Өнөөдөр ЗХУ-ын баатар хот Ленинград Германы бүслэлтээс гарсны 71 жилийн ой тохиож байна. 1941 оны 9 дүгээр сарын 8-нд дэлхийн хоёрдугаар дайны үед Герман цэргүүд Ленинград хотруу цөмрөн орж тэднийг бүслэсэн цаг хугацаа Оросын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн тоонд зүй ёсоор ордог. Нацистууд Ленинградыг 872 хоног буюу 1944 оны 1 дүгээр сарын 27-ныг хүртэл бүслэлтэндээ байлгасан юм. Бүслэлтийн 3 жилийн хугацаанд 1,5 сая хүн амь насаа алдсан гэдэг харамсалтай тоо баримт бий.

Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1,5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдэх 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг. Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис бүслэлтийн тоонд ордог юм.

Дэлхийн 2-р дайны үед фашист Германууд Оросын Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байлаа. Германы цэргүүд 1941 оны 7 сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлжээ. Гитлерийн төлөвлөгөөний дагуу хотыг газрын хөрснөөс арчих ёстой байлаа. Харин Ленинград хотод байсан зөвлөлтийн цэргүүд Германчуудын довтолгоонд няцаалт өгч, хотоо хамгаалсаар байсан юм. Иймээс Германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийджээ. Дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлсэн нь харгис бодлого байсан юм.

Ленинград хотын бүслэлтэнд 2,5 сая хүн байсны 400 мянга нь хүүхдүүд байв. Бөмбөгдөлтийн үеэр олон зуун байшин сүйдэж, барилгын нурангид хүмүүс дарагдаж амиа алдаж байжээ. Хотод хүнсний хомсдол үүсэж картын системээр хүнсний бараа олгодог болж, үйлдвэрийн ажилчид өдөр 250 грамм талх, албан хаагчид, хүүхдүүд, өндөр настангууд 125 грамм талх авах хэмжээ тогтоов. 1942 оны өвөл бол бүслэлтийн үеийн хамгийн аймшигтай цаг үе юм. Хотын төвлөрсөн халаалтын систем ажилласангүй. Иймд өвлийн хүйтэнд Ленинградын оршин суугчид гэрийнхээ модон тавилга, номыг түлж дулаацах болов. Хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж эхлэв. Өсвөр насны хүүхдүүдийг ч үйлдвэрт ажиллуулах болжээ. Өвөл Ладожийн тэнгис хөлдөж Оросын бусад хотоос хүнсний бүтээгдэхүүн зөөхөө болив. Ингээд хүнсний бүтээгдэхүүн түгээх хэмжээг багасгажээ.

Дараа нь мөсөн замаар ачааны машинаар хүнсний бүтээгдэхүүн зөөдөг болов. Энэ мөсөн замыг хүмүүс амьдралын зам гэж нэрлэж байлаа. Өлсөж үхэхгүйн тулд хүмүүс гэрийн тэжээмэл амьтдаа ч төхөөрч хүнсэндээ хэрэглэх болов. Сүүлдээ хотод нэг ч харх, оготно үлдсэнгүй.

Зарим эх сурвалжуудад гудамжинд хүн нас барахад тэдний цогцос дорхноо алга болдог байсан. Хүний махаар хооллодог хэд хэдэн бүлгэм илрүүлж, тэдгээр хүмүүсийг газар дээр нь буудан хөнөөж байсан талаар бичсэн байдаг. Хүнд хатуу үеийг даван туулахын тулд хүмүүс амьд амьтан болгоныг идэж, ханын цаасаа уран зажилж байсан талаарх гашуун түүх өнөөг хэрнэ хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг.

Ийнхүү сэтгэл өвтгөж өр эмтэлсэн гурван жилийн дараа ЗХУ-ын цэргүүд нэмэгдсэн хүчээр бүслэлтийн армитай тулалдаж тэднийг хотооос 60 км зайлуулж, ухрааснаар Нацистуудыг үлдэн хөөж өлсгөлөнд нэрвэгдэж, турж эцсэн ард иргэдээ чөлөөлсөн юм. Бүслэлтийн дараах он жилүүд Ленинград хотын хувьд хар хэвээр л байсан бөгөөд ард иргэд нь хэцүү он жилүүдийг хэзээ ч мартахгүй гэсэндээ бүслэлтийн үеийн дурсгалуудыг өөрсдөө бүтээх болжээ. Тиймдээ ч Ленинградыг Баатар хот хэмээн өргөмжилж, өнөөг хэ нэ хахир хатуу цаг үеийг санагдуулсан дурсгалуудыг солилгүй хотдоо байлгадаг.

http://www.hiub.mn