Бидэнд нисдэггүй бор морь нь байдаг
“Морь унаж сурахын тулд хажууд нь зогсоод хэрхэн унах талаар төсөөлөх биш, зүгээр л мордох хэрэгтэй” Эли Девон (Английн эдийн засагч)
Нийслэлчүүдийн дийлэнх нь буюу 70 гаруй хувь нь амьдарч байгаа гэр хорооллын навсгар байшин, банзан хашаа бид бүгдийн төсөөлж ч чадахгүй их хөрөнгө тэрбум тэрбумаараа ашиглагдах хугацаагаа хүлээн хэвтэж байна гэвэл та итгэх үү?
Монголчууд бид хуучин цагт муучилдаг байсан өнөөх капиталист нийгэмдээ эргэж буцалтгүй амьдарч байна. Одоо бидэнд капитализмаас өөр сонголт байхгүй болсон учир, капиталыг үзэл сурталжилгүй, хянуур нямбай судлах шаардлагатай юм.
Судалгаанаас үзвэл манай улсад ядуусын аж ахуй эрхлэлт нь улс орны хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй капиталын хамгийн их нөөцийг бүрдүүлсэн их хэмжээний хөрөнгө, баялгийг бүтээсэн байдаг байна. Ядуусын эд хөрөнгө Засгийн газрын эзэмшил, улсын төв бирж дээр эргэж буй хөрөнгө, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас даваад зогсохгүй, хөгжингүй орнуудаас илгээсэн тусламж, Азийн хөгжлийн, Дэлхийн банкны зээлийн нийт хэмжээнээс олон дахин их байгаа юм.
Гэр хорооллын иргэдэд байгаа үндсэн баялаг бол үл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал нь болох газар бөгөөд нийслэлийн газрын ихэнх нь тэдний мэдэлд байна. Үндсэн баялаг нь газар боловч тэд түүнээс ч илүү их баялгийг өөрсдийн эрхэлдэг хөдөлмөрөөрөө бүтээсээр байна (дугуй засвар, ТҮЦ, сэлбэгийн дэлгүүр г.м). Эдгээр бичил хөдөлмөр эрхлэгчдийн ихэнх нь албан ёсны бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг ч албан ёсны эдийн засгийн цоорхойг маш сайн нөхөгсөд байгаа юм. Тэд худалдаа эрхэлж, байшин барьж, цаг үедээ зохицон, хичээл зүтгэлээрээ амьдралаа авч яваа бөгөөд орон нутгаас ирэгсэд нь өөрсдийн хөдөө нутгийн билэг танхай бардам төрхтэйн дээр хотын амьдралын арга ухаанд суралцан эдийн засагт хувь нэмрээ оруулан амьдарч байна. Тэд илүү тохиромжтой шинэ хэв маягийн талаар сонсвол өөрсдийн хуучныгаа жигшин, түүнтэйгээ зууралдахаас илүү шинийг биширдэг. Тэдний дийлэнх нь амь зуулга төдий мөнгө олдог ч ажил хийх дур сонирхолтой, болж өгвөл өөрсдөө хөдөлмөр эрхлэн, шинийг санаачлан, бүтээх төрөлхийн тэмүүлэлтэй байдаг. Бичил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бүхнээ тэсч үлдэх, ахиж дэвшихийн тулд зорилудаг тул тэдний олж авч буй энгийн туршлага бүр нь үнэ цэнэтэй зүйл байдаг.
Тэгвэл тэд тийм их хөрөнгөтэй, ийм их хичээл зүтгэл гаргасаар атал өөдөлж, дэвждэггүйн шалтгаан нь юу вэ?
Шалтгаан нь ердөө л эд хөрөнгийг өмчлөхөөс гадна өөрөөр ашиглаж болно гэдгийг иргэд мэдэхгүй байгаад оршиж байгаа юм. Үүнээс үүдэн өмчийн систем үл ажиллаж, бид капиталыг бүтээж чадахгүй байгаа юм.
Яаж нисдэг бор морьтой болох вэ?
“Капитал бол үржиж байдаг. Тогтмол л бол үржиж байдаг бөгөөд тогтмол үнэ цэнэ, устаж алга болдоггүй. Энэ нь эд хөрөнгөний жинхэнэ үнэ цэнэ бөгөөд өөрийн биет хэлбэрээсээ салж эзнийхээ хүслээр ямар ч хэлбэрт орж чаддаг шидэт баялаг юм”
Симонде де Сисмонд (Швейцарийн эдийн засагч)
Асуудлыг цааш задлахын өмнө бид капитал гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах шаардлагатай байх.
Капитал гэдэг нь иргэний эд хөрөнгийн (байшин, газар гэх мэт) хүний нүдэнд үл үзэгдэх бодит өмч юм. Жишээлбэл ширээг мод мэтээр хийж эд хөрөнгө болгодог ч тэр нь бараа болмогцоо капитал болж байдаг ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Телевизийн суваг танд үзэгдэхгүй ч зурагтын тусламжтайгаар үзэж болдог шиг эд хөрөнгөнөөс капиталыг гарган авч болдог. Капитал бол яг л ийм зүйл.
Капиталыг бий болгодог хамгийн сонгодог эд хөрөнгө бол үл хөдлөх хөрөнгө байдаг. Эд хөрөнгийг (газар, байшин) хөрөнгийн төлөөллийн (өмчлөх эрхийн гэрчилгээ) хэлбэрт оруулж, иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулснаар капитал үүсэж эхэлдэг. Хөрөнгийн төлөөлөл, өмчлөх эрх байхгүй бол бид ямар ч чадвартай байсан капитал бүтээж чадахгүй. Өмчлөх эрх бол том мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь юм.
Өмчийн хууль зүйн баталгаа болох өмчийн албан ёсны гэрчилгээ бол өөрийн төлөөлж буй эд хөрөнгөнөөсөө тусдаа нэг баялаг юм. Албан ёсны өмчийн гэрчилгээг зээлийн барьцаа болгож ашиглах, хөрөнгө оруулалтын хувьцаатай солилцоо хийх, өр зээл, татвар, хураамж хураан авах хаяг бүрдүүлэх, худалдаа, шүүх, иргэний зорилгоор хувь хүний биеийн байцаалтыг тогтоох, цахилгаан, ус, бохир ус зайлуулах, утас ба кабелийн телевиз зэрэг нийтийн ахуйн үйлчилгээгээр хангах хууль зүйн хариуцлагын төгсгөлийн өртөө нь болдог бөгөөд энэ бүгдээс хөрвөх чадвартай капитал үүсдэг.
Үндсэндээ капитал гэдэг бол өмчлөх эрхийн гэрчилгээнээс үүдэлтэй өмчлөгчдөдөө үүрэг хариуцлагыг ухамсарлуулж, эрхийг эдлүүлэгч эд хөрөнгөнөөс тусдаа давхар баялаг юм. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг “нисдэггүй бор морь” гэж үзвэл капитал нь “нисдэг бор морь” юм. Онцлог нь та энэ хоёр морийг хоёуланг нь зэрэг унаж болдог.
Мэдээж хэрэг ганц хүн өмчлөх эрхтэй, гэрчилгээтэй бол ашиггүй. Хэнтэй наймаалцах вэ? Хоёр хүн бол арай өөр, гэхдээ хангалтгүй. Харин иргэн бүр өмчлөх эрхтэй, гэрчилгээтэй болсон үед тэд нисдэггүй бор мориноосоо гадна бас нэг нисдэггүй бор морийг гаргаж авах боломжтой болно гэсэн үг. Харин тэр нисдэггүй бор мориндоо нисдэг болгохын тулд иргэн бүр оролцож болох өмчлөх эрхийн систем, өмчийн сүлжээг боловсруулан хөгжүүлэх шаардлагатай юм.
Өмчлөх эрх системд орж, өмчийн гэрчилгээгээ сүлжээнд бүртгүүлснээр өмч хөрөнгө нь хүн амд үйлчлэх зах зээлийн хэрэгцээгээрээ үнэ цэнэ тогтож, чөлөөтэй хөрвөх боломжтой болж ирдэг. Харин манай улсад үүний яг эсрэг нэг гаж үзэгдэл байдаг. Тэр нь тухайлбал иргэдийн хашааны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр байдаг 3-9 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ юм. Хувийн өмч ямар үнэтэй байхыг зах зээл өөрөө тогтоодгоос эрх баригчид тогтоох ёсгүй. Энэ бол байж боломгүй том алдаа.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг сүлжээнд оруулахын өмнө тухайн өмчийн нийгэм, эдийн засагт хамгийн их ач холбогдолтой хэсгийг бүртгэлд оруулж, бичиглэлийн системд хадгалах, эрхийн бичгийн агуулгад хөрвүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээний онцлог шинжүүдийг амархан хэмжиж болохоор хялбарчлан стандартжуулах шаардлагатай юм.
Ингэснээр өмчлөх эрхийн мэдээлэл нийтэд хүртээмжтэй болох үндсэн нөхцөлд бүрддэг бөгөөд өмчийн эзэд өөрсдийн өмч хөрөнгөөр юу хийж болох тухайгаа сүлжээнд оролцогчдын хамтын овсгоо, сэтгэмжээс олж мэдэж, ашиг гаргаж авах нөхцөл бүрдэх ба өмчлөх эрхийн гэрчилгээ эзэндээ өөрийн эд хөрөнгийг ашиглах, олон янзаар нийлүүлэх, салгах, хослуулах боломжийг олгодог.
Ингэж сүлжээнд хөрөнгийг ашиглах, дайчлах зэрэг нь арилжааны зардлыг бууруулдаг бөгөөд энэ мөчөөс эд хөрөнгийн албан ёсны өмчийн систем үүсэж, өмч хөрөнгө нь капитал болох хувьсгал хийгддэг. Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн зах зээлийг бүрэлдүүлж чадвал хойшдын эдийн засаг эрчимтэй хөгжих нөхцөл бүрдэх юм. Яагаад гэвэл өмчлөх эрхийн систем нь төмөр зам шиг сүлжээний бүхэл бүтэн дэд бүтэц үүсгэсэн байдаг бөгөөд хөрөнгийг /галт тэрэг/ хүмүүсийн /өртөө/ хооронд аюулгүй зорчих боломжоор хангасан байдаг. Үндсэндээ мэдээлэл дамжих урсгалын хурд, аюулгүй байдал сайжирч, эрсдэл багасна гэсэн үг. Өмчийн систем зайлшгүй сүлжээний хэлбэрээр ажиллах нэг чухал шалтгаан бол хувийн өмчийн бүх бичиг баримтууд нь цаг хугацаа, орон зайд аялж байх явцдаа алдагдаж, хуурамчаар үйлдэхээс хамгаалагдаж байдагт оршино.
Өмчийн систем үүссэнээр өөр олон бизнесийн байгууллагууд үүсэх боломжтой болдог. Жишээ нь: хөрөнгийн арилжааг бүртгэх байгууллага, хөрөнгө хадгалах байгууллага, үнэлэгч байгууллага, үнэлэх эрхийн итгэмжлэгдсэн даатгалын байгууллага, хөрөнгөөр барьцаалж зээл олгох брокерийн байгууллага, баримт бичиг хадгалж, хамгаалах байгууллагууд гэх мэт. Өмчлөлийн систем нь үндсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг:
Нэгд: Эд хөрөнгийн эдийн засгийн онцлог шинжүүдийг бидний ой ухаанд маш хурдан хүлээж авах хэлбэрээр илэрхийлдэг бөгөөд ашиглаж, зарцуулах зардлыг гайхалтай хэмнэдэг.
Хоёрт: Эд хөрөнгөөр өөр бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөлмөрийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийг төрөл бүрээр хувааж нийлүүлэх, амар хялбараар шилжүүлж хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэж л капитал бий болж, та нисдэг бор морьтой болно.
Капитал бол энергитэй ижил төсөөлөлд оршдог бөгөөд хүн түүний зөвхөн үр нөлөөг л хардаг. Капиталыг бодит болгодог зүйл бол түүний төлөөлөл болох үнэт цаас юм. Үнэт цаас нь хувьцаа, бонд гэх мэт маш олон төрөл байдаг бөгөөд түүний тусламжтайгаар эд хөрөнгөнд огт хүрэлгүйгээр хуваах, өөр хөрөнгөтэй нийлүүлэх боломжтой болдог.
Нисдэг бор морины шинж
Харин одоо капиталын өөрийнх нь давуу талын тухай өгүүлье. Капитал бол зах зээлийн эдийн засгийн хөгжлийн араг яс, тулгуур нь юм. Сүүлийн хэдэн жил манайд цалин өсөхөд дагаад хоол хүнсний үнэ өсдөг үзэгдэл гаж үзэгдэл их ажиглагдаж байна. Мөнгөний үнэ цэнэ дээр тулгуурласан улс төрийн аливаа зохицуулалт хэзээ ч ажилгүйдэл, гачигдал, хүнсний хомсдол, үнийн хөөрөгдөл, мөнгөний ханш уналтыг шийдэж үл чадна. Энэ нь бидэнд хувьцааны зах зээл дутагдаж буйн илрэл юм. Хувьцааны зах зээлийн ханш уналтад ордоггүйн шалтгаан нь капитал өөрөө байдаг. Учир нь өмч хөрөнгийн үнэ цэнэ үргэлж өсч байдаг.
Ихэнх хүмүүс капиталыг мөнгөтэй андуурах тохиолдол их байдаг. Учир нь одоо үед капиталыг мөнгөөр илэрхийлж байгаатай холбоотой. Мөнгө эдийн засгийг инфляцид оруулахдаа л зартай байдаг бол капитал баялгийг бүтээж өсгөж байдгаараа ялгаатай. Тэр ч бүү хэл капиталыг мөнгө бүтээдэггүй, харин өөрсдийн өмч дээр тулгуурлан, хуримтлуулсан эд хөрөнгөөр үйлдвэрлэл явуулж, түүнийгээ өргөсгөх бололцоог хайж, хамтарч ажилласан хүмүүс бүтээдэг. Харин ч эсрэгээрээ мөнгө хэзээ ч хоосноос бий болж байгаагүй бөгөөд мөнгө бий болохоос урьдчилж хувийн өмч заавал оршиж байх ёстой. Мөнгийг хувийн өмчийн тогтолцоогүйгээр ухамсарлах аргагүй. Мөнгө ба капиталын холбогддог ганцхан зааг бол хувийн өмчийн институц юм. Эд хөрөнгийн эдийн засгийн гол тодорхойлолтыг өмчийн бичиг баримтад тусгаж өгснөөр худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг баталгаажуулахад хэрэглэж, эцсийн дүнд төв банкны мөнгө гаргах үндэс нь болж өгдөг. Зээл нээж хөрөнгө оруулалт хийхэд хүмүүсийг хясдаг зүйл бол бодит эд хөрөнгө өөрөө биш, түүний төлөөлөл буюу албан ёсоор орон даяар хүчин төгөлдөр хувийн өмчийн гэрчилгээ, хувьцаа юм. Мөнгө өөрөө мөнгө олдоггүй. Мөнгө олохын өмнө танд өмчлөх эрхийн гэрчилгээ шаардагдана. Давтан хэлэхэд хувийн өмч мөнгө үүсэх үндсэн суурь нь байдаг.
Одоо харин бид энэ янзаараа мөнгө үйлдвэрлээд инфляцийг хөөрөгдсөөр байх уу, аль эсвэл нийгмийн дийлэнх олонх болох ядууст хүртээлтэй хувийн өмчийн системийг байгуулах бололцоо олгох хууль эрх зүйн тогтолцоог байгуулах уу гэсэн асуудлыг гаргаж тавих цаг нэгэнт болжээ. Капитализм нь зөвхөн цөөнх баячууд, эрх мэдэлтнүүдэд нээлттэй хувийн улаан булан байх ёсгүй.
Нисдэггүй бор морийг бид уналгад сургасан
Нийгмийн хөгжлийг авч яваа хүмүүсийг дүрсэлье гэвэл өөрсдөдөө болон өөрийн үр хүүхэддээ зориулж байшин барихын тулд уйгагүй зүтгэлээр мөнгө хуримтлуулж, хэн ч бүтнэ гэж төсөөлөөгүй газар түүнийгээ бүтээн байгуулсан эр, эм олон мянган энгийн иргэдийг санаандаа багтаан бодох хэрэгтэй. Ийм айхтар хууль болон засаг захиргааны хүнд суртлын нөхцөлд амьдралаа авч яваа иргэдийг улс орны ядуурлын шалтгаан гэж дүгнэж байгаатай би лав санал нийлэхгүй.
Ядуус бол бэрхшээл биш – Ядуус бол шийдэл юм. Учир нь ядуус аль хэдийн маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгө болон эдийн засгийн хувьд үр бүтээлтэй маш олон жижиг хөдөлмөр эрхэлж байгаа юм. Хамгийн хэцүү нь эрх баригчид энэ бүгдийг ойлгохгүй байгаа бөгөөд гаргасан хуулиуд өнөөгийн улс орны нөхцөл байдалтай нийцэхгүй байгаагаас бухимдал, авлигал, ядуурал, хүчирхийлэл газар аваад байна. Газар эзэмшил маш бохир бизнес болоод байгаа бөгөөд хотын хэмжээгээр хотжилт, аж үйлдвэрлэл газрын хэрэгцээг ихэсгэснээс ядуус өөрсдийн хөрөнгөө алдахаас айж бухимдан, яах бол гэж түгшүүртэй хүлээн сууж байна.
Хуулийг мөрдөж амьдрах, хууль ёсны хөдөлмөр эрхлэх зэрэг нь тун бэрх тул иргэд хууль бус замыг ихэнхдээ сонгож байна. Иргэд хөрөнгийн дийлэнхийг хуулийн гаднах нөхцөлд бүтээж байгаа бөгөөд энэ нь ч бараг цорын ганц зам болоод байгаа юм. Гэвч харамсалтай нь хууль ёсны болоход мөнгө төлдөг бол хуулийн гадна үлдэхэд хүртэл мөнгө төлөх шаардлагатай болдог. Эдгээрт хахууль, торгуулиас мултрах үнэ, хууль ёсны хүрээнээс гадуурх шилжүүлэг, зээл авах бололцоогүйгээс үүдэлтэй эрсдэлүүд зэрэг ордог. Мөн тэдэнд учирч байгаа хамгийн том төлбөр бол хүмүүсийн зах зээл дээр төрөлжих, нийгэм эдийн засгийн боломжийг олгогч тогтолцоонууд хуулийн гаднах жижиг хөдөлмөр эрхлэлтийн ертөнцөд байхгүй байгаа явдал юм. Хуулийн гадна орших гэдэг нь нийгмийн эсрэг утга санаа агуулдаггүй. Тэдгээр хуулийн гадна оршигчдын хийдэг “гэмт хэргүүд” нь байшин барих, үйлчилгээ үзүүлэх, эсвэл жижиг хөдөлмөр эрхлэх зэрэг энгийн зорилтуудыг агуулдаг.
Гэсэн хэдий ч тэдэнд мөн өөрийн хууль байдаг. Тэдний хоорондоо хийдэг хуулийн гаднах тохиролцоонууд нь нийгмийн тодорхой гишүүд өөрсдийн өмч хөрөнгө болон үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүднээс нарийвчлан тогтоосон үүргүүд дээр үндэслэсэн байдаг. Эдгээр тохиролцоо нь албан ёсны эрх зүйн системээс сонгож зээлсэн, зорилгодоо нийцүүлж тохируулсан, нутгийн онцлог, түншлэл, хоршооны төвшинд бүрэн дэмжиж ажилладаг систем байдаг бөгөөд нөлөө бүхий иргэд гүйцэтгэлийг нь хангаж байдаг. Хэдийгээр тэдний “хууль” нь албан ёсны хуулийн гадна оршдог боловч бүхэлдээ эдгээр хүмүүст тохирсон ганц хууль нь байдаг. Учир нь энэ бол тэдний ажиллаж амьдардаг нийгмийн гэрээ юм. Бараг энэ ажиллаж буй харилцааны системийг хуульчлахад хангалттай санагддаг юм. Тэгвэл иргэд энгийн харилцаанд амьдарч байхдаа хууль зөрчихгүй байх нөхцөл бүрдэх юм. Үгүй бол бараг юу ч хийгээгүй байсан ч хууль зөрчигч болж хувираад байгаа юм.
Хуулийн хамгаалалтад орж чадахгүй иргэдийн хувьд хөгжиж дэвших баталгаа зөвхөн тэдний гарт л байна. Тэд зөвхөн хүмүүстэй өрсөлдөөд зогсохгүй, мөн улс төр, эдийн засгийн гаж тогтолцооны эсрэг тэмцэх хэрэгтэй болж байна. Тэгээд ч хуулийн гаднах жижиг хөдөлмөр эрхлэгчдийн хамрагддаг эдийн засгийн үйл ажиллагаа өсч, төрөлжих тутам хүссэн хүсээгүй тэд бараг Засгийн газрын үүргийг өөртөө хүлээж хэрэгжүүлж байгаа юм. Өөрсдөдөө тохирсон хуулийн орчин бүрдүүлэхэд эдгээр хуулийн гадуур үйл ажиллагаа явуулагч иргэд нэгдэн эрх баригчдыг шахаанд оруулах боломж дүүрэн байна. Ийм шахаанд оруулахын тулд иргэд ямар ямар зохион байгуулалтад орж болох талаар жагсаая. Үүнд:
Иргэдийн нөхөрлөл
Хотын хөгжлийн нийгэмлэгүүд
Фермерийн конвенциуд
Жижиг худалдаачдын нийгэмлэгүүд
Жижиг бизнесийн байгууллагууд
Бичил аж ахуй эрхлэгчдийн болон тээвэрчдийн холбоонууд
Уурхайчдын клуб,
Хөдөө аж ахуйг шинэчлэх сан
Хувийн орон сууцны хоршоолол
Суурин тосгоны байгууллагууд
Орон сууцны зөвлөлүүд
Нийтийн байрны хороод
Улсын орон сууцны санг зохицуулах хороод
Орон нутгийн зөвлөлүүд
Жижиг фермерийн нийгэмлэгүүд гэх мэт.
Мөн янз бүрийн иргэний сайн дурын байгууллагууд байж болно. Хуулийн гадуур хувиар хөдөлмөр эрхлэгчдийн тоо олон болох тусам эмх замбараагүй байдлыг хөөрөгдөх бөгөөд тэднийг олноор нь барьж хорих, цаазлах ч байсан тэд зогсохгүй!
Нисдэг бор морио уналгад сургацгаая
Уг нь энэ эрх баригчид Өмчийн эздийн орон нутгийн хязгаарлагдмал хэлэлцээр, тохиролцооноос нэгдсэн хууль эрх зүйн системд оруулж тэдний хариуцлагын системийг хялбарчлах боломж байгаа юм. Ингэж өмчийн эзнийг хариуцлагатай хувь хүн болгон өөрчилснөөр албан ёсны өмч, хүмүүсийн бөөгнөрлөөс бие даасан хувь хүмүүсийг төрүүлж гаргах нөхцөл бүрдэх юм. Бидний төр энэ бололцоог дэг журамтай, зүй зохистой хууль, эрх зүйн бүтцэд нэгтгэх цорын ганц зорилготой байх ёстой.
Бодит байдал дээр бол бүгд эсрэгээрээ байгаа бөгөөд хатуу хууль зүйн систем хэзээд хахуульд автаж байдаг зарчмаар бид бүгд дүүрэн авлига дунд амьдарч, нийгмийн хямрал дээд цэгтээ хүрээд байна. Түүгээр ч зогсохгүй тодорхой бизнес эрхлэх зөвшөөрөл олгох эрх мэдэлтэй болсон парламентын гишүүд хүртэл онцгой ач тус үзүүлснийхээ төлөө хахуульд автаад байгаа бөгөөд орон нутгийн болон дунд шатны эрх баригчид ч мөн адил тэдний араас орж байна. Өргөн тархсан авлига бүх тогтолцоонд нэвчсэнээс иргэдийг, системийг мэхэлж чадах болон чадахгүй гэсэн хоёр хэсэгт хуваагаад байгаа бөгөөд ингэснээр зарим нь хууль зөрчихөд өөгшүүлж үүгээрээ бусдыг нь зүдрээж байгаагаас үүдэн хууль эрх зүйн систем өөрөө хоёр талын аль алинд нь нэр хүндээ алдаж дуусчээ.
Тиймээс ч ийм эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдал дунд байгаа хамгийн чадалтай, өөртөө итгэлтэй хүмүүсийн зарим нь гадаадруу цагаачилж, үлдсэн нь хувьсгал шинэчлэл хийхээр нэг дор цуглаад байгаа нь Иргэний Холбоо байж болох юм. Иргэн та ч гэсэн улс орныхоо хөгжил цэцэглэнтэд хувь нэмрээ оруулан бидэнтэй нэгдэж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бид үлгэрт биш, бодит амьдралд нисдэггүй болон нисдэг бор морьдыг хослуулан унах цаг ойрхон байна.
Э.Сугар