Өмнөх нь түрүүчийн дугаарт
  Энэтхэгүүдийн аз дайрахад эрхэм зочид чанар муутай машинаас нь болж зорилгоосоо няцсангүй. ЖиИй бизнесийнхээ шавыг тавихаар шийдэж Випротой хамтран хэрэгжүүлэх төсөл эхлүүлэв. Бусад компаниудын хувьд үүнээс арай өөр маягаар ажиллаж байлаа. Энэ бол шилэн кабелиас өмнөх үе. Хэвлэлийн Саймон & Шустер компани Энэтхэг рүү номоо илгээж, сарын 50 долларын цалинтай Энэтхэгүүдээр (АНУ-д сарын 1000 доллар төлдөг) номын текстийг компьютерт шивүүлэх буюу агуулгыг цаашид шинэчлэн засварлахад дөхөмтэй болгох үүднээс номыг электрон файл нэг нь цаасан дээр хуулж бичих бөгөөд энэ ажиллагаа нь ихэнхидээ хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэл сунжирдаг байжээ.
 
      ХэлтСкрайб Индиа компани эмчийн телефон утасыг диктафон төхөөрөмжтэй холбосон систем бүтээсэн байна. Тухайлбал эмч телефон утсаар ямар нэгэн дугаар залгаж, өөрийн тэмдэглэлийг унших бөгөөд үүнийг нь дууны карт суулгасан компьютер хүлээн авч дижитал хэлбэрт оруулдаг байна. Ингэж утсаар залгахдаа эмч өөрөө хаана ч байж болно. Сансрын холболтын ачаар гэрийн ажилтай эхнэр юм уу, Банглорт байгаа оюутан хүн ч аль нэгэн компьютер дээр хэлбэрт шилжүүлэх ажил хийлгэдэг байв. Тэр тусмаа байнга шинэчлэгдэх шаардлагатай толь бичгүүдийг ийм маягаар электрон хэлбэрт оруулна. Тухайн үедээ Энэтхэгийн Сангийн Яамны сайд асан Манмохан Сингх 1991 онд Энэтхэгийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлт­тэй болгож, үнэ бууруулах үүднээс Энэтхэгийн цахилгаан холбооны салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлаж эхлэв.
 
      Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Сингх Банглорт сансрын холбооны станц барих бололцоог компаниудад олгож, ингэснээрээ хөрөнгө оруулагчид Энэтхэгийн телефон утасны системийг ашиглахгүйгээр Америк, Европ, Азид байгаа компанийхаа төвүүдтэй шууд холбогдох боломжийг бүрдүүлжээ. Үүнээс өмнө ганцхан Техас Инструментс л Энэтхэгийн хүнд сурталт тогтолцооны бэрхшээлийг даван туулж, 1985 онд цахилгаан хэлхээний загвар (сиркит дизайн) зохион бүтээж боловсруулах төв байгуулснаараа энэ орны зах зээлд нэвтэрсэн хамгийн анхны олон улсын компани болжээ. ТИ-ийн Банглор дахь төв нь өөрийн гэсэн сансрын холбооны станцтай байсан авч, орж гарч буй өгөгдлийн аль ч хэсгийг шалгах эрх бүхий Энэтхэгийн төрийн албаныхны хараан дор ажиллаж байлаа. Харин 1991 оноос хойш Сингх энэ маягийн чөдөр тушааг чөлөөлж өгчээ. Үүнээс тун удалгүй 1994 онд Банглорт ХэлтСкрайб Индиа хэмээх тал хувь нь Америкт төрж өссөн Энэтхэг эмч нарын хөрөнгө оруулалтаар санхүүжсэн, Америкийн эмч, эмнэлэгийн байгууллагад аутсорсингоор эмчийн үзлэгийн тэмдэглэл хөтлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулагдав.
 
      Тухайн үеийн Америк эмч нар гараар товч тэмдэглэл хөтлөж, дараа нь бичсэн зүйлээ дуудаж диктафон дуу хураагуурт бичүүлдэг байв. Диктафонд бичсэн яриаг туслах ажилтан эсвэл хэн суугаад дижитал хэлбэрээр хадгалагдсан эмчийн дуу хоолойг татан авч, түүнийгээ хоёр долоо хоногт бус харин хоёрхон цагийн дотор компьютер дээр шивж авах бололцоотой болов. Компьютерт шивсэн текстээ буцаагаад нөгөөх эмнэлгийн компьютерийн систем рүү сансрын долгионоор илгээснээр өнөөх эмчийн тэмдэглэгээ нь өвчтөний түүх болоод төлбөрийн дансанд нэмэгдэн орно. Хоёр орны цагийн бүс арван хоёр цагийн зөрүүтэй байдаг тул Америк эмч нарыг унтаж байх хооронд Энэтхэгүүд дууг бичигт буулгах ажлаа амжуулаад, дараа өглөө гэхэд файл нь бэлэн болчихсон хүлээж байдаг байна. Энэ үйл ажиллагаа маш олон компанид гайхамшигтай боломж нээлээ. Учир нь хэрэв хууль зүйн маргаанд хамгийн их өртдөг, зарга ихтэй анагаах ухааны салбарт эмнэлгийн баримт бичиг, лабораторийн дүн, өвчний онош мэтийг Банглорт хууль ёсны хүрээнд, эрсдэлгүйгээр, найдвартай буулгуулж болж байгаа бол бусад олон байгууллагууд Энэтхэгт арын албаны ажлаа амжуулж болох байлаа.
 
      Тэгээд ч тэд энэ арга замыг сонгов. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь дуу хоолойны дамжуулалтад саатал учирдаг сансрын холбооны дамжуулалтын хүчин чадлаар хязгаарлагдаж байв. (Хачирхалтай нь ХэлтСкрайб Индиа компанийг үүсгэн байгуулагчдын нэг Гуружот Сингх Халсагийн хэлж буйгаар бол анх тэд индиан овгуудыг дэмжихээр олгосон Холбооны засгийн газрын төсвийн мөнгийг ашиглаж Майн мужийн индиануудаар хийлгэхээр хөөцөлдсөн авч тэдгээр индианчуудын ашиг сонирхлыг хангалттай өдөөж, гэрээ хийх хэмжээнд хүрч дөнгөөгүй гэдэг) Дууны хальснаас үсгэнд буулгах энэ ажил Энэтхэгт, АНУ-д хийснээс 5 дахин хямд өртөгтэй байсан бөгөөд энэхүү үнийн харьцангуй зөрүү нь маш олон хүний анхаарлыг татсан юм.
 
  1990-ээд оны сүүлчээр Энэтхэг орныг азын тэнгэр хоёр талаас нь ивээж эхлэв. Нэг талаас шилэн кабелийн хиймэл хөөсөнцөр улам газар авч Америк Энэтхэгийг улам ойртуулж, нөгөө талаас Y2K (Англиар Year 2 Thousand буюу 2000 он гэсэн хэллэгийн товчлол. 2000 оны компьютерийн хямралыг ингэж тэмдэглэж заншжээ) буюу мянганы хямрал хэмээх 2000 оны компьютерийн хямралын сураг дуулдаж байв. Та хэрэв санаж байгаа бол компьютерууд анх бүтээгдэхдээ дотоод цаг тоолууртай хийгдсэн нь Y2K-ийн хямралын гол шалтгаан болсон гэдэг. Энэхүү дотоод цаг тоолуурыг бүтээхдээ компьютерийн санах ойг хэмнэх үүднээс зургаан цифртэй хийжээ. Хоёр цифр нь өдөр, нөгөө хоёр нь сарыг тэмдэглэдэг бөгөөд үлдсэн хоёр нь бол та таасан байх, он жилийг тэмдэглэх зориулалттай байв. Ийм ч учраас энэ цаг тоолуурын систем нь 12/31/99 буюу 99 оны 12 сарын 31 хүртэл л ажиллах бололцоотой. Он сар өдөр маань 2000 оны 1 сарын 1 болоход олонхи хуучин компьютерүүд үүнийг 01/01/2000 гэж бүртгэхийн оронд 01/01/00 гэж зургаан цифртэй бүртгэх буюу 1900 он эхнээсээ эхлэж байна гэж буруу тооцоолоход хүргэх байв. Энэ утгаараа тухайн үед хэрэглээнд байсан асар олон компьютерийн дотоод цаг тоолуур (шинээр хийгдэж байсан компьютерүүдийн дотоод цаг тоолуур нь сайжирсан) болон холбогдох төхөөрөмжүүд нь шинэ тохиргоотой болох, эс бөгөөс эдгээр системүүд унтрахад хүрвэл усны тоолуураас эхлээд агаарын замын хөдөлгөөний олон мянган компьютержсэн удирдлагын системүүд доголдож, дэлхийг хамарсан хямрал үүснэ гэсэн айдас төрүүлж байлаа.
 
  Компьютерийн цагийг засч янзлах энэхүү ажил нь өөрөө аварга том, нарийн чимхлүүр ажил байв. Энэ дэлхийн хаанаас энэ болгоныг хийж гүйцэтгэх хангалттай тооны программ хангамжийн инженерүүд олдох вэ? Хариулт нь Энэтхэгээс. Тэндээс л ЭТИ-үүд, хувийн техникийн коллеж, компьютерийн сургууль төгссөн мянга мянган техникч, инженерүүд олдоно.
 
  Y2K тулж ирсэн энэ л үед Америк, Энэтхэг хоёр хайртай хос лугаа болзоонд учрах болж, тэдний харилцаа холбоо нь дэлхийг тэгшлэх аварга том хүчин зүйл болсон бөгөөд энэ л харилцаа холбоо нь маш олон төрлийн бизнесийн салбарынханд, компьютер, интернет, шилэн кабелийн шугамтай нийлээд хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр, үнэт зүйл бүтээх хэвтээ харилцаа буюу аутсорсингийн цоо шинэ нөөц бололцоог бий болгосон гэдгийг нотлон харуулжээ. Дижитал хэлбэрт орж, компьютержиж болох ямар ч үйлчилгээ, дуудлагын төв, бизнес дэмжих үйл ажиллагаа эсвэл оюуны хөдөлмөрийг, дэлхий даяар хамгийн хямд өртөгтэй, хамгийн оюунлаг, хамгийн үр бүтээлтэй хийж чадах тэр л газарт хийлгүүлж болно. Шилэн кабелиар холбогдсон компьютерийн тусламжтайгаар Энэтхэгийн ямар ч техникийн мэргэжилтэн дэлхийн нөгөө бөөрнөөс танай компаний компьютерийг уудалж, шаардлагатай тохиргоог хийж чадна.
 
  Y2K-ийн тохиргооны ажил нь маш нарийн чимхлүүр ажиллагаа шаардаж байсан тул зах зээлд их том өрсөлдөөн үүсгэж чадаагүй хэмээн Y2K-ийн үеэр аутсорсингийн хүндхэн ачаа үүрч байсан Випро фирмийн удирдах ажилтан Вивек Паул ярьж байна. Тиймээс ч барууны компаниуд энэ ажлыг аль болох хамгийн бага өртөгөөр хийж чадах хэн нэгнийг олох хүндхэн бэрхшээлтэй тулгарсан юм. Тэд “Энэ гай дуудсан 2000 оныг л бушуухан давах хэрэгтэй байна” гэцгээж байлаа. Тэгээд тэд өөр тохиолдолд бол яагаад ч хамтарч ажиллахааргүй байсан Энэтхэгийн технологийн компаниудтай хамтран ажиллаж эхэллээ.
 
  Тэр үед үнэхээр хийж чадаж л байвал барууны­ханд Энэтхэгүүд ёстой нөгөө “ядарсан цагт Пагма аа ч яахав” гэгч нь болсон байв. Тэд бүр хэний ч зуучлалаар хэнтэй ч хамтрахад бэлэн байлаа. Y2K-г хүмүүс өөр өөрийн өнцөгөөр хүлээн авсан. Энэтхэгийн тал бол өөрт олдсон хамгийн том нөөц бололцоо, аз завшаан гэж үзсэн. Урьд нь Энэтхэг буурай хөгжилтэй орон гэж тооцогддог байлаа. Гэнэтхэн Y2K нь дэлхий дээрхи бүх компьютерийг нэг бүрчлэн шалгуулах шаардлагыг тулгасан. Харин компьютерийн программын кодыг мөр мөрөөр нь нягтлахад шаардагдах хангалттай тооны хүний нөөц Энэтхэгт л байв. Y2K-ийн улмаас Энэтхэгийн мэдээлэл технологийн салбар дэлхийн тавцанд мөрөө үлдээж чадсан юм. Y2K нь биднийг хөгжил дэвшилд хөтөлж, биднийг дэлхийд танигдахад хөдөлгөх гол хүч болсон. Y2K-ээс хойш бид хэзээ ч арагшаа эргэж хараагүй” хэмээн Жерри Рао ярьж байлаа.
 
  2000 оны эхэн үед Y2K-ийн нөр их ажлын давалгаа намжиж эхлэхэд э-коммерс буюу цахим худалдаа хэмээгч цоо шинэ бизнесийн давалгаа түрэн гарч ирэв. Дот-комын хөөсөнцөр арай хагарчихаагүй, инженерчлэлийн авъяастан хомс, дот-комын хэрэглээ маш их байсан үе. “Хүмүүст оршин тогтнох үндэс нь болж, амжилтанд хүрэх процессийн нь салшгүй хэсэг гэж үзсэн программ хангамжуудаа хаа нэгтээ хийлгэх чин хүсэл байсан авч тэдэнд гишгэх газар олдсонгүй. Тэгээд ч тэд Энэтхэгийн компаниудад хандсан бөгөөд, эдгээр компаниудаас тэд сайн чанарын, маш нарийн ажиллагаатай системүүд хүлээн авч эхэлсэн нь зарим тохиолдолд бүр бусад томоохон компаниудын нийлүүлснээс ч хамаагүй илүү чанартай байв. Энэ болгон нь Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниудын нэр хүндийг маш өндөрт өргөсөн юм. Хэрэв Y2K-ийн төслийг, хайр зарлах үе гэж үзвэл энэ бол халуун хайрын өрнөл үе байлаа” хэмээн Паул ярьж байв.
 
  Үүний дараа Америкаас Энэтхэг рүү чиглэсэн хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болсон аутсорсингийн асар том үер буулаа. Банглор дахь компьютерийг компанийхаа толгой компьютертэй шилэн кабелийн шугамаар холбож л чадвал Випро, Инфосис, Тата Консалтинг Сервис гэх мэт Энэтхэгийн мэдээлэл технологийн фирмүүдийг цахим худалдаа, хэрэглээний программууд дээрээ ажиллуулж болохоор болов.
 
  “Толгой компьютер тойрсон бизнес цахим худалдааны салбарт хамтран ажиллах болсноор Америк, Энэтхэг хоёр гэрлэлтээ батлуулсантай ялгаагүй болсон юм” хэмээн Паул өгүүлж байна. Мөн түүнчлэн далайн гүнээр татсан шилэн кабелийг ашиглах боломжтой байсан нь Энэтхэгийн хувьд томоохон аз завшаан болсон юм. “Миний оффис Банглор дахь Лийла Палас зочид буудалтай тун ойр байрладаг байлаа. Банглорын нэгэн дүүрэг хот болох Вайтфийлдийн мэдээлэл технологийн паркад миний хамтран ажиллаж байсан үйлдвэр оршдог байтал энэхүү үйлдвэр, оффис хоёроо холбосон телефон утасны шугам тавиулж чаддаггүй байлаа. Хахууль өгөхгүй л бол энэ утасны шугам тавиулж дөнгөхгүй агаад бид ч тэр хахуулийг нь өгөхөөс зайлсхийдэг байв. Иймд Вайтфийлд дахь үйлдвэр рүү утсаар ярихын тулд Банглор дахь оффисоосоо ЖиИй компаний төв компьютер байрладаг Кентакки муж руу залгаж, тэндээсээ Вайтфийлд рүү холбогддог байлаа. Хотын нөгөө захад хүрэх шугам бас хахууль шаардах тул бид бүр далай гаталган татсан түрээсний шилэн кабелиа ашигладаг байв” хэмээн тэрбээр дурсаж байлаа. 
 
(Олон улсын бестселлер Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш” номын хэсгээс) Д.Сайнбаярын орчуулга