Ээж ээ, би хэзээ секс хийж болох вэ?
 
  Өнөөдөр хөдөөний хүүхэд сек­сийн тухай ярихгүй. Ярьж чадах ч үгүй. Гэхдээ хонь малын дэргэд өссөн, умгар гэрт амьдардаг тэр хүү, тусдаа өрөөтэй хотын цагаан охины дэргэд энэ тухай хамаагүй илүү мэдлэгтэй байж мэдэх юм. Яагаад гэвэл нэг гэрт амьдардгийнх шөнө аав ээжийгээ юу хийдгийг гадарлана. Жилийн дөрвөн улирал малаа хариулдгийнх амьд бодгалийн дур тачаал, нөхөн үржих явцын талаар тодорхой ойлголттой болж таарна, тэр хэрээр эцэг эхээ, ер нь хүний амьдралыг төсөөлнө. Ойлгоход тийм ч хэцүү биш. Ийм ойлголт харьцангуй эрт суудаг. Харин хотын хүүхэд бүх юмыг асууж шалгааж, тайлбарлуулж, уншиж бичиж, заалгуулж байж хүн болно.
 
  Долдугаар ангид байсан санаг­дана. 13, 14 настай үе шүү дээ. Нэг удаа хамаатны ах эгч манайд зочилж миний өрөөнд унтацгаасан юм. Гэтэл шөнө дунд нэг хүн уйлаад байх шиг. Ах эгчийг яагаад зовоогоод байгаа юм болоо гэсэн шүү юм бодоод өндийтөл өнөө хоёр маань сарны гэрэлд загас наадуулж байдаг байгаа. Харин тэр “уйлаад” байгаа нь ах. Тухайн үед секс гэж юу байдгийг сайн төсөөлдөггүй байсан юм. Тэгээд сэрсэнийг минь мэдчихвий гээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд бүтэж үхэх шахсан юмдаг. Бас дотроо “Секс гэдэг чинь онцгүй зүйл юм байна. Ямар ч байсан эрэгтэй хүн их өвддөг бололтой” гэж бодсонсон.
 
  Гэтэл танил маань багадаа марзан Шаравын “Монголын нэг өдөр”-ийн эротик дүрслэлийг л үзэх гэж Богдын музейд 50 мөнгө төлж дахин дахин ордог төдийгүй удалгүй үйлчлэгч нарт нь хөөгддөг байснаа ярьж бөөн инээдэм болдог юм.
 
  Энэ мэтчилэн секстэй танилцсан түүхээ ярьвал их олон юм гарч ирнэ. Хүүхдүүд хориглох тусам болохгүй, бүтэхгүй гэсэн зүйл рүү тэмүүлж байдаг шүү дээ. Харин мэдээллээр хахсан энэ цагт тэднийг хазаарлах, хааж боох аргагүй болжээ. Багачууд маань бидний төсөөлж байгаагаас ч илүүг мэдэж байна. Аль өнцгөөс яажшуухан ярьж хэлдэг юм билээ гэж дүлэгнэсээр байтал “нэт”-ээр ороод, хаашаа ч юм дамжаад нүцгэн хүүхнүүдтэй хэрхэн танилцаж болохыг эргээд томчуудад заах хэмжээнд хүрч. Тэгэхээр бид яах ёстой вэ? 14 насны охинтой сарын тэмдэг, ижил хүйстний тухай ярих бол оройтсон. Өөдөөс “Өө, боль доо та” л гэнэ. Гэхдээ ийм байлаа гээд уяаг нь суллаад явуулчихаж бас боломгүй. Учир нь үр дагаврыг бид сайн мэднэ. Тэгэхээр сексийн ёс зүйг хэн тогтоох ёстой вэ? Аав уу, ээж үү, найз нөхөд үү, ерөнхийлөгч, ерөнхий сайд уу? Эсвэл секст ямар ч ёс зүй байх ёсгүй юм уу? Өнөө эмээгийн захидаг “нэг хүнтэй анх энгэр зөрүүлж, нэг л хүнтэй насаараа хамт байх” нь сексийн үнэт зүйл мөн үү?
 
  Хэдэн жилийн өмнө гэрлээгүй бүсгүйчүүд онгон биш бол шившигтэй явдалд тооцогддог байлаа. Харин одоо 18,20,22 настай бол онгон охин хэвээрээ үлдсэндээ ичиж байна.
 
  Өнгөрсөн түүхийг сөхөхөд аль ч нийгэм өөрийн гэсэн үзэл санаа­гаа гүйцэлдүүлэхийг хичээж ирсэн байдаг. Энэхүү үзэл санаа нь хүмүүсийн оюун санаанд нөлөөлж, тухайн цагт аж төрөх ёс суртахууны хэм хэмжээг бий болгож өгсөн байх юм. Гэвч тэр ёс суртахуун нь нийгэмд бичигдээгүй дэг журмыг тогтоодог ч хүний байгалиас заяагдсан мөн чанарыг орхигдуулдаг талтай. Ёс суртахууныг туйлын хэмээн үзэх юм бол хүний мөн чанар алдагдана, ялангуяа сексийн харилцааг хатуу ёс журамд нийцүүлэх нь эргээд хор уршиг дагуулдаг аж.
 
  Хүмүүс нууц амрагийг ихэвчлэн үгүйсгэдэг, яагаад гэвэл нийгмээрээ жигшдэг учраас. Гэтэл ихэнх нь эрт орой хэзээ нэг цагт нууцаар сексдээд үзсэн байдаг. Үүнийг бид “Насан туршдаа нэг хүнтэй амьдрахаар шийдсэн бол хүссэнээрээ амьдраг. Гэр бүлээ хадгалахыг шаардах нь харгис явдал. Биднийг шаардсан шаардаагүй төгс хосын эрэл үргэл­жилж л таарна. Харин амьдрал нь утга учиргүй болж хэцүүдэх гээд байгаа хэрнээ дотоод зөрчлөө ойлгосон хэн нэгэн өөр амьдрал хүсч байгаа бол хүссэнээрээ яваг л дээ” гэж үзэж болох уу, үгүй юү? Нохой гинжлэгдээд гэрийн гадна хэвтэж байвал хэн ч хүний үнэнч сайн нөхөр гэж хэлэхгүй нь магад. Эхнэртээ хайртай, салахгүй гэсэн бодолтой хэрнээ хэн нэгэнтэй үнэхээр тааламжтай сексийн харил­цаанд оръё гэсэн маш олон хүн гарна. Шинжлэх ухааны бүтээл шиг яв цав баталж, нотлох боломжгүй зүйл бий. Тэгэхээр сексийн жор найруулах нь утгагүй юм. Дийлэнх хүн дур тачаалаа хүлээн зөвшөөрч, мөн секс хийснийхээ төлөө огтхон ч гэмшихгүй байх чадвартай. Гэхдээ энэ нь моралийг шууд үгүйсгэсэн юм биш л дээ. Жишээ нь, 15 настай охин 13 настай охинд дурлаж, бэлгийн харьцаанд орохыг хүсч байвал эрх чөлөөт нийгэмд ойлгоно, хориглохгүйгээр барахгүй хамгаалах болно. Харин гурван настай балчир охинтой секс хийхийг хүсвэл, үеийн охиндоо хүчээр бэлгийн харьцаанд орохыг тулгавал энэ нь нийгмийн гаж үзэгдэл болно. Тэгэхээр бид сексийн амьдралыг жам ёстой нь илүү хамтатган авч үзэж, хориглох биш зөв залуурдах хэрэгтэй л болж байна. Яагаад гэвэл хүүхдүүд маань энэ тухай их бага хэмжээгээр хэдийнэ ойлгочихсон, гэхдээ ээжийгээ уурлуулахгүйн тулд биеэ бариад, дээшээ хараад хэвтээд байна шүү дээ. Өсвөр насныхан сексийн их ойлгомж­гүй харьцаанд өсдөг. Бид ч тийм байсан. Тэдэнд бүх юм сонин. Тодорхой хугацааны дараа секс гэдэг ээж аавын яриад байгаа шиг зүйл биш юм байна гэдгийг ойлгоно. Амьдрал баян, адал явдлаар дүүрэн шүү дээ. Хөвгүүд ээж шигээ эмэгтэйтэй секс хийж болно гэж зүүдлээ ч үгүй явсан. Ийнхүү өөрийн биеэр алдаж онож амсаж явахдаа нийгмийн худал хуурмагийг олж харах боловч үзэл суртал, олонхийн жишиг тэднийг буцаагаад л байранд нь аваачаад тавьчихна. Ийм өөрч­лөгдөн шинэчлэгдэхгүй тойрог дунд бидний амьдрал эргэлдээд л байна.
 
  Бид хүүхдүүдтэйгээ яаж ярилц­даг билээ дээ. Аав нь хүүгээ, ээж нь охиноо аль болох болохгүй бүтэх­гүй талаас нь сэнхрүүлье гэж шийд­сэн. Нураад эвдрээд засаршгүй зүйл болохоос өмнө сексийг ямар ч байсан туйлын жигшүүрт хэрэг гэж тайлбарлая л бодсон. Яагаад гэвэл эцэг эхчүүд маань хүүхдүүддээ яг ингэж сургаж байлаа. Тиймээс сек­сийн талаар төсөөлөлгүй шахам явсаар нас биенд хүрцгээсэн шүү дээ. Бусдын адил зөн билгээ дагаад сексдэж үзсэн. Одоо ч тэр. Энэ хооронд алдсан зүйл олон бий. Бага байхдаа орцонд найз охинтойгоо санал бодлоо солилцсон маань хангалтгүй байлаа. Өөрийнхөө хэм­жээнд ойлгосон, толгойндоо чанасан мэдээлэл маань ч чамлалттай бай­лаа. Зарим нь бүр амьдралаараа дэнчин тавьж мэдээгүй, ойлгоо­гүйнхээ горыг амссан.
 
  Мэдээж улс төр эдийн засгаас өөр юм ярьдаггүй бидний хувьд ч энэ бүхэн шинэ сэдэв, дэлгээд тавихад амаргүй байж мэдэх юм. Гэхдээ ярилцаж болно, ойлголцож болно гэдгийг бусдын амьдрал харуулаад байна. Тэд айж ичих юмгүйгээр хүүхдүүдээ бүр ухаан орох цагаас нь гэхдээ нас насанд тохируулж дэс дараатай, яг л навч цэцэг, хөдөө аж ахуйн сэдвээр ярилцаж байгаа юм шиг ярилцаж сурчээ. Өнөөдөр 14 настай монгол охинд секс хийснээрээ би юутай тулах юм гэдэг илүү сонин бол энэ хэрийн насны герман охин эцэг эхээсээ “Би хэзээ секс хийж болох вэ” гэж л асууна, энэ асуултад хариулахын тулд томчууд бодох хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, бидний проблем тэдний хувьд проблем биш, хэдийнэ шийдчихсэн. Арай өөр, “боловсронгуй” проб­лемийн тухай ярилцах болж байна.
 
Сексийн эрх чөлөө
 
  Хүсээгүй цагтаа бэлгийн хавь­талд орж болохгүй тухай эмэгтэй­чүүдийн санаанд багтдаг ч үгүй байсан үе саяхан. Тэр ч битгий хэл, нөхөр болох хархүү эхнэр болох бүсгүйгээ өөр бусадтай загас наадуулахгүйн тулд доор нь төмөр цоож зүүдэг байжээ. Яг үүнтэй адил “Бидний үед эрэгтэй нь эмэгтэйгээ эргүүлэх ёстой. Харин эмэгтэй хүн эр хүний араас гүйх тун ичгэвтэр хэрэг байлаа” гэж ярьвал хожим доог болж мэдэх юм.
 
  Хятадад өнгөрсөн сараас сек­сийг танин мэдүүлэх үндэсний кам­панит ажил эхлүүлжээ. Энэ тухай ярих дургүй, бүр хориглодог улс шүү дээ. Үүний гол зорилго нь аль болох олон иргэнийг бэлгийн замын өвчин болон үргүйдэлтийн талаар эмчид хандуулах явдал юм хэмээн «Reuters» мэдээлж. Эмэгтэйчүүдийн 7% нь, эрчүүдийн 8% нь сексийн ямар нэг асуудалтай болохоороо л эмчид ханддаг бол гуравны нэг нь хэзээ ч эмчид очдоггүй гэнэ. Энэ мэдээ нь улс орны удирдлагуудыг “Ер нь секстэй танилцуулсан нь дээр юм байна” гэж ойлгоход хүргэж…
 
  Хоёр танил маань маргалдаж байна. Нэг нь “Халуун хөнжил сонин Монголд сексийн хувьсгал хийсэн” гэнэ. Нөгөө нь “Үгүй ээ, найз аа. Та буруу бодож байна. Яг хувьсгал гэж хэлж болохгүй. Хэлбэр төдий л юм. Ингэж замбараагүйтэж болно гэдгийг л харуулсан байх” гэж байна.
 
  Энэ бүхнээс бидэнд нэг л зүйл харагдах байх. Юуны өмнө сексийн эрх чөлөө гэдэг харьцангуй ойлголт төдийгүй нийгмийн шаардлага, цаг хугацаанд захирагддаг. Мөн байгалийн жам ёсыг боомилох нь эргээд гаж, буруу зүйл рүү түлхдэг гэдгийг. Тухайлбал, дээрх хоёр залуугийн яриад байгаа “Сексийн хувьсгал” гэж чухам юу юм бэ? Өнөө­гийн өндөрлөгөөс харахад сексийн хувьсгал гэж үзэх нь зөв, оновчтой юу? Нийгмийн энэ хэсэгхэн зуурын үзэгдлээс хүн төрөлхтөн юу ойлгосон бэ? Манайд хэрэгтэй юм уу, үгүй юү?
 
  Энэ талаар Геро хэмээх эртэй ярилцсан юм. Тэр энэ үеийг дайраад гарсан залуусын нэг аж.
 
  - Коммун, сексийн хувьсгал бас хиппи нар ч гэх шиг үлгэр домог шиг юм ярьцгаах юм. 1960-аад оны сүүлээр чухам юу болоод өнгөрсөн юм бэ?
 
  - Би коммуны албан ёсны гишүүн биш. Гэхдээ оюутан байхдаа, өрөө хөлсөлж амьдрахдаа зах зухаас нь амсч явлаа. Тэр үед өнөө алдартай К1 гэдэг коммун байсан. Өнөөдөр энэ коммунаас Райнэр Лангханс, Уши Обермайер, Фриц Тойфель нарын нэр илүү алдартай үлдэж. Фрицийг “чөтгөр” гэж нэрлэдэг байсансан. Уши хожим их алдартай жүжигчин, загвар өмсөгч болсон. Райнер одоо ч амьд, өнөө хэр нь коммунаараа амьдардаг шиг байна лээ. Найман хүүтэй гэдэг билүү дээ. Гүүгээ хураасан азарга шиг л эр байсан.
 
  - Тэр үед тэд хэдэн настай байсан юм бэ?
 
  - Эрчүүд нь 25, харин Уши 20 настай л байсан болов уу.
 
  Анх санаа нь ингэж гарсан. Миний өмсч байгаа жинс чиний ч жинс, чиний сонсож байгаа радиог бусад нь бас сонсож болно. Сексийн хос ч мөн адил. Адилхан хуваалцана гэсэн үзэлтэй холбоотой үүссэн.
 
  - Коммунизм маягийн юм байна л даа?
 
  - Тийм. Тэр үед цаашаа хараад зогссон шалдан хүмүүсийн гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэн нь их шуугиан тарьж байсан. Дэргэд нь бас хүүхэд байсан санагдана. Тэд бол коммуны амьдралаар амьдар­даг хүмүүсийн бодит зураг л даа. Коммун тухайн үеийн залуусын амьдралын загвар, үлгэр жишээ болж байсан юм. Гэхдээ ихэнх коммун удаан оршин тогтноогүй. Тэгж ингэсхийж байгаад алга болсон. Бүтэлгүйтэж байсан шалтгаан нь нэгдүгээрт, мөнгө. Ямар мөнгөөр хамт­даа амьдрах уу? Хоёрдугаарт, ажил үүргийн хуваарь дээр зөрчил гарсан. Хэн дэлгүүрээс хүнсний зүйлээ цуглуулж, жорлонгоо цэвэрлэх үү гэхчлэн…
 
  - Нохойн хороо шиг оромж байсан гэдэг биз дээ?
 
  - Өө, тэгэлгүй яахав. Ээлж­лээд хийх ажлаа нэг хэсэг нь цалгар­дуулчихаад байхаар тэгж л таарна шүү дээ. Бас тэр дунд хар тамхи татчихдаг хүмүүс ч байсан. Гуравдугаарт, хүний өөрийнх нь мөн чанар. Энэ бол коммун тарах гол шалтгаан. Хэдийгээр коммун ч, залуус хоорондоо илүү дотносч, хайр сэтгэлтэй болох явдал гарна. Үүнээс үүдэн өөрийнхийгөө хамгаална, өөр бусадтай хамаатуулахгүй байх гэсэн хүсэл төрнө. Өнгөрсөн жил би Райнэр Лангханс, Уши Обермайер, Фриц Тойфель нарын ярилцлагыг олж уншлаа. Тэд коммуны гишүүдийн дунд хайр сэтгэл гараад ирэхэд л бүх зүйл утгагүй болж байсан гэж хэлсэн байна лээ. Аливаа хувьсгал хүний мөн чанараас болоод байж боломгүй, хамгийн дээд хэмжээндээ хүрээд л унадаг.
 
  Энэ бүхнээс өнөөгийн залуусын дунд “ВГ” гэдэг хамтын амьдралын хэлбэр үлджээ. Жишээ нь, гурван өрөө байрны нэгийг хосууд, үлд­сэнийг нь ганц бие залуус түрээслээд мөнгөө хамтдаа төлдөг ч юм уу. Энэ хэв маяг ганц Германд ч биш хаа сайгүй л байдаг. Гэтэл тэр үед эмэгтэй, эрэгтэй хүмүүс ийнхүү нэг дор амьдрах боломжгүй байлаа. Гэхдээ оюутан байхад дотуур байр их үнэтэй. Нэг өрөөнд нэг л оюутан байх ёстой учир зарим залуус орон сууц түрээслэе гэж шийдсэн нь тэр байх л даа. Энэ нь тухайн үедээ цоо шинэ хэлбэр байсан юм.
 
  Тэр үеийн хамтын амьдралыг дүрслэх юм бол үргэлж Party Zeit байсан. Өдөр бүр шахам иднэ, ууна, наргина, цэнгэнэ, аялна. Эргээд харахад тухайн үед би сургуулиа яаж төгсч, диплом авснаа санадаггүй юм. Их сонин ш дээ. Жорлонд орох гэтэл өөдөөс танихгүй шалдан хүүхэн гэнэт гарч ирнэ. Тэр эмэгтэй хажуу хаалганы залуу дээр ирсэн зочин байж таарна. Эсвэл нэг нь “Би өнөөдөр сонирхол татахаар хурц сайхан хүүхнүүд дагуулж ирнэ” гэж гараад орой нь үдэшлэг хийдэг ч юм уу.
 
  - Энэ амьдрал танд таалагдаж байсан уу?
 
  - Миний оюутан цаг алтан үе байсан. Амьдарч байсан нийгэм маань хэт ёсорхуу, хиймэл, хэтэрхий хатуу дэг жаягтай байтал гэнэт бүх хориотой зүйл “болно” болоод эхлэхээр таалагдана биз дээ. Тэр үед л эрх чөлөө гэдгийг анх мэдэрсэн. Эрх чөлөө биднийг хар тамхи шиг л мансууруулж байлаа.
 
  - Нийгмээс, төрөөс, сур­гуулийн зүгээс ч юм уу энэ явдлыг чинь буруутгаагүй юм уу? “Энэ чинь ёстой болохгүй зүйл шүү, хүүхдүүд ээ. Та нар алдаа хийж байна” гэсэн үзэл суртал, эсэргүүцэл дээрээс байгаагүй юм уу?
 
  - Байгаагүй. Тэгээд ч гэр орон, унтлагын өрөө бол дархан цаазтай газар. Энд ямар ч улс төр нэвтэрнэ гэж байхгүй. Одоо бодоход бид ямар хориотой зүйл хийсэн юм бэ. Архи уусан уу уусан. Өмнөх үеийнхэн ч бас уудаг л байсан шүү дээ. Хар тамхи татсан уу, татсан, секс хийсэн үү хийсэн. Өмнөх үеийнхний хийж байсан зүйлийг л хийсэн. Хориотой юм энд харагдаж байна уу? Хэнтэй, хэдэн хүнтэй, хаана секс хийх улсад ямар ч хамаагүй шүү дээ. Харин насанд хүрээгүй охинтой мэдээж секс хийж болохгүй. Энэ тохиолдолд улсын хөл гар нь ороод ирнэ.
 
  - Групп секс хийдэг байсан уу?
 
  - Гурвуулаа, дөрвүүлээ үе байна. Ямар ч хөтөлбөр байхгүй шүү дээ. Гэхдээ тэр үед янхны газар бай­сан. Нэг зүйл мартаж орхиж. Сексийн хувьсгалаас үүдэн сексийн бараа­ны дэлгүүр нээгдсэн, порно кино гарсан. Секстэй холбоотой үйлдвэржилт эхэлсэн. Ер нь хамт л хөгжөөд байсан юм шүү.
 
  - Бэлгийн замын өвчин тусчихдаггүй байсан юм уу?
 
  - Ийм чөлөөтэй байхад хоёр зүйл нөлөөлж байсан. Нэгдүгээрт, 1960-аад онд одооныхтой харьцуулах юм бол бэлгийн замын өвчин бараг байхгүй байсан. Бас тэр үед шинжлэх ухааны түүхэнд анх удаа жирэмснээс хамгаалах Pille гэдэг эм гарсан юм. Тиймээс коммуны амьдралаас болж ямар ч хүн өвчин тусч, хүсээгүй хүүхэд төрүүлж байгаагүй. Тэр үед бид жинхэнэ эрх чөлөөтэй боллоо гэж бодож байсан.
 
  - Коммуны гишүүд өөрсдийн гэсэн имижтэй байж, бусдаас ондоо гэдгээ илэрхийлдэг байсан уу?
 
  - Үсээ ургуулж, урт ороолт зүүдэг байсан. Цэргийн цамц өмсөж, жинс углана. Коммунд оролцоогүй хүүхэд залуус ч бий. Ингэж явсан маань өмнөх үеэсээ ялгарах гэсэн л хэрэг. Өөр л байхыг хүссэн.
 
  - Хамт амьдрахаас гадна зориуд сексдэх гэж цуглардаг газар байсан юм биш үү. Энэ нь коммуны нэг хэлбэр байсан шиг байгаа юм. Эндээс гадагш гарахдаа заавал усанд орох ёстой болдог. Ингэж сонсож байсан?
 
  - Мэдэхгүй. Үгүй байх аа. Хямдхан янхны газрыг хэлээд байгаа юм болов уу.
 
  - Энэ хөдөлгөөнийг чинь “сексийн хувьсгал” гэж нэрлээд байгаа биз дээ?
 
  - Одоо л хувьсгал гэж л хэлээд байгаа болохоос биш тэр үед бид гудамжинд лоозон барьж, уриа хашгирч гүйгээгүй. Ямар ч хууль зөрчөөгүй. Тэр үеийн залуусын амьдралын хэв маягт орсон өөрч­лөлт л хожим тэгж хэлэхэд хүргэж.
 
  - Тэгээд зөв юм хийж үү, буруу юм хийж үү?
 
  - Чухал зүйл байсан. Ийм юм үзсэн, энэ тухай эргээд дурсахад нээлттэй. Энэ сэдэв хаалттай эмзэг сэдвээс ангид зүйл. Энэ хөдөлгөөний ачаар сургууль, радио, телевиз, сонин өөр юу байдаг юм хаана ч хөндүүр сэдэв биш болсон. Ижил хүйстэн байна уу, үгүй юү одоо ер сонин биш биз дээ.
 
  - Сөрөг тал ч байсан байх?
 
  - Энэ маягаар амьдарч байгаад хэвийн амьдралаар амьдрахаар хуучнаа санагалзаж үгүйлэгдэх үе гарна. Тухайн үед ч гэсэн эхнэр хүүхэдтэй ч найз бүсгүйтэйгээ хоног төөрүүлсээр байгаад дасчихсан амьд­ралыг өөрчлөх хэцүү. Тэр үеийнхэн дунд салалт их байсан.
 
  - Танай үеийнхэн хожим уулзал­дацгааж энэ тухай ярилцан, тодор­хой хэмжээгээр үнэлэлт дүгнэлт өгсөн биз?
 
  - Бид уулзсан. Гэхдээ энэ үеэ аз жаргалтай, сайхан үе байсан гэж дурсдаг юм. Хүмүүс эндээс олон юм сурсан. Сексийн хосоо сольж байснаар яаж хийвэл эвтэйхэн байх уу гэхчлэн арга барилаа олсон. Бусдаасаа суралцана, туршлагатай болно. Ялангуяа эрчүүдийн хувьд өөртөө итгэлтэй болоход тусалсан. Мэдээж энэ дунд хайр, нөхөрлөл бий.
 
  - “Сексийн хувьсгал” яг хэдэн оноос эхэлсэн юм бэ?
 
  - 1968-1970 онд. Ганцхан Германд өрнөсөн юм биш шүү дээ. Европ даяар, Америкт, Азид, тэр ч битгий хэл Вьетнамд ч байсан.
 
  - Хоёрхон жил үү?
 
  - Тийм. Энэ үеэс давалгаа эхэлсэн. Мэдээж цаашаа үргэлжилнэ л дээ. Тэр үед залуус “Битлз” сонс­дог, их улс төрждөг байсан. Мао, Че Гевараг их шүтнэ.
 
  - Одоо энэ бүхнээс үлдсэн юм байна уу, Германд?
 
  - За, янхны газар хаа сайгүй л байна. Swinger club гэж бий. Хосууд мөнгө төлж ороод хэнтэй ч сексдэж болно. Хүчингийн хэрэг гэсэн ойлголт энд байхгүй. Нэгэнт дүрмийг нь зөвшөөрөөд нэвтэрсэн л бол тэнд байгаа хэнд ч татгалзаж болохгүй.
 
  - “Сексийн хувьсгал” нийгэмд зайлшгүй гарах үзэгдэл үү? Жишээ нь, Монголд одоо хэрэгтэй юү, та юу гэж бодож байна?
 
  - Сүүлд л судлаачид “сексийн хувьсал” гэж нэрлэсэн болохоос биш коммун дотроосоо гарч ирсэн, жам ёсны хэрэг байсан. Зориуд зохион байгуулсан хэрэг биш, моод ч биш.
 
  Бид сексийн тухай багахан хэмжээнд ч болов хөндлөө. Энэ бол зөвхөн эхлэл. Амьдрал баян шүү дээ. Энэ тухай лавшруулан ярилцвал илүү их юм гарна.