Гинжин урвал буюу харшил
Хотынхны "толгойн өвчин", харшил
- Харшилтай гэдгээ яаж мэдсэн бэ?
- Би хөдөө гадаа их явдаг болохоор хэрийн зүйлээс сэжиглэж цээрлээд байдаггүй л дээ. Дөрвөн жилийн өмнөөс зун хөдөө очихоор хамар битүүрч, нулимс гоождог боллоо. Хотын угаарт байсаар байгаад цэвэр агаарт гарахаар ингэж байна гэж бодоод явсан юм. Гэтэл цаг, тэлээ, металл зүүлт зүүсэн хэсгээр тууралт өгөөд байх болсон. Харшил байж магадгүй гэж хүн хэлэхээр нь сорил тавиулаад харшилтай гэдгээ мэдсэн дээ.
- 11 төрлийн харшлын өвчтэй байна гэхээр сонин юм. Ийм олон зүйлээс харшил авч байгаагаа өөрөө анзаараагүй гэж үү?
- Хүний бие нэг нь нөгөөгөөсөө байнга хамааралтай байдаг нарийн нандин бүтэц юм байна. Монгол эрчүүд хээгүй, гүдэсхэн гэж өөрсдийгөө нэрлээд биеэ гаргуунд нь хаячихдаг хүмүүс. Анх ургамлын тоосноос харшил авч байснаа нарны, металлын харшил гэж нэмэгдсээр сүүлдээ бүүр тэжээж байсан загасныхаа үнэрийг ч авч чадахаа больсон. Даруй эмчилгээ хийлгэхгүй бол газар авдаг аюултай шүү. Ажиглаад байхад манайхны зарим нь харшлыг туураад алга болчихдог гээд тоодоггүй. Би өөрийн бие дээрээ харшлын зовлонг үзлээ. Эртхэн арга хэмжээ авахгүй бол хэцүү өвчин. Хүний бие ямар нэг зүйлд мэдрэмтгий байвал түүнийгээ дагаад дархлал нь муудаж гаднаас орж ирэх бүхэнд дасан зохицохгүй шууд эсэргүүцэл үзүүлж байгаа гэсэн үг юм байна лээ.
- Одоо ямар эмчилгээ хийлгэж байна?
- Харшлыг төгс эмчлэх аргыг дэлхийн анагаах ухаан олоогүй гэсэн. Нарны харшил одоо ингээд эхэлнэ. Урьдчилан сэргийлэх эмчилгээгээ хийлгэчихээр ид нарнаар гайгүй байдаг. Тэгээд л харшаад байгаа зүйлүүдтэйгээ аль болох харьцахгүйг хичээх юм аа. Ямар ч өвчнөөр өвдсөн хойноо бус өмнө нь сайн урьдчилан сэргийлбэл мөнгө төгрөг, цаг хугацаагаа дэмий үрэхгүй шүү дээ.
Гаднаас орж ирэх бүхий л зүйлсийг хүний бие өөр өөрийнхөөрөө гэж танин мэдэж хүлээн авдаг, эсвэл хариу үйлдэл үзүүлдэг. Хүний дархлалын систем биднийг хүрээлэн буй орчны хамгийн энгийн зүйлд эсрэг хариу өгч эхэлдгийн гол буруутнуудын нэг нь гестамин нэртэй бодис юм. Харшлын хариу урвал эхэлсэн үед гестамин болон түүнтэй ижил бодисууд цусанд их хэмжээгээр орж ирдэг. Ингэснээр биеийн янз бүрийн эд эс өөрчлөгдөн судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарч арьс улайна. Хамар, залгиурын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг байна. Үүнийг бид харшил гэж нэрлэдэг.
Харшил өдрөөс өдөрт нэмэгдсээр байна
Ажил хэрэгч, ялангуяа гадна дотны өндөр албан тушаалтнуудтай байнга харьцдаг хүмүүст аллерги толгойн өвчин болж байна. Толгой өвдөх, нус гоожих, нулимс асгарах гээд эрхэм зочдынхоо өмнө маш эвгүй байдалд орох тохиолдол цөөнгүй. Тухайн үедээ дур мэдэн эм ууж ганц нэг хоног санааширч байгаад л мартаж орхидог.
Монголчууд бид эрүүл мэнддээ тэр бүр анхаарал тавьж угаасаа сураагүй. Бага зэргийн өвчнийг бол бүр ч тоодоггүй. Өвчин нь хүндэрч болохоо байсан цагт нэг юм эмнэлгийн бараа харна.
Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөнгүй. Тун удахгүй улиасны үр хийсч эхэлнэ. Хөвөн шиг цагаан зүйл хамар руу орж түүнээс болж айхтар харшил өгдөг. Бидний идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн химийн ямар нэгэн элементийг агуулж байдаг. Хүн байгалийн бүтээгдэхүүн. Байгалиасаа холдож хөндийрөх тусам гайхал харшил хүрээгээ тэлсээр байна. Хотжилтын өвчин гэгддэг харшлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, эрхэм уншигч таныг өөрийн эрүүл мэнддээ цаг заваа харамгүй зориулаасай гэсэн үүднээс энэ удаагийн хавтасны сэдвээр харшлыг онцоллоо.
Харшлын үүсэл
Харшил буюу аллерги гэсэн нэр томъёог Австрийн хүүхдийн их эмч К.Пирке 1906 анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Тэрээр энэ үгийг гадны нөлөөг бие организм “хурцаар” хүлээж авах гэж тайлбарласан байдаг. Харшил гэдэг нь хүний бие гадны хүчин зүйлд эмзэглэн хэт цочмог, хүчтэй хариу үзүүлж байгаа хэрэг юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшдаг бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт 10 жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байна. Нийт насанд хүрэгчдийн таван хувь, хүүхдийн 15 хувь нь харшилтай гэсэн тооцоо хийжээ.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд харшлын улмаас эмчид хандаж буй хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 92 хувь нь хамар, нүдний зовиур хавсарсан, гурван хувь нь гуурсан хоолойн багтраа өвчнөөр хүндэрсэн гэсэн дүнг харшил судлаач эмч Н.Раднааханд гаргажээ. Харшлыг хайхрахгүй явах, эсвэл ямар нэгэн өөр төрлийн өвчинтэй андууран цаг алдах нь амь насанд ч аюул занал авчирдаг.
Харшил хэрхэн илэрдэг вэ?
Урд нь хэрэглэж байсан зүйлээ дахин хэрэглэхэд харшил өгөөд байна гэсэн “гомдол” эмч нарт их ирдэг аж. Зарим харшил нь гэнэт гарч ирээд гэнэт алга болдог. Түмэн, 64 настай: - Өглөө эртлэн босч ногооныхоо талбай дээр ажиллана гэдэг нас дээр гарсан миний хувьд жаргал. Энэ жил жаахан зэрлэг зулгаахад л нус нулимс гоожоод, заримдаа ажил хийх ч тэнхээгүй болоод байна. Би тэтгэвэртээ гарснаасаа хойш жил бүр л ногоо тарьдаг. Урд нь ийм зүйл тохиолдож байгаагүй. Зарим өдөр илүү их зовиуртай байдаг бол хааяа зүгээр болчихдог.
Дээрх асуултад бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө авлаа.
Энэ нь тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй шууд холбоотой. Жирэмсэн эх, өндөр настан, бага насны болон нярай хүүхэд олдмол харшилд өртөх нь элбэг байдаг. Биеийн эсэргүүцэл муудаж гадны зүйл орж ирэхэд хүлээн авч чадахгүй бууж өгч байна гэж ойлгож болно. Тогтмол цаг хугацаанд илрээд байдаггүй ч гэнэт гарч ирээд алга болдог харшлыг “Чонон хөрвөс” гэж нэрлэдэг. Энэ нь халууцах, даарах үед гарч ирээд өөрөө алга болчихдог, юунаас болсон нь мэдэгдэхгүй дахиад гараад ирдэг дахилт ихтэй харшлын өвчин юм. Тиймээс даруй харшлын эмчид хандаж биечлэн зөвлөгөө аваарай.
Долоогоос дээш хоногоор үргэлжилсэн шуухитнаа ханиад эмэнд дарагдахгүй байвал харшлын эмчид хандаарай. Харшил үүсгэгч буюу аллергийг арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, элиминационны тестүүд, хүйтэн ба халууны сорилуудаар тодорхойлдог байна.
Харшлын эх үүсвэрийг хэд хэд ангилж үзэх боловч манай оронд ургамлын тоосонцрын, хоолны, эмийн, гэрийн тоосны харшлууд амбулаторийн үзлэгийн дийлэнхийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.
Харшлыг илрэх шинжээр нь дөрөв ангилдаг. Түүний дотроос доорх хоёр ангилал нь түгээмэл тохиолддог байна.
“Шууд илэрдэг харшлыг нэгдүгээр зэргийн харшил гэж нэрлэх нь бий. Энэ тохиолдолд харшил үүсгэгч биед орсноос тав, арван минутын дараа найтаах, нулимс гоожих зэргээр биед хариу урвал шууд илэрнэ. Шууд алерги нь шарилж, ургамлын тоосонцор, шавьж хорхойн хор, хүнсний зарим бодис, эмийн үүдэлтэй байдаг. Мөн харшил нь хөгцний тоосонцор, гэрийн тэжээмэл амьтны үс ноос, тоосны хачиг, резинэн материалиас үүсч болно.
Харшлын урвалын хамгийн хурц хэлбэр бол анафилатик шок юм. Ихэнхдээ хүн өөрт таарахгүй эм хэрэглэх, зөгий зэрэг элдэв амьтанд хатгуулж хазуулсны дараа үүсдэг. Анафилатикийн шоконд орсон үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн судасны даралт огцом буурдаг байна. Мөн судасны лугшилт маш сул болж, царай цонхийн хүйтэн хөлс асгарна. Ингэж шоконд орсон үед яаралтай тусламж авахгүй бол амь алдах аюултай.
Харин харшлын нөгөө нэг хэлбэр бол харшил үүссэн шинж тэмдэг хэд хоног өнгөрсний дараа илрэх тохиолдол юм. Ийм харшлын ангилалд металл (никел, шүдний ломбонд ордог металын хольц), хувцас, савхи, үсний будаг, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнд ордог хольцууд, резинэн материалаас үүдэлтэй харшлууд багтдаг. Шууд бус илэрдэг харшлын үед цусны цагаан бөөмс арьсанд ихээр цуглардаг бөгөөд харшил өгдөг бодис хэрэглэсний дараа хоёроос гурван хоногийн дараа арьс загатнах, цэврүү маягаар пөмбийж улайх зэргээр илэрнэ. Одоогоор ийм харшил үүсгэж магадгүй 3.000 орчим төрлийн бодисыг дэлхий нийт илрүүлээд байгаа аж.
Харшил юунаас болж үүсдэг талаар та мэдэх үү?
Удамшил, хоол хүнсний зохисгүй нөлөө зэргээс гадна стресст ихээр орох, тамхи татах, хүүхдээ сүү орлуулагчаар тэжээх зэрэг нь харшлын эх үүсвэрийг тавьж өгдөг байна.
Хэтэрхий цэвэрч байх нь харшлын нэг шалтгаан
Хэт цэвэр орчинд хүүхэд өсөх нь олдмол харшилтай болоход нөлөөлдөг гэсэн судалгааг зарим эрдэмтэд дэвшүүлээд байна. Тэдгээр эрдэмтэд хүүхэд байгаль, газар шороотой ойр, тодорхой хэмжээний бохир орчинд ойр өсөх нь биеийн эсэргүүцлийг хөгжүүлдэг гэсэн үндэслэлийг гарган тавьжээ. Хэт цэвэрхэн, байгалиас хөндий өсөх нь хүүхдийн төрөлхийн эсэргүүцлийг унтраадаг бөгөөд ингэж эсэргүүцэл дорой өссөн хүүхэд хүрээлэн буй орчныхоо хамгийн энгийн жижиг зүйлд ч хүчтэйгээр хариу урвал үзүүлдэг байна.
Төв суурин газар болон хөдөө амьдарч байгаа хүмүүсийн харшлаар өвдөх магадлалыг судлахад хөдөөнийхөн бараг харшлаар өвддөггүй нь тогтоогджээ. Гэвч энэ нь хогондоо дарагдаад суу гэсэн үг биш эрүүл байгальтай харьцаж, биеийн эсэргүүцлээ сайжруул гэсэн санаа юм.
Антибиотик ч бас харшил үүсэхэд нөлөөлдөг
Хүчтэй эм бэлдмэл, антибиотик ихээр хэрэглэх нь хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой, зайлшгүй хэрэгтэй бичил биетүүдийн бүтцийг өөрчлөн харшилтай болоход нөлөөлж байна гэсэн онол ч байдаг. Тиймээс таргийг өдөр тутам хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь тараг нарийн, бүдүүн гэдэсний ашигтай бактерийг үржүүлж улмаар харшлаас урьдчилан сэргийлэх нэгэн арга болдог байна. Эцэг эхийн аль нэг нь харшилтай байхад хүүхэд нь харшлаар өвчлөх магадлал 25 хувьтай бол хоёулаа харшилтай бол харшлаар өвдөх магадлал 75-80 хувьтай байдаг.
Хамгийн их тохиолддог нь ургамлын тоосонцрын харшил
Хавар, зуныг ирж яваа цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсож амарч тухлахыг эрүүл хүн юу юунаас илүүтэй чухалчилдаг. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”. Нүд улайж, зовхи нь хавагнаад хамраас шингэн нус чөлөө завгүй гоожих нь бүр ч тээртэй. Агаарт ургамал тоосоо гөвж эхлэх цагаар тоосны болон ургамлын төрлийн харшлын өвчин хөдөлдөг. Европын ихэнх орнуудад цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж. Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломжийг олгодог байна.
Шарилж хамгийн их харшил өгдөг
Дэлхийн цаг агаарын дулаарал түүний үр дагаварыг судлах ажил дэлхий даяар өрнөж байгаа.
Түүний дотор Нью-Йорк хотод танилцуулсан “Climate change futures” гэдэг судалгааны ажил хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Дэлхийн цаг агаарын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа болон туршилтыг явуулж дүгнэлт гаргажээ. Уг судалгааг Харвардын их сургуулийн дэргэдэх “Эрүүл мэнд ба амьдрах орчин” төвөөс гурван жилийн хугацаанд хийсэн байна. Түүний дотор хамгийн их сэтгэл түгшээх үзүүлэлт нь ирээдүйд ургамлын харшил болон түүнээс үүдэлтэй астма өвчин эрс ихэснэ гэсэн баримт юм. Дэлхийн агаар мандалд нүүрс хүчлийн хийн эзлэх хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж, түүнийг даган ургамлын тоосонцрын агаарт тархах хэмжээ ч өсөн нэмэгдэж байна.
Биологич Рожерс шарилж (ambrosia artemisiifolia) дээр тулгуурлан нэгэн судалгаа хийсэн байна. Учир нь энэ ургамал байшин барилгын суурь, овоолсон шороо гээд хаа л хог хаягдал байна тэнд ургадаг. Тэгээд ч зогсохгүй шарилжны тоосонцор хамгийн их харшил өгөх чанартай байдаг. Түүний тоосонцор нэг метр. куб агаарт таван ширхэг байхад л харшилтай хүнд урвал өгдөг байна. Дээрх судалгааны материалд “Дэлхийн агаар дахь нүүрсхүчлийн хий (хүлэмжийн хий) ихсэх тутам шарилж ургах хэмжээ шууд харьцаатайгаар өсдөг. Одоогийн байдлаар дэлхийн хүн ам дахь шарилжны харшлын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна” гэжээ. Ингэж шарилжны тархалт ихсэхэд шинээр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна уу эсвэл харшилтай хүний симптом улам хүчтэйгээр илэрч байна уу гэдгийг ч дахин нягтлан судалж байгаа талаараа дурдсан байна. Дэлхийн агаар дахь хүлэмжийн хийн хэмжээ өөрчлөгдөснийг Антарктидын мөсний өрөмдөлтийн судалгаанаас тогтоосон байдаг. Жишээлбэл СО2-ын хэмжээ сүүлийн хоёр зуун жилийн хугацаанд 280-аас 380 нэгж болон нэмэгджээ. Энэ нь 650.000 жилийн өмнөхөөс өссөөр хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.
Хот суурин газрын ногоон байгууламж нь хүмүүсийн аж амьдралын хамгийн үнэт хэсэг болдог. Жишээлбэл Герман улсад орчны тохижилт нь барилга байгуулалтын зайлшгүй нэгэн хэсэг болдог бөгөөд оршин суугчдын тоогоор ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайн хэмжээ хэлбэр нь батлагдаж барилгын ажил эхэлдэг дүрэмтэй. Эрүүл мэндийн байгууллага, хотын захиргаа хамтдаа шарилжны эсрэг тэмцдэг бөгөөд бас ард иргэддээ хандан “Хэрвээ хэн нэгэн хүн шарилж ургамал харагдах юм бол ийм хаягаар, ийм дугаарын утсанд залгаж мэдэгдэнэ үү” гэж нийтэд зарласан байдаг. Мэдээллийн мөрөөр дараа ногоон байгууламжийг хариуцах мэргэжилтэн ирж тоосонцор үрийг агаарт тараалгүйгээр ухан авч устгадаг ажээ.
Гэрийн тоосны харшил нь хачигны ялгадасаас үүдэлтэй
Гэрийн тоосонд “тоосны хачиг” гэгч жижиг амьтан үй олноороо аж төрдөг. Тэдгээр нь хүний арьсны хогжруу, үс ноос, бактери, мөөгөнцрийн үрээр хооллон ихэнхдээ ор дэвсгэр, хивс зөөлөн, тоглоом хувцсанд амьдардаг. Тэдний ялгадас агаарт тархах үед хүнд харшил үүсгэхийг “тоосны аллерги” гэж нэрлэдэг байна. Түүнээс биш хамраар тоос шороо ороод хүн найтааж ханиах нь тоосны харшил бус ажээ.
Хачигны харшил нь таныг насан туршид “зовоож” ч магадгүй. Хачиг нь 420 микрон урттай маш жижиг учраас энгийн нүдэнд харагдахгүй.
Нэг грамм тоосонд 10000 орчим хачиг үүрлэсэн байдаг. Гэвч хүн бүхэн үүнд харшаад байхгүй. Хэт мэдрэмтгий юмуу биеийн эсэргүүцэл муутай хүмүүст нөлөөлж харшилж эхэлдэг. Энэ хачиг нь хүчирхэг найман хөлтэй, түүгээрээ хивсний үснээс зуурах тул тоос сорогчинд ч сорогддоггүй ажээ. Нэмэх 20-30 градусын дулаан, 75-80 хувийн чийглэг орчин тэдний амьдрах, өсч үржих хамгийн боломжит нөхцөл болдог. Харин хасах 25 градуст тэрээр нэгээс хоёр цаг л тэсдэг аж. Эхээс төрсөн “нялх” хачиг дөрвөн өдрийн дотор нас биед хүрч, үржилд орох чадвартай болно. Эм хачиг гурваас дөрвөн сар амьдарч 300 орчим өндөг гаргадаг. Хачгийг устгах хамгийн шилдэг арга нь түүний амьдралын тааламжит нөхцөлийг үгүй хийх юм.
Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрч байвал гэрийн тоосны хачгаар үүсгэгдсэн харшилтай болсон гэж тооцож болох нь
• Шөнийн цагаар цээж бачуурч, ханиах, найтаах байдал давтамжтайгаар илрэх
• Намар, өвлийн цагт нус гоожих, нүд загатнаж хавагнах, нүдний зовхи хөхөлбөр туяатай болох
• Тоос сорогчтой ажиллахад хамар битүүрч, нус гоожих
• Ор хураах болон даавууг солиход найтааж ханиалгах
• Өглөө орноос босонгуут найтаах нь тогтмол давтагдаж эхэлбэл та харшлын эмчид даруйхан хандаарай.
Гэрийн тоосны харшилтай болчихсон бол доорх зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй
• Гэрийнхээ шороо тоосыг тоос сорогчоор цэвэрлэж манаруулснаас чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж занших
• Тоосны хачиг халуун, дулаан чийгтэй орчинд амьдарч үрждэг. Нэн ялангуяа орны гудсанд олноор үрждэг тул унтлагын өрөөг аль болох сэрүүн байлгаж, гудсыг тогтмол гадаа наранд тавих хэрэгтэй
• Тоосны хачиг нь хүний гуужсан арьсаар хооллодог. Тиймээс унтлагын хувцас өмсөж заншаарай.
• Гудасны өнгө, цагаан хэрэглэл, унтлагын хувцсаа нэмэх 60 градусын халуун усаар угаах хэрэгтэй
• Угааж цэвэрлэдэггүй зөөлөн тоглоомыг гялгар уутанд хийн хөлдөөгчинд 24 цаг болгоход тоосны хачиг бүрэн үхдэг.
• Буйдан худалдаж авахдаа давуун бус савхин бүрээстэйг сонгоорой
Нарны харшил хэзээ эхэлдэг вэ?
Нарны харшил нь зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилдэг. Хэт мэдрэг арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг.
Шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч маш зовиур шаналгаатай болдог. Нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой гэж мэргэжлийн эмч хэлж байна. Харин манайхан харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Эсвэл эмчид ханддаг. Нэгэнт л нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх нэг арга юм. Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас өмсөж, нүдний шил, саравчтай малгай тавих хэрэгтэй.
Зарим төрлийн харшлын үед юу анхаарах вэ?
Хөгцний харшилтай хүн гэр орныхоо хана, ариун цэврийн өрөөндөө хөгц байгаа эсэхийг байнга шалгаж цэвэрлэн засварлах хэрэгтэй. Хуурай чийггүй газар хөгц ургахгүй тул өрөө тасалгаандаа тогтмол салхи оруулж бай.
Тасалгааны ургамлын шороонд хөгц ихээр ургадаг. Шороог байн байн солих шаардлагатай. Хэрэв ингэж амждаггүй бол тасалгааны ургамлаас бүрэн татгалзаарай. Заавал таримал ургамалтай байя гэвэл чийггүй нөхцөлд амьдрах чадвартай кактус зэрэг ургамлыг сонгох нь зүйтэй.
Харшлын астматай үед хүч тамир шаардахааргүй, усанд сэлэлт зэрэг спортоор хичээллэх хэрэгтэй. Хүйтэн нөхцөлд цана, чарганы спортоор хичээллэж болохгүйг анхаараарай. Мөн амьсгалын замын халдварт өвчнөөс онцгой сэргийлж, өвөл ам хамраа зузаан ороолтоор ороож хүйтэн агаараар шууд амьсгалахгүй байх нь чухал.
Гэрийн тэжээмэл амьтны үснээс харшилтай бол та хайртай амьтнаа ойр дотныхондоо өгөөрэй. Хэрвээ өөр байранд нүүж орохоор бол өмнөх айлын байрыг сайн цэвэрлэж хялгас үснээс нь цэвэрлэх нь зүйтэй. Зөвхөн амьтны үс ноос гэхгүй олон жил тэжээсэн хайртай загаснаасаа харшил авдаг тохиолдол ч гардаг.
Диатезтай хүний арьсан дээрх бактерийн тоо эрүүл хүнийхээс 100-1000 дахин ихэссэн байдаг. Тиймээс хувцас аль болох зөөлөн, даавуун байх хэрэгтэй. Синтетик болон арзгар хувцас бие үрж улам загатнуулна. Хувцас бие барьж болохгүй, салхи оруулахаар өргөн зайтай байх нь танд илүү тааламжтай байна. Барууны зарим орнуудад арьсны харшилтай хүмүүст мөнгөжүүлсэн даавуугаар хийсэн хувцсыг эмнэлгийн даатгалаар өгдөг. Учир нь мөнгө бактерийн өсөлтийг зогсоодог байна.
Резиний харшилтай хүн ховор тохиолддог ч эмчид хандагсдын дунд нэлээд их хувийг эзэлдэг. Бид өдөр тутмын амьдралдаа резинийг өргөнөөр хэрэглэдэг. Энэ харшлаар өвчлөгсдийн нэлээд хувийг цэвэрлэгээний ажилтнууд эзэлдэг. Ийм хүмүүс гараа хамгаалж резинэн бээлийн дотуур цэвэр даавуун нимгэн бээлий давхар хэрэглэх шаардлагатай бөгөөд гараа аль болох хуурай байлгах шаардлагатай.
Харшлын эмчилгээний сониноос
Биеийн эсэргүүцлийг дасгах эмчилгээ - Өндөр хөгжилтэй орнуудад харшлыг эмчлэхдээ өвчтөнд харшил үүсгэгч өвс ургамлын хандыг хамгийн бага тунгаас хэвийн өдөр тутмын амьдралд тохиолдох хэмжээ хүртэл тарьж дасгадаг байна. Нэгэн жишээ дурдъя. Өвс ногоотой газар хүү минь тоглоод ирэхээрээ хамар нь битүүрч, нүднээс нь нулимс гараад яг л ханиад хүрчихэв үү гэмээр шинж илэрдэг байлаа. Эмч үзэж харшлын төрлийг нь тогтоогоод эмчилгээ хийсэн. Харшил өгөөд байгаа тэр өвсний хандаар нь гурван тариулсан. Энэ хавар харшил нь илэрсэнгүй бодвол тэр харшил өгдөг өвсөндөө бие нь дасал болсон бололтой гэсэн ярилцлага Германы нэгэн сэтгүүл дээр гарсан байна. Энэ эмчилгээ нь эмчийн хяналт дор, нарийн горимоор явдаг аж.
Сүүний харшилтай хүү тав хоногт эдгэжээ - Сүү болон сүүн бүтээгдхүүнийг амсахад л Александр хүүгийн хоолой хөөн амьсгаа авч чадахгүй болж бахарддаг байж. Адреналин тариагүйгээр хүү гэрээс гарах ч аргагүй. Сүүний харшилтай ийм нэгэн Австрали хүүг Германы Ейна хотын харшил судлалын эмнэлэгт тав хоногийн дотор эмчилжээ.
Хүүд нэг сая дахин шингэрүүлсэн сүүг эмчилгээ эхлэхэд өгч 20 минут болгонд доозыг хоёр дахин нэмэгдүүлсээр биеийг нь дасгасан байна. Дөрөв дэх өдөр гэхэд хүү шингэрүүлээгүй сүүг зүгээр уух хэмжээнд бие нь дассан аж. Ингэж аливаа зүйлийг шингэрүүлж эмчилгээ хийх аргыг хомёопат эмчилгээ гэдэг. Сүүлийн үед ингэж нэг молекулаар эмчлэх арга барууны эмнэлгүүдэд өргөн дэлгэрсэн бөгөөд oral rush гэж нэрлэдэг.
Биеийн эсэргүүцлийг ингэж бага багаар сүүнд дасгаснаар Александр хүү өдөрт 100—200 мл цэвэр сүү уудаг болжээ. Хүнсний харшил дотроос сүү бол хамгийн хяналтанд байж болох бүтээгдэхүүн. Учир нь сүүний доторх бүтэц тогтмол байдаг байна.
Зарим хүн хэдхэн молекулаас харшлын реакци үзүүлдэг тул дасгах эмчилгээг зөвхөн эмчийн хяналт дор хийдэг байна.
Сэтгэл санаагаар эмчлэх - Энэхүү арга нь хамгийн энгийн бас үр дүнтэй арга юм. Харшил нь угаасаа биеийн эсэргүүцлээс хамааралтай хариу үйлдэл шүү дээ. Хэрвээ та харшилтай, түүнийгээ эдгэхгүй нь гэж хэт санаа зовох юм бол харшил сэдэрч одоо байгаагаасаа ч дордох магадлалтай. Харин үүний оронд аль болох сэтгэл санаагаа тогтвортой байлгаж өөрийн харшдаг зүйлээсээ хол газар амарч, бие сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй.
Арьсны харшил ч сүүлийн үед элбэгшиж байгаа
Улсын клиникийн төв эмнэлгийн харшлын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр Т.Рэгзэдмаатай ярилцлаа.
- Харшлын өвчлөл манайд ямар байгаа вэ? Юуны харшил зонхилж байгаа бол?
- Харшил хөдөлдөг ид үе бол хавар зун. Тэр тусмаа тоосны, ургамлын гаралтай харшил дөрөвдүгээр сарын сүүлээс есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Хүмүүс ихэвчлэн ханиад хүрчихлээ гээд дур мэдэн эм уудаг. Нүднээс нулимс гоожоод байна гээд нүдний эмчид ханддаг. Үүнээс болж цаг алдаж хүндрүүлээд хамгийн сүүлд бидэнд ханддаг. Ингэж цаг алдсанаас болж гуурсан хоолойн үрэвсэл болж хүндрүүлэх тохиолдол элбэг. Арьсны харшил ч сүүлийн үед элбэгшиж байгаа. Гадаадаас импортолж байгаа элдэв амттан, химийн найрлагатай өнгө оруулагч бодис ихээр агуулсан ундаа,чихэр, жимс харшил өгдөг. Энэ төрлийн харшлаар хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгаа. Хамгийн хүнд харшил бол эмийн харшил. Манайхан өөрсдөө дур мэдэж эм уудаг. Үүнээс болж зүрх зогсох, арьсны хучуур эд тэр чигээрээ гуужих зэрэг маш хүнд байдал үүсдэг.
- Харшил тодорхойлох сүүлийн үеийн арга, технологи, багаж манайд бий юү? Харшилтай эсэхээ тодорхойлуулахад хэр хүндрэлтэй байдаг вэ?
- Анх манайд арьс зурах сорил тавьж харшил тодорхойлдог байсан. ДОХ зэрэг цусаар халдварладаг өвчнөөс сэргийлэх, мөн хүмүүс арьсаа гэмтээх дургүй болсон зэргээс шалтгаалаад энэ аргыг хэрэглэхээ больсон. Бас судаснаас цус авч тодорхойлох арга бий. Энэ нь өртөг өндөртэй болохоор дундаж, түүнээс доош амьдралтай хүмүүс тэр бүр хийлгэж чаддаггүй. Харин арьс хатгах сорил хямд төсөр, 15 минутын дотор юунаас харшилтай болохыгоо мэдэж болдог давуу талтай. “Гялс” төв дээр энэ сорилыг авдаг. Улсын эмнэлэгт сорил тавих боломжгүй. Учир нь сорилыг Герман зэрэг орнууд руу захиалдаг, өртөг өндөртэй. Улсын эмнэлгийн эдийн засгийн чадавх үүнийг авч дийлэхгүй байгаа.
- Сорилыг хүссэн үедээ тавиулж болох уу? Ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?
- Харшлын оргил үед болон тухайн хүний харшил хөдөлсөн үед тавьж болохгүй. 10, 11-р сард сорил тавиулах нь тохиромжтой. Сорил тавиулахаас 3-7 хоногийн өмнө элдэв эм уухгүй байх шаардлагатай. Бага насны хүүхэд, өндөр настнууд зэрэг биеийн эсэргүүцэл султай хүмүүст сорил тавихаас эрс татгалздаг. Сорил гэдэг нь тухайн харшлыг үүсгэгч бактерийн эсийг бага тунгаар арьсан дээр дусааж салст бүрхэвчийн мэдээллийг авахыг хэлдэг. Зарим хүн жил бүр харшлын сорил тавиулахыг хүсдэг. Нэг удаа сорил тавиулаад хариу нь гарсан бол ядаж 2-3 жилдээ өмнөх сорилын хариуны дагуу тохирсон эмийг эмчийн заавраар уух хэрэгтэй. Сорил бол хүсээд байхаар тийм сайхан эд биш. Нян бактер гэсэн үг шүү дээ. Дахин дахин сорил өгөх нь тийм ч сайн урьдчилан сэргийлэлт биш.
Өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй
Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжих явцад бид олон хүндрэлтэй учирч байгаа. Олон цагаар компъютер, телевиз харснаас болж нүдний хараа муудаж шил зүүдэг хүний тоо хэдэн мянгыг даваад байгаа. Харин харшил гэсэн энэ өвчин бас л их хотын амьдрал дагасан “балаг”. Байгалийн сайхан, агаарын цэвэрт, малаа хариулж, өвс ногоон дунд хөлбөрч явахдаа харшил гэдэг өвчнийг мэддэггүй байсан.
Үнэр, амт гэж салахын аргагүй сайхан чихэр, газтай ундаа, чипс нь химийн ямар нэг нэгдлийг өөртөө агуулж байдаг. Үүнээс болж бага насныхан арьсны харшилд ихээр өртдөг. Эрээн цаастай чихрээр энхрий үрсээ хуураад айлд орхиод ажилдаа явахаар гарахдаа нэгийг бодоорой. Өнөөдөр танд ажил эрхэм ч маргааш хүүгийн тань эрүүл мэнд юу юунаас илүү шүү дээ.
Та өөрийгөө хайрлаж, цаг зав гарган эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Нэг л мэдэхэд бидэнд хандсан залуу шиг 11, түүнээс олон төрлийн харшлаар өвчлөхгүй гэх газаргүй. Хотжилт улам бүр ихсэж, нийслэл хот сая гаруй иргэнтэй болсон. Том хотын хэмжээнд очиж байгаа ч том хотын зовлон биднийг ч бас тойрохгүй. Хамгийн том баялаг бол эрүүл мэнд. Ямар ч өвчнөөр өвдсөн хойноо эмчлүүлэх бус урьдчилан сэргийлэх нь цаг зав, мөнгө төгрөгт хэмнэлттэй.
Дэлхийд уур амьсгалын дулаарал, нефтийн хомсдол, ДОХ-ын дараа орохуйц том асуудал болоод байгаа харшил хэзээ ч бүрэн төгс эмчлэгддэггүй гэдэг. Гэсэн ч харшилтай тэмцэхдээ дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлтийг буй болгогч зүйлсийг саармагжуулах маягаар эмчилгээ хийдэг байна. Хэрвээ цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд хүргэх боломжтой аж.