уншигч

Энэ удаагийн уншигч булангаар Жорж Оруэллийн “1984” романы тухай Т.Саранчимэгийн бичсэн тэмдэглэлийг хүргэж байна. Саранчимэг нь МУИС-ийн ОУХСургуулийг Олон улсын харилцаагаар төгссөн. Одоогоор Венийн их сургуулийн мастерт суралцаж буй.


Яагаад ч юм энэ ном оюун бодол болоод сэтгэл зүйд багагүй хэрэг тарив. 1984 номын Зохиолч Жорж Орвелл нь Энэтхэгийн Бенгальд төрсөн бөгөөд амьдралын үйл явц дунд анархист, социалист, сүүлд антисталинист үзэлтэй байжээ. Түүний туулсан амьдрал улс төр, эрх мэдлийн тухай маш гүнзгий ойлголт төрүүлж уран бүтээлүүдэд нь нэвт шингэсэн байдаг. Сүрьеэ өвчинтэй тэмцэж байсан он жилүүддээ эрин зуундаа өвлөгдөн үлдэх томоохон хоёр бүтээл “Амьтны ферм”, түүнээс дөрвөн жилийн дараа “1984” зохиолыг бичсэн юм.

Том ах бүгдийг харж, бүгдийг хянадаг нэгэн гүрэнд амьдардаг эхнэрээсээ салсан, жирийн нэг хижээл насны эр бол зохиолын гол дүр. Ард түмний орон гэр, ажил гээд бүгд байнгын хараа хяналттай байх бөгөөд хүний тооноос хасагдсан ядуусын дүүргээс бусад бүх газарт шилэн дэлгэц байрлаж түүнээс гадна нэг нэгнийгээ тагнуулдсан, ажлын хамтрагчид, эхнэр нөхөр, хүүхдүүд нь ээж аавынхаа хийж буй үйлдлийг ч тагнаж буруу зүйл байвал мэдээлснээр баатар болж, харин эцэг эхийг нь ууршуулдаг ертөнцөд өнөөх хижээл эр өөрийн дур хүслээс эсвэл сэтгэхүйгээс болж тэмцдэг. Өнөөдрийн засгийн газрын мэдэгдэл өчигдрийн мэдээтэй зөрвөл тухайн тоо баримт орсон бүх материалыг дахин засаж шинээр хэвлэдэг ажил эрхэлдэг англи эр гунигтай утгагүй удаан амьдарчээ. Эр эм улсууд нэгнээ хайрлах, хүрэх өөр бусад олон зүйл хориотой ертөнцөд залуухан бүсгүйтэй учирсанаар олон дүрэм журмыг зөрчиж эхэлдэг. Энэ нь явсаар тэмцэж буй хүмүүс оршин байгаа гэдэгт итгэж сэтгэхүйн гэм үйлдсэнд тооцогдож баривчлагддаг. Зүүдэнд оромгүй тамлал, сэтгэлзүйн олон төрлийн дайралтын дараа хүнээс чухам ямар мөн чанар үлдэж болохыг харуулдаг. Хүний оюун ухаанаар халхлагдан, олон дэг ёсоор хамгаалагдан, үргэлж сүүлийн мөч хүртэл нуугдаж чаддаг хувиа бодох мөн чанарын тухай дахин бодууллаа. “Чи зөвхөн хар амиа л бодно”. Хэн нэгэн хүнийг хайрлана гэдэг амь нас яригдахаас наана байдаг асуудал бололтой. “Тэгээд дараа нь тэр хүний талаарх чиний хандлага өөрчлөгдөнө”.

“Туулайн бөөрний навчис дор Би чамайг, чи намайг худалдсан” гэж уншаад эрхгүй уйлсан даа. Хайр сэтгэл, хүний мөн чанар, сэтгэн бодох хүрээ хязгаарыг гайхалтай бичсэнээс гадна томоор авч үзэх зүйлсийг ч шагшмаар ухаалгаар бичжээ. “Хэн өнгөрсөнийг эзэмшинэ тэр өнөөдрийг, хэн өнөөдрийг эзэмшинэ тэр маргаашийг эзэмшинэ.”\1984\ Энэ нь сүүлийн үед дэлхийн хүчний тэнцвэрт улаан цайм харагдах болсон зүйл юм. Хамгийн ойрын жишээ Ялалтын баяраар хайрт ах нар Монголыг хаана үнэлж харин өсөн хүчирхэгжиж буй Казакстан түүхэнд Монголоос илүү тусалж байсан гэгдсэн. Гэтэл бодит үнэн болоод, шинэ үнэн хоёр зөрсөн. Евразийн гүрэн, Далайн гүрэн, Дорнодазийн гүрэн… үргэлж дайтах бөгөөд хэзээд нэг нэгнээсээ худалдааны болоод бусад талаар хараат бус байхыг хичээдэг. Энэ бол олон улсын харилцааны мөнхийн гурвалжин юм. Энэ хүчний тэнцвэр алдагдчихвал дэлхий замбараагаа алдаж одоо оршин буй засаглалууд оршин байх боломжгүй болно. Үүнийг бүх засаг төрүүд мэддэг. Зохиолч маш ухаалаг ажээ. “Эрх мэдэл хэрэгсэл биш, эрх мэдэл бол зорилго.” \1984\

ДАЙН БОЛ ЭНХ ТАЙВАН,

ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ БООЛЧЛОЛ,

ҮЛ МЭДЭХ НЬ ХҮЧ1984

Томоор бичигдсэн байдаг энэ хэдэн үг ямар их сэтгэгдэл төрүүлж чадав аа. Номны тухайг уншаад ойлгогдохгүй байж мэдэх ч энэхүү номыг уншсанаар мэдрэх ухаарах зүйл энэ хэдэн үг дотор тоймлогдох боломжгүй ч байж мэднэ. Үгсийг цөөлөөд л байвал хүний оюун ухаан хумигдаад л нэг мэдэхэд юун дээр ч төвлөрч чадахаа болих болов уу? Энэ номыг унших үедээ дархлаа султайхан Монгол хэлээ бодов. Өдөр ирэх тусам хоёр бүтэн өгүүлбэр уншихаас илүү зургаар илэрхийлсэн зүйл хараад инээгээд л өнгөрөхөөс өөр юу ч хүсэхээ больсон залуу үеэ бодов. Хүмүүсийн өдөр тутам хэрэглэх монгол хэл хэдхэн тулга тойрсон үгнээс бүрдэж, эх хэлний үгийг гадны шинэ үгээр сольсоор л байна. Яг л Хуучхэл, Шинэхэл гэж гарах энэ номын үйл явдал шиг нэг л мэдэхэд бид монголоор ярьж байгаа атлаа хуучин цагийн монгол хүн ойлгохооргүй болчихсон байвал…

Эцсийн эцэст бүхий л томоохон тэмцэл гадагшаа биш дотогшоо байх ёстойг, бүх асуудалд өөрөөсөө л эхэлж хандах ёстойг бүрэн ухаарав. “Бүх юм сайхан боллоо. Тэмцэл дууслаа. Тэрээр өөрийгөө яллаа. “ Төгсөв. \1984\ ♦

http://tagtaapublishing.mn/