зүүн өмнөд Ази, Хятадын гадна хаа нэгтэй буй хятадын хамтын нийгэмлэг, мөн Вьетнам, Солонгосын соёлыг холбодог гэхчлэн Хантингтон номлосон. Тэгэхээр Хятадын төрийн тэргүүнээс Йелийн их сургуульд уншсан лекцийн үндсэн санаа С.Хантингтоны иргэншил хоорондын мөргөлдөөний номлолтой тохиолдлоор давхцаж, нэгэн цаг үед гарч ирэв бололтой. Ухаан нь иргэншлийн мөргөлдөөнийг угтуулж Хятадын иргэншлийг Хятадын хөгжлийн стратегитай холбож байна. Энэ тухайд дээрх хоёроос гадна Германы дипломатч Конрад Зайц (Хятадад Элчин сайдаар ажиллаж асан) гэгч Хятад хэмээн өмнөд хөршөө бидний нэрлээд байгаа нь Китай, China гэдгийг Жунго буюу дэлхийн бөмбөрцөгийн яг төвд оршиж буй Хятад улс, түүний иргэншил гэдгээр тайлбарласан нэгэн лут бүтээлээ туурвижээ. “Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна” хэмээх түүний ном олон хэлээр олон оронд хэвлэгдсэний дотор Монголд “Монсудар” хэвлэлийн газраас Д.Моононцагааны хөрвүүлгээр мөнөөхөн хэвлэжээ. Конрад Зайцын бүтээлд Хятадын хөгжлийн түүх: уналт, мөхөл, сэхэлт, эдүгээгийн үсрэлтийг иргэншлийнх нь мөн чанараас уудлан гаргаж ирсэн шинэлэг санаа зөндөө буй. Тэр ч бүү хэл 1960-аад оны “Соёлын их хувьсгал” гэгч нь хятадын иргэншлийн мөн чанарыг унагаж, күнзийг үгүй хийсэн гэсэн дүгнэлт байна. 1980-аад оноос Хятадад реформ хийж, 1990-ээд онд эдийн засгаа өөд татахдаа ямар нэг намын үзэл суртал, удирдагчийн заалтыг удирдлага болгоогүй иргэншлийн хүчин зүйл дээрээ стратегиа томъёолж босч ирсэн гэж К.Зайц үзжээ. Энэ бол Йелийн их сургуулийн лекцийг нөгөө талаас нь зөвтгөн тайлбарласан хэрэг биз. Хятадууд 5000 жилийн түүхэндээ 4900 жилд нь ямагт дотогшоо харж хөгжжээ. Тэдний иргэншил нь төгс төгөлдөр, бусад “зэрлэг” улс үндэстнүүд зөвшөөрч хүндэтгэх ёстой, тиймээс Хятад төвтэй олон улсын дэг үйлчилнэ хэмээн 4900 жил Хятадын ихэс дээдэс бодож сүсэглэж явсан хэрэг. Номхон далайг давуулан XIX зуунд мянга мянган хятадууд шинэ тив рүү нүүдэллэсэн нь эдүгээ Умард Америкт (цаашлаад Кариб, Латин Америк) хятад цагаачдын маш том арми бий болгожээ. Амьдралын эрхээр далайн тээврээр дамжин XIX, XX зууны зааг үед Баруун Европ руу түм буман хятадууд цагаачилж барууны иргэншлийн гүнд нь хятадын анклав үүсгэжээ. Ийм дүр зураг Австрали, Шинэ Зеланд, тэр ч бүү хэл өчүүхэн жижиг арлын Маврикт эдүгээ харж болно. Эдүгээ хятадуудын нүүдлийн цуваа Төв болон Дорнод Европ, ОХУ, түүний Сибирь, Алс Дорнод, Төв Ази, манай Монгол, Өмнөд Солонгос, Пакистан, Израиль, Арабын ертөнцөөр тархан салбарлаж байна. Энэ бол нөгөөх 5000 жилийнх нь сүллчийн 100 жилийн дүр зураг.  Манжийн Чин улсын үеэс Хятад нь дэлхийд нээгдэж, тэгснээрээ дээрхи их шилжилт миграц эхэлсэнтэй давхцан Хятад нь өрнөдийнхнийг ерөнхийдөө баримжаалах болсон байна. Өрнөд буюу баруун гэдэг нь дэлхийн хуурай газар, далай тэнгис, зам харилцаа, боомтуудыг нэгэнтээ эрхшээлдээ оруулсан Европын колонийн имперүүд байв. Тэд бол “Атлантист Баруун” гэж түүхнээ үлдсэн. Тэдэн дээр АНУ, Япон хоёр нэмэгдэж, хаант Орос тэдэнтэй Антантаар холбогдсон нөхцөлд Манжийн дараахи Хятадын геополитик нь мөн атлантист хэв шинж, чиглэлтэй байхаас өөр арга байсангүй. Ийм учраас Хятадад Дундад Иргэн Улс үүсэхдээ барууны засаглалын хэлбэрийг эргэлзээгүй сонгож, тийм нийгмийн байгуулал руу оржээ. 1911-1949 он хүртлэх Дундадынхан барууны тал баримталсан бодлого явуулсан бол АНУ, Британи хоёр тэднээр Евразийн эх тивд Японы эсрэг эргийн хамгаалалтын зурвас хийсэн юм. Хятадад коммунист хувьсгал ялсны дараахи БНХАУ нь Москва төвтэй “Дорнод” эвслийн хүрээнд Москваг дагасан бодлого явуулж байснаа 1960-аад оны эхнээс тэнхлэгээрээ гэдрэг эргэжээ. “Соёлын их хувьсгал”, 1969 оны Зөвлөлт-Хятадын хилийн мөргөлдөөн, Зөвлөлтийн цэргийн маш том бааз ар шилэн дээр нь бий болсон, Вьетнамын дайн, 7 дугаар флот Тайванийн эргийг хамгаалсан зэргээс шалтгаалан Хятад нь бүрэн зожигрож, иргнэшил, соёл, улс төр, эдийн засгийн хувьд дампуурчээ. 1972 оноос АНУ-тай “гүүр тавих” бодлого явуулж 1970-80-аад онд атлантист, прагматик Хятад барууны эвслийн сүлжээнд бий болжээ. СССР-ийн пересторойка эхэлж, Горбачев түүхэн, ухаалаг буулт хийсний дүнд Хятад орон ар шилэн дээрхи дайны дарамтаасаа эгнэгт салж, мэлмийгээ умар зүг хандуулжээ гэхчлэн К.Зайцын номоос эшлэхээ азнаад өнөөгийн Хятадын иргэншлийн тэлэлт юунд хүргэж буй тухайд, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, олон улсын харилцаан дахь нөлөө оролцоо нь нэмэгдэж, бүс нутгийн болон глобал асуудлуудаар Хятадын байр суурь, жин нөлөө өргөжин тэлэхийн хэрээр дэлхийн шинэ дэг тогтоох асуудал Хятадын гадаад бодлогын их эргүүлэгт баригдаж, түүнээс улам бүр хамааралтай болж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг байгааг дурдах нь зүйтэй. Уншигч Та энэ талаар мэдлэгээ ахиулъя гэвэл ноён Ху Жиньтаогийн Йелийн их сургуульд уншсан лекц, германы дипломатчийн “Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна” хэмээх бүтээлийг харьцуулж үзнэ биз ээ.

Профессор Олхонуд Д.Баярхүү