Унтах нойроо хугаслан байж чимхсэн юмсан, буузыг маань хотоор нэг тарсан утаа хөнгөхөөн шоглоод хөөтэй хар тортог үлдээгээд явчихсан байх юм. Энэ жил манайх гэдэг айл анх удаа хөөгөөр чимэглэж, угаараар утсан бууз зооглож үзэх нь ээ дээ. Биед хортой ч амт нь өвөрмөц байж мэднэ гэж найдахаас. Гэхдээ л хүний өмнө тавихад нүүр халуун.
 
  Хүү минь “цагаан cap” болно гэж хөөрцөглөөд л сүйд. Хэн хэлчихсэн юм, бууз баншаар гэдсээ битүүртэл дүүргэхийг битүүн гээд ойлгочихсон гүйж явна.
 
  Хүргэн ахынх хагас бүтэн сайныг тааруулж буузаа хөөднө гэж дуулдана. Хүүхдүүд нь байгаа юм, болох байгаа.
 
  Тэдний бууз миний хийдгээс ялимгүй том. Төмстэй хамт холь­дог тул мах нь зөөлөн, амт нь ч зөөлөн. Айл бүр л өөр өөрийн жортой байх. Танил маань үхрийн махыг хониныхтой хольж татаад, дээр нь сүүл том том хөшиглөөд хольчихвол хачин сайхан гэдэг юм. Хонины махаар бууз хийхэд ялбайчихдаг, тэгээд ч үнэр нь хурц, үхрийн мах жаахан аргуун. Тэгэхээр аль алиныхаа сул талыг нөхөөд нээрээ зүгээр ч юм уу.
 
  Би бол гараар татсан махтай буузанд дургүй. Зах дээр очоод аль том шүүртэйгээр нь машиндуулчихдаг юм. Мэдээж жаахан өөх хийнэ. Амтат чинжүү, байцаа, лууван, бас жаахан гоньд нэмнэ. Хонин гоньд үхэр гоньдноос хамаагүй илүү аагтай гэдэгсэн.
 
  Эмээ минь цагаан сараар хэрэглэх гоньдоо зундаа заавал түүж хатаана. Тэгээд төмөр ууранд нүдэж хүүхдүүдийнхээ тоогоор даавуун уутанд хийн тараадаг тул бид гоньдоор ер тасрахгүй. Ер нь ийнхүү бэлтгэж нийлүүлэх нь түүний үүрэгт ажлын нэг л дээ.
 
  Найз бүсгүй маань бусдын адил мах, өөх, сонгино сармис, гоньд, давс хийж холих атлаа жаахан цагаан гаа хийдэг аж. Тэгэхээр айл айлын буузны амт өөр байх нь арга ч үгүй юм.
 
  Хийх арга ч бас ондоо. Гурилны чанарыг бууз хийгээд л мэдчихэж болно. Гурилаа мах гэрэлтэм нимгэн элдэхийн тулд жаахан өндөг, давс хийж зуурвал зүгээр. Баншийг ширмэн тогоонд чанах ёстой. Учир нь хурдан болно, ёроолд нь наалдахгүй.
 
  Газар газрын чимхэлт хүртэл бий. Ирмэгдэж имхэрдэхээс гадна хэлбэрийн хувьд саран, хонгорцог, цэцгэн, таван хошуу, цагариг, овоодой, цорготой гэхчлэн янз янз.
 
  “Дээлний” бууз гэж бий. Хүрээ маягийн бууз юм уу даа. Хүрээний гангачуулын идэж уух нь хүртэл учиртай байж. Өнөө айхтар сүрхий гоё дээл хувцсаа тос шөл болгочихгүйн тулд явдал суудал ихтэй ч 2-3 хазах биш нэг үмхчих жижигхэн чимхдэг байж л дээ. Түүнийгээ тэгж нэрлэсэн хэрэг.
 
  За ямар ч байсан, бууз баншаа базаагаад авна гэдэг хамгийн гол ажлаа нугаллаа л гэсэн үг. Хүн хүчгүй бол ард нь гарна гэдэг амаргүй. Ялангуяа хөгшидтэй айлд бол бүр хүнд тусна. Хаа газрын эзэгтэй нар өдийд суудал дээрээ тогтож чадахгүй өндөлзөж суугаа. Бууз банш, бэлэг сэлт толгойд нь эргэлдээд юун ажил манатай. Ажлын өдөр битүүн таарвал хэн хэнийгээ гэхэв, сэмхэн гараад гараад явчихна. Ийм нэг дүр зурагт бид хэдийнэ дасч орхиж.
 
  Уг нь ч ганцаараа биш л бол бууз банш чимхэнэ гэдэг их зугаатай ажил л даа. Хэцүү нь мах татах юм уу. Тэгээд арай нямбай хэд нь чимхэнэ. Настай хүн бол жор тунг нь тааруулсан шигээ, уут сав дөхүүлсэн шигээ сууна. Гэрийн эзэн ихэвчлэн хөлдөөж савлана. Гол нь ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө цуглаад хавь ойрын сонин дуулна, урд хойдох онигоонуудаа сануулна. Тойрч суугаад бууз банш хийхийн хамгийн гоё нь энэ.
 
Б.Нямдорж /35 настай/:
 
     - Өвөөгийн багын нэг хөөрхөн түүх байдаг юм. Ээж аав нь хот айлынхандаа бууз хүргэж өгөх ажилд зарж л дээ. Тэгсэн өвөөд зам зуураа жаахан хармын сэтгэл төрж, хоёр бууз үмхчих гэснээ гарч ирээд болъё гэж бодоод тавих газар олдохгүй болохоор нэг хонины нуруун дээр үлдээчихсэн гэсэн. Тэгээд гарч ирээд авах гэтэл өнөө хонь нь зугатаад бүр тэр хаваржингаа баригдаагүй гэдэг юм. Харахаар л нуруун дээрээ хөлдүү буузтай нөгөө хонь яваад байдаг. Тэгээд хойноос нь хөөхөөр гүйцэгдэхгүй... Ёстой нэг хөгийн юм болж.
 
  Хэ хэ хэ. Уур савсуулсан баяр удахгүй боллоо доо.
 

 
Хугархай, хуршсан ууц
 
  Хм... Хөрш айл минь урд шөнө ууцаа, буузтайгаа хамт хулгайд алдчихаж. Баншийг нь харин аз болж үлдээчихсэн гэнэ. Өгөөмөр сэтгэл гаргасан нь юу л бол, анзаараагүй байх. Сүүлийн үед дээрэм, хулгай гаарч байгаа гэсэн үнэн юм байна л даа. Цагдаагийнхан үүнийг баяр болж байгаатай холбон тайлбарлаж байсансан.
 
  Хэдэн жилийн өмнө аав шуудайтай ууц үүрч яваад халтирч унан сүүлийг нь хугалчихаж билээ. Урд жил нь гэрийн хажууханд байдаг цэцэрлэгийн гал тогоонд чануулсан чинь зах дээрээс үнэ цохиж авсан сайхан тарган ирэг маань давжаа хурга болоод хувирчихсан байв. Тогооч хүүхэн сольж хольсон уу, зах дээрээс өнөө ус шахсан ууц авчихсан уу, бүү мэд. Тэгээд хашраад тэр жил эмээгээр чануулж тагтан дээр нь хөлдөөлгөн битүүний өглөө зөөж авчрах гэтэл ийм хэрэг манддаг байгаа.
 
  Одоо яая гэхэв. Хүүхдийн эвдэрхий тэрэгний нарийхан төмөр шургуулж арай чамай л тогтоолоо. Хугархайг нь мэдэж байгаа болохоор тэр үү, заадас нь сав л хийвэл нүдэнд өртөөд нэг л биш ээ. Өөхтэй нь өнгө дагуу утсаар оёж, дээгүүр нь хайлуулсан тос нялж, хөлдөөж үзлээ. Арай л дээр болж байна. Гэхдээ манайхан тэр жилийн цагаан сарыг нэг л тавгүй өнгөрөөсөнсөн. За, ойр дотны улс бол яахав, үнэнээ л хэллээ. Харин гадны хүн ороод ирвэл аль болох дээрээс нь зүсээрэй гэж сануулах хэрэг гарна.
 
  Ууц чанана, муутгачихгүй хадгална гэдэг ер нь том ажил. Зочид манайх руу зүглэх нь ойлгомжтой болоод ирэхээр би түрүүлээд гэр рүүгээ гүйчихдэг юм. Хөлдүү махаар дайлалтай нь биш. Эртхэн тагтнаас оруулж, болохгүй бол халуун усанд мушгисан зузаан алчуур нөмөргөж хэсэгтээ гэсгээнэ. Зочид сийрсэн үеэр ахиад л тагтан дээр гаргах хэрэгтэй болно. Гэвч дараагийн гийчид хэдийд ч ороод ирж мэднэ шүү дээ. Манайхан ямар тэдэн цагт тэдүүлээ очно гэж урьдчилж сануулах биш. Байлдааны бэлэн байдалд сууж байхгүй л бол хэн хэнийгээ эвгүй байдалд оруулчих гээд тун болохгүй.
 
  Гэхдээ хэчнээн зүтгэл гар­гасан ч нэмэргүй дээ. Өнөөх ууц маань хоёр хоноод л муудах шинж ороод ирнэ. Хоносон хоол хор гэдэг биз. Хороор барах уу хог болно. Эхлээд чанаж лав л 10 хоног хөлдөөж таарна. Дараа нь халуун хүйтэн харшуулсаар Шинийн 5-ныг хүргэнэ. Холын зочид ногоо цухуйх үед ч ирж мэдэх учир тэр хүртэл бас зай бий. Хэсэгхэнийг ч болов цааш хийхгүй бол хүндлэлгүй хэрэг болно.
 
  Айл айл хэсч, үнэр орж, ногоорсон, бас хөгцтэй, хатсан, харласан ууцнаас амсаж явна гэдэг амаргүй шүү. Гэвч ёс ёмбогор, төр төмбөгөр юм хойно амсахгүй л бол эзэд нь гомдчихно. Амандаа хийчихээд амтыг нь мэдрэхгүйгээр нүдээ аньж байгаад гулгуулчих л нэг арга байна.
 
  Уг нь ууц айл бүрийн ширээн дээр заавал байх эд биш гэдэгсэн. Томоохон баяр ёслолд зориулж, ах зах хүмүүсээ хүндэлж идээ шүүс бэлдэх учиртай гэж мөн ч олон жил ярьж байна. Тэгсэн хэр нь л хонио аль том сүүлтэйгээс нь шилж муулаад л. Худалдаж авахаар бол цалингийнхаа талыг шахам тавиад туучихна. Нэг хоол судлаачийн үгээр бол, монголчууд бид чинь бог бод нийлээд жилдээ 6-7 сая мал идшиндээ хэрэглэдэг юм гэнэ. Үүнийхээ нэлээд хувийг цагаан сард зориулдаг аж.
 
Ааруул биш ээ, боов
 
  Шар тостой боов их амттай. Үйрч хугарчих гээд байдаг нь жаахан тийм болохоос. Багад эмээгийнх жил бүр хэвийн боов хийнэ. Дан тосоор багсрахгүй, бага зэрэг устай холино. Ус, элдүүрийг нь тааруулж чадвал цэврүүтэж хагарахгүй. Давс чих­рийг нь тааруулж чадвал тос даасан улаан шаргал өнгөтэй болох учиртай. Яггүй ажил. Томчууд гурил зуурч, багачууд махны машинаар хэд хэд эргүүлсний дараа халуу дүүгтэл нухна. Зураач ах маань гарын дүйтэйгээрээ хэвлэдэг юм. Тэгээд дараагийн шат дамжлагаар орж эцэст нь эмээ дээр тулна. Эмээ бол чанар шалгагч, ерөнхий технологич.
 
  Эмээгийн жороор хийдэг боов их амттай болдог учир хүмүүс их дуртай. Тэрэнд ч урамшдаг юм уу жил бүр нэжгээд боов хийнэ. Тавганд өрөхийн зэрэгцээ үр хүүхэд ач гуч нарынхаа тоогоор нэг нэг боов хийнэ. Тэгэхээрээ бүр тоо нь талийж өгнө дөө. Сүүлдээ ач гуч, хүргэн бэр нэмэгдэхийн хэрээр замбараагаа алдсан. Тэгээд ярилцаж байгаад хэдэн жилийн өмнөөс энэ нүсэр ажлаа завсарлахаар шийдлээ. Завсарласан ч гэж дээ эмээг хүчээр хориглож айл бүр өөрсдөө дэлгүүрээс худалдаж авч байхаар болсонсон. Хөдөө гэрт бол яая гэхсэн, хотын угсармал байшинд бол барахгүй даваа юм билээ.
 
  Хэвийн боовны сурталчилгаа ид хүчээ авч байна. Буузны компаниуд ч дутахгүй. “2.5 кг бууз худалдаж авбал тарган хонины ууц, тавагтай идээ хожно шүү” ч гэж зарлаж байна.
 
  Үнэ нь ялгаагүй ч чанар нь өөр гэнэ. Тэгэхээр нь амсаад үзлээ. Ялгагдах ч юм алга. Хувийн үйлдвэрийн боов бүр дор байна биз. За тэгээд ямар ч гурилаа, ямар ч саванд зуураа билээ, хэн мэдэхэв. Бодоод байх нь ээ, хэвийн боов их эрсдэлтэй бизнес байх аа. Яаж ийгээд борлуулахгүй бол баярын дараа найр хурим хийдэггүй л юм бол хэн ч авахгүй дээ.
 
  Явж явж Гандангийн боов илүү юм уу гэж байтал саяхан тэнд мэргэжлийн хяналтын албаны­хан очоод гал тогоо нь ариун цэврээр тун тааруу болохыг нь олонд дэлгэчихсэн гэхчив.
 
  Гэхдээ л яаж ийгээд олигтой л юм олж авахгүй бол мөнгөний гарз. Эцэст нь хатсан боов мэрээд суух уу.
 
Г.Оргил /22 настай/:
 
     - Миний нэг танил канад байдаг юм. Ул боовтой анх танилцсан түүхээ ярьж бөөн инээдэм болж билээ. Манай хүн өнгөрсөн Цагаа­н сараар монгол айлд очоод дайлуулж л дээ. Түүнд юм юм л таалагдаж. Ялангуяа урдах хүн харагдахгүй шахам өндөр өрсөн ул боов тун сонин санагдсан гэнэ. Тэгээд тэр том юмыг чинь буулгаж ирээд амсалтай нь биш, гэхдээ ид гэж л өмнө тавьсан байлгүй дээ, гэрийн эздийг зөвшөөрөл өгтөл хүлээх ёстой юм болов уу гэж бодоод суужээ. Тэгтэл түүнд хэн ч гар хүрдэггүй, юм ч хэлдэггүй. Европчууд заримдаа их шулуухан шүү дээ. “Энэ боовноос чинь амсч болох уу” гэтэл гэрийн эзэд инээлдэж, “Цагаан сар дуусахаар буулгадаг юм, тан руу хэдэн ширхэгийг илгээмз” гэж амлаж. Гэхдээ хэлснээрээ өгөөгүй гэдэг юм. Ичсэн байх л даа.
 
  Сүүлд нэхэл дагал болж байгаад арай гэж олж авсан чинь тэр нь жигтэйхэн хатуу. Тэгэхээр нь “Би буруу ойлгосон юм байх даа, боов биш том ааруул байсан юм байж” гэж бодсон гэсэн.
 
  Цагаан сарын дараа хавь ойроос ирсэн боовонд дарагдаад мөн ч тээртэй шүү. Уг нь хүн юм өгч байхад талархах ёстой доо. Харин манайхан энэ удаа нэг их баярлахгүй. Өдөр бүр ижил төрлийн, амттай амтгүй боов идсээр байгаад бүр уйдчихдаг болохоор тэр. Гэхдээ заавал идэж дуусгах ёстой тул бие бие рүүгээ дамжуулаад л нэг хэсэгтээ юм болно. Харин ажил дээр бол овоо далд орох шинжтэй. Дунд нь дэлгээд тавьчихад тэгж ингэсхийж байгаад алга болчихсон байдаг даа. Гэвч маргааш хэн нэг нь ахиад л өнөөх хатсан боов, хуршсан махаа үйрсэн ааруул, хайлсан чихэртэй хамт боогоод ирнэ. Энэ байдлаараа лав л хоёр cap болно.
 
Ёмбогор ёс
 
  Битүүний өглөө эмээ шар тос, зулын гол өвөртөлсөөр л орж ирдэг юм. Хүүхдүүдийнхээрээ орж зул барьж, таваг засахаа бүр өөрийн эрхэм үүрэг гэж үзнэ. Тэгээд бас өнгөрсөн зун хураасан ааруул тосноосоо жаал жуул илүүчилнэ. Ялангуяа ууцны учрыг ёс мэддэгээрээ эмээ л олно уу гэхээс мань мэт хажуу хавиргаар нь юуг нь яаж байрлуулах ёстойг тэр бүр тогтоож авахгүй.
 
  Хүүхэд байхад дүү бид хоёр Оросын “баавгайтай”, “улаан малгайт­тай”, “хэрэмтэй” том, том чихрүүдээс сорчлоод элээ шиг л явуут дундаа шүүрчихдэг тул манайх тавгаа юм л бол том гэгчийн марлиар бүтээчихдэг байж билээ. Харин 10-аад жилийн өмнөөс уламжлалаа сэргээж тавгийн боовоо дан цагаан идээ­гээр чимдэг болсонсон. Энэ нь ч их аятайхан харагдана. Харин чихэр тавих бол тусдаа арай багашаархан тавганд хийнэ. Тэгээд завсар зайгаар нь элдэв ногооны салат, бялуу, жимсний шүүс өрж өгнө дөө. Харамсалтай нь энэ бүхэн ууц, бууз, банш, үзэмтэй будаа, ул боовтой зэрэгцэхээрээ нөгөө гоё монголжуу төрх нэг л харагдахаа больчихдог юм. Хоёр өөр үндэстэн хоолоо холиод тавьчихсан юм шиг л. Үгүй, тэгтэл бидэнд чинь бууз баншнаас өөр ам руугаа хийчих хүнс цагаа тулахаар бас ховор юмаа.
 
  Хөдөө бол яана гээч. Тэр жижигхэн ширээн дээр ууц, тавагтай идээ тавьчихад л дүүр­чихнэ. Ерөөсөө л сайхан данагар хөшөө босгочихно. Тэгээд л болоо. Өөр юм багтах зай ч байхгүй.
 
  Монголчууд бид чинь юм л бол бэлгэдэх дуртай, бидний бүх юм бэлгэдэл гээд бүр бахархдаг биз. Хангарьд шувуугаар халх эхнэрийн тэр дэргэр үсийг төлөөлүүлсэн л гэнэ. Гэтэл тэр нь угааж, арчихаас өгсүүлээд хэвтэж, суухад хүртэл бөөн зовлон. Тэрэнтэй яг адил. Идэж уухдаа хүртэл хүнд харагдах талаас нь, сүртэй талаас нь, бэлгэ тэмдэг, баяр ёслолын гэсэн утгаар л бас хандахыг эрхэмлэдэг юм. Хэрэглээ талаас бол юу ч байхгүй, нойл. Уг нь эхлээд идэж уухад эвтэйхнээ бодох ёстой биз дээ.
 
  Ганц жижиг ааруул үмхэхийн төлөө хажуу хавийн хүмүүсээ ханаруулаад л дээр нь тэгнээд хэвтчих нь холгүй, тэрнээсээ эсэн юм болно. Боов аль болох олон давхар үелсэн, ууцны сүүл том байх тусмаа сайн л гэнэ. Үгүй тэгээд энэ нь үзмэр юм уу, урлагийн бүтээл юм уу, нэг л ойлгомжгүй. Хэд хоног харж байгаад муудахын алдад ад үзэн үзэн идэж дуусгадаг энэ ёс манайхаас өөр газар лав байхгүй дээ.
 
“...Утас чинь нэгжээр дүүрэн байг”
 
  Хөдөөнөөс хамаатан эгч маань бэлэг цуглуулахаар иржээ. Чанартай мөртлөө хямд бэлэг авах юм гэнэ. Хямд бараа чанар­тай, чанартай бараа хямд байна гэж юу л бол.
 
  Цагаан сарын бэлэг ерөнхий­дөө ойлгомжтой л байдаг шүү дээ. Эмэгтэйчүүдэд зориулж настай бол дээлийн өнгөнөөс өгсүүлээд багаар бодоход үсний шампунь, гарын саван, үсний будаг, нүүрний тос, үнэртэй ус, алчуур, шилэн терко, дотоож харин эрчүүдэд тамхи, оймс, түлхүүрний оосор, цамц, хүүхдүүдэд бал, тэмдэглэлийн дэвтэр, бээлий, хавчаар, зургийн цомог...
 
  Манайхан нэг хэсэг “Бэлэг хэрээс хэтэрлээ. Ерөөсөө бэлэг өгч авалцахаа болъё барья” гээд л туйлшрах дуртайгаараа туйлшраад л байсандаг. Тэгээд ярьсан хэлснээрээ цагаа тулахаар байж чадах юм болов уу. Нэгэнт баяр л юм бол бие биедээ бэлэг өгч л таарна. Энэ чинь бусдыг баярлуулахаас гадна, “Та надад их эрхэм хүн шүү” гэдгийг сануулж байгаа хэрэг. Харилцааны нэг том соёл. Аль ч улсад ийм л байдаг. Америкчууд Зул сарын баярт зориулж худалдаж авсан бэлэгнийхээ үнийг жил тойрон төлдөг гэдэг биз дээ. Амьтад ч гэсэн агнасан амьтнаараа бие биедээ найр тавьдаг шүү дээ.
 
  Ер нь тэгээд бэл бэнчиндээ тааруулвал барав. “Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд ямар хамаа байхав” гэдэг шиг хэнд юугаа өгөх нь тухайн хүний л хэрэг. Мөнгөгүй бол ёсыг бодож гар цайлгавал л болно биз. Нэрэлхүү зангаасаа болж, бусдыг дагаж хөлөө хөлдөөнө гэдэг ёстой илүү зан.
 
  Харин бэлэгний соёлд сурал­цъя гэвэл өөр хэрэг шүү. Надад лав тамхи бэлэглэвэл татдаггүй юм чинь баярлахгүй нь лав. Хэтэрхий том размерийн хөхний даруулга бэлэглэвэл доромжилж байна л гэж үзнэ. Ер нь дотуур хувцас бэлэглэх нь ойр дотно биш л бол их бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Энэ мэтчилэн бэлэг­тэй холбоотой дэг жаяг цөөнгүй бий. Жишээ нь, азиуд зочноо үдэж мордуулахын өмнө бэлгээ өгдөг, харин дэргэд нь огт задалж үздэггүй бол европчууд эсрэгээр, задлахаар барах уу үзэж харангаа төрсөн сэтгэгдлээ заавал хэлнэ. Япончууд бэлгээ гол төлөв чанар­тай сайн цаасанд ороож, хоёр гардаж маш хүндэтгэлтэйгээр өгдөг. Гэтэл тэр сав баглаа боодол нь чамирхсан хэрэг огт биш. Овортой харагдуулах гэсэн ов заль ч биш. Бариад явахад амар, очоод үзэхэд сонин тийм л зүйл.
 
  Мөн бэлгийг хоёр гараараа биш юм аа гэхэд баруун гараараа өгөх заншил бий. Ихэнх улс оронд зүүн гараар өгөхийг цээрлэдэг юм билээ. Манайд ч мөн адил даа. Хятадууд өнгө, тоонд их анхаарна. Дөрвийн тоо “үхэл” гэсэн үг. Бас улаан өнгийг дээдэлнэ. Бид ч бас тэдний ижил сондгой тоонд дурладаг. Хоёр ширхэг юм хүнд өгөх их дургүй шүү дээ. Тэд цагаан өнгөнөөс татгалздаг бол монголчууд эрхэмлэдэг.
 
     Түүнчлэн өмнө өгснөөс нь илүү үнэтэй зүйл зочиндоо хариу бэлэглэх нь баярлуулах биш, харин ч эвгүй байдалд оруулдагийг мэдэхэд илүүдэхгүй. Бэлгийг зэрэг зиндаагаар нь ялгаж өгдөг учиртай. Үүнийг зочид ойлгож байх нь чухал. Ялангуяа настай хүнд хямд юм барих нь хүндэтгэлгүй хэрэг болно. Мөн хүн бэлэг өгөхөд өгөх ёстой, авах ёстой юм шиг аяглаж болохгүй. Япончууд их ёсорхуу улс. “Авахгүй, үгүй хэрэггүй” гэж дор хаяж хоёр удаа хэлж ихэд цааргалсан дүр үзүүлж байж авдаг. Бидний “За, яахнав дээ” гэдгийн адил юм даа.
 
  Бэлэг гэдэг бэнчингээс гадна бас цаг үеэсээ шалтгаалж өөрч­лөгдөж байдаг зүйл. 60 жилийн өмнө л гэхэд ам даавуу том бэлэгт тооцогддог байлаа. Харин одоо бол өөр, жишээ нь өдөр тутмын хэрэглээ болоод ч тэр үү, гар утасны нэгж өгвөл хачин их баярладаг болсон цаг. Ерөөл хүртэл шинэчлэгдсэн байх юм. “...Утас чинь нэгжээр дүүрэн байг” гэнэ шүү. Бэлэгний тухайд манайхны онигоо олон. Санд­раад дутуудуулчих бол энүүхэнд. Буруу зөрүү өгч будилж мэднэ. Мөн зочид бэлгээ авах гээд айлын үүдэнд дугаарлан ичингүйрсхийгээд хүлээж зогсох нь их инээдтэй. Нэрэлхүү нэг нь гараад явчихна л даа. Гэхдээ бас арагшаа чих тавиастай. “Мартаад явуулчихлаа, маргааш ирээд аваарай” гэвэл очих хэцүү, байх хэцүү...
 
  Цагаан сарын үеэр шинэ мөнгө тун эрэлттэй. Хуруу зүсэм иртэй байх тусмаа сайн. Шинэ дэвсгэрттэй таарчихвал цааш хийгээд л золгох бэлтгэлээ эртнээс базаана. Өнөө эмээ минь цагаан сарын үеэр жигтэйхэн баяжчихдаг юм. Аравт, хорьт гаргаж ирээд л, “Мөнгө муутай байгаа бол ав ав” гээд л. “Эмээд нь хүүхдүүд нийт тэдэн төгрөг өгч” гээд их л баяртай. Цагаан сарын өмнө бууз банш, идээ будаа гээд шаналж явснаа мартчихсан л мөнгө нь дуусахгүй юм шиг загнана гээч. Заримдаа Цагаан cap бидний хүн чанарын илэрхийлэл болсон шиг санагддаг юм. Ээж аавынхаа сэтгэлийг зовоочихгүй элбэг хангалуун өнгөрүүлчихвэл ачийг нь бага ч гэсэн хариуллаа л гэсэн үг.
 
Уруул дээр үнсдэг ах
 
  Нэг удаа аавынхаа найзтай золгох гэтэл нэг чанга тэвэрснээ уруул дээр минь шоп хийтэл үнсчихдэг байгаа. Тэрнээс хойш гадны улсад үнсүүлэхээс жаахан жийрхээд байдаг болсон. Үгүй, тэгээд үнсэх гээд байгаа юм бол хөнгөхөөн үнэрлэчихнэ л биз дээ. Шүлсээ наах гээд дайраад байхыг яана. Ёс юм байна нэг сайхан золгоод мэнд усаа мэдэлцчихэд л болмоор. Ерөнхийлөгч бол бүр шог. Цагаан сарын үеэр УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд гээд лав л 300 гаруй хүнийг үнсч үнсүүлнэ. Хацар нь улайчихсан, ийм байдалтай байгаадаа их л эвүйцсэн бололтой зурагтаар гарч байгаа харагддаг юм. Хубилай хаан ингэж хүн болгонтой үнсэлцээд байсан болов уу даа. Лав л Богдын өмнө ноёд, бас шавь нар нь хадаг тавиад мөргөөд л гардаг байсан гэдэг.
 
  Харин зарим нь бүр хүнээ байчихсан Цагаан cap болж байгааг юман чинээ бодож байгаа юм алга, гудамжинд зөрж өнгөрч байгаа аятай тэр холоос хээв нэг толгой дохичихсон сууж байдаг юм. Танихгүй хүмүүс айлд таарахаараа бүр хөгийн. Осолтгүй мэнд мэдээд хоорондоо бараг дуугарахгүй, дуугай дүмбийж байгаад гараад явна. Манайхан ямар тэгтлээ сүрхий дуулж, хуурдаж, бүжиглэнэ гэж юм байх биш. Заримдаа баяр биш, хэн нэгнийг оршуулах ёслолд ирчихсэн юм биш байгаа гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
 
  Тэгэхээр үнсэх ёстой юм уу, үнэрлэх нь зүйтэй юм уу, аль эсвэл зүгээр л золгочих ёстой юм уу. Нэг ийм асуултанд хариулах шаардлага гараад байна аа даа. Ерөөл ч тэр. Хонь малаас хөндий өсссөн хүүхдүүд бол ойлгохгүй, хот газар тохирохгүй “дааганы далан, бярууны булчин”-г бие биеэсээ хэрэг болгож асууж сураглах нь хэрэгтэй ч юм болов уу.
 
Р.Болд /42 настай/:
 
     - Хөдөөний цагаан сар тасархай ш дээ. Нэг нөхөр шөнө дүл болсон хойно тэр холоос хангинатал дуулаад давхиад ирнэ. Үгүй, тэгээд хүн орж ирчихээд байхад тэврэлдээд чимээгүй хэвтээд байлтай нь биш. Үйлтэй лайтайгаараа өнөө муу эхнэр л босч гал түлж, бууз жигнэн нөгөө дуракийн чинь төлөө нойроо алдаад сууж байдаг юм.
 
  Гэрийн эзэн босч ирэх ч үгүй. Мөрнийхөө дээгүүр хэн ирснийг нь харчихаад буцаад хурхираад өгнө. Тэнд айл амьтны амар амгалан байдал, хүний эрх мэрх гэсэн ойлголт байхгүй. Одоо ямар дундад зуун биш дээ. Хөдөө ч гэсэн харилцааны юм жаахан баймаарсан даа.
 

 
  Цагаан сарын үзүүштэй харууштай нэг үзмэр бол төрийн өндөрлөгүүдийн “фэшн шоу”. Зохисон зохиогүй бүгд бөх аятай халхгар дээл, ээтэн гутлаар гоёчихсон, хаа газрын баячууд цугларчихаа вэ гэмээр. Гэхдээ л хүмүүст их сонин. Ерөнхийлөгчийн эхнэр юу өмсөж, манай ерөнхий сайдад малгай дээл нь зохиж уу гэж шинжээд сүйд болно. Моодыг одууд сурталчилж, ард түмэн дагадаг дэлхийн жишиг манайд ч бий. Харин хурган дотортой дээлтэй, хөлсөө хамар дээрээ бурзайлгаад л халуун цай оочиж суугаа нь хот газрын паартай байшинтай нэг л авцалдаж өгдөггүй юм.
 
  Жилийн жилд төрийн өндөр­лөгүүд Гандантэгчэнлин хийдэд очиж мөргөчихөөд, өндөр настантай золгох үед хажуу хавиар нь хамгаалалтын албаны­хан, сэтгүүлчид гүйлдээд л, бөөн сүр болдог доо. Ийм нэг дүр зураг Цагаан сарын маань бас нэг чимэг.
 
  Нөгөө чих хатуутай хөгшин нь бүр айчихсан, залбирах нь холгүй сууна. Бас болоогүй ээ, байгаа байдлаа тоочоод, байшин гуйгаад л... цаанаас нь хүүхдүүд нь хэлмэрчлээд л...Өндөр насалсны гавьяа тэгж нэг гарна.
 
Тааварлагчид ба Цагаан cap
 
  Л.Тэрбиш гуай мөн ч олон жил хямарч байна даа. Заримдаа мань эрийг буруу тооцоолоод тэр чигээрээ гүрийчихэв үү гэж хүртэл хардах юм. Энэ дэлхийд “Тэрбишийн” зурхай гэж хаана ч байхгүй. “Төгсбуянтын”-х гэж харин бий. Ядахад манай улс чинь яасан ч их зурхайчтай юм. Нөгөө хошин шогийнхны хэлдгээр, тэднийг сонсохоор “Үнэн ч юм шиг, үгүй ч юм шиг” л болчихыг яана. Дагаад бүр толгой ч эргэж гүйцлээ.
 
  Өнгөрсөн сарын 25-нд найз эгч маань намайг гэртээ урьж байна. Шар зурхай дагаж ёслох юм гэнэ. Буруу зөрүү мөрөө гаргачихвал ажил үйлсэд маань муу, цаашлаад амь насанд маань цөвтэй ч юм билүү гэж бодоод татгалзчихсан, гомдсон л байх. Үгүй тэгтэл тэр өдөр нэлээдгүй олон хүн золгосон гэнэ шүү. Тэгэхээр бас эргэлзэж эхэлнэ. Ийм олон жил хэрүүл тэмцэл хийгээд байгаа юм чинь буруу зөрүү ёсолчихов уу, яав гэх бодол толгойд эргэлдээд сэтгэлд нэг л сэвтэй.
 
  Жишээ нь, Баабар ийнхүү учирлажээ. “1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлалаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав.
 
  …Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тоол­лыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу”.
 
  Саяхан С1 телевизээр зурхайчдыг цуглуулаад маргааныг таслах гээд оролдсонсон. Бас л бүтэлтэй юм болоогүй. Энэ үеэр үзмэрч Дашцэрэн гол дүр нь болчихсон дүвчигнэж явна. За болъё доо, түүнд хэн итгэх юм бэ. Мань хүн хүмүүсийг манаргаж явсныг нь мартсан гэж боддог бололтой. Хоёр жилийн өмнө Нагаанбуу, Арго багш нар Чингэсийн үед намар хийдэг байсан гэж хэвлэлийн бага хурал хийлгэж байсан санагдана. За, хавар болгочихсон юм байж. Тэгээд яагаад эргээд намар болгох гээд байгаа юм. Тэгж байгаад эргээд хавар болгох юм уу. За бүү мэд дээ. Төр юу гэж айлднав, түүнийг нь дагаж явахаас. Гэвч “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олох­гүй” гэж нэг үг бий. Наад зах нь би найз эгчтэйгээ муудаж байгаа юм чинь энэ будлианаас болж яваандаа хамаатан садан, хотол олноороо хагаралдвал бүр ч тоогүй юм болно доо. Буриад, халимагууд сайн муу ч биднийхээ аяыг харж байгаа. Дэлхийгээр тарсан монголчууд ч мөн адил наашаа чих тавин харзнаж суугаа.
 
  Дээр үед Цагаан сарын үеэр Зэтэрлхам хурна гэж том үйл явдал болдог байж. Бүр 60-аад он хүртэл Гандангийн дэнжийн айлууд хөдөөнөөс ирсэн хоноцоор дүүрчихдэг, шөнөжингөө хурдаг тул гийчид босоогоороо хонодог байсан гэдэг. Бас Богд хаан Цагаан сарын үеэр хавь ойрын ядуусыг хооллодог байсан тухай сонсож байсан юм байна. Булганчууд Зулын 25-ныг их гоё угтдаг байсан тухай хууччуул ярьдаг юм. Хүмүүс бүрэнхий болоод эхлэхээр нэг дор цугларч бөөндөө уулан дээр гаран шар тостой хувинд зул барихаар Булган уул тэр чигээрээ ассан мэт их үзэсгэлэнтэй харагддаг байсан аж. Европчуудынхаар бол ёлка л юм даа.
 
  Харин одоо бол нийслэлийн гудамжинд хоорондоо их төстэй царайтай, дээл өмссөн хэсэг бүлэг хүмүүс явж байвал Цагаан cap болж байна гэж ойлгогдоно. Өөр баяр болж байна гэдгийг илтгэх, нүдэнд торох юм байхгүй. Ганданд ном уншиж, талд очиж өглөөний нар харахаас өөр олныг хамарсан гавьтай үйл явдал ер болдоггүй. Уг нь бол монголчуудын хувьд Зул сараас илүү хөрөнгө мөнгө хаях баяр бол Цагаан сарсан.
 
  Клаус өвөө тэргэндээ бэлэг ачаад тэнгэрийн орноос ирдэг худлаа шүү дээ. Гэтэл европчууд энэ үлгэрт итгэхийг хүсдэг. Түүнд зориулж хотын төвдөө томоос том гацуур босгож, түүний дүртэй захидал бичиж бие биедээ илгээдэг. Хамгийн гол нь тэд баярласан шиг баярлаж, баяраа улам амттай, утга учиртай болгож, бүр шоу, бизнес хийж чаддагийг бид бэлхнээ мэднэ. Халуун оронд зохицсон хөнгөн нимгэн хэрнээ ногоон өнгийн өмсгөлтэй, xap царайтай өвлийн өвөө дуулж бүжиглэчихсэн гүйж л байдаг. Энэ уламжлал шинэчлэлийн нэг жишээ биш гэж үү. Ийм Санта уг нь хаа байсан юм.
 
  Бидэнд ч бас тэднийхээс дутахгүй сайхан домог бий. Бадамлхам бурхан Дамдинчойжоо бурхан /Эрлэг номун хаан/-ыг хуурч бухаа луусаар нь сольж унаад дэлхийг тойрон бэлтгэл хэр базаасныг шалгангаа айл бүрт аз хийморь түгээж явдаг гэдэгсэн.
 
Г.Сэлэнгэмаа /28 настай/:
 
    - Гацуурны оронд төв талбайдаа энэ жил сарлагийн нэг хөөрхөн тугалны баримал байрлуулсан бол тэр жилийн бэлгэ тэмдэг болно доо. Өнөө толгой нь шар, сүүл нь цагаан үхрийнх нь өмнө өрөөсөн гуталтай, шилбүүр барьсан хүү зогсоочихвол энэ жилийн өнгө ийм байх юм байна даа гэж хүмүүс мэдээд авна.
 
  Утга учрыг нь хөөх юм бол, Цагаан cap их том баяр, онд мэнд орсны баяр, шинэ хавартай учирсны баяр. Хавь ойрд уулзаагүй ах дүүтэйгээ уулзана, бусад­тай муудсан бол сайдах том боломж, танилцъя гэсэн хүнтэйгээ нүүр тулах сайхан шалтаг болно. Энэ үеэр хүмүүс бие биедээ хачин элгэмсүү болчихдог доо.
 
  Харамсалтай нь, Цагаан cap дөхөөд ирэхээр л манайхан баяраа бас өөрсдийгөө хараагаад эхэлдэг юм. Баярлах гэснээсээ бахардаж унах гэсэн хүмүүс л олон. Гадныхан үүнийг ойлгохгүй, баярлах гээд байгаа юм уу, тэгээд баярлах гээд байгаа юм бол яагаад уурлаад бaйгаa юм гээд бүр гайхаж орхино.
 
  Монголчууд бол зовлонг нь сайн мэднэ. “Ходоод хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Үнэхээр болохгүй болоод л ийнхүү муу хэлээд байгаа хэрэг. Хотын байшинд ууц нь муудаад, боов нь хатаад, дээлэндээ халууцаад, хэтэрхий их хөлд дарагдаад ирэхээр бухимдаж л таарна. Гэхдээ бас үглээд л, уцаарлаад л тэгснээ инээгээд л, баярлаад л олон ааштай хүүхэн шиг аяглаад байх нь хаашаа ч юм.
 
  Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд Оюундарь бүсгүйн дүрээр хүрээнийхэн цагаан сараа хэрхэн ёслон өнгөрүүлдэг, ямар үг хэлэлцэж, яаж гоёдогийг хүртэл нүдэнд харагдтал дүрслэн өгүүлсэн байдаг даа. Одоо яг тэр үе шиг яв цав хийнэ гэдэг бол боломжгүй. Аливаа зүйл уламжлагдаж, шинэчлэгдэж, хөгжиж байдаг юм хойно. Үнэндээ бид соёлоосоо, хөрснөөсөө хэт тасарчихсаны л гай. Цагаан cap ч бас цаг үеэ дагаад шинэчлэгдэж, аажмаар эв зүй нь таараад хувирч өөрчлөгдөөд явах учиртай байсан. Гэтэл “Нэгдэлчдийн өдөр”, “Малчны цагаан cap” гээд саармагжуулаад, соц-ийн үед бүр “дампууруулчихсан”. Эргээд яаж сэргээхээ, ер нь яаж хийх учраа мэдэхээ байсан. Хорьдугаар зууны соёлыг хорин нэгдүгээр зуунд ямар ч засваргүй, тэр чигээр нь авчраад тавьчихсан. Гэрт л зохицох уламжлалыг байшинд авчраад дэлгэчихсэн. Тэгтэл тэр нь нийцэхгүй.
 
Х.Далхаа /48 настай/:
 
    - Манайхан сүүлийн үед Халоувийний баяр, Хайрын баяр гээд л их сүрхий тэмдэглэдэг болж. Хөгшчүүд хүртэл самбаганаад, зүрх мүрх болчихсон гүйж явах юм. Тэр Валентин өвөө, сүнс чөтгөр ер падгүй ш дээ. Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр ч тэр. Баярлах шалтаг мундсан биш. Өөрийн юмаа устгачихаад хүний соёл сайхан санагдаад байгаа нь энэ дээ. Уг нь, бусдыг дагаж маазарч байснаас үндэсний гол баяраа эрхэмлэж, зөв голдрилд нь оруулаад утга учрыг нь алдагдуулчихгүй шиг шинэ маягийн амьдралтайгаа тааруулан хийж хэвшвэл барав.
 
  Та төсөөл дөө, дэлхийгээр нэг ижил хувцастай хүн хөлхөлдөөд эхэлвэл ямар байх бол. Эргээд л улс үндэстэн, ахуй соёлоо үгүйлээд унах вий. Түрүүчээсээ ав адилхан байх дэмий юм байна гэдгээ ойлгож эхэлсэн. Даяарчлал гэж бусдыг дуурайн алиа сал­бадай шиг амьдарч байснаас Монгол улс, монгол үндэстэн байх гээд байгаа юм бол, монголоороо л байя, монголоороо хөгжиж дэвжвэл яасан юм. Шинэ жилийн мэнд хүргэе.
 
2009 он