Үргэжлэл
“Зууд очоогүй лам, зовиур үзээгүй ноёд”
“Өдөр бүхэн урам баяртай” гэж “Үйлсийн сайхан Улаанбаатар”-т дуулдаг нь үнэхээр зөв байжээ. Зундаа Улаанбаатарынхны олонхи нь бүр хөдөө явж цэвэр агаар амьсгалан, цэгээ айраг ууж, найр наадамд оролцож явдаг. Ийнхүү эндэх хүмүүсийн хувийн бага машин олон бөгөөд олонхи нь бүр хөдөөгийн зуслангийн газар тохилог сайхан модон байшин буюу монгол гэртэй байж, түүнээ лагерь гэдэг.
Урин дулаан зуны улирал болмогц хотын бохир агаарт уйдсан улс бүх гэрээрээ бага машиндаа сууж идээ умдаа, эдэлж өмсөхөө аччихсан лагерьтаа очиж ларжаатайхан жаргадаг нь үнэхээр язгууртны сортоотой ажээ.
Улаанбаатарын ихэнх хүмүүс ер нь ертөнцийг тоохгүй, юуг ч ойшоохгүй ихэрхэг сагсуу явдаг. Өөрийгөө “төв халх, цэвэр монгол” гэчихсэн Чингэс хааны шилдэг үрсүүд хорвоог дагуулахаар хол явж суурьшсан гэдгийг мэдэх ч үгүй юм шиг өвөр монголчуудаа үзээд халтас гэвэл хэгжүүн царайлна. За энэ ч яах вэ, халхчууд минь хэсэг нутгаа хямгадан сахиж, хэл, соёлоо хэвээр нь хоцроож чадсаны хувьд “Манийг бодвол манзшир” юм чинь. Эдгээр “Зууд очсонгүй лам, зовиур үзсэнгүй ноёд” маань тэгээд эрх зоргоор өссөн хүүхэд шиг магтаал дууг л сонсох дуртай. Эх орныг нь бага л муулах юм бол энгийн малчид нь ч чамтай царай барайж мэднэ. “Монгол Улс одоо жаахан ядуу хоцронгуй ч яах вэ яваандаа хөгжих л байлгүй” гэчихсэн бардам царайлдаг хүмүүсийг харахаар бидний сэтгэлд ч бага бус омогшил бялхаж байдаг.
Үнэндээ бид бас Монгол Улсыг муулах дургүй. “Нэг үхрийн эврийг цохиход мянган үхрийн эвэр шархирна” гэдэг шүү дээ. Зөвхөн энэ мамаа нарын жаахан ч түгшүүрт ухамсаргүйд нь хааяа “Хал нь гаднаа, хайр нь дотроо” байх л төдий. Хааяа би хотоор гарч эндэх хүн зонтой нь зоогдох юмуу гадаад оюутны байрны цонхоор гадагш харж амьдрал ахуйг нь сониучлан суудаг. Эндэх зээл дүүрэн зөрөлдөх хүмүүсийн зарим настайчууд нь монгол тэрлэг, арьсан гуталтай явахаас бусад нь бүр европ маягийн хувцас хэдрэн, залуучууд нь ахар буржгар үсээ гэрэл буутал тослон хааяа зарим нь бор, улаан, шар, хүрэн өнгөөр будаглан, гадны малчны өмд өмсч, нэг л чигээр дорвилог алхана. Согдойсон биетэй охид, хүүхэнчүүд нь хүнд бийрээр зурагласан хүмүүс шиг нүүр царайгаа хэдэн давхар оо энгэсгээр шавж, уруулаа цус нэвчих мэт будаглана. Шинэ маягийн хувцас хунар хэдэрчихсэн согоо шиг дэгс дэгс дэнхэлзэн явна.
“Гялс ирнэ”
Зээл дээр дурын нэг хүнтэй ярилцахаар “Япон явсан, Солонгос очсон, Америк, Герман орсон…” гэж ярихаар нь үзвэл халх монголчууд хол явж хараа нээсэн нь хараахан мэдэгдэнэ… Яриангүй “Хээрийн галуу нисээд үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөөд ирэхээр” явсан байна гэхэд “мөнгө өвөртлөөд ирэхээр” явсан нь ч мөн үгүй. Монгол Улс одоохондоо ядуу хойно үүнийг яах вэ! Нэг улс орны хөгжил нь байгаль орчин, соёл түүхэндээ хязгаарлагдаж байдаг. Халх монголчууд Азийн их эх хуурайгийн ар хэсэгт оршиж хахир хүйтэн орчин тойронд амьдран уламжлалт нүүдэл малжлын соёлоо түшсээр ирсэн хойно ертөнцийн боловсноос хоцрох нь яриангүй. Эдгээр нь бусдач шалтгаан бол харин алжуу залхуу нь биеч шалтгаан байж таарна.
Малжих соёлоос ирэлтэй алжуу зан, өвөг дээдсээсээ уламжилсан язгууртны суртал нь монгол хүний мах цусанд нь шингэж, учраад авбал салдаггүй, уугаад авбал тавьдаггүй, унтаад авбал сэрдэггүй удаавтар хойрго зан араншин суулгасан байна… Монгол хүнд маргааш олон. Баргийн юмыг маргааш мэдье гэвэл байхгүй болдог… Эндэх хүмүүс ажлыг хийж чадахгүй биш, хийх дургүй. Нэн цагийг амжиж шалбадан хийх ухамсар гэж байхгүй. Яарахыг мэдэхгүй, юуг ч тоохгүй… Эндэх улс цаг тогтож болзох юм уу түр яваад ирэхдээ “Гялс ирнэ” гэдэг. Өвөр монголчууд “Мөд, доороо, удахгүй ирнэ” гэдэг. Гэвч бодвол дэлхий дээр охор цагийг оновчилж чадсан нь ганцхан “гялс” гэсэн монгол үг байж мэднэ. Цаг хугацааг бүр гэрлийн хурдаар хэмжээлж байна шүү дээ. Гэтэл та хэрвээ халхчуудын “гялс гээд ирэхийг” хүлээж суувал цагаа цалгайдахаас өөр юу ч байхгүй. Цаадах чинь хагас цаг, нэг цаг буюу хагас өдөр, нэг өдөр болоод ирэх эсэхийг мэдэхгүй. Цаашлаад харин ч ирэх ч үгүй арилж мэднэ. Энэхүү байдал нь халхчууд итгэлгүй, худалч гэсэн суугдал өгсөн байхгүй юу.
Үнэндээ монголчууд гэж ер итгэлийг эрхэмлэж, худал болон тавьдаг хүнийг үхэн жигшдэг эрхэм дээд соёлын удамшилтай улс юм. Ганцхүү цагийн ухамсар дутуу дутмаг, яарч сандрахыг мэдэхгүй уулын заншил дээр Улаанбаатарт хүн олширч зах зээлийн аж ахуйн анхны хугацаа учир янз янзын соёл холилдон нэвчиж сайн муу олон янзын хувирал гарсны харгай ч байж мэднэ. Нэг хүн нь ч тэр, нэг үндэстэн ч гэсэн тэр өөрийнхөө зөв гэж үнэмшиж омгорхоглоод байвал уруудахын тэмдэг гэж мэд. Улаанбаатарын олонхи эрдэмтэн Аяакогийн зохиолд аятайхан хандаж байх нь ашдын сайжралын совин доо. Тэр мөртөө Аяакогаас хол өмнө Монгол Улсын эрдэмтэн Сүхбаатарын Батмөнх “Муухай монгол хүн” гэсэн зохиол бичиж, өөрийн үндэстнийхээ яр шарханд мэс засал хийж байсан. Монгол хүнд ийм зохиол нэн чухал мэт санагдана.
Монгол соёл харь соёлыг эсэргүүцэх чадалтай
Улаанбаатар хотод одоо зуу илүү түмэн хүн амтай болж, бүх Монгол Улсын хүн амын хагас илүүг эзэллээ. Орчмын арваад жилд халхчууд хотших хандлага нэн хэцүү болсон гэдэг. Хол ойрын малчид Улаанбаатарт ирж монгол гэрээ босгон, мод тоосгон байшин барьж, модон хүрээ татчихсан суурьшсаар байж нийслэл хотыг нэгмөсөн тэлжээ… Монгол Улс ерээд оны эхний нийгмийн их хувьслын үеэр аж ахуйн хямралд учирч нэлээд ядуу байсан гэдэг. Одоо Улаанбаатар хотоос харахад урьдын байдлаасаа өөдтэй болж, юм бүхэн зах зээлийн журам горимоор орсон шинжтэй л байна. Замын хоёр талаар шинэ барилга дэмий харагдахгүй ч хуучин асар байшингуудыг шинэ эзэд өмчлөх нь өмчилж, түрээслэх нь түрээсэлчихсэн нь компани пүүс, худалдаа дэлгүүр, зоогийн газар, баарнууд шахалцан жигдэрнэ.
Асар байшингийн ар өврөөр гэр тэрэгтэй тэнцэм том том эд бараа зөөвөрлөдөг том хайрцгууд эгнэрэн харагдах нь энэ нутгийн бас нэг хачин үзэгдэл байлаа. Сонсохлоор эдгээр нь оросчууд Монгол Улсаас гарахдаа үлдээсэн эд гэнээ. Мэдээжээр Монгол Улс Зөвлөлт холбоот улстай онцын нөхөрлөлийн харилцаатай байж, оросууд Монгол Улсын бүтээн байгуулалтад бага бус тус дэмжлэг үзүүлсэн юм. Гайхалтай нь орос хүн Улаанбаатарт тийм олон байж, төдий чинээ жил суусан байгаад монгол соёлыг хайлуулахыг хичээдэггүй, харин дэмий их нөлөө ч болоогүй. Одоо халхчуудын хэллэгт хааяа нэг орос нэр үг хэлэгдэх буюу амьдралын зан заншилд нь өдий төдий үзэгдэх нь бий. Үүнийг чухам монгол соёл харь соёлыг эсэргүүцэх чадалтай гэх үү, орос соёл бусад соёлыг хайлуулж устах хорт шунахай элементгүй гэх үү?
Би энэ тухай хэдий бодолхийлсэн ч хариулт олж чадаагүй. Харин эргэн тойрноо харж лавлахад зээл дүүрэн монгол хүн цувралдахаас биш орос хүнийг олж харъя гэхэд бэрх болоод байгаа. Ямар сайхан шилдэг соёл, шударга зантай орос найз нар вэ. Хүний нутгаас буцах цаг нь болоход л хэдэн өдрийн дотор бүгдээрээ харьчихсан гэнэ шүү хөөрхий… Урт удаан түүхэн явцыг өнгөрөөж, урваа хөрвөөтэй түүхийн олон хувьслыг туулсан авч Улаанбаатар монгол соёлоо өлгийдөн бүүвэйлсэн хэвээрээ. Монгол Улсын уул ус ууган дархан янзаараа, бурхан шашнаас сурвалжтай, Богд уулын ар хормойд суурьшсан эртний энэ “Их хүрээ” өнөө хэдий хөгжин шинэчлэгдсэн ч угийн ул мөр нь хараахан арилаагүй…
Гэвч зах зээлд орсны дараа Улаанбаатарын хүмүүсийн зан чанарт ихээхэн хувиралт гарчээ гэж эндэх хүмүүсийн хэлэхийг би итгэнэ. Мөнгөний зэв монгол соёлыг хиртүүлж халтаршуулсан үзэгдлийг би хааяагүй олж хардаг… Харин надад нандигнагдсан монгол хүний цайлган сэтгэл, боргожуун зан болон багтаамжтай ухаан энэ нутагт мөн олон харагдахаар нь оюун бодол минь баахан саруулжиж ирнэ. Хайран монгол соёлын минь үлдэж хоцорсон шилдэг зүйлс нь битгий л хувирч ондоошоод үлгэн салган юм болоосой гэж бурханд залбиръя…
Намайг “хужаа” гэж бодох байх аа
Монгол Улсад ээжийн тухай дуу олон байдаг. Эндэх бүсгүйчүүд ажилсаг мөртөө цэвэр гэдэг нь хэрэг. Манай суудаг гадаад оюутны байрны үүдэн харуулаас асар цэвэрлэдэг, аар саар ажил хийдэг бүр дөч тавин насны орчмын бүсгүй хүн байлаа. Тэд өдөр бүр бидний гал тогоон гэр, угаалгын гэрийг өөрийн зочлох өрөө шиг гял цал цэвэрлэхээр барахгүй асрын гудамд сөгдчихөөд нойтон алчуураар гэрэл буутал зүлгэхийг нь хараад хааяа бид гудмаар алхахаа ч хичээх юм билээ... Халхчууд тэгээд хэл сурах авьяастай байж харь хэл мэддэг хүн тун олон.
Монголчууд харь хэлийг хүлээж авахад сайн авч адилхан монгол хэл соёлтой хоёр орныхон харин үсэг бичгийн учраас холдож байхыг яахалтай билээ? Улаанбаатар хотын зээл гудамжаар уйгаржин монгол үсэг өдрийн од шиг, элэгдсэн хуучин судар ч гэмээр хааяа нэг харагдахаас бусад нь кирилл үсгийн ертөнц болчихоод байгаа. Эндэх зарим хүн сул ярианаас сонсохоор Монгол Улс удалгүй кирилл үсгээ хаяж латин үсэг хэрэглэх юм гэнэ. Бурхан! Бүтээхийнхээ дагуу бүрэлгэнэ гэж ямар сонин соёл сэтгэцтэй улс вэ? Номын дэлгүүр, номын задгай зах дээр нь харин латин монгол үсэгтэй номоо хараад өгье гэхэд ховор болсон юм. Өөрөө хэрэглэхээ байсан ч өвөр монголчуудынхаа тэр олон уйгаржин монгол бичгийн сэтгүүлийг дэмий л ойшоохгүй нь сонин. Тэрэг тэргээр зөөдөг тэр олон төмс, лууван, гурил, будаа, хувцас хунарынхаа зааг завсарт ч гэсэн Өвөр Монголынхоо уран зохиол, соёл урлагийг жаахан хуулж оруулсан бол хоёр орны соёлын солилцоонд Монголын соёлын хөгжилд ямар сайхан бэ гэж би хувьдаа боддог юм.
Халуун сэтгэлтэй өвөр монголчууд халхчуудынхаа дууг даяар дуулж, ном дэвтрээс нь сонсох хэмжээ чадлын хэрээрээ буулгаж хэвлүүлж л байна. Энэ нь ямар дуулах дуу хомсдож, унших ном олдохгүйдээ тэгж байгаа биш. Нэг үндэстний соёл, урлаг нэг нэгдмэл шинжтэй байдаг. Дуу хөгжим нь нэг айзам нийлж сэтгэлийн сэм дохиогоо амархан ололцдог учиртай бол ном зохиол нь нэн хоёр орны хүн сураг чимээ дамжуулж, бүхэл монгол соёлыг өөртөө татах өнөдийн шидтэй юм. Улаанбаатарын зээлээр хааяа би ингэж элдвийн бодолд ээдрэн явахад хувь хувийнхаа зорьсон зүгээ чиглэсэн халхчуул хажуугаар мун сун зөрнө. Халхчуудын дунд орохоор эд лав намайг “хужаа” гэж бодох байх аа гэж би үргэлж боддог. Хүн танихдаа сүрхий… Тэгээд гадаадын хүнийг яг эндэхгүй. Явж суух, хэлж барих, өмсөж зүүхээр чинь хальт харсаар гадарлачихна. Манай хэд Монголд ирээд “хужаа” гэж хэлэгдэхээсээ эмээсэн бололтой халх маягаар хувцаслан үс гэзгээ янзалж явсан ч хаашдаа л “Хужаа” гэж хэлэгдэхээс зайлж чадахгүй.
Монголчууд эртнээсээ өөр зуураа эе эвтэй, этгээд зантайн дээр хоёр орны худалдаачид бараа таваараар хонжоо олж, харилцан нэг нэгнээ хэцүү шатаагаад хэн алиныхаа сэтгэлийг сэвтүүлэн муухай нөлөө үлдээсэн байжээ. Орчмын жилээс өвөр монголчуудтай олон харилцсан халхчууд онцгойлон соёлтой хүмүүс нь харин биднийг “Хужаа” гэж дуудахгүй байгаа юм билээ. Орчин үед бинтү ван Гончигсүрэн зоригт баатар Тогтох, Бавуужав, Дэмчигноров, Хаафангаа нарын халхад ирсэн үлгэр одоо болтол халуун зоог болж яригдан, хангинам дуу болж дуурссаар. Монгол Улсын үндэстний түүхэн музейд зоригт баатар Тогтохын урт цамцынхаа дээгүүр ууц даруулан өмсөж гартаа буу барьж, хөмсөг зангидан сүр жавхаатай зогсож байгаа сүүдрийг өндөрт өлгөн дээдлэн дурсгаж байгааг хараад би өөрийн эрхгүй алгаа хавсран наманчилж өмнө нь удтал зогссон билээ. Тогтохыг энд “Тогтох тайж” гэж хүндэтгэн дууддаг байж. Үр ач нар нь одоо Улаанбаатарт ажиллаж, амьдран сууж байсан гэр өргөө нь ч байсаар юм гэнээ… Хүн амын харьцлаар бодвол Монгол Улсыг дэлхий дээрх хамаг олон шүлэгч зохиолчтой улсын нэг гэж хэлж болно… Уран зохиол, урлаг онцын авьяас уламжлалтай монголчууд дорно, өрнө дахины соёл урлагийг чөлөөтэй хүлээж явна.
Орчимхон Монгол Улсын Засгийн ордноос “Монголын нууц товчоо”-г төрийн бичиг, морин хуурыг төрийн хөгжим гэж дээдлэн тогтоосон байна. Өрнө дахины шинэ үзэл ухамсар, соёл урлагийн шинэ арга хэлбэр ч Богд уулын ар хормойд байр авч удлаа. Улаанбаатарын жүжгийн театрт өрнө дахины сонгодог жүжгүүдийг тоглох буюу уртын дууны уянгалаг нэмүүн аяс цуурайтдаг байснаа ойрын хэдэн жил… рок, поп хэмээх эстрад дуу хөгжим ч эрин цагийнхаа агшиг аялгыг үүсгэн байна… Улаанбаатар урт охор өдөр хоногийг оны хугацаагаар тоолж суухдаа би үргэлж ингэж “Хааны төлөө гуйранч зовж” олон бодолд ороолддог байжээ. Эндэх хүн зонтой нь харилцаж амьдралд нь бие сэтгэлээрээ оролцоход омогшин багтах зүйл олон гэхэд уурлан шүүмжилмээр зүйл ч зөндөө. Үзэж сэтгэсэн зүйлсээ сул тэмдэглэл болгон сийрүүлснийг минь үзвэл зарим хүн “Саваагүй нохой сарыг үзээд хуцна” гэж харааж ч мэднэ. За яах вэ, бичгийн хүний муухай заншил гэж ийм л юм. Энэхүү зарим хүний эгдүүг хүргэж мэдэх зохиол минь тэгээд Улаанбаатарын хүмүүс жич олон монголчуудад эргэцүүлж тунгаамаар юм өдий төдийхөн ч гэсэн байдаг бол би дуртайяа үндэстнийхээ хоточ болохсон.
Б.Зоригт Өвөр МҮИС-ийн монгол судлалын дээд сургууль