Эдийн засгийн шинжлэх ухаан анхлан улс, орнууд үнэмлэхүй давуу тал, дараа нь харьцангуй давуу талаа түшиглэн хөгжих ёстойг номлож байв. Харин 1980-аад оны үеэс Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Майкл Портер тэргүүтэй эрдэмтэд өрсөлдөх чадвар, стратегийн сонголт,  өрсөлдөх давуу талын онолыг дэвшүүлэн тавих болсон.

 Монгол улс ардчилал, зах зээлийн замыг сонгоод чамгүй олон жилийн нүүр үзэж байгаа боловч эдийн засгийн хөгжлийн хувьд дорвитой амжилтад хүрч чадаагүй байна. Үүний нэг шалтгаан нь өрсөлдөх чадварт тулгуурласан хөгжлийн стратегиа тодорхойлоогүй явдал юм. Иймд бид цаашдаа хөгжлийн ямар төвшинд хүрэх, түүндээ хүрэхийн тулд ямар чиг хандлагыг баримтлахаа зөв тогтоох нь тун чухал юм.

 

Өрсөлдөх давуу талын үндсэн ойлголт

 

Харьцангуй ба өрсөлдөх давуу талын ялгааг тайлбарлахын тулд Голланд улсын цэцгийн салбар­­­ыг авч үзье. Уламжлалт ойлгол­­тоор бол цэцэг үржүүлэ­хэд үржил шимтэй хөрс, хямд газар, өртөг багатай ажиллах хүч зэрэг харьцангуй давуу талууд шаардлага­тай. Гэтэл жилийн цөөхөн хэдэн хоногт л нар үздэг, хөдөлмөр­ийн хөлс өндөр, далайд идэг­­дэж буй жижиг­хэн газар нутаг­таа шахцал­дан амьдардаг голланд­чууд дэлхийн хамг­ийн том цэцэг экспортлог­чид болж чаджээ. Тэд зах зээлийн нарийвчил­сан судалгаа, үйлдвэрлэлийн болон борлуулалтын өндөр үр ашигтай бүтэц, технолог­ийн шинэчлэл зэрэг стратег­ийг хэрэгжүүл­с­­нээр энэхүү амжил­тад хүрсэн байна.  Өөрөөр хэлбэл, голландчууд бусд­ын дуурайж чадах­гүй олон хүчин зүйлс­ийг бий болгосон бөгөөд ингэс­нээр худалдан авагч­­д­­ын илүү үнэ төлөн авахыг хүсдэг өндөр чанарын цэцгийг зах зээлд нийлүүл­дэг. Энэ бол өрсөл­дөх давуу тал. Өрсөлдөх чадвар гэдэг нь аливаа улсын эдийн засаг өрсөлдөх давуу талдаа тулгуурлан дундаас урт хугацаанд тогтвортой  өсөх хандлаг­ыг хэлнэ.

 


 

Бизнесийн стратегийн онолоор бол давуу талын сонголт нь бага зардалтай байх эсвэл ялгаатай байх гэсэн хоёр тодорхой хувилбартай байдаг. Бага зардал гэдэг нь худалдан авагчдын бусад шаард­лагыг тооцож үзэхийн хажуу­гаар бага үнэ тогтоох­ын тулд зард­лаа бууруулах стратеги юм. Бага зардлын стратеги зөвхөн шинэ санаачилгад (инноваци) тулгуурласан бол тогтвортой байдаг. Үйлдвэрлэл­ийн уламж­лалт хүчин зүйлс болох цалингийн бага төвшин, хямд түүхий эдэд тулгуур­ласан бага зардлын стратеги нь богинохон хугацаанд л үр ашигтай байдаг бөгөөд тогтворгүй юм.

Ялгаатай чанар нь худалдан авагчдын илүү үнэ төлөхийг хүсдэг онцгой нэмүү үнэлэмж үүсгэх явдал юм. Пүүс­үүд худалдан авагчдад зөвхөн хямд үнэ санал болгохоос гадна онцлог, ялгаатай үнэ цэнийг бий болгос­ноороо өрсөлдөгч­­­дөө­­сөө ялгардаг. Ялгаа­тай чанар нь пүүсүү­д­эд нэмэг­дэл үнэ тогтоох, тухайн үнийн түвшин­д илүү их хэмжээ­гээр бараа­гаа борлуулах, эсвэл тур зуурын болон улир­­лын шинж чанар­тай орлого буурах үед худалдан авагчдаа өөрийн брэнд­дээ илүү үнэнч байл­гах зэрэг ач холбогдол­той. Ялгаатай чанарын стратеги нь брэнд, загвар, технологи, үйлчилгээ, гаднах үзэмж болон хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг бусад шинж дээр тулгуурладаг. Энэхүү стратегийг бий болгох үндсэн арга нь хэрэглэгч тухайн барааны ямар шинжийг илүү үнэлдгийг олж мэдэх явдал юм. Ялгаатай чанарыг бий болгоход хэцүү, бусад өрсөлдөгчид хялбархан дуурайж чаддаггүй учраас л энэ стратеги нь илүү тогтвор­той ашиг авчирдаг. Энэ сегментэд ихэвчлэн чинээлэг хэрэглэгчид байдаг учраас пүүс, компаниуд илүү ашиг олох боломж ихтэй юм.

Өрсөлдөх давуу талын онол нь улс, орнуудыг хөгжлийн өндөр төвшинд хүрэхэд саад болдог хэд хэдэн шалтгааныг дурьддаг. Тэдгээрийн заримыг товчхон үзвэл:  

 

- Хөгжиж буй орны үйлдвэрлэг­чид байгал­ийн баялаг болон хямд ажиллах хүчээ ашиглас­наар экспортын зах зээлд давуу байдлыг олж авна гэж үздэг нь алдаа болж байна.

 

Монгол улсын экспортын  гол­лох хувийг ашигт малтмал эзэлдэг. Хачирхалтай нь дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ өсөхийн хэрээр  Монголын ядуурлын төвшин өсч байгаа билээ. Африк, Латин Америкийн байгалийн баялаг ихтэй орнуудын түүх ч мөн ийм байв. Мэдээж бид тодорхой бодлоготойгоор байгалийн баялгаа зүй зохис­той ашиглах хэрэгтэй. Гэвч ашигт малт­мал­ын олборлолт­ыг өрсөлдөх үндсэн стратегиа болгох нь бусад шинэ, илүү ашигтай боломжууд­ыг үл анзаарах байдалд хүргэж, улс орон “Голланд өвчнөөр” өвчлөн, эдийн засаг зогсонги байдалд орох аюултай юм. Эдийн засгийн бүтэц нь байгалийн баялгийг экспортлоход тулгуурла­сан нөхцөлд илүү боловсронгуй салбарт хөрөнгө оруулах нь ховор байдаг.

 

- Хэдийгээр аливаа улсад бага цалинтай, олон тооны ажил эрхлэлт хэрэг­тэй боловч, хөдөлмөр­ийн хөлс­ний давуу талаа ашиглан өрсөлдөх нь мөн тааруу стратегийн сонголт юм. Учир нь хямд хөдөлмөрийн хөлсөд тулгуур­лан өрсөлдвөөс биднээс илүү хямд үйлдвэрлэх боломжтой гаднын өрсөлдөгчид хэзээд ч гарч ирэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд бизнес эрхлэгчид ажил­лагс­дын­хаа цалинг байнга доод төвшинд барих шаардлага­тай болдог. Эдийн засгийн өсөлт баялгийг бүтээх зорилготой боловч ард иргэдээ ядууруулах замаар өсөлтөд хүрэх нь зөв зорилго биш юм. Иймд пүүс, компаниуд ажиллагсдадаа илүү сайн цалин төлдөг байх чадварыг хөгжүүлэх нь чухал. Үүний тулд хөдөлмөр­ийн бүтээмжийн өсөлтийг хангах хэрэгтэй.

 

- Эдийн засаг нь удаан хугацааны туршид өрсөлдөө­нөөс ангид байсан орнууд нээлттэй эдийн засгийн нөхцөлд үр дүнтэй өрсөлдөж сурахын тулд  ямар хэрэглэгчдийг сонгох, тэдэнд хэрхэн сайн үйлчлэх ёстойг эхэлж ойлгох хэрэгтэй болдог. Тиймд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай болохыг зорьж буй компаниуд хамгийн түрүүнд хэрэглэгчдийн талаарх мэдлэгийг олж аван, ашиглах шаардлагатай.

 

Төрийн оролцоо ба өрсөлдөх чадвар

Дэлхийн Эдийн Зас­гийн Форумаас гаргадаг Олон улс­ын өрсөлдөх чадвар­ын тайланд 2005 оноос Нээлттэй Нийгэм Форум эрхлэн Монгол улсыг  оруулж эхэлсэн. Уг тайланд дэлхийн 117 орныг хамруулс­наас Монгол улс 96-р байр эзэлжээ. Тайлангаар Монголд бизнес эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулдаг дөрвөн асуудалд төр, засгийн хүнд сурталт үр ашиггүй аппарат, дэд бүтцийн сул хөгжил, татварын хувь хэмжээ, авилгал хээл хахууль орсон байна. Эдгээрээс Засгийн газрын зүгээс анхаарах ганц асуудал нь дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм.   

 

Бусад хүндрэлтэй асуудлууд болох төр, засгийн хүнд сурталт үр ашиггүй аппарат, татварын хувь хэмжээ, авилгал хээл хахууль нь эдийн засагт төрийн оролцоо их байгаагаас үүдэн гарч байна. Монгол улсын төсөв ДНБ- ийхээ 40 орчим хувийг эзэлж, сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо өссөөр ирсэн нь манай эдийн засаг чөлөөт зах зээлийн хуулиар явах бус, харин “социалист замаасаа” бүрэн салж чадахгүй байгаагийн шинж юм. Төрийн сул инститүцүүд эдийн засгийг хяналтан­даа байлгахыг хичээх нь нийгмийн баялгийг үрэн таран хийх явдлыг гааруулж, авилгалын үр үндэс болж байна. Үүнийг манай томоохон эдийн засагч, доктор, профессор Ц.Даваадорж “Засаглалын менежмент хэтэрхий хоцрогдсон учир хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах чадваргүй төр өөрөө Монголын эдийн засагт үзүүлж буй асар том дарамт” гэж дүгнэсэн билээ.  

 

Нийгмийн баялгийг хамгийн түргэн өсгөж арвижуулдаг, хамгийн их нэмүү үнэлэмж бий болгодог хэсэгт хөрөнгө, мөнгө төвлөрч байвал эдийн засаг түргэн өсдөг. Харин манайд одоо мөрдөгдөж буй татвар­ын хуулиар бол пүүс, компаниуд баял­­гийг ихээр бүтээж, ажлын байрыг олноор бий болго­с­ны­хоо хэрээр улсад улам их татвар, шимтгэл төлөх болдог. Мөн хамгийн өндөр мэдлэг, чадвар, хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллагсад уйгагүй хөдөлмөрлөж, орлогоо нэмэгдүүлэхийн хэрээр төрд улам ихийг хураалгаж байна. Ийнхүү нийгмийн баял­гийг арвижуулагч, чадварлаг хэсгийн урмыг хугалах нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварт сөрөг нөлөө­тэй юм. Өнөөгийн манай Монгол­ын нөхцөлд татвар аль болох бага, тэнцүүлсэн байх тусам эдийн засаг эрчимтэй хөгжих болно.

 

Ирээдүйн боломж

 

Аливаа хөгжиж буй орон өрсөлдөх страте­гийн сонголтоо хийгээгүй тохиолдолд ядуурлаас гарахад ихээхэн төвөгтэй байх болно. Саяхныг болтол зөвхөн байгалийн баялагтаа тулгуурлан амьдарч байсан улсууд бүс нутгийнхаа болон дэлхийн зах зээлд өрсөлдөх стратегиа зөвөөр тодорхойлон амжилт олох боллоо. Үүний нэг тод жишээ бол Персийн буланд оршдог, гурван сая орчим хүн амтай, газрын тосны арвин нөөцтэй Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) юм. Энэ улс байгалийн баялгаасаа үл хамааран хөгжих зорилго тавин, бусад олон салбарт өрсөлдөх давуу талаа тодорхойлон хэрэгжүүлсэн. Үүний дүнд, сүүлийн арав хүрэхгүй жилийн дотор дэлхийн агаар­ын тээв­рийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх болсон “Эмирэйтс” компан­ийг бий болгож, Дубай хотыг бүс нутгийнхаа санхүү, хөрөнгө оруулалт, мэдээл­лийн технологийн төв болгон, Америкийн их сургуулиудын салбарууд, чинээлэг жуулчдыг татдаг амрал­тын газрууд, татваргүй дэлгүүрийн сүлжээг бий болго­жээ. Өөрөөр хэлбэл, АНЭУ ирээдүйд газрын тосноосоо үл хамааран тогтвортой хөгжих нөхцөлөө бүрдүүлж чадсан байна.      

Иймд манай компан­иуд Америк, Япон, Хятадынх биш Монгол улсынх учраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь одоо үед дэлхийн аль ч орны хэрэглэгчид худалдан авч байгаа бараа, үйлчилгээгээ хаанаас гаралтайг улам бага сонирхох болов. Бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн шаардлагыг л хангаж байвал тухайн бараа, үйлчилгээ дэлхийн аль хэсгээс ирж байгаа нь чухал бус болжээ.

 

Монгол улсын хувьд даяарчлал, бүсчлэлийн үйл явцтай эдийн засгаа зөв бодлоготойгоор холбож чадвал дундаас урт хугацаанд эрчимтэй хөгжин, өрсөлдөх давуу талуудаа бий болгох боломжтой юм. Үүнд:

 

- Дэлхийн эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болсон Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос улс­ууд­ыг багтаасан Зүүн Хойд Азийн авто зам, төмөр зам, агаарын тээв­рийн нэгдсэн сүл­жээнд хамраг­даж, бүс нутгийн ложистик төвийг бий болгох. Судалгаагаар зөвхөн Хятад – Оросын хоорондын худалдаа гэхэд 2010 он хүртэл хурдац­тайгаар өсөн 60 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Ингэснээр энэ хоёр улсыг холбосон тээврийн бүх шугамаар  ачаа тээвэрлэлт, түүний дотор Монголоор дамжин өнгөрөх тээвэрлэлт ихээхэн нэмэгдэнэ.

- Азийн орнуудын иргэдийн амьжир­гааны түвшин нэмэгдсэнээр чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээг­дэхүүн­ий хэрэгцээ ихээр нэмэгдэх болсон. Ялангуяа Япон, Өмнөд Солонгос улсуудад хүнс­ний бүтээг­дэхүүн нийлүүлэгч улсуудын хөрсний чанар экологийн цэвэр байх шаардлагыг хангаж чадахаа больж байна. Ингэснээр Монгол улс тариаланд тохиромжтой, химийн бордоонд хордоогүй  ихээхэн хэмжээний газраа ашиглан бүс нутгийнхаа хэмжээнд экологийн цэвэр хүнс­ний бүтээг­дэхүүний нийлүүлэгч орон болох боломж бий.

- Монгол улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах өөр нэг салбар бол аялал жуулчлал юм. Энэ салбарт манай хөрш орнууд дэлхийн аялал жуулчлалын томоохон экспортлогчид болж байгааг ашиглан чинээлэг жуулчдыг түлхүү татах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Монголд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхээс гадна нэг жуулчнаас олох орлогыг өсгөх нь чухал юм.

 

Дүгнэвэл, Монгол улс эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлэхийн тулд Зүүн Хойд Азийн зах зээлд идэвхтэйгээр нэгдэн орж, нягт хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой юм. Хэдийгээр өнөөдөр Монгол улс нэг хүнд ноогдох ДНБ, хүний хөгжил болон өрсөлдөх чадварын индексээрээ Африкийн буурай орнуудын төвшинд байгаа хэдий ч дэлхийд хамгийн эрчимтэй хөгжиж буй Хятад, Орос, хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгос улсуудтай нэг бүс нутагт оршиж байгаа нь ирээдүйн хөгжлийн ихээхэн боломжийг олгож байна.

Өрсөлдөх давуу тал, өрсөлдөх стратегийн талаар илүү тодорхой мэдэхийг хүсвэл Харвардын Бизнесийн Сургуулийн Хэвлэлийн Газраас гаргасан номууд­аас Монгол хэлнээ орчуулагдан гарсан анхны бүтээл болох “Далайг хагалах нь: Эдийн засгийн хөгжлийн нуугдмал боломжийг ашиглах нь” номтой танилцаж болно.

  

Энэ удаа Монгол улсын өрсөлдөх давуу тал, өрсөлдөх чадварыг бүрдүүлэх зарим нэг салбарыг тодорхойлохыг хичээлээ. Эдийн засгийн өрсөлдөх стратегийг тодорхойлох бусад чиглэлийг тогтоон хэрэгжүүлэхэд Монголын бизнес эрхлэгч, эдийн засагч, бодлого боловсруулагчид ихээхэн анхаарна гэдэгт найдаж байна.

 

З.Батболд /Эдийн засагч/