Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Яобан зүрхний шигдээ­сээр нас барсан мэдээтэй зэрэг­цэн Бээжингийн Их сургууль дээр эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Оюутнуудын эрхийг хамгаалж байгаад хилсээр огцорсон гэж үзсэн оюутнууд түүнийг цагаатгахыг шаардаж байлаа. Энэ бол 1989 оны 4-р сарын 15 байв. Тэмцэл өргөжин Бээжин хотын Тянь Ань Мэн (Амгалан тэнгэр) талбайд шилжин ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг шаардсан цуглаан үргэлжил­сээр, тавдугаар сарын 13-наас эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч ихэнхийг нь эмнэлэгт аваачиж хэвтүүл­сэн байна.
 
Эсэргүүцэл бүр өргөжин Бээжингийн төв гудамжаар жагсацгаах болов. 20-нд Бээжин болон орчны бүсэд байлдааны байдал зарлав. Ерөнхий сайд Ли Пен жагсагч­дын үзэл бодол нам, засгийн бодлоготой бараг нийлж байгаа, айхтар зөрчилдөөн байхгүй гэж 25-нд телевизээр мэдэгдэв. Мэдээллийн Синхуа агентлаг оюутнууд дунд гэмт хэрэгтнүүд, үймээн дэгдээгчид орж “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” болгож замбараагүй байдал үүсгэж буй тухай зургаадугаар сарын 2-нд мэдээллээ. Зургаадугаар сарын 3-4-нд ардын чөлөөлөх армийн 10000 орчим цэрэг танк, хуягт техник хэрэглэн Тянь Ань Мэн талбайг чөлөөлж, цэрэг, цагдаа болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарав. Хэдэн хүн амь үрэгдсэн талаар одоо болтол албан ёсны тоо байдаггүй, 600-аас 3000 гэсэн тоонууд хэвлэлээр гардаг. Сичуан мужийн төв Ченгдуд гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 5-6-нд нулимс асгаруулах хий ашиглан 48 цагийн дотор дарав. Зургаадугаар сарын 9-нд Дэн Сяопин армийн командлагчдын өмнө Хятад улс хатуухан сорилтыг даван тууллаа, иймээс бид реформоо үргэлжлүүлнэ, бид хэзээ ч өөрийгөө ахин бусдаас тусгаарлахгүй гэж мэдэгдэв.
 
Баатар эр
1989 оны зургаадугаар сарын 5-нд Чанган өргөн чөлөөнд нэгэн эр 17 танкны замыг хаан зогсоов. Ердөө 40 цагийн өмнө армийн танкууд Тянь Ань Мэн талбайд жагсагсдыг зэвсгийн хүчээр дарсаны дараа шүү дээ. Эхний танк түүнийг тойрч гарахыг оролдсон боловч зоригт эр хаагаад явуулахгүй байв. Бүр танкан дээр авирч гаран цэргүүдэд ямар нэг юм хэлэх ажээ. Гэнэт хажуугийн гудамжнаас хэсэг эрчүүд гарч ирэн түүнийг авч одлоо. Энэ нь түүнийг хамгаалах гэсэн иргэд байжээ. Хэрвээ аюулаас хамгаалахынханы гарт орсон бол цэргийн шүүхээр ороод буудуулах байсан биз. Энэ хүн магадгүй одоо ч амьд хаа нэгтээ яваа байлгүй. Армийнхан талбайгаас 300 метрийн зайнд хамгаалалтын бүс тогтоогоод үүн рүү нэвтрэгсдийг шууд л буудаж байлаа.
 
BBC, CNN –ийн таван сурвалжлагч энэ үйл явцын зургийг “Бээжин” зочид буудлын тагтнаас авсан боловч нэгэн дээр нь ч уг хүний нүүрийг хэн ч харж чадсангүй. Чарли Коле хожим World-Press-Foto шагнал авах үеэрээ зургийн хальсаа яаралтай жорлонгийн ус хураагуурт нууснаа дурсаж байв. Хагас цаг хүрэхгүй хугацаанд аюулгүйн албаны ажилтнууд өрөөнд нь орж ирэн бүх хальсыг нь хураасан боловч нуусан хальсыг мэдээгүй байна. AP-зурагчин Жэфф Виденер ч хальсаа Бээжингийн AP-оффистоо авчирж дөнгөсөн ба хэдэн өдрийн дараа дөрвөн танкны өмнө зогсох эрийн зураг хэдэн зуун сонинууд дээр гарчээ. Цагийн ялгаанаас болоод уг зургийг 5-нд хүлээн авсан АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Хятадад зэвсэг худалдаалахыг хориглов. Тэрээр энэ эрийн зоригийг биширч зэвсэггүй энэ эсэргүүцлийг бид их удаан санах болно гэж мэдэгдэж байлаа. 10 жилийн дараа „Time Magazine“ үүнийг “нэр нь үл мэдэгдэх тэмцэгч” гэж нэрлээд 20-р зууны 100 алдарт хүний нэгээр шалгаруулж байв.
 
Энэ баатрын тухай хэн ч тодорхой мэддэггүй ба барууны хэвлэлүүдээр Ван Вэйлин гэсэн нэр тархсан ба Хятадын аюулгүйн алба 400 гаруй ийм нэртэй хүнийг олж тогтоон шалгасан боловч тэдэн дунд алга байжээ. Намын дарга Зян Зэмин 1990 оны 5-р сарын 2-нд АНУ-ын сэтгүүлч Барбара Валтэрст „I think never killed.“ буюу түүнийг ерөөсөө алаагүй гэж англиар мэдэгдсэн байдаг. Хятадын уншигчид энэ тухай мэдээлэл тун бага авсан. Хятадын албад ердөө л хоёр жилийн өмнө хүртэл энэ зургийг гадаадын бүх телевизийн мэдээллээс хасаж, зочид буудлуудаар худалдаалагдах гадаадын сэтгүүлүүдийн хуудаснаас зургийг нь тасдан авдаг байв. Хятадын интернет ертөнцөд өнөө ч муур хулгана болж тоглосоор байгаа, блогчид зурмал зураг тавих болжээ.
 
Гэмшсэн нь
Жан Шижуан Хятадын намын дарга Ху Жинтаод 10 удаа захидал илгээжээ. Өнөөдөр 38 настай тэрээр 1989 оны зургаадугаар сарын 4-нд жагсагсчдыг дарахад оролцсон цэрэг байжээ. Тэрээр захиандаа “улс төрийн болон ёс зүйн ухаалаг шийдвэр гаргаж” одоо нэгэнт “үндэстний эмгэнэлт явдлын” тухай ард түмэнд үнэнийг хэлж цагаатгах цаг болсныг гуйж хүсдэг ажээ. Жан өөрийн захиагаа нэр, хаяг, утасны хамт интернэтэд тавьж үүндээ “би бичсэн зүйлийнхээ хариуцлагыг даана” хэмээн тодотгожээ. Янз бүрийн гэрчийн мэдүүлэг байдаг боловч Хенанд байрладаг 54-р армийн бүлгийн шилмэл ангид алба хаасан нөхдөөс анх удаа ийм явдал гарч байгаа юм. Нийслэлд жагсаал цуглаан ихэссэнээс 4-р сарын 20-нд тэднийг Бээжинд татан авчирж байрлуулжээ. Тэдэнд байлдааны сум тавьж өгөлгүй, ард түмнийг өөрсдийн эцэг эх шигээ, оюутнуудыг ах дүү нар шигээ үзэхийг уриалж байв.
 
Гуравны шөнө бүх юм эсрэгээрээ эргэж, байлдааны сум тавьж өгөөд Тянь Ань Мэн талбайд нэвтрэх тушаал өгсөн ба бусад ангиуд баруун, зүүн талуудаас ирэв. Бэхлэлтэнд орсон тэмцэгчид тэднийг чулуугаар шидэн бэртээж байсан боловч тэдний ангийнхан зөвхөн агаар луу буудаж байсан гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгджээ. Оюутнуудыг баруун өмнө зүгээс нь хааж зогсох үеэр цусандаа хутгалдан үхсэн хүн харсан, нарийн ярихад “хэцүү байна” гэж хэлжээ. Энэ үйл явдлын дараа халагдах өргөдлөө өгсөн түүнийг “хөрөнгөтний либерал“ үзэл гаргасан, “онц байдлын арга хэмжээг гүйцэтгэхээс татгалзсан” гэдэг шалтгаар армиас халжээ.
 
Тэрээр 1992 онд хоёр нөхрийн хамт судалгааны бүлэг байгуултал “нам болон социализмын эсрэг гэмт хэрэг өдүүлсэн” ял тулгагдаж 3 жил хоригдохоор шийтгүүлсэн ба одоо үүнийгээ цагаатгахыг шаардаж буй ажээ. Зургаан сарын 4-ний хэрэг явдлыг сануулан Бээжинг шүүмжлэгчдэд түүний адил явдал тохиолдох боллоо. Тянь Ань Мэнийн жагсаалд оролцож байсан, эрх чөлөөний төлөөх “Харти 08” тунхагийг зохиогчийн нэг Лиу Ксиаобо 12-р сарын 8-наас хоригдсон бөгөөд цагдаагийн хуулиар түүнийг 100 хоног хорьж болох ба өөрөөр хэлбэл 20 жилийн ой өнгөртөл хорьж чадна гэсэн үг. Хятадын дунд давхаргынхан “амьдралын түвшин болон нөлөө” нь өссөөр байсан цагт энэ асуудлыг сонирхдоггүй бөгөөд одоогийн эдийн засгийн хямралтай үед тэднийг өөрсдийн эсрэг хандуулахгүйн тулд Бээжингийн удирдлага зургаадугаар сарын 4-тэй холбоотой олон нийтийн шахалтанд их эмзэг ханддаг. Бээжин өнөө болтол тэр үеэр амь үрэгдсэн хүний тоог зарлаагүй байгаа. Тэр үед алагдсан 190 хүний эхчүүдийн холбоог байгуулсан Профессор Дин Зилин Засгийн газраас тайлан тавихыг шаардаж, Бээжингийн цэргийн эмч Жан Янёнг нөхөн төлбөр хийхийг Ху Жинтаогоос шаарджээ. 2003 онд Sars-ыг илчилж байсан тэрээр 2004 онд армийнхан 1989 онд жагсагчид руу тэсрэх сумаар буудаж байсныг мөн нийтэд дэлгэсэн билээ.
 
Хэдийгээр төрийн албад интернетийг хатуу хянаж байгаа боловч гадаадад амьдарч буй Ван Дан зэрэг Тянь Ань Мэний оюутны хөдөлгөөний удирдагчид хуурамч нэрээр блогуудад ажиллаж байгаа нь мэдэгдсэн нь Бээжинг цочроосон байна.
 
М.Горбачевоос болоод
1959 онд Бээжин Москвагийн харилцаа муудсанаас хойш анх удаа өндөр дээд хэмжээний айлчлал болох Зөвлөлтийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачев 1989 оны 5-р сарын 15-нд Хятадад айлчлан ирэхэд түүнийг онгоцны буудал дээр бараг олон нийтийн оролцоогүй ёслол үйлдэн хүлээн авчээ. М.Горбачев айлчлан ирж Хятад, ЗХУ-ын харилцаа 30 жилийн дараа ахин сайжирч ирэх болсон боловч эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод Горбачев Маогийн мавзолейг үзэж чадсангүй. Маогийн залгамжлагч Дэн Сяопин түүнтэй хамтарч хоёр орны харилцаанд түүхэн эргэлт гаргахаар 1988 оны 12-р сараас эхлэн үүнд бэлдсэн боловч хотын төв дэх жагсаал хяналтаас гарсан тул энэ нь аргагүйдсэн арга хэмжээ байжээ. Түүний айлчлал хоёр долоо хоногийн дараа болох цуст хэргийн эхлэл болжээ. Түүний шинэчлэгч бодлого нь зүүн европын орнуудад хувьсгал гаргахаас хэдхэн сарын өмнө тэрээр Хятадыг эсрэг хөдөлгөөнд оруулжээ. Жагсагчдыг харгислан дарсан ба Зүүн Европын засгийн газрууд дэнжигнээд ирэх үеэр “хятад маягийн” аргаар шийдэх вий гэсэн айдас хожим байсаар байлаа.
 
М.Горбачев 1995 онд хэвлэгдсэн “Дурсамж”-даа дараахи зүйлсийг бичсэн байна. Бээжинд буухын өмнөхөн Тянь Ань Мэний талбай 5-р сарын дөрөвнөөс хойш жагсагчдаар дүүрэн байгаа тул албан ёсны хүлээн авах ёслол онгоц­ны буудалд болох болсныг радио мэдээгээр авчээ. Түүнийг жагсагчидтай уулзуулахгүй байхаар бүхнийг зохион байгуулж, хэдийгээр оюутнууд түүнийг баатрын хөшөөнд цэцэг өргөхөд саад хийхгүй гэж ойлгуулсан байсан ч хотын төвөөр түүнийг ер оруулсангүй. Магадгүй би тэнд очвол уур амьсгалыг бүр гааруулна гэдгээс эрх баригчид болгоомжилсон байх. Ийм явдал БНХАУ-ын түүхэнд байгаагүй юм.
 
Хүч чадлаа мэдрүүлэн “Том ахтайгаа” харилцаагаа хэвийн болгохоор төлөвлөж байсан Бээжингийн удирд­лага энэ үнэхээр шившигт явдал гэж үзжээ. Ихэд бухимдацгаасан тэд 15-ны шөнө л М. Горбачевийг онгоцны буудал дээр угтах шийдвэрээ гаргажээ. 80 оноос хойш төрийн хүлээн авах ёслол болоогүй онгоцны буудлын тугны иш зэвэрсэн байсан ба улаан хивс хайгаад ч олдсонгүй тул М. Горбачевийг бетон талбай дээр хүлээн авав.
 
Төрийн өндөр дээд зочдыг хүлээн авдаг байр луу явах замд “ил тод байдал болон өөрчлөн байгуулалтын эцгийг” харах гэсэн үй олон хүмүүс тааралдана. Ёслолын албанд ажиллаж байсан Ма Ваофэн “Горбачев хэд хэдэн удаа зогсож хүмүүстэй гар барихыг шаардсан. Яагаад баяр хүргэж буй олонтой уулзаж болохгүйгээ тэр ойлгохгүй байсан” хэмээн дурсчээ. Маргааш нь ард түмний их танхимын арын хаалгаар орж ирсэн М.Горбачев Дэн Сяопинтэй түүхэн уулзалтаа хийжээ. Орой болсон төрийн хүлээн авалт дээр ийм жагсаалыг ухаалгаар энх тайвны аргаар шийдэх ёстой гэж Хятадын намын дарга Зян Зэминтэй санал нийлж байв. Гэвч бүх юм өөрөөр эргэсэн. Нэгдүгээр сард хэвлэгдсэн “Коммунист намын түүхэн товчоо 1978 оны 12-р сараас 2008 оны гуравдугаар сар” номонд 5-р сарын 16-ны шөнө Төв хорооны байнгын хорооны “яаралтай хуралдаан” болсныг бичжээ. Эндээс намын дарга Зян Зэминий эсэргүүцлийг үл тоон “оюутнуудад бууж өгөлгүй, Тянь Ань Мэн дэх замбараагүй явдлыг дуусгах” тухай шийдвэр гаргажээ.
 
Улс төрийн товчоо маргааш нь Зян Зэминий огцрохоор сүрдүүлснийг тоолгүй Бээжинд дайны байдал зарлах шийдвэр гаргав. Онц байдлыг Горбачев явсны дараа 5-р сарын 19-ний орой Ерөнхий сайд Ли Пэн албан ёсоор зарлав. Бүх эрх мэдлээ нэгэнт алдсан намын дарга Зян 19-ний өглөө өлсгөлөн зарлагчид дээр ирэн хэтэрхий оройтон ирж буйгаа уйлан хүлээсэн гэдэг. Энэ үйл явдлын тухай түүний бодлыг тавдугаар сарын 14-нөөс эхлэн нууцаар хөтөлсөн тэмдэглэлээс нь уншиж болно. 15-нд Горбачев төрийн айлчлалаар ирнэ гэж мэдэж байсан оюутнууд байдлыг буруу тооцоолсон байв.
 
Эсэргүүцлийн жагсаалаа өлсгөлөнгөөр өргөжүүлэн Бээжингийн удирдлага тэдний шаард­лагыг хүлээн авна гэдэгт гэнэнээр итгэн, тэгсэн цагт талбайг орхин явахаар төлөвлөж байжээ. 14-нд хэлэлцээ хийсэн боловч бүтсэнгүй. 12 либерал сэхээтнүүд зуучлахыг оролдсон боловч мөн амжилт олсонгүй. Зуучлагчдын нэг доцент Лиу Ксиаобао тэдэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн оюутнуудтай цуг үлдэн хожим зургаадугаар сарын 4-ний өглөө цэргүүд тэднийг бүсэлмэгц залуусыг чөлөөтэй гаргахаар армийнхантай хэлэлцээ хийсэн дөрвөн хүний нэг билээ. Өнөөг хүртэл ардчиллын төлөө тэмцсээр буй түүнийг хэд хэдэн удаа барьж хорин шийтгэсэн ажээ.