Мэдрэмж
 
     Саяхан би Сэлэнгэ аймаг явлаа. Зам зуур Баруунхараад балгас болсон тэжээлийн үйлдвэр, Дархан дөнгөж өнгөрөнгүүт хаягдсан чулууны үйлдвэр тааралдлаа. Сүхбаатарчууд өөрийн гурилын үйлдвэрийн хямд үнэтэй гурил идэж байгаа биз гэтэл үгүй гэнэ. Гурилын үйлдвэр нь ажиллахаа болиод арав гаруй жил болж байгаа юм байна. Хилийн хот Алтанбулагаар орвол тэндхийн ганц эрдэм оюуны төв Мал эмнэлгийн техникумын гурван давхар цагаан тоосгон барилга, хоёр давхар оюутны байр нь балгас болоод, одоо туурь шахуу юм үлджээ, удахгүй буурь ч үгүй болох шинжтэй. Зөвхөн зам зуур ийм байгаа юм, замаасаа жаахан жаахан хазайсан бол бүр олон балгас үзэх байсан биз.
 
  “Энх цагийн тулаан” гэж нэг ном хэдийд ч билээ уншиж байс­наа саналаа. Энэ номонд байшин барьж, үйлдвэр завод сүндэр­лүүлэн, баялаг бүтээх гэж хүмүүс хэрхэн хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлсэн байдаг. Харин хүний бүтээсэн, барьж байгуулсныг дайн болоогүй, бөмбөг дэлбэрээгүй бай­хад хэрхэн сүйтгэж, балгас болгодгийг юу гэмээр юм бэ дээ. Энд бас л нэг үйл явдал болж өнгөрсөн болохоор дажин гэе. Гэхдээ шилжсэн утга гаргаад хашил­танд хийчихье.
 
  Хуучин тогтолцоо шинэ хүчинд тийм ч амархан орон зай­гаа сул тавиад өгчихдөггүй. Үүнийг нэг нийгмийн тогтолцоо нөгөө­­гөөр солигдох бүр гэрчилж байлаа. 1921 онд Монголд гарсан ардын хувьсгалын үед ч улаантан, цагаантан, гамин цэргүүд, лам хуврагууд хоорондоо дайтан хүний амь эрсдэж, гэр орон сүйдэж, хот суурин өртсөн байдаг. Харин 1990 онд манайд болсон ардчилсан хувьсгал “оготны хамраас ч цус гараагүй”-гээрээ онцлог гэдэг. Ийм тайван замаар нэг нийгэм нөгөөгөөр солигджээ. Бид болон бидний эцэг, эх шинэ нийгмийг итгэл, сэтгэлээр угтсан нь энэ. Гэтэл энэ их балгас, сүйрэл чинь юу билээ. Хувьсгал гарсаар 20 шахам жил болж байхад сүйрснийг сэргээх, үгүй болсныг бий болгох, түүнээс ч илүүг бий болгох хугацаа өнгөрөөд байна. Танил минь надтай уулзаад МАХН, АН хоёрын улс төрийн үйл ажиллагааг зогсоолгох өргөдөл шүүхэд өгмөөр байгаа тухайгаа дээхнэ ярьсан юм. Тэр уг нь аль нэг нам, хөдөлгөөний гишүүн биш, нэг яамны харьяа газарт хэлтсийн дарга л даа. Төсвийн ажилтан. Амьдрал нь нэг их дутаад, нэг их илүүдээд байдаггүй хүний толгойд яахаараа ийм юм “балай юм” ордог байна гэж бодоодөнгөрсөн билээ. Гэтэл удалгүй хэсэг хүн, төрийн бус байгууллага хамтран хэвлэлийн бага хурал зарлаж МАХН, АН-ын улс төрийн vйл ажиллагааг хориглуулах талаар Улсын дээд шvvхэд өргөдөл гаргасан тухайгаа мэдээллээ. Тэд Дээд шvvхэд хандан гаргасан өргөдөлдөө АН, МАХН төрийн эрх мэдлийг ашиг­лан, Монголын ард тvмэнд учруулсан хохирлыг тоймлон 13 шалтгаан гаргасан ажээ. Тэд ийнхүү өргөдөл гаргалаа гээд энэ хоёр намын үйл ажиллагаа нь зогсчихно гэж гэнэхнээр бодоогүй нь лавтай. Харин үүгээрээ олон нийтэд дохио, санаа өгье гэж бодсон байх.
 
  Явдал үүгээр дууссангүй, нөгөө найз маань саяхны нэг үдэш утасдан амралтын өдрүүдэд Иргэний чуулган болох гэж байна. Ирж сонирхооч, сэтгүүлч хүнд сонин байж болох юм . Ер нь л болохгүй, бүтэхгүй байгаа олон асуудлаар иргэд санал бодлоо ярилцана гэлээ.
 
  Энэ бол өнөөгийн нийгэмд болоод байгаа үйл явдлуудын нэгээхэн жишээ шүү дээ. Монголын ард түмний хамтын шийдвэрээр хийсэн тайван хувьсгалын үр дүн нэг их юм боддоггүй хүнд дайн тулаан болоод өнгөрсөн талбар шиг жихүүцэм сэтгэгдэл төрүүлж байгаа бол юмыг жаахан гүнзгий, ул суурьтай хүлээн авдаг хүмүүст шүүхэд өргөдөл гаргахаас өөр аргагүй болсон мэт гүнзгий мэд­рэмж төрүүлж байгаа юм байна.
 

 
Үйлдвэрээ дэмжсэнгүй
 
      Өнгөрсөн намар Хөтөл дэх цемент, шохойн үйлд­вэрээр ороход ”Хөтөл” үйлдвэр зургадугаар сарын 27-нд гурав дахь сая тонн цементээ үйлд­вэрлэлээ” гэж томоор бичиж тавьсан байж билээ. Үйлд­вэрийнхэн энэ амжилтаа “Бид сүүлийн 14 жил хүрээгүй байсан түвшиндээ хүрлээ ”гэж бахархан хэлж байсан юм. Энэ үйлдвэр 1984 оны нэгдүгээр сарын 20-нд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байжээ. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 1988 онд нэг сая дахь тонн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэ­жээ. Үйлдвэрлэл энэ хэм­нэлээрээ үргэлжилсэн гэж хар ухаанаар тооцвол 1996 онд гуравдахь сая тонн цементээ гаргах байж. Гэтэл нэг сая тонн цемент үйлдвэрлэх гэж бараг 14 жил “мөлхжээ”. Үйлдвэрлэлийн хөгжлийн хэмнэл яагаад удаашрав гэхээр ганцхан хариулт бэлэн байдаг. “Зах зээлд шилжсэн”, ”Шилжилтийн хэцүү үе таарсан” гэсэн хариулт. Хэн ч үүнд буруугүй юм шиг. Гэхдээ тэр шилжилтийн үед нь бид төртэй, засагтай байсан билээ.
 
  “Хөтөл” цемент, шохойн үйлд­вэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захир­лын орлогч Д.Ваняхүү: Манай үйлдвэр 1988-1989 онд төслийхөө хүчин чадалд хүрсэн. Гэхдээ энэ сайхан байдал удаан үргэлжлээгүй. 1990-ээд оноос үйлдвэр хоёр шугам­тай байснаа нэгийг нь нөгөөгөөр сэлбэж ганц шугамаар, ганц ээлжээр ажилласаар өдий хүрлээ. Энэ үйлдвэрийг дагаж бий болсон Хөтөл тосгоныхны амьдрал ч доошилсон. Харин барилгын үйлдвэрлэл сэргэж байгааг дагаад энэ жил сүүлийн 20 жилд анх удаа өвөл зогсолгүй ажиллаж 130 мянган тонн цемент үйлдвэрлэлээ. 2008 онд энэ түвшингээсээ буухгүй гэсэн зорилт тавьж байна гэлээ.
 
  Үйлдвэр өнгөрсөн онд бүтээг­­дэхүүнээ экспортолсон нь сүүлийн 20 жилд анх удаа тохиож байгаа дэвшил болжээ. Энэ нь монголчуудын сайных биш юм. Бэлэн үйлдвэртэй мөртөө биднийг гадаадаас өндөр үнэтэй цемент оруулж ирээд түүнийхээ үнэ ханш дээр маргалдаж байх хооронд Оросын хоёр ч компани “Хөтөл”-өөр боломжийн үнэтэй цемент хийлгээд зөөгөөд авчихсан нь тэр юм. Муу нь юу байхав манайхан ажилтай, үйлдвэр нь мөнгөтэй болж байна.
 
  Монгол Улс ердөө л хоёр цементийн үйлдвэртэй. Нөгөө нь Дархан хотод, бас арай амьс­гаа хураачихаагүй мөлхөж бай­гаа. Гэхдээ Хөтөлийг бодвол бага хүчин чадалтай юм байна. Энэ хоёр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал Монголын цементийн хэрэгцээний 80 хувийг хангаж чадах ажээ. Засгийн газар үүнийг мэдэж байгаа ч нааштай арга хэмжээ авахгүй суусаар байна. Үндэсний үйлдвэрээ дэмжсэнгүй. Нэг ч зохицуулалт хийсэнгүй. “Хөтөл”-ийн дарга нар цемент дээр Засгийн газар үнийг зохицуулалт хийж болно шүү дээ. Зөвхөн ийм үнээр цементийг борлуулна. Дотоодын цементээр 40 000 орон сууц барина гэх мэтээр журамлаж болно. Тэгээд цементийн үйлд­вэртээ дэмжлэг үзүүлж хүчин чадалд нь хүргэх сэтгэл байсангүй гэх мэт шүүмжилж, гомдоллож байна. Засгийн газар том зорилт дэвшүүлсэн ч тэр нь уриа лоозон төдий урсгалаар явж байна. Зорилтоо хангахын төлөө ямар нэг зохицуулалт хийхгүй байгаагаас барилга, орон сууцны үнэ тэнгэрт хандаж юун төсвийн ажилтан, төрийн албан хаагч авах, томоохон бизнес эрхлэгч ч дийлэхээргүй боллоо.
 
  “Хөтөл” үйлдвэрийг өөд татах санал Орос, Хятад, Итали улс, мөн Марубени корпорациас иржээ. Төлөөлөгчид нь ирж байдалтай танилцсан байна. Энэ олон санал, сонирхол “Хөтөлийн” эдийн засгийн ашигтай байршил, түүхий эддээ ойр, хоёр талдаа том зах зээлтэй зэргийг харгалзсан нь мэдээж юм. Гэхдээ Хөтлийнхөн хэн нэгний гарыг харахыг хүссэнгүй өөрсдөө өндийх гэж мэрийжээ. Орос улс жилдээ 20 сая тонн, Хятад жилдээ 1,2 тэрбум тонн цемент хэрэглэдэг юм байна.
 
  1990-ээд оноос хойш манай 1200 гаруй том, жижиг үйлдвэр “Хөтөл” шиг хувь тавилан, ороо бусгаа замыг туулсан. Ихэнх нь замын дунд үрэгдэж алга болжээ. Улсын хэмжээнд ажиллаж байсан гурилын есөн том үйлдвэрээс өнөөдөр гурав нь ажиллаж байна.
 
  Чухам яах ёстойгоо мэдэхгүй, сайн ойлгоогүй, мэдлэг чадвар мөхөс хэсэг эрх мэдэл авч, их мэдэгчийн дүрээр асуудалд хандс­наас энэ мэт ард түмнийхээ амьд­рал, эрх ашигт харшилсан байдал үүсгэжээ.
 
Малчин малаасаа дор болчих вий
 
     Хэдхэн хоногийн өмнө зүүн аймгуудын нутгаар болсон цасан шуурганаар олон хүн малтайгаа шуурганд уруудж, төөрчээ. 40 гаруй хүн нас барж, хэд хэдэн хүн өнөө хэр олдоогүй байна. Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж орон даяар гашуудал зарлалаа. Энэ мэдээг сонсоод манай хөдөө аж ахуйг олон жил удирдаж явсан Ш.Гунгаадорж гуай “манайх шиг шуурганд малтайгаа уруудаж осгож байгаа малчин хаана ч байхгүй байх. Энэ чинь ХХ зуун шүү дээ” гэж харамсаж сууна. Түүнтэй хөдөөгөө хэрхэн өөд татах боломж, бодлого байж болох талаар яриа өрнүүлэхэд: Хөдөө аж ахуйг зах зээлд оруулах процесс түргэджээ. Өөрийн орны нөхцөлд тохирсон хүчтэй сайн бодлого хэрэгжүүлж чадсангүй. Тархай бутар­хай, хүн ам цөөн, өргөн уудам газар нутагтай, ийм орны хувьд нэгдэл, сангийн аж ахуйг аажмаар өөрчлөх хэрэгтэй байжээ гэж боддог. Мал­чид малаа ад­гуулж ирсэн олон жилийн уламж­лалаараа өм­чилж авсан малаа маллаад авч явж ирлээ. Гэхдээ бэлчээрийн даац муудаж, байгаль экологийн өөрч­лөлт хурдацтай явагдаж бай­гаа энэ үед эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Малын олон нь биш, чанартай нь чухал юм.
 
  Монголчууд газар тариалан эрхлэх хуучны уламжлалтай ч Монголд тухайн үедээ энэ нь шинэ салбар байлаа. Монгол хүний газартай харьцах харьцаа бол адуу малаа адгуулж сурсан, мэддэг чаддаг зүйлтэй нь адил биш. Ингэж цоо шинээр хөгжиж байсан салбараа гэнэт хувьчилснаар өнөөдөр мөхлийн ирмэгт хүргэлээ. Тухайн үеийн сангийн аж ахуй гэдэг нь газар тариалан эрхлэх мэргэжлийн томоо­хон цогцолборууд байсан. Олон тооны техниктэй, мэргэжлийн механикжуулагч, агрономич, агро­техникчтэй, тэдний мэдлэг, турш­лага дээр урагшилж байсан нэг цогц ажил арав, хорь болж бутарахаар яаж цаашаа явах вэ. Газар тариалангаас өөр ажил хийж чадахгүй цөөн хэлэн хүн л энэ салбарыг арай “амьсгаа хураалгалгүй” өдий хүргэлээ.
 
  Тариаланчид 200-гаад мянган га-д үр тариа тарьдаг, 300-гаад мянган га эргэлтийн талбайтай, ургац сайтай жил 840 мянган тонн буудай хураан авдаг байлаа. Зөвхөн Сэлэнгэ аймаг гэхэд жил­дээ 250-300 мянган тонн ургац авч байсан нь өнөөгийн улсын хэмжээнд авч байгаа ургацаас 50 хувь өндөр байсан юм.
 
  Нэг үгээр хэлбэл хөдөө аж ахуйгаа зах зээлийн орчныг нь бүрдүүлэлгүй хувьчилжээ. Малч­дад мах, ноос, ноолуураа хэрхэн борлуулах, тэднийг хэрэглээний зүйлээр хэрхэн хангах тогтолцоог бүрдлүүлсэнгүй. Хөдөөд худалдаа бэлтгэлийн анги, агент хэмээх бүтэн сүлжээ байсныг үгүй болго­сон. Өнөөдөр зах зээлд мах кг нь таван мянганд хүрээд байгаа. Гэхдээ малчны хотоос тийм үнээр гарахгүй. Ченж гэгчүүдийн гар дамжсаар, нэмэгдсээр ийм үнэтэй болжээ.
 
  Нийслэлийг тойрсон 17 сүүний ферм, Улаанбаатарыг жилдээ 50 сая литр сүүгээр хангаж байлаа. Фермүүд хувьд очоод юу болов. Нөгөө 8-9 литр сүү өгдөг үнээнүүд монгол бухтай эрлийзжээд сүүний гарц нь эрс буурсан. Зарим нь хүнсэнд хэрэглэгдээд алга болжээ. Одоо бид гадаадаас хуурай сүү авдаг боллоо. Гахай тахианы махаар дотоодоо бүрэн хангаж байсан. Шувуун фабрик жилд 300 сая өндөг худалдаанд нийлүүлж байв. Өнөөдөр энэ бүхнийг гадаадаас л авч байна. Ингээд ярихаар зарим хүн хуучнаа санагалзсан, мөрөөдсөн гэж шүүм­жилдэг учраас зогсооё. Харин бид одоо яах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
 
  - Та хөдөө аж ахуйд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байсан гэж боддог вэ?
 
  - Хөдөө аж ахуйд 1986 оноос түрээсийн гэрээг нэвтрүүлж эхэл­сэн юм. Нэгдлийн хонь малладаг малчин байлаа гэхэд зуун эхээс 85 төл бойжуулах үүрэг өгөөд түүнээс илүүг бойжуулсан бол илүү нь малчинд үлдэнэ гэхчлэн гэрээ бай­гуулж байсан. Малаа заа­сан хэмжээнээс дээш таргалуулсан бол илүү мах, илүү ноос, ноолуур тушаасан бол зөрүүг нь малчин авах зарчим үйл­чилж байлаа. Газар тариаланд ч ялгаагүй. Гэрээнээс илүү хураасан ургац, малын тэжээл, хад­лан зэргийн үнийг тариа­ланч авна. Үүнд хөдөө аж ахуйнхан урамтай байсан. Энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байж. Ингэвэл нэгдэл, сангийн аж ахуйнууд яваандаа хэлбэрээ өөрчлөн малчид, тариаланчдад үйлчилдэг, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг, бүтээгдэхүүнийг нь бор­луулдаг компанийн хэлбэрт орох байлаа. Энэ замбараагүй хувьчлалыг дагаад хөдөөд байсан 2000 гаруй бригадын төв үгүй болсон. Бригадын төв нь холбоо, сургууль, бага эмч, худалдааны цэгтэй, одоогийнхоор төрийн үйлчилгээний цогц нэгж, ажлын байр байсан юм шүү.
 
  Зөв бодлого барьж чадаа­гүйгээс болж мал аж ахуй, ялан­гуяа газар тариалан олон жилийн туршид зогсонги байдалд орж, хөгжлийхөө темпийг алдаж хохир­лоо. Зах зээлийг буруу гэж байгаа юм биш, энэ бол явах ёстой зам. Гэхдээ годрилоороо явсангүй. “Сүйтгэж байж хөгжүүлэх” гэдэг логик үйлчилж эхэлсэн юм шиг санагддаг. Зөв бодлоготой явсан бол Монгол Улсын хөдөө аж ахуй ийм их хохирол амсахгүй улс орны эдийн засаг өнөөдрийнхөөс арай дөнгүүр явж байх байсан биз.
 
  - Малчид ч мартагдсан гэдэгтэй санаа нийлэх үү?
 
     - Малчин хүн алийн болгон жалгын нэг тарсан, хөл гараа хөл­дөөсөн, шуурганд уруудсан байдалтай байх юм бэ. Тэд хотын хүнээс дор, тахир дутуу, эсэн бусын өвчин туссан, нийгмээс тусгаарлагдсан байх ёсгүй юм. Тэд бараг л малаасаа дор болчихсон байна. Малчид шинэчлэгдэх ёс­той. Зөвхөн мал дагаад явдаг, хоцрогдсон, мэдлэг боловсролгүй, мэдээллээс ангид нэгэн болчихвол эргээд мал аж ахуйгаас авах ашиг орлого нь буурна. Өнөөдрийн малчин малаа эрүүлжүүлдэг малын эмч, бэлчээрээ тохируулдаг агрономич, малын бүтээгдэхүүнээ боловсруулдаг үйлдвэрлэгч, бүтээг­дэхүүнээ борлуулдаг менежер болох хэрэгтэй байна. Амьдрал нь ч гэсэн харьцангуй суурьшмал, цахилгаан эрчим хүчтэй, соних хэвлэлтэй, малын тэжээлээ нөөцөлсөн, бэлчээрийн царай харахааргүй болгох хэрэгтэй Үүнд бас төрийн зөв бодлого, дэмжлэг хэрэгтэй. Малчид ч өөхөө зүтгэх хэрэгтэй.
 
  - Тэжээл бэлтгэж аваагүйгаас энэ жил малын хорогдол нэлээд гарсан.
 
  - Монгол Улсын мал олон удаагийн зуднаар үй түмээрээ хорогдсон. Үүнд дүгнэлт хийж малын тэжээлийн маш том сүл­жээ баазыг бий болгосон юм. Бүх аймагт тэжээлийн үйлдвэр, агуулах байгуулсан. Улсын хэм­жээнд зургаан том тэжээлийн аж ахуй тэжээл тарьж байлаа. Үүний үр дүнд 1980-аад онд малын хорогдол ихээхэн буурсан шүү дээ. Байгалийн бэрхшээлээс харь­цангуй хараат бус болж ирсэн. Өнөөдөр бэлчээрээс илүү тэжээлийн бааз хэрэгтэй байна. Тэжээлийн аж ахуйгаас нэг нь ч үлдсэнгүй. Бүтээж бий болгосон зүйлээ алга болгох, хийж чадаж байснаа чадахгүй байгааг харахад харамсах сэтгэл төрөх юм. Бид хоосон байсан, дараа нь юм юмтай болсон, гэтэл өнөөдөр бусдаас гуйгаад л сууж байна.
 
  - Бодлогоо зөв тодор­хойллоо гэхэд хөдөө аж ахуй хэдийд өмнөх түвшиндээ хүрэх бол?
 
  - Газар тариаланг зөв авч явж чадвал таван жилийн дараа өмнө хүрч байсан түвшиндээ дөхөж ирнэ. Үүний тулд тариаланг усалгаатай болгох хэрэгтэй. Харин хоёр жилийн дараа гэхэд гадаадаас үр тариа, гурил горь­дохгүй болно гэсэн зорилт тавьж байгаа.
 
  - Газар хагалж тариа тарьс­наас худалдаад авсан нь хамаа­гүй хямд гэсэн үг хэдэн жилийн өмнө дуулдаж байж билээ.
 
  - Тэр бол гэнэн улсуудын яриа юм. Өнөөдөр тэгж хэлэх хүн байхгүй болж. Юухан байхав 240 мянган тонн гурилыг гаднаас оруулаад ирнэ гэдэг байлаа. Яахав оруулж ирж болно. Гурилын үйлдвэр нь байхгүй бол ажлын байр байхгүй бас л нөгөө ядуурал, гуйланчлал гарч ирнэ. Тонн будаа 1000 ам.доллар гээд байвал яахав. Энэ жилээс эхлээд энэ бүхнийг дээр дооргүй их сайн ойлгож байгаа байх. Бичиг үсэггүй 20 настан Хүүхдэд сар бүр олгож байгаа гурван мянган төгрөгийг авахын тулд сургуулиас завсардсан хүүхдүүд сургуульдаа эргэн иржээ. Түүнийг боловсролын сайд их сайхан, үр дүнтэй арга хэмжээ болсон мэт ярьж байна. Гэхдээ тэдгээр хүүхдийн эцэг эхэд хүүхдээ сургах нь биш харин 3000 төгрөг хэрэгтэй болоод сургуульд эргэн ирсэн хэрэг. Цэрэгт алба хаахаар ирж байгаа залуусын 2,7 хувь нь бичиг үсэггүй, 3,1 хувь нь муу мэддэг, 5,1 хувь нь сургууль завсардсан тухай судалгаа гарчээ. Сургууль завсардсан хүүхдийн хувь сургуулийн насны хүүхдийн нэг хувиас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр таван хувьд дөхөөд буй. Тэдгээрийг албан бус сургалтаар сургаж байгаа гэж мэдээ, тайланд өгүүлдэг ч тэр албан бус сургалтад таван жил явсан хүүхэд уншиж, бичиж чадахгүй байгаа тухай багш нар хэлж байна.
 
  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн тоо, тэнд суралцаж байгаа оюутны тоогоор бол бид дэлхийд дээ­гүүрт орохоор болоод байгаа билээ. Эндээс манай залуус бичиг үсэггүйчүүд, дээд боловсролтон гэсэн хоёр эрс тэс бүлэгт хуваагдахад хүрээд байгаа юм шиг санагдана. Гэхдээ дээд боловсролтой болохоор сурч бай­гаа залууст чанартай боловсрол эзэмших боломж тэр бүр тэгш олдохгүй байна. Гадаадын нэртэй дээд сургуулиудад албан тушаалтны хүүхдүүд улсын зардлаар суралцаад эх орондоо эргэн ирэхгүй гадаадад амьдарч байхад БСШУЯ ядахдаа тэднээр авсан зээлийг нь төлүүлж чадахгүй, тийм механизм байхгүй аргаа барж сууна. Тэд төрийн сангийн 3,6 тэрбум төгрөгөөр суралцаад эргэж харалгүй алга болжээ. Бид өөрийн орны хөгжилд нэмэр болох мэргэжилтэнг бэлтгэхийн оронд харийн хөгжлийг тэтгэх хүн бэлтгээд байх шиг. Гадаадын нэр хүндтэй сургуульд хүүхдээ сургана гэдэг жирийн нэгэнд улам холдсоор байгаа юм.
 
Монголчууд юу хүсэж байна?
 
      Нийгмийн тулгамдсан асууд­лаар Улаанбаатар хотын томоохон дүүрэгт хийсэн судалгаагаар “Таны сэтгэлийн юу хамгийн их зовоож байна вэ” гэсэн асуултад “Архидалт” гэсэн хариу толгой цохижээ. Түүний араас “ядуурал” орж байна. Монголчууд архигүй амьдрахыг хүсэж байна. Архидалт хувь хүнээр илрэх хэдий ч нийгмийн тогтворгүй байдлаас үүдэлтэй олон янзын учир шалтгааны үр дагавар болж гарч ирдэг. Нийгэм дэх хүний эрх, эрх чөлөөний ач холбогдол зэрэг өнгөрсөн хугацаанд бишгүй их ярьсан чихэнд сонсголонтой үгс өнөө маргаашийн амин зуулгаас цаашихыг бодох сөхөөгүй хүмүүст төдийлөн хамааралгүй байдаг. Харин нийгэм хөгжиж иргэдийн амжьргаа дээшлэх тусам эрх чөлөө улам бүр утгатай болдог аж. Өөрөөр хэлбэл ядуурал хүний оюун санааг материаллаг зүйл рүү чиглүүлдэг бол материаллаг хэрэгцээгээ хангаж чадах тийм нийгэмд хүмүүсийн сэтгэл санаа илүүтэй оюунлаг хүчин зүйлээс хамааралтай болж ирдэг. Тэгэхээр яах аргагүй дээрх судалгаа дэлхийн цөөхөн оронд нүүрлэх, хүмүүний наад захын хэрэглээ болох хоол хүнс, өмсөж зүүх, орон сууцны хэрэгцээгээ л тойрсон асуудалтай зууралдаж түүнийгээ бид шийдэж чадахгүй байгааг харуулж байна. Бид ийм асуудалтай яаралтай тэмцэж илүү оюунлаг нийгэм өөд тэмүүлэх ёстой.
 
Дайтаагүй “дажин”-ы талбарт хэн буруутай вэ?
 
      Монголын ардчи­лал 18 нас хүрч, эрийн цээнд хүрс­нийг энэ хавар бид нэлээд сүржин тэмдэг­лэсэн билээ. Гэтэл энэ “хөвгүүн” бидэнд юу авчирсан бэ гэхээр зарим зүйл дээр сэтгэл дундуур байх юм. Уг нь бидэнд байсан бүхэн улам сайхан, улам төгөлдөр, илүү утга учиртай болоосой гэж бид мөрөөдөж итгэсэн билээ. Гэтэл 20 жилийн өмнө байсан юм байхгүй болчихоод өнөөдөр түүнийг дахин шинээр бий болгох хөтөлбөр, зорилго уриа болоод явж байгаа нь хачин. “Үйлдвэржилт” гэсэн уриа өнөөдөр биш 18 жилийн өмнө тавигдаж өдийд хэрэгжээд дууссан байхаар. Гэтэл энэ хугацаанд “Нураалт, буулгалт” уриа хэрэгжсэн мэт болжээ. Энэ бол хэдэн байшин нурсан, доторх машин техникийг зарж халаасалсан төдий хэрэг биш хүнийг ажилгүй болгосон, ядууруулсан, цаашлаад ирээдүйдээ итгэлгүй болгосон, архичин болгосон, өвчтэй болго­сон, ер нь хэн ч биш болгосон гэсэн үг юм. Нэг хүн ийм боллоо гэхэд цаана нь цөөнөөр бодоход гурван хүн мөн тийм зам руу орж байдаг.