Ленинград буюу одоогийн Санкт-Петербург хотноо үйлдвэрлэсэн хэдэн түмэн морины хүч, олон арван мянган тонн усны багтаамжтай, таван тивийн хооронд ачаа тээвэрлэх зориулалттай аварга том хөлөг онгоцыг усанд тавих үед энэхүү ёслолын үйл ажиллагаанд уригдсан хүндэт зочны нэгний асуултанд ерөнхий инженер хариулахдаа, “Та хөлгийн их бие дээрх тод улаан шугамыг харж байгаа биз. Тэр бол онгоцны далайд хөвөх үед усанд дүрэгдэх зааг” гэжээ.
Далайн том том хөлөг онгоцны усанд дүрэгдэх тийм заагийг маш нарийн тооцоолж гаргах аргыг эрдэмтэд, зохион бүтээгчид эртний Грекийн агуу суут их эрдэмтэн, физикч Архимедийн хуульд үндэслэж хийдэг юм гэжээ. Тэр бол шингэн ба хий нь дотроо агуулагдсан биед эгц дээш чиглэлтэй бөгөөд биеийн живсэн хэсгийн эзэлхүүнтэй тэнцүү эзэлхүүн бүхий хүчээр үйлчилнэ гэсэн хууль юм.
 
  Энэ хүн та бидний ухаан санаанд ч багтамгүй эрт дээр цагт амьдарч байжээ. Тийм учраас түүний тухай дурсамж нь цаг эриний их далайд хөвж эртний галера хөлөг онгоц лугаа адил зохиомол яриа, хууч домгийн “хөвдөнд” дарагдаж гүйцжээ. Магад ч үгүй, өнгөрсөн 2255 жилийн туршид энэхүү домог яриа нь үнэн мөнөөс хавьгүй хол давсан байж ч мэднэ.
 
  Түүний эцэг нь Сиракуз хотыг эзэгнэгч Гиероны ойрын төрөл, тооч бөгөөд одон орон судлагч хүн байлаа. Архимед хар багаасаа тооны ертөнцтэй нөхөрлөн, түүний мөнхийн хуулийн чанад дахь сүрхий утгын холбоог ямагт бахдан биширч, хүмүүсийн амьдралын хууль нь түүний дэргэд өөрчлөгдөн хувирсаар буй төгс тогтнон боловсроогүй зүйл хэмээн үздэг байв. Түүний бие жуулчлан бядагч нэгэн гүн ухаантны хэлснээр үнэн хүчит Птолемей хааныхан “шинжлэхүй ухаан урлагийг тэтгэгч тэнгэр бурхны оронд төгсгөлгүй их маргаан дэгдээхийн тул номын үй олон тэжээмэл хорхой хооллож” асан Александр хотноо сууж байхдаа тооны ухааны гайхамшгийг онцгой яруу сайхнаар ойлгожээ. Тэр үеийн шинжлэх ухаан, яруу найргийн өнгө төрхийг илтгэсэн тэрхүү номын тэжээмэл хорхойнууд нь Египетийн их эздийг өөрсдийн хөдөлмөр бүтээлээр алдаршуулахын тулд газар бүрээс цуглан ирсэн хүмүүс бөлгөө. Потелмей хаанд таалагдах халуун хүсэл гагцхүү яруу найрагчдын ухаант үгийг бахдаж, хөхүүлэн дэмжигч, аялдан дагагсдыг ч бус одон оронч, физикч, геометрч суут хүмүүсийн ухаан бодлыг эзэмдсэн үе байлаа.
 
  Яаж мэдэхэв, үнэнч харьяатын ёсоор зүтгэн махрахад мэргэжсэн тэрхүү нийгэм л чухамхүү Сиракуз хотын залуу эрдэмтнийг энэ дэлхийн хамгийн баян номын сангийн зузаан судруудаас хагацаан, гэрийн зүг буцан, Сицили арал руугаа хөвөхөд хүргэсэн ч байж мэднэ. Бас магад ч үгүй, Александр хотод их л онцгой содон байсан, механикийг гагцхүү боолд тохирсон “гар урчуудын эрдэм” хэмээн үздэг Аристотелийн үзлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байснаас ч гэрийн зүг хөлгийн жолоог залсан байж мэднэ. Юутай ч үзэмж гоогоороо геометрээс өчүүхэн ч дутуугүй үлэмж сайхан механикийн ухаан түүнийг юу юунаас ч илүү өөртөө татжээ. Тэрвээр, оньсон хөдөлгүүрийн хууль бол чин үнэндээ ертөнцийн хууль гэж ойлгодог байсан бөгөөд нүдээр эс үзэх механикийн далд нууцлаг холбоог, илрүүлж баталгаа буй болгосон нь Евклид ч өөрөө атаархмаар зүйл байв. Сиракуз дахь гэртээ буцаж ирэхдээ тэрээр хойч үеийнхэн тэнцлэгийн ухаан хэмээн нэрлэсэн шинэ шинжлэхүй ухааны үндсийг өвөрлөн ирсэн бөгөөд түүн дээр үндэслэн механикийн их барилгыг яг л хөдөлшгүй бат бэх суурь дээр барьсан лугаа адил тэнгэрт тултал сүмбэрлүүлсэн билээ.
 
  Сиракуз хотод ирсний дараа сэтгэл зовох юм түүнд өчүүхэн ч байсангүй. Хүндэтгэл, анхаарал тал талаас нь бүчин, дутагдаж гачигдахын зовлон байсангүй. Ер нь ч тооны ухаанд толгойгоо өгсөн Архимед амь зуулгын тухай төдий л боддоггүй байв. Нэн их удалгүй “Архимед унд хоолны тухай хэдийн мартаж, удтал усанд орохоо больж, тоос шороо, үнс, элс, тэр байтугай өөрийнхөө бие дээр ч зурж суудаг болжээ” гэдэг явган яриа Сиракуз хотынхны дунд газар авав.
 
  Нэгэн удаа Архимед хааны алтан титэм хольцтой эсэхийг шалгах зарлиг авчээ. Хувийн жин, эзлэхүүн хоёр мэдэгдсэн цагт биеийн жинг олж болно. Цэвэр алтан титэм нэг өөр, хольцтой бол бас нэг өөр жинтэй байх нь мэдээж билээ. Үүнийг олох гэж Архимед хэсэг хугацаанд бодолд дарагдан явжээ. Тэгээд нэг удаа бие угаах онгоцонд усанд орж байх үед нь шингэн дотор хөвөгч биеийг түлхэгч хүчний тухай санаа гэнэт зурсхийн орж ирсэнд Архимед бүхнийг умартан Сиракуз хотын гудамжаар “Эврика !” /оллоо, оллоо/ хэмээн ялгуулсан уриагаа хашгирсаар хувцасаа ч өмсөхөө умартан нүцгэн гүйсэн гэдэг. Ингэж гидростатикийн гол хууль хүн төрөлхтөнд мэдэгдсэн түүхтэй.
 
  Бас нэгэн удаа асар том хөлөг онгоцыг далайчид усанд тавих гэж түлхэж, чирч аргаа барж байхыг Архимед ажжээ. Архимед түүнийг оньснуудын тусламжтайгаар хялбархан хөдөлгөж усанд тавьсан гэдэг. “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэсэн Архимедийн алдарт мэргэн үг тэр үеэс гарчээ.
 
  Тэр, хүмүүсийн цуурхал яриа, хойч үеийн хатуу шүүлтийн тухай багахан, заримдаа харамсмаар дэндүү бага боддог байв. Архимед өөрийнхөө зарим нэг гялсхийн орж ирсэн үнэтэй санаа бодлыг тэмдэглэх ч хэрэггүй гэж үздэг байжээ. Тийм ч учраас язгуур гаргах дүрмээс аль өмнө их тооноос давхар язгуур хэрхэн гаргаж байсныг нь бид хэзээ ч мэдэхгүйгээр өнгөрчээ.   Одон орон судлал, геометр, механикийн ухаанд түүний бүтээсэн зүйл үй олон бөгөөд тэр бүхэнд Архимедийн шинийг бүтээх, зүй тогтлыг нь онолын хувьд нээснээ бодит амьдралд нэвтрүүлэх гэсэн нэгэн үзүүрт халуун сэтгэл шингэсэн байв. Архимед бол шинжлэх ухаанд ховор тохиолддог-суут онолч, гайхамшигт инженерийн хослол байв.
 
  Римийн жанжин Марцелл, Сиракуз хотыг бүслэн авсан тухай Плутархийн бичсэн мөрүүдийг өнөөдөр ч гайхан, бахдахгүйгээр уншиж боломгүй байна. Архимедийн зохион бүтээсэн хэдэн арван “буу” булаан эзлэгчдийн хөлөг онгоц руу чулуу дүүгүүрдэн, тэдний толгой дээр дүүгүүрдэгч машинаас нисэн ирсэн жад, шор үүл мэт хуйлран бууж байв. Тогоруу маягийн дүрстэй ухаалаг хөдөлгүүрүүд хүмүүсийг “хошуугаараа” өлгөн авч өндрөөс шидэж, бас хөлөг онгоцуудын нь хошуунаас өргөн далайн усанд хөмрөн шиддэг машинууд ажиллаж байлаа. “Одоо яая гэхэв, геометрийн эсрэг хөдөлсөн дайнаа зогсоохоос” хэмээн Марцелл жанжин урамгүйхэн алиа үг хэлсэн гэдэг. Архимед ялжээ. Эртний Сиракуз хотын энэ “ерөнхий зохион бүтээгч” шинжлэх ухааны аугаа гайхамшиг бүтээж, иргэнийхээ хувьд ялгуулсан гавьяа байгуулжээ. Харин урвагч этгээд Ромынхонд хотын хаалгыг нээж өгөхөд гурван хөлтэй бяцхан ширээн дээр асгасан элсэн “самбар” дээр геометрийн дүрс зурж шинжлэх ухааны бүтээлээ туурвин суусан 75 настай өвгөн эрдэмтэн Архимедийн мөнгөн буурал тэргүүн дээр харийн булаан эзлэгчдийн хүйтэн илд өршөөлгүй бууж хөнөөсөн гэдэг. Тийнхүү харамсалтай таалал төгсөхийнхөө өмнөхөн Архимед “зургийг минь, зургийг минь бүү балла” гэж халагласаар нүд аньсан гэдэг.
 
  “Архимед шинжлэх ухааны мэдлэгээрээ дэндүү бардам …. өөртөө алдар суу авч ирсэн нээлтээ хүртэл …. ер нь нэг ч зохиолоо үлдээсэнгүй” гэж Плутарх бичжээ. Үнэхээр ч бид түүний бүтээсэн байлдааны машинуудын зохиомжийг мэдэхгүй үлджээ.
 
  Эртний Ром тийнхүү Архимедийн машинуудын бүх нууцыг олоогүй өнгөрсөн бөгөөд Марцеллийн олзлон авч гэр орноо чимсэн цорын ганц олзны зүйл нь Архимедийн “бөмбөрцөг” хэмээх тэнгэрийн эрхсийн нарийн зохион байгуулалттай алдарт загвар байлаа. Түүнийг нь олон жилийн дараа Марк Тулий Цицерон үзээд “ … энэ сицили хүн, хүмүүн төрөлхтний орчлон хэмжээнд нь хүрч чадамгүй суут ухаантан байжээ” гэж хэлжээ.
 
  Архимед өөрийнхөө шарил дээр геометрийн ухаанд оруулсан нээлтүүдийнхээ бэлэг тэмдэг болгож, бөмбөлөг, цилиндр хоёр сийлж тавихыг хүссэн байна. Түүнийг оршуулсан газар шарилж урган удалгүй мартагджээ. Гагцхүү 137 жилийн дараа Цицерон Архимедийн хаалганы дэргэдээс бунханых нь чулууг ухан гаргаж, Сахарын халуун салхинд хөөгдөн ирсэн элс чулуу арчин эвдсэн тал хагас тэмдэгээр нь таньжээ.
 
  Хожим бунхан дахин алга болсон бөгөөд одоо нэгэнт үүрд олдохгүй болжээ. Гэвч Архимедийн нэр хүн төрөлхтний оюун санаанд үүрд хоногшин үлдэж бүрнээ чаджээ.