Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах хуулийн хугацаа хаяанд ирлээ. Хамгийн хачирхалтай нь намууд нэг л нам гүм. Уг нь энэ сонгууль УИХ-д суудалтай бүх улс төрийн хүчинд хамаатай. Гэвч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л ирэх сонгуульд ганцаараа нэр дэвших гэж байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр байна. Харин бусад намууд болон тэндээс нэр дэвших магадлалтай хүмүүс хүлээлтийн байдалтай. Тэгэх нь ч аргагүй. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хуулийн хугацаа болоогүй байна.

Харин өнөөгийн Ерөнхийлөгч, ирээдүйн нэр дэвшигч Ц.Элбэгдорж л сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор бус ч албаны шугамаар аль хэдийн эхлүүлчихсэн. Энэ нь ч ойрын өдрүүдийн олон үйл явдлаас харагдаж байна. Иргэдтэй уулзаж байгаа Элбэгээ, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж буй Элбэгээ, энхийг сахиулагчдын дунд зогсоод эр цэргийн баярын мэнд дэвшүүлж байгаа Элбэгээ гээд, түүнгүй ч юм алга. Ерөнхийлөгчтэй уулзсан иргэдийн хэлж байгаа үг нь хүртэл Ц.Элбэгдоржийн ирэх сонгуулийн кампанит ажилд зориулсан юм шиг.

Тухайлбал, Иргэн А: Алслагдсан дүүрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч ирж хөдөлмөрчидтэй уулзаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн шууд хороон дээр ирж хөдөлмөрчидтэй уулзаж байгааг анх удаа үзлээ. Ялангуяа алслагдсан дүүрэгт маш их анхаарал тавьж, уулзаж байгаа нь 23 дугаар хорооны иргэдийг хүндэтгэж ирлээ гэж ойлгож байна. Ингээд таньд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Их баярлалаа. Таныг Ерөнхий сайд байхад М.Энхболд “Улаанбаатар” санд шалгалт оруулна гэснээс болж огцруулж байсан. Тэгэхэд олон эхчүүд, олон өвгөчүүд, ардчиллыг дэмждэг олон хүний нүднээс нулимс гарсан шүү.

Иргэн Б: 23 дугаар хороонд ардчилсан Ерөнхийлөгч ирж ард түмний санал бодлыг авч уулзаж байгаад баяртай байна. Дарга цэрэг гэлгүй ингэж уулзаж санал бодлоо солилцож ажил төрлөө явуулбал улс нийгэм амархан хөгжинө гэж баярлаж суудаг. Би хөгшинтэйгөө 1989 оноос ардчиллыг дэмжиж, Бат-Үүл дарга, ардчиллын алтан хараацайнууд өлсгөлөн зарлаж байхад очиж ямар учиртайг нь ойлгож мэдэж байсан. Түүнээс хойш 20-иод жил АН-ын гишүүн явж байна. 1990 онд авсан Элбэгдорж даргын гарын үсэгтэй үнэмлэх одоо ч байгаа.

Иргэн В: Энд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа ирж уулзалт хийж байна. Энэ бол үнэн. Н.Багабанди найман удаа ирж байсан. Яаж ирж байсан бэ гэхээр ахынх нь энд байдаг. Дандаа цагаан сараар нэг их хүчлэн хамгаалалт, хэдэн зуун цагдаатай найман удаа ирсэн. Гэхдээ ард түмэнтэй уулзаж байсангүй. Ардчилсан Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ ойрхон байдаг жишгээрээ ирж уулзаж ардчиллынхаа үнэт зүйлийг хамгаалж ирж байгаад Баянзүрхийн нийт ард түмэн баярлаж байгаа. Энэ дүүргийн орон нутгийн сонгуульд өмнөх 23 жилд ардчилал ялж үзээгүй, 2012 оны сонгууль ардчилалд ивээлтэй байж ардчилагчид үнэмлэхүй ялсанд баярлаж талархаж явдгаа хэлье.

Иргэн Г: УИХ-ын 76-д хэлмээр юм байна. Тэд яагаад Ерөнхийлөгчийн үгийг шигшиж аваад хэрэгжүүлдэггүй юм бэ. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон шүү. Тэднийг хэдхэн хүн сонгосон шүү. Үүнийг бодмоор юм. Ажил зохиовол ард түмэн хүлээж авахад бэлэн байгаа шүү, Ерөнхийлөгч өө. ...

Энэ мэт Төрийн тэргүүн маань бүх талаараа иргэдэд таалагдаж, тахин шүтэгдэж байгаа мэт үг цааш хөвөрнө. Хэдийгээр улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хийж яваа мэт боловч, сүүлийн үед хийж буй үйлдэл, хэлж буй үгс нь сонгогчдод таалагдах тал руугаа болсныг үзвэл түүний сонгуулийн сурталчилгаа аль хэдийн эхэлчихжээ. Уг нь Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр болох ёстой. Харин нэр дэвшигчид түүнээс 35 хоногийн өмнө албан ёсоор сурталчилгаагаа эхлэх хуулийн заалт бий.

Гэвч энэ заалт Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хамаагүй тул, тэрбээр бусад нэр дэвшигчдээс давуу олон талт боломж эдэлж байна. Түүнийгээ ч Ерөнхийлөгч маань алдахгүй ашиглах байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас: Харин бусад намуудын хувьд нэр дэвшигчээ хэрхэн, яаж тодруулж, албан ёсны сурталчилгаа нь хэзээ эхлэх эрх зүйн орчин үйлчилж байгааг доорхоос харж болох юм.

 

NEW.MN /ӨДРИЙН ШУУДАН СОНИН/