1. Удиртгал
 
  2007 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголд яг юу болов? Оросын Россия сувгаар ярьсан шиг Монголын коммунистууд Оросуудын тусламжтайгаар сөрөг хүчнээ дарах өдөөн хатгалга явуулав уу? Эсвэл америкчууд монголд ураны хувьсгал хийх гэж оролдов уу? Женкогийн мөнгөөр Ц.Элбэгдоржийн удирд­лага доор Таван толгойн төлөө иргэний дайныг эхлүүлэх гэж байв уу?
 
  Эдгээрийн аль нь ч биш юм бол сонгуулийн өмнө Монголд өнгөт хувьсгал хийх гэсэн барууны гар хөл болсон хөдөлгөөнүүдийн ажил уу? Аль ч тайлбарыг харсан уг асуудлыг монголын дотоод улс төрийн зөрчлөөс эхлээд, ашигт малтмал, гадаад бодлого, их гүрнүүдийн ашиг сонирхолын өргөн хүрээнд харах гэсэн таамаглалууд юм. Үүн дотроос Октябрийн хувьсгал лугаа адил гаднаас импортолсон “өнгөт хувьсгал” гэж бичих нь давамгайлж байлаа. Иргэд ч уг асуудлаар яг хоёр хуваагдаад байна. Тиймээс судлаачийн хувьд энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэхийг зорилоо.
 
  Яг үнэндээ энэ бол мөсөн уулын харагдах үзүүр хэсэг л юм. Тэгвэл асуудлын гүн рүү гүнзгийхэн шагайгаад харвал юу харагдах бол? Хүмүүсийн бодож байгаа шиг тийм энгийн зүйл мөн үү?
 
2. “Өнгөт хувьсгал” гэж юу вэ?
 
  2000 оноос хойш хуучин постсоциалист орнуудад ноёрхож байгаа дарангуйлагч дэглэмийг эсэргүүцсэн хувьсгалын шинжтэй эргэлт гарах болсон бөгөөд энэ үйл явц нь 2000 онд Сербид “Бульдозорын хувьсгал”-аар эхэлж, улмаар 2003 онд Гүржид “Сарнайн хувьсгал”, 2004 онд Украйнд “Жүржийн хувьсгал”, 2005 онд Киргизэд “Алтан зулын хувьсгал” болон үргэлжилж суд­лаачдын томьёолсноор “Өнгөт хувьсгал” гэсэн ойлголт бий болжээ. Уг нь 1990-ээд онд эдгээр орнуудад социалист систем задран унаж үндэсний тусгаар тогтнолоо олж ардчилагдах түүхэн үйл явц өрнөсөн ч либерал, ардчилсан тогтолцоо руу шил­жиж чадаагүй юм. Судлаачид дарангуйлагч засаглалаас ард­чил­сан засаглал руу шилжих “шилжилтийн” шатандаа яваа гэсэн ангилалд эдгээр орнуудыг оруулж байснаа 5-10 жилийн дараа хуучин социалист олон оронд өөрийн шинэ өнгө төрхтэй авторитар дэглэм тогтсоныг барууныхан хүлээн зөвшөөрөх болсон юм. Улмаар “Шилжилтийн” гэгдэх онолыг ч дампуурсан гэж шүүмжилж байна.
 
  Чухамдаа ийм орнуудад иргэний хөдөлгөөн үүсч, ардчил­лын төлөөх сөрөг хүчний эвсэл нь эрх баригчдын эсрэг тайван замаар туйлбартай тэмцэхийг “Өнгөт хувьсгал” гэж нэрлэдэг. Тухайлбал удаан хугацааны иргэний дайны дараа Сербид өөрийн дэглэмийг тогтоогоод байсан Ерөнхийлөгч С.Мелошевич, хуучин ЗХУ-ын Гадаад харилцааны сайд асан, 1992-2003 он хүртэл 10 гаруй жил тасралтгүй Гүржийг удирдаж байсан номенклатур Э.Шеварднажзе, Украйнд 1992 оноос 2004 он хүртэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч зэрэг томоохон албан тушаалыг дамнан хашиж өөрийн дэглэмийг үүсгэсэн Л.Кучма, 1990 онд Дээд зөвлөлд сонгогдохдоо Киргизэд ардчилал, тусгаар тогтнол, чөлөөт зах зээлийг тунхаглаж байсан ч төд удалгүй өөрийн гэр бүлийн дарангуйллыг тогтоож 10-аас дээш жил улс орноо удирдсан А.Акаев нарыг дурдаж болно. Онцлог нь эдгээр орнуудын ихэнх нь Ерөнхийлөгчийн засаг­лалыг сонгосон бөгөөд энэ нь нэг хүний дарангуйлагч дэглэм тогтоход шимтэй хөрс болсон гэдгийг судлаачид онцолдог. Эхлээд удирдагч нар бүгд сайн сайхан амьдрал, ардчилал, энх тайвныг амлаж сонгогдоно, дараа нь хуулийн дагуу дахина, улмаар үндсэн хуулиа өөрчилж сөрөг хүчнээ намнаж сонгуулийн үр дүнг засварласнаар сонгууль бол ердөө л дарангуйлагчийг ардчилсан замаар сонгогдсон гэж дэлхий нийтэд харуулах хэрэгсэл болж хувирна.
 
3. “Өнгөт хувьсгал”-ын жишээ юу вэ?
 
  “Булдозерийн хувьсгал”
  2000 оны есдүгээр сарын 24-нд болсон Сербийн Ерөнхийлөгчийн сон­гуульд “Сербийн Ардчилсан нам”-ыг үүсгэн байгуулагч В.Костуница хуучин ерөнхийлөгч С.Мелошевич­тэй өрсөлджээ. Хоёр хоногийн дараа сонгуулийн эхний шатанд өрсөлдөгч нарын аль нь ч олонхийн саналыг авч чадаагүй, В.Костуници 48.2 хувийн санал авсан гэж сонгуулийн комисс мэдээлжээ. Харин сөрөг хүчин сонгуулийн явцад олон төрлийн булхай хийсэн гэж нотлох баримтаар эрх баригчдыг буруутгажээ. Белградын гудамжинд жагсаал эхлэж аравдугаар сарын 5-д Сонгуулийн Комисс В.Костуницаг 55 хувиар сонгуульд ялсан гэдгийг нь зарлаж улмаар аравдугаар сарын 8-д экс Ерөнхийлөгч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөх хүртэл арав гаруй хоног үргэлжилж 500.000 хүн оролцжээ. “Сарнайн хувьсгал” Гүржид 2003 оны аравдугаар сарын 2-ны өдөр Парламентын сонгууль болж Сонгуулийн Төв комисс нь албан ёсны дүнг гаргахад хуучин Ерөнхийлөгч Э.Шеварднажзегийн тэргүүлсэн “Шинэ Гүржийн төлөө” нэгдэл ялсан гэж зарлажээ. Үүнийг сөрөг хүчин болсон М.Саакашвелигийн удирдсан “Нэгдсэн үндэстний хөдөлгөөн” хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдэж булхайтай, луйвартай сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсаж эхэлжээ. Төд удалгүй Тбилисийн гудамжинд жагсаж байгаа хүний тоо 100.000-д хүрэв. Улмаар хямрал даамжирч 11-р сарын 22-нд шинэ парламентын нээлтийн ажил эхлэх үед сөрөг хүчин парламентын ордонд дайран орж Э.Шеварднажзег огцрохыг шаардсан юм. Ерөнхийлөгч улсын онц байдал зарлаж улмаар Тбилист цэрэг оруулж ирснээр байдал хурцдав. Маргааш нь ОХУ-ын ГЯЯ-ны сайд И.Иванов зуучилж сөргөлдөгч талууд хэлэлцээр хийснээр Э.Шеварднажзе бууж өгснөө зарлаж удалгүй Гүржийн Дээд шүүх Парламентын сонгуулийн дүнг хүчингүй болгожээ. Гүржийн шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг 2004 ны нэгдүгээр сарын 4-нд хийж М.Саакашвели илт давуу ялав. Улмаар гуравдугаар сарын 28-нд дахин зарласан Парламентын сонгуульд үргэлжлүүлэн амжилт үзүүлжээ.
 
“Жүржийн хувьсгал”
 
  2004 оны аравдугаар сарын 31-ны өдөр Украйнд Ерөнхийлөгчийн сонгууль явагдав. Гол өрсөлдөөн хуучин Ерөнхийлөгч Л.Кучмагийн дэмжлэгтэй Ерөнхий сайд В.Янукович болон сөрөг хүчний лидер В.Ющенко нарын дунд өрнөж, эхний үед В.Ющенко 39.87 хувиар тэргүүлж В.Янукович удаалжээ. Гэвч дараа дараагийн сонгуулиудыг эрх баригчид зохион байгуулалттайгаар сонгогчдыг айлган сүрдүүлж, зөөврийн хайрцгаар саналыг будилуулж байв. Ингэж Сонгуулийн төв хороо нь сөрөг хүчний лидерийн ялалтыг баллуурдан хаяжээ. Тэр ч байтугай хүчний байгууллага түүнийг диохсиноор хүчтэй хордуулсан ч тэрээр амьд үлдсэн байна. Жүржийн өнгийг симбол болгосон сөрөг хүчин Украйнд бүх нийтийн ажил хаялт, жагсаалыг үргэлжлүүлэн хийж тэмцлийн бүхий л тайван арга хэрэгслийг ашиглаж байв. Нийслэл Киевт 10.000 орчим хүн жагсаж байлаа. Удтал тэмцэсний эцэст В.Ющенко 52 хүртэл хувиар ялалт байгуулж 2005 оны нэгдүгээр сарын 23-нд албан ёсоор ялагчаар тодорчээ. Зуучлагч нь В.Путин байв.
 
“Алтан зулын хувьсгал”
 
   2005 оны нэгдүгээрр сарын 27-нд Киргизэд Парламентын сонгууль болж өнгөрчээ. Энэ сонгууль шударгаар явагдаагүй тул сөрөг хүчин дүнг хүлээн зөвшөөрсөнгүй эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ тэмцэл гуравдугаар сарын 13 хүртэл үргэлжилсэн юм. Интернэтийн мэдээнээс үзвэл сөргөлдөгч тал чулуу шидэж дайран орж ирэхэд цагдаагийнхан хамгаалалт хийж, агаар руу хий буудаж байжээ. Энд “Молотов коктейль”-ийг хэрэглэсэнээс болж гал гарсан аж. Дашрамд дурдахад ЗХУ-ын ГЯЯ-ын сайд асан В.Молотовыг даапаалж нэрлэсэн, шилэнд хийсэн бензинийг шатаах зэвсэг болгон хэрэглэх явдал нь зөвлөлтийн эсрэг финийн дайны үед үүссэн бөгөөд дараа нь япончууд халх голд зөвлөлтийн танкны эсрэг хэрэглэж хохирол учруулж байжээ. Сүүлд Чехословак, Унгар зэрэг олон газар иргэний мөргөлдөөн үүсэхэд хэрэглэсэн байна. Удалгүй хямрал даамжирч Ерөнхийлөгч А.Акаевийн дэглэмийг эсэргүүцэгч таван хүн буудуулан нас барахад А.Акаев өөрийн нисдэг тэргээр Казахтан орж улмаар ОХУ руу зугтжээ. Дөрөвдүгээр сарын 2-нд А.Акаев ОХУ дахь Киргизын элчин сайдын яаманд огцорсноо албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Киргизийн хувьсгалд Украйн болон Гүржийн хувьсгал ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид үздэг юм. Энэ үйл явдалд оросууд мөн л зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.
 
4. “Өнгөт хувьсгал” хэрхэн өрнөдөг вэ?
 
  “Сонгуулийн булхайнаас эхэлнэ” “Өнгөт хувьсгал” эрх баригчид сонгуулийн булхай хийж засгийн эрх мэдлийг хууль бусаар үргэлжлүүлэн барихыг эсэргүүцэхээс эхэлдэг. Сонгуулийн булхайг бөөний болон жижиглэнгийн гэж ангилдаг бөгөөд аль аль нь аюултай юм. Сонгуулийн булхай нь манайд ардчиллыг устгаж, аюулгүй бай­далд нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн тухай миний бие бүр 2004 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Өнөөдөр” сонинд бичиж байсан. Үүнийг ҮАБ-ын үзэл баримтлалд “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах” гээд их тодорхой заачихсан байгаа.
 
  Нэгэнтээ сонгууль булхайтай болвол ихэнх оронд саналын хуудсыг дахин тоолдог. Гэвч төрийн бүх институт нь оролцож бөөний булхайг маш нарийн зохион байгуулсан учир илрэхгүй. Тиймээс өнгөт хувьсгал гарсан орнуудад сонгуулийн үр дүнг хүчингүй болгож СЕХ-г дахин шинээр байгуулж 2-5 сарын дараа сонгуулийг дахин явуулдаг байна. Ингэснээр сөрөг хүчин нь ялдаг байна. Сөрөг хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн л бол эрх баригчдыг өөрсдөө огцорч шинэ сонгуулийг зарлатал туйлбартай тэмцлээ үргэлжлүүлдэг. Тэд сонгуулийн өмнө “Хангалттай”, “Авлигалын эсрэг”, “Бид хамтдаа ялна”, “Тусгаар тогтнолын төлөө” гэсэн уриаг дэвшүүлдэг бол засварлагдсан сонгуулийн дараа тэдний уриа нь “Чөлөөтэй, Шударга, Сонгуулийг бид хүсч байна” болж өөрчлөгддөг. Долдугаар сарын 1-нд талбай дээр харагдсан уриа, лоозон ч ийм л байсан. “Эвсэл ба залуучууд” Дээр өгүүлсэн орнуудын жишээг судалж үзэхэд ардчилсан хүчний тэмцэл, жагсаал, цуглаан нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Тухайлбал Гүржийн хөдөл­гөөнүүд 2000 оноос нэг­дэж эхэлсэн бол Киргизын хувьд 2002 оны гуравдугаар сарын дунд үеэс хамгийн эхний жагсаалаа эхлүүлсэн байх жишээ­тэй. Энэ үед сөрөг хүчний хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд тодорсон байдаг ба тэдний дунд залуучууд цөөнгүй бий. Тухайлбал өнгөт хувьсгал хийх үедээ Гүржийн М.Саакашвели дөнгөж 36 настай байв. Нэг хүний дэглэмээс татгалзах, нийгмийг өөрчлөх, ардчилах, баруунжихыг хүссэн залуучууд, тэр дотроо оюутнууд зохион байгуулалтад орж хөдөлгөгч хүч болдог. Тиймээс “Өнгөт хувьсгал”-ыг хуучин социалист системийн үеийн ахмадууд болон ардчилал шинэчлэлийг хүссэн шинэ үеийнх­ний зөрчил ч гэж томьёолж болно.
 
  Харин монголоос ялгаатай нь Ардчиллын төлөөх гол хүчнүүд нэгдэж эвсэл, блок байгуулдаг бөгөөд мэдээж зарим эвсэл нь сонгуульд ялсны дараа дотоод зөрчилдөө идэгдэн задрах нь монголтой ижил юм. Хувьсгалын үеэр эрх баригчид ихэнхдээ онц байдал зарлан, цэрэг оруулж ирдэг боловч талууд ширүүн мөргөлдөөн үүсгэлгүй оросуудын тусламж­тайгаар зөвшилцөж эрх баригчид огцордог нийтлэг дүр төрх тодроод байгаа юм. “Хүч үл хэрэглэх тактик” Өнгөт хувьсгал нь ардчилал, үндэсний тусгаар тогтнолын төлөө хүч хэрэглэхгүйгээр тэмцдэгээрээ алдар­тай юм. Тийм ч учраас дарангуйлагчдыг буулгасны дараа үндсэн хуулийн дагуу төрийн механизмыг ажиллуулдаг. Серби, Гүрж, Украйнд болсон хувьсгалын үед хүчирхийлэл огт гараагүй, харин Киргизэд нэлээд хэдэн хүний амь нас хохирч галдан шатаалт, чулуу шидэх зэрэг эмх замбараагүй байдал үүсчээ. Аль ч тохиолдолд хүч хэрэглэлгүйгээр дарангуйлагч дэглэмийн эсрэг тэмцэх бүхэл бүтэн тактик, зөвлөгөөг боловсруулж түүнийгээ түгээдэг нь хувьсгалыг импортолдог хуучны уламжлалтай холбоотой гэхээсээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс орны иргэд либерал ардчилсан дэглэмийг сонгоход туслах үйл явц гэж тайлбарлагддаг. Өнгөт хувьсгал нь их гүрнүүд тэр дотроо АНУ-ын ашиг сонирхлыг тусгадаг бөгөөд оросууд үүнээс ихээхэн болгоомжилж АНУ-аас санхүүжилттай ОУ-ын, ТББ-ыг харддаг.
 
5. “Өнгөт хувьсгал”-ын шалтгаан юу вэ?
 
  “Дарангуйллын эсрэг хийх тэмцэл” Социализмын дараах үеийн Гүрж, Киргиз зэрэг орнууд нэг хүн, тодорхой бүлгийн дарангуйлалд орсон нь гол шалтгаан юм. Тэд өөрсдийн дарангуйллаа сонгуулийн дүнг засварлах байдлаар батал­гаажуулдаг бөгөөд иргэдийн сонгох эрх чөлөөнд халдаж хууль бусаар засгийн эрх мэдлийг авах гэж оролдох нь нийгэмд хувьсгалын шинжтэй өөрчлөлт гарахад хүргэдэг ажээ. “Удирдагчдын авлигал” Дараагийн шалтгаан бол авлигал юм. Авлигалын хөндлөнгийн үнэл­гээг гаргадаг “Транспаранси Интернейшнл”-ын судалгаанаас харахад эдгээр орнууд бүгд маш өндөр авлигалтай гэсэн ангилалд багтана. Тиймээс сонгуулийг хүртэл авлигаар буюу хууль зөрчиж засварлах нь энгийн үзэгдэл гэж тооцогдоно.
 
  Мэдээж авлигал нь нийгмийн тэгш бус байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг олон зүйлийн үндэс гэдэг нь ойлгомжтой. Украйнд Кучмагийн дэглэмийн үеийн авлигалын скандал, Киргизэд Ерөнхийлөгч А.Акаевын гэр бүлийн бизнес, Гүржийн Ерөнхийлөгч Э.Шевардназетэй шууд холбоотой авлигалууд нь дэлхий дахинд алдартай юм. Нэг хүн, түүний гэр бүл, төрөл садан, овгийн бизнес цэцэглэн хөгжиж улс орны эдийн засгийн гол гол салбарыг хяналтандаа авч тэр хэрээрээ хууль ёсыг уландаа гишгэн хүмүүсийн бухимдлыг төрүүлдэг нь өнгөт хувьсгалыг төрүүлдэг аж. “Дорноос Өрнө уу” Дээр өгүүлснээс гадна хувьсгалын шалтгааныг тухайн улс орны хөгжлийн цаашдын стратеги, сонголттой холбон тайлбарлах нь бий. Тухайлбал Гүрж, Украйны жишээ бол эрх баригчид нь Дорно зүг рүүгээ илүү харж хөгжихийг уриалж “ОХУ, СНГ-гийн орнуудтай интеграци хийх”, хуучин дэглэмд тал өгөх, удирдагч эцгийг зөвтгөх зэрэг санааг дэвшүүлж байсан бол сөрөг хүчнүүд нь баруунчлал буюу “Либералчлал”, “Европын холбоонд интеграци хийх”, “Авлигалын эсрэг тэмцэх” тэр ч бүү хэл “НАТО”-д элсэх гэх зэрэг ардчилсан институтуудыг сэргээж барууны хөгжлийн замаар хөгжихийг иргэддээ санал болгодогоороо ялгаатай юм.
 
6. Долдугаар сарын 1-ны үйл явдал өнгөт хувьсгал мөн үү?
 
  “Монгол бол хагас дарангуйлалтай орон” 2006 онд Монголд “Ардчиллыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах”-тай холбогдсон судалгааны ажлыг хийжээ. НҮБ-аас санхүүжүүлж МАХН-ын Г.Чулуунбаатар, АН-ын Д.Ганбат зэрэг голлох эрдэмтэдийн хамтарсан судалгаагаар “Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдлын үнэлгээ 3.02 буюу ардчилсан ба ардчилсан бус шинжүүд ойролцоо байна” гэсэн дүгнэлт гарчээ. Хатуухан хэлбэл хагас ардчилал гэдэг нь хагас дарангуйлалд байгаа гэсэн үг юм. Тэгэхлээр 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдал гүн гүнзгий үндэс учир шалтгаантай байх нь. Хагас дарангуйлал хагас хувьсгалыг авчирав уу? Бүр 2004 онд ЗХА-ийн орнуудын ардчиллыг харьцуулсан судалгаагаар “монгол­чуудын гуравны хоёр нь авторитар дэглэмийн шинжүүдийг ямар нэгэн байдлаар дэмжихэд бэлэн байгаа нь харагддаг” гэсэн дүгнэлт гарсныг санах хэрэгтэй. Тэгэхлээр Монголд өнгөт хувьсгал үүсэх бодитой шалтгаан бий.
 
“Өнгөт хувьсгал” тун ч ойрхон байв
 
  Одоо болж өнгөрсөн бүх үйл явдал баримтуудыг нэгтгээд үзэхэд Монголд өнгөт хувьсгал гарахад тун ч ойрхон байжээ. Нүдээр үзсэн гадны судлаачид хүртэл өнгөт хувьсгалтай их олон шинж тэмдгээр тохирч байна гэж хэлж байв. Долдугаар сарын 1-ны үйл явдлыг гадныхан санхүүжүүлээгүй, “Иргэний эвсэл”, “Ардчилсан нам” зохион байгуулаагүй. Хэрвээ гудамжны тэмцлийн асар их туршлагатай “Иргэний эвсэл” УБ хотын сонгуулийн зургаан тойргийн 100 гаруй гэрийг талбай дээр аваачиж бариад сонгуулийн сурталчилгаанд явж байсан 600 орчим хүнийг 2 долоо хоног суулгасан бол, хэрвээ АН зоригтой шийдвэр гарган талбай дээр нэгдсэн бол, хэрвээ улс төрийн бусад хүчин ИЗН, БНН хамтарч тэмцэхээр тохирсон бол, хэрвээ сонгуулийн дүнд эгдүүцсэн жирийн иргэд үүн дээр нэмэгдсэн бол монголд өнгөт хувьсгал тун ч ойрхон байв. Дараагийн 3 долоо хоногт СЕХ-г огцруулж, есдүгээр сард дахин сонгуулийг зарлуулж чадах байв. Гэтэл Монголын сөрөг хүчин наад зах нь өөр хоорондоо эв нэгдэлгүй, зохион байгуулалтгүй, өнгөт хувьсгал хийх тохиролцоо ч байхгүй байлаа. Үйл явдал санаандгүй л өрнөсөн. “Өнгөт хувьсгалаас болгоомжилсон ордны эргэлт юм биш биз?” Өнгөт хувьсгал бол хүсэн хүлээхээр сайн зүйл биш ч гэхдээ хадны мангаа ч бас биш. Өнгөт хувьсгалыг гадныхан импортолдоггүй, харин сонгуулийг луйвардаж дарангуйлагч дэглэм тогтоодог удирдагч, бүлэглэлүүд үндсэн нөхцлийг бий болгодог. Энэ бол иргэний болон улс төрийн эрхийнхээ төлөө хийдэг иргэдийн тэмцэл. Тиймээс 2008 онд монгол орон бүхэлдээ өнгөт хувьсгалын өмнөх нөхцөл байдалд байсан гэсэн дүгнэлтийг олон баримт нотолж байна. Өмнө энэ тухай зөндөө л бичиж байсан. Нэг нам давамгайлсан бүрэлдэхүүнтэйгээр СЕХ-г зохион байгуулсан болохоор сонгуулийн үр дүнд оролцогч бүх талууд итгэхгүй гэдгээ эхнээсээ илэрхийлж байсан. Сонгуулийн маргааш л гэнэт ордныг тойруулан төмөр хашаа барьж, энэ үед төв суурин газруудаас цагдаагийнхныг дуудан УБ-т төвлөрүүлж байсан, жагсагчдын дунд энгийн хувцастай цагдаагийнхан олноороо байсан, сонгуулийн мэргэжилтнүүд гэдэг нэрээр оросууд байнга ирдэг болсон гээд олон баримтууд нь хүчний байгууллагууд нэгэнт үүсч болзошгүй өнгөт хувьсгалаас урьдчилан сэргийлэхийн тулд маш нарийн төлөвлөсөн өдөөн хатгалгыг зохион байгуулсан юм биш биз? Өөрөөр хэлбэл жагсаалыг өдөөн хатгалга болгон хувиргасан гэсэн үг. Мэдээж энэ бол зүгээр л таамаглал. Энэ тухай дараа өгүүлэх болно.
 
   “Асуудал дөнгөж эхэлж байна” Монголчуудын цаашдын ирээдүй бол иргэний ардчилал, үймээн самуун, цус урсгасан хувьсгалыг хэн ч хүсэхгүй. Тиймээс монголд өнгөт хувьсгал гаргахгүй гэж эрх баригчид нар хүсч байвал оролцогч бүх талуудыг ижил тэгш оролцуулсан СЕХ-г байгуулж бие даасан, хараат бус, тэгш шудрага ажиллах бололцоог нь олгох ёстой. Ингэж байж л улс төрийн хүчнүүдэд шударгаар өрсөлдөх боломж бүрдэж монголын улс төр цэвэршиж, ардчилал гүнзгийрч бүхий л намууд улс орныг хойш нь татагч хар хүч биш харин урагшлуулан хөгжүүлэх хөдөлгүүр болох учиртай билээ. МАХН сонгуулийн булхай хийгээд АН албан тушаалын төлөө боломж олдонгуут л ардчиллыг худалдаж сонгогчдын эрхийг наймаалцаж явсан учраас монголын ардчилал дарангуйлал болон хувирч байна. Эцэст нь энэ бүхнийг нь эсэргүүцсэн залуучуудын жагсаал цуглааныг үймээн самуун болгон хувиргаж шоронд хийгээд, өөрсдөө албан тушаалаа тохиролцон сууж байна. Хүмүүс андуураад байдаг юм. Албан тушаал, ашиг орлого, амар тайван амьдрал харсан хүн хөдөлгөөнд ордоггүй, намд элсдэг юм. Тийм ээ, монголын шинэ үеийнхэн албан тушаал хөөцөлдөж эрх мэдэлтнүүдийн гар хөл болж ардчилсан социалист залуучууд шиг гэмт хэрэгтэн болоогүй, олигархиудад долигнож тэдний вискинд гүйгээгүйнхээ төлөөсийг төлж байна.
 
2008 он