Юуны өмнө энэ номын дийлэнх хэсэг нь үнэн дарамттай, хар бараан, "зовлонтой" байлаа. Шин Док Хёкийн туулсан амьдрал "Кристина Нобль"-ийн санг үндэслэгчийн тухай "Гуниг тайлсан солонго", Хойд Солонгосын тухай өгүүлэх "Атаархах зүйл үгүй" зэргийн дэргэд үнэхээр хүнд намтар аж. Хажууд нь дээрх "дарамттай" мэт санагдаж байсан номнууд зөөлөн боорцог гэж мэд.
Хойд Солонгосын хамгийн чанга шорон бол 14 дүгээр хорих лагерь. Энд улс төрийн гэмт хэрэгтнүүд, түүний хамаатан саднуудыг хорьдог юм. Хойд Солонгосын удирдагчид ийм шорон байдаг гэдгийг одоог хүртэл эрс эсэргүүцдэг ч Шин Док Хёк бол энэ хорих ангид төрсөн хүүхэд мөнөөс мөн билээ. Энэ шоронгоос түүхэндээ хэн ч оргож байгаагүй. Оргох ч боломжгүй. Учир нь шоронгийн хоригдлууд бие биенийхээ сэжигтэй үйлдлийг хянагчид мэдээлэх үүрэгтэй. Ингэж алтан хошуу өргөхгүй бол оргохоор завдсан хүний адилаар нохой мэт буудуулж үхэх дүрэмтэй. Тэр ч байтугай хоёроос дээш хүн цаазаар авах ялаас бусад тохиолдолд цуг зогсох хориотой. Шоронд 10 дүрэм үйлчлэх ба бүгд буудах ялтай. Оргохыг завдах, хараад мэдээлэхгүй байх, хоёр ба түүнээс дээш олноороо нэг дор бөөгнөрөх гэх мэт нь бүгд цаазын ялтай. Шин Док Хёк энэхүү шоронд аав, ээж, ахтайгаа хамт хоригдоно. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тусдаа амьдарна. Алт нэгэн рүүгээ ойртох, гараас нь барих, эмэгтэйчүүдийн хэсэг рүү мөлхөх юм бол бас л шууд буудуулна. Иймд Шин Док Хёк ээжтэйгээ хорих ангийн дундах жижиг байшинд амьдардаг байв. Тэр хорих ангийн сургуульд сурдаг. Сургууль дээр Аугаа их удирдагчийн тухай заахгүй. Гагцхүү шоронгийн 10 дүрмийг л ягштал биелүүлнэ. Багш нарын сурагчидтай харьцах харьцаа бардам дээрэнгүй. Тэдний ангийн нэг хөөрхөн охины толгой руу багш нь шугамаараа цохьсоор байгаад алчихна. Мэдээж үүнд хэн ч түүнийг буруутгахгүй. Хэн ч хариуцлага үүрэхгүй. Учир нь эдгээр хоригдлууд бол эх орноосоо урвагчид, хүний оронцогууд, хэн ч бишүүд юм. Шоронгийн хэцүү бэрхийн тухай яриад барагдах юм биш. Нэгэн орой ах нь ээж дээр нь ирсэн байна. Шин Док Хёк нөгөө өрөөнд хэвтэж байдаг. Хүмүүсийн дүнгэр дүнгэр ярих чимээнээр сэрж сэмээрхэн харвал ээж нь түүний амьдралдаа тоотой хэдхэн удаа идсэн, идэх юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болдог цагаан будааг агшааж байдаг. Түүгээр зогсохгүй тэр хоёр шоронгоос оргох тухай ярьж байдаг. Шин Док Хёк ээждээ голдоо ортол гомдоно. Тэр яагаад надад биш ахад цагаан будаа агшааж байгаа юм. Тэр үзэн ядахдаа "Бие засчихаад ирье" гэж гараад тэр хоёрын оргох гэж байгаа тухай хянагчид хэлдэг. Үүрээр оргох гэж яваад ээж, ах хоёр нь баригдана. Хичээл дээрээ байсан түүнийг хянагч нар авч явав. Явахдаа нүдийг нь боосон тул хаашаа явж байгаагаа мэдсэнгүй. Нүдний боолтыг нь авахад газар доорх нууц мөрдөн байцаах өрөөнд аваачсан байдаг. Ингээд түүнийг зургаан сарын турш эрүүдэн тамладаг. Асуудаг ганц асуулт нь "Ээж, ах хоёр чинь оргоод цаашаа яах төлөвлөгөөтэй байсан бэ?"... Урт удаан зургаан сарын дараа түүний нүдийг боон дахин авч явна. Авч явсаар бөөгнөрсөн хүмүүс дээр аваачна. Шин Док Хёк энэ газрыг дэндээ сайн мэднэ. Дөрвөн настай байхдаа тэр ээжтэйгээ цуг энд ирж цаазаар авахуулж байгаа хүмүүсийг харж байсан юм. Ээж, ах хоёрыг нь аав тэр хоёрынх нь нүдэн дээр нэгийг нь дүүжилж, нөгөөг нь буудан ална. Гайхалтай нь Шин Док Хёк үүнд төдийлөн харамсдаггүй. Яагаад гэвэл тэр үүргээ биелүүлсэн, мөн тэдэнд хорсох түмэн шалтгаан бий. Үүний дараа шоронгийн хүнд нөхцлөөс гахайн фирмд ажиллаж хэдэн жил нуруугаа амраав. Гэвч үүний дараа түүнийг оёдлын үйлдвэрт аваачив. Ажил нь хүнд, эвдэрсэн оёдлын машинуудыг засварчин руу шат өгсөн аваачиж өгөх нь хэцүү. Пак тэнд өмнө нь Герман болон Хятадад амьдарч байсан нэгэнтэй цуг ажиллана. Уг нь тасгийн даргын даалгавраар энэ нөхрийн тухай түүнд нууцаар мэдээлэх ёстой байв. Гэвч түүний эрх чөлөө болон амтат хоолны тухай ярианд татагдан тасгийн даргад хэлэхгүй байхаар шийддэг. Ийн явсаар тэд хамтдаа оргоно. Хамгийн хэцүү нь цахилгаантай төмөр торыг нэвтрэх. Тэр хоёр төмөр тор руу гүйж явтал Шин бүдэрч унана. Пак түрүүлэн гүйлээ. Пак түрүүлэн гүйж төмөр торны хамгийн доод хэсгийг биеэрээ даран доошлуулав. Шинийг түүний дээгүүр мөлхөн гарахад Пак аль хэдийнэ хиншүү ханхлуулан үхсэн хэвтэж байлаа. Пак амиа золиослон /Шин бүдрээгүй бол.../ Шинийн шинэ амьдралын гүүр болов. Амжилттай оргосон тэрээр өлсгөлөн гуйланчлалын туйл болж хэдэн сар хэсүүчлэн явна. Хулгайн хийн амь зогоох ба ингэж яваад хүн хуурах хэдэн талх, тамхитай болно. Нэгэн өвгөний зөвлөсөнчлөн Түмэн голыг гаталж Хятад руу гарахыг оролдов. Дөрвөн удаагийн хилийн харуултай таарсан ба таарах бүртээ талх, тарианаасаа өгч /зарим нь бүр таарангуутаа юм нэхэж байв/ явсаар мөстсөн байсан Түмэн голыг гатална. Ийнхүү Хятадын нутагт ордог. Хятадын нутагт нэг жил орчим айлд зарагдан гахай гэх мэт хариулж амьдарна. Ийн явсаар Шанхайд нэгэн сэтгүүлчтэй таардаг ба улмаар БНСУ-ын ЭСЯ-нд нэвтрэн орогнол хүссэнээр Өмнөд Солонгосын иргэн, хожмоо Хойд Солонгосын хүний эрхийн төлөө тэмцэгч, одоо хүний эрхийг дээд зэргээр зөрчигч хорих лагериудыг устгахын төлөөх хүчтэй дуу хоолойн нэг болжээ. Учир нь түүнээс өөр хэн ч өмнө ба одоо 14 дүгээр хорих лагериас оргож чадаагүй байгаа юм.
http://amartuvshind.blogspot.com