“Цаг төр” сэтгүүл Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр хуримаа хийж байгаа 40 хостой бяцхан судалгаа хийсэн юм л даа. Хэзээ, хаана танилцав, хэдэн настай вэ, хүүхэдтэй юу, ээж ааваасаа тусдаа амьдрах боломжтой юу, ирээдүйд хэдэн хүүхэд төрүүлэх вэ?, ажилладаг уу, сурдаг уу, гадаадад гарч амьдрах хүсэл сонирхол хэр байна, хурим хийх шийдвэрийг хэн анх гаргав, аль нутгийнх вэ гэсэн асуулт бүхий манай судалгааны дүнгээс өнөөгийн монгол залуусын гэр бүл болох зам, ирээдүйн тухай болон тэдний ертөнц, хүсэл мөрөөдлийг тодорхой хэмжээгээр харж болохоор байлаа.
Хүүхэдтэй болчихсон юм чинь...
Энэ өдөр хуримаа хийж байгаа хоёр хос тутмын нэг нь хүүхэдтэй юм. За, мөн хэвлийдээ үрээ тээсэн сүйт бүсгүй тун олон байсан. Судалгаанд хамрагдсан 40 хосын 22 нь хүүхэдтэй, тав нь хөл хүнд болсон үедээ хуримаа хийж байлаа. Өнөө цагийн монгол хуримын бас нэг онцлог нь хүүхэд төрүүлсэн хойноо хуримлах явдал болоо юу гэлтэй. Өвөг дээдэс маань дуулбал гайхах вий. Гадаадын олон улс оронд хуримлахаас өмнө хүүхэд төрүүлсэн байх нь ховор. Тэр бүү хэл нөхөрт гарах хүртэл охид онгон биеэ хадгалж байх ёстой гэх бичигдээгүй (магадгүй бичигдсэн) хууль үйлчилж байдаг гэдэг. Хаа ч билээ нэг улсад хуримын шөнө өнгөрсний маргааш өглөө бэрийн доор дэвссэн цагаан даавууг хадам ээж шалгадаг заншил бий гэж уншиж байсан. Бас Кавказын улсуудад улаан алимаар төлөөлүүлдэг юм билээ. Хадмууд охин онгон байсныг эцэг эхэд нь дуулгаад хуримын хоёр дахь өдөр час улаан алим таваг дүүрэн барьж очдог заншилтай юм билээ. Тэр нь ч арай дэндлээ гэхэд орчин үеийн Монгол охид хуримын анхны шөнө хүртэл охин биеэ хадгална гэсэн ойлголтыг дундад зуунд хамаатуулдаг бололтой. За ямар ч гэлээ өнөө цагт хүүхэд төрүүлсний дараа хуримаа хийх нь моод болжээ гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна. Энэ юутай холбоотой вэ. Магадгүй бидний угийн тоомжиргүй, хайнга зан, үр хүүхэддээ амьдралын энгийн үнэнийг ухаж ойлгуулж өгч чаддаггүй маань нөлөөлдөг юм биш биз. Бид чинь үр хүүхэддээ хүний амьдралын энгийн хэрэгцээ сексийн тухай зөв боловсрол олгох нь бүү хэл хорин жил ханилсантайгаа ч энэ тухай ярихаас нэрэлхдэг “онцлогтой” улс. Гэтэл нэг мэдэхэд үр хүүхэд маань өсөж том болоод аль хэдийнэ хосоо олж, сексийн харилцаанд орсон байдаг. Харин бид тэдэндээ сексийн тухай хэзээ ч ам ангайж байгаагүй болохоор тэд бас бидэнд юу ч ярихгүй. Бид хүүгээ, охиноо өнөө л бага балчир хэвээрээ гэж бодсоор хаана юу хийж явааг нь ер мэдэхгүй. Гэтэл нэг л өдөр хүү чинь өөртэйгээ адилхан годгор жаахан охиныг бие хүнд болгоод дагуулаад ирнэ, эсвэл охин чинь төрөх дөхчихсөн байдаг. Гэтэл гэдсэнд байгаа тэр бяцхан амьтан хорвоогоос хоёр биенээ эрж олсон хайр сэтгэлийн бэлэг биш, харин зүгээр л сексдэж тоглосны үр дүн байвал... Энд нэг эмгэнэлтэй гэхээр жишээ дурдая. Намайг оюутан байх үед ангийн маань охин жирэмсэн болчихоод бүр төрөх цаг нь болж хичээл дээр өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэтэл тэр охины ээж нь зээтэй болсон хойноо “ Даан ч дээ, охин минь чи жирэмсэн болсон гэдгээ ээждээ хэлчихгүй яасан юм бэ?” гээд уйлж байсан юм даг. Охин найз залууд нь ээжийгээ таагүй ханддаг болохоор хүүхэд тээж яваагаа тас нуучихсан юм байж. Хэчнээн нуусан ч гэлээ төрсөн охин нь хөл хүнд болоод бүтэн есөн сар болчихоод байхад мэддэггүй эх хүн гэж байдаг л юм билээ. Ийм ээж, аавууд олон шүү дээ. Дээрх маягаар төрсөн бяцхан “ханхүү, гүнж”-үүд өөрсдөөс нь дутахгүй “бяцхан” эцэг, эхийгээ зүрх сэтгэлээ үл харгалзан үүрд хамт амьдрахаас өөр аргагүйд хүргэдэг юм биш биз? Учир нь монголчууд бид салалтын тухай хөнгөхөн хүлээж авах чадваргүй, хамт амьдарч эхэлсэн л бол, үр хүүхэдтэй болсон л бол, хурим найр хийсэн л бол зүрх, тархи, бие эрхтэн, байгаа бүхнээрээ таарч тохирохгүй байсан ч хамаагүй үр хүүхдээ өнчрүүлэхгүй хэмээн насаараа гэр бүлийн “хүлээсэнд” амьдарч чаддаг улс.
Арван хүүхэдтэй болно, тийм ээ, арав
Хуримаа хийж буй залуустай ярилцаж байхад “Монголын үрс маш олон болох нь” гэх гэгээн баяр төрж байлаа. Ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох тухайгаа ярилцаж, төлөвлөж чадсан уу гэсэн асуултад тэд торох юмгүйгээр “Тийм ээ, ярилцсан. Өнөр бүл болно доо” гэж хариулж байсан юм. Хоёр хүүхэдтэй болно гэж хариулсан хос тун цөөн, 40-өөс 6 байлаа. Харин тулгын гурван чулуу шиг гурван хүүхэдтэй болно гэж хариулсан хос арав байсан бол дөрвөн хүүхэдтэй болох талаар дөрвөн хос төлөвлөж, таваас олон “зулзага”-тай бужигнахаар шийдсэн хос долоо таарсан. Нэг хос бүр “Өнөр байх тусмаа сайхан шүү дээ, арван хүүхэд төрүүлнэ” гэж итгэлтэй хариулж чадсан юм. Баяр хүргэе. Монголын минь үрс маш олон болог ээ.
Мессежээр танилцаад, хурим
Орчин цагийн монгол залуус насны ханиа хаанаас олж сонгож байна вэ. Судалгаанд оролцсон 40 залуугийн нэг нь Америкт амарч явах үедээ, бас нэг нь Хайнан аралд зугаалж явахдаа насны ханиа олж танилцсан гэнэ. Москвад учирсан хос байхад, Хятад улсад аялж яваад бие биедээ дурласан хос өнөөдөр хуримлаж байна. Арван жилийн сургуулийн үерхэл нь амьдрал болон цэцэглэж байгаа гурван ч хос таарсан бол оюутны ширээний ард эхнэрээ олсон залуу долоо байлаа. За, бас ажил дээрээ бие биедээ татагдаж, амьдралын замаа холбосон хос тав байх юм. Улаанбаатар паласт тоглолт үзэж явахдаа ирээдүйн эр нөхөртэйгээ таарсан бүсгүй байхад найз нартайгаа шоудаж яваад танилцсан хос хоёрын зэрэг байв. Мөн нутаг усныхаа дүүмэд охиныг өсөж том болохыг хүлээсэн залуу энэ өдөр санасандаа хүрч хуримаа хийж байв. Хосуудын дунд мессежээр танилцсан дурлалаа амьдрал болгон цэцэглүүлж байгаа хос байхад хүнсний дэлгүүрт талх авахаар ороод л ирээдүйн эхнэрээ олоод авчихсан нөхөр ч байсан шүү. Заяаны хань зам дээр гэдэг үнэн үг бололтой. Хань болох хүн чинь хаана ч хүлээж байж магадгүй нь.
Анхны харц, хуримын зар
Хослон амьдрахын заяатай төрсөн хүн гэгч амьтан энэ хорвоогоос эв мод шиг эвлэж таарах насны ханиа төрсөн цагаасаа эхлэн эрсээр явдаг байж ч магад. Цэцэрлэгийн бага ангийн угж хөхсөн хүү, суултуур дээр суугаа охин хоёрын хооронд ч дотно харьцаа үүсдэг шүү дээ. Энэ нь их эрлийн эхлэл биз. Харин эрсэн тэр хүнээ хэзээ ч олж магад. Бас насан туршдаа хайсаар олохгүй өнгөрч ч болох. Хамаг л эд эс, бие сэтгэлээ зориулж хайсан тэр хүнээ ололгүй замын дунд хэн нэгэнтэй заяа холбож, тэгсэнээ болохгүй бол салах болдог. Харин танилцаж сэтгэлд таалагдсан хүнээ заяаны хань минь гэдгийг ямар хугацааны дараа мэдэх вэ? Мэдээж, заавал тэдэн жил болж байж хуримаа хийх ёстой гэсэн хууль дүрэм байхгүй л дээ. Бие биедээ анхны харцаар дурламагц маргааш нь хуримын товоо зарладаг хос дуулдаж л байдаг. Намрын дунд сарын шинийн 17-нд хуримаа хийж байгаа 40 хосын хувьд гэвэл олонхи нь танилцаад хоёр жил болсны дараа насны хань минь мөн гэж баттай итгэсэн гэсэн дүр зураг харагдаж байна. Судалгаанд хамрагдагсдаас 2005 онд танилцсан гэж хариулсан хос 12 байсан бол гурван жилийн өмнө танилцсан нь тав байв. Харин 4-6 жил бие биеэ “танадаж” хүлээсэн хос цөөнгүй хувийг эзэлж байхад, биесээ таньдаг болсоор 10 жилийн дараа хуримлаж байгаа хос гурав байлаа. Харин жил гаруйн өмнөхөн биесээ анх олж харж байлаа гэж хариулсан хос 5 байсан бол одоогоос зургаан сарын өмнө танилцаагүй явлаа гэж нэг хос хариулсан юм. Хуримлаж байгаа хос бүгд хорвоогоос эрж хайж явсан цор ганц эрдэнээ олсон гэдэгтээ итгэлтэй байгаа болов уу?
Хуримлахаас өмнө байр
Судалгааны дүнгээс харахад өнөөдөр хуримаа хийж байгаа залуусын ихэнхи хувь нь эцэг, эхийнхээ гэрт биш, бие дааж тусдаа амьдрахыг илүүд үзэх хандлагатай байна. 40 хосын 34 нь тусдаа өөрийн гэсэн байртай гэж хариулсан юм. Харин ээж аавынхаа гэрт амьдарч байгаа тухайгаа дөрвөн хос хэлсэн бол хоёр хос одоогоор гэр хороололд амьдарч байна гэлээ. Энэ хариулт монгол залуус бие даасан амьдралыг илүүд үздэг болсон гэхээс гадна эцэг эхчүүд ч үүнийг дэмжиж, мөнгө санхүүгийн хувьд боломжтой болоо юу даа гэх бодол төрж байна. Гэхдээ энэ бол нэг өдөр хуримаа хийсэн 40 хосоос авсан судалгаа гэдгийг санаарай. Тэдний цаана өөрийн гэсэн орон байр байтугай Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх тухай мөрөөдөж ч зүрхэлдэггүй залуус бий шүү дээ. Судалгаанд хамрагдсан залуусын хувьд сайшаах нэг зүйл нь тэд бүгд шахам ажилтай гэж байлаа. Ажилгүй, гэртээ суудаг гэж хэлэх нэг ч хүн таараагүй нь энэ 40 гэр бүлийн ард ямар нэгэн байдлаар амьдралын баталгаа байгааг илтгэлээ. Мөн тэдний хоёроос бусад нь хэзээ ч гадаадад гарч амьдрах хүсэлгүй, зөвхөн Монголдоо өөрийн гэсэн амьдрал цогцлооно гэж хэлсэн юм. Харин хоёр гэр бүл боломж гарвал яаж ч магад гэж хариулсан.
Сайны ерөөл өргөе
Намрын дунд сарын шинийн 17-нд хос хоёрын хуримын баяраас хугаслан байж судалгаа авна гэж гүйсний дүнд ямар боловч өнөө цагийн монгол залуусын танилцахаас эхлээд хуримлах хүртэл, мөн цаашдын хүсэл мөрөөдлийн тухай үнэнээс жаахан ч гэсэн олж харж чадах шиг санагдлаа. Юутай ч тэр өдөр хуримаа хийж байхад чинь “Хэзээ, хаана танилцсан, хэдэн настайв?” гээд шалаад байсан бол сурвалжлагч намайг уучлаарай. Бас хүү, охины тань өмнө хойгуур гүйгээд ам хэлийг нь татлаад байхаар таагүй санагдсан бол эрхэм эцэг эхчүүдээс хүлцэл өчье. Хамдтаа байж, “Цаг төр” сэтгүүлийн энэхэн хэсгийг бэлдэлцсэнд баярлалаа. Эцгийн голомтоос гал таслан бадраасан шинэ гэр бүлүүддээ аз жаргалыг ерөөе.
500 мянгыг юм болгоё
Хүн мөнгөнд дуртай. Тэр тусмаа зүгээр өгч байгаа мөнгөнд бол бүр ч дуртай. Монгол Улсын Засгийн газар шинээр гэр бүл болж байгаа хосд 500 мянган төгрөг “бэлэглэж” байхаар шийдсэн. Харин “ Цаг төр” сэтгүүл зүгээр л бэлэглэж байгаа тэр 500 мянган төгрөгийг жаахан “юм болгоё“ гэж Засгийн газрыг уриалж байна. Бүр өгөхөө больё гэж байгаа юм биш. Харин зүгээр л “май” гээд өгчихдөгөө больё. 500 мянган төгрөгийн төлөө залуу хос ялихгүй жаахан тэвчээр гаргаг. Энэ мөнгийг авахын тулд тэд 14 хоног сургалтанд сууг. Гэр бүлийн сургалтанд. Бидэнд хэн ч, хэзээ ч амьдралын тухай, гэр бүлийн тухай, хүн хоорондын харилцааны тухай, ханиа хэрхэн хайрлаж хүндэтгэх тухай, хүүхдээ яаж хүмүүжүүлэх тухай хэлж зааж өгөлгүй өдий хүрсэн шүү дээ. Монгол залуус ихэнхдээ байгалиас заяасан мэдрэмжээрээ л гэр бүлийн харилцаагаа зохицуулж, бусадтай болон үр хүүхэдтэйгээ “ойлголцсоор“ ирсэн. Харин өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэр бүлийн сургалт зохион байгуулдаг болж. Долоо хоногийн гурван өдөр, өдөрт хоёр удаа болдог энэ сургалтад өдөрт 90-100 залуу хамрагдаж байна. Манай залуус мөн сүрхий болж гэж бодоход арай эрт ээ. Нэг цаг үргэлжилдэг энэ сургалтыг мэргэжлийн сэтгэл зүйчид удирдаж, жендерийн харилцаа, нөхөн үржихүй, эрүүл мэнд, эхнэр нөхөр байхын үүрэг хариуцлагын тухай ярьдаг. Дунд сургуульд ч, их, дээд сургуулийн ширээнд, эцэг эхийнхээ амнаас ч тэр бүр сонсож үзээгүй, тэгсэн мөртлөө амьдралд талх тариа, ус агаар шиг хэрэгтэй сэдэв. Гэрлэх ёслолын ордны арын хаалгаар ороод энэ сэдвээрх яриа сонсож болно. Магадгүй, тэнд өнгөрүүлсэн ганцхан цагт залуус амьдралдаа анх удаа, бас сүүлчийн удаа дээрх сэдвээр лекц сонсож ч байж болох. Учир нь тэр өрөөнөөс гараад л явах юм бол хэн ч энэ сэдэв рүү дахин нэвтрэхгүй шүү дээ. Гэтэл харамсалтай нь зарим залуус амьдралдаа олдож байгаа энэ ганцхан цагийг ял эдэлж буй байдлаар өнгөрөөж байгаа дүр зураг манай дуранд өртсөн юм. Дургүй мөртлөө яах гэж тэнд очсон юм гэж үү? Хариулт маш амархан, бас ойлгомжтой. 500 мянган төгрөг авахын тулд. Шинээр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулах хүсэлтэй залуусыг Гэр бүлийн сургалтад суусан бичиг авч ирүүлэх мэргэн санааг хаанаас ч юм гаргаад хэдэн сар болж байгаа юм байна. Монголд ганцхан байдаг Гэр бүлийн сургалтын төв ачаалал ихтэй байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. Харин сургалтад сууж байгаа залуусын царай нэг л биш ээ. Байн байн цагаа харж, өндөлзөөд л... Багшийн яриа сонирхолгүй байна уу гээд сонсохоор насандаа ч сонсоогүй чухал яриа. Яагаад эд өндөлзөөд байна вэ? Хариу бас энгийн. Өнөө 500 мянган төгрөг нүдэнд нь харагдаад тэр шүү дээ. 500 мянган төгрөгийг юм болгоё. Ганцхан цаг биш ядахдаа 14 цагийн сургалтын үнэд хүргэе.
Хуримынхаа тухай дурсахаас дотор муухайрдаг ...
Миний найз бүсгүйг Саруул гэдэг. Тэр хэдэн жилийн өмнө хурим хийсэн гэнэ лээ. Харин би түүнтэй хожуу танилцсан юм. Саруул хуримынхаа тухай дурсах тун дургүй. Энэ сэдвийн яриа өрнөх үед түүний энэ байдал тод илэрдэг юм. Би битүүхэндээ гайхдаг байлаа. Яагаад амьдралынхаа тэр “алтан” гэж болох үеийн тухай дурсах дургүй юм бол доо гэж. Харин саяхны нэг өдөр би түүнийг шаналгадаг хуримын тухай таагүй нууцад нэвтэрч чадсан юм. Хурим зөвхөн аз жаргалтай дурсамж үлдээж чаддаггүйг түүний яриа нотлох шиг. “Би бүр жаахан охин байхаасаа өөрийгөө том болоод цасан цагаан даашинз өмсөж, насандаа дахин давтагдахгүйгээр гоёж гоодоод, амьдралынхаа хань болох хүнтэйгээ хурим хийх тэр сайхан цагийн тухай сэтгэлдээ төсөөлдөг байлаа. Нас биед хүрсэн хойно минь ч тэр мөрөөдөл нөгөө янзаараа сэтгэлд минь байсаар. Хань болох хүнээ ч оллоо. Хүүхэдтэй боллоо. Дахин хүүхэдтэй болохоосоо өмнө хурим хийж насны мөрөөдлөө биелүүлье гэж бодох болсон цагаасаа би нөхрийгөө хурим хийхийг шаардах болсон юм. Нөхөр маань ч нэг их цааргалсангүй, ээж аавдаа хэлсэн. Ингээд миний насны мөрөөдөл биелэх боллоо. Гэтэл хурим товлогдсон тэр цагаас эхлээд асуудал үүсч эхэлсэн дээ. Манай нутагт бол хурим хийх бүх л хариуцлагыг хүүгийн тал бүрэн хариуцдаг. Орон гэр, тавилга суулгаа бэлтгэхээс эхлээд хуримын бүх зардлыг хүүгийн тал даадаг гэсэн үг. Харин охины эцэг, эх гэрийн эзэгтэйн гол туслагч гал тогооны шүүгээ, оёдлын машин, ганц нэг гудас тэргүүтнийг л бэлтгэдэг. Гэтэл хот газрын хадмууд маань хуримын бүх зардлыг эн тэнцүү хувааж гаргах саналыг тавьж эцэг эхийг минь баахан сандаргалаа. Тэгээд яахав, дуртай ч, дургүй ч зардлыг хуваах “зөвшилцөлд” хүрсэн л дээ. Гэсэн ч энэ бол хуримаас үүдэлтэй асуудлын зөвхөн эхлэл нь байсан. Хөдөө нутгийн ёс, төр гэж сүржигнэдэг ах дүүс маань бэр гуйхаар яваад нэг л сэтгэл дундуурхан буцаж ирлээ. Бэр гуйх ёсыг хэвийн боов, ууц тавьж, найрлаж наргидаг гэж ойлгосоор ирсэн тэдэнд худ болох хүмүүсийнх нь бэлтгэсэн идээ ундаанаас эхлээд таалагдсангүй. “Үгүй бүр, ТҮЦ-нээс хэдэн еэвэн аваад тавьчихсан сууж байсныг нь яана...” гэж тэдний нэгнийх нь амнаас гарахыг би сонссон. За ингээд хуримын өдөр ч боллоо. Хуримын ордонд болсон ёслол гоё байсаан. “Энэ мөчөөс эхлэн та хоёр эхнэр нөхөр боллоо” гэх дулаан хоолой, хуримын бөгж, мөнгөн тулганд анхны галаа асаах ёслол гээд л... Харин
тэндээс гарсны дараагаас дахин миний сэтгэл эвгүйрхэж эхэлсэн. Хоёр талын минь эцэг, эхийн харьцаа намайг зовоож байсан юм. Тэд бие биедээ эвгүй үг хэлээгүй, тиймэрхүү харц ч чулуудаагүй. Гэхдээ л би тэдний хооронд байгаа таагүй уур амьсгалыг мэдрээд байсан. Миний аав ёс, төр гэж хүндэтгэн үздэг, бүх ёмыг дэг журамтай, зохион байгуулалтай байлгахыг шаарддаг хүн. Дээр нь идээ ундааны элбэг дэлбэгт дуртай. Гэтэл хадмын талс мөнгө төгрөгт хатуу талдаа, бас хуримын үеэр ингэнэ, тэгнэ гэсэн ямар ч төлөвлөгөө гаргаагүй байлаа. Нэг ёсондоо хуримын цайллага маань баахан нарийлсан байдалтай, бас дээр нь ямар ч зохион байгуулалтгүй болсон гэхэд болно. Уригдсан зочид хэдийнэ ширээгээ эзэлчихээд байхад хэн яаж эхлэх нь тодорхой биш, таг чиг суугаад л байх жишээтэй. Миний сэтгэл хэчнээн зовж, өмнөөс нь зохицуулаад гүймээр байсан ч “Чи бэр болж очиж байгаа хүн. Юу ч хэлж, хийх хэрэггүй, зүгээр л харж суу” гэсэн эцэг, эхийн үг намайг хүлж орхисон. Хуримын цайллагын үеийн бас нэгэн таагүй зүйл нь хүмүүсээс бэлэг авах байсан. Тийм ч дулаан биш уур амьсгалын дотор албатай юм шиг хүн бүрээс бэлэг авч зогсохдоо би “Бушуухан дуусаасай” гэж дотроо залбирч байсан гээд бод доо. Миний хурим иймэрхүү л болж өнгөрсөн дөө. Энэ хурим бусад хүмүүст ямар санагдсан, нөхөрт минь надтай адилхэцүү байсан эсэх тухай би хэзээ ч асуугаагүй. Хуримнаас хойш хоёр талын эцэг эхийн минь харилцаанд мэдэгдэхүйц зай гарсан шүү. Бас бид хоёрын хуримыг хийх гэж өр тавин байж мөнгө гаргасан гэх үгс эцэг эхийн амнаас гарах болсон юм. Хурим надад хар багаасаа мөрөөдсөн шиг аз жаргалтай дурсамж авч ирж чадаагүй ээ. Харин ч сэтгэлийн угт нэг хөндүүр нэмсэн. За даа, гарт зүүсэн хуримын бөгж хүртэл сэтгэлд нэг л тээртэй, хэн нэгэнд дааж давшгүй их өр тавьчихсан мэт санагдах болсон”. Найз бүсгүй минь ингэж л ярьсан юм. Тэр хуримын зурагтай цомгоо ч үзэх дургүй юм билээ.
“АРВАН ДОЛООН”-Ы ЭРГЭН ТОЙРОНД
Хурим удирдаж байхдаа уйлчих вий дээ
Ганцхан өдөрт 150 хуримын ёслол хийнэ гэдэг нүсэр ажил шүү. Гэсэн ч Монголдоо ганцхан байдаг Гэрлэх ёслолын ордныхон энэ ачааг дажгүй, бүр “ онцсайн” гэхээр үүрээд гарлаа. Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг сүүлийн 17 жилийн туршид энд ажиллаж, эцгийн голомтоос гал тасалж айл гэр үүсгэж байгаа хос залуусын хуримын ёслолыг удирдсаар ирсэн. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд болсон хуримын ёслолыг ахлах зохион байгуулагч М.Мөнхнасан, А. Цэрэнсүрэн нар ээлжлэн удирдаж байсан юм. Их ажлынх нь сиймхийгээр А.Цэрэнсүрэнтэй уулзлаа.
- Та их сайхан хоолойтой юм, хэзээнээс хурим удирдаж байна вэ?
- Баярлалаа. Би ачаалал ихтэй үед эднийхээ ачаанаас үүрэлцэж, хурим удирдах үе байдаг юм.
- Хос залуусыг хараад тийм сайхан үгсийг хэлээд зогсч байхад танд юу бодогддог вэ?
- Их л сайхан байдаг. Ингэж гал голомтоо асаасан хосууд маань бат бэх гэр бүл байж, аз жаргалтай, сайн сайхан амьдраасай л гэж сэтгэлдээ хүсч байдаг даа.
- Хурим удирдах үед сандрах үе байдаг уу?
- Байлгүй яахав. Сая л гэхэд намайг үгээ хэлж байхад хуримлаа хийж байгаа нэг охины нүдэнд нулимс дүүрээд ирэхэд нь миний нүдэнд ч бас нулимс цийлэгнээд ирлээ. Хурим удирдаж байгаад уйлчих вий дээ гэж хэрэндээ л хичээсэн шүү. Хөөрхий минь, ээжээсээ хагацсан “амьтан” ч байсан уу, мэдэхгүй.
Охиноо хүнд өгөхөд хамрын самсаа шархирдаг
Охиноо айлын хүн болгоод явуулахад аавуудын самсаа хамгийн амархан шархирдаг гэж үнэн бололтой. Том охин Саруулаа нөхөрт гаргаж байгаа аав Л.Төмөрхүү:
- Хамар жаахан шархираад л байна. Одоо яая гэхэв дээ, охин хүүхэд угаасаа айлд очдог нь хорвоогийн жам. Хоёр хүүхдээ сайн сайхан айл болж, өнөр өтгөн, аз жаргалтай амьдраасай гэж л хүсч байна даа. Миний ууган охин юм шүү дээ гэсэн бол отгон охиныхоо хуримын ёслолд оролцож яваа Д.Сэлэнгэ ээжтэй уулзахад:
- Би гурван охинтой. Том охид маань хуримын ордонд ингэж ёслож байгаагүй юм. Отгон охиныхоо хуримыг Гэрлэх ёслолын ордонд хийж, сайхан л байна гээд нулимс нь гараад ирэхэд “Уучлаарай, миний дүү, баярын нулимс шүү” гээд инээсэн.
Аав хүү хоёр зэрэг хуримлав
Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд аав, ээж хоёр нь хүүтэйгээ зэрэгцэн хуримын ёслолоо хийсэн онцлог үйл явдал боллоо. Үндсэн хуулийн цэцийн дарга асан С.Жанцан 30 жилийн тэртээ 9 дүгээр сарын 28-ны энэ өдөр хайрт бүсгүй Т.Баатархүүгээ эхнэр болгон авч, хуримын ёслолоо Гэрлэх ёслолын ордонд хийж байжээ. Харин өнөөдөр түүний хүү Ж.Төгс-Очир сүйт бүсгүй А.Гуамаралыг гэргийгээ болгож, 30 жилийн тэртээ аав, ээж хоёрынхоо алхаж байсан яг тэр шатаар өгсөж явна. Өлзий төгс энэ өдөр зөвхөн хүүгийн хурим төдийгүй аав, ээж хоёр ч сувдан хуримаа хийж байгаа гэнэ. Гэрлэх ёслолын ордон хүүгийн гэрийн анхны галыг бадраахаас гадна аав, ээж хоёрынх нь сувдан хуримыг зохион байгуулсан юм байна.
“Нэгжлэгтэй” хурим
120 хуримын нэг, морин цагт эхэлсэн хурим чихэвч зүүж, холбоо барьсан хар хувцастай хамгаалагч даар хүрээлүүлсэн байлаа. “Алтай констракшин”-ны захирал Бат-Эрдэнэ Наранчимэг гэдэг бүсгүйтэй хуримын ёслолоо үйлдэж байгаа нь энэ. Гэргий болж байгаа сайхан бүсгүйн даашинзны хормойг цэцэг шиг хоёр охин, хоёр хүү өргөж, өмнө нь сарнайн дэлбээгээр зам зассан энэ хурим нэлээд онцгой харагдаж байсан. Харамсалтай нь хуримын хамгаалагч нар ёслолын үеэр тэр хавиар байсан гэрэл зургийн сурвалжлагч болон телевизийн зураглаач нарын фото хальсыг нэг бүрчлэн шалгаж, халаас, цүнхийг нь ч уудлаж сүрийг үзүүлж байсан болохоор хуримлагч хосуудын зургийг фото хальсандаа буулгах аятай боломж олдоогүй.
Сарнайн дэлбээ шүүрдэгч
Гэрлэх ёслолын ордны үүдээр улаан, цагаан сарнайн дэлбээ хөглөрнө. Харахад сэтгэлд сайхан. Харин хөлөөр хөглөрөх сарнайн дэлбээг нэг ч хором тайван хараад сууж чаддаггүй нэг хүн хуримлагч хосуудын өмнүүр шүүр барин тонголзоно. Энэ хүн бол тус ордны талбайн цэцэрлэгчин С.Лхамсүрэн. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
- Та сарнайн дэлбээг жаахан байлгаж л байхгүй яагаад шүүрдээд авчихав аа?
- Сурчих юм аа. Би ерөөсөө хөглөрсөн зүйлийг үзэж чаддаггүй хүн. Тамхины иш, шүдэнзний модыг бол бүр ч харж чадахгүй.
- Энд ажиллааад хэр удаж байна?
- Нэг жил. Өмнө нь Сүхбаатар дүүргийн ТҮК-д 32 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Тэгээд энд ирсэн дээ.
- Хуримын ордон орчмын хог өөрийн гэсэн онцлогтой байна биз?
- Тэгэлгүй яахав. Шаар, цэцгийн дэлбээ, туузны тасархай гээд л өөр газар тэр бүр гараад байхгүй хог эндээс гардаг юм.
- Өнөөдрийнх шиг их ачаалалтай үед таны ажилд хүндрэл гардаг уу?
- Хуримын ёслолд оролцохоор хөдөөнөөс голдуу зочид ирдэгтэй холбоотой ч юм уу, энэ мод, хашааны ёроол руу бие засчихаад явчихна шүү дээ. Бас тамхины иш, шүдэнзний модоо хөл доороо л хаячихдаг нь хүндрэлтэй.
Дуунд гардаг сайн өдөр
Монголчууд бид бүгд хуриманд согтож, хайранд бялуурч байгаа энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд очоогүй ч хуримаа хийж байгаа хос хоёртой уулзлаа.
- Өнөөдөр нийслэлд маш олон хурим болж байна. Бүгд л хуримын ордонд очно гээд шөнөөс хойш дугаарлаад л. Харин та хоёр яагаад тэнд очсонгүй вэ?
- Энэ ч хувь хүний сүсэг бишрэлтэй холбоотой асуудал болов уу. Бид хоёр хурим хийх тухай эхнээсээ ярихдаа гэртээ цайллага хийхээр тохиролцсон.
- Заавал энэ өдрийг сонгодог нь чухам юутай холбоотой вэ?
- Намрын дунд сарын шинийн 17-ны энэ өдрийг Монголчууд бид муу, буруу бүхнийг дарсан сайн өдөр гэж мэддэг шүү дээ. Тиймээс өдрийн сайныг хүлээн байж хуримаа хийж байгаа нь хойшдын минь амьдралд сайн сайханыг авч ирнэ гэж итгэсэндээ л тэр. Намрын дунд сарын арван долоон гэж дуунд хүртэл гардаг шүү дээ. Дуунд гардаг сайн өдөр гал голомтоо асааж байгаадаа сэтгэл дүүрэн байна.
Хорвоогийн хүмүүс хэрхэн хуримладаг вэ
ИЗРАЙЛЧУУД гадаадын улс оронд очиж хуримаа хийх нь элбэг. Учир нь тэдэнд хотын захиргаанд очиж албан ёсоор бүргүүлнэ гэсэн ойлголт байдаггүй. 2003 онд л гэхэд дөрвөн мянга орчим израйл хос гэрлэхийн тулд гадаадад очсон байх юм. Тиймээс ч аялал жуулчлалын компаниуд гэрлэлтийн аяллыг санал болгодог. Жишээлэхэд Кипр улс руу ийм зорилгоор өдрийн аялал хийж болно. Израйлд 17 нас хүрсэн бол гэрлэхийг зөвшөөрдөг. Гэрлэхийн өмнө сексийн харилцаанд орохыг цээрлэдэг ч судалгаагаар тэд дунджаар 16 настайдаа секс хийж эхэлдэг гэдгээ хүлээжээ. Нэг хүн ойролцоогоор 10 өөр хүнтэй сексийн харилцаанд орж байсан статистик тооцоо гарсан ч хүмүүсийн долоон хувь нь үүнийг хүлээн зөвшөөрдөг байна. Израйлд хосуудыг зуучлах хамгийн том алба нь цэргийн алба гэж хэлж болно. Консерватив гэр бүлээс гаралтай охидын ихэнх нь цэргийн албанд байхдаа сексийн арвин туршлагатай болсон байдаг. Тус улсын хууль бэлгийн хүчирхийллийг хатуу эсэргүүцдэг ч охид нь цэргийн алба хаадаг энэ улсад албанд байх үедээ бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал цөөнгүй гардаг байна. Цэрэг эмэгтэйчүүд АНУ-ын цэргийн “Наталия” сэтгүүлээр дамжуулан эр нөхрөө олох нь бий. Эмэгтэйчүүд нөхөрт гарах насан дээрээ заяаны ханиа олоогүй бол аажмаар, гэхдээ бүр баталгаатайгаар дарамтад орж эхэлдэг гэнэ. Бусдын хурим дээр уригдсан ийм эмэгтэйг “- Дараа нь чиний хуриманд очно шүү” гэх маягаар егөөдөн ерөөдөг байна.
ИРАНД эмэгтэйчүүдийг 14, эрэгтэйчүүд 16 наснаас гэрлэхийг зөвшөөрдөг. Сүүлийн үед иранчууд нэлээд хожим гэрлэдэг болсоор байгаа аж. 1986 онд эмэгтэйчүүд дунджаар 20, эрчүүд 24-тэйдээ гэрлэдэг байсан бол өнөөдөр эрчүүд 30, эмэгтэйчүүд 26 хүрч байж гэрлэдэг болж. Энд гэр бүл болно гэдэг цэвэр эцэг эхийн санал хүсэлтэд тулгуурлан шийдэгддэг. Нэг нэгэндээ хайртай байх нь хоёрдугаар зэргийн асуудал. Хуримлах хосууд ихэвчлэн бие биеээ бараг таньдаггүй. Гэр бүл болох нь хөрөнгө чинээ, эрүүл мэнд, удам угсаа, нийгмийн байр суурьтай ихээхэн холбоотой. Эрд гарч байгаа бүсгүйг онгон байхыг шаарддаг. Хөдөө тосгонд хуримын анхны шөнө хоёр талын ээж хосуудын үүдний өрөөнд цус болсон алчуур хүлээж суух нь бий. Тиймээс ч хуримын шөнө анх удаа сексийн харилцаанд орох нь элбэг. Энэ явдал өмнө нь бие биеэ таньдаггүй байсан хосуудад сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Цочирдох, сэрэл үүсэхгүй байх, эсвэл яагаа ч үгүй байхад дур тавих зэрэг байдал элбэг тохиолддог гэдэг гэнэ.
МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ
Сэтгэл судлаач Ж.Энх-Од хариулж байна.
- Хүмүүс эрт орой янз бүрээр гэрлэж байна. Аль нь ямар шалтгаантай бол?
- Эрт гэрлэх нь мэдээж олон учир шалтгаантай. Зохимжгүй гэхгүй. Харилцааны бэрхшээлтэй хүмүүс харьцангуй эрт гэрлэдэг тал бий. Насанд хүрсэн хойноо анх сексийн харилцаанд орсон хүн үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцахад нь ямар нэгэн байдлаар саад учирдаг. Анхны дурлал, хагацал гэх мэт сэтгэл санаанд явагдах хүчтэй нөлөөлөх үйлдэл аз жаргал, бэрхээл зовлонг дагуулдаг болохоор нэг олдсон аз жаргалыг алдахаас айх, эсвэл бүтэлгүй дурлалаас үүдэлтэй шаналал, шархыг түргэхэн шиг мартахын тулд өөр хэн нэгэнтэй хурдхан шиг учрахыг хүсдэг нь эрт гэрлэлтийн нэг шалтгаан байж болно. Өөрөөр хэлбэл нэг талаар найдвартай хань, нөгөө талаар сексийн хамтрагч хайх шаардлага нь эрт гэрлэлтийн нэг үндэс болдог гэж болно. Харин харилцааны бэрхшээлгүй хүмүүс сексийн олон хамтрагчтай болж чаддаг учраас тэр бүр гэрлэхэд яардаггүй. Олон хамтрагчтай хүн хэн нэгнийг бушуухан өөрийн болгох гэж яаралгүй, секс болон оюун сэтгэхүй, зан суртахуунаараа өөрт таарч тохирох тэр нэгийг л эрж хайсаар олж чаддаг. Тиймээс тэд эрт гэрлэх нь харьцангуй цөөн бөгөөд зохиосон амьдрал нь харилцааны бэрхшээлтэй хүмүүсийг бодвол илүү бат бөх.
-Тэгэхээр харилцааны бэрхшээлтэй хүмүүсийн хамтын амьдрал бат бөх байж чаддаггүй гэж та хэлж байна уу?
- Би хамгийн гол нь харилцааны бэрхшээл гэдэг аливаа асуудалд ямар их нөлөө үзүүлэх хүчин зүйл болохыг л хэлэх гэсэн юм. Секс гэдэг бол биологийн зайлшгүй хэрэгцээ. Хүмүүс үүнийгээ чухам яаж хангах вэ гэдэг бол шууд хүн хоорондын харилцаанаас шууд хамаарч байдаг. Үнэн хэрэгтээ энэ хэрэгцээ хос хоёрыг нийлүүлэх гол хүчин зүйл болж байдаг. Тэгэхээр өөрт таалагдсан хүүхэнтэйгээ амархаан шиг танилцаж, өөрийн болгоод авчих чадваргүй хүн бол харилцааны эв дүй муутай нэгэн болж таарч байна аа даа. Худал үнэн ярьж хэн нэгнийг хууран мэхлэх тухай энд би ярьж байгаа юм биш. Хос хоёрын амьдрал урт удаан хугацааны туршид аз жаргалтай байх явдал тэдний үзэл бодол, хүмүүжил, ёс суртахууны нийлэмжээс ихээхэн хамаардаг. Нэг нь нөгөөдөө дарагдсан, эсвэл бусдаас дор харагдахгүйг хичээсэн хуурамч, олон жил өөрсдийгөө зовоосон тийм амьдрал бусад хүмүүст анх гэр бүл болохдоо олон зүйлийг сайтар бодолцох ёстой алхам юм гэсэн ойлголтыг төрүүлээсэй. Харилцааны эв дүй муутай хүмүүс өөрт тохирох хүнийг олж авахад бэрхшээлтэй тул сонголт хийж чадаагүй, амьдралд салж нийлэх нь илүү байж болох юм.
- Бидний яриа харилцаа гэдэг ойлголт руу орчихлоо. Харилцаа гээд ярихаар бидэнд нэг л ярьж дадаагүй хэллэг, ойлголт юм шиг?
- Яг үнэн. Хөдөөнийхөн эрт гэрлээд байдаг нь амьдралын орчин нөхцөлөөс гадна харилцааны чадвартай холбоотой. Бүрэг ноомой мөртлөө аль эрт гэрлэчихсэн, хэд хэдэн хүүхэдтэй болчихсон хүмүүс зөндөө байдаг. Энэ нь өнөө л харилцаж, сонголт хийх чадвар муутай холбоотой. Тэгж олсон гэрлэлт нь аз таарвал сайхан амьдрал болно, үгүй бол насан турш уйтгарлаж, бас зовсоор өнгөрөөнө. Бид хүүхэдтэйгээ бага наснаас нь халуун дотно харилцаатай байж, сургуульд ёс зүй, харилцааны талаар тусгай хөтөлбөртэй байх нь зайлшгүй хэрэгцээ гэдгийг амьдрал хэлээд байна.
- Таны ярианд монголчууд бид эрт гэрлэхийг яарах хэрэггүй, аль болох орой гэрлэж бай гэсэн санаа байна?
- Хэзээ гэрлэвэл зөв, эсвэл буруу вэ гэдгийг тодорхой хэлэх аргагүй юм. Харин бид энэ бүхнийг судалж, залуус маань энэ асуултад хариу эрэх л хэрэгтэй. Нэгэнт нийгэмд ийм захиалга хэдийнэ бий болсон ч манайд одоогоор энэ талаар сонирхож, судалж байгаа зүйл алга. Өнөөдөр аль ч улс орны залуус харьцангуй оройтож гэрлэх болсон нь яах аргагүй нийгмийн хөгжилтэй холбоотой.
- Монголчууд гадаадын хүнээс “Та гэрлэсэн үү гэж асуухаасаа өмнө хэдэн хүүхэдтэй вэ?” гэж асуудаг нь тэдний гайхлыг төрүүлдэг гэж би нэг бус удаа сонсож байсан юм байна?
- Гэр бүлтэй нь ойлгомжтой гэж бодсон учраас шууд л хүүхдийг нь асуудаг байх л даа. Харин гадаадынханд гэр бүлтэй болох гэдэг нэг асуудал, хүүхэдтэй байх эсэх гэдэг бас нэг өөр асуудал учраас энэ хоёрыг ийм ойлгомжтой нэгдмэл асуудал гэж мэддэггүй байх л даа. Жишээ нь тэд хүүхэд гаргахаасаа өмнө хүнтэй сууна уу гэхээс эхлээд хүүхдээ гаргаад дараа нь хуримлана гэсэн ойлголт бараг ховор. Харин хэн нэгэнтэй суугаад хүүхэдтэй болсон ч таарч тохирохгүй бол салаад бас нөгөөтэй суух нь байдаг л ойлголт. Харин манайд бол хос хоёр хэсэг хугацаанд хамт амьдарч үзээд, нэг хоёр хүүхэдтэй болсныхоо дараа сая амьдралынхаа гарааг “албан ёсоор” эхлэх үзэгдэл ихэсч байна. Энэ бол үнэхээр судалж үзэх ёстой асуудал. Үүний цаана нийгмийн шинжтэй олон арван асуулт хариу нэхэж байгаа нь лавтай.