Нүдэндээ давхраа хийлгээд нэг жил болж буй А.Сарнай эдүгээ өөртөө тун сэтгэл хангалуун явдаг. Тэрбээр гоо сайхны мэс заслын “улаан” фэн биш ч давхраа хийлгэх тухайд эргэлзэлгүй шийдвэр гаргасан нэгэн. Түүний давхраагүй байх үеийн болоод мэс засал хийлгэсний дараахь нүдийг харьцуулж харж байгаа биз дээ. Аль нь аятайхан байна. А.Сарнай шинэ дугаарт маань сэтгэгдлээ харамгүй хуваалцсан юм. Тэрбээр:
- Хүн өөрийнхөө өө сэвийг янзлуулаад сэтгэл дүүрэн явах сайхан шүү дээ. Эмэгтэй хүн хэдийгээр төрөлхийн гоё сайхан байдаг ч, улам л илүү байхыг боддог. Хэрэв тийм биш бол уйтгартай байх болно. Ийм үзэл бодолтой болоод ч тэр үү би нүдэндээ давхраа хийлгэсэн юм. Ингэснээр миний харц сэргэсэн, хоёроос гурван нас залуужсан. Нэгэнт гоё байгаа болохоор нүдээ нэг их будаад байх шаардлагагүй болсон. Урьд нь нэлээд гүн, зузаан буддаг байлаа.
Мэс засал хийлгэхийн өмнө нүдний хараанд муу болов уу, зовхи унжвал яана, тэгвэл татуулчихна даа гэж бодож байсан л даа. Гэсэн ч гоё болоод ирэхээр хүн тэс өөр зүйлийн тухай боддог юм билээ. Ердөө л шүдний гажиг засуулдагтай адил юм байна. Муухай харагдаад байхаар нь янзлуулсан, одоо гоё байна гэж өөрийн эрхгүй бодсон шүү. Анхаарах зүйлүүд байна аа. Эмчийнхээ үгэнд орох хэрэгтэй. Том давхраа зохихгүй гэж хэлсээр байтал зөрж хийлгэвэл буруудна. Анх би нэгэнт л зүсүүлэхээс хойш томхон давхраа хийлгэчихье гэж бодож байсан юм. Энэ тухайгаа хэлтэл эмч “Тэгвэл чи өөрөөсөө өөр, гайхаж дүрлийсэн дүр төрхтэй болчихно” гэсэн л дээ. Тэгж хэлэхэд нь аз болоход би зөрөөгүй. Давхраа хийхдээ хоёр нүдийг минь хол харагдуулахгүйн үүднээс нүдний дотор уг орчимд бага зэрэг зүслэг хийж өгсөн нь зөв шийдэл болсон санагдсан. Хүмүүс хөхөө оролдуулж, бөгснөөсөө хасуулж, зарим нь бүсэлхийтэй болох гэж хавиргаа хүртэл авахуулж байхад хүсээд байгаа ганц давхрааг хийлгэчихэж болно биз дээ гэж бодоод л ороод явчихсан. Би сэтгэл тун хангалуун байгаа. Над шиг ийм бодолтой хүмүүс олон байдагт баярладаг. Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч хүртэл давхраагаа янзлуулж гоо сайхандаа анхаарч байсан нь сайхан санагддаг. Хүмүүсийг хүндэлж байна л гэсэн үг.
А.Сарнайг гоё давхраатай болгож өгсөн мэс засалч эмч Б.Пүрэвдагва мөн манай зочин. Тэрбээр гоо заслын “Нандин гоо” эмнэлгийн эзэн. Урьд нь “Перфект” эмнэлэгт ажиллаж байгаад бие дааж үйл ажиллагаа явуулж эхлээд хоёр жил болж буй. Эднийх давхраа хийх буюу зовхинд мэс засал хийх үйлчилгээ илүү хийдэг ч үрчлээ тэнийлгэх тарилга, үү, мэнгэ, ургацаг авах, сорви мэс заслаар засах зэрэг ажилбарууд ч хийдэг байна. Б.Пүрэвдагва эмчийг гоо сайхны мэс засал хийлгэх эсэхээ шийдэж ядан буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Түүний зөвлөснийг дараахь байдлаар багцаллаа.
Юуны өмнө гоо сайхны мэс заслыг зөв, ариун орчинд хийвэл аюулгүй
Лазерийн буюу мэс заслын бус аргаар давхраа хийнэ гэсэн шинэ сэргэг мэт зарлалын дагуу үйлчлүүлэхгүй байхыг хичээгээрэй. Нугалаас төдий зүйлийг давхраа гэх хэцүү, сүүлд нь янзлуулах гэж давхар ажил болно. Чадвар муу эмч хийснээс насан туршдаа сэтгэл дундуур явах болбол хэцүү
Давхраа төрөлхийн юм шиг, өөрөөр хэлбэл хийлгэсэн хүмүүс сэтгэл хангалуун болох чухал юм. Зарим тохиолдолд хийсэн давхраа үл ялиг өөр болж болно. Хос эрхтэнүүд төрөлхийн хоорондоо өөр, өөр байдгаас тэр л дээ
Аливаа гоо сайхны мэс засал залуужуулах, овор, үрчлээ багасгах, цог заль нэмэх зорилготой байдаг. Түүнээс биш хөгшрөлтийг зогсоож буй хэрэг биш.
Нүдэнд нэг удаа давхраа хийлгэлээ гэдэг нь дахин хэзээ ч оролдуулж болохгүй гэсэн үг биш. Нас ахихын хэрээр хөгшрөлт явагдах тул 3-5 жилйн дараа дахин хийлгэж болно. Үгүй ч байж болно. Өөрөөр хэлбэл, хийлгэсэн давхраа муудах гэж үгүй.
Охидууд давхраа аль болох наахгүй байх нь сайн. Юуны өмнө зовхины арьс илэрхий эрт сулрах, үрчийх, харшилтай болох зэрэг зовиур илэрнэ. Тэрхүү хиймэл давхрааны ороор үрчлээ үүсэх тул наснаасаа эрт хөгшин харагдах суурь тавигдана
12,13 нас хүрсэн охид өөрсдөө хүсэж байвал давхраа хийж болно. Харин дургүй байгаа бол албадах хэрэггүй. Эцэг эх, эгч нар нь хүчээр шахам дагуулж ирээд “Давхраатай болгоод өг” гэдэг л дээ. Гэтэл охид нэгэнт өөрсдөө хүсээгүй болохоор эдгэтэл нь төдийлөн сайн арчилдаггүйгээс болоод өвчлүүлэх талтай
Давхраа хийлгэх бодолтой бол эхнээсээ зөв замаар явж, мэргэжлийн, чадвартай эмчид очоорой. Тэгэхгүй бол амжилтгүй хийгдсэн давхраа засах гэсэн ангиллаар дахин мэс засалд орох болно
Нүдний давхраа бол хийсэн эмчийнх нь гарын үсэг л гэсэн үг. Монголд цөөн хүн давхраа хийдэг. Харахад л алийг нь хэн эмч хийсэн байна гэдэг андашгүй байдаг.
Үйлчлүүлэгч эмчийнхээ үгэнд орж, зөвлөгөөг нь дагах ёстой. Хүн бүрт ижил давхраа хийж таарахгүй. Яагаад гэвэл хүмүүс бүгд өөр, өөр. Давхраа хийнэ гэдэг нарийн чимхлүүр мэс ажилбар боловч хэнд ямар давхраа хийх вэ гэдгийг тухайн хүний зовхины хэлбэр, ухархайн бүтэц, хоёр нүдний хоорондох зай, сормуус, хөмсөг хоёрын хоорондох зай, нүдний алим том уу, жижиг үү гэхчлэн олон үзүүлэлтийг харгалзаж шийддэг
Дээр тоочсон бүгдийг компьютерт оруулж байгаад хийх давхрааны хэлбэрийг тодорхойлж болох авч компьютер хагалгаа хийхгүйгээс хойш мэс засал хийх эмчийн туршлага, мэдрэмжид найдах нь зөв
Мэс ажилбарын үр дүнгийн ихээхэн хувийг мэс засалчийн ур чадвар, мэдлэг, туршлага эзлэх боловч тухайн үйлчлүүлэгчийн биеийн ерөнхий байдал, онцлог зэргээс хамаарч эдгэрэлт удаашрах, сорви удаж бүдгэрэх гэх мэт өөрчлөлт орж болно. Үйлчлүүлэгч хагалгааны дараахь дэглэмийг сайтар сахих нь мөн л хагалгааны үр дүнд шууд нөлөөлнө. Мэс засал хийснээс хойш зарим нэг дэглэм сахих хэрэгтэй. Жишээ нь: Хагалгааны дараах 1-3 хоногт хүйтэн жин тавьж, хөдөлгөөн хязгаарлах, цус шингэлэх эмийн бэлдмэл, саун болон биеийн хүчний дасгал 14-21 хоног хязгаарлах, нэг сар орчим нүдийг хэрхэвч нухалж болохгүй гэх мэт. Дээрх байдлуудаас болж оёдол задрах, шархны эдгэрэлт удаашрах, эвгүй сорви үүсэх болон давхраа тавигдах зэрэг хүндрэл тохиолдож болно.