“Металл мөнгө, цутгамал зоос гарч ирж металл мөнгөтэй болсноор нууцгай хэлбэрээр бусад бүх тавааруудыг өөртөө агуулсан тавааруудын таваар буюу хэрэв хэрэгтэй бол дур булаасан ямар ч эд болон хувирч чадах шидэт хэрэгсэл нээгджээ.” Ф.Энгельс
 
Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийн­хөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэг­лэж ч байгаагүй үе байжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам байгалийн бэлэн зүйлээр амьд­рах боломж багассаны улмаас хүмүүсийн нэг хэсэг нь газар хагалж тариа тарих, нөгөө хэсэг нь мал маллах, эсвэл уран дархан, ан агнуур хийх зэргээр бие биенээсээ ялгаатай олон янзын хөдөлмөр эрхлэх болжээ. Энэ явцад жишээ нь малчин хүн хонио тогоо буудайгаар, дархан хүн модон анжисаа ямаа­гаар солих зэргээр хэрэгцээгээ харилцан хангадаг байв. Улмаар энэ нь цааш хөгжсөөр хэрэгцээт эд бараагаа арилжин авч болдог тийм зүйл /эквивалент/ тодорхой газар нутгийн хүрээнд бий болов. Тэр нь эртний Грек, Ром, Славянд мал, Скандинавын орнуудад арьс, Номхон далайн орнуудад үнэт хавч, Хятад, Абиссинд давс, Монголд цай болж байсан жишээтэй. Гэтэл тодорхой нэг нутаг оронд бүх таваарыг сольж авч чаддаг эквивалент байсан таваар /өөрийн хэрэгцээнээс илүү гарган арилжиж худалдахын тулд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн/ нөгөө нэг нутаг оронд тэр чанараа хадгалж чадахгүй байв. Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгж­лийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл /тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт/ эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ.
 
  Монгол туургатан эрт дээр үеэс таваарын гүйлгээнд зоосон мөнгө цутган хэрэглэж байв. XIII зууны үеийн Монгол гүрэнд таваар мөнгөний харилцаа хүчтэй хөгжиж алт, мөнгө, гуулин зоос болон цаасан мөнгөн тэмдэгт анх бий болгон хэвлэж байсан түүхэн баримт олон бий. Их эзэн Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж “сүхэс” нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж, улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгөн тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлын нэгдсэн төвд нэгтгэн, нэгэн удирдлагад захирах явдалдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж ирс­нийг харуулна. 1220 онд Афганис­танд нүүрэн талдаа “ үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин”, нөгөө талдаа, “туйлын дээд Чингис хаан” хэмээн араб үсгээр бичсэн үгтэй мөнгөн зоос, 1224-1225 онд Самарканд болон түүний ойр орчмын газар гүйлгээнд хэрэглэх араб үсгээр бичсэн “Самаркандын ойр орчимд гүйгдэх мөнгө” гэсэн бичигтэй зоосыг гүйлгээнд оруулжээ. Удалгүй 1226-1227 онд Чингис хааны нэрийг хоёр дахин оруулсан Монгол хэлээр араб үсэг хэрэглэж “мөнгө Чингис, Чингис хаан” гэсэн бичээс бүхий зоос гарчээ. 1232-1233 онд гарсан мөнгөн дээр араб үсгээр “Самарканд ба түүний ойр орчимд байгаа хүмүүсээс энэ мөнгийг авч хэрэглэхгүй бол тэр нь төрийн гэмт хэрэг мөн” гэсэн үгтэй мөнгө хүртэл гарсан байх юм. 1236 оны 1 сараас эхлэн Өгөөдэй хааны зарилгаар цаасан мөнгө хэвлэн гаргажээ. Мөнх хаан 1251, 1253 онуудад шинэ цаасан мөнгөн тэмдэгтийг дахин дахин хэвлэн гаргсан байна. 1260 онд Хубилай хаан ширээнд суумагцаа цаасан мөнгөн тэмдэгтийг дахин хэвлэн гаргав. Тэр мөнгөн дэвсгэрт нь 10, 20, 100, 1000 дэвсгэртүүдтэй байлаа.
 
  Эртний сурвалж бичгүүдээс үзвэл Чингис хаан 1227 онд цаасан мөнгө хэвлэн гаргасны дараа Монголын эзэнт гүрний харьяа бусад нутаг дэвсгэрт янз бүрийн цаг үед төрөл бүрийн хийц загвартай, янз бүрийн бичээс бүхий алт, мөнгө, гуулин зооснууд олноор үйлдвэрлэгдэж гүйл­гээнд орж байсныг түүхэн сурвалжуудад олонтоо тэмдэглэсэн байх юм.
 
  Чингис хаан 1227 онд цаасан мөнгө хэвлэн гаргасны дараа Хятадын Өмнөд Сүн улс 1247 онд, Перс улс 1294 онд, Энэтхэг улс 1330-1331 онд, Япон улс 1332 онд тус тус цаасан мөнгийг дараа дараалан хэвлэн гаргасан гэж түүхэнд бичиг­дэн үлджээ. Үүнээс хойш дэлхийн олон оронд цаасан мөнгө түгээм­лээр тараад одоо хүртэл улам боловсронгуй болон хэрэглэгдсээр байна.
 
  Монгол туургатан 1236 онд янз бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн нэг ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах “мөнгөний шинэтгэл буюу-реформ” хийж байв. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гарган гүйлгээнд хэрэглэж, улмаар 1253 онд “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” нэртэй гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллаж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо, хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгагддаггүй байсан бол 1241 онд “Их Монгол Улсын мөнгө” нэртэй зоосыг анх удаа “нэг” гэсэн тоотой гаргасан түүхтэй. Хубилай хааны үед 1260 онд Хархорумд “Мөнгө тушаах банк” байгуулж, 1282 онд олон замд /худалдааны төв газруудад/ “тэгшитгэх банк” нэртэй салбар банкуудыг байгуулан ажиллуулжээ. Мөнгөний гүйлгээ ингэж ихээр хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатаан устгах газар байгуулж, устгалтын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт, мөнгөн зоос, цаасан тэмдэгтийг гүйлгээнд гарган хэрэглэсэн байх юм.
 
  Монгол улс манж гүрний эзэмшилд орж байсан тэр он жилүүдэд үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ таньж мэдэхгүй болтлоо доройтжээ. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг дахин сэргээн мандуулснаар тус орны мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн байна. Тэр үеийн Монгол улс нь өөрийн үндэсний банк, санхүү, зах зээлийн системгүй байсан учир зах зээлд нь хаант Орос, Хятадын цаасан тэмдэгт, Англи, Америк, Мексик, Орос, Хятадын алт, мөнгөн зоос, Англи, Америк, Мексикт цутгасан гулдмай мөнгө, Хятад - Манжийн Ембүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь, мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваар зэрэгцэн арилжаалагдаж байв.
 
  1921 оны 3-р сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж, улмаар 1924 оны 06-р сарын 02 нд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа аж үйлдвэрийн банк “ Монгол Банк”-ыг нээж ажиллуулсан байна. Юуны өмнө улс орны мөнгөний гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 08 сард тус орны мөнгөний нэгжээр ланг түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэж байхаар тогтоож, 1 лан /цэвэр мөнгө/ - 1 мөнгөн янчаан /Хятадын/, 1 алтан монетын янчаан /Орос/ - 42 мөнгө­төй, 1 мөнгөн төгрөг /Оросын/ - 2 лантай /цэвэр мөнгө/ тэнцэхээр тогтоосон байх жишээтэй.
 
  1924 оны 08 сард хуралдсан МАХН-ын III-р их хурлаар Монгол банкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд ардын хувьсгалын ялалтын дараа тус орны эдийн засаг, улс төрийн амьдрал тогтворжиж, Монгол банкны эрдэнэ металл, үнэт зүйлийн нөөц аривжиж, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсныг дүгнээд “цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй” гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын улсын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор холбогдолтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ. Эдгээр заалт шийдвэрийг хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд Ардын засгийн газраас 1925 оны 02 сарын 22 өдөр тус оронд мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Энэ тогтоолд : нэгдүгээрт. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа аж үйлдвэрийн банкинд олгож, хоёрдугаарт. Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1,2,5,10,20,50,100-тын дэвсгэрээр гаргах, гуравдугаарт. Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлааар, 75% нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана” гэж заасан байна. Ингээд 1925 оны 12 сарын 09 нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар Монгол төгрөг хоёр дахь удаагаа мэндэлсэн түүхтэй.
 
  Мөнгөний шинэчлэлт хийх нь амаргүй ажил байсан бөгөөд жишээ нь: 1952 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт явж байжээ. Төгрөгийг гүйлгээнд гаргасан тэр үеэс эхлэн үндэсний шинэ валют “төгрөг”, Хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл эхэлсэн. Тус орны зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хоорондын тэмцлийн явцад янчааны /өнөөгийн юань/ ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшил­сэн байна. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсч анх гарахдаа Хятадын 0.88 янчаан-1 төгрөг ханштай байсан бол жилийн дараа 1 янчаан-1 төгрөгтэй тэнцэх болсон байна. 1927 оноос Монгол улсын банк санхүүгийн бүх тооцоо төгрөгөөр хийгдэж эхэлсэн байна.
 

 
  1925-1927 оны хооронд олон улсын санхүүгийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч, алтны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж ирсэнтэй холбогдуулан 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу 1928.04.15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ. /Жич: Олон улсын валютын сан 1976 онд алтны албан ёсны хатуу тогтоосон үнийг устгаж, валютын фондын гүйлгээнд алт ашиглах явдлыг зогсоосон нь дэлхийн улс орнуудад валютынхаа ханшийг алтаар үнэлж баталгаажуулах боломжгүй болго­сон юм. Энэ үеэс улс орнууд үндэснийхээ валютад алтны баталгаа гэдгийг хэрэглэхээ больж улмаар мөнгөн тэмдэгт дээрээ ийм тийм баталгаатай гэж бичихээ больсон байна./ Ингэснээр Монгол улсын үндэсний валют “төгрөг” бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928.08.01 гэхэд төгрөг нь олон улсын түвшинд албан ёсны алтан баталгаанд орж 51.8 цент /АНУ доллор/-1 төгрөг /Монгол/ тэнцэх болсон байна. Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют “төгрөг” нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны нэгж болж чаджээ.
 
  Улсын банкны мөнгөний фон­дыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1966 онуудад төгрөгийг тус тус гүйлгээнд гаргажээ. Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг, тоог Монгол үсгээр бичиж 1, 2, 5, 10, 25, 50, 100-ны дэвсгэрттэйгээр бүтээсэн байна. 1939 онд төг­рөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөх­гүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгээр Монгол үсгээр хэвлүүлж 2-тын дэвсгэртийг 3-таар сольж гаргасан юм. 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг крилл үсгээр болгосон бол 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож, зураг, хээг өөрчлөн бүх бичиг, тоог крилл үсгээр хэвлэсэн. 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромтой болгон жижиг­рүүлж, өнгө зураг, урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасан. 1966 оны мөнгөн тэмдэг­тийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981,1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн билээ. 1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй. 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд Их эзэн Чингис хааны, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатрын хөрөг, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо болон үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн.
 
  1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгөн тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэхийг санаачилсан Их эзэн Чингис хаан яг 766 жилийн дараа өөрийн санаачилсан цаасан мөнгөн дэвсгэрт дээр өөрийн хөргийг зүй ёсоор нь тавиулжээ.