Тухайн үед эрх барьж асан Холбооны канцлер Курт Георг Кизингерийн (ХАХ) тэргүүлсэн Их эвсэл Л.Эрхардын зарчмуудаас улам бүр холдож, английн эдийн засагч Жон Мэйнард Кейн-ий дэвшүүлсэн “Өргөн хүрээний зохицуулалт”(Globalsteuerung), “Оновчтой багц үйл ажиллагаа”(Konzentrierte Aktion)-ны онолоор шинжлэх ухааны урьдчилсан таамаг дэвшүүлэх замаар хямралыг гэтлэн давахыг зорилтоо болгов.
Эдгээр таамгын үндсэн дээр үнийг тогтвортой барих, эдийн засгийн өсөлтийг хангах, ажилгүйдлийг бүрэн устгах болоод гадаад худалдааны тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд “шидэт дөрвөн өнцөгт” болох зорилтуудыг нэгэн зэрэг тавьж, хэрэгжүүлэхийг оролдсон боловч энэ нь талаар болсон байна.
Эдийн засгийн хөгжил, түүний өсөлт, бууралтыг төрийн зүгээс богино хугацаанд бодит байдалд нийцэхээ больдог ямар нэгэн судалгаа шинжилгээнд суурилсан Хөтөлбөр, төслөөр дамжуулан зохицуулахыг оролдох нь цаг үеэ ололгүй ямагт бүтэлгүй болж, эдийн засгийн ихээхэн хор хөнөөлд хүргэдэг болохыг Вилли Брандтын тэргүүлсэн социал-либерал эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа дахин нотлон харуулав. “Эдийн засгийн гайхамшигийн” алтан үе нь түүхэнд цор ганц тохиох үйл явц байснаас бус байнга давтагдах зүйл байсныг үл анзаарагсад түүнийг төрийн дэмжлэг, хөрөнгө хүчээр дахин дахин давтахыг оролдсоор иржээ.
Үүний дүнд төр иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах “бүхнийг хамарсан хариуцлага” хүлээгч субьект болон хувирав. Төрийн болоод нийгмийн халамж, үйлчилгээний зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ тасралтгүй өсч, 1971 он гэхэд 50 хувь хүрээд байв. Олон жилийн туршид төсвийн алдагдал улам бүр нэмэгдэн эдийн засгийн зогсонги байдал, инфляц хослон ноёрхох боллоо. Ажилгүйдэл огцом өсч 1975 онд анх удаа нэг саяын хязгаарыг давлаа.
1979 онд газрын тосны үнийн хоёр дахь хямрал эхлэх үед төрийн данс бүрэн улайж, түүний үйл ажиллагааны хүрээ, боломж улам бүр хумигдсан байлаа. Өрийн дарамт хэрээс хэтэрсэн энэ нөхцөл байдлын дор төр өөрийн эрхгүй нийгмийн зохицуулалт хийх шаардлагатай нүүр тулах болов. Тэр үеийн Холбооны канцлер Хельмут Шмидт: “нийгмийн халамж, үйлчилгээний сүлжээг хэт өндөр үнэ, өртөг бүхий илүүдэл урсгал зарлагаас” чөлөөлөх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан боловч энэ нь нэгэнт хожимдсон байлаа. Иймээс ч түүний тэргүүлж асан социал-либерал эвсэл өрийн дарамтыг бууруулж чадаагүйн улмаас 1982 онд огцрох болсон юм.
Ер нь хямралын иймэрхүү үргэлж эдийн засагт бүтцийн өөрчлөлт эрчимтэй явагддаг цаг үе байдаг. Уурхайнууд үүдээ барьж, гангийн болоод далайн хөлөг, усан онгоцны үйлдвэрлэл хүнд байдалд ороод байв. Рүүрийн бүс (Ruhr-gebiet) нутаг эдийн засагт тэргүүлэх байр сууриа алдаж, оронд нь Байерн, Хессен, Баден-Вюртемберг (Bayern,Hessen, Baden-Wuerttemberg) зэрэг Холбооны улсууд улс ардын аж ахуйн тэргүүлэх эгнээнд дэвшин орж ирээд байлаа. Роботер, бичил цахим технологи үйлдвэрлэлд нэвтэрч, түүнийг автоматжуулснаар үйлдвэрлэлийн энгийн шат дамжлага бараг үгүй болж, дийлэнхи хэсгийг нь хилийн чанадад шилжүүлэв. Эл байдал нэн ялангуяа оёмол, нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хурцаар илэрч уг салбарын нүүр царайг бүрэн өөрчилсөн байна. Зөвхөн 1970-1980 оны хооронд уг салбарт үйл ажиллагаа эрхэлж байсан нийт үйлдвэрлэгчдийн тал хувь нь үйлдвэрлэлээ зогсоож, ажиллагсадын тоо 500.000-аас 300.000 болтлоо буурсан байдаг. Ажиллах хүчний хямд төсөр нөөц ихтэй Ази тив, нэн ялангуяа Хонгконг, Тайван, Филиппин, Индонези, Хятад, Вьетнам, Камбоджи зэрэг улсууд руу оёмол, нэхмэлийн салбарын мөрөөр автомашин, машин тоног төхөө-рөмжийн болоод химийн үйлдвэрлэл их хэмжээгээр орох болов. Хөдөлмөр хуваарилалт шинэчлэгдэж, эдийн засгийн өрсөлдөөн дэлхий нийтээр явагдахын хэрээр зах зээлийн зарчим жинхэнэ утгаараа биелэлээ олж эхлэв.
Холбооны канцлер асан Хельмут Коль 1983 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хийсэн Засгийн газрын мэдэгдэлдээ: “Төр даруу байж, өөрийн оролцоогоо хэдий чинээ хязгаарлан хувь хүнд чөлөөт орон зай бий болгож чадна, тэр хэрээр амжилтад хүрэх болно”, “Бид эргэлт хийж, төрийн анхаарлыг түүний жинхэнэ ёсоор хүлээх учиртай үүрэг, хариуцлагын цөм хэсэгт төвлөрүүлэх болно” хэмээн дурьдаж байжээ. Харин энэхүү “эргэлт” нь гагцхүү бодлогын өнгөцхөн засал төдий байсан нь тун удалгүй харагдсан юм. Улс ардын аж ахуйн харьцангуй чамлахаар хүрээнд буюу зөвхөн шуудан холбоо, цахим сүлжээний салбарт багаахан хэмжээнд төвлөрлийг сааруулж либералчлах арга хэмжээ авч төрөөс санхүүждэг нийтийн үйлчилгээний салбарт хөдөлмөрийн хоёрдогч зах зээлийг бий болгосон хэдий ч ажилгүйдлийг бүрэн арилгаж чадсангүй. Хоёр Герман улсыг нэгтгэх үйл явцыг гүйцэлдүүлэхдээ Х.Коль төрийн хүчтэй оролцоо, зохицуулалтад бүрэн найдаж байлаа. Хоёр Герман улсыг нэгтгэх үйл явцад өнөөдрийг хүртэл ойролцоогоор 1.8 их наяд Евро зарцуулаад байгаа бөгөөд үүний дийлэнхийг хуучин баруун германы даатгал, татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байх юм. Энэ их мөнгөний тун өчүүхэн хэсгийг шууд хөрөнгө оруулалтад зарцуулж, харин дийлэнхи хэсгийг нь ахуйн хэрэглээнд буюу автомашин, гар утас,зурагт г.м. худалдан авахад зориулжээ. Зарим үед германы дорнод хэсэгт амьдрагсадын хоёр хүн тутмын нэг нь өрнөдөөс шилжүүлсэн хөрөнгөөр амин зуулга хийж байсан тооцоо гаргасан нь ч бий. Төрийн энэхүү хүчтэй дэмжлэгийн дүнд шинээр бий болсон Холбооны улсууд тун богино хугацаанд өрнөд Германы ахуй, амьжиргааны түвшинд дөхөж очсон боловч тэдний эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг өрнөдийн түвшний дөнгөж гуравны нэгтэй тэнцэж байна. Үйлдвэр, аж ахуйн газруудын техник, тоног төхөөрөмж, дэд бүтэц дийлэнхидээ илтэд хуучирч хоцрогдсон хэвээр байна.
Үйлдвэрлэл уналтад орж, ажилгүйдэл өндөр хурдацтай газар авлаа. Төр хүчгүйдэж, өөрийн хэр хэмжээгээ мэдэрч эхлэв.
Хоёр зууны зааг дээр коммунизмын эрин үе төгсөж, дэлхийн улс гүрнүүд нийгэм, эдийн засгийн амьдрах чадвартай цорын ганц хувилбар болох капиталист зах зээлийн тогтолцоонд шилжин дэлхий нийтийн зах зээл дээр өрсөлдөх боллоо. Мэдээллийн технологийн салбарт гарсан хувьсгал, наад зах нь онолын хувьд, хүн бүрт чинээлэг хангалуун амьдрах боломжийг нээж өгөв.
Дэлхий нийтийн энэ өрсөлдөөн угаасаа экспортын өндөр чадавхитай Германы эдийн засагт улам бүр өсөн дэвжиж, хүрээгээ тэлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ. Мэдээллийн шинэ технологи, интернетийг шүтэж, зах зээлийн төлөөх өрсөлдөөндөө дэлхийд нэр нь түгсэн Даймлер-Бенц (Крайслер фирмтэй нэгдэж нийлснийг компанийн тэргүүн асан Юрген Шремпп “Дэлхийн ХК” хэмээн нэрлэж байжээ) төдийгүй шинээр төрсөн компаниуд ч (AOL,YAHOO) өөр хоорондоо нэгдэн нийлж, хөрөнгө, үнэт цаасны зах зээлд гарах болов. Төр ч энэхүү үйл явцыг хөхүүлэн дэмжиж, зарим төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авч байв. Гэвч тун удалгүй хямрал дахин нүүрлэв (интернетийн хямрал, компаниудын эвсэл, нэгдлийн бүтэлгүйтэл, эрчим хүч үйлдвэрлэгч Enron, харилцаа холбооны Worldcom компанийн санхүүгийн дуулиант хэрэг г.м.) Европ, Америкт Засгийн газрууд янз бүрийн арга зам эрэлхийлж, боломжтой шийдлийг боловсруулж эхэллээ. Харин энэ явцад орхигдуулсан ганц салбар нь банкны ертөнц байв. Энэ салбарт олон жилийн туршид бодит амьдралаас дэндүү хол тасархай санхүүгийн үй олон бүтээгдэхүүн бий болж байсныг огт анзааралгүй, үндсэндээ хяналтгүй шахам явж ирсэн байна. Зээлийн салбарт өр бөөгнөрөн хуримтлагдаж, итгэл хямарснаас салбар бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж, зах зээлийн тогтолцоо бүхэлдээ ганхаж эхлэв. ХБНГУ-ын түүхийн өнгөрсөн жаран жилийн туршид төрийн зүг авралын нүдээр хэн ч ингэж харж, хандаж байсангүй.
Саяхан болтол даяаршлын утга учрыг олохгүй мэт будилж асан улс төрчид өнөөдөр “ертөнцийг аврагчийн” дүр эсгэж, үйл явцад хөндлөнгөөс ханцуй шамлан оролцохын хэрээр тэртэй тэргүй хэрээс хэтэрсэн өр төлөөсийн хэмжээ улам бүр нэмэгдэх боллоо. Засгийн газар, төв банкууд асар их хэмжээний хөрөнгөөр (дэлхийд нийтдээ 9 их наяд ам.доллар) бүхэл бүтэн салбарыг аврах тэтгэлэгийн багц, сангууд бий болгож, банкуудыг хэсэгчлэн төрийн мэдэлд авах, татварыг өргөн хүрээгээр буулгах, хувийн үйлдвэр, компани, аж ахуйн нэгжүүдийг ивээлдээ авах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ бүхэнд төр эдийн засгийг хөтлөгч хувийн хэвшилд эдийн засгийг хэрхэн хөтлөхийг зааж сургах учиртай юм байх. Энэ нь нэг талаар дайны дараахи Герман орны иргэд төрдөө хэрхэн гүнзгий итгэж, эдийн засгийн бүхий л эрх мэдлээ атгуулахыг хүсэж байсан тэр уур амьсгалыг санагдуулж байна.
Улс төрчид “ард түмний хувь заяаг удаан хугацаагаар урьдчилан оношилж” чадна гэдэг нь “хязгааргүй тэнэглэл, хий хоосон мөрөөдөл” хэмээн Людвих Эрхард нэгэнтээ хэлсэн байдаг.
Дайны дараахан, эдийн засаг шалдаа бүрэн буусан байсан тэр цагт герман хүн бүрт ирээдүйд 5 жил тутамд 1 таваг, 12 жил тутам нэг хос гутал, 50 жил тутам нэг хүрэм хүрэлцэх бөгөөд гурван хүний зөвхөн нэг нь л өөрийн гэсэн авсандаа нойрсох болно хэмээсэн тооцоо гаргаж байжээ.